Монгол Улсын дэд Ерөнхийлөгч, Улсын бага хурал, УИХ-ын дарга асан Р.Гончигдоржтой ярилцлаа.
-Та Үндсэн хуулийн хүрээнд дотоод зөрчил үүссэн. Тавдугаар сарын 25-наас хойш энэ зөрчил гадагшилж хууль болох эрх зүйн субьектийн хүрээнд гарч ирэх болно гэж хэлж байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Таны хэлээд байсан зүйл хэрхсэн бэ?
-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн кабенитийн сайдуудыг томилсон УИХ-ын тогтоол нэмэлт, өөрчлөлт орсон Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтэй зөрчилдсөн. Тиймээс Үндсэн хуулийн дагуу хүчингүй болсон. Одоо Ерөнхий сайдад сайдууд байхгүй. Ерөнхий сайд Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн дагуу сайдуудаа УИХ, Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-д тангараг өргүүлэн өөрөө томилж Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийцүүлэн танхимаа шинэчлэн бүрдүүлэх байсан. Сайдууд байхгүй болохоор 25-наас хойш сайдын түвшинд гаргадаг шийдвэрүүдийг Ерөнхий сайд гаргаж явахаас өөр аргагүй. Ядаж л дөрвөөс олонгүй УИХ-ын гишүүн сайд нараа үлдээж, бусдыг нь чөлөөлж үлдсэн сайдууддаа чөлөөлөгдсөн сайд нарынхаа үүргийг давхар хариуцуулан хэсэгтээ явж болох л байсан. Хэрэв энэ сарын 25-наас хойш ямар нэг салбарын сайдын шийдвэр гарсан бол тэр хүчингүй.
-УИХ-ын дарга Г.Занданшатар даргын захирамжаар хаврын чуулганаа өндөрлүүлсэн. Тэгэхээр таны хэлснээр хийх боломж Ерөнхий сайдад байгаагүй байж болох юм…
-Тавдугаар сарын 25-нд УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганаа үргэлжлүүлэх захирамж гаргасан байх ёстой байсан. Хоёр шаардлагаар. Нэгдүгээрт, Үндсэн хуульд нийцүүлэн кабенитийн гишүүдийг бүрдүүлэхэд тэднийг УИХ-д танилцуулах, тангараг өргүүлэх байсан. Танилцуулах гэдэг нь Дээд шүүхийн шүүгчийг Ерөнхийлөгч томилоход УИХ-ын чуулганд танилцуулдагтай адил, тангараг өргөх нь бас УИХ-ын гишүүд тангараг өргөхтэй адил шүү дээ. Энэхүү эс үйлдлээрээ УИХ-ын дарга Үндсэн хуулиа зөрччихөөд байна. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн өөрчлөлт орсон 27 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хаврын чуулган 75 хоног чуулах үүрэгтэй байсан. 50 хоног чуулдаг байхад сонгуулийн сурталчилгааны үед завсарлаад эргэж чуулж 50 хоног гүйцдэг байсан. Одоо 75 хоног огт завсарлахгүй чуулаад бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр болгож байгаа юм. Ийм учраас УИХ-ын дарга Үндсэн хуульдаа захирагдаж чуулганаа зарлаж, УИХ ажлаа явуулах ёстой. Эс тэгвээс дарга нь ч, УИХ ч Үндсэн хуулиа зөрчих болно. Юун сонгууль, харин сонгогдсон үүргээ эхлээд биелүүлэх хэрэгтэй. Саяны нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно гэж заасан. Үүнийг тоохгүй байж болохгүй л дээ.
-Яагаад ийм байдалд хүрчихэв?
-Хоорондоо зөрчилтэй хоёр өгөгдөхүүнийг аль алиныг нь зөв гэж үзчихвэл, энэ хоёроос дуртай дүгнэлтээ зөв гэж баталж болдог логикийн хууль байдаг. Үндсэн хуульд харшилсан бол хүчингүй. Саяны нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих тухай хуульд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө гэсэн энэ хоёр өгөгдөхүүн заалт хоорондоо зөрчилтэй байгаагаас урган гарч байгаа юм. Сүүлийн заалтад “зохицуулж ирсэн хуулийг” гэхийн оронд “зохицуулж ирсэн Үндсэн хуульд харшлаагүй хуулийг” гэж хийх ёстой байсан.
-УИХ, Засгийн газартай холбоотой зүйлсээс өөр асуудал үүссэн зүйл юу байна вэ?
-Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны завсарт ажилладаг тэргүүлэгчид гэсэн субьект энэ сарын 25-наас байхгүй болсон. Ерөнхий сайд маань сайдгүй болсон шиг. Шүүгчийн томилгоо хийх шаардлага гарахад Үндсэн хуульд заагдсан Шүүхийн Ерөнхий зөвлөл алга. Шүүгчдийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын шийтгэл оноох нөхцөл бий болоход Үндсэн хуулийн субьект болсон Шүүхийн сахилгын хороо мөн алга байна шүү дээ. Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жилийн хугацаатай болсон. Энэ нь одоогийн Ерөнхийлөгчид хамаарах уу, 2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болох уу. Хэрэв сонгууль болно гэвэл одоогийн Ерөнхийлөгч нэр дэвшиж болох уу гээд Үндсэн хуулийн түвшний маргаантай асуудал үүсч байна. Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно гэсний дагуу үндсэн бүрэн эрхэд нь хамаарахгүй ямар тодорхой бүрэн эрхүүд одоо олгогдчихоод байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлдэг, томилдог субьектүүдийн эрх зүйн чадамж хэвээр байх эсэх зэрэг Үндсэн хуулийн маргаан гарахаар байна.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт энэ сарын 25-наас мөрдөж эхлэхээр заасан нь асуудалтай гэж үзэж байгаа хэрэг үү?
-Яагаад заавал тавдугаар сарын 25-ны өдөр гэж заасан нь ноцтой асуудал болоод байна. Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан УИХ ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно гэснийг зөрчиж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах нь зургаан сарын өмнө боловч өөрчлөлт оруулсан нь энэ сарын 25 буюу сонгуулиас нэг сарын өмнө байгаа биз дээ. Энэ сарын 25, 26-ны өдрүүдэд УИХ-ын дарга болон бусад УИХ-ын гишүүдийн хэвлэл мэдээллээр явуулж байгаа арга хэмжээ яриа хөөрөөг анзаарахаар сонгуулийн үед шоу хийхэд хамгийн тохиромжтой цаг гэж сонгож авчээ л гэж бодогдож байна. Цаашдаа ч ингэж сонгуульд ашиглах нь. Зорилго буруу бол үйлдэл буруу. Үйлдэл буруу бол үр дүн буруу гэдэг л болоод байна. УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандаж Үндсэн хуулиа зөрчихөө нэн даруй зогсооё гэж хэлмээр байна.
-Та анхны Үндсэн хууль батлалцаж явсан хүн.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд өөрийн байр сууриа хэр илэрхийлж байв?
-Ноднин төсөл, хэлэлцүүлгүүд дээр санаа оноогоо тусгаж байсан. Хэлэлцүүлгийн үед ажлын хэсгийн эрдэмтэн хуульчидтай уулзаж, саналаа солилцож байлаа. Я.Санжмятав гишүүний зөвлөхийн хувьд нэлээд олон хуудас санал боловсруулсан. Даанч хүч түрээд яарч баталцгаасан. 1992 оны Үндсэн хуулиас илүү хэлэлцэж баталсан гээд сая яриад байна лээ. Ялангуяа 1992 оны Үндсэн хуулийн хавсралт хуулийг аргачлал, агуулгынх нь хувьд судалж дуурайж хийгээч гэж үнэндээ гуйж байсан шүү. Тэгсэн бол УИХ, Засгийн газартай холбоотой нэмэлт, өөрчлөлтүүдийг 2020 оны ээлжит сонгуулиар байгуулагдах УИХ-ын бүрэн эрх эхэлсэн өдрөөс дагаж мөрдөнө, Ерөнхийлөгчтэй холбоотой заалтуудыг 2021 оны ээлжит сонгуулиас эхлэн , заримыг нь шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрх эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэх зэргээр дагаж мөрдөх журмын хуульдаа хийгээд нэмэлт өөрчлөлтөө бүхэлд нь дагаж мөрдөх хугацаагаа 2020 оны ээлжит сонгуулиар байгуулагдах УИХ-ын бүрэн эрх эхэлсэн өдрөөс гэж тогтоох байсан. 1999 онд хийсэн /дараа нь ҮХЦ хүчингүй болгосон/ нэмэлт, өөрчлөлтийг дараагийн УИХ-ын бүрэн эрх эхэлсэн өдрөөс дагаж мөрдөнө гэж хийж байлаа. Эцэст нь хэлэхэд, Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд нэмэлт оруулах 68 дугаар зүйлийн 1-ийг зөрчсөн гэж 1999 оны нэмэлт, өөрчлөлтийг 2000 онд 2 дугаар тогтоолдоо хүчингүй болгосон. Үүнтэй адилаар энэ нэмэлт, өөрчлөлтийг ҮХЦ Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзээд хүчингүй болгож шинэ УИХ энэ нэмэлтийг сэргээн баталж сайн дагаж мөрдөх журамтай нь гаргачих арга зам л байна даа. Уг нь энэ нэмэлт, өөрчлөлтөд шаардлагатай болсон нэлээд хэдэн зүйл байгаа юмсан.