Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийг аравдугаар сард ашиглалтад оруулна DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 62 дугаар сургуулийн гуравдугаар байр буюу өргөтгөлийн барилгын ажил 2018 онд эхэлсэн. Гэвч ашиглалтад ороогүй зургаан жил болсон юм.

Тус өргөтгөлийн барилгын ажлыг эрчимжүүлэхээр нийслэлийн удирдлага 62 дугаар сургуулийн захирал Ш.Сарантуяа, гүйцэтгэгч компани болох “Ганзосон” ХХК-ийн захирал Ч.Ижилбаяр нартай уулзсан байна.

Тодруулбал 2023-2024 оны хичээлийн жилд тус сургуулийн 16 бүлгийн 4,604 сурагч гурван ээлжээр хичээллэсэн.

Хичээлийн гуравдугаар байр буюу өргөтгөлийг 640 суудалтай байхаар зураг төсөл боловсруулж, 2018 онд “Ганзосон” ХХК-тай гэрээлсэн бөгөөд 2022 оноос хойш бүтээн байгуулалтын ажил зогсжээ.

Учир нь гүйцэтгэгч компани санхүүжилтээ нэмүүлэх хүсэлтээ салбар яаманд илэрхийлж, улмаар санхүүжилтийг нэмэх боломжгүй учраас гэрээ цуцалж, өөр гүйцэтгэгч компани сонгохоор тогтжээ. Үүнээс шалтгаалан тус сургуулийн барилгын ажил хоёр жил гацсан юм.

Тэгвэл хотын дарга Х.Нямбаатар тус сургуулийн өргөтгөлийн барилгыг дуусгах санхүүжилтийг нийслэлийн төсвийн тодотголд оруулж, ирэх аравдугаар сард ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлыг эхлүүлсэн.

Тухайлбал

  • БГД-ийн 29 дүгээр хороо, Эрин хороололд байрлах “Эрин эверест интернэшнл” сургуулийг улсынх болгон худалдаж авах
  • Нарны хороолол, Алтай хотхон, Голден парк зэрэг хороолол орчимд сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр онцоллоо.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс  

Categories
мэдээ нийгэм

БҮТ: Энэ жилээс ЭЕШ бус ЭШ гэж нэрлэдэг болно DNN.mn

Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлсэнтэй холбогдуулж Боловсролын үнэлгээний төв хэвлэлийн хурал хийлээ.

Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-ийн захирал Л.Ганбат “Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын гол онцлог нь шинэ хуулийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа. Элсэлтийн ерөнхий шалгалтын журмыг БШУ-ны сайд баталдаг болсон. Мөн өмнө нь Элсэлтийн ерөнхий шалгалт гэж ярьдаг байсан бол одооноос Элсэлтийн шалгалт (ЭШ) гэж нэрлэхээр хуульд тусгагдсан.

Энэ жилийн ЭШ-д 35.939 шалгуулагч бүртгүүлсэн. Бүртгэл цахимаар хоёр сарын хугацаанд үргэлжилсэн. Энэ онд 12 дугаар анги төгсөж байгаа 32 353 суралцагч байгаа бол өмнөх оны 3586 шалгуулагч бүртгүүлсэн.

Нийт шалгуулагчид 10 хичээл сонгож, шалгалт өгөхөөр байна. Тэдгээрийн хамгийн их буюу 25720 нь математикийн хичээлээр шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Харин хамгийн бага буюу 1788 сурагч Монгол Улсын түүхийн хичээлээр шалгалт өгнө. Улсын хэмжээнд 46 шалгалтын байр бэлдсэн. Үүний 23 нь Улаанбаатар хотод байна. Шалгалтын зохион байгуулалтын үйл ажиллагаанд 2541 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна” гэв

Categories
мэдээ нийгэм

2023 онд Бутаны Хаант Улсад нэг монгол иргэн, Монгол Улсад 32 бутан иргэн зорчжээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2024 оны долдугаар сарын 8-15-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна.

Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2006 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаанаар өргөмжлөгдсөн бөгөөд 2008 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Хаан ширээнд залах ёслол болсон. Энэхүү айлчлал нь Монгол Улсад хаан ширээнд заларч байгаа хүний хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог.

Тус улсын талаар онцлох мэдээллийг хүргэе.

  • Бутан улс Хималайн уулсын зүүн хэсэгт далайн түвшнээс 7,000 гаруй метрийн өндөрт оршдог бөгөөд хойд талаараа Бүгд Найрамдах Хятад Ард Улстай, өмнө, зүүн болон баруун талаараа Бүгд Найрамдах Энэтхэг Улстай хиллэдэг, нийслэл нь Тимпү хот.
  • 789.9 мянган хүн амтай тус улсын иргэдийн дундаж наслалт нь 72.7 юм.
  • Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ) нь 2.8 тэрбум ам.доллар. Нэг хүнд ногдох ДНБ нь 3.6 мянган ам.доллар.
  • Эдийн засгийн голлох салбар нь усан цахилгаан станц бөгөөд Бутаны усан цахилгаан эрчим хүчний экспорт нийт экспортынх нь 40%-ийг бүрдүүлдэг байна. Энэ нь Засгийн газрын нийт орлогын 25% юм. Бутан Улс одоогийн байдлаар 24,000 мегаваттын усан цахилгаан станцынхаа 6.5 хувийг ашиглаж буй.
  • 2023 оны эхний хагас жилийн байдлаар хүн амын 27% нь хөдөө аж ахуйн салбарт, 33.6% нь барилга, дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарт, 38.9% нь үйлчилгээний салбарт ажилладаг.
  • Ажилгүйдлийн түвшин нь 2023 оны II улирлын байдлаар 2.3%-тай байна.

Монгол Улс 2012 оны нэгдүгээр сарын 18-нд Бутан улстай дипломат харилцаа тогтоож байжээ. Хоёр улсын худалдааны эргэлт 2024 оны зургаадугаар сарын байдлаар 51.3 мянган ам.долларт хүрсэн байна. Манай улс тус орноос голлон хөлдөөсөн хүнсний ногоо, самар, хатаасан жимс, лаазалсан бүтээгдэхүүн импортоор авчээ.

Хоёр улсын иргэд харилцан визтэй зорчдог ба 2023 онд Бутаны Хаант Улсад нэг монгол иргэн, Монгол Улсад 32 бутан иргэн тус тус зорчсон.

Categories
мэдээ нийгэм

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл хэвийн явагдаж эхэлжээ DNN.mn

Иргэний шилжилт хөдөлгөөнийг сонгуулиас өмнө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард зогсоогоод байсан. Харин энэ сарын 1-нээс сэргээжээ. Ингэснээр шилжилт хөдөлгөөний бүртгэл хэвийн явагдаж байгааг УБЕГ-аас мэдээллээ.

Сонгуулийн тухай хуульд “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.” гэж заажээ.

Энэ жил дөрөвдүгээр сарын 29-нөөс өмнөх байдлаар 70,071 хүний шилжилт хөдөлгөөн бүртгэгдсэн байна.

2020 оны сонгуулийн өмнөх дөрвөн сард нийт 229,149 хүн шилжсэнээс нийслэл дотроо хамгийн их буюу 189,647 хүн шилжжээ.

Бүртгэлийн байгууллага бол иргэний шилжилт хөдөлгөөний зорилгыг тодорхойлох боломжгүй бөгөөд судалгаа хийгээгүйг мэдээлж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Авто худалдааны цогцолбороос баруун аймаг салдаг уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг нээлээ DNN.mn

Зургаадугаар сарын 18-22-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд салдаг уулзвар буюу хуучнаар 22-ын товчоо чиглэлийн авто замд эвдрэл үүсч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн.

Мөн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх, наадамчин олон тав тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр 9.4 км авто замын засвар, шинэчлэлтийг 2024 оны зургаадугаар сарын 29-ний өдрөөс эхлүүлсэн юм.

Өнөөдрийн байдлаар авто худалдааны цогцолбороос баруун аймаг салдаг уулзвар хүртэлх 3 км авто замын суурь хучилтын ажлыг хийж, хөдөлгөөнийг нээгээд байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Categories
мэдээ цаг-үе

“Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ DNN.mn

“Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус  явж эхэллээ.

Тодруулбал “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор маргааш буюу 2024 оны долдугаар сарын 4-ний өдрөөс нийтийн тээврийн Ч:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай”, Ч:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлүүдэд 06:20 цагаас 10:30 цагийн хооронд автобус явж эхлэх юм байна. 

  • Ч:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай” чиглэлд том хүн 15,000 төгрөгөөр, хүүхэд 7,000 төгрөгөөр,
  • Ч:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлд том хүн 10,000 төгрөгөөр, хүүхэд 5,000 төгрөгөөр мөн нийтийн тээврийн Umoney картаар зорчих боломжтой аж.

Маргаашаас "Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэлнэ

Маргаашаас "Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэлнэ

Categories
мэдээ цаг-үе

Элсэлтийн шалгалт өгч буй хүүхдүүддээ хүндэтгэлтэй хандъя DNN.mn

Өнөөдөр орон даяар элсэлтийн шалгалт эхэлж байна. Ихэнх улсуудад ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид ирээдүйн мэргэжлээ сонгохын тулд манайхтай адил элсэлтийн шалгалт өгч, Их, дээд сургуульд элсэх эрхээ олж авдаг.

Бусад улс оронд элсэлтийн шалгалтын эл өдрүүдэд зам засвар болон томоохон барилгын ажлуудаа зогсоож, шалгалт авах байрны ойр хавьд дуут дохио асаахыг хориглодог юм байна. Мөн шалгалт өгч буй хүүхдүүдэд автобус, үнэгүй таксигаар үйлчилж, хотынхоо замыг чөлөөлөн цагдаа нарын хамгаалалтад олон хүмүүсийн хүндэтгэл дор шалгалтын байр руугаа явж буй хүүхдүүдийн бичлэгийг цахим ертөнцөөс харж болно.

Манай улсын хүүхдүүдийн хувьд түгжрэл гэх мэт олон шалтгааны улмаас элсэлтийн шалгалтын цагаасаа хоцрох тохиолдлууд бий. Гэр бүлийнхэн нь ажилтай гэх шалтгаанаар хүргэж өгөх боломжгүй нөхцөлд хүүхдүүд нийтийн тээвэр, таксигаар шалгалтын байр руугаа явдаг.

Өчигдөр нүүр номын нэг найз маань “Маргааш элсэлтийн шалгалт эхэлнэ. Энд тэнд яарч сандарсан хүүхэд байвал хүргээд өгчихөөрэй. Зам гарч байвал чөлөөлөөд гаргачихаарай. Амьдрал шийдэх алтан агшин руугаа тэд яарч яваа шүү. Хүүхдүүд минь амжилт. Эх орны маргаашууддаа та бүхэн минь дөрөвхөн өдөр хүндэтгэлтэй хандаарай” гэсэн нь санаанаас ер гарсангүй.

Элсэлтийн шалгалт өгч буй хариуцлагатай энэ цөөхөн хоногт нь хүүхдүүддээ урам өгч, хүндэтгэлтэй хандацгаая.

Categories
мэдээ нийгэм

“Соёлын наадам” 16 дахь жилдээ болно DNN.mn

Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн хүрээнд, баяр наадмын үйл ажиллагааг өргөтгөж, монголчуудын өв соёл, ардын урлагийг сурталчлах зорилготой “Соёлын наадам”-ыг энэ сарын 11, 12, “Уяачдын наадам”-ыг энэ сарын 13-нд Хүй долоон худагт зохион байгуулахаар болжээ. Тус наадмыг Соёл урлагийн их сургуулиас Соёлын яамны дэмжлэгтэйгээр 16 дахь жилдээ зохион байгуулж буй.

Соёлын наадамд СУИС-ийн соёлын өв тээгч, уран бүтээлч багш, оюутнууд, Нийслэлийн Соёлын төвийн уран сайханчид, “Идэрийн цуурай” бөхийн дэвжээний бөхчүүд зэрэг нийт 200 гаруй хүн оролцох аж. “Соёлын наадам”-аар Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын биет бус өвийг сурталчилсан урлагийн тоглолтоос гадна “Язгуур урлаг”, “Монгол цайны соёл”, “Цагаан идээний соёл”, “Айрагны соёл”-той танилцаж, “Казах соёлын гэр”-ээр зочлох боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар голын усанд 11 хүүхэд, авто ослын улмаас 26 хүүхэд нас баржээ DNN.mn

2024 он гарсаар голын усанд 11 хүүхэд, авто ослын улмаас 26 хүүхэд нас барсан бол 605 хүүхэд авто ослын улмаас бэртэж гэмтжээ. Тиймээс хурдаа тохируулж, эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал тавихыг ХЭҮК-оос анхааруулав.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Оюун-Эрдэнэ хүссэн 30 жилээ эхлүүллээ DNN.mn

УИХ-ын сонгууль өндөрлөж, шинэ УИХ ажилдаа орлоо. Таван субьектын 126 гишүүн энэ УИХ-ыг бүрдүүлж байна. МАН 68, АН 42, ХҮН найм, ИЗНН дөрөв, Үндэсний эвсэл дөрвөн суудалтай болов.Шинэ гишүүдийн 80 орчим хувь нь УИХ-д, тэр байтугай улс төрд шинээр орж ирж байгаа хүмүүс байна. Өөрөөр хэлбэл УИХ ийм хэмжээгээр шинэчлэгдсэн байна.Дээрээс нь нийгмийн сегментүүдийн төлөөлөл чэнэ УИХ-д багтсан.Энэ агуулгаар нь хөөвөл өнгөрсөн жилүүдэд Л.Оюун-Эрдэнийн санаачилж батлуулсан Үндсэн хуулийн өөрчлөлт “ажиллаад” эхэлсэн байна.

Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн дөрвөн жилийн бүрэн эрхийн гурван жил хагаст нь Засгийн газрын тэргүүнээр ажилласан. Уг нь тэр бүрэн эрх одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийнх. Лавсүүлийн 12 жилд Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын “насжилт” жил хагасаас хэтрэхээ болиод байснаа У.Хүрэлсүхийн оронд Ерөнхий сайд болсон Л.Оюун-Эрдэнийнх 3.5 жил үргэлжилж бүрэн эрхийг нь дуусгасан юм.

2012 оны сонгуулийн дараа АН-ын дарга Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар ажиллаж эхлээд хугацааныхаа дунд огцорч Ч.Сайханбилэг тэр бүрэн эрхийг дуусгасан. 2016 оны сонгуульд М.Энхболдын удирдсан МАН ялж, Ерөнхий сайдаараа Ж.Эрдэнэбатыг томилсон. Жил гаруй ажиллаад огцорсон. Оронд нь У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсон. Тэрээр уг бүрэн эрхийг дуусгасан. Ингээд 2020 оны сонгуульд намаа удирдаж ороод ялсан. Гэвч 2021 онд цар тахлын үеэр гэнэт огцорч, Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайд, МАН-ын даргын албан тушаалыг шилжүүлсэн. Үндсэндээ дээр дурдсан хугацаанд нам удирдаж легитим үүсгээд ялсан сонгуулийнхаа бүрэн эрхийн хугацааг хэн ч дуусгаж байгаагүй юм.

Тэр утгаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч одоо л өөрийнхөө легитимд суурилсан сонгуулийн дүнг үзэж байна. Тэрээр Засгийн газрын насжилтыг “Өмч хувьчлал, байгалийн баялаг, газрын эздийн өмнө Монгол төр хүчгүйдэн сааралтаж, Засгийн газрын дундаж нас 1.5 жил байсан нь энэхүү авлигын системтэй шууд холбоотой.Тэд тоглогчид өөрчлөгддөг ч тоглоом өөрчлөгдөхгүй гэдэг системийн авлигын дүрмээр тоглосоор Монгол Улсын 30 жилийг зөвхөн өөрсдөдөө ашигтай, ард түмэнд хүртээмжгүйгээр болгон манантуулан боолчилж чадаж байсан юм” гэж дүгнэдэг. Олон удаа үүнийг хэлж байв.Үүнийг засах гарц нь буюу шинэ 30 жилийг эхлүүлэх зам нь Үндсэн хуулийн өөрчлөлт гэсээр байсан. Тэр тухайд “Харахад сонгууль явагдаад байгаа мөртлөө нөгөө л мөнгөтэй, нүүрс, зэсийнхэн, хэдэн тоглогчид байж байдаг. Төлөөллийнхөө хүнийг томилоод л төрийг алсаас удирддаг. Гэхдээ энэ байдлыг 30 жилийн дараа нийгэм ойлгочхоод байна. Одоо засахаас өөр ийм арга байхгүй.УИХ баталж чадвал цаашдаа улстөрчид ЖДҮ, Хөгжлийн банкнаас зээл авдаг нь хязгаарлагдана. Зарим гишүүн “Яагаад бидний эрхийг хязгаарлаад байгаа юм бэ. Бид чинь адилхан л иргэн шүү дээ” гээд байгаа юм.Би “Үгүй ээ, УИХ-ын гишүүн бол иргэний төлөөлөл юм. Иргэдээсээ хамаагүй давуу эрхтэй. Нэг давуу эрх нь ч одоо яриад байгаа халдашгүй байдал мөн. Хамаагүй илүү мэдээлэл авах хэрэгтэй. Тийм учраас хэрэв та Үндсэн хуулийн тэгш байдлыг ярих гэж байгаа юм бол иргэнтэйгээ адилхан болчих. Иргэнээсээ илүү үүрэг хариуцлага хүлээж байж энэ тухай ярих эрх зүй болон ёс зүйн одоо ийм өндөрлөг дээрээ байх боломжтой” гэж байгаа юм.Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаад одоо 30 жил болчихлоо. Ер нь 30 жилийг бүхэлд нь дүгнэх ёстой” гэсэн.

Мөн “Биднийг “Та нар л ялаад байдаг” гэдэг. Тэгвэл бид тэр ялаад байгаа тоглоомын дүрэм, ялаад байгаа тогтолцооноосоо одоо болих ёстой гэж байгаа юм. Парламентад байх ёстой төлөөллийг өсгөх ёстой. Аль ч тохиолдолд Ерөнхий сайдын хувьд, эрх баригч намын даргын хувьд нээлттэй хамтарч ажиллахад бэлэн байна. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүний хувьд “Холимог тогтолцоо зөв” гэж хэлнэ” гэсэн. Өнгөрсөн жил УИХ-аар хэлэлцэх үед “Авлига, албан тушаалын ашиг сонирхлоос ангид байж, УИХ бол зөвхөн иргэдийн төлөөлөх эрхийн мандат юм гэдэг сонгодог агуулга руу орох алхам хийж байгаа нь үнэн. Парламентын гишүүд энэ агуулгыг дэмжиж байгааг талархаж байна. 76 дарга, 76 төсвийн захирагч иргэдийн хувьд бодлогын мэтгэлцээн гэхээс илүүтэй тойрог дээрээ ямар хөрөнгө оруулалт татав, ямар төсөв тусгуулав, тойргоос хэнийг томилж байна гэдэг уралдаанд 30 жил боллоо.  76 даргаас 126 иргэний төлөөлөгч рүү шилжих, эрх мэдлийн задрал, тогтолцооны реформ гэж ойлгож байна”, бас “ Зоригтой шийдэл гарган, эрх мэдлийн хэт төвлөрлийг задлах шийдвэр гаргах гэж буй гишүүддээ баярлаж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдсанаар цаашдаа УИХ-ын гишүүн байх нь сонирхолтой зүйл биш болж хувирна. Бизнесийн зарчмаар энд орж ирэх ямар ч ашиггүй болж хувирна. Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдсанаар зөвшилцлийн ардчилал руу орно” гэсээр байв. Ингэсээр Үндсэн хуулийг өөрчилж, Монгол Улс сонгуулийн шинэ тогтолцоотой, 126 гишүүнтэй УИХ-тай болсон.

Харин энэ 126-г бүрдүүлэхдээ МАН-ын дарга өөрөө жагсаалтаа “чөлөөлж” тойрогт өрсөлдсөн. Мөн нэг ч сайд, гишүүн оруулаагүй. Үүнийгээ бараг жилийн өмнө зарласан. Тэгээд хийсэн. Ингэж жагсаалтаа дан нийгмийн сегментүүдээс бүрдүүлсэн нь УИХ-ыг ингэж шинэчлэгдэх том түлхэц болсон.

Өнөөдөр ингэж явагдсан сонгуулийн үр дүнгээр УИХ-ын бүтцийг томилж сонгоод явж байна. УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг сонголоо. “Ерөнхийлөгчөөс Ж.Энхбаяр, Ерөнхий сайдаас Д.Амарбаясгалангийн нэр гарч ирж өрсөлдөөд Д.Амарбаясгалан УИХ-ын дарга боллоо” гэсэн яриа анхдугаараа чуулганы дараа Төрийн ордноор яригдсан. Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга болсон Д.Амарбаясгаланг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудлаас нь салгалгүй байлгаж байгаад хууль тогтоох байгууллагын удирдлага руу гаргалаа гэсэн тайлбар явж байна. Улс төрийн хүрээнийхэн үүний учрыг маш сайн ойлгоно.

Одоо Засгийн газрын асуудал яригдаж байна. Тэр тусмаа хамтарсан Засгийн газар байгуулах талаар намууд санал солилцоод эхэллээ. Энэ долоо хоногтоо багтаж шийдэлд хүрэх мэдээлэл байна. МАН нэр, тоо бүхий том төслүүд, авлигын эсрэг асуудал, баялгийн сангийн хуулийн хэрэгжилт дээр нэгдмэл байхыг хүссэн байна. Хэрэв үгүй бол дангаараа Засгийн газраа байгуулна гэжээ.Хамтарсан Засгийн газрын сурагтай зэрэгцээд Шинэ Зеланд маягийн парламент гэдэг үг их дуулдаж байна. Тэр учиртай аж. Тус улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим буюу хууль тогтоох дээд байгууллага нь нэг танхимаас бүрддэг. Нутаг дэвсгэр нь 16 муж, сонгуулийн 72 тойрогт хуваагддаг. Парламент нь гурван жилийн хугацаагаар холимог тогтолцоогоор сонгогддог. Нийт 120 гишүүнтэй. Парламентын ээлжит сонгууль 2023 оны аравдугаар сарын 14-нд болж, сонгуулийн дүнд Үндэсний нам, Анхдагч нам, Акт Шинэ Зеланд намаас бүрдсэн эвслийн Засгийн газар эмхлэн байгуулагдсан. Сонгуульд 48 суудал авч ялалт байгуулсан бизнесмэн КристоферЛаксоноор удирдуулсан Үндэсний нам нь Акт Шинэ Зеланд нам болон Шинэ Зеланд Анхдагч намтай хамтарсан Засгийн газар байгуулах хэлэлцээг сонгуулийн дүн гарснаас хойш сар хагас гаруй хугацаанд хийсэн. Үүний үр дүнд Засгийн газрын танхимын 20 сайдын 14-ийг нь Үндэсний нам, харин Акт Шинэ Зеланд нам, Шинэ Зеланд Анхдагч нам тус бүр гурван сайдын албан тушаалыг авахаар тохиролцсон. Түүнчлэн танхимын бус найман сайдын таван суудлыг Үндэсний нам, Акт Шинэ Зеланд нам хоёр, Шинэ Зеланд Анхдагч нам нэг сайдын албан тушаалыг авч, Акт Шинэ Зеланд нам, Шинэ Зеланд Анхдагч нам тус бүр нэг Парламентын нарийн бичгийн дэд даргатайбайхаар тохиролцжээ. Энэ талаар шинжээчид “Олон намын эвслийн Засгийн газар байгуулснаар илүү тогтвортой Засгийн газар бүрдэж, шийдвэр гаргалтын хувьд илүү олон талын оролцоотой, олон нийтийн санал бодлыг өргөн хүрээнд тусгах боломжийг олгож байна” хэмээн үздэг. Ер нь л олон намын бодлого, мөрийн хөтөлбөрийг уялдуулснаар илүү оновчтой бодлого гаргах, үйл ажиллагаа явуулах боломжтой аж. Хамгийн гол нь Шинэ Зеланд улс нь Монгол Улстай геополитикийн зэрэг асуудлаараа ихээхэн төстэй. Үүнийг зовлон нэгтэй гээд хэлчихэд болно. Энэ талаар ч Л.Оюун-Эрдэнэ жил гаруйн өмнө хэвлэлд ярихдаа бараг хэлчихсэн үг нь байна. “Ингээд 50:50 болчихоор 50 хувь нь тойрогждог, 50 хувь нь үндэсний хэмжээний бодлого ярьдаг хүмүүс болчихдог. Бараг ихэнх тохиолдолд хамтарсан Засгийн газар байгуулах магадлалтай. Нэг нам дангаараа одоо үнэмлэхүй ялах боломж байхгүй болчихдог. Парламентад МАН, АН-аас гадна 4-5 одоо намтай болно гэсэн үг. Тэгэхээр үүнийг “Нэг хаалгаар хөөгөөд гаргачихсан чинь тооноор ороод ирлээ” гэж харж болохгүй. Бид явж ирсэн 30 жилдээ одоо л зөв дүгнэлт хийх ёстой. Дахиад хэлэхэд энэ бол МАН-д ашиггүй. Яг эрх баригч нам талаасаа харвал байнга үнэмлэхүй ялах тоглоомын дүрмээсээ МАН татгалзана гэсэн үг” гэж байжээ. Түүгээр нь л болж байна.

Энэ бүхнийг Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн хэдэн жил ярьсантай дүйцүүлсэн нь учиртай. Түүний хүссэн шинэ 30 жил эхэллээ. Тэр нь биеллээ олжээ. Гэхдээ маш ойрын үед хэд хэдэн том даваа давах хэрэгтэй. Ийм олон, дотроо ч олон салангид улс төрийн хүчнүүдтэй хэрхэн зөвшилцөх вэ гэдэг хэцүү. Гэхдээ галт тэрэг хөдөлсөн. Хэрхэхийг нь харах үлдсэн. Нөгөө талаас нь харвал үүгээр шинэ 30 жил яахын аргагүй эхэлж байна. Хамгийн гол нь ингэж байгуулсан шинэ үе бүтээлч байх уу, зүгээр л шоудаад дуусах уу гэдэг байгаа юм. Гэвч аль нь болохыг ганцхан жилийн дараа л дүгнэчих боломжтой. За даа, эд нар бүтэхгүй юм байна, эсвэл Шинэ үе зөв байна гэсэн дүгнэлт гарчихна.

Эцэст нь хэлэхэд энэ сонгуулийн дараах үе 30 гаруй жилийн өмнөхтэй яг ижил байна. Тэр үеийн улстөрчид, нийгмийн сэхээтнүүд, иргэд гээд олон хүний дурсамжид байдаг даа. Олон дурсамжид “1990 оны үүр хаяарах мэдрэмж…” гэсэн нь бий. Энэ бол “Тэд, шинэ үе хааш нь хөтлөх вэ” л гэсэн үг.

Ажиглагч А.Батболд