Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сонгуулийн санал авах ажиллагаа оройн 22:00 цаг хүртэл үргэлжилнэ DNN.mn

УИХ-ын сонгуулийн санал авах ажиллагаа оройн 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төв болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: Өнөөдөр, маргааш төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2024 оны зургаадугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

2024 оны зургаадугаар сарын 29-нөөс 2024 оны долоодугаар сарын 03-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд нутгийн зүүн хагаст, 30-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-р сарын 01-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр, 2-нд нутгийн баруун хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 29, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгаар сэрүүсэж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй DNN.mn

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр эхэллээ. Санал хураалтын өдөр бүх нийтээр амарна.

Бүх нийтээр амрах өдрүүдэд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Түрүүлэх бөх тэнгэр харж, цасаар тоглосон наадам DNN.mn

Монголчууд бидний төрт ёсны их баяр цэнгэл, үндэстний ялгарах нэгэн онцлог болох Эрийн гурван наадам хэдхэн хоногийн дараа болно. Энэ л өдрүүдэд монгол хүн бүрийн сэтгэл гэгэлзэж, өсөж төрсөн нутаг ус нь бодогддог байх. Мэдээж наадмаар хэн гэдэг бөх түрүүлж, Есөн хөлт цагаан тугаасаа адислаж, хэний хурдан хүлэг магнайдаа тоосгүй ирж, ямар аавын хүүгийн тавьсан сум цэцтэй байх тухай өөр хоорондоо ярилцдаг. Сэтгүүлч миний хувьд ч наадам дөхөхөөр бахархах, омогших нь арвидна. Анх таван настайгаасаа хойш хурдан морь унаж, их сургуулийн хуваарь авсан жилээ хүртэл нийт 13 жил дарцаг шиг хийссэн болохоор арга ч үгүй биз. Үсний найр, овоо тахилгаас эхлээд аймгийнхаа баяр наадамд хүртэл уралджээ. Түүнээс хойш ажил, мэргэжлийнхээ буянаар улсын баяр наадам, Геннист бүртгүүлэх “Монгол морь-3000” уралдааныг хүртэл сурвалжилсан байна. Мөн Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-6” наадмын азарганы уралдааны манлайлагчийн тугийг хүртэл барьж явжээ. Гэвч энэ олон наадмуудаас хоёрхон нь өдийг хүртэл санаанаас огт гардаггүй юм.

Төрөлх Хатгалынхаа дунд сургуулийн нэгдүгээр анги төгссөн жил. Бас ч гэж хэдэн жил морь уначихсан, ид хорхойтой явсан үе л дээ. Тэр жил Дархадын цэнхэр хотгор, Улаан-Уул суманд том наадам болох нь гэсэн сураг Эгийн голын эрэг хөвөөгөөр үерийн ус шиг хуйлрав. Нутгийн ах нь өөрийнхөө сумын бус Улаан-Уул сумын тэрхүү наадамд битүүхэн бэлдэж эхэллээ.

Ингээд долдугаар сарын 7-ны өглөө аль л хурдан хурц гэснээ авч, морины хүүхдүүдээ дагуулсан уяачид, битүүхэн ногт ганзагалсан бөхчүүд гээд 20 орчим хүнтэй нүсэр баг Дархадын хотгор чиглэн хөдөллөө. Цэнхэр хотгор нутаг руу машинтай бол ганцхан газраар л ордог билээ. Өлийн халзан давааны 13 овоонд өөрийн гэсэн бүхнээ даатган цааш тонгойгоод л Улаан-Уул сум руу орчихдог юм. Харин бид болохоор Өлхөн сайраа Хорьдол сарьдагийн даваагаар давлаа. Өвөлдөө цасанд боогдож, зундаа шавар ус ихтэй учраас үүгээр хэр барагтай машин давдаггүй. Морьтой бидэнд бол сэрүүхэн сайхан байлаа. Ингэж явсаар даваагаа даваад Арсайн голын сайр уруудна. Ус багатай жил гол нь сайр руугаа шургачихдаг учраас ихэнхдээ л хуурай байна. Нэг үерлэхээрээ харин “Болор цом”-ын эзэн Б.Мягмаржав ахын бичсэнчлэн ёстой л нэг “Ай саваа цэвэрлэнэ” дээ. Бид замдаа хонож, аажуу тайван явсаар 10-ны орой сумын ойролцоо очиж төвхнөлөө. Наадмын урьд орой хэзээний унтаж чаддаггүй болохоор эргэж хөрвөөсөөр үүрээр хэдхэн цаг унтаад л босов. Урдуураа Хорьдол сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан сүмбэрлэж, хойгуур нь битүү тайга дүнхийж, том, жижиг нуурууд цэлэлзэн байх хотгор нутгийн үзэсгэлэнг ээ.

Бага үдийн алдад хөгжим хангинаж, баяр наадмын нээлт боллоо. Өглөө эрт азарга уралдаад ирчихсэн учраас нээлттэй зэрэгцээд их насны морьд гараа руу хөдөллөө. Би сумандаа хэд хэд айрагдчихсан хээр морь унаж байсан юм. Гэвч морь, хүүхэд хоёр газар мэдэхгүйн гай гарсан уу. Эсвэл хээр морь тийм сайн байсангүй юу ямартаа ч 20 гаргаад орж ирлээ. Өөр унах морь байхгүй учраас томчууд дагаж бөхийн барилдаан үзэхээр боллоо. Уяач маань 100 төгрөгийн шилтэй ундаа, гурван хуушуур авч ирж өгсөн санагдана. Тэр үед баяр наадмын хамгийн сайхан нь энэ хоёр л байлаа. Гэтэл үдээс хойш хоёрын даваа эхлэх үеэр тэнгэр бүүдийж бороо ганц нэг хаяснаа цас болж хувирлаа. Гэвч наадамчин олон болдог л зүйл мэт энгийн тайван байсан нь одоо санаанаас гардаггүй юм. Хэсэгхэн хугацаанд цайртал орсон цас сүүлдээ шамарга болсон учраас аргагүйн эрхэнд бөхийн барилдааныг хэсэг завсарлаж билээ. Одоо л зургаан сард цас орлоо, зун цас орох нь дэлхийн дулаарал гэх мэт дөвчигнөл газар авчихаад байхаас биш манай Дархадын хотгорт наадмын өдөр цас орох нь бараг хэвийн үзэгдэл мэт байсан юм.

Түрүүлэх бөх тэнгэр харсан нь

Долдугаар ангиа төгсөөд нутагтаа очсон зун. Хүргэн ах дөнгөж л морьдоо барьж байсан үе л дээ. Гэтэл сумын наадмын өмнөхөн Чандмань-Өндөр сумын Хөхөө харуулын толгойг тахих наадам болов. Хөвсгөл далайн зүүн эрэг, Хөндийн даваанаас морьтой хүн хэдхэн цаг яваад л хүрдэг учраас ах бид хоёр ч тэр наадамд очсон юм. Гэхдээ энэ наадамд уралдах гэж биш, барилдах гэж очсон хэрэг л дээ. Овооны наадам учраас хүүхдийн барилдаан болж, түрүүлсэн хүүхдийг амьд хониор байлдаг байлаа. Тэр үед ах ч гэсэн цолгүй л болохоос сумандаа шаггүй барилддаг залуучуудын тоонд ордог байсан юм. Ингээд ах дүү хоёр бүртгүүлээд, хэн хэнийхээ захыг мушгиж суудаг ажилтай боллоо доо. Би жаахан тааруу мушгисан байж мэднэ. Учир нь ах дөрвийн даваанд тахим өгөв. Харин би үзсээр байгаад үзүүр түрүүнд үлдлээ дээ. Нөгөөх маань надаас биеэр жижиг, насаар дүү нөхөр байна. Тиймээс намайг зүүн талд нь гаргав. Ах ч гэсэн “Бариад ав. Чи түрүүлэхгүй бол өөр хэн байдаг юм” хэмээн хөөргөж байна шүү. Томчуудын барилдааны ах нарыг даган гарч, дэвж явахад улсын наадмын аварга, арслангууд л ийм байдаг болов уу хэмээн санагдана. Түрүү бөхийн бай болох халзан цагаан эр хонийг морин дээр яаж авч явна аа. Уг нь амьдаар нь авч очоод хониндоо тавьчихвал гоё доо гэх зэрэг элдэв юм бодогдоно. Гарлаа, дэвлээ, өрлөө дөө.

Учраа маань жижигхэн юм аа, зайлуул. Яас гээд хүмүүсийг өндөлзтөл, тэгсэн хэрнээ насаар дүү хүүхдийг зөөлхөн унагах вэ гэсэн шүү юм бодоод урагшаа нэг алхтал тэнгэр цэлийж байна шүү. Юу болсныг хэсэг ойлгосонгүй. Ичсэндээ тэр чигээрээ хүмүүс тартал хэвтээд баймаар болж байна.

Гэвч засуул ах ганцхан сугадаад босгоод ирлээ. Ахын хэлснээр бол би учраа бөх рүүгээ хөвчийн хүрэн баавгай аятай амьтан л нөмрөөд орсон гэж байгаа. Гэтэл өнөөх маань ухасхийгээд давхар хамчихсан юм билээ. Наадам тараад буцахдаа хоёул давааны оройд гарч, байнд ирсэн чанасан өвчүүг идэж, ах маань “Бөхийн бай гэсэндээ сайхан байна аа” хэмээн үе, үе инээгээд байж билээ. Харин мянган төгрөгөө би эгчдээ өгсөн юмдаг.

Насанд хүрсэн хүн хурдан морь унасан нь

Конкурс өгөөд их сургуулийн хуваарь авчихсан том хүн аймгийн төвөөс сумандаа буулаа даа. Хүргэн ах хул морины маань дэлийг сумалж засаад, талийгч аавын минь эмээлийг тохчихсон Холбооны өмнө хүлээж байна. Хоёр хоног ахынд сайхан амарч аваад 11-ний өглөө Хасгийн хаяаг зорилоо. Хатгалын морь барьдаг газар л даа. Наадам үзэх гэхээсээ илүү үеийн нөхөдтэйгөө нийлж дарвих бөөн хүсэл. Гэрээс хөдлөөд удалгүй л хүсэл хүслээрээ, бөөр бөөрөөрөө нэгдээд авалгүй яах вэ. Хэдий насанд хүрч, их сургуулийн оюутан болсон ч гэсэн нутгийн ах, эгч нараас бэргэнэ ээ, хөөрхий. Тиймээс худалдагч эгчийг шалж, бараг мөнгөөр зодож авсан ганц шил “Далай ээж”-ээ нандигнан өвөртөлсөөр үеийн хэдэн банди хойд уулын мод руу зүглэлээ. Гэтэл өнөөх цас шамарсан Улаан-Уулын наадамд морийг нь унаж байсан ах хүү амдаж ирлээ. Тэгээд зүүн аймгаас гайгүй хурдан азарган соёолон авч ирсэн ч гараан дээрээ булгиж, хүүхдээ унагаачихаад байна. Ахын дүү унаад өгчих гэж байна шүү. Уур ч хүрэх шиг. Өөрөөс нь өөрцгүй том хүнээр морио унуулах гээд байдаг хаашаа нөхөр вэ. Ингэж бодохоос цаашгүй инээж зогстол ах хүү өврөөсөө нэг “Далай ээж” үзүүлээд ирэхээр нь дахиад нэгийг авч өгье гэж байна. Гэтэл ханилж яваад нөхрөө гэгчээр найзууд ахын талд орж, надаар өнөөх соёлонг нь унуулахаар уухайлан дэмжлээ шүү. Ингээд хүч тэнцвэргүй байдалд удаан тэсэлгүйгээр бууж өглөө. Азарга, соёолон хоёр Хятадын дөрөлж тулж байж эргэдэг юм. Гараа хүртэл хүмүүсээс санаа зовоод соёолонгоо нэг хүүхдэд хөтлүүлчихээд өөрөө цагдаагийн машинд үсрээд суучихлаа. Гэвч ямар сул давхиулалтай биш, гараа дөхөөд мордлоо доо. Юуны тулд 13 дахь жилдээ уралдах гэж байгаа билээ дээ. Хүүхдүүдийг түрүүлж эргүүлж болохгүйг сануулж, цагдаа, морины комиссынхонд тусалж яваа дүр гаргаж байгаад арай наахнаас эргэлээ. Даанч өнөөх маань ёстой л уулын тал, талыг там болтол булгиад үлдчихлээ. Бөөн тоосонд үлдсэндээ шар хөдлөөд бараг уйлах нь ээ. Амыг нь хөрөөдөж тогтоогоод хэд сайн ташуур буулгасан чинь морьдын араас хөдөллөө дөө. Аргагүй хурдан юм аа. Нэг нэг, хэсэг хэсгээр нь идсээр яваад тархины хэд дээр ирээд наалдуулаад авлаа.

Гэвч хэтэрхий холоос хөөсөн учраас арван хэдээр барианы зурхай гишгэлээ. Харин намайг яг барианд орох мөчид наадамчдын дундаас нэг нь “Хөөе хөгшин толгой минь, морь битгий хөөгөөд байгаач ээ” хэмээн орилсон нь олны чимээ, хүүхдүүдийн гийнгоо, узелийн дууг давж байх шиг санагдаж билээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Саналын нууцлалыг хадгалж, хавтас ашиглахыг зөвлөлөө DNN.mn

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт эхэллээ.

Санал хураалт эхэлсэнтэй холбогдуулж Сонгуулийн ерөнхий хорооноос иргэд сонгогчдыг өөрийн саналын нууцлалыг хадгалахын тулд хавтас ашиглахыг зөвлөж байна.

Сонгогчид хоёр саналын хуудас бөглөнө. Нэг нь нам эвслийг дугуйлахаар, нөгөө нь өөрийн дэмжиж буй нэр дэвшигчийг дугуйлахаар хэвлэгдсэн. Сонгогчид илүү эсвэл дутуу тэмдэглэвэл таны санал хүчингүйд тооцогдоно.

Энэ жил улсын хэмжээнд 2.2 сая сонгогч 19 нам, 2 эвслээс нэр дэвшсэн дэмжигчдийнхээ төлөө саналаа өгнө. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу өчигдөр зөөврийн хайрцгаар санал авсан бол энэ сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд гадаад улсад суугаа иргэдийн саналыг авсан.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ-ын сонгуулийн санал хураалт орон даяар эхэллээ DNN.mn

УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиар 126 гишүүнийг сонгох санал хураалт өнөөдөр/2024,06.28/ улс даяар 07:00 цагаас эхэллээ.

Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Бүх нийтийн амралтын өдөр, автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Энэ удаагийн сонгуульд 19 нам, хоёр эвслээс 13 тойрогт 969, бие даан нэр дэвшиж байгаа 42 хүнээс иргэд сонголтоо хийнэ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Батхуяг: Хар тамхи худалдан борлуулсан этгээдэд оноох ялын бодлогыг чангатгах шаардлагатай DNN.mn

НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн зургадугаар сарын 26-ны өдрийг “Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр” болгож баталсан. Тус өдрийг 1987 оноос хойш 37 дахь жилдээ гишүүн орнууд тэмдэглэн өнгөрүүлж байна. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Гаалийн ерөнхий газар, Чингис хаан олон улсын нисэх буудал зэрэг байгууллагууд хамтарч хар тамхинаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг өчигдөр зохион байгуулав. Энэ үеэр Хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Б.Батхуягтай ярилцлаа.


-Мансууруулах бодис, хар тамхинаас урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

-Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэх болсон. Хар тамхитай холбоотой гэмт хэрэг нь хохирогчийн гомдлоор илэрдэггүй болохоор далд хэлбэртэй байдаг. Цагдаагийн байгууллагын зүгээс хэрэг илрүүлэлт сайжирсан. Нийлүүлэлттэй буюу мансууруулах бодис, хар тамхи худалдаж байгаа этгээдүүдтэй тэмцэх  хамгийн үр дүнтэй арга нь эрэлтийг үгүй болгох юм.Эрэлтийг бууруулах гол арга нь урьдчилан сэргийлэх ажил. Хүүхэд, залуус хар тамхины хор уршиг, сөрөг нөлөөллийн талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байна. Мөн сонсдог, үздэг урлаг соёлынхноос буруу үлгэр дуурайл авч, хэрэглэх сэдэлтэй болдог. Хэрвээ эрэлтгүй болчихвол нийлүүлэлт зогсох юм.

-Өнөөдрийн арга хэмжээнээс юуг онцлох вэ?

-Чингис хаан олон улсын нисэх буудал дээрх хараа хяналтыг улам чангатгах, мөн иргэд танихгүй хүнээс дайвар ачаа авахгүй байхыг хатуу анхааруулж байна. Мөн онгоцны бүхээгт үнэрч нохой ажиллуулах туршилт хийгдэж байна.

-Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо өсөх эрсдэлтэй байна уу?

-Саяхан Коломбын төлөвлөгөө байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дахь удаагийн хурал Монгол Улсад болж өнгөрсөн.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC), Америкийн DEA зэрэг газрууд урдчилан сэргийлэх ажлыг цагдаагийн байгууллага хийх нь үр дүн багатай гэж зөвлөдөг.

НҮБ-ын судалгаагаар хөгжил буурай орнуудын хар тамхи хэрэглэгчдийн тоо 2030 он гэхэд 43 хувиар өсөх эрсдэлтэй байгаа. Бид урьдчилан сэргийлэх ажил, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх тэмцлийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх хэрэгтэй.

Ялангуяа ЕБС-иудад дунд ангиас нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хэрэглэгч болохоос нь өмнө сэргийлэх хэрэгтэй байна. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яам, Эрүүл мэндийн яам урьдчилан сэргийлэх ажилд оролцох хэрэгтэй. Хар тамхинаас урьдчилан сэргийлэх ажлыг Боловсрол, Соёлын яам хийх нь илүү үр нөлөөтэй.

-Тус яамдын оролцоо ямар байх шаардлагатай юм бэ?

-Он гарснаас хойш 1822 насны хоёр хүн хүнд төрлийн өвчин намдаах эмийг зориулалтын бусаар мансууруулах зорилгоор ашиглаж нас барсан. Эмчийн жоргүйгээр олгодог зарим эмийг заавал эмчийн жороор олгодог эмийн жагсаалтад оруулах нэн шаардлагатай байна. Сонгуулиар улс төрийн намуудын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх талаар ярьж байгаа хүн ховор байна. Хар тамхины хэрэглэгчийн тоо тасралтгүй өсөн нэмэгдэх нь үндэсний аюулгүй байдал, хүн амын удмын сантай шууд холбоотой чухал асуудал юм. Америк улсад гэхэд жилд 100 мянган хүн хар тамхи, тайвшруулах үйлчилгээтэй эмийг зориулалтын бусаар мансуурах зорилгоор ашиглаж амиа алддаг гэсэн судалгаа бий. Эрүүл мэндийн яамнаас хүмүүс мансуурах гэж хэрэглээд байгаа жоргүй олгодог эмийг заавал эмчийн жортой олгодог болгох ажлыг хийх хэрэгтэй байна. Ингэснээр эрдэнэт хүний амийг аварч байна гэсэн үг.

-Ялын бодлого хэр үр дүнтэй байна вэ?

-Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүс 2-8 жилийн хорих ял шийтгэл хүлээж байна. Хэрэглэгч, донтогч болсон хүмүүст оногдуулах ялыг чангаруулах шаардлагагүй. Харин тэдгээр хүмүүсийг эмчлэх, нийгэмшүүлэх, донтолтоос ангижруулах ажлыг хийх хэрэгтэй. Харин мансууруулах бодис, хар тамхи худалдаалсан хүмүүст оногдох ял шийтгэлийг чангатгах ёстой. Учир нь мансууруулах бодис зарж борлуулсан этгээд шүүхээс хоёр жилийн хорих ял аваад, хэсэг хугацааны дараа магадлангаар ороод нэг жил хорих ял эдлээд суллагдчихдаг байх жишээтэй. Хамгийн гол нь олон жилийн ял шийтгэл өгөхдөө бус юм. Олон жилийн хорих ял шийтгэлтэй байвал худалдан борлуулах гэж байгаа хүмүүс айж, тэр үйлдлээ зогсооно. Хятад улсад гэхэд хар тамхи худалдан борлуулсан тохиолдолд шууд цаазаар авах ял шийтгэлтэй байдаг шүү дээ. Манайд хэрэгжиж байгаа ялын бодлого ийм хөнгөн учраас гэмт этгээдүүд айхгүй байна. Тиймээс хар тамхи худалдан борлуулсан этгээдүүдэд чиглэх ялын бодлогыг чангатгах шаардлагатай.

-Донтолтоос ангижруулах олон улсын стандарт эмчилгээ манай улсад байна уу?

-Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүс СЭМҮТ-д 10 хоногийн хордлого тайлах эмчилгээнд ордог. Олон улсын жишгээр бол хамгийн багадаа зургаан сарын хугацаатай д онтолтоос салах эмчилгээнд хамрагдах хэрэгтэй байдаг. Гэхдээ манай улсад олон улсын стандартад нийцэх эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлэх газар алга. Энэ салбарт хийгдэж буй санхүүжилт нь бага. Хар тамхинаас үүдэлтэй шарталт нь мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар архины шарталтаас 60 дахин илүү өвдөлттэй байдаг гэсэн. Хэрэглэгч болчихсон нэгэн хүүгийн ээж ярихдаа “Хар тамхины тунгаа хэтрүүлээд эмнэлэгт манай хүү өвчиндөө шаналаад үхэх дээрээ тулаад хэвтэж байсан. Эмчийн зөвлөснөөр нэг удаагийн тунг нь хэрэглүүлж тэр их өвдөлтөөс нь зайлшгүй салгах шаардлагатай байсан” гэж байлаа. Нийгэмд ил харагдахгүй ч ийм хүнд хэцүү нөхцөл байдалтай нүүр тулсан гэр бүлүүд байна.

-Яагаад өсвөр үеийнхэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байна вэ?

-Эцэг эхчүүд хар тамхийг зөвхөн цүнх дүүрэн мөнгөөр төсөөлөөд байна. Хар тамхийг ямар ч хүн аваад хэрэглэх боломжтой болчихсон шүү. Ажилтай, ажилгүй байх нь ямарч хамаагүй. Мөнгөтэй нь үнэтэй хар тамхийг, мөнгөгүй нь хямдханыг нь хэрэглэчихдэг болсон. Тиймээс эцэг эхчүүд өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах ёстой байна. Таны хүүхэд хэнтэй найзалж нөхөрлөж байна, ямар хүнээс үлгэр дуурайл авч байгааг нь хүртэл мэдэж байхад илүүдэхгүй. Урлаг соёлын зарим хүмүүс маш буруу үлгэр дуурайл болж байна. Хар тамхи худалдаалдаг хамгийн том бүс болчихсон Нью-Йорк хотод таны хүүхэд очлоо гэхэд хар тамхинд “үгүй” гэж хэлж чадах дархлаатай болсон байх хэрэгтэй юм.

-Үр хүүхдээ хар тамхинаас хол байлгахын тулд эцэг, эхчүүд юуг анхаарах ёстой вэ?

-Япончууд гэхэд хүүхдийг маш хөдөлмөрч хүн болгож өсгөхөд анхаардаг шүү дээ. Хөдөлмөрч хүнд тийм муухай хорт зуршилд зориулах цаг зав, хэрэглэх сэдэл ч төрөхгүй. Эцэг эхчүүд хүүхдээ дугуйлан, дамжаанд хамруулах, амьдралын зорилготой болгох хэрэгтэй байна. Гэрээсээ гараад чөлөөт цагаа зөв зүйтэй өнгөрөөх газартай байлгах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ төрлийн гэмт хэргийн хохирогч, хэрэглэгч болж дуусах аюултай.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр гахай өдөр DNN.mn

Аргын тооллын зургадугаар сарын 28, Сугар гариг. Билгийн тооллын 22, Могойг хүлэгч одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 04:56 цагт мандаж 20:55 цагт жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна DNN.mn

 Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +9…+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +13…+18 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +17…+22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28…+33 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 77 дуудлага бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нийт 2140 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1696, гэмт хэргийн шинжтэй 112 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 86 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 26 хэргийг нөхөн илрүүллээ.