Засгийн газраас хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрт зургадугаар сарын нэгнээс хүүхдийн мөнгө олгохоор шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-УИХ-ын 2018 оны тавдугаар сард батлагдсан УИХ-ын 40 дүгээр тогтоолоор хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох шийдвэр гарсан. Тиймээс 2018 оны долоо, наймдугаар сард орон нутгийн Хөдөлмөр, халамжийн газар судалгаа явуулсан. ХХҮЕГ дээр Өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн 980 мянган хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авахаар бүртгэгдсэн байна. Өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн нийт хүүхдийн 80 хувьд 912 мянган хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор 2019 оны төсөвт суутгасан. Тиймээс хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрт мөнгийг зургадугаар сарын нэгнээс олгоно. Одоогоор нэмэлт 12.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Үүнийг ХНХ-ын сайдын багцад багтсан төсвөөс гаргах боломжтой. Ямар нэг хууль зөрчигдөхгүй.
Харин Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт иргэд хүсэлтээ баталгаажуулаарай. Судалгаанд хамраагдаагүй өрх хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ өнөөдрөөс дүүрэг, сум дээрээ очиж гаргах боломжтой. Материалыг нь үзээд 670 оноонд хамрагдвал хүүхдийн мөнгө олгоно хэмээн мэдээлэв. ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Хүсэлт гаргасаны иргэдийн хүүхдийн мөнгийг нөхөж олгох уу?
-2019 оны улсын төсөвт хүүхдийн мөнгөнийг тусгасан. Нэмэлт эх үүсвэрийг өнөөдөр шийдэж байгаа учир нөхөн олгох асуудал байхгүй.
-Хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгө олго гэсэн. Яагаад 670 оноог харгалзаж байна вэ?
Нийт хүсэлт гаргасан өрхийн хүүхдэд мөнгө олго гэж байгаа. Гэхдээ 670 гэдэг оноог авч үзэх хэрэгтэй. Яагаад гэвэл хүүхдийн мөнгөн олгоход нэмэлт эх үүсвэр шаардагдах магадлалтай.