Categories
мэдээ цаг-үе

Пүрэвхүүгийн Батхуяг: Өнөөгийн хүмүүс өндөг шиг гадуураа бүрхүүлтэй болчихож

МЗЭ-ийн болон оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын дөрвөн удаагийн шагналт зохиолч, СУИС-ийн багш, хэл шинжлэлийн ухааны доктор, судлаач, шүүмжлэгч Пүрэвхүүгийн Батхуягтай уулзаж хөөрөлдлөө.

-Дөрвөн ч удаа “Алтан-Өд”-ийг гэртээ залсан зохиолч маань “Гэгээн Муза” наадмаас “Эр өндөг” моно жүжгээрээ шилдэг зохиолч боллоо. Баяр хүргэе!

-“Алтан-Өд”-ийг хүүрнэл зохиолын богино төрлөөр хоёр удаа, судлал-шүүмжлэлээр нэг удаа авсан. Ноднин жил “Тайзгүй жүжгүүд”-ээрээ “Алтан-Өд” шагнал хүртлээ. Сүүлийн үед би жүжгийн зохиол нэлээд бичлээ. Энэ жил таван моно жүжиг бичсэнээс “Эр өндөг” гэдэг зохиол маань энэ эрхэм хүндтэй шагналын эзэн болголоо. Энэ жүжгүүдээ нэгтгэж ном гаргах бодол байна. Жүжгүүдээ дөрвөн жүжигчний захиалгаар бичсэн юм л даа.

-“Эр өндөг” жүжгээрээ “Гэгээн Муза” цом гардлаа даа?

-Хүмүүс ерөнхийдөө өндөг шиг гадуураа бүрхүүлтэй болчихож. Өндгийг гаднаас нь хараад хэн ч эр юм уу, эм юм уу гэдгийг ялгаж мэддэггүй шиг эр хүн ийм, эм хүн тийм гэсэн зааг ялгаа амьдралд улам бүр байхгүй болоод байна. Гаднаас нь харахад хувцасласан байдал, алхаа гишгээнээс өгсүүлээд эр, эм нь мэдэгдэхгүй тийм цаг үеийн зааг дээр ирчихсэн юм биш үү. Эрэгтэй хүн дотор эмэгтэйлэг чанар, эмэгтэй хүн дотор эрэгтэйлэг чанар байдаг шиг байна. Гэтэл тэр чанар нь энэ цаг үед хэт давамгайлах болж. Нийгэмд ийм дүр олноор ажиглагдаад асуудал дэвшүүлж “Эр өндөг”-өө бичсэн юм. Өндөг мэдээж нэг л бүрхүүлтэй. Тэр бүрхүүл хагараад, тодорхой цаг хугацааны дараа ямар хүйсийн амьтан байж вэ гэдгийг нь харж, мэдэж болдог. Яг түүнтэй адил хүн төрөлхтөн бид энэ амьдралдаа өөрсдийгөө тойрсон нэг бүрхүүлтэй болчихож. Тэр бүрхүүлийн маань хуяг улам зузаараад, бид бие биеэсээ улам улам холдоод байх юм. Би энэ жүжгээрээ нийгэмд юу хэлэхийг хүссэн бэ гэвэл “Та биднийг тойрон байгаа энэ бүрхэвч нэг л өдөр хагарах юм бол бидний жинхэнэ мөн чанар нээгдэнэ. Өөрийн бий болгосон бүрхүүлээ хагалж, илэн далангүй, чин сэтгэлийн, нарийн нандин харьцаа хоорондоо тогтоовол бидний амьдрал гэрэл гэгээтэй болох болов уу” гэсэн тэр л найдлагаар бичсэн дээ.

-Бусад бүтээл чинь ямар жүжгүүд байна?

-“Цуурай” гээд жүжгийг УДЭТ-ын жүжигчин Тодгэрэлд өгсөн байгаа. Бид өөрсдийнхөө сүүдэр, цуурай хоёрыг бидний эрхшээлийг дагагч гэж эндүүрдэг. “Цуурай” жүжгийн гол дүр эзнийхээ дуу хоолойг дуурайж давталгүй, үзэл бодлоо илэрхийлж байгаа тухай юм. Цуурай эзнээсээ өөр бодолтой байгаа зөрчлийг гаргаж ирсэн. Дараагийн моно жүжиг нь “Намайг тайван оршуулаач” гэдэг нэртэй. Нийгэмд олон шашин шүтдэг хэсэг бүлэг байна. Миний энэ жүжигт Христийг шүтдэг нэг хүн нас барчихаж байгаа юм. Гэтэл хөөрхий түүнийг гэр бүл, ойр дотнынхон нь гэрээслэлийг нь ч ойшоолгүй, лам авчраад, хонх дамар дуугаргаад оршуулж байгаа юм. Насан туршдаа итгэж биширч явсан зүйлийнх нь эсрэг үйлдэлд харууссан хөөрхий сүнсний үгийг хэн ч авч хэлэлцэхгүй. Тийм боломж ч байхгүй. Сүүлийн жүжиг маань гэвэл их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн амьдралын сүүлийн гучин минутын тухай юм. Нацагдорж зуны бүгчим дулаан тэр орой амьсгал хураах сүүлчийн мөчүүддээ юу бодож байсан бол, үхэлтэй нүүр тулаад хүмүүст юу хэлж үлдээх байсан бол гэсэн уран сайхан дээр жүжгийн зохиолоо бичсэн. Моно жүжгээр ном гаргасан зохиолч өмнө нь манай утга зохиолын түүхэнд байхгүй. Ямар ч байсан тэр таван жүжгийнхээ “Эр өндөг”-өөр “Гэгээн Муза”-г авлаа.

-“Эр өндөг” жүжигт хамтран ажилласан уран бүтээлчдээ танилцуулаач?

-Тайзны уран бүтээл өөрөө хамтын бүтээл юм. Сайн зохиол байхгүй бол сайн найруулагч төрж гарахгүй. Сайн найруулагч хүн сайн жүжигчдийг тодорхойлдог. Энэ цогц хамтын ажиллагаан дунд мэдээж санаа нийлсэн уран бүтээлчдээ би нэрлэхийг хүсч байна. Ардын жүжигчин Б.Мөнхдорж багшийн шавь, залуу найруулагч Б.Бат-Өлзий, УДЭТ-ын чадварлаг жүжигчин Г.Алтангэрэл хоёртой хамтран ажиллалаа. Жүжигт сэтгэцийн эмнэлэгт болж буй үйл явдлыг үзүүлсэн. Эмчлүүлэгч залуу эмнэлэгт тухайн өдөр хэрэглэх байсан өндгүүдийг өрөөндөө авчраад нуучихдаг. Тэр залуугийн бодлоор өндгийг гаднаас нь хараад эр, эмийг нь мэдэхгүйтэй адил хүний оюун бодлыг хэн ч уншиж чадахгүй. Өндөг хагарлаа. Тэр бол өндөгний хувьд үхэл. Тэнгэрт од харвалаа. Тэр тэнгэрт ч бас үхэл байгааг илэрхийлж байгаа. Нэгэнт л энэ ертөнцөд хоног хугацаатай ирсэн нь үнэн юм чинь бусдаас өөрийгөө нуугаад хальсан дотроо байгаад байх биш харин сэтгэл зүрх, бодлоо ил гаргах ёстой юм байна. Гэвч, сэтгэл санаагаа илчилснээр нийгэмд эрүүл бус гэж дүгнэгдэх болж. Би бол эрүүл хүн. Харин эргэн тойрны эмч, сувилагч, асрагч нар хуяган дотроо нуугдаад улам солиотой болсныг үгүйсгэхгүй гэсэн зөрчилт санааг үзэгчдэд илэрхийлсэн.

-Сүүлийн үед жүжгээс гадна ямар ном бүтээл туурвиж байна даа?

-Судлал, шүүмжийн “Эсрэг цаг-3” номоо хэвлэлд шилжүүлэхэд бэлэн болголоо. “Цаг хугацааны цас бороо” гэсэн яруу найргийн түүврээ хэвлүүлж байгаа. Өмнөтгөлийг нь манай зохиолч, яруу найрагч Г.Аюурзана бичсэн. Өмнөх шүлгүүдийн уур амьсгалаас тэс өөр ном болсон. Бичил тэмдэглэл шахуу богино өгүүллэгийн номоо гаргана. “Хамгийн хойд хот” романаа үндсэндээ бичээд дуусч байгаа. Харь газар хэдэн сар суухдаа бараг төгсгөчих байх.

-Харь газар хаашаа, ямар ажлаар одох гэж байна?

-БНСУ-д Сөүл хотын тухай зохиол бичихээр сонгогдсон. Азиас гурван зохиолч тэнд уригдан очих юм. Энэтхэгтээ сүүлийн үед нэлээд нэрд гарч яваа, “What’s loser” буюу “Юу ялагч вэ” ном бичсэн Панжак гэдэг зохиолч, Индонезийн нэг эмэгтэй зохиолч бид гурав Сөүлийн амьдралтай танилцаад нэг нэг эсээ бичиж ном гаргах юм. Тэр үеэр миний богино өгүүллэгийн ном “Ази” сэтгүүлийн хавсралт болж солонгос хэлээр хэвлэгдсэний баяр давхацна. Энэ оны долоодугаар сарын эхээр Ази тивийн зохиолчдын форум Солонгост болно. Тэнд оролцох юм.

-Донровын Намдагийн гэр сургуулиас Дэмбээгийн Мягмар, Дармын Батбаяр нарын жүжгийн зохиолчид төрсөн гэдэг. Өөрийн чинь жүжгийн зохиолын багш гэвэл хэнийг нэрлэх бол?

-Хадаг барьж сүйд болоогүй ч жүжгийн зохиолын талаар маш их зөвлөгөө авдаг, их ойрхон байж үг сургаалыг нь дотроо хүлээн зөвшөөрдөг хүн маань төрийн шагналт зохиолч Дармын Батбаяр шүү дээ. Тэр хүний нөлөө намайг яах аргагүй жүжгийн урлагийн бүтээл рүү уруу татсан. Жүжиг гэдэг яруу найраг, хүүрнэл зохиолоос тэс өөр байдаг юм байна. Миний анхны “Би Пушкин биш ээ. Харин…” жүжигт хүмүүс ам сайтай байсан нь урам өгсөн байх. Хүүрнэл зохиол, жүжиг хоёр тэс өөр байдаг. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог гэх хүн ч байдаг. Гэхдээ одоохондоо хоёуланг нь бичээд л явж байя. Болохгүй юм байхгүй байлгүй л гэж бодож байна. Яваандаа эмгэнэлт жүжиг бичнэ л гэж боддог. Трагеди бол жүжгийн зохиолын оргил нь шүү дээ. Залуучууд “пэнсэндээ гарах” гэж яриад байдаг даа. Тэрэн шиг яруу найргийн хувьд араас гарч ирж байгаа залуусын давалгаан, цаг үе, насаа бодсон ч уран зохиолын илүү үр бүтээлтэй төрөл рүү даацтайхан орох хэрэгтэй юм байна.

-Яруу найрагч Г.Аюурзана “Дөч хүрээд яруу найргаасаа зодог тайллаа” гэж яриа өгч байсан. Өөрөө бас яруу найргаас зодог тайлж байгаа юм уу?

-Би тэгж төлөвлөгөөтэй тэгье, ингэе гэсэн юм алга. Гэхдээ л бичиж байсан хурд, тоо, яруу найргийн сэтгэлгээ ямар нэгэн хэмжээгээр буурдаг, багасдаг хандлага өөрт ажиглагдаад байх юм байна шүү дээ. Яруу найргийн сэтгэлгээ байхгүй болтол л бичээд байя гэж бодоод байна.

-Өөрөө О.Дашбалбар багшийнхаа тухай ном болохоор хэмжээний их зүйл бичсэн дээ?

-Багшийг байхгүй болсноос хойш эсээ, тэмдэглэл, дурсамжийн арван есөн өгүүлэл бичсэнээ ном болгож боосон. Өнгөрөгч онд хэвлүүлье гэснээ буцааж татсан. Ухаан суугаагүй хорин хэдэн насандаа, гуч гараад зэргээр янз бүрийн цаг үед бичсэн зүйлс л дээ. Багш дөчин хоёр насандаа байхгүй болсон. Би хойтон багшийнхаа насанд хүрнэ. Тэр хүнээс ах болчихоод багшийнхаа ертөнцийг дурсаад үзвэл яах бол гэсэн бодол хэвлэлд шилжүүлэхээс хойшлуулсан.

-Монголын нэрт зохиолч Л.Хуушаан, Л.Дашням нартай хамаатан садан гэдэг байх аа?

-Манай аав, ээж хоёр Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул хүмүүс. Монголын чадварлаг ах, дүү хоёр зохиолч манай өвөөтэй эгч дүүсийн хүүхдүүд юм л даа. Манай аавын талынханд ерөөл магтаал хэлдэг бэлэн сэцэн хүмүүс олон байсан юм билээ. Мөн гарын уртай зураачид олон байсан гэдэг. Урлагт дурласан авьяасын гинжин хэлхээ намайг үгийн урлагтай холбосон байхыг үгүйсгэхгүй.

-Гадаадын олон хэлнээс мундаг бүтээлүүд орчуулагдаж, зохиолчид маань ч уран зохиолын бүхий л төрлөөр туурвиж байна. Өнөөгийн утга зохиолын амьдралыг өөрөө зохиолч, судлаач, шүүмжлэгчийн нүдээр хэрхэн харж байна?

-Судлаачид нэгэн үе “Монголын утга зохиолын хөлөг онгоц зогслоо” гэж харж байсан. Би үүнтэй тэр үед ч, одоо ч санал нийлдэггүй. Нэг монгол зохиолч монгол хэлээрээ зохиол бичиж л байгаа цагт монгол хэлт утга зохиолын хөлөг онгоц дэлхийн утга зохиолын их далайд дарвуулаа босгон хурдлахаар хөдөлж л байна гэсэн үг. Харин хурдаа авах цаг нь одоо иржээ. Бидэнд өмнөх үеийнхний бичсэн өв байна. Ид бичиж байгаа идэр насны зохиолчид байна. Араас минь хашгираад, дагаж орж ирж байгаа залуус байна. Байдал ийм байхад Монголын их утга зохиолын ирээдүйг бүрхгээр юм уу, хараар төсөөлөх ямар ч боломж байхгүй. Монголын утга зохиол өмнө нь байсан, одоо байгаа, ирээдүйд байх гурван цагийн хэлхээнд мөнх орших аугаа зүйл шүү дээ. Хамгийн гол нь өөрсдийнхөө бүтээлийг чанаржуулах л чухал. Тэрнээс ном гаргах донгоор олон ном хэвлүүлээд зохиолч хэмээх эрхэм алдрыг өг хэмээн тулган шаардах утгагүй. Хүн зөв, буруугаа өөрөө тодорхойлж мэддэггүй. Тэгж залаад өгөх мэргэжлийн шүүмжлэгчид харин утга зохиолд яах аргагүй дутагдаж байгаа.

-Г.Батсуурь, Х.Чойдогжамц нарын сайн шүүмжлэгчид гарч ирчихээд л байна даа?

-Сайн зүйлийн улбаа хэзээ ч тасрахгүй, залгамжлагчид төрж гарах нь ойлгомжтой. Г.Батсуурь бид нэг үеийн залуучууд. Нас ойролцоо. Бас утга зохиолд орж ирсэн үе ч ойролцоо. Чойдогийн хувьд харьцангуй залуу хүн. Ийм залуу хүн гадагшаа явж, нүд тайлмаар байна. Дэлхийд М.Горькийн Утга зохиолын дээд сургуулиас дутахгүй өчнөөн сайн сургууль байна. Утга зохиолын шүүмж бичих сонирхолтой залуус бидний уншаагүйг уншиж, сонсоогүйг сонсож ирэх хэрэгтэй байна. Ер нь шүүмжлэгч хүн зохиолчоос, тайзны найруулагчаас мэдлэг боловсролоороо хуруу өндөр байж байж л утга зохиол, урлагийг хөгжүүлж чадна. Шүүмжлэгч болох хүсэл эрмэлзэлтэй залуус зүрх сэтгэлээ дагаад дэлхийн хэмжээнд өөрийгөө хөгжүүлэх боломж нь нээлттэй байна. Уг нь төр засгаас бодлогоор бэлдэх ёстой юм л даа. Даанч төрийнхөн үүнийг огт ойшоохгүй. Нэг хүн ч нэгддэггүй л байхгүй юу. Наяад оны сүүлээр манай зохиолч, дарга нар монгол үндэстний эрх ашгаа өмнөө тавьж, өөрсдийнхөө хүүхдүүдийг биш Аюурзана ах шиг ардын дөрвөн хүүхдийг Горькийн сургуульд явуулчихсан бол манай утга зохиолын хөгжилд ямар их нэмэр болох байв. Өөрийн эрх ашгаас илүү утга зохиолын эрх ашиг гэж байдаг юм. Монголын зохиолчдын эвлэлдэн нэгдсэн мэргэжлийн байгууллагыг ч би дотоод жижиг асуудалд биш дэлхийн цараатай томоохон асуудал хөөцөлдөөсэй гэж боддог юм.

-Ямар том асуудал билээ?

-“Болор цом”, “Утгын чимэг”-ийг хэн ч зохион байгуулаад явж чадна. Хамгийн гол нь гадаад харилцааг л өргөжүүлэх хэрэгтэй. Тэгвэл залуучууд гадаадын нэр хүндтэй сургуулиудад тэтгэлгээр суралцах боломжтой. Шинэ үеийнхэнд энэ л тун чухал.

-Шинэ залуу үе гэснээс цахим хуудсандаа Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Балдоржийн Алтанхуяг хэмээх хүүгийн “Мууран байшингуудын түүх” номонд бичсэн өмнөтгөл шүүмжээ тавьсан байв уу?

-Би сардаа бараг хоёр, гурван хүний номын өмнөтгөл бичиж байна. Залуу үеийнхэн надаар номын өмнөтгөлөө бичүүлэх зорилго гэх нь ч хаашаа юм, ер нь дуртай. Би залуусын утга зохиолын замнал, бүтээлийг задлан шинжилж бичдэг. Би тухайлан нэг хүний нэрийг дурдмааргүй байна. Яагаад гэвэл би багш хүн. Бүгдэд адилхан сэтгэлээр ханддаг. Намайг тойрсон олон залуус өндөрт нисэхийг хүсэж байна. Тиймээс энэ үед нь л оюун санаагаар дэмжихийг би боддог. Утга зохиолын ирээдүй гэрэлтэж байг л дээ. Харамсалтай нь, залуу үедээ хүйтэн ханддаг хүмүүс байдаг. Хүн өөрийн үеийнхэнтэйгээ тэрсэлдэж, тэмцэж болно. Хамгийн гол нь араас гарч ирж байгаа үеэ дарах гэсэн явуургүй үзэл газар авахгүй биз дээ. Шинэ залуу үе гэдэг хүссэн ч, хүсээгүй ч орчлонгийн жамаар түрээд л гараад ирнэ шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *