УИХ-ын гишүүн С.Чинзоригтой ярилцлаа.
– Иргэд,сонгогчид гишүүдээ өөрсдийн гараар барьж үзэж, имэрч, дуу хоолойг нь сонсож байж сонгодог байх нь дээр –
-Энэ удаагийн хаврын чуулганы онцлогийг юу гэж харж байна
-Энэ удаагийн хаврын чуулган нэлээд онцлогтой явагдах нь хэмээн таамаглаж байна. Өөрөөр хэлбэл, Орос-Украины харилцааны асуудал нэлээд хурцадмал байдалтай байгаагаас үүдэн дэлхийн улс орнуудын эдийн засагт тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлэх байх. Тэр дундаа хөрш ОХУ-д үүссэн нөхцөл байдал манай улсын иргэдийн амьжиргаа, эдийн засаг санхүүгийн байдалд хэрхэн нөлөөлөх бол гэсэн эгзэгтэй, болгоомжлол өндөртэй үед хаврын чуулган нээлтээ хийлээ. Нөгөө талаас энэ удаагийн парламент шинээр бүрэлдээд бүрэн эрхийн хугацааныхаа тал хувийг эдэлчихлээ. Тэгвэл үлдсэн хугацаанд мөрийн хөтөлбөрийнхөө биелэлтийг энэ онд түлхүү барьж ажиллах төлөвтэй байна. Тиймээс олон улсын харилцаанд гарч байгаа өөрчлөлтүүд манай улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл юу байх, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулж ажиллах байх. Мөн энэ хаврын чуулганаар хэд хэдэн асуудал хэлэлцэнэ. Юуны өмнө Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн эхний хоёр жилийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэнэ. Засгийн газрын бүрэн эрхийн мөн адил 50 хувь нь өнгөрчихсөн байгаа энэ үед Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа гэдгийг ярилцах нь чухал. Энэ бүхэн дээрээ үндэслэж, үлдсэн хугацаанд Засгийн газар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөөс дутуу байгаа, нөхөж гүйцээх шаардлагатай ямар ажлууд байгаа зэрэгт анхаарч ажиллана.
Дараагийн ээлжинд улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдах болов уу хэмээн бодож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч уг хуулийн төслийг санаачлан ажиллаж байгаа. Хаврын чуулганаар улс төрийн намуудын тогтолцоог өөрчилж, төлөвшлийг бэхжүүлэхэд анхаарах зайлшгүй шаардлага бий болсон. Нөгөө талаас олон улсын харилцаанд гарч байгаа өөрчлөлт, ковидын цар тахлын халдварын нөхцөл байдлаас шалтгаалаад хил гаалийн асуудал хаалттай тодорхой хугацаа өнгөрүүлж байна. Үүнээс үүдэн иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа асуудлууд юу байна. Нөгөө талаас экспортыг нэмэгдүүлэх, валютын орлогыг өсгөх, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй байх, үүнээс шалтгаалаад үнийн өндөр өсөлтөд орчихгүй, иргэдийн амьжиргааг дордуулахгүй байх гэх мэт төсөв санхүү, эдийн засагт энэ хаврын чуулганаар голлон анхаарах болов уу гэж бодож байна.
-Та ямар ямар хуулийн төсөл дээр ажиллах вэ?
-Миний тухайд энэ удаагийн хаврын чуулганаар хэд хэдэн асуудалд анхаарал хандуулж ажиллана. Нэгдүгээрт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж УИХ-аар батлуулах ажлын хэсэгт ажиллаж байсан. Тус ажлын хэсэгт орж ажиллаж байсан гишүүдийнхээ хувьд Засгийн газрын хоёр жилийн хөтөлбөрийн тайланд анхаарал хандуулна. Бид дөрвөн жилийн өмнө иргэддээ юу амлаж байв. Аль нь биелж, аль нь биелээгүй байна гэдэг дээр анхаарч ажиллана. Хоёрдугаарт, Үндсэн хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор Монгол Улс хөгжлийн бодлоготой байж, тэр нь тогтвортой байхаар заасан. Үүний дагуу Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуульд өөрчлөлт оруулж, манай улс урт, дунд, богино хугацааны буюу нэг жилийн хөгжлийн төлөвлөгөөтэй ажилладаг болсон. Тиймээс 2023 онд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх нэг жилийн төлөвлөгөөг Засгийн газраас тавдугаар сард өргөн барих ёстой. Энэ жилийн төлөвлөгөөн дээр голлон анхаарч ажиллана
-Ковидын тухай хуулиар Засгийн газарт ихээхэн хэмжээний эрх мэдэл төвлөрсөн. Засгийн газар УИХ-д ажлаа тайлагнадаг байдал алдагдсан хэмээн иргэд шүүмжлэлтэй ханддаг. Хэрэв ийм их эрх мэдэл өөртөө төвлөрүүлчихээд Засгийн газар тайлангаараа муу ажилласан бол үлдсэн хугацаанд нөхөж сайжруулах боломжтой болов уу?
-Тайлангийн мэдээлэл удахгүй гарах учраас яг одоо Засгийн газрын үйл ажиллагааны тайлангийн талаар урьдчилан хэлэхэд эрт байна. Гэсэн хэдий ч энэ удаагийн Засгийн газар үе үеийн Засгийн газраас амаргүй хүнд үед ажилласан гэдгийг бид хаа хаанаа ойлгох учиртай. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед ажилласан. Өмнө нь бидэнд ийм олон жил үргэлжилсэн, олон хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон цар тахлын үед ажиллаж, амьдарч байсан туршлага байхгүй. Тийм учраас Засгийн газрыг УИХ дэмжиж ажилласан. Зарим иргэд Гамшгийн хуулиар зохицуулж болох харилцааг заавал бие даасан хууль гаргаж Засгийн газарт, УИХ бүрэн эрхээ шилжүүлсэн хэмээн шүүмжилсэн асуудлууд бий. Яагаад ийм арга хэмжээ авсан бэ гэхээр Засгийн газар богино хугацаанд бодлого, төлөвлөлт гаргах,шийдвэр гаргах боломж бололцоогоор хангах шаардлага зайлшгүй үүссэн учраас УИХ-аас бие даасан хууль гаргасан. Гэхдээ Үндсэн хуулийн хүрээнд УИХ-д хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, онцгой эрх нь хадгалагддаг. Тиймээс УИХ-аас олгосон бүрэн эрхийн хүрээнд Засгийн газар оновчтой, сайн ажиллаж чадсан эсэх дээр хяналт тавих бүрэн боломжтой учраас энэ эрхийнхээ хүрээнд тавих ёстой хяналтаа тавина.
-Өнгөрсөн жилүүдэд манай улсын эдийн засгийн нөхцөл байдал тийм ч сайн байгаагүй. Одоо ч орлого зарлагын тэнцэл алдагдалтай байна. Энэ онд хамгийн өндөр төсөв баталлаа шүү дээ?
-УИХ-ын Намрын чуулганаар 2022 оны улсын төсвийг баталсан. Түүхэндээ хамгийн өндөр буюу 18 их наяд төгрөгийн төсөв батлагдсан. Ийм өндөр төсвийг цар тахлын дэгдэлт буураагүй, хил гааль хаалттай энэ үед хэрхэн бүрэн хангах тал дээр анхаарал хандуулж, онцгой дэглэмээр ажиллахаас өөр аргагүй гэж бодож байгаа. Бид өнгөрсөн жил 30 гаруй сая тонн нүүрс экспортод гаргахаар төлөвлөж байсан боловч бодит байдал дээр 20 сая тонн ч хүрэхгүй нүүрс экспортод гаргасан. Тийм учраас хил гаалийн нэвтрэх чадамжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Энэ хүрээнд зарим чиглэлээр шинэ төмөр замын гарц нээх Засгийн газрын бодлого шийдвэрийг УИХ-аас дэмжиж, тодорхой шийдвэр гаргасан. Амаргүй нөхцөлд УИХ, Засгийн газар онцгой нөхцөлд ажиллахаас өөр аргагүй. Гэхдээ аливаа юм эерэг болон сөрөг талтай. Коронвирусийн цар тахлын улмаас хил гааль хаагдсан үед манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, алт, зэсийн үнэ дэлхийн түүхэнд анх ундаагаа өндөр үзүүлэлттэй байна. Энэ алтан боломжийг бид ашиглах шаардлагатай байна.Нөгөө талаар хил гааль хаалттай байгаа учраас экспортын бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэхгүй байх сөрөг талтай байна. Энэ сөрөг талаа эерэг тал болгож уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өндөр ханштай байгаа энэ үед уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортод гаргах талаар гарц гаргалгаа бодож олох, шийдэл гаргах шаардлагатай.Ингэж чадвал энэ хүнд үеийг хохирол багатай давж, туулах байх хэмээн бодож байна. Саяхан Монголбанкнаас гаргасан мэдээллийг харж байхад төлбөрийн тэнцэл 200 гаруй сая долларын хасах дүнтэй гарсан байна. Энэ бол манай улсын экспортын бүтээгдэхүүний борлуулалт зогссонтой холбоотой. Энэ тоог багасгах, цаашлаад нэмэх рүү оруулахын төлөө төр засаг анхаарлаа хандуулах ёстой.
-Орлогоосоо зарлага нь давчихсан энэ үед ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Цаашид манай улсын эдийн засаг энэ нэмэгдлийг даах болов уу?
-Иргэдийн амьжиргааны түвшин буурч, бараа бүтээгдэхүүний хомсдол тодорхой хэмжээгээр үүсч, үнийн өсөлт бий болсон учраас орлого багатай, нийгмийн эмзэг давхаргад хамаарч байгаа иргэдийн амьжиргааны түвшинг одоо байгаагаас нь дордуулахгүй байх нь төр засгийн үүрэг. Тиймээс эмзэг бүлгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр ХНХЯ-ны сайдаар ажиллаж байсныхаа хувьд, цаг үргэлж байр сууриа илэрхийлж ирсэн. Засгийн газраас НДС-гаас олгодог ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэлээ. Бусад тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж нийт 637 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэний дагуу ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлсэн. Уг шийдвэрийг зөв зүйтэй арга хэмжээ болсон хэмээн үзэж байгаа. Учир нь ахмадууд хамгийн орлого багатай, эмзэг бүлэгт хамаардаг.Тиймээс үнийн өсөлтөд хамгийн түрүүнд ахмадууд өртдөг учраас ахмадын тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад хүргэх цаг нь болсон. Нөгөө талаас өөрийн таны хэлж байгаа болгоомжлол ор үндэсгүй зүйл бол биш. Дараа жил дахин 637 тэрбум төгрөгийн орлого төсөв дээр нэмж бүрдүүлнэ гэдэг амаргүй. Ахмадуудын тэтгэврийг нэмэх шийдвэр гаргаж, төсвийн тодотгол хийхдээ 300 гаруй тэрбум төгрөгийг Төсвийг ерөнхийлөн захирагч нарын төсвийг 15 орчим хувиар танах байдлаар эх үүсвэрийг нь шийдсэн. Гэхдээ ирэх жил НДС-гийн алдагдлыг нэг их наяд төгрөгт хүргэчих сөрөг тал байгаа гэдгийг анхааруулж хэлж байгаа. Гэхдээ улс орны байдал тогтворжоод, экспортын голлох бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа үед хил гааль нээгдчихвэл орлогоо бүрдүүлэх боломж гарах болов уу хэмээн найдаж байна.
-Та Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа. Тус банкинд үүссэн асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Намрын чуулган завсарлахын өмнө Хөгжлийн банктай холбоотой асуудал хөндөгдөж, УИХ-ын даргын захирамж гарч Хөгжлийн банкинд УИХ-аас шалгалт хийх ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэгт миний бие багтсан. Тус ажлын хэсэгт ажиллаж байхад үнэхээр алдаа,эндэгдэл гаргасан асуудал байгаа юм билээ. Тухайлбал, зээл олгохдоо шаардлага хангахгүй барьцаа хөрөнгөн дээр үндэслэж, компаниудад зээл олгосон, ирээдүйд олох орлогоор нь барьцаалж зээл олгосон асуудлууд бий. Түүнчлэн авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан тохиолдол ч байна. Нийт долоон их наядын зээл олгосноос 1.9 их наяд төгрөгийн зээл нь чанаргүй зээлийн ангилалд орчихсон гэх мэт хүндрэлтэй асуудлууд байна. Гэхдээ тус банкнаас зээл авсан хүн бүрийг харлуулж болохгүй. Цаашид тус банкны ТУЗ-ийн гишүүдийг хараат бусаар үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжийг бүрдүүлж өгч чадаагүй юм болов уу гэж бодож байна. ТУЗ-ийн нийт гишүүний таван гишүүнээр дандаа Төрийн захиргааны албан хаагч ажиллаж ирсэн нь ажилдаа хайнга, хариуцлагагүй ханддаг. Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн 92 хувийг нь ТУЗ-ийн шийдвэрээр олгосон байдаг. Гэтэл ТУЗ-ийн гаргасан шийдвэрийн 50 гаруй хувь нь албан ёсоор хуралдаагүй, дандаа эчнээ байдлаар цахимаар хуралдаж,шийдвэр гаргасан байдаг.Энэ бол Засгийн газар, хувьцаа эзэмшигчийг төлөөлж байгаа албан тушаалтнууд ажилдаа ямар хариуцлагагүй хандсаны тод илрэл. Нөгөө талаас Хөгжлийн банкны удирдлагууд тэнд мэргэжлийн боловсон хүчинг тогтвор суурьшилтай ажиллуулах тал дээр учир дутагдалтай ажилласан нь харагдаж байгаа юм. Гурван жилийн хугацаанд 110 гаруй хүнийг ажлаас нь чөлөөлж, 130 гаруй хүнийг шинээр ажилд авсан байна. Тэгэхээр энд чадвартай, мэргэжлийн боловсон хүчнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулах тал дээр алдаа гаргасан болов уу хэмээн хардаж байна.
-Хөгжлийн банкнаас төгрөгийн болон долларын зээл авсан иргэд яг хэдэн хувийн зээл авсан байдаг юм бэ. Үнэхээр Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулахуйц зээл болж чадсан юм болов уу?
-Энэ талаар иргэдэд зөв мэдээлэл хүргэх хэрэгтэй. Зарим иргэд Хөгжлийн банкны зээлийг маш бага, бараг хүүгүй мэтээр ойлгоод байгаа юм. Гэтэл Хөгжлийн банкны гол эх үүсвэр болсон Самура, Чингис бонд. Эдгээр бондуудыг гаднаас өндөр хүүтэй, богино хугацаатай авсан учраас зээлдэгчдэд өгөхдөө богино хугацаанд, өндөр хүүтэй олгосон.Тийм учраас үнэхээр хөгжлийн зээл болж чадсан эсэх нь эргэлзээ дагуулж байгаа. Тухайлбал, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа томоохон компаниудад зээл олгосон байгаа. Тэдэнд таван жилийн хугацаатай долларын зээл олгохдоо, жилийн хүү нь 9.85 хувийн хүүтэй олгосон байна лээ. Таван жилийн хугацаагаар хүүг нь тооцвол нийт зээлийн 50 хувьтай тэнцэхүйц хүү төлж байгаа гэсэн үг. Дээр нь долларын зээл авсан иргэн, ААН-үүд ханшийн зөрүүгээс үүдэн хоёр дахин нугалж хүүгээ төлж байгаа.Үүнээс үүдэн санхүүгийн дарамтад ороод байгаа юм билээ. Долларын зээл авсан компаниудад зөвхөн ханшийн зөрүүгээс 467 тэрбум төгрөгийн нэмэлт ачаалал ирсэн гэсэн тооцоолол гарсан байна лээ.Үүн дээр нэмээд 8-9 хувийн хүүгээ төлнө гэсэн үг. Өндөр хүүтэй, богино хугацаатай долларын зээл авсан компаниуд санхүүгийн дарамтад орчихож байгаа юм билээ. Хоёрдугаарт, төгрөгийн зээл олгохдоо жилийн 11-13 хувийн хүүтэй зээл олгосон юм билээ. Үүнийг таван жилээр бодвол мөн л тийм бага хүү биш. Тэгэхээр экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх ААН-үүдэд зориулсан хөгжлийн зээл болсон эсэх нь эргэлзээтэй. Төгрөгийн зээл авсан ААН-үүдийн ханшийн зөрүү болох 210 орчим тэрбум төгрөгийг Хөгжлийн банк хүлээх эрсдэлд орчихсон юм билээ. Тиймээс ажлын хэсэг энэ талаар сайн ярих хэрэгтэй. Миний хувьд Хөгжлийн банкнаас зээл аваад төсөл нь амжилттай хэрэгжиж байгаа компаниудын зээлийг хэвийн гэж үзэх хэрэгтэй гэж бодож байгаа. Учир нь сүүлийн хоёр жил хил гааль хаалттай байсан учраас тоног, төхөөрөмж эргэлтийн хөрөнгүүд нь одоо орж ирэхээр төсөл нь гацчихсан тохиолдол ч бий юм билээ. Нөгөө талаас 500 гаруй тэрбум төгрөгийг зориулалтын бусаар ашигласан гэх судалгаа гарсан. Энэ мөнгийг зээлдэгчээр нь төлүүлэх, зориулалт бусаар ашиглаад олсон орлогыг улсын орлого болгох хэрэгтэй гэж бодож байна. Гуравдугаарт, барьцаа хөрөнгөгүй зээл аваад чанаргүй зээлийн ангилалд орчихсон компаниуд бий. Эдгээр компаниудаар зээлээ ямар нэгэн байдлаар төлүүлэх л ёстой. ЭЗБХ өнгөрсөн долоо хоногт хуралдаж, УИХ-аас баталсан Хяналт, шалгалтын тухай хуулиар Хяналт, шалгалтын түр хороо байгуулах асуудал яригдаж байна.Цаашлаад нээлттэй сонсгол явуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан.
-Барьцаа хөрөнгөгүй зээл авчихсан ААН-үүдээр зээлээ ямар нэгэн байдлаар төлүүлнэ хэмээн олон хүн хэлж байна. “Хоосон хүний хоёр чихийг огтолж авалтай биш дээ. Тэгвэл анхнаасаа шаардлага хангаагүй компаниудад зээл олгосон Хөгжлийн банкны удирдлагууд, ТУЗ-ийн гишүүдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ. Энэ талаар яригдаж байна уу?
-Ер нь бол тодорхой төсөл хэрэгжүүлнэ хэмээн зээл авсан зээлдэгчид төлбөрөө бүрэн барагдуулах нь шударга ёсонд нийцнэ. Тиймээс тодорхой хэмжээнд зээлдэгч зээлээ төлж таарна. Миний хувьд энэ зээлийг яаж богино хугацаанд төлүүлэх талаар УИХ-д тодорхой шийдвэр оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ажлын хэсгийн гишүүд саналаа оруулж, байр сууриа нэгтгээд саналаа оруулах болов уу гэж бодож байна.
-ҮХНӨ дахин оруулах эсэх асуудал яригдаж сонгуулийн системээ өөрчлөх, гишүүдийн тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар гишүүд өөр өөрийн байр суурийг илэрхийлж байна. Та ямар бодолтой байна вэ?
-Юм бүхэн хоёр талтай.Нэг хэсэг нь дэмжсэн байр суурь илэрхийлж байхад нэг хэсэг нь дэмжихгүй ч санал илэрхийлнэ. Холимог тогтолцоотой болсноор улс төрийн намуудын төлөвшилд эерэг нөлөө үзүүлдэг, улс орны хэмжээний бодлогын чанартай төсөл, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд чухал шаардлагатай гэж үздэг. Нөгөө талаас сонгогчид тойргоосоо гишүүнээ сонгосноор илүү үр дүнтэй гэж боддог. Ялангуяа манайх шиг том газар нутагтай, тархан суурьшсан орны хувьд иргэд,сонгогчид гишүүдээ өөрсдийн гараар барьж үзэж, имэрч, дуу хоолойг нь сонсож байж сонгодог байх нь дээр гэж боддог. Хэрэв тойргоосоо гишүүдээ сонгодоггүй болвол тэр тойргийн асуудал орхигдоно.Хот, хөдөөгийн ялгаа улам нэмэгдэж, алслагдсан аймгийн иргэдийн эрх ашиг орхигдоно. Улаанбаатар хотоос алслагдсан, 1000 км-ийн цаана байгаа говь, хангайн аймаг, сумдуудад очиж, иргэдтэй уулздаг хүн тэр бүр гарахгүй л болов уу.Тиймээс манайд зайлшгүй иргэд тойргоосоо гишүүдээ сонгодог тогтолцоо байх нь зүйтэй. Одоогоор энэ асуудлыг УИХ-ын түвшинд яриагүй учраас ийм л хариулт хэлэх байна.