Categories
мэдээ нийгэм

Завхан аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраав DNN.mn

Завхан аймгийн Зайгал багийн “Хосын голын Ар хуш” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 12:00 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагчидтай хамтран 145 км замыг туулан 18:38 цагт очиж унтраах ажиллагааг зохион байгуулжээ.

Алба хаагчид 2 цаг 52 минут ажиллан 21:30 цагт ойн түймрийг бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар ойн түймэрт 0.08 га орчим талбай өртөж шатжээ.

Categories
мэдээ

Хурдан морины унаач хүүхдүүдийг энэ сарын 8-9-нд бүртгэнэ DNN.mn

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоон худагт 2024 оны долоодугаар сарын 10-ны өдөр эхлэхтэй холбогдуулан Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хууль, Хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэгсэлд тавих шаардлага /MNS6264:2018/ стандартыг хэрэгжүүлэн ажиллана.

Хурдан морь унаж уралдах хүүхдийн бүртгэлийг Хүй долоон худагт 2024 оны долоодугаар сарын 8-9-ний өдрүүдэд 09:00-21:00 цагийн хооронд хийнэ.

Хурдан морины уралдаанч хүүхдийг бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.

– Эцэг, эхийн зөвшөөрлийн хуудас (Нотариатаар баталгаажуулсан байх)

– Гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байх

– Уралдаанч хүүхдийн карт

– Уяач болон уралдаанч хүүхэд өөрийн биеэр ирж бүртгүүлэх

– Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан тодорхойлолт

– Аюулгүй байдлын гэрээ ( Нотариатаар баталгаажуулсан байх)

– Бичиг баримт дутуу болон 8 нас хүрээгүй хүүхдийг бүртгэхгүй

– 2024 оны долоодугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд бүртгэл хийхгүй гэж Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд нийт 2390 хүн ажиллажээ DNN.mn

Улсын хэмжээнд 2024 оны долоодугаар сарын 2-ны өдрийн байдлаар 11 аймгийн 35 суманд 73 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн.

Дээрх ой, хээрийн гал түймрээс Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1 байшин, 15 гэр, 7 хашаа, саравч, 200 толгой малыг авран хамгааллаа.

Ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 798 алба хаагч, Хил хамгаалах байгууллагын 98 алба хаагч, Цагдаагийн байгууллагын 9 алба хаагч, орон нутгийн 1527 иргэнтэй хамтран нийт 2390 хүн ажилласан байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга асан Г.Занданшатар Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар томилогдлоо DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын/ЕТГ/ даргаар УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг томилсон байна. Тус газрын дарга Я.Содбаатарыг МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон тул түүний оронд ажиллах хүнийг сонгожээ.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Энхжаргал: Шалгуулагч нэг удаа дахин шалгалтын хуудас авах эрхтэй DNN.mn

Элсэлтийн шалгалт маргааш эхлэхтэй холбогдуулан Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-ийн Элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргалаас тодрууллаа.


-Элсэлтийн шалгалт маргааш эхлэх гэж байна. Энэ жил хэчнээн сурагч шалгалтад оролцохоор бүртгүүлсэн бэ?

-Энэ жилийн элсэлтийн шалгалт долдугаар сарын 4-7-ны хооронд болно. Улсын хэмжээнд нийт 46 шалгалтын байранд 2500 гаруй зохион байгуулагч комиссын гишүүд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Нийтдээ 36 мянган шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Өмнөх оны төгсөгч зургаа мянга орчим шалгуулагч бий.

Сэдэв даалгавар зохиож буй хүмүүс маань вакумжсан, утасны сүлжээ, интернэтгүй орчинд цагдаагийн болон тагнуулын ерөнхий газрын хамгаалалтад нэг сарын хугацаанд ажилласан. Шалгалтын байр бэлэн. Шалгалтын бэлтгэл ажил 100 хувь хангагдсан байна.

Долдугаар сарын 4-ний өдөр Улаанбаатарын цагаар 10:00 цагт Монголын түүхийн хичээлээр шалгалт эхэлнэ.

-Өнгөрсөн жилүүдэд шалгалтад оролцогчид ямар алдаа гаргаж байсан бол. Энэ жил юун дээр илүү анхаарах ёстой вэ?

-Алдаа дутагдал гэхээсээ илүү бичиг баримтын бүрдэл дутуу авчрах, цагаасаа хоцрох, цагаа хэт тулгаж ирэх тохиолдлууд байдаг. Шалгалт өгч буй хүүхдүүддээ хэлэхэд, шалгалт өгөх байрны гадаа 30 минутын өмнө ирэх, шалгалт өгөх анги танхимдаа 10 минутын өмнө орж суудлаа эзэлсэн байх ёстой.

Бүрдүүлэх бичиг баримт нь иргэний үнэмлэх, Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, суудлын хуваарь, бүртгэлийн хуудас юм. Энэ дөрвөн бичиг баримтыг авчирч байж шалгалтад орох эрхтэй болно. Магадгүй иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд “E-Mongolia”-гийн лавлагаа, гадаад паспорт, жолооны үнэмлэхээ үзүүлж шалгалтад орох боломжтой. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ нь байхгүй шалгуулагч “E-Mongolia”-гийн лавлагааг мөн авчирч орж болно.

-Тухайн шалгуулагч танхимд орохдоо юу, юу авч орох ёсгүй вэ?

-Танхимд орохдоо дээр дурдсан дөрвөн бичиг баримтыг шалгуулж орно. Өөр ямар нэгэн үзэг, харандаа, томьёоны хураангуй, гар утас, сурах бичиг, ноорог цаас гэх зүйлүүдийг авч орохгүй. Үүнийг шалгалтын журмаар хориглосон байдаг.

Үнэлгээний төвөөс балын харандаа, баллуур, харандаа үзүүрлэгч өгдөг. Шалгалтын дэвтрийнхээ ар, өвөр дээр нь ноороглох боломжтой.

-Хүүхдүүд шалгалт өгөхөөр ямар хичээлийг түлхүү баталгаажуулсан байгаа вэ?

-10 хичээлээс сонгож хүүхдүүд шалгалтаа өгдөг. Жил бүр хамгийн өндөр тоогоор сонгодог хичээл бол математик, нийгэм судлал, англи хэлний хичээлүүд юм. Математикийн хичээл дээр гэхэд 26 мянга гаруй хүүхэд бүртгүүлсэн байна. Дунджаар нэг хүүхэд 4-5 хичээл сонгосон байдаг.

-Элсэлтийн шалгалтын дүнгээ хэзээ сонсох боломжтой вэ?

-Шалгуулагч шалгалтаа өгсний дараа шууд засалтын анги танхимд орж, 100 онооноос хэдэн оноо авсан бол гэх анхны оноогоо мэдээд гарах боломжтой. Өмнө нь 14 хоногийн дараа шалгалтын оноогоо мэддэг байсан бол шууд засалтын шилэн технологийг нэвтрүүлснээр хүүхдүүд шалгалтаа өгсөн даруйдаа өөрийнхөө гүйцэтгэлийн оноог мэдэх боломжтой болсон. Улсын хэмжээнд 24 цагийн дотор 800-гаас хэдэн оноо авсан гэдгийг хэмжээсжүүлээд элсэлтийн шалгалтын сайтдаа байршуулна.

Алдаатай будсан тохиолдолд дахин шалгалтын хуудас авах боломжтой юу?

-Магадгүй санаатай, санаандгүй байдлаар хариултын хуудсаа урах, хэтэрхий их баллуурдаж байгаад цоолох, нэг хариултан дээр хоёр хариулт дугуйлах зэрэг тохиолдолд нөөцийн хариултын хуудаснаас нэг хүүхдэд нэг удаа боломж олгож өгдөг. Дахин шалгалтын хуудсыг бөглөж амжих хугацаа бий юу гэдгийг харгалзан үзнэ.

Батламжаа долдугаар сарын 9-нөөс элсэлтийн шалгалтын цахим хуудсанд өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч, хэвлэж авах боломжтой.

-Монгол хэл, бичгийн шалгалтдаа хангалтгүй дүн авсан ч элсэлтийн шалгалтдаа орох эрхтэй гэж сонссон?

Монгол хэл, бичгийн эрхийн шалгалтыг Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу авдаг болсон. Энэ шалгалт нь босго оноотой. Босго онооны болзол хангасан хүүхдүүд Их, дээд сургуульд орох эрхтэй. Босго онооны болзол хангаагүй таван мянга гаруй хүүхэд бий. Дахин боломж олгох үүднээс наймдугаар сарын 17-нд дахин шалгалтыг зарласан байгаа. Энэ хүүхдүүд маань босго онооны болзол хангаагүй ч элсэлтийн шалгалт өгөх боломжтой. Элсэлтийн шалгалтдаа өндөр оноо аваад дахин шалгалтдаа босго оноогоо давчихвал наймдугаар сарын сүүлээр Их, дээд сургуулиудын нэмэлт элсэлтэд хамрагдах боломжтой

 

Categories
мэдээ нийгэм

“Дүнжингарав” худалдааны төвийн уулзвараас зүүн тийш 133 дугаар сургууль хүртэлх авто замыг өргөтгөж, шинэчилж байна DNN.mn

Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн.

Үүнээс өнөөдрийн байдлаар 13 байршилд авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээгээд байна.

Нийслэлийн 13 байршилд 17.5 км авто замын засвар, шинэчлэлтийг бүрэн хийж дууссан. Харин 14 дэх байршил буюу “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвараас зүүн тийш 133 дугаар сургууль хүртэлх 0.78 км авто замыг өргөтгөж, шинэчлэх ажил үргэлжилж байна. Уг ажлын хүрээнд замын хойд талд нэмэлт өргөтгөл хийж, 3.5 метр нэмэлт эгнээ, 1.5 метр явган зам, 1.5 метр дугуйн зам тус тус хийхээр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар 600 метр зам талбайн ухмалын ажил хийж, 11 метр далан барьж, хөлдөхөөс хамгаалах ажлыг хийж дууссан. Мөн замын эхлэл, төгсгөлд 180 метр газар чөлөөлөлтийн асуудал үүссэнээс болж ажил бага зэрэг удаашралтай байна. Тодруулбал, “Дүнжингарав” худалдааны төвийн уулзварт барьсан ногоон хашаа орчимд 90 метр, 133 дугаар сургууль орчимд 90 метр газрыг тус тус чөлөөлснөөр авто замыг асфальт бетоноор хучих ажлыг эхлүүлэх юм. Газар чөлөөлөх асуудал зөвшилцөх шатандаа явж буй” гэв.

Түүнчлэн өнгөрсөн сард үргэлжлэн орсон борооны дараа шинээр засвар шинэчлэлт хийсэн 13 байршилд үзлэг шалгалт хийхэд ямар нэгэн асуудал үүсээгүй, борооны ус зайлуулах шугам хэвийн найдвартай ажиллаж байсан. Эдгээр байршлын 11 байршилд нэмэлтээр ус хүлээж авах шүүрт болон үзлэгийн худаг хийн нийт 210 метр урт ус зайлуулах шугам сүлжээ суурилуулсан гэдгийг тодотгож байлаа.

Categories
мэдээ цаг-үе

Хотын орлогч дарга нарыг наадмаас өмнө томилно DNN.mn

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг, П.Сайнзориг нар УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул орны хүнийг нь томилох шаардлагатай болсон. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатараас тодруулахад “П.Сайнзориг 11 дүгээр тойрогт нэр дэвшсэн. О.Номинчимэг жагсаалтад нэр дэвшээд, сонгогдсон. Энэ бол ард түмний сонголт. Дараагийн хоёр орлогчийн тухайд, манай намын баталсан албан тушаалтныг сонгож, шалгаруулах журмын дагуу шалгаруулалт хийнэ. Үүний дараа томилгооны асуудал хийнэ. Их хотын ажил, амьдрал хариуцсан орлогч нарын томилгоог наадмаас өмнө хийнэ. Одоо нийслэл дээр бүх ажил хэвийн үргэлж байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

ХОЙД БҮСИЙН “УРАЛДААНД” ХЭН ӨНГӨЛӨВ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн ээлжит сонгууль монголын улс төрийн хүчнүүдийг сориод авсан шаггүй хүндхэн сонгууль боллоо. Монгол Ардын Нам өргөтгөсөн парламентад багахан хувиар давамгайлах байр суурьтай болсныг гадны хэвлэлүүд онцолж байна. Харин Ардчилсан Намын хувьд 42 суудал авсан нь 2020 оныхоос том үсрэлт болжээ.
2024 оны УИХ-ын сонгуулийн гол онцлог нь томсгосон тойрог байлаа. Эдгээрээс Хөвсгөл, Булган, Орхон аймгийг багтаасан Хойд бүс буюу 4-р тойрогт нилээн чанга өрсөлдөөн ихтэй сонгууль болж өнгөрлөө гэж судлаачид дүгнэж байна. Шалтгаан нь улсдаа төдийгүй орон нутагтаа маш хүчтэй улс төрчид өрсөлдсөн тэр эрэмбээрээ ч ялалтыг байгуулж чадсан.
Энэ чангахан өрсөлдөөн улс төрийн намуудын нам дотрох эв нэгдэл хамтын ажиллагааг жинхэнэ сорьсон ялангуяа МАН-ын хувьд хүндхэн байсан гэж онцолж байна. Учир нь энд хоорондоо эрс ялгаатай, урьд өмнө төдийлөн харьцаатай байгаагүй аймгуудын Намын хороод хэрхэн ажилласан нь сонгуулийн үр дүнгээс илхэн харагдаж байна.
Хамгийн их сонгогчидтой Хөвсгөл аймгийн МАН-ын Хороо учраа ололгүй урсгалаар нь сонгуулийг дуусгасан бол хамгийн бага сонгогчидтой Булган аймаг нутгархаж, Орхон аймаг харин өөрийн намын нэр дэвшигчдээ чирч гаргаж, “улааруулсан” нь үр дүнгийн тооноос нь харж болно.
Хойд бүсийн 8 мандатын төлөө 87 нэр дэвшигч өрсөлдөхөд Хөвсгөл аймагт МАН-5, АН-3, Булган аймагт МАН-6, АН-2, Орхон аймагт МАН-7, АН-1 ялалт байгуулсан нь аймгуудын МАН-ын Хороодын дотоод удирдлага, зохион байгуулалт, эв нэгдэл хэрхэн байсан нь харагдаж байгаа юм.
Орхон аймгийн МАН-ын хороо 7/1 гаргаж чадсан нь үнэхээр магтууштай. Эндээс намын дотоод удирдлага, зохион байгуулалт дээрээс нь намынх нь даргын зангараг ч харагдаж байна. Харин энэ гурван аймгийн зангидаж суусан Хойд бүсийн менежер намын хороодоо нэгтгэж хангалттай ажиллаж чадсангүй гэж тоон өгөгдөлөөс уншигдаж байна.
Хэрэв Х.Баттулга бусдыгаа чирсэн бол өнгөрсөн жилүүдэд аймагтаа багагүй зүйл хийж амжуулсан Булган аймгийн Засаг дарга асан Б.Ариун-Эрдэнэ гээд залуус УИХ-ын гишүүн болж болох л байсан.
Аймгийн хороод яаж ч “манаргалаа” гэсэн МАН институцийн хувьд хүчтэй гэдгээ бас л нотолсон үйл явдал боллоо. Нөгөө талаас АН болон бусад сөрөг хүчинд ямар өндөр боломж байгааг харуулж чадлаа. Сонгогчид зарим улс төрчдөөс үнэхээр уйдаж байгааг ч харууллаа. Сонгуулийн үр дүн бол улстөрчид төдийгүй улс төрийн хүчнүүдэд тавьж буй дүн байдаг хойно. Ямартай ч урладааны дүн ингэж л гарчээ

Б.Баатар

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ардчилсан нам ард түмний саналд үнэнч байх ёстой DNN.mn

Ардчилсан нам ард түмний саналд үнэнч байх ёстой. Учир нь амьдралаа ийм улны болтлоо дэмжиж ирсэн МАН-ын ноёрхлыг хазаарлаж, дээрээс нь хяна гэж та нарт ард түмэн энэ хэмжээний саналаа өглөө. Тиймээс бүх ард түмний энэ үүрэг сануулгад үнэнч байх ёстой . Үүнээс урваж хувийн эрх ашгаа дээдэлбэл сүр сүлд чинь сөнөнө. Улс төр хором бүрт та нараас дээрх үнэнч байдлыг чинь сорьж үзнэ. Сориод ч эхэлчихсэн байх шиг бололтой. Анхны 126 гишүүнтэй парламентад МАН олонх болсон учраас Засгийн газраа дангаараа байгуулах боломж бий. Гэвч дангараа байгуулсан танхим нь хэврэг байх болно гэж тэд айж байгаа.

Тиймээс л Ардчилсан намаар өөрсдийгөө хамгаалуулахын тулд эвсэх санал тавьж байна. Ямартаа ч эрх баригчид хамтарсан засаг байгуулна гэдгээ нийгэмд зарлачихав бололтой. Хамтарчихвал хамаг ажил бүтэж, том, том төслүүд хөдөлж Монголын эдийн засаг огцом өснө гэх яриаг тэд гаргаж ирэв. Яг өнөөдрөөс тэдний хувьд том төслүүдээ хөдөлгөж эхлэхэд Ардчилсан нам л хэрэгтэй байгаа мэтээр хамтарсан засгаа зөвтгөн тайлбарлаж байна. Хар ухаанаар бодоход өнгөрсөн найман жилийн хугацаанд Ардын нам үнэмлэхүй олонх байгаагүй бил үү. Тэр үедээ Ардын нам өнөөгийн Ардчилсан намтай намгүй л том төслүүдээ хөдөлгөх битгий хэл дахин нэг Улс байгуулах ч хэмжээний хүчтэй байсан байх аа. Гэтэл яагаад хүчтэй байхдаа хөдөлгөх гэж оролдоогүй том төслүүдээ хүч арай зэрэгцсэн энэ үед Ардчилсан намтай л байвал хөдөлнө гэв. Ийм хөгийн улс төрд ард түмэн одоо итгэхээ байсан. Хамтарсан засаг байгуулах нь бидний хувьд улс төрийн бодлогоо тогтвортой явуулахад хэрэгтэй байна гээд үнэнээ хэлчих зориг Ардын намд алга уу. Найман жил хуурч, найман жил хүчиндэж, найман жил ноёрхчихоод хийгээгүй атлаа одоо хамтраад хийе гэдэг улиг болсон улс төрөө боль оо. Ард түмэн үүнд чинь үнэхээр эгдүүцэн, зэвүүцэж байна.

Хэдэн жилийн өмнө аз жаргалаа хуваалцаад хамтарлаа гээд Оюу толгойн төслийг эхлүүлээд бөөн юм болж байв даа. Тэгсэн одоо ганцхан С.Баярцогт л бүх гэрээг хийсэн, төрөөс хулгай хийсэн болоод үзэгтэй бүгдэд адлуулаад явж байгаагаа Ардчилсан нам мэддэг үү. Тиймээс энэ удаад Ардчилсан нам ард түмний саналдаа үнэнч байж, сонгосон сонгогчдынхоо хүслээр хүчтэй сөрөг хүчин гэдгээ л бат нот харуулах хэрэгтэй. Та нарыг дэмжсэн хагас сая иргэн найман жил ноёрхсон Ардын намын өнөөгийн эрх барих бодлогыг зүгээр л хазаарлаад хянаад өг гэж гаргаж ирсэн.

Тиймээс Ардчилсан нам бурууд нь хатуу бай, болохгүй байгааг нь зөв болго, ард түмнээ улных шалныхаар нь ялгаварладаг, татвараар дарамталдаг, иргэдийнхээ боломжийг нь хулгайлдаг, нүүрс, автобус хулгайлдаг, зээл аваад өгдөггүй гэх зэрэг эрх баригчдын увайгүй үйлдлийг нь зогсоох ёстой.

Бүх үйлдвэр үйлчилгээг сэргээж, хувийн хэвшлийн бизнес хийх боломжийг утга төгөлдөр баяжуулах чиглэлд бодлогын улс төрөө хүчтэй хий. Улаанбаатар хотын түгжрэл, утааг алга болго. Шинэ станцууд барьж эрчим хүчний хараат байдлаас гаргах, нефтийн үйлдвэр байгуулж, аж үйлдвэржилтийг бодит утгаар нь төгөлдөржүүлэхэд хүчтэй шахалт үзүүлж ажилла. Ардчилсан нам ингэж л ажиллах хэрэгтэй. Энэ бол та нарын гол ажил гэж ард түмэн саналаа өгөхдөө сануулан хэлж, сонгон гаргасан. Үнэхээр ард түмний та нарт өгсөн санал хүчтэй, бодитой сөрөг хүчин болох боломжийг чинь нээж өгсөн. Тиймээс ирэх дөрвөн жилд хүчтэй сөрөг хүчин байж, намаа бэхжүүл. Хамтарсан засагт орохоор яс горьдсон нохой шиг гүйлдэж явахаар сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, наанадаж удахгүй болох орон нутгийн сонгуулиа бодоцгоо, та минь. Орон нутгийн сонгуульд Ардчилсан нам амжилттай оролцох онц шаардлагатай. Учир нь Монголын ард түмний зовлонгийн ихэнх нь Улаанбаатар хотод байна. Тиймээс АН орон нутгийн сонгуульд ялж, нийслэлээ авах хэрэгтэй. МАН бүх түүхэндээ хоёр мянган км зам барьж байсныг Ардчилсан нам эрх барихдаа нэг жилд мянга, мянган км зам тавьж чадсан. Нийслэл хотын авто замын уулзвар бүрийг шинэчилсэн.

Тиймээс орон нутгийн сонгуульд ялж нийслэлээ аваад тэр хурдаараа Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, том, том гүүрэн замаа барих хэрэгтэй. Бусдын 91 жилд хийсэн ажлыг танай нам нэг жилийн дотор л хийж, хөгжлийн хурдыг Монголд мэдрүүлсэн. Яг үүн шиг ажиллахыг ард түмэн Ардчилсан намаас хүсч байгаа. Та нар л энэ ажлыг хийхгүй бол бусад нь хийж чадахгүй нь. Улаанбаатарчууд метро гэж яриад гучин жил өнгөрлөө. Сүүлдээ нийслэлчүүд метро ч мөрөөдөл боллоо, метротой болтлоо микрогоо түр явуулж байгаач гэж гуйж, өвлийн хүйтэнд хөлдөж осгож үйл тамаа үзэцгээв. Тиймээс Ардчилсан нам орон нутгийн сонгуульд ялж, нийслэлээ авч, метрогоо хариуцан хий. Та нарыг л хийнэ гэж ард түмэн харж байна. Та нарыг л хийгээсэй гэж саяны сонгуулиар ард түмэн саналаа өгцгөөсөн. Ардчилсан нам энэ ажлаа анхаарахгүйгээр эрээвэр хураавар засагт орох гэж сандралдах хэрэггүй. Та нар өнгөрсөн найман жил өлбөрч үхээгүй, тэссэн. Одоо наймхан сар тэс. Яг өнөөдрөөс эхлээд хагас жил гаруйхан хугацааны дараа л гэхэд МАН-ын гомдогсод босоод л ирцгээнэ. Өнгөрсөн найман жилийн хугацаанд үнэмлэхүй олонх байхдаа ч Хүрэлсүхийн үед 32, 33-ын бүлэг болж хоёр хуваагдаж байсан. Саяны засгийн үед ч хуваагдаж л байсан, сонгууль дөхчихөөд л нийгэмд сайн мэдэгдээгүй болохоос. Одоо энэ түүх хагас жил гаруйхан хугацааны дараа дахиад давтагдах улс төр яг одооноос яваад эхэлсэн байна. Энэ нам засгаа дотроосоо ч, гаднаасаа ч мэрсээр унагах улс төр аль хэдийнэ бий болсон.

Тиймээс Ардчилсан нам ангал цуу гарч байгаа Ардын намын засагт орж, цавуу, холбоос болох шаардлага огт байхгүй. Хуваагдаад гомдогсод бий болсных нь дараа улс төр хийхэд Ардчилсан намд оройтохгүй. Та нар бусад хүчинтэй эвсээд засаг барих ч боломжтой шүү дээ. Үнэхээр Ардын нам энэ Их хуралд тавь гаруйхан суудал авсан бол хамтарч болох гэсэн. Гэтэл та нараас арав гаруй суудлаар хавь илүү байгаа нам. Тиймээс ийм олонх болсон намтай хамтарч Засаг байгуулна гэдэг бол Ардчилсан намд саналаа өгсөн ард түмний итгэлийг та нар хөсөрдүүлж байгаагийн илрэл. Нөгөө үнэнч байдлаасаа урваж байгаагийн шинж гэсэн үг. Тиймээс сөрөг хүчний үүргээ сүр жавхаатай биелүүлээд удахгүй болох орон нутгийн сонгуульдаа намаа бэхжүүлж ялахаа бодоцгоо, та минь…

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ цаг-үе

Наадмаар ОХУ, БНХАУ-ын хилийн боомтуудын ажиллах хуваарь DNN.mn

2024 оны долдугаар сард хилийн боомтуудын ажиллах хуваарь гарчээ.

Үндэсний их баяр наадмаар агаарын болон төмөр замын хилийн боомтууд хэвийн ажиллах бол ОХУ, БНХАУ-тай хиллэдэг авто замын боомт дийлэнх нь түр хаагдах хуваарьтай байна.

Тухайлбал Ханх, Замын-Үүдийн авто замын боомт долдугаар сарын 11-16-ныг хүртэл ажиллахгүй.