Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал улс-төр

Төр төмбөгөр, ёс ёмбогор гэж хэлэлцдэгсэн DNN.mn

Өдрийн сонины 2010 оны архиваас………………….


Олон улсын нисэх буу­дал  дээр ирсэн, явсан гийчдийн хөдөлгөөн тас­рахгүй. Тэнд Монгол Улсын дархан хил бий, уул нь. Гэвч түүнийг хэн дуртай хүн нь наашаа цаашаа гатчин гүйх нь сэтгэл эмзэглүүлнэ. Саяв­тар “Эйр чайна”-гийн  онгоц буусны дараа хэн нэгэн хүн их л чухал ца­райлан ямар нэгэн бичиг үзүүлээд хилийн зурвас руу орж явчихав. Удсан ч үгүй нэгэн хүнийг дагуулан  гарч ирлээ. Бүхий л бичиг баримт ачаа зэрэгт нь шууд л штамп даруулан, хил гаалийн ажилт­нуу­дыг бөндөгнүүлж бай­гаад ямар ч шалгалтгүй гарч одлоо. Тэр эрхэм хүрч ирж байгаа гийчнээ их л чухал хүн гэж хараг­дуулах аж. Түүний зэрэг­цээ өөрийгөө бүүр ч мун­даг эрх мэдэлтэй, маш аймаар чухал хүн, энэ улсдаа дийлцэн “гар” гэдгээ гайхуулах аж. Харин ямар ч байсан тэнд ажилладаг  хүн л лав биш байсан юм. Хил гаалиар нь хэн нэгэн хүн танилаа дагуулаад гарчихдаг ул­сын хил  гэж байдаг уу. Хэн дуртай нь танил та­лаа­раа гайхуулан ноолж байдаг төр гэж байх уу.  Хил гаалиар орж гарах нь зарим хүнд сумын тө­вийн­­хөн контортоо орж гарч байгаа мэт л зам­бараа муутай байх юм. Ажил­тайхан сумын­хан ч ингэж хэн дуртай хүнийг кон­тор­тоо шавуу­лаад байхгүй. Үүнийг тэгээд улсын хил гэх үү. Ийм хил гаальтай орныг тусгаар улс гэх үү. Хэн дуртай нь бүүр эрэн сурвалжлагдаж байсан хүн нь хүртэл нисэхээр гараад явчихаж байдаг орон байдаг юм уу гэх зэргээр бодож үзмээр болж дээ. Дээр нь га­даадаас ирж байгаа зо­чин гийчдийг хэдэн хал­тар хэр үнэртүүлсэн так­синий жолооч нар л шүлсээ үсчүүлэн угтах юм. Айлын өнгө үүд­нээ­сээ байдаг биш билүү. Үүнийг арай дээр хүний ёсонд дөхүүлэн зохион байгуулж болохгүй юу гэх зэрэг асуудал мөн ч их байх юм даа. Бүхий л юман дээр ийм дампуу маягтай байдаг биднийг ямар ч тусгаар орон гэх вэ дээ. Уул нь өвөг дээдэс “Төр төмбөгөр, ёс ём­богор” хэмээн хэлэлц­дэгсэн. Төрт ёс гэдэг бол хүчгүй ч хүчтэй мэт ха­рагддаг, нууцгүй ч нууц­тай мэт байдаг, хэн ч халдаж үл зүрхлэм сүр хүчний бэлгэдэл байдаг биш үү.

Ж.САНДАГДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө самар түүхийг хориглоно DNN.mn

Хуш модны самар түүж бэлтгэх хугацаа болоогүй, болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг Нийслэлийн байгаль орчны газраас анхаарууллаа. Түүнчлэн зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самар түүх, бэлтгэх, худалдан борлуулах зөрчил гаргасан иргэд, хуулийн этгээдэд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу арга хэмжээ авах юм байна.

Болц гүйцсэн боргоцой нь аравдугаар сараас эхлэн газарт унаж эхэлдэг ба журмын дагуу иргэд ахуйн зориулалтаар 50 кг хүртэл хэмжээтэй самрыг нэг кг тутамд 1000 төгрөгөөр тооцон төлбөр төлж, тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авсны үндсэн дээр аравдугаар сарын 20-ноос эхлэн түүх боломжтой юм.

Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн санал, дүгнэлтийг үндэслэн ойн дагалт баялгийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дээд хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр тухайн оны аравдугаар сарын 5-ны өдрийн дотор тогтоодог аж. Хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүх, их хэмжээгээр зүй, зохисгүй бэлтгэх нь ой хортон шавжид нэрвэгдэж ургалтгүй болох, экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж улмаар самраар хооллогч шувуу, мэрэгчид болон амьтдын хүнс тэжээлд сөргөөр нөлөөлөх гол шалтгаануудыг үүсгэдэг. Самраа өгч буй хуш мод байгальд 50 гаруй жил ургасны дараа болцоо өгч эхэлдэг байна. Гэсэн ч хүний буруутай үйлдлээс болж гэмтсэн мод дахин ургах боломжгүй болох аюултай. Өөрөөр хэлбэл, самрын болц гүйцээгүй байхад түүхийгээр нь түүх гэж модыг хүчээр цохиж гэмтээснээр насжилтыг нь 30 гаруй хувиар бууруулдаг байна. Ойд 140 гаруй жил наслах ёстой байсан нэг хуш модыг гэмтээснээр ердөө 100 орчим жил насална. Энэ нь байгаль орчинд асар их хохирол дагуулж буйг албаны хүмүүс хэлж байгаа юм.

Мөн иргэдээс байгаль орчны эсрэг зөрчлийн шинжтэй мэдээллийг Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303 дугаарын утсанд болон байгууллагын фейсбүүк хуудасны чатаар авч ирүүлсэн мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж эргэн мэдэгдэж байгаа гэв.

Categories
мэдээ цаг-үе

Дараах авто замуудыг хааж, шинэчилнэ DNN.mn

Хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор авто замуудын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж буй. Гэхдээ төлөвлөгөөт зам засварын ажлууд хэвийн үргэлжилнэ гэдгийг албаныхан мэдээлсэн. Ирэх Даваа гаригаас хаах замуудын мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, Цэрэнноровын гудамжны авто замыг наймдугаар сарын 26-ны өдрийн 23:00 цагаас 29-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд хааж, шинэчилнэ. Тус авто замыг асфальт бетоноор хучих бөгөөд инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах, тэмдэглэгээг хийх аж.

Мөн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Г.Чагдаржавын гудамж буюу Энхтайваны өргөн чөлөөнөөс Элчингийн гудамж хүртэл авто замыг наймдугаар сарын 24-ний өдрийн 23:00 цагаас  26-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Categories
мэдээ цаг-үе

Орон нутгийн дугаартай автомашин хотод таксинд явбал хураамж төлнө DNN.mn

Ирэх сарын 1-нээс эхлэн орон нутгийн машин нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоногт тутамд таван мянган төгрөг төлөх шийдвэр гараад буй.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төслийг бид өнгөрсөн намар УИХ-аар батлуулсан. Уг хуулийн хүрээнд зарим нэг захиргааны шийдвэрүүд гарахаар хуульчлагдсан. Орон нутгийн дугаартай машин хотод 48 цагаас илүү зорчсон тохиолдолд хураамж авна гэдэг зохицуулалт ирэх есдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлнэ.

Улаанбаатар хот Монгол Улсын нийгэм, эдийн засгийн төв учраас хөдөө орон нутгаас хот руу чиглэсэн урсгал маш их. Тухайлбал малчид мал болон малын гаралтай түүхий эд, мах, махан бүтээгдэхүүн борлуулах, бизнес эрхлэгчид бараа татах зэрэгт энэ зохицуулалт үйлчлэхгүй. Харин хөдөө орон нутгаас орж ирээд машинаараа такси үйлчилгээ эрхэлж буй иргэдэд үйлчилнэ. Такси үйлчилгээ эрхэлж болно. Гэхдээ түгжрэлд оруулж буй нөлөөллийг нь бууруулах үүднээс энэ зохицуулалтыг хийж байгаа.

Бид цаашид түгжрэлийг бууруулах үүднээс хиймэл оюун ухаанд суурилсан камерын нэгдсэн системийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүний гол зорилго нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй үйлдлийг бууруулахад чиглэнэ. Хотын авто замын сүлжээг нэгдсэн хяналтад оруулж байгаа гэж ойлгож болно. Мөн татвар, торгуулиа цаг тухайд нь төлөх соёлыг нэвтрүүлэх зорилготой юм” гэлээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Баярлалаа DNN.mn

Хэн нэгнийг баярлуулж үзээгүй хүн гэж байдаггүй. Өөрөө мэдсэн, мэдээгүй бусдад талархах сэтгэд төрүүлнэ гэдэг бахархам сайхан.

Өглөө ээж хүү хоёр урд алхаж явсан юм. Хоёр гурван л настай болов уу гэмээр хүүгийнхээ хаясан цаасыг өөрөөр нь авахуулах ээж “хогоо заавал хогийн саванд хийх ёстой”-г ярьсаар хоцорлоо. Хог хаядаггүй залуу үе өсөж өндийж байгаад сэтгэл өег алхлаа.

Автобусанд настай хүн орж ирэнгүүт ухасхийн босч суудал тавьж өгөх залуус олон юм. Нэг хэсэг сошиал орчинд “автобусанд настай хүмүүст суудал тавьж өгөх албагүй. Адилхан л ядарч  яваа шүү” гэсэн пост яваад байсныг олоод харчихсандаа дургүй хүрч явсан би нэг их сайхан урт амьсгаа авав. Ямар насаараа зогсоо яв гэсэн биш, хэдэн буудал газар зогсоод явахад асуудал байхгүй.

Зам дээр тогтсон борооны усны орчим гарахдаа жолооч нь машины хурдаа багасгаж байгааг харахад сайхан санагдана. Бороо орсны дараа замын хажуугаар алхахдаа бараг л усанд орчих шахдаг байсан үе бас байсан юм шүү.

Зам хөндлөн гарч байгаа хөл муутай нэгнийг дэмнээд гаргаад өгөх сэтгэлтэй хүмүүс үеийн үед байсаар байгаад талархана.

Ажил  руугаа алхдаг замыг минь цэв цэвэрхэн байлгадаг ажилсаг тэр нэгэн танихгүй ТҮК-ийн хүнд өглөө бүр баярладаг.

Жижиг гэлтгүй ийм үйлдлүүд биднийг амьдралыг гэрэлтүүлж байдаг. Тус хүргэсэн хүн нь ч, тусыг авсан нь ч, түүнийг харж байсан хөндлөнгийн хүмүүст ч нэг тийм баярлам дулаахан мэдрэмж төрдөг. Ийм мэдрэмжтэй хүмүүс дараа нь өөрийн эрхгүй бусдад туслан гэрэл түгээж байдаг.

Баярлалаа, муу муухай, болохгүй бүтэхгүй гэсэн бараан бүхний дундуур чив чимээгүй шургалан орж, эерэг дулаан болгож байдаг чин сэтгэлтэй та нартаа.

Д.Оюунтуяа

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Хангай аваргын дүү О.Тамир: Ашиг гэхээсээ илүү аавынхаа хөдөлмөрийн үр шимийг намар болгон ард түмэндээ амтлуулдаг нь л сайхан DNN.mn

Намрын эхэн сар шувтрах дөхөж байна. Энэ үе бол тариаланчдын хувьд онцгой цаг. Хавар, зуны хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, тарьсан ногоо, ургуулсан жимсээ хураан авна. Нийслэл хотод байгаа ихэнх хүнсний зах, худалдааны төвүүдэд шинэ ургацын жимс, ногоо лангуу дүүрэн зарагдаж байна. Мөн нутаг нутгийн брэнд болсон бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийнхээ гарт хүрсээр байгаа. Тэр дундаа Ховд нутгийн брэнд жимс тарвасыг 1500 км-ийн алсаас Улаанбаатар хотыг зорин ирж борлуулдаг олон хүмүүс бий.

Тэгвэл энэ удаагийн “Өдрийн сурвалжлага”-аараа бид Ховдын тарвасыг намар болгон Улаанбаатар хотод авчирч нийслэлчүүдэд амтлуулдаг Монгол Улсын аварга О.Хангайгийн тарвас борлуулж байгаа цэгээс бэлтгэлээ. Бидний сайн мэдэхээр Сансарын ШТС-ын чанх урд амтат гуаны өнгөтэй ачааны том автомашин зогсож байна. Энд О.Хангай аварга аавынхаа тарьсан тарвасыг ачин ирж саяхнаас зарж байгаа аж.

Тарвас ачсан автомашины хажууд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нааш цааш холхиж, шуудайтай тарвасаа эргүүлж тойруулан, зарим шуудайнаас ганц, хоёр бондгор тарвас гарган ирж, жинлээд хүмүүст зарж байв. Биднийг очиход эмэгтэй нь мэнд асууж, төмөр саваар дүүрэн зүссэн тарваснаасаа амсууллаа. Амт гэж ёстой ванлий. Шүүслэг, чихэрлэг амттай. Нэг зүсмийг идээд л өөрийнх эрхгүй дахиад нэгийг гартаа барьчихсан зогсоно. Тарвасаа амтлах зуураа ямар учиртай яваагаа хэллээ. Бидэнд тарвас өгсөн энэ залуухан эмэгтэй О.Хангай аваргын төрсөн дүү ажээ. Харин цаана шуудайтай тарвас өргөн зогсож байсан залуу аваргын хүргэн нь гэв. Танилцаад аварга хэзээ ирэхийг асуулаа. Аваргын дүү “Ах хөдөө явж байгаа. Бид хоёр аавынхаа тарвасыг зараад зогсож байна” гэлээ. Бид хэдийг танилцах зуур хэд хэдэн хүн ирсний ихэнх нь “Энэ О.Хангай аваргын тарвас мөн үү. Фэйсбүүк дээр тавьсан зарыг хараад ирлээ.

“Тарвас авъя” гэх зэргээр асууж байв. Авто зам дагуу зогсон зарж байгаа болохоор замаар өнгөрсөн хүмүүс “Хаанахын тарвас вэ” гэж асууна. Хариуд нь хүргэн нь “Ховдын Буянтынх. О.Хангай аваргын тарвас шүү” гэж байна. Үүнээс харахад хэдэн арван тонны даацтай энэ том автомашинд ачсан тарвас хэдхэн хоноод л дуусах бололтой.

УРДААС ОРЖ ИРДЭГ БОРДООТОЙ, ХЭЗЭЭ Ч МУУДДАГГҮЙ ТАРВАСЫГ ЮУ Ч БОЛООГҮЙ ИДДЭГ АТЛАА ЭХ ОРНЫХОО ХӨРСӨНД УРГАСАН, ХҮНСЭЭ ХЭРЭГЛЭХДЭЭ АМ МУУТАЙ БАЙЖ БОЛОХГҮЙ

Бид танилцаад О.Хангай аваргын дүү О.Тамиртай тарвасны борлуулалт ямар байгаа талаар ярилцлаа.


-Танайх хэдэн жил тарвас тарьж байгаа вэ. Мэдээж сумын төвөөсөө холгүйхэн тарьдаг байлгүй?

-Ах маань одоо 34 настай гэхээр манайх бараг 30 орчим жил тарвас тарьсан юм уу даа. Аав маань Ховд аймгийн Буянт сумаас холгүйхэн байдаг Захын гуу хэмээх үржил шимтэй сайхан газар тарьсаар ирсэн.

-Анх тарвасаа өөрсдийнхөө хэрэглээнд зориулж тарьж байсан байх. Яваандаа хаана эхэлж борлуулж, эдийн засгийн эргэлтэд оруулж байсан бол оо?

-Тэгэлгүй яах вэ. Анх бид өөрсдийнхөө хэрэгцээнд зориулж тарьдаг байсан гэдэг. Улмаар том талбайд тарьдаг болж, ахиу ургац авдаг болсноор сумандаа болон аймаг руу оруулж зардаг болсон. Манай тарвас хэзээний л амт, чанар сайтай гэдгээрээ нутгийнхандаа танигдсан болохоор зарж, борлуулахад хүн авахгүй гэсэн асуудал огт байгаагүй.

-Хэзээнээс Улаанбаатарт борлуулах болсон юм бэ?

-Удаагүй байх аа. Сүүлийн таван жил л намар болгон тогтмол оруулж ирж борлуулдаг болсон доо.

-Одоо нийслэлчүүд ч гэсэн “О.Хангай аваргын тарвас” гэдгийг андахгүй мэддэг боллоо шүү дээ. Намарт ер нь хэчнээн хэмжээний тарвас авчирж зарж байна вэ?

-Манайх хот руу оруулж ирж зарж байгаа нь жилд дунджаар 20-30 тонныг л авчирдаг. Энэ жилийн тухайд гэвэл бид 25 тонн тарвастай ирсэн. Хэд хоногийн өмнө ТЭЦ-IV дээр зогсоод 10 гаруй тонныг зараад дууссан. Харин саяхан энд ирээд үлдсэн тарвасаа зарж байна. Манайх тарвасаа энэ сарын эхээр хурааж авсан. Тэгээд наймдугаар сарын 10-ны үеэр хот руу оруулж ирсэн дээ.

-Тарвасны сорт, үр янз бүр байдаг байх. Танайх тарьдаг үр, сорт нь ямар байдаг вэ?

-Болц, хоногоосоо шалтгаалаад мэдээж маш олон төрөл бий. Тэр дундаас манайх хар ногоон өнгийн тарвасыг голцуу тарьдаг. Энэ бол улаан бухт гэдэг үр, сорт. Яагаад энэ сортыг тарьдаг гэхээр хэд, хэдэн онцлогтой. Нэгдүгээрт, зузаан бат бөх хальстай учраас хол замд тээврийн ачлага сайн даадаг. Мөн амттай, шүүслэг байдаг.

-Хэдий үеэс үрээ суулгаад ямар хугацаанд гүйцэт болоод хурааж авдаг юм бол?

-Манайх хавар тавдугаар сарын сүүлээр буюу 20-д гаргаад л үрээ суулгадаг. Ингээд намар наймдугаар сарын эхээр буюу 10-ны үеэр ургацаа хураадаг. Аав маань 30 гаруй жилийн өмнөөс л тарвас тарьж эхэлсэн. Тэр үетэй өнөө үеийг харьцуулбал тарвас тарих технологи, арга барил илүү сайн хөгжсөн. Тухайлбал, хүлэмжинд үрслэгээгээ хийгээд ургуулдаг. Бага зэрэг навч ургасных нь дараа хөрсөнд нь суулгадаг. Ийм аргаар тарвас тарихаар болц нь хурдан явагддаг. Өөрөөр хэлбэл, иймэрхүү арга технологиор тарьсан тарвас намар эрт ургацаа өгдөг. Үүнийг зарим хүмүүс янз бүрийн бордоо хэрэглээд эрт ургацаа авч зараад байна гэж ойлгодог. Үнэндээ тийм биш. Энэ бол маш буруу ойлголт. Эрт хураах эсэх нь бордоотой хамаагүй. Цэвэр тариаланчдын хөдөлмөр, тарьж буй арга, технологиос хамааралтай. Тарвасаа ер нь халуунд сайн ургадаг. Тиймээс хүлэмжинд тарихаар эрт ургацаа өгнө гэсэн үг.

-Танайх энэ жил хүлэмжинд тарьсан уу, эсвэл задгай талбайд тарьсан уу?

-Манайх ил талбайд тарьсан.

-Энэ жилийн тухайд Ховдын тарвасны амт чанар ямар байна. Жил болгон өөр өөр амттай гардаг гэж байсан?

-Энэ жилийн хувьд манай нутгийн тарвас маш их шүүслэг, амттай гарсан. Нэг асуудал энэ жилийн ургац хураалтад нөлөөлсөн гэсэн. Тэр нь зарим талбай, зарим газраар наадмын үеэр хүчтэй мөндөрт цохиулсан. Буянт суманд олон газар олон хүмүүс тариалалт хийж байгаа. Зарим газар нь мөндөр маш хүчтэй ороод тарьсан тарвас нь гадна талаараа нэлээд их цоохор, цайвар өнгөтэй болсон. Үүнээс болоод Ховдын тарвас энэ жил бордоотой байна гэж буруу ойлгосон хүмүүс их байсан. Энэ бол тийм биш. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнөөс болж зарим хүмүүс тарвасаа ийм болгосон нь тэр хүмүүсийн буруу огт биш шүү дээ.

-Эдийн засаг талаасаа тарвас борлуулах нь ашигтай байна уу?

-Ашигтай байж л жил болгон хот руу тарвас ачин оруулж ирдэг олон хүмүүс байгаа байх. Ер нь жил жилийнхээ ургацнаас л шалтгаалдаг болов уу. Зардлаа ямартай ч нөхдөг. Мэдээж тодорхой хэмжээний ашиг олдог. Гэхдээ бидний хувьд ашиг харж эсвэл ашгийн төлөө тарвасаа борлуулдаггүй. Ашигтай ажиллалаа гэж баярлахаасаа илүүтэйгээр 30 гаруй жил Ховдынхоо тарвасыг тарьж байгаа аавынхаа хөдөлмөрийн үр шимийг намар болгон ард түмэндээ амтлуулдаг нь л бидний хувьд хамгийн сайхан нь. Аав маань хэлдэг. “Хүн хөдөлмөрлөж л байвал юуны төлөө амьдарч байгаагаа ойлгоно” гэж. Нөгөөтэйгүүр хөдөлмөрийнхөө үр шимийг амтлах шиг сайхан зүйл хаана ч байхгүй юм болов уу гэж боддог. Энэ хөдөлмөрийн үр шимийг мөнгө, ашгаар үнэлэшгүй л дээ. Нөгөө талдаа Ховд нутгийн маань брэнд. Энэхүү брэндийг бид л өргөж явна. Улс даяараа Ховдын тарвас гэж магтан ярьдаг. Энэ сайхан хүндэтгэл, итгэлийг бид хөсөрдүүлэх ёсгүй. Харин ч улам баяжуулж, илүү сайныг, хамгийн чанартайг нь ард түмэндээ хүргэхийг зорьдог. Бас нэг зүйлийг онцлон хэлмээр байна. Урдаас орж ирдэг бордоотой, хэзээ ч мууддаггүй тарвасыг юу ч болоогүй иддэг атлаа эх орныхоо хөрсөнд ургасан, эко, эрүүл хүнсээ хэрэглэхдээ ам муутай байж болохгүй. Олон мянган тонн тарвасыг олон хүмүүс өөр өөрийн гэсэн арга барилаар тарьж, ургуулж байгаа. Энэ олон дунд сайнтай, муутай зүйл байна шүү дээ. Ховдынх гэхээр бүгд гоё амттай, чанартай байна гэж бодож болохгүй. Эсвэл ганц нэг хүмүүсийн тааруу ургацыг нийтээр нь муу юм шигээр ойлгох нь буруу л гэж боддог.

-Намрын ид ургац хураалтын үеэр эвсэл хавар тариалалтын үеэр аварга аавындаа очиж тус, дэм болдог байлгүй?

-Агаа тусалдаггүй юм өө (инээв). Гэхдээ ах маань хэдэн жилийн өмнө бол тусалдаг байсан. Одоо ч өөрөө завгүй учраас тэр болгон очоод тус хүргэх нь ховор л доо. Ахын хамгийн том тус бол зарж борлуулах, маркетинг талдаа шүү дээ. Хаана ч очоод зарахад “Аваргын тарвасыг авахаар ирлээ” гээд хүмүүс авдаг. Олон жил тасралтгүй авдаг хүмүүс ч байна. Тэр болгонд ард түмэндээ талархдаг даа. Ах даа бас баярладаг. Ааваараа бахархдаг.

-Цаашдын төлөвлөгөө зорилго юу байна. Автомашинтайгаа ачиж оруулж ирээд нэг газар олоод зараад байх уу. Эсвэл томхон дэлгүүр байгуулах бодолтой байна уу?

-Ховдынхоо брэнд болсон тарвас, хүнсний ногоо, төмс, лууван зэргийг зардаг дэлгүүртэй болох бодолтой явдаг. Тийм том дэлгүүр биш ээ. Энгийн, цомхон дэлгүүртэй болъё гэж бодож байгаа. Гэхдээ хэзээ гэдгийг нь би сайн мэдэхгүй. Яваандаа болох л байх. Ховдын тарвасаас гадна “Ховдын шар төмс байгаа юу” гэж хүмүүс их асуудаг.

-О.Хангай аварга та бүхэн хар багаасаа л тарвас идэж өссөн байх. Ер нь тарвасны ач тус гэвэл та юу хэлэх вэ?

-Өглөө босоод л тарвас иднэ. Өлөн элэг дээрээ. Ингээд тарвас зараад өдөржин зогсохдоо тарвасаа иднэ. Тарвасаа идсээр байгаад хоол идэхээ мартчихдаг. Ус, ундаа авч уудаггүй. Ууя ч гэж боддоггүй. Янз бүрийн чихэр ч иддэггүй. Тарвас хүний эрүүл мэндэд асар их тустай. Ходоод гэдэс цэвэрлэнэ, зүрх судасны өвчинд болон бөөрөнд сайн. Олон амин дэм өөртөө агуулдаг. Яриад байвал олон талын ач тустай. Цус цэвэршүүлнэ гээд. Бидний эрүүл саруул өссөн, эр бяртай байгаа нь аавын маань тарьж ургуулсан амин дэмтэй тарвасны л ач тус болов уу гэж бодож байна.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр тахиа өдөр DNN.mn

2024.08.25 / НЯМ ГАРИГ

НАМРЫН ТЭРГҮҮН ХАР БИЧ САРЫН
ДОЛООН УЛААН ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР

Үс засуулвал: Өвчин ирнэ
Наран ургах, шингэх: 06.01-19.47
Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Уул

Аргын тооллын 8 сарын 25, Адъяа гараг. Билгийн тооллын 21, Гоё хүүхэн одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:01-19:47. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнодын тал нутгаар +3…+8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +10…+15 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +19…+24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +28…+33 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Н.Номин жолоодлогот загварын дэлхийн аваргаас хоёр дахь медалиа хүртжээ DNN.mn

АНУ-ын Манси хотод болсон нисэх загварын спортын жолоодлогот загварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Н.Номин мөнгө, өсвөр үеийнхний хөвгүүдийн ангилалд Д.Буяндорж хүрэл медаль хүртлээ.

Н.Номингийн хувьд ДАШТ-ээс хоёр дахь мөнгөн медалиа хүртэж байна.

Categories
мэдээ нийгэм

20-р сургуулийн урд хэсгийн автозамыг энэ сарын 26-29-ний хооронд хааж, засварлана DNN.mn

БГД-ийн 4 дүгээр хороо, Цэрэнноровын гудамж буюу 20-р сургуулийн урд хэсгийн автозамыг энэ сарын 26-ны 23:00 цагаас 29-ний 06:00 цаг хүртэлх хугацаанд хааж, шинэчлэхээр болжээ.

Тус автозамыг асфальт бетоноор хучих бөгөөд инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах, тэмдэглэгээг хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.