“Рио Тинто” компани нь одоогийн байдлаар “Туркойс Хилл Ресурс” компанийн 51 хувийг эзэмшдэг бөгөөд үлдсэн 49 хувийн хувьцааг худалдаж авах замаар тус компанийг бүрэн эзэмших санал гаргасан байсан нь дэмжигдэж, зарчмын тохиролцоонд хүрчээ. Ингэснээр Рио Тинто Оюу толгойн 66 хувийг дангаараа эзэмших аж.
“Рио Тинто” компани эцсийн саналдаа “Туркойс Хилл Ресурс” компанийн нэгж хувьцааг 43 канад доллараар буюу компанийн 49 хувийг нийт 3.3 тэрбум ам.доллараар үнэлсэн байна. Тус саналыг “Туркойс Хилл Ресурс” компанийн ТУЗ-өөс байгуулсан хөндлөнгийн Тусгай хороо бүрэн дэмжсэнээр хувьцаа эзэмшигчдийнхээ дунд санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн аж. Уг хэлцэл санал хураалт энэ оны IV улиралд зохион байгуулагдан эцэслэгдэх төлөвтэй байгаа бөгөөд саналыг баталгаажуулахад жижиг хувьцаа эзэмшигчдийн олонхын санал шаардлагатай байна. Зөвшөөрсөн тохиолдолд энэхүү хэлцэл амжилттай эцэслэгдэх юм.
“Рио Тинто” компани “Туркойс Хилл Ресурс” компанийг худалдаж авах эсэх нь “Оюу толгой” төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжид нөлөөлөхгүй. Аль ч тохиолдолд компаниуд Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлж тогтвортой үйлдвэрлэлийг эхлүүлнэ гэдгийг “Рио Тинто Монгол” мэдэгдэж байна хэмээн тус компанийн албан мэдээлэлд онцолжээ.