АНУ–аас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэллтэй ярилцлаа.
–Монгол улс Ану–тай ойр харилцаатай, бас дэлхийд Ану–тай зарим асуудал дээр санал нийлдэггүй хоёр том оронтойгоо ч сайн хөршийн харилцаатай улс. Сая дараалаад БНХАУ, ОХУ–ын Ерөнхийлөгч нар Монголд ирээд буцлаа. Ану–ын Элчин сайдын хувьд энэ айлчлалуудын талаар ямар бодолтой байна вэ?
-Монгол Улсад өмнөд, хойд хоёр улсын тэргүүнүүд нь айлчиллаа. Монгол Улсын гадаад бодлого хоёр гол тулгуур баганатайг авч үзвэл эдгээр айлчлалууд бол хүн гайхширмаар зүйл биш, энгийн үйл явдал юм. Нэг багана нь хоёр том хөрштэйгөө улс төр, эдийн засгийн түвшинд найрсаг хамтын ажиллагаатай байх нь чухал гэсэн хандлага. Нөгөө нь анхдагч хөршийн бодлоготойгоо зэрэгцүүлээд 25 жилийн турш маш амжилттай хэрэгжүүлж ирсэн гуравдагч хөршийн бодлого. Үнэт зүйлс, туйлын зорилго ижил улсуудтай Монгол Улс харилцаж, анхдагч хөршийн бодлоготойгоо тэнцвэржүүлж байгаа нь чухал явдал юм. Тийм болохоор АНУ Монголын гуравдагч хөрш байдгаараа үргэлж бахархдаг.
-Нэг хэсэг ОХУ их задралын дараа дотооддоо, БНХАУ эдийн засгийн хөгжилдөө анхаараад гадаад нөхцөл байдалдаа тэгтэл анхаарахгүй үе байсан нь бидэнд үүлэн чөлөөний нар шиг байсан. Одоо аль, аль нь гадаад харилцаандаа ихээхэн анхаарч бүс нутагтаа нөлөөллөө тогтоохыг эрмэлзэх болсон нь бидэнд амаргүй байдлыг үүсгэнэ гэж үзэх хүмүүс байдаг. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Монгол бол өөрийн гэсэн бахархалтай бие даасан, хараат бус улс үндэстэн.
Монгол Улс ардчилсан замыг сонгох сонголтыг өөрсдөө бие дааж хийсэн түүхтэй улс орон. БНХАУ-ын дарга си Жиньпин сая хийсэн айлчлалынхаа үеэр “Хятад улс ямагт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ. Монголын ард түмний өөрсдөө сонгосон хөгжлийн замыг хүндэтгэнэ” гэж хэлснийг бүгд мэдэж байгаа. Тэгэхээр ямар нэгэн замаар Монголын Засгийн газарт дарамт шахалт үзүүлэх ч юм уу, Монголын ард түмнийг айлгах зүйл байна гэж бодож байгаа хүмүүсийн хандлага буруу байна аа гэж би хэлмээр байна. Харин энэ бүхэн нь илүү тэнцвэртэй байдал буюу Монголын талаас анхдагч болон гуравдагч хөршийн бодлогоо тэнцвэртэй хэрэгжүүлэх нь чухал юм гэдгийг харуулж байна. АНУ-ын зүгээс сүүлийн үед Азид хандсан дахин тэнцвэржүүлэлтийн бодлогын талаар их ярих болсон.
–Дахин тэнцвэржүүлэлтийн бодлого гэж чухам юуг хэлж байна вэ?
-Ерөнхийлөгч Барак Обама, Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар Азид баримталж байгаа дахин тэнцвэржүүлэлтийн бодлогынхоо талаар тайлбарласан илтгэлүүд тавьж байсан л даа. Товчхондоо бол Афганистан, Иракт байлдааны ажиллагаа явуулж байсан 10 жилийн хугацаанд улс төр, цэргийн бодлогын аль аль нь тухайн бүс нутагт ихээхэн чиглэж байсныг АНУ хүлээн зөвшөөрөөд, өөрөө ч Номхон далайн бүсэд хамрагддаг улсын хувьд энэ бүс нутаг руу хандах бодлогоо эргэн харах ёстой гэж үзэж байгаа. Энэ бүс нутаг маш идэвхтэй, хөдөлгөөнтэй бүс болж, цаашдын хөгжил дэвшилтэй холбогдож байгаа учраас АНУ анхаарлаа ч, нөөц бололцоогоо ч ийш хандуулж, хуучин баримталж ирсэн бодлогоо дахин тэнцвэржүүлэх ёстой гэсэн хандлагатай байгаа юм. Гэхдээ энэ бодлогодоо Хятад, оросын байр суурийг тооцоолж үзэх нь мэдээж. АНУ-ын Ази руу баримталж буй дахин тэнцвэржүүлэлтийн бодлого нь Ази, Номхон далайн орнуудтай бидний харилцаж ирсэн уламжлалт, бат бэх харилцаан дээр илүүтэй суурилж байгааг хэлэх нь зүйтэй болов уу.
–Өнгөрсөн долоо хоногт болсон хөрөнгө оруулагчдын хурал дээр хэлсэн таны үг хүмүүсийн анхаарлыг татаж байна л даа. Таны ярианаас та Монголын тусгаар тогтнол бол зөвхөн геополитикийн бус эдийн засгийн тусгаар байдал гэдгийг ойлгох ёстой гэж хэлэх гээд байх шиг санагдсан?
-Тэнд хэлсэн үгэндээ би зөвхөн монголчууд гээгүй, бид бүгд үүнд анхаарах ёстой гэж хэлсэн юм. Ер нь бид, албаны хүмүүс голдуу геополитикийн тал дээр түрүүлж анхаарлаа хандуулчих гээд байдаг. Тийм болохоор заримдаа эдийн засгийн аюулгүй байдал гэдэг үндэсний аюулгүй байдлын хувьд ямар чухал асуудал вэ гэдгийг мартчих гээд байдаг гэж хэлсэн л дээ. Тэнд хэлсэн миний гол санаа бол геополитикийн чиглэлийг тодорхойлогч хүчин зүйл болох эдийн засгийн тусгаар тогтнол, эдийн засгийн өсөлтөө үргэлжлүүлэн хадгалах нь чухал юм шүү гэдгийг онцолсон юм.
–Эдийн засгийн тусгаар тогтнол юу, юунаас илүү чухал гэдэг үнэхээр үнэн. Хөрөнгө санхүүгийн асуудал гараад ирэхэд хэн илүү боломж олгосон талын хэлснийг биелүүлэхэд бэлэн болчих тал байдаг. Эдийн засгийн тусгаар тогтнолоо хадгалахын тулд эхний шатанд юу хийвэл зохилтой вэ?
-Удахгүй эхлэх УИХ-ын намрын чуулганаар хүлээгдэж байгаа хэд, хэдэн асуудлыг хэлэлцэх байх гэж бид харж суугаа. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улсын сонгож авсан замналын талаар тодорхой хийгээд баталгаатай ойлголтыг өгсөн хууль тогтоомжийг батална гэж найдаж байна. Мөн хоёр талт хамтын ажиллагааны хувьд өнгөрөгч онд АНУ болон Монгол Улсын Засгийн газрын үзэглэсэн Ил тод байдлын гэрээг соёрхон батална гэсэн хүлээлттэй байгаа. оюутолгойн төслийг Монголын эдийн засгийг баталгаатай болгож, хөгжилд хөтлөх томоохон төсөл гэж бид үздэг. Монголын Засгийн газар, рио Тинто компанитай хамтран уурхайн олборлолтын хоёрдугаар шатыг цааш хөдөлгөх яриа хэлэлцээр шийдэлд хүрнэ гэж найдаж харж байгаа. Мөн Тавантолгойн төслийг бүрэн хүчин чадлаар нь хэрэгжүүлэх нь Монголын эдийн засагт томоохон түлхэц болох юм. Эдгээрийг би монголчуудын эдийн засгийн аюулгүй байдлаа баталгаажуулах нааштай алхмууд гэж харж байна. Монголын Засгийн газар эдийн засгаа солонгоруулах буюу төрөлжүүлэх талаар ярьдаг. Гэхдээ ихэнх баялаг нь байгалийн баялаг байгаа
учраас эрдэс баялаг, уул уурхайн салбараа зөв хөгжүүлэхээс олон зүйл шалтгаална.
–Манай гуравдагч хөрш гэгддэг орнууд эхнээсээ уул уурхайн салбарын төслүүдэд хамтрах саналаа хүргүүлчихээд байгаа. АНУ–ын хувьд тухайлсан ямар салбарт хамтран ажиллах сонирхол, хүсэл байгаа вэ. Зарим компаниуд оффисоо нээчихээд байдлыг хүлээж суугаа гэсэн яриа ч байдаг?
-Монголын түншүүдтэйгээ хамтран ажиллах хүсэл Америкийн компаниудад байгаа. Гэхдээ хамгийн шилдэг үйл явц бол нээлттэй тендерийн үйл явц байдаг гэдгийг онцолж хэлэхийг хүсэж байна. Засгийн газар нөхцөл байдлыг тодорхойлж, хэрэгцээ шаардлагаа ил тод зарладаг. Харин компаниуд хэрэгцээг нь ямар арга замаар хангах вэ гэдэг талаар бизнесийн саналаа тодорхой илэрхийлж өрсөлдөх ёстой. Тендерийн үйл явц нээлттэй, шударга байдлаар явагдах тохиолдолд Тавантолгойд тэргүүлэх үүрэгтэйгээр оролцох сонирхолтой байгаа “Пибоди” зэрэг Америкийн компаниуд өөрсдийн давуу талууд дээр тулгуурласан санал буюу шилдэг технологийг тааламжтай үнээр оруулж ирэх, Монголд юу авчирч болох тухай саналаа тавих боломжтой юм. Гэхдээ Тавантолгойд АНУ-ын ямар нэг компанийг оруулах нь бидний найрамдал, найрсаг харилцааны үнэ цэнэ, төлөөс гэж хэлэх гээгүйг энд тодотгоё. Харин бүх тоглогчид адил тоглоомын дүрмээр тоглосон цагт АНУ-ын баг ялах боломжтой гэдгийг л хэлж байгаа юм.
–Сүүлийн үед “гуравдагч” ба “анхдагч” хөршийн бодлогын талаар та нэлээд дурдаж байгаа нь анзаарагдаж байна л даа. Гуравдагч хөршийн бодлого бидэнд үнэхээр чухал уу?
-Би энэ талаар надаас илүү хариулчихсан нэг монгол хүний үгийг иш татмаар байна л даа.
Монгол хүн өөрөө ингээд хэлчихсэн байхад би нэмж хэлэх нь илүүц болов уу.
–Та Монголын эдийн засгийн нөхцөлийн талаар баталгаатай бат бэх үндэс суурьтай гэж гадны хөрөнгө оруулагчдад хэлдэг талаараа нэгэн ярилцлагадаа дурдсан байсан. Өнөөгийн нөхцөл байдалд тэд тантай хэр санал нийлж байгаа бол?
-Манай элчин сайдын яам Монгол Улсын боломж чадавхийг ойлгодог компаниудаас мэдээлэл, асуулт тавьсан хүсэлтүүдийг хүлээж авсаар байгаа. Бат бэх үндэс суурь бий эсэх дээр маргаан байхгүй гэж би итгэдэг. Харин хөрөнгө оруулагчдын асуудаг зүйл нь богино хугацааны нөхцөл байдал буюу одоо Монголд яг юу болж байна, хууль тогтоомж, дүрэм журам нь тогтвортой байна уу, баталсан хууль дүрэм нь амьдрал дээр яаж хэрэгжиж байна вэ, бүх хүмүүст ижил тэгш үйлчилж байна уу гэдэгт л анхаарлаа хандуулдаг.
–Хөрөнгө оруулагчид биднийг сонирхож байсан алтан үе өнгөрсөн гэж ярих нь бий. Дайжаад явчихсан хөрөнгө оруулагчдыг эргэж татахын тулд хамгийн эхлээд юуг хийвэл зохилтой вэ?
-Одоогийн байдлаар шийдвэрлэгдээгүй байгаа зарим асуудлууд байгаа. Тухайлбал, шүүхийн шатандаа яваа гадаадын иргэд холбогдсон хэргүүд байна. Мөн эрх нь цуцлагдсан 106 лицензийн гээд асуудлууд байна. эд бүгдийг яаж шийдэхийг гадны хөрөнгө оруулагчид харж байгаа. Засгийн газар тэдгээрийг шийдвэрлэх нь чухал ач холбогдолтой алхам болох юм. Мөн хууль тогтоомж тогтвортой хэрэгжих эсэхийг анхаарч байна. Хийсэн гэрээ хэлэлцээр дараагийн нэг өдөр хамаарахгүй болчихдог байх вий гэдгээс хөрөнгө оруулагчид болгоомжилдог. Түүнчлэн дээр хэлсэн Ил тод байдлын гэрээг УИХ-аас соёрхон баталбал Их Хурал, Засгийн Газар нь гадны хөрөнгө оруулагчдад хууль, эрхзүйн орчноо нээлттэй, ил тод болгохын төлөө байгаа гэсэн дохиог тэдэнд өгч чадах юм.
–Та хаа явсан газраа инээд цацруулж явдаг хүн. Өнөөдөр энгийн үе шигээ инээж харагдахгүй байх чинь. Миний асуулт танд таалагдсангүй юу эсвэл Монголд ирсэн хоёр жилийн хугацаа таныг өөрчлөв үү?
-Танд тэгж санагдлаа гэж үү. /инээв/ Бидний өнөөдрийн ярилцлага маань улс төрийн тусгаар тогтнол, эдийн засаг, хүн ардын сайн сайхан амьдрал гээд нарийн ширийн асуудлуудыг хөндөж ярилцсан учраас нухацтай хариулах шаардлагатай байлаа. Чухал сэдвээс нухацтай яриа үүсдэг шүү дээ, тийм л учиртай. Надад Монголд ажиллах маш их таалагдаж байгаа. Энд би аз жаргалтай байгаа шүү.
–Та дээр хэлэхдээ хөрөнгө оруулагчид Монголын тухай мэдээллийг байнга хүсч, асууж байдаг гэж хэлсэн. Улс төрийн тогтворгүй байдал, эсвэл Засгийн газрыг огцруулах тухай ээлжит мэдээлэл хөрөнгө оруулагчдын санааг хэр түгшээдэг бол?
-Ямар нэг мэдээлэл гарах бүрийд хөрөнгө оруулагчид Элчин сайдын яамны саналыг асууж, мэдээлэл хүсч байдаг. Бидний зүгээс тэдэнд Монгол Улс аюулгүй байдлаа хангасан, тогтвортой орон гэдгийг хамгийн түрүүнд хэлж байдаг. Хөрөнгө оруулагчид аль ч улсын хувьд улс төрийн нөхцөл байдлын талаар нарийн ширийн мэдээлэл асууж хүсэх нь зүйн хэрэг юм.
–Танай яамны албаны хүн манай зарим хуулийн заалтад хувийн компанийн хөрөнгийг төрийн ажилд дайчилж болно гэх мэт хэт нийгэмчилсэн заалтууд байдагт хачирхаж байгаагаа илэрхийлсэн. Үнэхээр та бүхний хувьд ойлгоход хэцүү, пост коммунист орны иргэдэд нэг их хачирхал төрүүлдэггүй зүйлс байдаг уу?
-Манай Элчин сайдын яамнаас Ил тод байдлын гэрээний ач холбогдлыг цохон тэмдэглээд байгаагийн нэг шалтгаан нь одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиуд болон төсөл хэлбэрээр байгаа хуулийн төслүүдийн орчуулгыг харахад хоёрдмол утгатай, эргэлзээ төрүүлэх зүйл олон байдаг. Заримдаа нэг хуулийн хэд хэдэн албан бус орчуулга ч явж байдаг. Өчигдөр л гэхэд Монголын нэг хуулинд хэрэглэсэн тодорхой нэр томьёо яг ямар утгатай болох тухай монгол, америк хоёр хүн ярилцаж байхыг би сонссон. Өөр өөр улс орны хүмүүсийн хувьд санал зөрөлдөх, асуудалд өөрөөр хандах зүйл байж л таарна. Харин үгийн утга дээр санал зөрөлдөх, буруу ойлгогдох зүйл байж болохгүй гэж би хувьдаа боддог.
–Та морь унах хоббитой нэгэн. Монгол бол морины эх орон. Бас монголчууд хүндтэй зочиндоо морь бэлэглэдэг. Та энд ирээд морь их унаж байна уу, морь бэлгэнд авав уу?
-Тийм ээ, би морь унах дуртай. Хөдөөгүүр ажлаар явах үедээ морь унах боломж надад гардаг. Саявтархан Дорнод,Төв аймгуудаар явах үеэрээ морь унасан. Монголд ирээд морь унахаас гадна би анх удаа тэмээ унаж үзлээ, их таалагдсан. Бэлгэнд мориноос гадна тэмээ ч авсан шүү.