Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Амаржаргал: Гадаадын тусламж бол гадаадын хөрөнгө оруулалт биш

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал 1999 оны долдугаар сарын 30-наас 2000 оны долдугаар сарын 26-ны хооронд Ардчилсан холбоо эвслээс Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байсан билээ. Түүний 2000 оны дөрөвдүгээр сарын 5-ны хаврын чуулган дээр хэлсэн үгээс товчлон хүргэе.

“…Аравхан жилийн өмнө бид шинэ сонголтоо хийсэн. Энэ сонголтын хамгийн гол үр дүн бол монголчууд бид бусдын дохио зангаагүйгээр өөрийн хувь заяаны асуудлаар бүрэн шийдвэр гаргах төрийн тогтолцоог хангасан явдал юм. Ардчиллын жилүүдэд манай ард түмний мэлмий нээгдэж, малаа хувьдаа авч, хувьцаа эзэмшиж, “Е” паспорттой болж, ногоон өвөртлөөд урагш хойшоо гахай, машин зөөж, хувийн үйлдвэр, компани, эмнэлэг, сургууль байгуулж төсөл хийж, зээл авч, чөлөөт хэвлэл, сонин гаргаж, нам, хөдөлгөөн, ТББ байгуулж, сонгуульд оролцож, шоу зохион байгуулж, лангуу, дэлгүүр түрээсэлж, ТҮЦ, ломбард ажиллуулж, ченж хийж, малаа өсгөж, арьс, шир, ноолуураа үнэ хүргэж, уран бүтээлээ туурвиж, хүн ам, орон сууц, төрийн өмчөө тоолж, төрийн албандаа зүтгэж завгүй ажиллаж ирсэн жилүүд байлаа.

Ингэж ажилласан хүн бүр ардчиллын үйл хэрэгт хувь нэмрээ оруулсан юм. Бид чадах чинээгээрээ хөгшин хөвөө гэлгүйгээр дотоод мэдрэмж, зөн совингоороо ардчиллыг дэмжиж, ардчиллын төлөө саналаа өгснөөрөө бусад улс орнуудад үлгэр дуурайл болж чадсан юм.

Харанхуй нийгэмд амьдарч байхад эргэн тойрноо бодитой харж чадахгүй, чадсан нэгийгээ ад үздэг байсан, тэгвэл өнөөдөр бид гэрэл гэгээтэй амьдрах болсон тул эргэн тойрныхоо сайн сайхан, саар муухайн аль алиныг олж харах боллоо. Энэ хугацаа маань манай орны эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдрал бужигнасан, буцалсан, бухимдсан бас амжилт бүтээл, ахиц дэвшил гарсан урт дөрвөн жил байсан.

Хүн амын орлогын албан татварын ачааллыг гэхэд бид 2.5 дахин бууруулж чадсан байгаа. Бидэнд амьдралын хүнд бэрхийг нийгмийн хэсэг бүлгүүдэд эн тэнцүү үүрүүлж, нам хүчний харьцааг тэнцүүлж хянадаг, нийгмийн зөвшилцөлд хүргэдэг ёс суртахууны үнэлэмж, сахилга хариуцлагаас эхлээд өмчийн болон улс төрийн соёлыг хүртэл агуулсан тогтолцоо үгүйлэгдэж байна. Энэ бүгдийг бүрдүүлэхийн тулд тэвчээр, цаг хугацаа, өдөр тутмын нөр их хөдөлмөр хэрэгтэй. Бидэнд дутагдаад байгаа зүйл бол нийгмийн зөвшилцөл юм. Үүнийг бид бүрдүүлж чадахгүй бол улс төрийн тогтвортой байдал, ардчилалд хохирол учирна. Бид улс төрийн бие даасан тогтвортой байдлаа эдийн засгийн хувьд баталгаажуулах чиглэлээр анхаарч ажиллах шаардлагатай байна.

Бид эдийн засгийн тусгаар тогтнолыг өргөн хүрээнд шинэ байдлаар авч үзэх шаардлагатай тулгараад байна. Нэг орны зээл тусламжаар амьдардаг байснаа олон улсын хандивлагчдын зээл тусламжид дулдуйдан амьдарч байна. Энэ бол эдийн засгийн тусгаар тогтнолын асуудлыг шийдэж байгаа хэрэг биш байх. Манай залуучууд амьдралтай залгахын тулд хилийн дээсийг олноороо алхаж байна. Энэ нь эдийн засгийн тусгаар тогтнолын асуудлыг шийдэж байгаа хэрэг биш байх аа.

Эдийн засгийн тусгаар тогтнол гэдэг нь ажлын шинэ байр, илүү сайхан чинээлэг амьдрал, өнө эртний түүх соёл, уламжлалаа хадгалах бололцоо юм. Эдийн засгийн тусгаар тогтнол гэдэг нь асуудалд эрүүл саруул ухаанаар хандана гэсэн үг. Энэ утгаар нь авч үзвэл дараахь хоёр асуудалд анхаарах хэрэгтэй болов уу.

Нэгдүгээрт, бүтээмжийн тухай асуудал: Социализмын үед үйлдвэрлэхийн тулд үйлдвэрлэдэг байсан учраас тэнд бүтээмжийн тухай ойлголт туйлын бүрхэг, ач холбогдол багатай байсан. Тэгвэл өнөөдөр бид дэлхийн зах зээлд бүтээмжээрээ өрсөлдөж байж л бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээ борлуулж, эдийн засгийн тусгаар тогтнолоо олж авч чадна.

Дотооддоо гурил будаа, зүү тэвнээ үйлдвэрлэж байвал тусгаар тогтнолоо оллоо гэж санаа амардаг үе нэгэнт өнгөрсөн. Манай зах зээлд дотоодын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг бүгдийг нь шингээж чадахгүй учраас бидэнд гадаадын экспортын зах зээл хэрэгтэй байгаа юм. Дэлхийн хөгжлийн чиг хандлага энэ утгаар бидэнд улам ая таатай нөхцөл бүрдүүлж байна. Гэвч гадаадынханд өндөр үнэтэй, чанар муутай бараа шахах бололцоо бидэнд байхгүй. Энэ бол глобальчлалын утга санаа, шалгуур шаардлага нь. Тухайлбап, мал аж ахуйн бүтээгдэхүүн зардлаараа өрсөлдөх боломжтой ч чанараараа гологдож байна. Энэ бол бүтээмжийн асуудал. Хот хөдөөг холбосон дэд бүтэц, мэдээллийн урсгалыг сайжруулахгүйгээр эдийн засгийн тусгаар тогтнолыг бид хангаж чадахгүй. Энэ бол бас л бүтээмжийн асуудал юм.

Хоёрдугаарт, боловсролын асуудал: Ур чадвартай, өндөр бүтээмжтэй болох зорилтыг хэрэгжүүлэхэд боловсролын орчин үеийн тогтолцоо онц чухал болж байна. Бид боловсрол, мэдлэгээ дэлхийн жишиг хэмжүүрээр хэмжиж, дээшлүүлэх, болж өгвөл тэргүүлэх түвшинд очих шаардлагатай болж байгаа юм Уг нь монголчууд бид сургуульд хамрагдсан тоогоороо, төгссөн сургууль, курсынхаа тоогоор, дуулж сонссоноороо хөгжиж байгаа орнууд, Азийн олон орны иргэдээс дээгүүр байдаг. Монголчууд яах аргагүй авьяаслаг хүмүүс л дээ.

…Мэргэжлийн өндөр түвшнээс гадна ажил хөдөлмөр, амьдрал ахуй, гэр бүл үр хүүхэд, хамтран ажиллагсад элэг нэгтэндээ хүндэтгэлтэй хандах харилцаа, хариуцлага сахилга бас чухал байгаа юм. Иргэний боловсролыг олгоход манай дунд сургуулиас гадна их, дээд сургуулиуд чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Эв нэгдэл чухал гэж улс төрийн хүчин, хүн бүр их ярьдаг, уриалдаг. Өөр өөрийн сонирхол байр суурьтай хүмүүсийг нийгмийн хэм хэмжээ, хууль ёсыг зайлшгүй дагаж чаддаг, хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээж, зөвшилцөлд хүрдэг тийм нийгмийн үнэлэмж, орчинг бүрдүүлэхэд боловсрол онцгой чухал үүрэгтэй учраас бид нар боловсролыг онцлон ярьж байгаа юм.

Нийгмийн эмзэг хэсгийг татварын мөнгөөр Засгийн газар харж үздэг гэсэн ч бид бусдаар тэжээлгэдэг сэтгэлгээг өөгшүүлэх нь буруу юм. Үүний сацуу өөрсдийн ур ухааны хүчинд төдийгүй, нийгмийн дэмжлэгийг авч гарч ирсэн чинээлэг хэсэг маань шилжилтийн үеийн хүнд ачаанаас харьцангуй илүү үүрэх ёстой гэдгийг бас хэлмээр байна. Үүнийг хүлээн зөвшөөрдөггүй бизнесменүүд, өндөр орлоготой хэсгийнхэн нийгмийн элит байж чадахгүй.

…Бид боловсруулаагүй түүхий эд хил давж байгааг гар хумхин хараад байлгүй өндөр үнэ өртөгтэй ноолуур, арьс, шир, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтойгоо санах ёстой” хэмээн УИХ-ын чуулганы индэр дээрээс мэдэгдэж байжээ.

Э.ЭНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *