Ерөнхийлөгч Родриго Дутерте АНУ-ын Элчин сайд нарыг “тагнуулчид” гэж тодорхойллоо. Тус хоёр улс хоорондын харилцаа таагүй байгаа энэ үед тэрбээр ийм мэдэгдэл хийлээ.
Р.Дутерте пүрэв гарагт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгсөн байна. Одоогоос яг зургаан сарын өмнө ерөнхийлөгчийн тангараг өргөсөн тэрбээр “АНУ-ын Элчин сайд нарын ихэнх нь тагнуулчид. Тэд гадаад улс орны засгийн газрыг ухаж төнхөх даалгавартай” гэжээ.
АНУ-аас Филипинд суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэх хугацаа нь саяхан дуусгавар болсон Филипп Голдбергийг Р.Дутерте энэ долоо хоногийн эхээр “тагнуулч” гээд “түүний зорилго нь намайг түлхэн унагаах байсан” гэсэн юм. Тэрбээр цааш нь хэлэхдээ “гэхдээ тэр намайг түлхэн унагаахыг оролдсон бол би түүний нармайг нээх байсан” гэсэн билээ.
Харин Манила дахь АНУ-ын ЭСЯ түүний мэдэгдэлд үгүйсгэн няцаасан хариу өгсөн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааг Р.Дутерте сүүлийн үед нэг бус удаа шүүмжилж, Америкийн цэргүүдийг Филиппинээс явахыг шаардсан билээ.
Р.Дутерте зургаан сарын өмнө ерөнхийлөгч болсныхоо дараа мансууруулах бодистой тэмцэхийн тулд “цуст дайн”-ыг эхлүүлж, мансууруулах бодис наймаалагчид болон хэрэглэгчдийг буудах зөвшөөрлийг цагдаа нарт олгосныг нь Обамагийн засаг захиргаа шүүмжилж байгаа юм.
Мансууруулах бодистой тэмцэх кампанит ажлыг өрнүүлж эхэлснээс хойш Филиппиний цагдаа нар 6000 гаруй хүнийг шүүхийн шийдвэргүйгээр шууд буудан хөнөөжээ.