“Эрэл групп” ХХК-ийн Орлогч захирал С.Батболдтой ярилцлаа.
-“Эрэл” ХХК үүсгэн байгуулагдсанаасаа хойш 35 жилийн түүх бүтээжээ. Та хэдэн жил ажилласан бэ? Хамт олныхоо өнөөдрийг хүртэлх амжилт, бүтээлээсээ товчхон хуваалцахгүй юу?
-Би “Эрэл” компанид арваад жил ажиллаж байна. “Байшин үйлдвэрлэх комбинат” үйлдвэр анх нээгдэхэд байсан. 2013 оноос хойш Баруун Европын тоног төхөөрөмжүүдээр шинэчлэл хийсэн. Тухайн үедээ өвөл, зун ажиллах боломжтой гайхамшигтай сайхан үйлдвэр нээгдэж байсан. Барилгын салбарын зундаа ажиллаад, өвөл зогсдог байсан байдлыг халсан. Гэр хорооллыг дахин төлөвлөж, иргэдийг орон сууцжуулж байж утаа, агаар, хөрсний бохирдлыг цогцоор шийдэх нь хамгийн зөв шийдэл. Энэ асуудал яригдаж явсаар яалт ч үгүй олон жил болж байна. 2017 оны 12 дугаар сарын 15-нд манай үйлдвэр ашиглалтад орж, үүд хаалгаа нээснээс хойш хариуцан ажиллаж, бид хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн.
-Хаана, ямар барилга байгууламжийг ямар чанар стандарттай барьж байгуулсан талаар тодруулъя?
-Бид Гандантэгчэнлин хийдэд 240 лам амьдрах боломжтой дотуур байрны төсөл хэрэгжүүлж, 2019 онд бүрэн ашиглалтад оруулсан. Дараа нь Тахилтад эрчим хүчний хэмнэлттэй цэцэрлэгийн байрны төсөл хэрэгжүүлж, хүлээлгэн өгсөн. Хамгийн сүүлд “Цайз 16”-д 20 айлын орон сууцны эхний ээлжийг ашиглалтад оруулаад байна. Иргэд газраа чөлөөлж, төр, хувийн хэвшил хамтарч буюу төр дэд бүтцээ татаад, бид барилгаа бариад, банкууд зээлээ олгоод хэрэгжсэн бодит төсөл байгаа юм.
Тэр барилга хуучны угсармалуудаас юугаар ялгаатай вэ гэхээр нэг хэв маягаар биш, чөлөөтэй төлөвлөж болдог болсон. Дээр нь эрчим хүчний хэмнэлттэй, халаалт буюу цахилгааны зардал бага гарах боломжтой. Чанарын хувьд үйлдвэрлэлийн гэрчилгээтэй. Бас нэг давуу тал нь орчин үеийн хамгийн эко хороолол, хотхонууд байж болохын жишээг тэнд үзүүлж хийсэн. Манай үйлдвэр өргөн цар хүрээний, массын хэмжээний зориулалттай болохоор маш их эргэлтийн хөрөнгө, төр засгийн дэмжлэг хэрэгтэй байдаг. Бид үүнийгээ ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр ярилцаад явж байна.
-Хөгжлийн банкнаас хэдэн төгрөгийн зээлийн санхүүжилт аваад, хэрхэн зарцуулагдсан бэ? “Байшин үйлдвэрлэх комбинат”-ыг Хөгжлийн банкны зээлийн өрөнд суутгах нь гэсэн мэдээлэл бий. Энэ талаар ярихгүй юу?
-Зээлийн тухайд 2013-2015 оны хооронд 21 сая ам.доллар болон 13 сая еврогийн зээл авсан. Тухайн үед бид Засгийн газар, УИХ-ын тогтоолуудын дагуу зээлээ аваад, төслөө хэрэгжүүлж эхэлсэн. Нарийн яривал, тухайн үед үлдэгдэл санхүүжилт нь орж ирээгүй. Гэхдээ бид үйлдвэрээ ашиглалтад оруулдгаараа оруулаад, захиалгаа хүлээгээд байж байна. Гурван шатны шүүхийн шийдвэр гарсан. Одоо Хөгжлийн банкны зээлийг энэ үйлдвэрийн барьцаа хөрөнгөөр хангуулах, эсвэл төр засагтайгаа нийлээд энэ үйлдвэр ажиллах ёстой гэж үзэх үү гэдгийг шийдэхээр бид Засгийн газар, Хөгжлийн банктай хамтраад хэлэлцээрийн түвшинд ярилцаж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэл гэдэг зарчмаар цааш явуулах, үгүй бол гадаадын хөрөнгө оруулалт оруулж ирж байж бид төслөө хэрэгжүүлж, Хөгжлийн банкны зээлээ хаах зэрэг гаргалгаанууд бас бий.
-Тухайн үед төсөл хэрэгжээд явсан бол хэдэн айл өрхийг орон сууцаар хангах бүрэн боломжтой байсан бэ?
-Үйлдвэрийн давуу тал өвөл, зунгүй ажилладаг. Өвөл ч, зун ч барилга барих боломжтой. Тийм учраас жилд хүчин чадлын хувьд 150,000 м2 буюу дунджаар 5000 айлын орон сууц барих боломжтой гэж ойлгож болно. Өнөөдөр 2024 он, бүхэл бүтэн долоон жилийн хугацаанд 35 мянган айлыг орон сууцаар хангах бүрэн боломжтой байсан. Гэр хороололд одоо 200 гаруй мянган айл өрх байгаа бол нэлээд хэдэн хувийг орон сууцжуулах боломж байсан. Гол давуу тал нь, түрүүн хэлсэн массын хэмжээгээр, өвөл зунгүй ажиллаж байж барилгын өртөг нь бууж өгдөг. Бусад барилга барьж буй арга техникүүдээс 30-аад хувь хямд үнээр барих боломжтой гэж үзэж байгаа юм.
-Одоогоос зургаан жилийн өмнө танай үйлдвэр дунджаар нэг метр квадрат ыг нь 1-1.2 сая төгрөг буюу зах зээлийн ханшаас багаар барих боломжтой гэсэн мэдээлэл өгч байсан. Одоо дунджаар метр квадратын үнийг хэдээр тооцоох боломжтой вэ?
-Тухайн үед зах зээл дээр байрны ханш метр квадрат нь 1.5-1.6 сая төгрөг байсан. Бид илүү хямд барих боломжтойгоо илэрхийлж байсан. Одоо барилгын материалын үнэ яалт ч үгүй өсөөд байна. Гэхдээ бид Улаанбаатарт бусад компаниудын барилга барьж буй үнээс 30 хувиар хямдхан барих боломжтой.
-Танай үйлдвэрийн үйл ажиллагаа саатахад улс төрийн ч юм уу, өөр ямар нэгэн шалтгаан нөлөөлсөн гэж боддог уу?
-Үйлдвэрээ хариуцаад, үйл ажиллагааг нь аваад явж байгаа хүний хувьд наана харагдаж байгаа нөхцөл байдал нь эргэлтийн хөрөнгө. Яагаад вэ гэвэл, маш их хэмжээний захиалга байх ёстой. Эргэлтийн хөрөнгө нь саадгүй байж бид тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжтой. Энэ асуудлын цаана миний мэдэхгүй, улс төрийн ямар нэгэн асуудал бас байсан байх гэж бодож байна.
-Одоо хөрөнгө оруулалт орж ирээд, эргэлтийн хөрөнгө босгоод, барилгаа барьж эхэллээ гэхэд чанарын асуудал яригдана. Энэ талаар та ярихгүй юу. Дотоодоос барилгын материалуудаа авах боломжтой юу?
-Бид үндсэн түүхий эд болох дайрга, цемент зэрэг материалуудаа 100 хувь дотоодоосоо авах боломжтой. Зөвхөн арматурыг хойд юм уу, урд хөршөөс авна. Манай Монголд байдаг үйлдвэр бидэнд шаардлагатай арматурыг одоохондоо гаргаж чадахгүй байгаа юм.
-Танай компани “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд орон сууц барьж байсан билүү?
-Тийм. Миний мэдэхээр Засгийн газрууд шинэ хөтөлбөр гаргах болгондоо гэр хорооллыг орон сууцжуулна, энэ чиглэлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой гэсэн зарчим ярьдаг хэрнээ хэрэгжихгүй байгаа юм. Энэ нь олон шалтгаантай байх шиг байна. Тухайлбал, эрчим хүчний хүрэлцээ гэх мэт асуудлууд байна.
-Та түрүүн Засгийн газартай яриа хэлэлцээ хийж байна гэлээ. Одоо тодорхой хэмжээний дэмжлэг авлаа гэхэд хэчнээн орон сууц барих боломжтой вэ?
-Манай үйл ажиллагаа шууд эхлэхэд бэлэн байна. Үйлдвэр маань бүрэн автомат учраас тоног төхөөрөмжөө ажиллуулаад явчихад асуудалгүй. Боловсон хүчин, гол хүмүүс маань ойрхон ажиллаад явдаг. Ашиглалтад орлоо гэхэд маш богино хугацаанд орчин үеийн хороолол, хотхоны жишиг загвар үзүүлээд барих боломжтой. Түрүүний хэлдгээр, хүчин чадлаараа жилд 5000 айлыг орон сууцжуулж, шаардлагатай гэвэл хүчин чадлаа илүү нэмэх боломжтой.
-Монголд барилгын салбарт үйл ажиллагаа эрхлэхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Сүүлийн жилүүдэд, ялангуяа ковидоос хойш юмны үнэ яалт ч үгүй өсөж байна. Боловсон хүчний асуудал, нийгэм, эдийн засаг хүнд байна. Бусдаар хувийн хэвшилд хийж чадахгүй зүйл байхгүй. Манай компани өөрөө түүхтэй компани. Энэ жил 35 жилийн ойтойгоо золгож байна. Өнгөрсөн хугацаанд барилга барьж, хийж бүтээсэн түүхтэй. Үйлдвэр ч гэсэн Улаанбаатар хотыг байгуулсан. Айхтар хүндрэл бэрхшээл харьцангуй гайгүй. Хамгийн найдвартай татвар төлөгчөөр шалгарч, үе үеийн Засгийн газарт үнэлэгдэж явсан. Үндсэн ажилтан одоогийн байдлаар 100 орчим бий. Ихэнх ажлыг туслан гүйцэтгэгч компаниуд гүйцэтгэж байна.
-“Эрэл” компани өөрийн хүчин чадлаар залуу гэр бүлийг дэмжсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой юу?
-Бид зөвхөн төр засаг гэхгүйгээр гадаадын хөрөнгө оруулалт татаж, орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх ажлууд хийгээд явж байна. Хэрвээ энэ асуудлууд шийдэгдчихвэл бидэнд энэ чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бий. Гэхдээ түрүүний хэлдгээр, энэ үйлдвэр яалт ч үгүй төрөөс дэмжлэг байж, төртэй хамтарч байж гэр хорооллыг орон сууцжуулах, сүүлийн үед яригдаад байгаа агаарын бохирдол, хөрсний бохирдол, усны бохирдол зэргийг цогцоор нь шийдээд явах боломжтой юм.
-Та Монгол Улсын барилгын салбарын өнөөгийн байдал, хууль эрх зүйн орны талаар ямар бодолтой явдаг вэ?
-Би барилгын инженер биш. Гэхдээ сүүлийн арван хэдэн жил энэ салбарт ажиллалаа. Монголын барилгын салбарын норм, дүрэм журам чанга. Ирээдүйн чиг хандлага хаашаа яваад байна вэ гэхээр тогтвортой хөгжил, ногоон барилга руу. Бид түүний дагуу л үйлдвэрээ ашиглалтад оруулж, эрчим хүчээ яаж хэмнэх вэ, хүнд ямар орон сууц таатай байх вэ гэдэг тал дээр түлхүү анхаардаг. Энэ нь Монголын цаг уурын нөхцөл байдлаас тодорхой хэмжээнд хамаардаг. Монгол Улс эрс тэс уур амьсгалтай болохоор маш их материал ашиглах, дулаалга хийх хэрэгтэй болдог. Газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй учраас маш их арматур, төмөр, бетон зуурмаг ордог. Одоо ногоон хөгжил рүү тэмүүлж байна, энийгээ ч дагаад манай барилгын норм, дүрэм журмууд сайжраад шинэчлэгдээд явах байх аа.
-Танай компани үйлдвэртээ сүүлийн үеийн шинэ технологи, ноу хау нэвтрүүлж байна уу?
-Хуучны угсармал орон сууцууд дулаан их алддаг, хүйтэн, бүгд нэг хэв маягийн гэж хүмүүс ярьдаг. Нэг, хоёр өрөө нь бүгд ижил байдаг. Бидний хэрэгжүүлж байгаа бол метр квадратыг нь ямар бол ямраар хийнэ. Эрчим хүчний хэмнэлттэй. Дулаалга шууд үйлдвэртээ хийгддэг болсон. Өөрөөр хэлбэл, барилгаа барьчихаад, гаднаас нь шавар, хөөсөө наагаад байхгүйгээр шууд үйлдвэртээ сендвич маягаар хийгдээд, дулаалгатайгаа гардаг болсон. Энэ бүхнийг манай дотоодын болон гадаадын, олон улсын инженерүүд хамтарч байж бүтээсэн. Энэ нь төвийн эрчим хүчний хэмнэлт, ногоон барилга, ногоон орон сууц, эко барилга гэдэг зүйл рүү зориод байгаагийн нэг хэлбэр юм. Манай байгууллагын ажилчдын дийлэнх нь залуучууд. Гаднын мэргэжилтнүүд ч бас бий. Хэрвээ тулгамдаад байгаа асуудлаа шийдчихвэл үйлдвэр маань ажиллахад бэлэн байна. Ирээдүй, үр хүүхдүүдээ бодсон ч агаар, хөрсний бохирдлоос салах хүсэл бүгдэд бий. Тиймээс хийж бүтээснийхээ үр дүнг үзэхийг бид хүсэж байгаа юм.
Д.ЭРДЭНЭТУЯА
One reply on “С.Батболд: “Байшин Үйлдвэрлэх Комбинат-1” үйлдвэр гэр хорооллыг дахин төлөвлөх зорилгоор иргэдийг хямд өртгөөр орон сууцжуулах боломжтой DNN.mn”
Энэ угсармал барилгын үйлдвэрт Монгол арматур шаардлага хангахгүй байна гэж байхгүй л дэ.Гадаадаас арматур авч үйлдвэрлээд яаж 30% хямд байна гэж үү?Гэр хороололыг барилгажуулах боломж байхад зах зээлийн өрсөлдөөнд орж газрын чөлөөлөөд барилга барьж өрсөлдөж чадахгүй байгаа нь энэ үйлдвэр ашиггүй, өндөр өртөгөөр баригдах ашиггүй үйлдвэр болжээ.