Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Пакистаны ноос бэлтгэх аргыг Монголд нэвтрүүлнэ

“Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд Пакистаны ноос бэлтгэлийн туршлагыг Монголд нэвтрүүлэх боломжийн талаар өнөөдөр сургалтзохиолоо. ХХААХҮ-ийн яам, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран зохион байгуулсан юм. Уг сургалт нь арьс шир, ноос,ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой аж.

Олон улсын маркетингийн эксперт Грант Виннинг хэлэхдээ “Манай улсад нэг килограмм бохир ноос 20 рубы, угаагаад ангилсан нь 80-90 рубы болно. Тэгэхээр хонио хяргахынхаа өмнө нь маш сайн угаана гэсэн үг. Ингэснээр малчдад ноос хяргахад илүү хялбар болдог. Ноосыг өнгөөр нь ялгасан байвал зарим худалдан авагч илүү мөнгө төлдөг. Монгол Улс хонины ноосоороо олон улсад өрсөлдөх боломжтой. Малчдад анхан шатны цэвэрлэх ажиллагааг сургах, хөгжүүлэх шаардлагатай байна” гэв.

Арван тонн бохир ноос үйлдвэрээр дамжин угааж, ялгахад дөрвөн тонн ноос л гардаг аж. Харин урьдчилаад угааж, ялгасан ноосноос долоон тонн гарах боломжтой гэнэ. Хэрвээ олон улсад ноос, ноолууран бүтээгдэхүүнээ худалдаж борлуулъя гэвэл эхлээд өнгөөр болон урт богиноор ялгах хэрэгтэй.

Энэ үеэр НҮБ-ийн Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын төслийн зохицуулагч Г.Мөнхболор “Пакистаны цаг агаар, ноос үйлдвэрлэх явц нь манай улстай төстэй. Бид тус улсын туршлагыг судалж нэвтрүүлэхийг зорьж байна. Үүгээр залуу малчдыг ажлын байраар хангах, ноос ноолуурын чанарыг сайжруулах бололцоотой гэж үзэж байгаа” гэв. Манай улс гар аргаар ноосоо хяргадаг. Механик аргаар хяргах төхөөрөмжийг оруулж ирнэ. Уг төхөөрөмж нь цаг хугацаа хэмнэх, жигд ноос гарах, ангилах боломжтой. Ингэснээр ноолуурын үнэ нэмэгдэнэ. Манай улс хонины ноосны чанараараа олон улсад дээгүүр тооцогддог. Дэлхийд өрсөлдөх боломжтой. Гэтэл бэлтгэж байгаа процесс нь ноосыг чанаргүй болгоод байна. Бид хятадын ченжүүдэд өгөхдөө өнгө, урт, богиноор нь ялгахгүй, зунгагтай нь өгдөг. Хольж, ялгасан ч адилхан үнээр авдаг гэлээ.

Энэхүү төсөл Улаанбаатар, Дархан хотод хэрэгжих бөгөөд Ховд, Хөвсгөл, Дорнод, Төв аймгуудтай хамтарч ажиллахаар болжээ. Малчдын хоршооллоос сонгон шалгаруулаад уг ажлыг удаан авч явах малчинг судалж гэрээ байгуулах аж. Үүний дараа техник тоног төхөөрөмжтэй хэрхэн ажиллах сургалтуудын ирэх оны зургаадугаар сард хийх юм байна. Мөн малчдаа Австрали улс руу туршлага солилцуулахаар төлөвлөж байгаа аж. Бид ноос ноолуураа дотоодоо гүйцэд боловсруулж чадахгүйгээс болж гадаадаас оруулж ирж байна. Манай улс 30 сая толгой хоньтой. Ноос ноолуураа өөрсдөө бэлтгээд сурчихвал илүү ашигтай юм.

Уг сургалтад хамрагдаж буй Төв аймгийн Эрдэнэ сумын “Бат хаан өгөөж хоршоо”-ны малчин Ц.Цолмон “Энэ сургалтаар яаж цэвэр орчинд ноос хяргах, бидэнд ямар ач тустай талаар мэдэж авлаа. Пакистан улсын энэ арга, тоног төхөөрөмжийг манай улсад хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна. Үүнийг хэрэгжүүлж ажил болгоосой гэж бодож байна. Бид ноосоо анхан шатанд боловсруулж сурах шаардлагатай. Чанарын шаардлагаа хангачхаад дараа нь үнээ бардам хэлээд зогсож байх ёстой гэдгийг мэдэж авлаа” гэлээ.

С.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *