Categories
мэдээ нийгэм

Рави Шанкер: Бизнес эрхлэгчдийг дэмжих үүднээс онгоцны тасалбар болон байрлах зочид буудал үнэ төлбөргүй байх нь бий

“Экспо Монголиа- 2017” олон улсын үзэсгэлэн, бага хурал тав дахь жилдээ “Мишээл экспо” төвд болсон билээ. Энэ үеэр Бүгд найрамдах Энэтхэг улсаас манай улсад суугаа Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга ноён Рави Шанкераас хоёр улсын бизнес хамтын ажиллагааны талаар тодрууллаа.


-Энэтхэг, Монгол Улсын бизнес хамтын ажиллагаанд ямар ахиц гарч байна вэ?

-Манай хоёр улсын улс төрийн харилцаа өндөр хөгжсөн. Монгол Улс, Энэтхэг улсын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй. Одоогийн байдлаар жилдээ 28 сая ам.долларын худалдаа эрхэлж байгаа боловч худалдааны энэ мөнгөн дүнг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. Энэтхэг улсаас нэг тэрбум ам.долларын зээлийн шугамыг Монгол Улсад нээж өгсөн. Монгол Улсын Засгийн газраас тус зээлийн шугамыг дэд бүтцэд зарцуулагдана гэж яригдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор хоёр улсын худалдаа хамтын ажиллагаа нэмэгдэнэ байх гэж бодож байна. Үүнээс гадна мэдээлэл, технологийн төв байгуулахад хамтран ажиллахаар болж энэ төсөл маань удахгүй хэрэгжих гэж байна. Дэлхийд худалдан авах хэмжээгээрээ дөрөвт ордог томоохон эдийн засгийн боломжтой Энэтхэг улстай монголчуудын хувьд хамтран ажиллахад бэлэн зах зээл хүлээж байна.

-Таны харж байгаагаар ямар салбарт хамтран ажиллах боломж байна вэ?

-Энэтхэгийн бизнес эрхлэгчдэд Монгол Улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхол өндөр байдаг. Сүүлийн үед Энэтхэгийн компаниуд уул уурхайн салбарт томоохон хөрөнгө оруулалтаа хийгээд эхэлсэн. Австралийн нүүрсний уурхайд Энэтхэгийн томоохон компани хөрөнгө оруулалт хийсэн нь олны анхаарал татсан. Энэтхэг улс нүүрсний хувьд гэхэд л жилдээ 160 сая тонн буюу 40 сая ам.долларын хэмжээгээр гаднаас импортолж оруулж ирдэг. Алтны хувьд тэрбумаас 40 тэрбум ам.доллар хүртэлх худалдан авалтыг импортолдог. Гурван тэрбум ам.долларын өртөг бүхий зэс болон зэсийн баяжмалын бүтээгдэхүүнийг жилдээ гаднаас импортолдог гэсэн мэдээлэл байна. Монгол Улс Энэтхэг улсын хувьд нэн тааламжтай нөхцөлтэй гэрээтэй улс. Эдгээр хоёр орон хоорондоо худалдаагаа өргөжүүлэх бүрэн боломжтой. Хамгийн гол нь Монголын бизнесмэнүүд асар боломжтой зах зээлийг нээж илрүүлэх, санаачилгыг гаргах хэрэгтэй юм. Үүнээс гадна жижиг дунд үйлдвэрлэлд хамтран ажиллах боломж бий. Мөн банкны салбарын үйлчилгээ, мэдээлэл технологийн салбар гэх мэтээр маш олон боломжууд байна. Өдгөө Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим болон Энэтхэгийн Аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан. Мөн Улаанбаатар хотын худалдааны танхим –Дели дэх PHD нэртэй Худалдаа, Аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллаж байна. Бизнесийн боломжийг нээх зорилгоор манай улсад болох арга хэмжээнд оролцох хүсэлтэй бизнес эрхлэгчдийг зарим тохиолдолд онгоцны тасалбар болон байрлах зочид буудлаар хангаж, үнэ төлбөргүй оролцох боломжтой . Мөн бизнес эрхлэгчид манай улсад нэвтрэх визийг үнэгүй олгодог юм. Тиймээс манай хоёр орны аж ахуйн нэгж хамтран ажиллах боломж үргэлж нээлттэй байгаа гэсэн үг. Манай талаас Монголд боловсрол, эрүүл мэнд, уул уурхай гэх мэт олон салбарт хамтран ажиллах боломжтой. Мөн Энэтхэгийн Болливуудын кинонуудын зураг авалтыг ч Монголд хийх боломж бий. Ингэвэл манай орны олон жуулчин Монгол Улсыг сонирхон ирэх болно. Хоёр орны хооронд шууд нислэг үйлддэг болох талаар ярилцаж байгаа. Үүнийг Энэтхэгийн талаас бүрэн дэмжсэн. Одоо БНЭУ-ын Элчин сайдын яамнаас 2017, 2018 онд тус улсад болох олон улсын үзэсгэлэн, томоохон арга хэмжээнүүдийг танилцуулж, оролцогчдыг бүртгэж байна. Олон улсын арга хэмжээнд оролцох сонирхолтой бизнес эрхлэгчид энэ талаарх мэдээллийг манай Элчин сайдын яамны India in Mon­golia (Embassy of India, Ulaan­baatar, вэб хуудаснаас харж болно гэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *