Categories
мэдээ цаг-үе

С.Баясгалан: А.Лукашенкогийн дэглэм энэ удаа биш юм аа гэхэд дараагийн сонгуулиар гарцаагүй унана

Беларусь улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор МУИС-ийн багш, олон улсын харилцаа судлаач С.Баясгалангаас зарим зүйлийг тодрууллаа.


-Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Беларусьт үүсээд байгаа нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Сонгуулийн дараа буюу сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор ийнхүү жагсаж байгаа нь зүй ёсных гэж үзэж байна. Учир нь энэ асуудал он удаан жил хуримтлагдаж байсан. Зөвлөлт холбоот улс задарч Беларусь улс байгуулагдсанаас хойш одоог хүртэл А.Лукашенко засаглаж байна. Шуудхан хэлэхэд А.Лукашенко Беларусийг бараг хувьчлаад авчихсан хүн. Түүний санаа бол цаашид хаан болох, В.Путины хэмжээний ерөнхийлөгчийг насаараа хийх бодолтой хүн л дээ. Беларусьт хэдийгээр ардчилсан сонгууль явж байгаа ч гэсэн А.Лукашенко өнгөрсөн хугацаанд тус улсыг дарангуйлсан маягаар засагласан. Тус улсын иргэд өмнө жагсаал цуглаан үе үе зохион байгуулж, өмнөх сонгуулиудаар жагсах гэж оролдож байсан. Ингэж явсаар энэ сонгуулиар илүү далайцтай жагсаалыг зохион байгуулж байгаа юм.

Европын талаас жагсаалыг ихээхэн дэмжиж байгаа. Тэд Беларусийн ерөнхийлөгч А.Лукашенког Европын орнуудын хамгийн сүүлийн дарангуйлагч гэж үздэг. Учир нь Беларусиас бусад Европын улсууд бүгд ардчилсан тогтолцоонд орсон. Иймээс хамгийн сүүлийн дарангуйлагч гэж байгаа юм.

-Ер нь цаашид Беларусь улсын хувь заяа хэрхэн өрнөх бол?

-Нэгдүгээрт, ардчилсан шинэчлэлийн үйл явц гэдэг утгаараа жагсаалын мэдээ дэлхий даяар тархаж байна.

Энэ утгаараа цаг хугацааны асуудал болж байна. Ерөнхийлөгч А.Лукашенкогийн одоогийн байдал хүнд байна. Өөрөөр хэлбэл, тэрээр бүх эрх мэдлээ бага багаар алдаж байна. Энэ удаа тогтоон барилаа гэхэд дараагийн сонгуулиар А.Лукашенкогийн дэглэм гарцаагүй унана. Гэхдээ түүнийг дараагийн сонгууль хүртэл эрх мэдлээ тогтоон барина гэхэд эргэлзэж байна.

-А.Лукашенко ерөнхийлөгчийн суудлаасаа буувал дарангуйллын гэгдээд байгаа дэглэм унах уу?

-Мэдээж дэглэм нь унана. Европын нэг улс болох дүр зураг ажиглагдаж байна. Олон улсын судлаачдын зүгээс А.Лукашенко өөрийн эрх мэдлээ алдахгүй барьж чадах уу үгүй юу гэдгийг ажиглаж байна. Гэхдээ барьж тогтооно гэдэг нь эргэлзээтэй болж байна. Нөгөө талаас Европын талын хөрш орнууд жагсагчдыг дэмжиж шахалт үзүүлж байна. Европын талаас Украины жишээ Беларусьт давтагдах вий гэсэн болгоомжлол ОХУ-д байна гэж үзэж байгаа.

-Ерөнхийлөгч А.Лукашенко эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд Тусгаар улсын хамтын аюулгүй байдлын холбоогоор дамжуулж ОХУ-аас тусламж авах боломжтой. Бусад улс орнууд тэр дундаа Европын холбоо туслах нь битгий хэл жагсагчдыг суллахыг шаардаж байгаа шүү дээ. Тэгэхээр ОХУ А.Лукашенкод туслах боломжтой юу?

-Тусгаар улсын хамтын аюулгүй байдлын холбоотон улсуудын хувьд ОХУ-аас А.Лукашенко дэмжлэг хүслээ гэхэд албан ёсоор туслах боломжтой. Олон улсын эрхзүйгээр бол ОХУ цэрэг оруулах боломжтой. Гэхдээ ОХУ цэрэг оруулах юм бол олон улсад маш муухайгаар харагдана. ОХУ өөр улс руу түрэмгийлж байна гэсэн ойлголтыг бусад улсад төрүүлэх учраас Оросын талаас төдийлөн туслахгүй болов уу гэж бодож байна.

-Ерөнхийлөгч А.Лукашенко ард иргэдтэйгээ уулзахдаа буутай гарч ирсэн. Үүнийг олон улсын судлаачид хэрхэн дүгнэж байгаа бол?

-Ерөнхийлөгч А.Лукашенког тэнэгдүү алхам хийсэн гэж үзэж байгаа. Ингэснээрээ Ерөнхийлөгч А.Лукашенко өөрийгөө унахад ойрхон болсныг харуулчихлаа. Беларусийн дотоод байдал эргэсэн юм байна гэдэг дохиог харуулж байгаа юм л даа.

-Беларусь улсад өрнөсөн жагсаалтай холбоотойгоор олон иргэд ажилгүй болсон шүү дээ. Мөн Ковид-19 вирусийн улмаас дэлхий даяар эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байна. Беларусийн эдийн засгийн нөхцөл байдал ер нь ямархуу байна вэ?

-Эдийн засаг нь сайнгүй байгаа. Иймээс ард иргэд нь илүү барууны талыг барьсан, нэг хүний удирдлагаас гарах гэсэн хандлагатай байна. Чөлөөт зах зээл рүү орох юм бол нэлээн хөгжинө гэсэн найдлагатай байгаа. Ард иргэд нь тодорхой хэмжээний мэдээлэл авсан, мэдэрсэн байгаа учраас европын орон руу явдаг ч юм уу ийм дүр зураг ажиглагдаж байна. Нөгөө талаас ОХУ-аас ихээхэн хамааралтай байгаа.

-ОХУ-аас туслах гэхээр хүч хэрэглэх болчхоод байна. Туслахгүй гэхээр ОХУ ямархуу алдагдал хүлээх вэ?

-А.Лукашенко эрх мэдлээ алдах нь Оросын талд мэдээж муу мэдээ. Учир нь барууны үзэл санаа орж, Беларусь европын улс болно. Европын нэгдсэн эдийн засгийн орон зайруу орох нь гарцаагүй. Ингээд Европын талд ашигтай, Оросын талдаа сул талтай болж байгаа юм.

Ер нь А.Лукашенкод ерөнхийлөгчийн эрх мэдэл байгаа тохиолдолд Беларусийн орон зай ОХУ-ын талд байна. Хэрвээ А.Лукашенко буухад ОХУ-д ашиггүй тал руугаа болж байгаа юм. ОХУ Беларусь руу дайрах ямар ч ашиггүй. Одоо ашиггүй байгаа дээр нь нэмээд тусалчих юм бол бүр ашиггүй болж олон улсад муухай харагдана. Украинд аль хэзээний муухай харагдчихаад байхад Беларусьт цэрэг оруулах ч юм уу хүчээр дэмжлэг үзүүлэх юм бол ОХУ-ын ашиг сонирхолд эсрэгээрээ эргэнэ.

Р.ХИШИГЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *