Categories
мэдээ нийгэм

С.Баясгалан: X Богд Монголоос тодрох нь төвөдүүдийн хувьд таатай ч БНХАУ сайнаар хүлээж авахгүй DNN.mn

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам Энэтхэгийн Дарамсала хотын Зүглаг Хан дуганд Дэмчог Нагбува/Хэрүга Кришначаряа уламжлалын авшиг хүртээсэн ёслолын үеэр X Богдыг Монголоос тодорсныг сүсэгтэн олонд зарлаад байна. Монгол Улсаас IХ Богдын хойд дүр тодрох нь геополитикийн хувьд ямар өөрчлөлт авчирч болох талаар сошиал сүлжээ, олон нийтийн дунд томоохон хэлэлцүүлэг өрнөж байна.

Энэ талаар МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш, доктор С.Баясгалангаас тодрууллаа.


-Монгол Улсаас X Богд тодрох нь геополитикийн хувьд бидэнд ямар өөрчлөлт авчрах магадлалтай вэ. Ялангуяа хойд, урд хөршийн хувьд та юу гэж харж байна вэ?

-Шашин бол миний хувьд нэлээд хол сэдэв байна. БНХАУ-ын хувьд Далай Ламын хойд дүрийг тодруулсан гэж яригддаг.

Харин төвөдүүдийн хувьд Монголыг Буддын шашны төв болгох санаа, бодол байгаа болов уу гэж бодож байна. Шашны хувьд хамгийн ойр гэдэг утгаараа. БНХАУ бол бусад орноос бурхны шашны Богдын хойд дүр ч юм уу, Далай Ламыг тодруулахгүй байх сонирхолтой. Тиймээс энэ асуудлыг өөрсдийн геополитикийн зорилгодоо ашиглахыг оролдож байгаа. Далай Лам Монголд айлчлахад Монгол талаас үүнийг шашны зорилготой гэж мэдэгдэж байсан ч урд хөрш бол улс төрийн зорилготой гэж үзэж манайд шахалт үзүүлдэг.

-Манай улсын хувьд геополитик талаас эерэг үйл явдал гэж тодотгож болох нь ээ?

-Манайхаас Богдын хойд дүрийг тодруулах нь нэг талаар зөв л дөө. Бид 1911 оноос Засгийн газар байгуулаад явахдаа монголчуудыг тархай, бутархай бус эв нэгдэлтэй байлгахын тулд VIII Богд Жавзундамбыг тодруулж байсан. Монголчуудын хувьд хамгийн чухал асуудал бол эв нэгдэл байдаг. Энэ утгаараа Богдын хойд дүрийг Монголд тодруулж байгаа нь чухал. БНХАУ-ын талаас бол энэ үйл явдалд дурамжхан хандах болов уу.

-Тэгвэл ОХУ-ын хувьд?

-Шашин талаас нэг их ач холбогдол өгөхгүй болов уу. Хятадын талаасаа л ач холбогдол өгөх өндөр магадлалтай.

-Буддын шашинтай бусад орнуудын хувьд Монголд X Богд тодрох нь ямар нөлөөг бий болгох бол?

-Богдын асуудал бол Монголын түүхтэй холбоотой. Өндөр гэгээн Занабазараас эхлээд Монголд Богдууд тодорч ирсэн. Дээр хэлснээр энэ бол монголчуудын эв санааны нэгдэлтэй л холбоотой. Тиймээс буддын шашинтай бусад улс орнуудад Богд гэхээс илүү Далай Ламыг чухалчлах болов уу. Яахав, Монгол бол буддын соёлтой орон гэдгээрээ талархан хүлээн авч байгаа. Эв санааны нэгдэл, үзэл бодол, шашин шүтлэгээрээ нэгдэлтэй гэж харах байх.

-Шашны аялал жуулчлал хөгжих нь гэж үзэж болох уу?

-Евро-Азийн төвд бурхны шашин байр сууриа эзэлж байна гэж болох юм. Тэр утгаараа манайд буддистуудын хурал, цуглаан гэх мэт үйл ажиллагаа явж болох байх. Гэхдээ үүнийг Төвөд л ашиглах байх. Энэ нь цаашлаад Хятадын дургүйг л хүргэх болов уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *