Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Амарсайхан: Энэ жилийн баяр наадам шинэ хууль дүрмээр зохицуулагдаж байгаагаараа онцлог DNN.mn

Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Цар тахлаас үүдэж монголчууд хоёр жилийн дараа наадмаа өргөн дэлгэр тэмдэглэх гэж байна. Наадмын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-Наадмын бэлтгэл ажлыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хариуцаж ажилладаг. Морь, бөх, сур, шагай, хэвлэл мэдээлэл, хэв журам аюулгүй байдал зэрэг есөн салбар хороо бүгд ажилдаа орсон. Бэлтгэл ажил маш сайн хангагдаж байна.

-Шинэ хуулийн зохицуулалтын дагуу наадмаа зохион байгуулах гэж байна. Энэ жилийн наадмын онцлог юу вэ?

-2013 онд батлагдсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийг УИХ шинэчлэн найруулж хэлэлцэн баталлаа. Тиймээс энэ жилийн баяр наадам шинэ хууль дүрмээр зохицуулагдаж байгаагаараа онцлогтой. Хоёрдугаарт, олон тэгш ой давхацсан жил болж байна. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 болон Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой энэ жил тохиож байна. Үүнээс гадна өнгөрөгч хоёр жил бид баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэж чадаагүй. 2020 онд цахимаар наадамласан. 2021 онд цар тахлын нөхцөл байдал хүнд байсан учраас Засгийн газрын тогтоолоор хойшлуулсан. Хоёр жил тэмдэглээгүй учраас иргэд энэ жил их хүлээлттэй байгаа байх. Тиймээс энэ их хүлээлтэд нийцүүлж арай шинэлэг, өргөн дэлгэр зохион байгуулахыг зорьж байна. Цаашилбал Монголын түүх, өв соёл, ёс заншлаа түгээн дэлгэрүүлэх, монгол түмний бахархал болсон үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр зохион байгуулж, хотол олноороо өргөн дэлгэр наадамлахаас гадна дэлхий нийтэд, гадны зочин гийчинд өв соёлоо сурталчлан таниулах ажил давхар хийгдэж байна.

Гуравдугаарт, энэ жилийн баяр наадмыг Монгол бахархал нэрийн дор, нэгдсэн брэнд бэлгэдэлтэйгээр 7-8 дугаар сарын турш монгол түмэн, гадны гийчдэд зориулсан соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулна. Хуваарь нь гарсан.

-Морь, бөхтэй холбоотой маргаан жилийн жилд гардаг. Баяр наадмын тухай хуулиар энэхүү маргааныг шийдвэрлэж чадав уу?

-Хурдан морины уралдаан сүүлийн жилүүдэд маргаан дагуулсаар байгаа. Хоёр ч холбоо бий болсон. Зөвхөн морь гэлтгүй олон асуудал бий. Энэ хууль батлагдсанаар зохицуулалтгүй явж ирсэн асуудлуудыг шийдвэрлэж, зохицуулалтууд нь илүү ойлгомжтой болсон. Энэ жилийн наадамд зургаан насны морьд уралдана. Гэхдээ “монгол адууны үүлдрийн стандартад нийцсэн морьдыг уралдуулна” гэж хуульд заасан. Мөн эрлийз морьд улсын баяр наадамд цол авдаг байсныг энэ хуулиар больж байгаа. Түүнчлэн цаашид монгол морины цуснаас шинжилгээ авч, геномын дарааллыг тоолж, стандартыг нь батлах хүртэл шилжилтийн үеийн зохицуулалтын дагуу хурдан морьдыг сэрвээний өндрийг хэмжин стандарт тогтоон уралдуулна.

Бөхчүүдийн тухайд бөхийн эрэмбэ дарааны асуудал бий. Сүүлдээ бөхийн холбоод нь ч учраа олохоо больсон. Бөхчүүд нь ч хоорондоо маргалдаад дан ганц наадам гэлгүй цагаан сар, бусад барилдаанууд ч дандаа хэл ам дагуулсан маргаантай болдог болсон. Маргаан юун дээр гарч байна гэхээр эрэмбэ дарааг тогтоох, цол дуудах, эсвэл амлаж авах, цол олгох, допингтой холбоотой асуудлуудад их гардаг байсан. Тиймээс допингийн асуудлыг тодорхой болгож өгсөн. Допинг илэрсэн бөхийн цолыг нь хураана, хураахгүй гээд бөөн хэлэлцүүлэг, маргаан болдог. Тэгвэл одоогийн зохицуулалтаар түрүүлсэн бөхөөс допинг илэрвэл гурван хоногийн дотор Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж шийдвэрээ гаргаад Ерөнхийлөгчид уламжилна. Ерөнхийлөгч 14 хоногийн дотор шийдвэрээ гаргана. Хэрвээ тухайн бөх сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол цолыг нь шууд хурааж авна. Хоёрдугаарт, Засгийн газраас баталсан дүрмээр эрэмбэ дараа, цол чимгийг дуудахдаа яах талаарх бүх зохицуулалтууд орсон. Тиймээс цаашид бөхтэй холбоотой хүндрэлүүд гарахгүй байх гэж үзэж байна.

-Баяр наадамтай холбоотой маргаанаас гадна дулиант махны асуудлыг танаас асуумаар байна. Махны үйлдвэрүүдийн хяналт шалгалт эцэс болсон уу?

-Хяналт шалгалт хийгдэж байна. Махны үйлдвэрүүдтэй холбоотой нэлээн асуудал дэгдсэн. Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг ажиллаж Эмээлт орчмын махны үйлдвэр болон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа мах, махан бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрүүдэд хяналт шалгалтын ажлуудыг хийж байна. Энэ чиглэлийн хяналт шалгалтыг сулруулж болохгүй. Учир нь үндэсний аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал шүү дээ. Хоёрдугаарт, стандартын шаардлага хангахгүй байгаа технологийн бус үйлдвэрүүдийг бүгдийг нь түр зогсоосон. Дулааны аргаар мах боловсруулж байгаа үйлдвэрүүд цаашид энэ аргаараа үйл ажиллагаа явуулна гэвэл энэ жилийн арванхоёрдугаар сарын 31-ний дотор стандартаа хангах ёстой. Дагаж мөрдөх стандартыг Засгийн газар баталсан. Үүнд мал нядлахаас эхлээд бүтээгдэхүүн боловсруулах, дайвар бүтээгдэхүүн, хүнсний бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх шат дамжлагыг тодорхой болгож савлагаатай, эрүүл ахуйн шаардлага хангасан байхаар зохицуулсан. ХААХҮ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг стандартыг мөрдүүлэх хэвшүүлэх ажлыг есдүгээр сарын 1 хүртэл хариуцаж байна. Цаашид гадагшаа экспортлох ч бай дотооддоо хэрэглэдэг ч бай олон улсын хүнсний аюулгүй байдлын стандартыг дагаж мөрдөх ёстой. Тэгэхгүй бол нэг хэсэг нь стандарт яриад нөгөө хэсэг нь дагаж мөрддөггүй байж болохгүй. Бизнес аж ахуйн нэгжүүд нь ч стандартыг мөрдүүлж аюулгүй байдлаа хангадаггүй, хяналт тавьж байгаа байгууллагууд нь ч шаардлагаа бүрэн гүйцэд тавьдаггүй хаа хаанаа хариуцлага алдсан асуудал байна. Тиймээс үүнийг нэг мөр цэгцэлье гэж байгаа юм. Стандартыг хангуулах ажил нэг өдөр яриад нэг хэсэг асуудал шийдвэрлээд зогсох зүйл биш. Өдөр тутам стандарт, аюулгүй байдлаа хангаж ажиллах ёстой.

-Засгийн газар махны экспортыг хязгаарласан нь чанаргүй нөөцийн мах ихээр үүсэх, малчдын орлого хумигдах зэрэг сөрөг үр нөлөө ихтэй байна хэмээх шүүмжлэл гарч байна. Та үүнд юу хэлэх вэ?

-Зөвхөн дулааны аргаар болон стандартын шаардлага хангахгүй байгаа үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоож, дулааны аргаар боловсруулсан махны экспортыг 2023 оны нэгдүгээр сарын 1 хүртэл зогсоосон. Дулааны бус аргаар боловсруулсан махны экспорт нээлттэй хийгдэж байгаа. Шаардлага хангахгүй үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байгаа учраас дулааны аргаар боловсруулсан махны экспортыг зогсоосон. Хүний эрүүл мэнд, манай улсын стандарт зөрчигдсөн эсэх асуудал, бүр цаашилбал манай улсын үйлчилгээний байгууллагууд, засаг төрийн нэр хүнд зэрэг олон зүйл холбоотой учраас экспортыг түр зогсоож байгаа юм.

Энгийн аргаар нядалсан мал махны экспорт чөлөөтэй явж байгаа. Хамгийн гол нь шаардлага хангасан байх ёстой. Тэгэхгүй бол найзан дундаа, эсвэл бие биедээ найр тавьж болохгүй зүйлийг болж байна гээд өдийг хүртэл явсан. Тиймээс одоо ийм байдлаар асуудалд ханддагаа больё гэж байгаа юм. Үйлдвэрүүд 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө стандартаа хангачихвал экспорт нээлттэй. Гэхдээ тусгай зөвшөөрөл нэртэй нугалаа гарсан асуудлыг цаашид зогсооё гэж байгаа. Үйлдвэрлэл явуулъя гэж байгаа бол явуулах нь нээлттэй. Хамгийн гол нь стандарт, чанарын шаардлагыг ханга. Түүнийг дотоодын иргэд, аж ахуйн нэгж аваад хэрэглэнэ үү, эсвэл гадагшаа гаргана уу энэ бол аж ахуйн нэгжийн өөрийнх нь асуудал. Түүнээс биш дунд нь төрийн байгууллага аль нэг байгууллага, яам, эсвэл гадаадын нэг байгууллага зөвшөөрөл олгодог нэртэй дунд хууль бус үйл ажиллагаа явуулдаг байж болохгүй.

-Таны хөндөж тавьсан ипотекийн зээлийн санхүүжилт, МИК-ийн асуудлыг олон нийт сонирхсон хэвээр байгаа. Хэдийгээр ипотекийн зээл зогсоогүй гэж байгаа ч бодит байдал дээр ипотекийн зээл зогсчихоод байна хэмээх олон нийтийн шүүмжлэл бий. 8, 6 хувийн зээлийн хүүг бууруулах, урьдчилгаа бууруулах зэрэг асуудлаас ойрын хугацаанд аль нь биелэх боломжтой вэ?

-Шийдвэрлэх ёстой асуудал байсан учраас хөндөж гаргасан. Иргэдийн санал, гомдол ч их бий. Олон хууль бус асуудлууд ч энэ дотор байсан. Энэ бүгдийг судалж, ил тод нээлттэй болгож, цаашид зөв тогтолцоонд оруулуулах үүднээс энэ асуудлыг гаргаж тавьсан. Жишээ нь, найман хувь болон урьдчилгаа төлбөрийг буулгах боломжтой гэсэн дүгнэлт ажлын хэсгээс гарсан. Тиймээс ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд үүнийг эцэслэж танилцуулна. Дараа нь хэрэгжүүлэх шат руу орно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өмнө нь хөндөгдөөгүй асуудал учраас дарах, унагах сонирхол их байна. Олон шахалт, дарамт дунд энэ ажил хийгдэж байна. Ойрын хугацаанд шийдвэрлэгдэх байх гэж бодож байна. Шийдвэрлэх ч ёстой. Үүний цаана хөрөнгө санхүүтэй холбоотой хууль бус үйлдэл, зарим нь эрх мэдлээ хэтрүүлсэн, иргэдийг хохироосон асуудал байна. Ипотекийн зээлд хамрагдсан 110 мянган айл өрх бий. Иргэдийн сард төлж байгаа 800 мянган төгрөгийн 300 орчим мянган төгрөг нь өөр зүйлд зарцуулагдаад байна. Хэн нэгний тансаглал, хэн нэгний хууль бус хэрэглээ, хэн нэгний санхүүгийн луйврын схемд орчихоод байгаа юм. Үүнийг багасгавал 110 мянган айл өрхийн түрийвч, дансанд орсон хулгайг таслан зогсооно гэсэн үг. Тиймээс дээрх ажлыг зогсоох янз бүрийн улс төрийн, бизнесийн сонирхлууд байна. Тэдгээр цөөн хүмүүсийн эрх ашигт нийцүүлж асуудлыг шийдэх үү, эсвэл Засгийн газрын 2013 онд эхлүүлсэн нийт иргэдээ хямд өртөгтэй чанартай орон сууцаар богино хугацаанд хамруулах хөтөлбөрийг үргэжлүүлэх үү. Үргэлжлүүлж байгаа нэрээр иргэдийнхээ халааснаас хулгай хийсэн бүтцийг хүлээн зөвшөөрөх үү, эсвэл ил тод нээлттэйгээр, санхүүгийн дарамтгүйгээр иргэдэд энэ үйлчилгээг хүргэх үү гэдэг сонголтын дунд яваа. Үүнийг шийдэхээс өөр аргагүй. Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулна. УИХ-ын хэмжээнд ч асуудлыг ярих ёстой. Орж танилцуулахад шийдвэр яаж гарах, үүнд хэн хэн хууль бус үйл ажиллагааг хамгаалж байна, хэн иргэдийнхээ талд шийдэх сонирхол байна гэдгийг харах боломж бүрдэнэ.

-Ипотекийн зээлтэй холбоотой шийдвэрийг хүлээсэн иргэд олон байна. Хэзээ Засгийн газарт танилцуулагдаж, хэзээнээс ажил хэрэг болох бол?

-Ер нь ипотекийн зээл тасалдах ёсгүй. Монголбанкнаас сар бүр 30 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байгаа. Үүнийг иргэдэд олгох газар нь арилжааны банкууд. Тиймээс Монголбанк арилжааны банкуудыг зээлээ олгохыг шахаж, шаардлага тавих ёстой. Монголбанкнаас бидэнд өгч байгаа мэдээллээр сар бүр олгодог 30 тэрбум төгрөгийн эх үүсвэрээ одоо ч хэвээр олгож байгаа. Арилжааны банкаар дамжуулж иргэдэд ипотекийн зээл олгогдож байгаа гэсэн. Тиймээс 30 тэрбум төгрөг олгож байснаа олгохгүй байгаа, зогсоосон асуудал байхгүй. Түүнээс биш МИК-ийн асуудал хөндөгдсөнөөс болж ипотекийн зээл зогссон, зогсоосон, эх үүсвэр нь багассан зүйл огт байхгүй. Анх олгож байсан зарчмаараа явж байгаа. Зарим иргэдийн ипоткеийн зээл 6-8 сар болж байж гарч байна гэсэн мэдээлэл ирж байна. эдийн засагч нь судалж байна, эсвэл иргэдийн урьдчилгаа төлбөр, барьцаа, сарын орлого хүрэлцэхгүй байна гэдэг асуудлуудаас болж, эсвэл банк, МИК хоорондын үйл ажиллагаанаас болж удааширч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ огт олгогдохгүй байна гэдэг бол ор үндэсгүй мэдээлэл. Үүнийг би хэлж байгаа юм биш. Монголбанкны ерөнхийлөгч эрхбиш худлаа ярихгүй байх. Хяналт шалгалтаар илэрч байгаа албаны мэдээлэл худлаа байхгүй. Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам худлаа хэлэхгүй. Тиймээс зохицуулалтын асуудал л байгаа юм.

Цаашид илүү хүртээмжтэй болгохын тулд эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Хоёрдугаарт, урьдчилгаа төлбөрийг багасгах боломжтой учраас багасгасны дараа хүртээмж нэмэгдэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Тиймээс хүү, урьчилгаа төлбөрийг багасгаж хүртээмжийг нэмэгдүүлэх, Монголбанкнаас гарч байгаа эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлага гарна. Гэхдээ хоёр дахь зах зээлээс хөрөнгө босгож эрэлтэд нийцсэн хөрөнгийн нийлүүлэлтийг хийх боломжийг бүрдүүлэх ёстой. Байрны үнэ нэмэгдэж байна, инфляци өндөр байна, иргэдийн амьжиргаа сайнгүй байна. Тиймээс нэг хүчин зүйлээс бус олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа учраас олон ажлыг хооронд нь уялдуулах ажлыг банк санхүүгийн байгууллага, БХБ-ын яам, СЗХ, НИК хамтарч хийх ёстой.

-Ковидын асуудал юу болж байна вэ. Бид хэвийн амьдралдаа бүр мөсөн шилжчихэв үү. Улсын Онцгой комиссын даргын хувьд та энэ талаар юу хэлэх вэ?

-Цар тахлын маш хүнд цаг үеийг бид хамтдаа даван туулсан. Вакцин байсан учраас, иргэд вакциндаа идэвхтэй хамрагдсан учраас өнөөдөр харьцангуй хэвийн ажил амьдрал үргэлжилж байна. Гэхдээ ковид огт байхгүй болчихсон гэж бодож болохгүй. Өнөөдөр ч ковидын суурь, тохиолдлын тоо байсаар байна. Намар яаж хүндрэхийг хэлж мэдэхгүй. Өвлийн хүйтэн, намрын сэрүүн, бусад хүндрэлээс шалтгаалж ямар шинэ хувирал гарч биднийг яаж сандаргахыг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан Эрүүл мэндийн яам хүндэрч болзошгүй нөхцөлд бэлтгэж эм тариа иргэдийн эрүүл мэндийн эмчилгээ оношилгоонд анхаарч байгаа. Урд хөрш өнөөдрийг хүртэл хилээ нээгээгүй хөл хориотой байна шүү дээ. Уржигдархан БНХАУ-аас манай улсад суух Элчин сайдтай уулзсан. Хоёр жил зургаан сарын дараа БНХАУ руу нислэг нээгдэж байна. Сард 3-4 нислэг хийнэ. Ингэхийн тулд шинжилгээ өгнө. Сөрөг гарч нислэг нь хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс Хятадад очоод тусгаарлалтын байранд долоо хоног тусгаарлагдана. Үргэлжлүүлээд гэртээ гурав хоног тусгаарлагдана. Энэ мэтээр урд хөршид хөл хорио хэвээр байна. Урд хөрштэй өөрсдийгөө харьцуулбал манай бүх салбар нээлттэй байна. Засгийн газрын эдийн засгаа сэргээх, эрүүл мэндээ хамгаалах бодлого үр дүнтэй хэрэгжсэн гэж үзэж байна. Иргэдээ вакцинжуулах ажил энэ хүрээнд сайн хийгдсэн гэж бодож байгаа. Иргэд маань идэвх санаачилгатай байсан. Гэхдээ тайвширч болохгүй. Нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй, хэлж биш хийсч ирдэг ноцтой өвчин шүү дээ, энэ. Ямар хүнд байдгийг бид мэдэрсэн. Тиймээс бэлэн байх ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *