УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
ГХЯ-ны Консулын газраас Польш улсад Монголын 939 иргэн байгаа гэсэн судалгаа гарчээ. Үүнээс 200 иргэн албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж, 149 иргэн суралцаж байгаа бөгөөд дийлэнх нь Варшав, Краков, Лода, Вроцлав, Гданьск, Познань зэрэг хотод амьдарч байна. Тус улсад ажиллаж буй иргэдбогино хугацааны даатгалд хамран эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмжүүдийг авч байгаа юм. Гэхдээ урт хугацааны буюу тэтгэврийн даатгалд хамрагдан төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцаан авах эсхүл тус улсад тэтгэвэр тогтоолгох хууль эрх зүйн үндэсгүй байна. Тиймээс хуулийн төсөлд тэтгэвэр болон оршуулгын тэтгэмж тогтоох, тэтгэврийг харилцан шилжүүлэх, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсэн, амаржсаны, ажилгүйдлийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэмжүүдийг олгох зэрэг үндсэн зарчмуудыг тусгасныг ХНХ-ийн сайд С.Чинзориг танилцууллаа. Хэлэлцүүлгийн үеэр Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Д.Дамба-Очир нарын гишүүд хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Цаашдаа БНСУ болон бусад оронд ажиллаж буй монголчуудын нийгмийн баталгааг хангахад анхаарахыг мөн захив.