Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Болормаа: Хотын түгжрэл, авто замыг цогцоор нь хот төлөвлөлттэйгээ уялдуулах хэрэгтэй DNN.mn

ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Авто замын зөвлөх инженер, доктор, дэд профессор Р.Болормаатай ярилцлаа.


-Хичээл, сургууль эхлэхээр авто замын түгжрэл улам ихэсдэг. Замын түгжрэлийг юутай холбон тайлбарлах вэ?

-Авто замын сүлжээ нь эрэмбэтэй байдаг. Гол хурдны замууд болох карказууд руу орж тэжээгддэг туслах замуудтай байх ёстой. Олон түвшний буюу гүүрэн аль эсвэл гэрлэн дохиотой уулзваруудаар холбогдон гол замаар нь зогсолтгүй хөдөлгөөн явагдах юм. Түүний дараа хуримтлуулах зам буюу хороолол зэрэг жижиг туслах замуудаас хөдөлгөөнөө аваад гэрлэн дохиогоор эсвэл өөр түвшний уулзвараас гол зам руугаа шилжүүлж дамжиж явдаг. Манайх бол гэрлэн дохиогүй гарцаар шууд л гол зам руугаа орчихдог. Энэ нь бүгд нэг түвшнийх, эрэмбэгүй гэсэн үг. Гол замаар явж байгаа машины жолооч хамраа оруулаад ирсэн машиныг оруулахгүй гээд яах вэ. Аль нь гол зам, давуу эрхтэй, өндөр хурдтай явах вэ гэдэг нь мэдэгддэггүй.

Бүх замууд нь нэг түвшинд учраас хүссэн нь л гол, туслах зам гаргуулаад орчихдог. Энэ нь түгжрэл үүсэхэд нөлөөлж буй нэг шалтгаан нь юм.

Солонгост гурван замын уулзвар, гол зам дагуу том үйлчилгээний төвүүд баригддаг. Зураг төсөл дээр нь ажиллаад үзэхээр үйлчилгээний төвүүддээ зам руу гарсан, орсон гарц хийхгүй, тойрч ар талаар нь орохоор зохицуулалт хийх гэсэн шаардлага тавьсан байдаг. Манайд эсрэгээрээ томоохон үйлчилгээний төвүүд нь гол замаа шахаж зогсоол хийгээд л, үйлчлүүлэгчид нь гол зам дагуу машинаа тавиад л байгаа юм. Олон хүн татаж байгаа байгууллага өндөр хурдны замд саад болохгүйгээр үйл ажиллагаагаа явуулахыг хуулиндаа заадаг юм билээ гэж Солонгост замын инженерээр сурч байсан шавь маань ярьж байсан. Энэ мэтчилэн гадаадын орны хот төлөвлөлттэй холбоотой хууль дүрмийг авч хэрэгжүүлэх нь зүйтэй.

Гол гудамж замуудыг хайсаар хаадаг. Энэ нь тээврийн хөдөлгөөнд ч, явган зорчигч аль алинд нь аюулгүй юм. Манайхан мал шиг хашлаа гээд сураагүй учраас дургүйцдэг. Энхтайваны өргөн чөлөө бүгдээрээ нэг түвшний явган хүний замтай. Гэрлэн дохиогоор түгжрэл үүсэх, дараалж зогсох магадлал маш өндөр.

-Авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр олон ажлуудыг төлөвлөдөг ч хараахан үр дүнд хүрэхгүй байгаа юм. Түгжрэлийг хэрхэн бууруулах вэ?

-Түгжрэлийн асуудлыг дээр, дооргүй олон хүн ярьж буй. Түгжрэл ганцхан авто замын салбарын асуудал биш. Өргөн хүрээний асуудал гэдгийг иргэд тодорхой хэмжээгээр мэддэг болсон. Метро барих, дүүжин тээвэр зэргийг яриад байгаа. Бусад орнууд түгжрэлтэй тулгараад нийтийн тээврийн асуудлыг хөгжүүлсэн байдаг. Манайх хөрөнгө мөнгөтэй баян улс биш учраас тэр бол хамгийн зөв гарц гэж ард иргэдийг төөрөгдүүлмээргүй байна. Хүн ам, хотын онцлог, эдийн засгийн боломжид тулгуурлан гадаад улсад хэрэглээд байгаа аль шийдлүүд нь түгжрэлийг бууруулахад оновчтой байх вэ гэдэг судалгаа хийх хэрэгтэй.

Түгжрээд байна, төмөр замаа ашиглая гээд л рэйлбусыг өмнө нь явуулж байсан. Тэр нь Толгойтоос Амгалан өртөө хүртэл явдаг байлаа. Түгжрэлтэй үед бүх хүн түүнийг хүсч байсан. Амгалан дээр буугаад автобус байхгүй. Уялдааг дутуу харсан. Тэр буудлууд дээр такси, автобусны зогсоолууд нэмээд төлөвлөөд өгөх ёстой байсан. Муу төсөл байгаагүй, дутуу төлөвлөснөөс унтарсан. Хот төлөвлөлт, нийтийн тээвэр, барилга байгууламж, авто зогсоол зэрэг бүх зүйлтэй холбож байж төсөл хөтөлбөр болж хэрэгждэг. Замын түгжрэлийг замынхан л мэддэг гэх мэтчилэн өрөөсгөл ойлголттой байдаг. Замыг өргөсгөөд байвал түгжрэл арилчихна гэж бодож болохгүй.

Скүүтер гарч ирсэн нь зам дээр машинтай түгжирч байхаас илүү эко шилжилт хөдөлгөөн юм. Скүүтер, дугуйн замын хөдөлгөөний системийг нэвтрүүлэх болов уу гэж харж байна.

Замд ээлтэй биш, хүнд ээлтэй гэдэг рүү аажимдаа орох нь зүйтэй. Явган хүний зам тавихаас илүү авто зогсоол байгуулъя гэдэг хандлага давамгай байна. Чи машинтайгаа яваад машинаа зогсоолд тавь гээд байвал түгжрэл багасахгүй. Нийтийн тээврээр таатай явж болдог, алхаад очиход болно гэх сэтгэхүйг суулгаж, тэр боломжийг бүрдүүлэх чиглэл дээр анхаарах хэрэгтэй.

-Замыг өргөсгөснөөр түгжрэл арилахгүй гэлээ. Энэ тал дээр?

-Аливаа нэг зүйл өөрийн гэсэн багтаамж, хүчин чадалтай л байдаг. Нэг түвшний уулзвар чинь хэдэн ч эгнээ хийгээд ч нэг түвшиндээ олон эгнээгээрээ уулзаж байгаа бол тэрний багтаамж, цагт гаргаж байгаа машины тоо нь хязгаарлагдмал байдаг. Миний хувьд хотын түгжрэл, авто замыг цогцоор нь хот төлөвлөлттэйгээ уялдуулах хэрэгтэй гэж хардаг.

Замыг өргөсгөснөөр түгжрэлийн асуудал шийдэгдэхгүй. Энх тайвны өргөн чөлөө манай гол гудамж. Гол гудамжтай өөр түвшний хуримтлуулах, туслах замууд уулзахдаа гэрлэн дохио, зохицуулгатай уулзвараар уулзах ёстой. Манайд бараг л байгууллагынхаа хашаанаас гараад л төв замтайгаа нийлдэг. Тэгэхээр тасралтгүй шулуун хөдөлгөөн явах боломжгүй зохицуулгагүй орох, гарах гарцууд асар их. Төв замын дагуу зорчих хэсэгтэй зэргэлдээ авто замын зогсоол байхыг хориглодог. Машин өндөр хурдтай явах ёстой байтал маневрлаад зогсох асуудал байж болохгүй.

Замын төслүүдийг харахаар гэр хорооллуудад хөрөнгө оруулалт хийж  буй хэдий ч нэг шүүмжлэлтэй зүйл ажиглагддаг. Хот төлөвлөлтийн А даалгавраар зураг төслөө хийж байгаа гэдэг. Хотын төв гудамжнаасаа гэр хороолол руу зам татахдаа хот төлөвлөлтийн мэргэжлийн бус хүмүүс уулыг тойроод гарах хайгуул хийхгүйгээр, стандартаа барилгүй,  шууд хялбарчлан уулан дээгүүр улаан шугамыг нь татаад баталчихдаг. Тэр нь огцом өгсөж, урууддаг зам гэхээс илүү хүн алдаг байгууламж болоод байна. Хот төлөвлөлтийн А даалгаврыг биелүүлэхдээ мэргэжлийн байгууллагаар нь яагаад хянуулж болохгүй гэж. Хянасан хүмүүсийг нь харахаар замын биш архитектур хүмүүс. Эцсийн зураг төсөл дээрээ ирэхээр батлахын аргагүй, зохисгүй төлөвлөлтийг битгий хийгээч ээ. Хот төлөвлөлт гэдэг олон инженерийн дэд бүтцийн зангилаа юм. Тухайн салбар бүрийн 4-5 хүнийг оролцуулж, хянуулж байхыг хүсмээр байна.

-Гүүр баривал хотын түгжрэл буурна гэх юм. Энэ нь хэр үндэслэлтэй вэ?

-Энэ нь өрөөсгөл ойлголт. Гүүрээр гарлаа гээд доод талын замуудын нэвтрүүлэх чадвар бага байгаа юм чинь дахиад л гацах магадлал бий. Зарим газарт гүүр барьснаар түгжрэл буурч болохыг үгүйсгэхгүй.

Шийдлүүд нь олон янз байдаг. Тухайн нөхцөлд тохирсон тооцоо судалгаа хийх ёстой. Нүхэн гарц, давхар гүүрүүд бүгдэд нь таарна гэсэн үг биш. Хот төлөвлөлт нийтийн тээвэр, авто зам гэх мэт олон түвшинд дэмжсэн шийдлүүдийг гаргах хэрэгтэй. Зөвхөн авто замын түвшинд гэвэл хязгаарлагдмал юм. Ойрын хоёр гурван жил төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд түгжрэлийг бууруулна гэж байхгүй.

-Бусад орнууд түгжрэлтэй тулгараад нийтийн тээврээ хөгжүүлсэн байдаг гэсэн дээ?

-Манайх автобус баазыг хөгжүүлж, нийтийн тээвэртээ тогтвортой хөрөнгө оруулалт хийсэнгүй. Автобусаа угаадаг бүрэн тоноглогдсон бааз байгаа эсэх нь ч эргэлзээтэй. Нийтийн тээврээ хөгжүүлээгүйгээс иргэд хувийн машинаа унах нь их. Гудамжиндаа автобус явах боломжгүй хоёр эгнээ өгсүүр, уруу зам тавьчихдаг. Нийтийн тээврийн сүлжээг хөгжүүлэхэд нэлээд их хөрөнгө оруулалт хэрэгтэй. Чи машинтай бай, замыг чинь тавиад өгсөн шүү гээд л байгаа юм.

-Замыг чанар муутай барьснаас бороо их орох үед эвдэрдэг гэж шүүмжлэх хүмүүс олон. Жил бүр дахин засварлаж түгжрэл үүсгэлээ гэж үзэх нь ч бий?

-Ганц зам дээр ус цуглараад байгаа болохоор л замын асуудал болж харагдаад байгаа юм. Үер борооны усыг зайлуулах систем Улаанбаатар хотод бүрэн байгуулагдаагүй. Хотхон, хороолол барилаа гэхэд гал, усны аюулаас сэргийлэх асуудлыг давхар төлөвлөх ёстой. Зам төлөвлөж барьсны дараа зэргэлдээх нутаг дэвсгэрүүд нь өөрчлөгдөөд байдаг. Учир нь манайд зам дагуух байгууламжууд нь төлөвлөгөөгүй хийгддэг. Төлөвлөсөн ч түүнийхээ дагуу биш цэцэрлэг барина гэдэг ч байр барьчих нь бий.

Ус бол замын дайсан. Ус зайлуулах хоолой нь замынхаа бүтцэд ус оруулахгүй байх нэг арга. Асфальтан зам олон дахин усанд автвал чулуу нь ховхордог, хөрс нь даац даах чадваргүй болж хотойдог, өвөл хүйтэрвэл овойдог зүйл юм. Тиймээс зам руу ус орохоос сэргийлсэн хиймэл байгууламжууд болох суваг, шуудуу, хоолойг хийдэг. Үерийн усыг зайлуулах системийн асуудлаа шийдэхгүйгээр замын чанар яриад нэмэргүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *