Өчигдөр орой Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэнг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас баривчилсан талаархи мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Энэ талаар ЦЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Р.Эрдэнэбүрэнг цагдаагаас шалгаж, саатуулаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ. Өөр нэг эх сурвалжийн мэдээллэж буйгаар, түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт сэжиглэн АТГ-аас саатуулсан бололтой.
Р.Эрдэнэбүрэн нь 2000 оноос эхлэн УИХ-ын гишүүн, “Эх орон” намын дарга Б.Эрдэнэбатын туслахаар ажиллаж, улс төрийн гараагаа эхлүүлж байсан бөгөөд 2004 онд тойрогт нэр дэвшин ялалт байгуулж, 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. 2008-2010 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн зөвлөхөөр ажиллаж байгаад, 2011 оноос Ардчилсан намын даргын зөвлөхөөр ажиллажээ. 2012 онд Лондоны “Каплан Инт” коллежид суралцаж ирээд, Шинэчлэлийн Засгийн газрын Барилга, хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон байна.