Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

МҮОНРТ-ын удирдлагыг өөрчилж гурван намаас хүн томилох хэрэгтэй байна DNN.mn

Радио телевизийн 90 жилийн ой болж тэд маань хөл нь газар хүрэхгүй баярлаж байгаа биз ээ. Яг энэ үе буюу хүмүүсийн анхаарлыг татаж байгаа үед нь хэдэн үг хэлмээр байх юм. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз цаг үеэсээ мөн ч их хоцрогджээ. Үүний нэг тод жишээ л гэхэд Оросын ерөнхийлөгч В.Путины айлчлалд зориулж “Халх голын дайн” нэвтрүүлгийг бүтэн хоёр сарын турш тасралтгүй гаргалаа. Дайн гэдгээ сүүлдээ байлдаан гэх болсон юм уу даа.Нэвтрүүлгийн үеэр Цэргийн музейн тайлбарлагч “Халх голын дайнаар манай улс жаахан л газар нутгаа алдсан” хэмээн тайлбарлаж зогсох юм. Энэ юу гэсэн үг вэ. Сөөмхөн газрын төлөө ч цусаа харамлахгүй тэмцэлд хэмээн ухуулж, сэнхрүүлдэггүй биш билүү.

Гэтэл Монголын газар нутгаас бүхэл бүтэн Мана уул, Нөмрөгийн голын зүүн эргийг алдсан Халх голын байлдааныг Монголын тусгаар тогтнолын гол дайн мэтээр хоёр сар ухуулж байх юм. Угтаа “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэх өвгөдийн захиастай гэж хийрхээд байдагсан, юу болсон бэ гэж асуумаар. Бурхан газар гуйн ч гэж юу байхав дээ, өөрөө бүтээчихээд, дараа нь хэдэн малчнаас газраа өгчих гээд л явна гэж сэтгэх бол мөн ч далийж байгаа юм шүү.

Тэгээд ч Япон Монгол руу дайтах санаа огт байгаагүй юм биш үү дээ, шинээр илэрч байгаа баримт фактуудаас харж байхад. Нөгөө Гэндэн сайдын “Дуртайгаараа Япон Орос хоёр л байлдана биз” гэж байсан үнэн л юм байна. Манай радио телевиз Японы NHK телевизээс мөн ч их тусламж дэмжлэг авдаг байсан даа. Бараг тэрийгээ бодоод ичмээр юм, Японыг дайсан гэж сурталчилж байхдаа. Монголын ард түмэн бол хүнд үед тусалсан япончуудыг мартаагүй байгаа.

Газар нутгийн ямар ч маргаангүй цэвэр Монголын газар нутаг Мана уулаа бусдын гарт алдчихаад энэ нь ялалт, гавьяа мэтээр өнөөдөр ярьж сууна гэдэг ямар нүд халтирам үзэгдэл вэ. Үүгээрээ энэ телевиз Монголын гэхээсээ илүү Оросын суртал ухуулгын дуу хоолой болсон мэт харагдаж байна. “Шалихгүй ээ, багахан л газар нутгийг алдсан шүү дээ” гэж ухуулбал энхийн бус цагт хэн эх орныхоо төлөө амиа үл хайрлан тэмцэх юм бэ. Энэ үгээрээ Монголын залууст ямар дархлааг бий болгох гээд байна вэ.

Загас толгойноосоо эхэлж мууддаг гэдэг. Тиймээс энэ телевизийн удирдлага, зохион байгуулалтыг өөрчлөх цаг хэдийнэ болж. Учир нь өнөөгийн Монголын залуус тэс өөр болсон гэдгийг тэд мэдрэхгүй хоцрогджээ. Үзэгчдийнхээ үзэж харж, сонсож байгаагаас хэдийнэ хоцрогдсон, тоож харахааргүй контент их хийх юм.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиар “үндэсний соёл, урлаг, түүх, ёс заншил, уламжлалыг хүндэтгэх, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, хүрээлэн байгаа орчноо хамгаалахыг дэмжих” бодлого туссан байдаг.

Гэтэл ёс заншил, уламжлалыг сурталчилна гэхээр малын тухай, малчдын амьдралын тухай, бөөгийн тухай, нум сумны тухай, их сайндаа мөнгөн аяга, эмээл хийж байгаа тухай утга агуулгын хувьд хэтэрхий сонирхолгүй, уйтгартай нэвтрүүлэг гарах юм. Бидэнд тэгээд үүнээс өөр ёс заншил байхгүй хэрэг үү. Ямар сайхан жудагтай хүмүүс байсан тухай хийж болохгүй юү. Ийм юм л гол ёс заншил биз дээ. Вертуалжсан сошиал, дижитал зонхилсон ертөнцөд амьдарч байгаа орчин үеийн залуус тэр мал маллагааны тухай, чөдөр яаж зангидах тухай нэвтрүүлгийг чинь ойлгохгүй шүү дээ.

Өөрөөр хэлбэл, уйгаржин монгол бичиг байтугай кириллээр ч зөв бичиж чадахаа байчихсан өнөөгийн залууст Монголын нууц товчоог уйгаржин галигаар уншуулж бичүүлэхтэй л адил ойлгомжгүй зүйл. Ках гух гэсэн л юм уншигдана биз дээ.

МҮОНРТ-ийн редакцын бодлого, нэвтрүүлэг хэт хоцрогдчихоод байгаа нь контентоос нь ийн нэвт шувт харагдах боллоо. Дэлхийн контентуудын хажууд яая дээ гэж чамламаар харагдах юм. Уг нь техник технологийн хувьд шинэчлэгдэж орчин үеийнх болсон юм билээ. Ер нь контент хийхэд авьяас, сэтгэл, мэдрэмж, ур чадвар чухал. Өндөр чадвартай техник технологи шаардлагагүй гэдгийг дэлхийн олон сая блогчид, олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нотолж байна.

Хэвлэл мэдээллийн салбарт мобайл сэтгүүл зүй өнөөдөр хүчээ авч байна. Үнэтэй, нүсэр техник чирч явж байснаас өдөр тутмын мэдээллийг утсаараа хийчихэж болж байна шүү дээ. Гэтэл МҮОНРТ-д техник нь байгаа ч, хүн хүч нь байгаа ч нийтлэл нэвтрүүлгийн бодлогыг зангидаж яваа удирдлага, зохион байгуулалтын багийн харах өнцөг, бодлого өнөө үеийг гүйцэхгүй хоцрогдчихжээ.

Удирдлага зохион байгуулалтыг сайжруулах, солихыг шаардах эрх олон нийтэд бий. Учир нь хуулиар Монголын үндэсний радио, телевиз олон нийтийн өмч. Тиймээс дуугүй хаямааргүй байна.

Гурван нам хамтарч Засаг барьж байгаа энэ үед удирдлагын багийг гурван намд хариуцуулъя. Өөрөөр хэлбэл, Үндэсний зөвлөлийг нь шинэчилж, МАН-д ерөнхий захирлыг нь, АН-д дэд захирлыг, ХҮН намд Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн даргыг хариуцуулж өгье. Ядахдаа одоо байгаа Оросын суртал ухуулгын үүрэг гүйцэтгэхээсээ арай дээрдэх байх гэж горьдож байна.

Тэгэхгүй бол радио сонсдог хүнгүй боллоо. Нэр хүнд нь ч дахиж сэргэхээргүй боллоо. Сар бүр хураамж татвар төлдөг ч үзэж харчих юм алга гэх шүүмжлэл өнөөг хүртэл олон нийтийн дунд амь бөх оршсоор л байна. Аргагүй шүү дээ. Нэг бол социалист Оросын киногоор “бөмбөгдөнө”. Нэг бол зөвлөлт Оросыг дэмжсэн суртал ухуулгатай нэвтрүүлэг мэдээллээр “бөмбөгдөж” байна. Радио ч ялгаагүй.

Иргэдийн өргөн хэрэглэж байгаа төрлийн нэг бол радио. Орон нутаг ч, хотод машиндаа ч радио, fm эрэлттэй байдаг. Гэтэл мөн л Монголын радио сонсогчдоо алдаж байна. Хуучин цаг тутам таван минутын мэдээ түгээсэн болдог байсан бол одоо заримдаа өнждөг болж хэмээн сонсогчид нь шүүмжилж байх юм. Тиймээс МҮОНРТ-ийг шинэ шатанд гаргаж шинэчилмээр байна.

Мөн удирдлагын баг хуулиар хүлээсэн бодлого, нийтлэлийг түгээдэг болмоор байна. Хэдий хүртэл зөвлөлт Оросын школоор явж, хуучирсан нийгмийн үзэл суртлыг Монголын өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр тараах вэ. Одоо өөрчлөх цаг нь болсон. Ийм үүрэг УИХ-д ч ирж байна.

Олон нийтийн хэвлэл мэдээлэл бол нийгмийн соён гэгээрүүлэх үүрэгтэй. Эх оронч, ирж байгаа нийгмийн нэг гишүүн нь болж өсөх ёстой. Ийм учраас ч татвараар санхүүждэг. Аль нэг намын дуу хоолой болох учиргүй. Нийгмийн хөгжил дэвшлийг чиглүүлэгч гол луужин нь. Тиймээс хуучирч муудсан буруу чигийг заадаг, эх орноо үл хүндэтгэдэг, үзэгчид сонсогчдоо хүн гэж боддоггүй хуучин удирдлагыг нь солихгүй бол гадны дурын орны үзэл суртлыг тараагаад эх орондоо хайргүй хүмүүс болгон харагдуулах нь байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Батханд: Өндөр албан тушаалын хүн хэдэн залууг багаасаа хулгай хийж ирсэн бацаанууд гэж хэлнэ гэдэг бол улс төрийн маш том алдаа DNN.mn

Эрхзүйч, сэтгүүлч О.Батхандтай ярилцлаа.


-Та төрийн хариуцлагатай албан тушаалууд хашиж байсан, мөн хэвлэлийн салбарт олон жил ажилласан хүн. Өнгөрсөн хугацаанд хаана хаана ажиллаж ирэв?

-Би эрхзүйч, сэтгүүлч мэргэжилтэй. Аав маань намайг “Эмэгтэй хүн хос мэргэжилтэй яв. Хуультай нийгэмд амьдарна, эрхзүй судал” гээд 2000 онд хөтөлж яваад хуулийн сургуульд оруулж байсан. Би өөрөө сонирхлоороо Хүмүүнлэгийн ухааны их сургуульд зэрэг элсэн орж, сэтгүүл зүйн чиглэлээр давхар суралцан 08.00-20.00 цагт сэтгүүл зүй болон эрхзүйн чиглэлээр их сургуульд суралцдаг байсан. Надад өдөртөө нэг сургуулиас нөгөө сургууль руугаа хүрэх 20-хон минут л чөлөөт цаг болж, энэ хугацаанд алхах зуураа хооллож хуулийн сургууль руугаа ордог байлаа. Төрийн ордны хоёр талд байдаг хоёр сургууль байсан болохоор ойрхон зайтай. Одоо бодох нь ээ, сайхан дурсамж үлдэж дээ. Сургуулиа төгсөөд анх ТВ-9 телевизэд сэтгүүлч, гадаад харилцааны албаны даргаар ажиллаж эхэлсэн. ТВ-9 телевизэд ажиллаж байхад УИХ-ын Тамгын газраас санал ирж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гуай байх үед Их хурлын хэвлэлийн албан албанд сэтгүүлчээр ажиллаж байсан. Ингээд тухайн үед Ч.Даваабаяр захирал ETV HD телевизийн захирлаар ажиллах санал тавьсан. Тэрээр маш няхуур хөдөлмөрч хүн учраас телевизийг хэрхэн удирдахыг сурахаар саналыг нь хүлээн авч байлаа. Мөн УИХ-ын гишүүн агсан Батхүү гуай намайг NTV телевизийн Медиа группт медиа хариуцсан захирлаар ажиллуулж байсан.

Тэрээр амьд ахуйдаа “Би чамайг медиа группын ерөнхийлөгчөөр бэлдэж байгаа шүү” гэж надад хэлж байсан нь одоо ч өчигдөрхөн юм шиг тод санагдаж байна. Төд удалгүй УИХ-ын Тамгын газраас УИХ-ын хэвлэлийн албаны даргаар ажилла гэж үүрэг ирсэн. Би төрд ажиллах үүрэг авсан учраас Г.Батхүү даргаас уучлал гуйгаад УИХ руу явж байлаа. Тэгээд УИХ-ын дарга З.Энхболдын хэвлэлийн төлөөлөгчөөр гурван жил ажилласан. Мөн Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын Хэвлэлийн төлөөлөгч, хэвлэлийн албаны даргаар ажиллаж байлаа. Бас Монгол Улсын гуравдах Ерөнхийлөгч Н.Энхбаяр гуайн гадаад орнуудад хийх олон улсын хурал цуглаан бүрийг хариуцан ТВ-9 телевизийн сэтгүүлч байхдаа сурвалжилж явсан даа.

-Улстөрч бүр өөр өөрийн харизмтай байдаг. Энэ хугацаанд юу бодогдож байсан бэ?

-Би нэг л зүйлийг боддог. Ер нь эцэстээ нам, улс төр гэж хэт хоёр туйл руу туйлшрах биш жинхэнэ монгол хүн байх, Монголын ард түмний хүн байх гэдэг асар чухал юм байна гэдгийг мэдсэн. Монголын томоохон улстөрчид, төрийн тэргүүнүүд өөр өөрийн харизмтай, зарчимтай, өөр өөрийн өнгөөр түүхэнд тод үлддэг. Тэр бүхний гэрч болсондоо би баярладаг. Төрийн өндөрлөгүүд намайг итгэж ажиллуулсанд ч би хувь заяандаа өөртөө талархдаг. Би дарга болъё гэж гүйж очиж байгаагүй. Үүрэг авч, бас санал ирснээр төрд зүтгэж байсан гэж боддог. Ирээдүйд эдгээр Монголын түүх болсон нөлөө бүхий эрхмүүдээр ном бичнэ гэж төлөвлөдөг. Бас улс төр үргэлж, сэргэн мандалт биш, уналт, урвалт, ухаарал гээд маш олон гинжин холбоон дунд байдаг юм билээ. Хамгийн сүүлдээ улстөрчдөд хамгийн чухал үе бол уналтын үе нь гэж хардаг болсон. Тэр үед хүн бүхэн нүүрний маскаа авдаг, жинхэнэ бодит үнэн төрхийг олж харж чаддаг. Тэр үед нь л хүн бүхэн хүн байгаасай гэдгийг харж мэдэрч ирсэн дээ. Тиймээс би таньдаг мэддэг улстөрчдийг унасан үед л адлаж, мандсан үед нь баяр хүргэж гүйх дургүй. Би зүгээр л зөв замаар чимээгүй ажлаа хийж байгаа Батханд байхыг л хүсдэг.

-Зөв замаар чимээгүй урагшилж байх нь бас л тухайн хүний хүмүүжил, этиктэй холбоотой юм шиг ээ…?

-Алдаа оноотой, зовлон жаргалтай амьдралыг хүн бүхэн туулдаг. Гэхдээ хуультай нийгэмд хуулиа дагаж, хулгай хийхгүй амьдрах нь чухал. Өнөөдөр Монголын нийгэмд байгаа хамгийн том хорт хавдар бол төсвийн хулгай, байгалийн баялгийн хулгай, авилга хээл хахууль болсон. Ямар ч хүн төрөөс нэг ширхэг зоос ч авч болохгүй. Тэр чинь төрийн мөнгө биш. Ард түмний татварын мөнгө. Төсвийн мөнгөний хулгай гэдэг бол хамгийн энгийнээр өлссөн хүүхдийн талхны мөнгийг дээрэмдэж авч байгаа гэмт хэрэг юм даа. Байгалийн баялгийн хулгай бол эх орон ард түмнээ суйлж байгаа хэлбэр. Тиймээс одоо ард түмэн маш ухаантай хэрсүү болсон, төсвийн хулгай, байгалийн баялгийн хулгайтай хэзээ ч эвлэрэхгүй, хулгайчийг зайлуулъя гэдэг нийгэм бий болсон байна шүү дээ. Монгол Улс түүхэндээ ганцхан удаа ахмадуудын тэтгэврийг байгалийн баялгаараа тэглэж байсан удаатай. Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар гэсэн гурван өндөрлөг санал нэгдэж олон ахмадын тэтгэврийг тэглэж байсан. Яг энэ практик буюу байгалийн баялгийн орлогыг хүн бүр тэгш хүртдэг тэр нийгмийг байгуулж чадвал монголчууд өр зээлгүй, өвчин зовлонгүй, стресс бухимдалгүй, амар амгалан, биенээ үзэн яддаггүй нийгэм ирнэ. Тэр нийгмийн төлөө хүн бүр хичээх зүтгэх хэрэгтэй.

-Байгалийн баялгийн хулгай, төсвийн хулгай асуудалтай яаж тэмцэх хэрэгтэй гэж боддог бэ?

-Ерөөсөө С.Зориг агсны хэлснээр нэгдүгээрт улс орны эрх ашиг. Ард түмэн нэгдүгээрт гэдгийг энэ улстөрчдийн өрөөний ханан дээр томоор бичээд тархи, зүрхэнд нь шивж суулгах хэрэгтэй. Бас тийм тархи зүрхтэй хүмүүс ард түмний төлөө ажиллах ёстой. Энгийнээр бодоход хүний сав ёроолоор байхад хэцүү, халихаараа бүүр ч хэцүү, дундуур сайхан бай гэж ахмад буурлууд хэлдэг. Бүгд дундуур сайхан амьдралдаа сэтгэл ханах хэрэгтэй. Их зүйлд шунах тусам их зовлон ирнэ гэж боддог. Социализмын үеийн дарга нар шиг мөнхөд хайрлагдах нэртэй, үлдэх мөртэй байхыг л одоогийн дарга бүр бодох хэрэгтэй. Тэрнээс хэт их алт мөнгө, авдар сав цуглуулаад аз жаргал гэдэг зүйл ирэхгүй ээ. Зүгээр л ард түмний хүн байгаач, чадвал нэг ядарсан хүүхдийн амьдралд чимээгүйхэн гэрэл асааж боломж олго, тэрийгээ зарлах ч хэрэггүй, эргээд буян нь булаг шиг ирэх байлгүй дээ гэж өнөөдрийн дарга сайд нарт хэлье дээ. Өөр юу ч хэлэх билээ би. Зүгээр албан тушаалын өндөр сэнтийгээсээ түр буугаад гэртээ харих замдаа зангиагаа тайлаад машины цонхоор харж явахдаа би хүний төлөө юу хийсэн бэ, өөрийнхөө төлөө юу хийж байгаа вэ гэдгээ вакум орчин, магтагч хүрээлэгчдээс холдоод нэг хором ч гэсэн бодож үзэх зүрхтэй байгаарай. Эцсийн дүндээ хүн гэдэг Хөдөлмөрийн баатар Хурц гуайн хэлснээр алдар хүнд, магтаал сайшаал биш, эд хөрөнгө элдэв зүйлээрээ биш бид тэр нутгийн тэр овогтой тэр гэдгээрээ л үлддэг юм билээ гэж боддог.

-Овог гэснээс та Осормаагийн Батханд гэж ээжээрээ овоглодог байх. Аав тань нэр яруу найрагч, цогтой тэмцэгч Зундуйн Дорж гэж эх оронч хүн байсан. Та яагаад ааваараа овоглоогүй бэ. Хүмүүс Зундуйн Дорж гуайн охин мөртлөө түүнээр овоглоогүйд нь асуудаг байх?

-Тийм ээ. Миний аав “Хэл, хил, мал гуравтайгаа байвал хэн баян Монгол баян” хэмээн тунхаглаж байсан Зундуйн Дорж гэж яруу найрагч хүн байсан. Бараг хүн болгон л чи О овогтой юм яагаад гэж асуудаг. Тэр бүрт би хувийн амьдралаа тоочих албагүй. Харин энэ удаа сонгууль болох гээд Дорж гуайн охин биш, З.Дорж гуай гандангийн хүрдэн дээрээс олсон хүүхэд л гэнэ, бутач хүүхэд гэнэ үү янз янзаар бичсэн харагдсан. Би үнэхээр гайхдаг л даа. Яагаад миний овог тийм сонирхолтой гэж. Намайг төрөхөд миний аав ХБНГУ-д радиод ажиллахаар явсан байсан. Тэр хугацаанд би төрсөн. Дүрэм, журмаараа төрсөн хүүхдийг нэг сарын дотор гэрчилгээг авах ёстой байдаг гэсэн. Тэгээд л хорвоод мэндэлсэн өлгийтэй Батханд ээжийнхээ овгоор овоглож байсан юм билээ. Аав маань ард түмэндээ хайрлагдсан, жинхэнэ эх оронч, жинхэнэ цогтой тэмцэгч, Монголын төлөө шатах зүрх сэтгэлтэй тийм л хүн байсан. Шүлэг бүр нь, үлдээсэн үг бүр нь миний аавыг Монголын хүү байсныг харуулдаг. Би алдар нэртэй ааваараа овоглоод овгоо сольж болох л байсан. Гэхдээ би өлгийтэй жаахнаас минь өдийг хүртэл өсгөсөн ээжийгээ гомдоохыг хүсээгүй юм. Би гадаад дотоодод хурал уулзалтанд их оролцдог байлаа. Гадныхан овгоор дууддаг тал бий. Уулзалтанд миний урд Батханд биш хатагтай Осормаа гэж англиар ихэвчлэн бичсэн байдаг байсан. Ээждээ явуулахаар хүүеээ гээд л их баярладаг, миний охиныг ээжийнх нь нэрээр дуудсан байна гээд. Тэр бүхнийг би харж мэдэрч суухдаа би ээж минь баяртай байна гэж боддог байсан. Тиймээс замыг минь сүүгээр мялааж, сэтгэлээ хоёр хуваан намайг гэдэг ээжийгээ гомдоож овгоо солихыг хүсээгүй, солихгүй бас. Гэхдээ миний аавын цус миний судсаар урсаж байгаа цагт би аавынхаа хийж бүтээх ажлын үргэлжлэл байх болно. Аав маань сүүлд бичсэн “Америк бүсгүйчүүдийн инээмсэглэл” нэртэй номондоо миний зургийг “Миний охин Батханд АНУ-ын Харвардын их сургуулийн босгоор давж суралцаж байгаа” хэмээн миний зурагтай хамт бахархан оруулсан байсан. Би эх оронч хүний хүүхэд гэдгээрээ, би төрд нэг өдөр ажиллаагүй өөрийн хөлс хөдөлмөрөөрөө сайхан зам мөртэй олонд хүндлэлтэй явдаг ээжийн охин гэдгээрээ би бахархдаг. Хүмүүс аавынхаа нэрийг барилаа гэсэн байна. Би төрөхөөс үхэх хүртлээ аавыгаа ээжийгээ ярьсаар байх болно. Би өөр хэнийг ярих юм бэ. Би ээж ааваа үргэлж очсон газар бүртээ ярих болно. Хүн бүхэн аав, ээжээ л ярьж бахархдаг байлгүй дээ.

-Аав тань малын хулгайтай тэмцэж Эрүүгийн хуульд малын хулгайн заалтыг оруулж байсан гавьяатай хүн шүү дээ?

-Тиймээ. Аав маань ухамсарт амьдралаа яг миний түрүүн хэлсэн өөрийнхөө төлөө биш, малчин ардын төлөө зориулсан хүн. Япончууд бэлэглэсэн цагаан машинаа унаад, малын хулгайтай тэмцэхээр галтай цогтой тэмцэж байсан аав маань хааяа нүдэнд харагддаг. Буянт малд бузар бүү хүргэ гээд, адуу малаа зодож байгаа хүнд аав маань их дургүй байсан. Би аав шигээ адуу малынхаа төлөө тэмцэж байгаагүй, адуу малын зүс ч сайн мэдэхгүй л дээ. Худлаа хэлээд яахав. Гэхдээ би аавынхаа хийж байсан хулгайтай тэмцэх үйлсийг төсвийн хулгайч нартай тэмцэх ёстой гэж өөртөө хэлдэг, бодож явдаг. Аав маань Мал хамгаалах нийгэмлэгийн тэргүүн байхдаа 1993 онд Эрүүгийн хуулийн 123.1 дүгээр заалтад мал хулгайлах гэмт хэргийн заалтыг оруулж байсан юм билээ. Үүнийг “Зундуйн Доржийн заалт” ч гэж хуулийн хүрээнийхэн ярьдаг юм билээ. Мал бол сандал, ширээ шиг эд зүйл биш. Өсөж үрждэг амьдралын эх үүсвэр Цаашилбал улс орны эдийн засгийн хөгжлийн хамгийн гол салбар. Тухайлан ач холбогдол өгч хамгаалахгүй бол орон байрны хулгайтай адилтгаж үзвэл малын хулгай буурахгүй гэж аав хэлдэг байсныг хүмүүс өнөөдөр ч ярьдаг. Ерөөсөө аав маань малын хулгайтай тэмцэж байсан шиг хүн бүр төсвийн хулгайг шат шатанд нь таслан зогсоохгүй бол манай улс хөгжихгүй ээ. Хүүхэд бүр тэгш боломж эдлэхгүй. Ирээдүйгээсээ зээлдэж, өр тавьж болохгүй. Өнөөдөр нэг монгол хүнд ноогдох өрийн хэмжээ 35 сая орчим төгрөг болсон байна. Төрсөн хүүхдээс эхлээд өтөл буурлууд хүртэл 35 саяын өртэй. Гэтэл ард түмэн дансандаа үлдэгдэл мөнгөгүй, талхны мөнгөгүй, үр хүүхдийнх нь гэдэс өлсгөлөн байхад зарим улс төрчид төрийн ордонд улаан хивсэн дээр шинэ гуталтай алхаад яах юм бээ. Нийгэм үе солигдоно, тэд үеийн үед хулгайч нэртэй үлдээд зогсохгүй гэмгүй хөөрхий хүүхдүүдээ ч хулгайчийн хүүхэд гэсэн нэрэнд унагана шүү дээ. Бизнес хийж, баялаг бүтээдэг бол өөр хэрэг. Харин цэвэр төрийн ажил хийгээд тэрбумтан болж байгаа бол ёстой төсвийн хулгайч, тендэрийн хулгайч гэдэг чинь шүү дээ.

-Та Ардчилсан намын хүн. Энэ удаагийн орон нутгийн сонгууль нэлээд ширүүн эхэлж байх шиг байна. Хотын дарга өнгөрсөн долоо хоногт АН руу чиглэсэн мэдэгдэл хийлээ. 30 женкочид буюу ажил хийж үзээгүй багаасаа хулгай луйвар хийсэн лайвчин, шантаажчид нэр дэвшиж байгаа гэж тэр хэлсэн. АН үнэхээр тийм хүмүүс нэр дэвшүүлж байгаа юм уу. Хотын даргын хэлсэн зүйлд та ямар байр суурьтай байна вэ?

-Хотын даргыг би зарим хийж байгаа ажлууд дээр нь дэмждэг. Би эсрэг нам байлаа гээд тэр хүний бүх үйлдлийг жадлан эсэргүүцвэл маш ухамсаргүй этгээд болно. Хувь хүн, хэн гэдэг нь бидэнд хамаагүй. Хотын даргыг албан тушаалаар нь харна, хүндэлнэ. Гэхдээ би үнэхээр гайхсан. Тийм өндөр албан тушаалын хүн хэдэн залууг багаасаа хулгай хийж ирсэн бацаанууд гэж хэлнэ гэдэг бол маш том улс төрийн алдаа, улстөрчийн хазгай гишгэлт. Хүн өндөр албан тушаал хаших тусмаа бусдыг доромжлох, гүтгэх, эсрэг намаа илт харлуулах нь ёс зүйн хувьд байж болохгүй. Залуу женкочид гэдэг нь ямар ч утгатай юм. Харин Женко гээд хэлэгдээд байгаа хүн нь хэн нэгэн яаж ч дайрч, доромжилж байсан нэг удаа гарч ирээд хэрүүл хийж, хов ярьж байхыг би хараагүй юм байна. Тамирчин хүний оюуны тэвчээр юм болов уу даа. Гэхдээ хотын дарга Хуульзүйн сайд байсан хариуцлагатай хүн шүүхээр гэм буруутай хулгайч, шантаажчин нь тогтоогдоогүй байхад 20-30 хулгайч гэж хэлэх нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Нөгөө бусдын талаар илт худал мэдээлэл тараавал Эрүүгийн хуулийн 13.14, Иргэний хуулийн 21 гээд хуулийн заалтууд бүхэлдээ бусдыг гүтгэх, доромжлох, илт худал мэдээлэл тараахтай холбогдсон зүйл ангиуд. Тиймээс хууль шүүх гэж хотын даргатай яриад яахав, надаас илүү хуулиа мэддэг ухамсартай хүн байхаа. Харин монгол хүний хувьд хулгайч байвал хулгайчаа нэрээр нь хэлээд, бусдаас нь уучлал гуйвал би тэр хүнээр бахархана. Япон, Солонгосын улстөрчид буруу үйлдэл хийвэл уучлал гуйдаг. Энэ бол буулт хийж буй биш харин маш том улс төрийн соёл гэж би боддог. Ер нь монголчууд хэт бид анархист биш нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг л бодох ёстой. Бас эрх дагаж, үүрэг ирдэг. Үүргээ хааяа умартаад хэт их эрх эдлээд байгаа санагддаг. Багаасаа хулгай хийсэн хүн бол одоо эрх нь хязгаарлагдсан л байгаа байх. Хулгай хийгээгүй, төрөөс сохор зоос, хугархай тэвэн авч байгаагүй, авах ч үгүй, тендер, ждү, концесс, нүүрс юу билээ тэр хууль бус бүхнээс би маш хол явж байгаа болохоор ил зоригтой яриад байна л даа. Яахав ингэж дуугарлаа гээд эмэгтэй хүнийх нь хувьд харлуулах, илт худал мэдээлэл тараах үйлдэл гарвал би ч бас эцсээ хүртэл, хуультай улсад амьдардагаа олон нийтэд нээлттэйгээр өдөр бүр ярьж харуулаад байж чадна. Би хулгай хийж, хууль зөрчиж байгаагүй болохоор юунаас ч айдаггүй. Ирээдүйд хулгай хийхгүй учраас бас юунаас ч айхгүй байна.

-Сүүлийн найман жил завсаргүй засагласан Ардын нам хотод юу хийв?

-Энэ ерөөсөө найман жил биш. Түүхэндээ хотын даргыг ганцхан удаа Э.Бат-Үүл дарга АН-аас хийж байсан. Бусад бүх хугацаанд хотын даргыг Ардын намын дарга нар удирдаж байлаа. Тэртээ 1996 онд байхаа, Баасанжав гээд хотын дарга байсан хариуцлагатай эрхэм М.Энхболд гуайд за би цэвэр устай карантнаас нь ус гоождог Улаанбаатар хотыг хүлээлгэж өглөө гэж ажлаа өгч байсан түүхтэй. Тэр цагаас хойш өнөөдрийн Улаанбаатар хотын агаарын бохирдол, утаагүй түлш нэртэй угаартуулах бодис, түгжрэл, газрын наймаа, авилга хороолол энэ бүхний буруутан хэн бэ, иргэд өөрсдөө л бод. Би хэн нэгнийг харлуулах, муулчлах дургүй. Тиймээс тэр энэ тэгээд ингээд гэх мэт тогооны юм ярьмааргүй байна. Өөрөө баатар болох гэж бусдыг харлуулж бас суумааргүй байна. Өөрөөр бодлого, бодит ажил гэх мэт хариуцлагатай зүйлсдээ л анхаарлаа хандуулсан дээр.

-Хэрэв нийслэлд АН ялалт байгуулбал хамгийн түрүүнд ямар ажил хийх вэ?

-Сонгуулийн хуулийн дагуу амлалт өгөх, сонгууль ярих боломжгүй байна зөвөөр ойлгоорой. Хуультай улсад хуулиа л дагая даа .(Инээв)

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр бар өдөр DNN.mn

Аргын тооллын 9 сарын 11, Буд гариг. Билгийн тооллын 8, Эрхтэний тэнгэрт одтой, шар бар өдөр. Өдрийн наран 6:24 цагт мандаж, 19:13 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна. Модон хохимой өдөр

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруунаас секундэд 8-13 метр, бусад нутгаар баруунаас өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -3…-8 градус,   Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +2…-3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7…+12 градус, бусад нутгаар +1…+6 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +23…+28 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +0…+2 градус, бусад хэсгээр +4…+6 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0...-2 градус хүйтэн, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Яруу найрагч ба энэ хорвоо” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Халдвараас сэргийлэлт хяналт, дархлаажуулалтын албаны дарга А.Дэлгэрбаяр “Улаанбурхны вакцин хийлгэснээс хойш сарын дараа томуугийн эсрэг вакцинд хамрагдах боломжтой” хэмээв.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч М.Говьсайха “ХОТ бол Хүндээ ээлтэй, орчноо сайжруулсан, төлөвлөлтөө хэрэгжүүлсэн цогц бодлогын нийлбэр юм”  гэснийг IV нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

АН-ын удирдлагууд хэлмэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Яруу найрагч ба энэ хорвоо нийтлэл хэвлэгдлээ.

 

НИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн гуравдугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч О.Отгонтөгс “Гаднаас нь мянга орилох биш, дотор нь ороод шүүсийг нь шахаад өгье гэж бодсон” гэв.

Цагдаагийн ахмад А.Итгэлт “Фэйсбүүкт амьдралаа дэлгэх нь романс залилангийн хохирогч болох эрсдэлтэй” гэлээ.

Арын нүүр: Нэр дэвшигчдийг өдөр тутмын сонин л таниулж өгдөг


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ажилчны гудамжны авто зам дагуу 1 км урт, 2.5-3 метр өргөнтэй явган хүний зам тавих ажлын явц 95 хувьтай үргэлжилж байна DNN.mn

Энэ онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас нийслэлийн хэмжээнд 27,800 ам метр талбайд явган хүний зам тохижуулахаар төлөвлөсөн. Уг ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны гудамжны авто зам дагуу 1 км урт, 2.5-3 метр өргөнтэй явган хүний зам тавих ажлын явц 95 хувьтай үргэлжилж байна.

Энэ талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Эл зам нь үйлдвэрлэлийн бүс тул иргэд, хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор ийнхүү явган хүний зам хийж байгаа юм. Тус явган зам нь 2750 ам метр талбайг хамарч буй. Явган зорчигчдын алхах таатай нөхцөлийг бүрдүүлснээр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээнд нөлөө үзүүлнэ” гэв.

Categories
мэдээ нийгэм

Зурагтын эцсээс ЧД-ийн 7 дугаар хороо хүртэлх авто замыг шинэчилнэ DNN.mn

Баянгол дүүргийн Хувьсгалчдын гудамжны авто замын засвар шинэчлэлтийн ажлын 1 дүгээр хэсэг буюу Зурагтын эцсээс Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны авто зам хүртэлх хэсгийн засварын ажлыг хийнэ.

2024 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 22:00 цагаас 2024 оны есдүгээр сарын 16-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчлэн засварлана.

Инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийнэ гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦЕГ: Ямар ч төрлийн гэрчилгээ, виз, үнэмлэхийг хувь хүн гаргадаггүй DNN.mn

Сүүлийн жилүүдэд иргэдийн гадаадад аялах, суралцах, ажиллаж амьдрах сонирхол нэмэгдсэнтэй холбоотойгоор залилангийн гэмт хэрэг ихээр бүртгэгдэх болсон талаар Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.

Иргэд гадаад улсыг зорихоор эд хөрөнгөө барьцаанд тавьж, бусдаас зээл, тусламж авч “Виз найдвартай гаргана” гэх заранд итгэж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсоор байна.

Тодруубал Улаанбаатарт оршин суух хаягтай иргэн У нь “БНСУ-д виз гаргадаг хүн байна урьдчилгаа 4 сая төгрөг шилжүүлээд найдвартай виз гаргана” гэж олон удаагийн үйлдлээр 170 гаруй иргэнийг залилсныг цагдаагийн байгууллагаас илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Тиймээс иргэд та бүхэн бусдад залилуулж, эдийн засаг, цаг хугацаагаар хохирохоос урьдчилан сэргийлж, аливаа үйлдэл хийхээсээ өмнө сайтар нягтлахыг анхаарна уу.

Ямар ч төрлийн гэрчилгээ, виз, үнэмлэхийг хувь хүн гаргадаггүй болохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

Шатрын 45-р олимпиадад Монголын шигшээ багийн 10 тамирчин оролцоно DNN.mn

Дэлхийн 197 орны төлөөлөл оролцож буй тэмцээнд Монголын шигшээ багийн 10 тамирчин оролцох гэж байна. Тодруулбал,

Эрэгтэй.

  • 1-р ширээ. Олон улсын хэмжээний мастер (IM) Ганзоригийн Амартүвшин. 19 настай
  • 2-р ширээ.  FIDE мастер (FM) Сумъяагийн Чингүүн. 19 настай
  • 3-р ширээ. FIDE мастер (FM) Эрдэнийн Баасансүрэн. 21 настай
  • 4-р ширээ. Олон улсын хэмжээний мастер (IM) Мөнхдалайн Амилал. 18 настай
  • 5-р ширээ. FIDE мастер (FM) Хуягцогтын Итгэлт. 20 настай
  • Эрэгтэй шигшээ баг дундаж чансаагаараа 64-р байрт бичигдэж байна. Харин эмэгтэй баг дундаж чансаагаар 162 орноос 28-рт бичигдэж байна.

Эмэгтэй.

  • 1-р ширээ. Эмэгтэй Их мастер (WGM) Төрмөнхийн Мөнхзул. 22 настай
  • 2-р ширээ. Эмэгтэй олон улсын хэмжээний мастер (WIM) Батхуягийн Мөнгөнтуул. 37 настай
  • 3-р ширээ. Эмэгтэй Их мастер (WGM) Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ. 24 настай
  • 4-р ширээ. Эмэгтэй FIDE мастер (WFM) Эрдэнэбаярын Хүслэн. 16 настай
  • 5-р ширээ. Эмэгтэй Дэд мастер (WCM) Бат-Эрдэнийн Мөнгөнзул. 19 настай
Categories
мэдээ нийгэм

Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто зам барина DNN.mn

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын замаас Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто замын ажил үргэлжилж байна. Тус байршилд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр газар дээр нь ажиллалаа.

Тэрбээр Нүхтийн ам чиглэлийн зам бол тухайн орчмын оршин суугчдын зорчдог ганц зам болохыг онцлоод иргэдэд хүндрэл үүсгэхгүйгээр товлосон хугацаанд стандартын дагуу чанартай авто зам тавих чиглэл өгөв. Түүнчлэн авто замын ажилтай холбоотой дуусах хугацаа, хийх ажлыг харуулсан дэлгэрэнгүй мэдээлэл бүхий самбарыг иргэдийн зорчих урсгалын хажууд байрлуулахыг гүйцэтгэгчид үүрэг болголоо.

Харин нийслэлийн Замын хөгжлийн газарт тоосжилтыг дарж, өдөр бүр усалгаа хийх хяналт шалгалтыг тогтмол тавих ажил болон зам барих талбайг түрж асгасан барилгын суурь шороог ямар аж ахуйн нэгжийнх болохыг олж тогтоон, тухайн аж ахуйн нэгжээр талбайг чөлөөлүүлэх ажлыг даалгасан юм.

Замын ажлын явцын талаар “Борхойн зам” ХХК-ийн Ерөнхий инженер Г.Арахад “Тухайн зам нь иргэдийн зорчдог гол зам тул эгнээ бүрээр нь зам хаан, авто зам тавих ажлыг хийнэ. Энэ хүрээнд авто замын суурь хучилтыг аравдугаар сарын 10-нд, өнгөн хучилтыг аравдугаар сарын 20-нд хийж дуусгахаар график төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн борооны ус зайлуулах шугам хоолой суурилуулах, авто замын дэргэдэх хөвөөг өнгөн хучилттай зэрэгцүүлж хийсний дараа нэг метр өргөнтэй явган замыг тавьж, арваннэгдүгээр сарын 20-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн” хэмээн хэллээ.