Categories
мэдээ цаг-үе

Р.Эмүжин: Эрх чөлөө унтлагын өрөөнд байдаг

Яруу найрагч Р.Эмүжинг шинэ номоо гаргасных нь дараа ярилцсан ярилцлагаа өнөөдөр та бүхэнд онлайнаар хүргэж байна

-Р.Эмүжин эрос ном бичжээ гэцгээж байна. Тэр нь их л зузаан байхыг хараад энэ сэдвээр бичих юм их байжээ гэж бодлоо. Магадгүй энэ сэдвийг хүн бүр өөр өөрөөр төсөөлдөг байх?

– Эротик роман гэхээр ор хөнжлийн ажил гэдэг талаас нь хүмүүс төсөөлж байгаа болов уу. Олон хүн өөрийнхөөрөө төсөөлөөд арав, хорин минут, ганц хоёр хуудсаар хэмжиж магадгүй. Гэхдээ хайр гэдэг нь урлаг юм бол хайрлана гэдэг урлахуй гэж би боддог. Нөгөө талаар хүн төрөлхтөнд үлдсэн сүүлчийн амьтанлаг мэдрэмж нь хайрлах урлаг юм уу даа гэж санадаг. Эротик гэхээр хүн зөвхөн үйл явдал талаас нь бодчихож болно. Үнсэлцээд цаашаа алхаж таарна. Тэгээд асуудал дууслаа гэж бодож болно. Үүний цаана хос хоёрын сэтгэл зүрхэнд тарчлаан шаналал, эргэлзээ, хайр, уйдсан сэтгэл, үзэн ядалт, гал халуун учрал, хүсэл дурлал гээд маш олон юм өрнөж байдаг шүү дээ. Тэр болгоныг задалж бичвэл нэг номоор дуусахгүй.

-Үргэлжилнэ гэсэн үг үү?

-Үргэлжлүүлж болно. Уншигчдынхаа реакцийг харж байна. Гол дүрүүд маань амьдралд хайртай болохоор үргэлжлэх боломжтой.

-Эрос зохиол гэхээр содон сонсогдож байна. Ийм зохиол бичих санаа яаж төрөв?

-Би хүнээс хүнийг л харахыг хүсдэг. Эцсийн эцэст хүн мөнгөтэй ханилдаггүй. Байшин савтай ханилдаггүй. Хүнтэй л ханилдаг. Ганцаардахын цагт хүн хүндээ л хань болдог. Гэтэл хүн, хүний нийгэм гэдэг ойлголт өнөөдөр юу болж хувирав. Бид бүгдээрээ байгалийн амьтан. Олон хүний боддогчлон бурхны бүтээл. О.Дашбалбарын шүлгэнд гардагчлан хоолтой хоолгүй тэнэж яваа талын хөх чонотой л адилхан амьтан. Тэгсэн хэрнээ гутлаа гялалзтал тосолчихоод, зангиа зүүчихээд, охид нь өндөр өсгийт дээр дэнжигнээд эхлэхээрээ бид хээнцэр амьдрах ёстой, сарнайн дэлбээгээр дүүрсэн ваннд хэвтэх ёстой, бэлгэнд авч байгаа цэцэг маань торгон туузаар ороолттой байх ёстой гээд материаллаг амьдралаас хэт хараат болчихдог. Уг нь хүн ууланд урамдаж байгаа бугатай л адилхан, хээр талд гавраа зуугаад явж байгаа үнэгтэй л адилхан амьтанлаг мэдрэмжтэй. Гэтэл энэ төрөлхийн мэдрэмжүүдээ алдсан байна. Эр, эм амьтныхаа хувьд хайрлаж дурлах цагт л энэ мэдрэмж нь сэргэдэг юм болов уу даа. Байгалиас заяасан эл мэдрэмжээ олон хүн олж авч чаддаггүй. Нөгөө гоё зангианыхаа цаана нуугдаад он жилүүдийг элээдэг. Надад үгүйлэгдээд байгаа хүн гэдэг байгалийн бүтээгдэхүүн бусдад ч үгүйлэгдэж байгаа. Би хүнийг хүн гэдгийг жинхэнэ утгаар нь сануулсан зохиол бичихийг хүсдэг байсан. “Хөх сарны явдал”-ыг анх бичиж эхэлсэн шалтгаан ердөө л энэ юм даа. Хүнийг хүн гэдгийг нь, байгалийн бүтээл гэдгийг нь бусад амьтантай л адил гэдгийг энэ зохиол маш олон талаар сануулна гэдэгт итгэлтэй байна.

-Эмүжин амьтанлаг мэдрэмжтэй байж таарах нь ээ?

-Би сэтгэлийнхээ дуудлагаар л амьдардаг хүн. Хүн сэтгэлийнхээ маш олон дуудлагыг хүлээж авахаас зайлсхийж, олон олон хүлээсээр өөрийгөө баглаж хүлдэг. Гэтэл сэтгэл гэдэг эрхтэн дүүлэн нисэж, амирлан жаргахыг хүсдэг. Сэтгэлийнхээ дуудлагаар, мэдрэмжээрээ амьдрах үед амьдрал зарим талаараа хэцүү ч илүү амттай. Би төрөлхийн ийм сэтгэлдээ хэт автдаг хүн шиг байгаа юм. Тийм биш байсан бол өдийд амьдрал маань жигтэйхэн сайхан тогтчихсон, олон хүүхэдтэй намбайсан эхнэр байхгүй юу.

-Эмэгтэй хүн олон юманд баригдан номхорч, заримдаа өөрийгөө ч мэдрэхээ байдаг үе бий. Ялангуяа эх хүн маш олон юмнаас татгалзаж, бүсгүй хүний сэрэл мэдрэмжүүд хумигддаг, торлогддог юм шиг?

-Тэр торыг ямар байлгах нь эмэгтэй хүнээс шалтгаална. Би яах аргагүй л хоёр хүүгээ өөрөө өсгөж байна. Заримдаа шантрах үе бий. Гэхдээ хөвгүүдээсээ маш их суралцсан. Хөвгүүд маань хэлдэг юм. Ээж таны хамгийн их хэлдэг үг чинь “Өөрөө л мэд” гэдэг. Заримдаа хүүхэд юм болохоороо зүг чигээ олох гээд бухимддаг юм байна л даа. Би өөрөө дураараа чөлөөтэй, сэтгэлийнхээ дуудлагаар амьдардагтайгаа адилхан хөвгүүдээ тэгж өсгөсөн юм болов уу даа. Эд нар маань багаасаа шийдвэр гаргадаг, сэтгэл зүрхний дуудлагаа сонсдог болж өссөн юм байна. Хөвгүүдээ багад нь хөгжүүлж, оюун санааны хувьд тэтгэж байсантай адилхан эд нар маань намайг шүүмжилж, магтаж, хүмүүжүүлж, хөгжүүлж байна. Зарим талаараа миний сонирхдоггүй байсан юм руу хөтөлж байна. Хөвгүүдээ дагаад би өөрөө өөрчлөгдөж байна. Тэгэхээр ээж хүнд зайлшгүй ирдэг ядаргаатай асуудлуудыг ямар өнгөөр будах вэ гэдэг нь тухайн хүнээс л шалтгаална. Гэрээ цэвэрлэх үргэлж л ядаргаатай байдаг. Тийм үед сахилгагүйтэж байгаа хөвгүүдээ харахаар бүр бухимддаг. Харин хамтдаа нийлж сахилгагүйтээд, дараа нь хамтраад цэвэрлэчихвэл амьдрал илүү уужимхан болно.

-Нас ч бас ямар ч халуухан эмэгтэйг өөрчлөх том шалтгаан байх?

-Би 42 настай. Фэйсбүүкт тавьсан “42 нас” гэдэг шүлгийг маань 200 шахам мянган хүн уншсан байна. 3000 гаруй хүн сэтгэгдэл үлдээжээ. Яг энэ цаг хугацааны дараа байгалийн жамаар, амьдралын эрхээр өтөлсөн байж болно. Гэхдээ л өөрийнхөөрөө сэтгэдэг араншин хийгээд мэдрэмж маань хэвээрээ үлдсэн. Үүний хэрээр үнэ цэнийг нь ч олж харах боломж бүрдсэн. Саяхандаа би:

Зүрх, тархи, сэтгэл

Зүс царай, зүсрэх хайр

Үзэг барьдаг гар

Үнсүүлэх дуртай хүзүүнд минь үлдсэн

Үрчлээ болгон үнэ цэн болохоор

Үргэлж гайхуулж амьдарна, би гэж шүлэглэлээ. Хэрвээ торон дотор дуулдаг шувуу байсан бол, хэрвээ би чөдөртэй дэгэлздэг морь байсан бол, хэрвээ би уяатай ботго байсан бол чиний хэлээд байгаа насны эрхээр ирдэг олон дарамт, дотогшоо хумигддаг сэтгэл намайг нөмрөн авах байх л даа. Өөрийгөө чөлөөлж амьдарч чадсанаараа бахархдаг. Хүний сэтгэл хязааргүй орон зай. Гэтэл бид өөрсдөө түүнийг бачуурам явцуу болгож байдаг. Сэтгэлийн дуудлагаа дагана гэдэг нэг талаар тэнэг зориг юм. Нөгөө талаар хүссэн цагтаа жигүүрээ дэлгэж чаддаг байх сайхан.

-Хүүтэй ээжүүдэд хүү нь хорвоод хосгүй эр хүн. Гэхдээ Эмүжин мөрөөдлийнхөө эр хүнтэй учирсан уу?

-Учирсан. Бас сайхан хөвгүүдийг нь төрүүлсэн. Би бас их гэнэн эмэгтэй. Эмэгтэй хүн эр хүнтэй танилцаад боддог. Энэ хүн надад хань болох уу. Мөнгөтэй юм уу, үгүй юм уу. Ажилтай юм уу, ажилгүй юм уу, ааштай болов уу, агсам болов уу гээд олон талаас нь эргэцүүлж боддог. Харин би хайрлаж дурласан л бол хайртай хүнийхээ үр хүүхдийг тээж төрүүлэхийг хүсдэг. Түүнээс биш суух уу, болих уу, хүүхдийг нь гаргах уу гэж тооцоо хийдэггүй. Би хайрласан. Сайхан хөвгүүдийг нь төрүүлсэн. Тэгээд яагаад салчихдаг юм гэж чи надаас асуух байх л даа. Яагаад гэвэл тэд зарим талаараа хайр даадаггүй. Эсвэл эмэгтэй хүн бүх сэтгэлээ, байгаа бүхнээ өгч, өөрийгөө тасалж, үр хүүхдийг нь хүртэл төрүүлдэг учраас магадгүй тийм хайрыг эргээд олж чадахгүй болохоороо гомддог байх. Нэг л өдөр сэтгэлээ чагнахад хайргүй болсон байдаг. Хайргүй мөртлөө хүүхдээ бодож байна гээд худлаа дүр эсгээд амьдрах хүсэл байдаггүй. Сэтгэлээ чагнаад, миний зүрхэнд хайр байхгүй болсныг ойлгох цагтаа олон талаас нь бодож байгаад “Хоёр тийшээ болъё доо” гээд үнэнээ шулуухан хэлчихдэг.

Дэндүү хайртайдаа

Чамтай би ханилахгүй,

Дэргэд чинь өнгөө гээж,

Дээлэнд чинь нулимсаа шингээхгүй гээд өөрийн чинь мөрүүд байдаг. Энэ үнэхээр бодож үзмээр сонин философи шүү?

-Зарим талаараа амьдралын хүнд хэцүү, болсон болоогүйг хамт туулаад ирэхээр бие биенээ анх олж харсан харц, хайраа мартдаг шиг байгаа юм. Нөгөө л сэгсийсэн эхнэр, нөгөө л телевиз ширтсэн нөхөр. Тэгж л харагддаг байх. Гэхдээ би энэ талаар сайн мэдэхгүй. Өөрөө хүнд хань болоод, өчнөөн олон жилийг хамт туулаагүй юм чинь гэр бүлийн амьдралыг үнэндээ мэдэхгүй байна. Би хөвгүүдээ төрөхөд нь л аавуудаас нь салчихсан хүн шүү дээ.

-Уг нь хүүхдээ төрүүлсний дараа дэргэд эр хүний нөмөр хэрэгтэй байх?

-Хуурмаг нөмөр, дарамттай нөмөр, сэтгэлд сүүдэр унагасан түшиг тулгуурт хоргодох гэж шархтай далавчаар зуун зууныг гаталснаас хурдхан шиг хоёр тийшээ болоод, асуудлаа шийдээд явсан нь дээр.

-Эмүжингийн урт, долгионтой үс, гадаад дүр төрх хэвээрээ үлджээ. Харин эрос шүлэг бичдэг байснаа эрос роман бичдэг болж өөрчлөгдсөн шиг байна?

-Хөвгүүдээ бага байхад би үлгэр бичихийг хүссэн. Үлгэрийн номуудаа гаргасан. Орь залуу насыг хөглөдөг зүйл нь хайр сэтгэл. Хайрын шүлгүүдээрээ ч бас жигүүрлэсэн. Одоо ч би шүлгээ бичиж байгаа. Н.Найруулагч Наранбаатар бид хоёр нэг удаа телевизийн ярилцлаганд хамт орлоо. Мань хүн надаас “Чи яагаад роман бичихгүй байгаа юм бэ” гэж асуусан. Би “Арай болоогүй байна аа. Аливаа юмыг шүүрч авах цаг хугацаа гэж бас байдаг. Би өөрийгөө чагнаж байгаа юм” гэж хариулж байсан л даа. Энэ роман төрөх цаг нь болсон юм байгаа биз. Одоо бол би уран сайхны түүхэн роман дээр сууж байна. Анхны роман маань эротик байсанд баяртай байгаа. Эхлээд түүхэн сэдэв барьж авсан бол хэллэг, сэтгэлгээ, гол дүрийн араншингийн задаргаа дээр өөрийгөө цэгнээд, биеэ барих байсан биз. Эротик роман, бас эмэгтэй хүний эмзэг мэдрэмжээр бичиж байгаа болохоор гол дүрүүдийнхээ сэтгэхүй, дотоод мөн чанарт тулгуурлан, хангалттай задалж чадсан. Зохиолчийнхоо хувьд энэ роман дээр хөгжиж, урагшаа ахиж чадсандаа баяртай байна.

-Эротик роман гэснээс нэг марзан юм санаанд орлоо. Эротик өгүүллэг яаж бичдэг байна аа гэж нэг нь хэлсэн чинь танил эмэгтэй маань “Бичиж ядах юу байх вэ. Үзсэн харсан дээрээ мөрөөдлөө нэмээд биччихэд болно” гэж билээ. Харин та юу хэлэх вэ?

-Миний номыг уншиж үзвэл ойлгоно. Солонго гээд гол дүрийн эмэгтэй маань Малайзад хүний наймааны золиос болж, бараг бүтэн жил хүний эрхэнд амьдарч байгаа хэсэг бий. Үүнийг бичихийн тулд ардаа нялх хүүхдээ үлдээгээд, өөрөө биеэ үнэлж мөнгө олохоор Эрээн рүү гараад, тэндээсээ Хонгконг руу худалдагдаж, адаг сүүлд нь бичиг баримт ч үгүй Монголын Элчин сайдын яаманд аврал эрж очсон эмэгтэйтэй нэлээд хэдэн удаа уулзаж ярилцсан. Зохиолч хүнд бичих гэж байгаа сэдвээ маш олон талаас нь судлах шаардлага гардаг. Заримдаа улаан гэрэл дээр машиндаа сууж байхдаа гарцаар гарч байгаа хүмүүсийг ажиглахад ямар нэг дүр заавал тэдний дунд байдаг. Бичнэ гэж хэлэх амархан. Өөрийнхөө үзсэн харсан дээр мөрөөдлөө юм уу төсөөллөө нэмээд биччихнэ гэж хэлэх ч бас амархан. Зохиолч хүний дотор сэтгэлд өөрийнх нь босгож амьдруулах гэж байгаа дүр удаан амьдарч, оюун бодлыг нь эзэлж байж төрдөг. Нэг талаараа хүүхэд төрүүлж байгаатай адил хариуцлага. Би нэгэнт номоо бичээд гаргасан л бол тэр дүр өөрийнхөө тавиланг хөөж, уншигчдын сэтгэлд амьдардаг.

-Романаа хэр удаан бичсэн бэ?

-Дөрвөн жилийн өмнө эхлүүлээд хаячихсан. Зориг дутсан юм болов уу даа. Харин өнгөрсөн хавар дахин барьж аваад, хоёр сар л зарцуулсан.

-Номын нээлт орой болсон болохоор эрчүүдэд сонин санагдсан бололтой. Эмүжин торон даашинзтай байсан болов уу, очсон эрчүүдтэй болзсон болов уу гэх мэтээр сонирхож байна лээ?

-Номын нээлт 22 цагт “Аз хур” номын их дэлгүүрт болсон. Эротик номын нээлтэд шөнө хагаслаж очно гэдэг зарим хүнээс зориг шаардсан байх. Үнэндээ юу өмсөхөө бодоогүй биш, бодсон. Богинохон даашинзаар гоёх уу, цээж мөрөө гаргах уу гээд эргэлзсэн л дээ. Яг гарахдаа жирийн л өмд, костюм өмссөн. Би уран бүтээлч хүн. Нэгэнт л сэтгэл, сэтгэлгээ, оюун санаагаа олны өмнө тайчиж хаячихаад дээрээс нь бас хувцсаа тайчаад яахав. Надаас илүү роман маань хүмүүсийн сэтгэлд хүрээсэй гэж л хүссэн. Гэхдээ номын нээлтийн үеэр үнэхээр галзуу шүлгүүдээ уншсан. “Хонгор хүү минь чи намайг энхрийл, хориглож байсан ч даашинзыг маань тайч” гээд л. Түүнтэй загас наадуулахсан, түүний энгэрт шургахсан гэдэг ч юм уу. Бас нэгэн үеийн яруу найрагч Б.Галсансүх маань гайхалтай чөлөөтэй шүлгүүдээ хэлж, оюутан цагийн анд, Түвд судлаач Б.Ням-Очир маань залуу халуун насны задгай шүлгүүдээ уншсан. Зохиолч Б.Сарантуяа, яруу найрагч С.Оюун нар маань том түшиг болсон.

-Хориглож байсан ч даашинзыг маань тайч гэснээс үүдээд эрчүүдийн хувьд эргэлзээ төрж магадгүй. Үнэхээр дургүйцээд байгаа юм уу эсвэл дургүйцсэн дүр үзүүлж байгаа юм болов уу гээд л?

– Мэдрэмж. Гол нь тэр эмэгтэйн дургүйцэл аальхан дургүйцэл үү, аймаар дургүйцэл үү гэдгийг мэдрэх л учиртай. Амьтанлаг мэдрэмжээ алдаагүй хүн түүнийг маш сайн мэдэрнэ.

-Хаврын хаварт л би дурлачихсан явдаг гээд өөрийн тань нэг шүлэг байдаг. Эмүжин дурлаж байгаа болов уу?

-Одоо ч гэсэн би дурлачихсан байна. Сайхан эр хүнээр хайрлуулж амьдарч байна.

-Хүүхдийн үлгэрийн зургаан ном гаргаад төд удалгүй эрос ном гаргана гэдэг мөн түргэн шилжилт ээ?

-Эхлээд ээж аав хоёр нь учрах ёстой. Тэгээд хүүхэд нь төрөх ёстой. Гэхдээ би дэс дарааллыг нь алдагдуулсан. Эхлээд хүүхдийн үлгэрийн номоо гаргаад, араас нь эротик романаа хэвлүүллээ. Нийгмийнхээ араншинд тааруулсан хэрэг. Би бас юунд ч баригддаггүй хүн биш, баригддаг хүн юм билээ. Эхлээд хүүхдийн үлгэр гаргаж ээж хүн гэдгээ харуулж, зарим талаар нэр төрдөө хамгаалалт хийж байгаа санаатай гэх үү дээ.

-Эрос романаа хаана бичсэн бэ?

-Хөнжилдөө гэж хариулах ёстой юу? ( инээв) Үргэлжилсэн үгийн зохиолыг тухалж байж бичдэг. Цаг хугацааны хувьд ёстой хэзээ ч хамаагүй, шөнө хагаслаад, эсвэл өглөө эрт гэхчилэн бичмээр санагдсан үедээ хурдхан л буулгаад авдаг. Шүлгийг бол зам зуур, ёстой хаана ч хамаагүй, заримдаа гэрлэн дохион дээр зогсож байхдаа ч тэмдэглээд авдаг. Нүүрээ будангаа ч нэг хоёр мөр биччихдэг.

Харин “ Хөх сарны явдал” романаа бичиж байхдаа би эрх чөлөө унтлагын өрөөнд байдаг гэдгийг олж харсан. Ийм галзуу чөлөөтэй, хүсэл шунал, хайр дурлал, халуухан учралуудаар дүүрэн ном бичлээ гээд намайг үзэн ядаж, үгүйсгэн муулж, адлан гоочилж, эсвэл өрсөн магтаж болно. Аль нь ч байсан одоо өнгөрсөн. Зохиолоо бичиж байхдаа би бүсгүй хүний хувьд өөртэйгөө хангалттай зөрчилдөж, эргэлзсэн. Одоо эргэлзэх хүсэл алга. “Хөх сарны явдал” бол энэ цагийнхны зүрх сэтгэлийн зүг илгээж буй хайр хийгээд хайрлах урлагийн галт тэрэг юм. Их зохиолч Д.Нацагдоржийн “Монголын үрс маш олон болтугай” хэмээх үгийг романыхаа төгсгөл болгосон нь ч учиртай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *