Categories
мэдээ спорт

Португалчууд шөвгийн дөрөвт шалгарав

“Евро 2016” тэмцээний шөвгийн найман багийн тоглолт манайхаар 2016 оны долдугаар сарын 1-ний үүрийн 04:00 цагт Польш, Португалын шигшээ багуудын тоглолтоор эхэллээ. Хөгжөөн дэмжигчдийнхээ итгэлийг алдсангүй, энэ тэмцээний их шөвөгт хүч үзэх эрхээ хамгийн түрүүнд Португалчууд авлаа. Хоёр багийн тоглолт үндсэн цагт 1:1 харьцаатай өндөрлөж, нэмэлт цагт хэн хэн нь гоол оруулж чадахгүй байсаар ялагч ийнхүү торгуулийн цохилтоор шийдэгдлээ.

Тоглолтын нэгдүгээр үеийн эхний хоёр дахь минутад Португалын багийн хамгаалагчдын алдааг ашиглаж Польшийн багийн ахлагч Р.Левандовски гоолдлоо. Улмаар нэгдүгээр үеийн 31 дэх минутад Португалын Р.Санчес тооны харьцааг тэнцүүллээ.

Ингээд торгуулийн цохилтоор хувь заяа нь шийдэгдэхээр болоход Португалчууд эхний цохилтыг гүйцэтгэж, Польшууд дагаж цохихоор болов. Улмаар эхний цохилтыг хоёр багийн ахлагч нар гүйцэтгэж, амжилттай болголоо. Дагаж цохисон тамирчид ч алдалгүй хийсээр байсан бөгөөд Польшийн багийн дөрөв дэх цохилтыг Португал хаалгач Р.Патришио тааж үсэрч, хааснаар тэдэнд том боломж гарч ирсэн. Португалчууд тав дахь цохилтоо амжилттай болгоход цааш шалгарах байлаа. Тав дахь цохилтыг тоглолтын үндсэн цагийн 78 дахь минутад сэлгээгээр орж ирсэн Р.Куарежма цохиж, оруулснаар “Европын Бразилчууд” тэмцээнийг цааш үргэлжлүүлэх эрхтэй болсон юм.

Тэд өнөө шөнө явагдах Бельги, Уэльсийн багийн хожсонтой шөвгийн дөрөвт таарч тоглоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *