Categories
мэдээ нийгэм

“Part-time” яармагаар 441 залууг ажлын байранд зуучилжээ

Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хөдөлмөр зуучлалын ухаалаг систем www.myjob.mn сайтыг одоогоос жилийн өмнө ажиллуулж эхэлсэн юм. Тэгвэл уг сайтын 1 жилийн ой, оюутан, залуучуудын өвлийн амралт эхэлсэнтэй холбогдуулан цагийн болон түр ажлын байранд зуучлах, ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэх, ажил олгогч байгууллагуудад түргэн шуурхай үйлчлэх, чадварлаг ажиллах хүч нийлүүлэх зорилгоор Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж “PART-TIME” хөдөлмөрийн яармагийг өнгөрсөн баасан гарагт амжилттай зохион байгууллаа.

Уг хөдөлмөрийн яармагт “Вэст Вистэрн Премир Туушин” зочид буудал, Тэсо корпораци, Номин холдинг, Скай медиа, Хоме плаза, Нанс кашмер, Сод Монгол групп, Глобал бридж зэрэг үндэсний томоохон ажил олгогч 16 байгууллагууд оролцсон юм. Энэ оны хамгийн анхны “Part Time” хөдөлмөрийн яармагт нийт 1000 гаруй оюутан, залуус хүрэлцэн ирж 589 ажил хайгч бүртгүүлснээс байнгын ажилд 153, цагийн ажилд 288 ажил хайгчийг шууд зуучилсан байна. Ажил олгогчдийн зүгээс жолооч, зөөгч, хамгаалагч, сурталчилгааны ажилтан, тогооч гэх мэт ажлын байрыг санал болгож байсан бол оюутан залуусын хувьд ажил хичээлийн хажуугаар хийж болох бүхий л ажлын байранд бүртгүүлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *