Categories
мэдээ нийгэм

Г.Отгонтамир: Төв цэнгэлдэх орчимд зөвхөн тусгай зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл зорчино DNN.mn

Үндэсний их баяр наадмын үеэр цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зохион байгуулж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар (НЦУГ)-ын хурлын танхимд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр авто замын хөдөлгөөний зохицуулалт, төв цэнгэлдэх болон Хүй 7 худаг орчмын зарим хөдөлгөөний хязгаарлалтын талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр “Төв цэнгэлдэх орчимд таван төрлийн 7,850 зогсоол бий. Харин Хүй 7 худаг орчимд нийт долоон төрлийн 11,400 зогсоол байршуулсан.

Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын замын хязгаарлалтын талаар мэдээлэл өгөхөд Махатма Гандийн гудамж болон Нийслэл хүрээ өргөн чөлөөнд хязгаарлалт тавьсан. Улаан бүсэд баяр наадмын комиссоос олгосон зөвшөөрөлтэй автомашиныг нэвтрүүлнэ. Бусад замаар ямар нэг хязгаарлалт хийгээгүй.

Хүй 7 орчмын зогсоолын төлөвлөлтийн хувьд нийт долоон төрлийн 11,400 тээврийн хэрэгсэл багтах зогсоолыг шийдэж өгсөн. Мөн баяр наадмын комиссоос шороон талбайд байрлах 5,000 зогсоол нэмж олгосон.

Нийт долоон төрлийн зогсоолын зөвшөөрлийг A, Д, К, Ж, Ү, Г, М зэргээр ялгасан. Тухайлбал Төв цэнгэлдэх хүрээлэнгийн “А” зөвшөөрлийн байршилд “Naadam center”-ийн зогсоол хамрагдаж буй бол “Д” зогсоол нь цэнгэлдэхийн хойд талын “Од” группийн зогсоол хамрагдаж байна. Хүй 7 худагт “A” болон “Ж” зогсоолын хэсэг нь уралдаан болох цэгийн баруун урд хэсэгт байрлаж буй.

“Ү” зөвшөөрөлтэй бол E-Mart худалдааны төвийн зогсоолд зогсох боломжтой бөгөөд Хүй 7 худагт замынхаа зүүн талд байршина.

Иргэдэд анхааруулахад тусгай зөвшөөрлийг цагдаагийн алба хаагч болон хяналтын камерт харагдахуйц газар байрлуулж хөдөлгөөнд оролцохыг зөвлөе.

Мөн зөвшөөрөл шаардахгүй үйлчлэх бусад зогсоолын төлөвлөлтийг гаргасан. Тодруулбал 

  • Төмөр замын зогсоол (600 тээврийн хэрэгсэл)
  • Улаанбаатар төмөр замын зогсоол (400 тээврийн хэрэгсэл)
  • Мишээл экспо зогсоол (400 тээврийн хэрэгсэл)
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэн (500 тээврийн хэрэгсэл)
  • Нарантуул захын зогсоол (2000 тээврийн хэрэгсэл)
  • Дүнжингарав зогсоол (2000 тээврийн хэрэгсэл)-д машинаа байршуулаад нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжтой.

Мөн долдугаар сарын 12-нд соёолон морьдын уралдааны үед Хүй 7 худаг орчмын замын хөдөлгөөн эрс нэмэгддэг. Тиймээс замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалан соёолон морьдын уралдаан эхлэхээс нэг цагийн өмнө Баруун аймаг руу салдаг уулзвараас Хүй 7 худаг салдаг уулзвар хүртэлх авто замыг нэг чигийн хөдөлгөөний зохион байгуулалтад орно.

Уралдаан дууссаны дараа Хүй 7 худгаас Эмээлтийн товчоо хүртэл баруунаасаа зүүн тийшээ нэг цагийн хугацаанд нэг чигийн урсгалтай болно.

Баяр наадмын үеэр ажиллах нийтийн тээврийн маршрутын талаар мэдээлэл өгье. Баяр наадмын комиссоос Давааны зөрлөг дээр тээврийн хэрэгсэл байршуулах зогсоол гаргасан. Тэндээс Хүй 7 худаг хүртэл богино эргэлтээр гурван автобус иргэдэд шуурхай үйлчилнэ. Мөн долдугаар сарын 11-12-нд Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл Мишээл сити, Дүнжингарав худалдааны төв, Вокзал, Нарантуул худалдааны төв дээр богино эргэлтийн дөрвөн чиглэлд 14 автобус үйлчилгээнд явна” гэв.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Богд хааны ордон музейн захирал, “Болор цом”-ын эзэн Ц.Эрдэнэбаатар: Өндөр Гэгээний бүтээлүүдийн нэг өвөрмөц онцлог нь амьд мэт бүтээхээс гадна “алхимич” хүн л бүтээж дээ гэмээр нууцлаг… DNN.mn

Энэ сарын 7-17-ны хооронд Богд хааны ордон музейд “Хорин нэгэн Дара эхийн чуулган” нэртэй үзэсгэлэн нээгдэж байна. Энэ талаар тус музейн захирал, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Эрдэнэбаатараас тодруулсан юм.


-Үзэсгэлэнгийн нэг хэсгийг “Сахиус догшдын бүжиглэл” хэмээн нэрлэсэн нь ямар учиртай юм бэ?

-Сахиус догшдыг тэнгэрээс газарт буулгана гэдэг бол хүн төрөлхтний баяр. Монголчуудын баяр бол наадам, наадмын эхлэл бол Даншиг шүү дээ. Даншиг гарахад цам гарч байсан. Цам нь тэнгэр газаргүй баярлаж байна гэх санааг бий болгож, дээд аль нэг орноос догшид сахиусыг буулгаж байгаа хэрэг. Лхачинсүрэн гэх цагаан өвгөн энэ замбуулинд бууж ирээд догшид сахиус, бурхдаа дууддаг. Цагаан өвгөн бол урт нас, аз жаргалын бэлгэдэлт дүр. “Зуу насалж зургаадай таяг тулаарай” гэж монголчууд ярьдаг, ерөөдөг.

Зургаадай таяг гэж юу болохыг энэ үзэсгэлэнгээс харж болно. Энэ таяг зөвхөн Богд хааны ордон музейд л байдаг. Цагаан өвгөний иж бүрэн хувцас, дээл, эрхи, гутал энд байна.

Гутал нь гэхэд барын арьсан гутал. Домогт: Нэгэн анчин ан хийж яваад бар алсан чинь тэр нь эх болох гэж буй бар байж таараад үхэхдээ дөрвөн зулзага төрүүлжээ. Нэг дор таван амь сүйтгэлээ гээд тэр хүн ихэд гэмшээд дахин хүйтэн зэвсэг амьтан руу шагайхгүй гэж тангараг өргөж, түүгээр зогсохгүй гэгээрэн бурхан болсон гэдэг. Яг Б.Лхагвасүрэн “Буутын ус” зохиолд гардаг шиг юм болж л дээ. Ингээд тус анчны агнасан өнөөх барын арьсаар хийсэн гутал гэж болно.

-Цамын ёслол болж, цагаан өвгөн гарч ирэн бүжихэд Богд хааны ордон музейд буй үзмэрүүдийг хэрэглэдэг үү, эсвэл өөрийг хэрэглэдэг үү?

Мэдээж тухайн цагт хэрэглэгдэж байсан л эдүүд байх. Ер нь 1937 онд 700-гаад сүм хийд устгагдсан гэж ярьдаг шүү дээ.

Тэдний 500-гаад нь өөр өөрийн өвөрмөц онцлогтойгоор Цам гаргадаг байсан гэнэлээ. Тэгэхээр цам бол нэлээд хөгжсөн зүйл бололтой. Жахар буюу Даншиг наадам нь шажны хаан буюу Богдыг урт наслуулж, удаан жаргуулах, нас буяныг нь нэмэх зорилготой л хийгдэж буй наадам. Хаанд зориулагдсан цам учраас бусдаас арай өөр байх нь дамжиггүй. Тиймд “Хүрээ цам” бол зиндаа өндөр.

-Энд дэлгэгдсэн үзмэрүүдээс товч танилцуулбал, олон түмэнд илүү хүрэх болов уу?

-Богдын ар талд Аюуш бурхан залдаг байсан уламжлалтай. Энэхүү Аюуш бурхны зээгт наамлаар бүтээгджээ. Зээг наамал гэдэг бол торгон дээр бурхнаа зураад өнгөөр ялгахдаа будгаар бус өнгө өнгийн торго, хоргой зэргийг орлуулж зээглэж оёдог бурхан бүтээх нэг өвөрмөц арга шүү дээ. Дан торго хоргой, хошмог, есөн эрдэнэ хүртэл хэрэглэсэн нь бий.

Хүрээ цамын бас нэг гол дүр бол Хангарьд шувуу байгаа юм. Нийслэл маань Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Богдхан гэсэн дөрвөн уулын дунд оршдог. Энэ дөрвөн уулаас бид бүхэн Богдхан уулыг тэргүүн болгож шүтдэг. Харин уг шүтээний маань савдаг нь Хангарьд шувуу юм. Тиймд манай хотын сүлдэн харгарьд байдаг.

Гонгор бурхан бол эд баялгийг дуудагч сахиус. Тэгэхээр энэ Цамтай цуг эд баялаг ирэх нь гэсэн үг.

-Дамдинчойжоо бурхны талаар тайлбарлавал…?

-Дамдинчойжоо бурхныг Эрлэг номун хаан гэдгээр нь монголчууд мэднэ. Хэн ч бай, төрөөд үхэх нь үнэн. Үхэх үедээ хүн энэ бурхан дээр очдог байх нь. Эрлэг дээр очоод энэ амьдралдаа хэрхэн зөв амьдарч чадсан бэ, шунал тачаал, мунхаг харанхуй, атаа хорсол чинь их байсан уу, бага байсан уу гэдгээс шалтгаалж там диваажингаа сонгоно ш дээ. \инээв\ өөрөөр хэлбэл, мөнх бусыг мөн цам маань сануулдаг байх нь.

Очирваань бурхан бол Монголыг даасан бурхан. Төвөдийг бол Жанрайсиг бурхан, Хятадыг бол Манзушир бурхан даадаг. Монголчууд даасан бурхнаа энэ их баяр дээрээ залдаг. Энэ удаагийн үзэсгэлэнгийн танхим нь жижиг учраас өндөрт нь тааруулж гурван метрийн өндөртэйг л залсан байна. Том үзэсгэлэнгийн танхимтай байсан бол таван метр, долоон метр өндөртэй очирваань бурхныг залж болно. Тухайн үед гадаа тийм өндөртэй бурхдыг залдаг байсан мэдээ бий.

-Цамын ёслол бол сүсэгтэн олныг баярлуулдаг, энэ хэдийд анх Даншиг наадамд орж ирсэн хэрэг вэ?

-Өндөр гэгээн Занабазарыг шашны хаан буюу анхдугаар Богдоор өргөмжлөхөд Даншиг наадам хийсэн түүхтэй. Даншиг наадамд Цамыг оруулж ирсэн хүн бол дөрөвдүгээр Богд юм. 1811 энэхүү “Жахар” буюу хүрээ цамыг үзүүлсэн гэдэг. Дөрөвдүгээр Богдын үед жинхэнэ утгаараа Хүрээ цам зохион байгуулагдсан байдаг.

-Г.Занабазарын өөрийн гараар бүтээгдсэн бүтээлүүд тун ховор гэгддэг. Энэ талаар?

-Өндөр Гэгээний өөрийн мутрын бүтээлүүд бол тун ховор. Ногоон, цагаан дара эх тэргүүт 21 дара эх, язгуурын таван бурхан, Очирдарь,босоо Майдар, Манзушир, Аюуш гээд 30 гаруй л бүтээл бий.

-Богд хааны ордон музей рүү орохдоо ноёд хаадууд нь төрөх гэж байгаа охиноо, тулгар эхнэрээ авчирч босгонд нь мөргүүлдэг байсан гэдэг. Энэ нь үр хүүхэд нь эрүүл энх байх, хүндрэлгүй төрөхгүй ч юм уу ерөөл бэлгэдэлтэй үйл гэх нь бий. Энэ уламжлалын талаар сонирхуулбал…?

Энэ 21 Дара Эхийн үйлс нь хүний бүх хүслийг 21-д багтаан багцалсан гэж үзвэл тэр 21 хүслийг буюу хүний бүх хүслийг биелүүлэх увдис шидтэй л гэсэн үг л дээ. Харин энэ хорин нэгийн бүгдийх нь увдис чадлыг бүрдүүлж чадсан бурхан нь бол Ногоон Дара Эх.

-Ер нь Өндөр гэгээн Занабазарын урласан Дара эхийг хамгийн зөв тэг хэлбэртэй гэж бичсэн байхыг, тэгж тайлбарлахыг олонтаа сонсож байсан шүү?

-Өндөр Гэгээний урлалын тухай Ногоон Дарь Эхийг жишээлэн авч тайлбарлахыг хичээе. Бурхны тэг гэж ярьдаг бурхан багш нас дээр гарахын үест шавь нар нь “Хэн ч мөнх бус. Та ер нь нэлээд өндөр насыг насаллаа, таныг бид ямар дүрээр дурсан санаж байх юм бэ” гэсэн чинь бурхан багш “Бурхны тэг” гэдэг зүйлийг бичээд зураад өгчихсөн. Түүнд нь тэргүүнийх нь өндөр суугаа биеийнх нь гуравны нэг, босоо биеийнх нь долооны нэг, нүүрнийх нь өргөн мөрний толгойноос бүдэрхий хүртэлх зайтай ижил байна, гэдэг ч юмуу? Ер нь бол аман зураг зурж орхижээ.

Энэ бурхны тэгийг анагаах ухаанд хэрэглэж амжаагүй байхад Ленорда да Винчи гэдэг хүн төгс хүн гэдэг зураглалыг гаргаж ирсэн, тэр нь яг бурхны тэг шиг хэмжээст хүний зураг байдаг. Леонардо да Винчи 1500 оны үед амьдарч байсан гэхээр бурхан багш бол түүнээс 2000 жилийн өмнө зурж бичээд үлдээчихсэн гэсэн үг. Леонардогаас зуугаад жилийн дараа Өндөр Гэгээн цутгуурын урлаг дээр Дара Эхийг бүтээсэн чинь Леонардогийн бодсон бодлого, бурхны тэг, Өндөр Гэгээний бүтээл гурав хэмжээсийн хувьд яг нэг цэг дээр давхцаж байгаа юм. Хоёрдугаарт, энэ цутгуурын урлагийг бүтээхдээ тэргүүнийг нь, мутрыг нь, мөрөн дээрх бадам цэцэг болон их биеийг нь тус тусад цутгаад дараа нь хооронд нь нийлүүлж гагнадаг учиртай. Гэтэл энэ Ногоон Дара Эхийг тэгж гагнаагүй юм шиг гагнаас нь мэдэгддэггүй, тийм учраас энийг номын хүчээр бүтээсэн гэж хэлэх нь ч бий. Шинжлэх ухааны үүднээс харвал том алхимич хүн байсан болохоор тэр гагнаасыг нууцалж чадсан байх л даа.

-Ер нь Богд хааны ордон музейд Хорин нэгэн Дарь эхийн үзэсгэлэнг гаргаж байсан уу?

-Ер нь үзэсгэлэн гэдэг бол дэглэлтийг л өөрчлөх асуудал. Үзмэр бол байж л байгаа шүү дээ, үзэгч бол энэ дэглэлтийг өөр орчинд харахыг хүсдэг. Далайн хөвөөн дээр харахыг хүсэж байгаа, магадгүй орчлонгийн хоосон орон зай болсон тэр сансарт харахыг хүсэж байгаа, сүмбэр уулын орой дээр Хорин нэгэн Дара эх заларсан байхыг харахыг хүсэж байгаа шүү дээ хүмүүс, үзэсгэлэн гэдэг бол өөрөө энэ юм. Нөгөө талаасаа манай ордон музейн үзмэрийн арав орчим хувь нь дэлгээтэй байдаг, бусад 90 орчим хувиа үзэсгэлэнгээр дамжуулан үзүүлдэг, улиралд 1-2 үзэсгэлэн гаргаж үзүүлдэг гэсэн үг. Хорин нэгэн Дара эхийн орон зайг сольж бид нар Дүрслэх урлагийн музейд гурван жилийн өмнө гаргасан, хүмүүс маш их сонирхсон. Өнгөрсөн намар Өндөр Гэгээний өөрийн мутрын бүтээлүүдээс бүрдсэн “Өндөр Гэгээний өв” гэж том үзэсгэлэнг Богд хааныхаа ордон музейд зохион байгуулж чадсан, энэ үзэсгэлэнг бол маш их хүн үзсэн. Өнгөрсөн өвөл “Хааны хаш” гэж үзэсгэлэнг зохион байгуулсан, өнгөрсөн хавар бид бурхан багшийн үлдэц эрдэнүүдээр үзэсгэлэн зохион байгуулсан, мөн л маш их хүн үзсэн.

-Үзэсгэлэн гаргаж байгаагийн ач холбогдлыг товчхон дүгнэвэл…?

-Музейд энэ үзэсгэлэнгээр дамжуулж хүмүүс ирээд сурчих юм бол музей өөрөө боловсролын төв байгууллага учраас энүүгээр орж ирж байгаа хүн болгон соён гэгээрэх тухай асуудал юм. Бурхдын энэ сууриуд нь бадам цэцэг байна шүү дээ, энэ яагаад заавал бадам цэцэг байна вэ гэхээр мунхаг харанхуй гэдэг шавар балчгийг ялж гарсан бадам цэцэг шиг ургасан бодит хүмүүс байхгүй юу. Гэгээрсэн гэдэг ойлголт бол: Сэтгэлээ хөгжүүлж, дадуулж чадсан гэсэн үг. Жаахан өөрөөр тайлбарлавал амьдралын мөн чанарыг бүрэн ойлгоод, гуйлга гуйж байгаа хүн, энд арваганаад явж байгаа аалзыг адилхан та өөрийнхөө үрийг яаж хардаг уу тэрэн шиг харж чаддаг болтол дадал суулгахыг хэлдэг. Сэтгэлийн фитнесийг хөгжүүлж чадсан хүмүүс л бурхан болдог. Ард нийтээрээ сэтгэлийнхээ фитнесийг хөгжүүлж чадвал аз жаргалтай амьдрах боломжтой.

-Энэ жилийн тухайд долдугаар сарын 7-ноос үзэсгэлэнгээ дэлгэлээ. Тэгэхээр энэ цаг хугацааг жуулчдын улиралтай харьцуулж гаргасан уу. Ер нь үзэсгэлэндээ хэзээнээс бэлдэж эхэлсэн бэ?

-Ер нь Монголын хамгийн том баяр бол Цагаан сар, Наадам хоёр. Тэгэхээр энэ хоёр баяртаа зориулаад жилийн өмнөөс ямар зүйл үзүүлж харуулах тухайгаа боддог. Энэ баяраараа дамжуулж, баярлангаа өв соёлоороо бахархах, соён гэгээрх боломж нөхцөлийг бүрдүүлж буй ухаантай.

Ярилцсан

Н.САРАНЧИМЭГ

Э.ОДОНЧИМЭГ

М.УРАНБИЛЭГ

Categories
мэдээ цаг-үе

Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дорнод-Монголын тал нутгаар халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно.

Тодруулбал, маргааш Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, 10-нд нутгийн зарим газраар, 11, 12-нд баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна.

Иймд:

  • Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах,
  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
  • Баталгаат зам, гүүрээр зорчих,
  • Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,
  • Өрхийн болон хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах,
  • Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг ЦУОШГ-аас анхааруулж байна.
Categories
мэдээ цаг-үе

“Баянхонгор” нисэх буудлын хөөрч, буух зурвасыг шинэчилжээ DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлж, орон нутгийн найман чиглэлд нислэгийг сэргээн, тогтмолжуулсан.

Энэ хүрээнд орон нутгийн ес дэх чиглэл буюу “Баянхонгор” нисэх буудлын 3С хяналтын кодтой аэродромын хөөрч, буух хучилттай зурвасын засвар ажлыг гүйцэтгэж ашиглалтад оруулахад бэлэн боллоо. Ингэснээр орон нутгийн есөн чиглэлд CRJ-700 маягийн агаарын хөлгөөр “МИАТ” ТӨХК нислэг үйлдэх боломж бүрдлээ гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Биржээр хагас жилд биржээр 10 сая тонн нүүрс арилжив DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны эхний хагас жилд Монголын Хөрөнгийн Биржээр 25 удаагийн нүүрсний нээлттэй цахим арилжааг зохион байгууллаа.

Нүүрсний цахим арилжааг долоо хоног бүр зохион байгуулж, одоогоор 2.9 сая тонн коксжих, 6.5 сая тонн сул коксжих, 1.4 сая тонн эрчим хүчний нүүрс, нийт 10.8 сая тонн нүүрсийг 1.25 тэрбум ам.доллароор биржээр худалдсаныг тус компани мэдээлэв.

УИХ, Засгийн газраас баримталж буй нүүрсийг хил нөхцөлөөр борлуулах, валютын орох урсгалыг нэмэх бодлогын хүрээнд Биржийн арилжаа 2023 оны хоёрдугаар сараас эхэлсэн билээ. Одоогоор “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 92 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 2.5 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 20.5 сая тонн нүүрсийг үнэ өсгөх зарчмаар биржээр арилжаалжээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөгжлийнх нь “нүд нээгдсэн” шинэ цагийн Хорезм буюу Узбекистан орноор DNN.mn

Энэ улсыг газрын зурагнаас ажвал Монгол Улсын баруун хилээс баруун урагш даруй дөрвөн мянган километрт орших аж. Монголоос Узбекистан улс руу автомашинаар явбал нэг ийм зайтай байх нь. Гэхдээ бид энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтан газрын холыг агаарын цэнхэр хөлгөөр товчлон хүрлээ. Газраар явсан бол багадаа тав хоногийн зайг тавхан цагийн дотор туулан зорьсон газраа хүрнэ гэдэг тэнгэрийн хөлгийн гайхамшиг гэлтэй. Эх орноосоо өдрийн 15 цагт ниссэн ч эх газрын Узбекистаны нийслэл Ташкент хотод өдрийн 17 цагт газардлаа. Тэндхийн 17 цаг нь Монголын оройн 20 цаг буюу манайхаас гурван цагийн зөрүүтэй аж. Очлоо, онгоцноосоо буулаа. Халуун орон гэдгийг нь мэдсэн ч манайхны хэлдгээр ёстой нохой гаслам халуун орон юм санж. Онгоцноос түрүүлж хэвлэлийн баг хойд хаалгаар нь бууж байрлалаа эзэлсний дараа урд хаалгаар ёслолын улаан хивстэй шатаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт угтан золгох Узбекистаны албаны хүмүүстэй гар даллан мэндчилэн буулаа.

Тэртээ 1992 оны эхээр Монгол, Узбекистан хоёр улс дипломат харилцаа тогтоосон байна. Түүнээс хойш төрийн тэргүүний түвшинд болж буй анхны айлчлал нь энэ ажээ. Энэ утгаараа айлын орон манайхныг гүн хүндэтгэлтэйгээр угтан авав. Очсон даруйдаа манайхаар бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн маягтай газартаа дагуулан очлоо. Энэ газраа тэд Тусгаар тогтнолын цэцэрлэгт хүрээлэн хэмээн нэрлэдэг байна.

Тэнд нь тусгаар тогтнолын түүхийг илтгэх хөшөө байх. Манай Зайсан толгойн орой дээр Халхын голд эрлэгээр тулалдаж явсан Орос, Монголын дайчдын дурсгалд зориулсан хөшөө байдаг шиг Узбекистан улсын эрт эдүгээ бүх цаг үеийн тусгаар тогтнолын цагалбарт хөшөө тэнд байв. Тэртээ XIII зууны үеийн Хорезм хэмээх улс нь өнөөгийн Узбекистан аж. Нэг мянга хоёр зуун арван есөн онд Чингис хааны их цэрэг энэхүү Сартуул иргэнийг дайлаар мордоод улмаар нутаг орныг гүрэндээ нэгтгэснээс Мавереннахр Цагаадайн улсынх болсон түүхтэй. Тиймээс узбекчүүд Цагаадай хэмээх нэршлийг хүндэтгэн, хэн хүнгүй мэддэг байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарт айлын хүмүүс ийнхүү түүхэн дурсгалаа танилцуулан явахад манай төрийн тэргүүн нэгэн хоржоонтой үг хэлжээ. Түүхэн цагалбар хөшөөн дээр нэгэн хаан зарлиг буулгаж байгаа мэт гараа дээш өргөн зогсоно. Харин доор нь хэсэг албатууд зарлигийг нь даган бөхөлзөнө. Энэ хөшөөний үйл явдлыг түүхч “Энэ бол тэртээ XIII зууны үеийн Хорезм улсын тусгаар тогтнолын түүхийг харуулсан дурсгал” хэмээн тайлбарлах зуур манай төрийн тэргүүн “Энэ бол Цагаадай. Манай Чингис хааны хүү. Хорезмыг байлдан дагуулчихаад амарч байгаа агшин бололтой” хэмээн хэлж инээмсэглэв.

Сэтгүүлч би хувьдаа Ерөнхийлөгчийн энэхүү үйлдлийг монгол хүн хаана ч очсон эх түүхээрээ бахархан, эх гүрэн улс явсныг бусад улс оронд сануулсан бахдам сэтгэлийн илэрхийлэл гэж бодлоо. Яг энэ агуулгаар узбекчүүд Монгол Улс, монголчуудыг мэддэг, хүндэлдэг бололтой байсан. Учир энэ улсын иргэд өнөөгийн Монгол Улсыг тэртээ XIII зууны их гүрэн шигээ агуу том газар нутагтай, иргэд нь эр зоригтой улс орон мэтээр төсөөлөн боддог ажээ. Ямартаа ч тэндхийнхэнд би монгол хүн байна гэхээр “Аан Чингис хаан. Цагаадай хаан, Төмөр хаан” гэх зэргээр мэддэгээ хэлж, Монголын түүхийг бахархан хүндэтгэж байгаагаа царайндаа нууж чаддаггүй санагдсан юм. Доголон Төмөр хаан гэхээс илүү Цагаадайг илүү сайн мэддэг аж. Цагаадай гэх нэршилтэй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, түүхэн газрууд Узбекистанд олон байдаг гэнэ. Ерөнхийлөгчийн айлчлалын эхний өдөр Тусгаар тогтнолын хөшөөнд цэцэг өргөх ёслол, түүхийн музей үзэх байдлаар өндөрлөлөө.

АЛБАНЫ БУС ЦАГААР ТАШКЕНТ ХОТООР…

Нийслэл Ташкент хотод нийт найм орчим сая хүн ам амьдардаг ч дотроо хуучин, шинэ гэж хоёр хуваагддаг. Үүнээс шинэ Ташкентад 3.8 сая хүн амьдардаг байна. Анх онгоцноос буугаад шинэ Ташкентын төвд байрлах “Холидэй” зочид буудал хүрэхэд манайхаар Хөшигийн хөндийгөөс “Улаанбаатар” зочид буудал орох зайтай санагдсан. Ташкент хот газар нутгаараа Улаанбаатараас ялимгүй том. Гэхдээ л манай хотоос гурав дахин илүү хүн амтай. Ийм олон хүн ийм бага газар нутагт байна гэхээр Улаанбаатар хотын хөгжлөөр бол аль хэдийнэ авто зам нь тэг зогсолтод орж, хүн хөл гишгэх зайгүй болчихсон байна биз. Гэвч тэнд эсрэгээрээ авто замын түгжрэл гэж алга. Төв зам нь найман эгнээ хоёр урсгалтай. Хажуугаар нь явган хүний болон дугуйн замтай. Манайх шиг 100 метр яваад нэг уулзвар, олон чиг заасан гэрлэн дохио тэнд алга. Хэдэн мянган метр явж байж нэг уулзвар таарна. Зарим уулзвар нь давхар зам, гүүртэй. Тиймээс уулзвар нэвтрэх гэдэг тэнд ямар ч гацах, зогсох, түгжрэх гэх зовлон алга. Гудамж, талбайгаар нь хүн зогсоо зайгүй нааш цаашаа холхих дүр зураг харагдсангүй. Их сийрэг гудамжтай аж.

Өнөөгийн улаанбаатарчуудын мөрөөдөл болоод байгаа метро гэдэг зүйл тэнд тэртээ 1977 онд анхны шугам нь ашиглалтад орж байж. Одоо Ташкент хотын газар доор гурван том метроны шугам явдаг байна. Тиймээс газар дээрх хөл хөдөлгөөнөөсөө газар доорх нь илүү байх шинжтэй. Метроны шугам гэдэг нэг талдаа авто замын түгжрэлийг бууруулах ч нөгөө талдаа их хотыг эмх цэгцэнд нь оруулдаг ач холбогдолтой болов уу гэж бодогдох шиг. Энэ хотын үйлчилгээний газар, дэлгүүр хоршооны хаяг, реклам нэлэнхүйдээ латинаар тэмдэглэгдэх аж. Зарим хүмүүс станы орон гэхээр хуучин ОХУ-ын социалист улс мэтээр ойлгодог байх. Гэтэл энд үнэндээ барууны соёл илүү дэлгэрсэн гэлтэй. Барууны том том брэнд сүлжээ их дэлгүүрүүд хаа сайгүй. Хүнсний дэлгүүрт нь орсон ч манайхны “супермаркт”-тай адилхан л бараа, бүтээгдэхүүн байх. Мөнгөний хэрэглээ нь Узбек Сум. Манай нэг төгрөг тэндхийн 3.5 орчим сумтай тэнцэнэ. Өөрөөр хэлбэл, тэндхийн нэг килограмм помидор 1000 сум гэвэл манайхаар ойролцоогоор 280 гаруй төгрөг гэсэн үг. Үүгээрээ өртөг харьцангуй багатай хот гэж ойлгож болох. Сарын дундаж цалин нь 1.5 сая сум. Манайхаар бол таван зуун мянга орчим төгрөг юм уу даа. Албан ажил дууссаны орой 21 цагийн үед хэвлэлийнхэн бид Ташкентын төвд байрлах цэцэрлэгт хүрээлэнгээр зугааллаа. Тэнд 21 цаг гэдэг маань Монголд хэдийнэ 00 цаг өнгөрсөн гэсэн үг.

Дараа нь оройн хоол идэхээр буудлынхаа ойролцоо байх нэгэн зоогийн газарт орлоо. Хэдий орой болсон ч гэсэн сэрүүн болно гэж байдаггүй газар аж. Агаарын хэм 32-ыг заана. Энэ халуунд үйлчилгээний гудам, хүний хөл хөдөлгөөн ихтэй газруудад усыг тоосруулан цацаж орчноо сэрүүцүүлдэг байна. Халуун орон учраас иргэдийнх нь өмссөн, зүүсэн нь их энгийн. Дээгүүрээ цагаан майк, зарим нь футволкатай. Доогуураа дандаа шорттой, эсвэл нимгэн бэлтгэлийн өмд өмсөж, сандал эсвэл тавчик углажээ. Үнэндээ үүнээс илүүг биедээ тогтоох боломж ч алга. Гудмаар нь явахад эрчүүд голцуу холхино. Эмэгтэйчүүд нь ийм цөөхөн юм уу эсвэл шашин, ёсоо дагаад шөнө орой гардаггүй байж мэдэхээр. Цөөн харагдах эмэгтэйчүүдийнх нь ихэнх нь гэвлүүртэй явах аж. Үлдсэн нь богино өмд, ахар цамцтай явах ч тэд нь голцуу залуу, жоохон охидууд бололтой. Бид олуулаа ширээ нийлүүлэн сууж, хоолой захиаллаа. Үндсэн хоол ирэхээс өмнө помидор, огурцыны салат, мөн давстай талх, хүйтэн интоорын шүүс өгдөг байна. Энэ нь үнэгүй. Учир нь Узбекистан жимс, ногооны эх орон гэнэ. Тэр дундаа Ташкент хот помидор, ногоон огурцыгээрээ их алдартай ажээ. Тиймээс энэ хоёр хүнсээрээ салат, хөнгөн зууш гээд хэлбэр, амтыг нь өөрчлөөд янз бүрийн зүйл хийдэг байна. Манайхаар бол мах, гурил хоёр юмдаг уу даа. Манайх чинь мах, гурил хоёроор бууз, хуушуур, шөлтэй, шөлгүй гээд янз бүрийн хоол хийдэг дээ. Үүнтэй адилхан помидор, ногоон огурцыгээрээ янз бүрийн хачирууд хийдэг бололтой. Халуунд бүгчим газар ороод хүйтэн интоорын шүүс уулаа. Ёстой нэг амны цангаа тайлж, дотроос сэрүүцүүлэх ид шидтэй ундаа гэмээр. Амт, хүйтэн нь янзтай, орчинтойгоо үнэхээр зохицжээ. Ингээд үндсэн хоолоо идэхээр Узбекийн алдарт плов, шорлогийг нь захиалах гэлээ.

Гэтэл үдээс хойшоогоо үндэсний хоол болох плов нь хийгддэггүй гэнэ. Хэрэв хийж өглөө гэхэд хуучирсан хоол өгч, зочноо хүндэтгэхгүй байхын илэрхийлэл хэмээн үздэг байна. Пловыг голцуу өглөө иддэг бололтой. Харин янз бүрийн шорлог ирлээ. Амт нь нэгнээсээ гоц гойд өөр биш ч хэлбэр, орц нь ялгаатай байх юм. Элгийг сэмжтэй нь эсвэл сүүлтэй холиод шорлочихож. Махыг үхэр, хонь зэргээр нь ялгаад тус тусын амтлагчаар амтлаад өгч байна. Харин адууны махаар төрөл бүрийн каз бэлтгэж зүсээд, нөгөө л нэг помидор, огурцытэйгээ хамт таваглачихдаг байна. Хоол болгон нь ямар нэгэн байдлаар махны орц ихтэй аж. Үүгээрээ монголчуудтай адилхан гэлтэй. Цагаан сараар бид буузнаас уйддаг шиг энд бол шорлог, махнаас уйдахаар шинжтэй.

МАНАЙД Ч, ТЭДНИЙД Ч АШИГТАЙ БАЙХ ХЭЛЭЛЦЭЭРҮҮД

Узбекистанд мал аж ахуй бий. Гэхдээ Монголоос адуу, үхэр, хонины мах багагүй хэмжээгээр импортоор авдаг. Хоёр улсын худалдааны эргэлт жилд 10 гаруй тэрбум ам.доллар. Үүнээс манай улс 4.6 сая ам.долларын хонь, хурганы боловсруулсан арьс, өлөн гэдэс, хонь, ямаа, үхрийн хөлдүү мах, полиацетал, поликарбонат зэрэг бараа экспортолж, Узбекистанаас нийт 5.4 сая ам.долларын усан үзэм, жимс, хүнсний бүтээгдэхүүн, хөргөх, хөлдөх цахилгаан төхөөрөмжүүд, ачааны автомашин зэрэг бараа импортоор авсан гэх тооцоолол бий. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Узбекистанд хийсэн анхны айлчлалаараа Монголын томоохон аж ахуйн нэгжүүдийн болон бизнес эрхлэгчдийн төлөөллийг дагуулан явсан нь хоёр улсын хоорон дахь худалдаа, эдийн засгийн харилцааг илүү шинэ түвшинд, тэр дундаа хувийн аж ахуйн нэгжүүдийн хоорондох харилцааг түлхүү анхаарсан айлчлал болсон гэж хэлж болно. Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх гол суурь бол тээвэр, ложистик. Энэ утгаараа хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт багтсан шууд нислэгтэй болох асуудал Ерөнхийлөгчийн айлчлалаар албажиж, гарын үсэг зурагдсан. Өөрөөр хэлбэл, тун удахгүй Монголоос Узбекистан руу шууд нислэгтэй болно гэсэн үг. Энэ нь хоёр улсын харилцааг илүү бодитой болгох хамгийн чухал хөшүүрэг гэдгийг тэдний тал ч, манай тал ч хэлж байсан юм. Мөн автотээврийн хэлэлцээр ч байгуулаад амжсан нь ирэх жилүүдэд хоёр улсын эдийн засгийн харилцааг эрс дээшлүүлэх боломж харагдаж байгаа юм. Магадгүй хоёр улсын худалдааны эргэлт 10 тэрбум ам.доллар байсан бол ирэх жилүүдээс 20-30 цаашлаад 200-300 тэрбум ам.долларт хүрэх боломжтой байх нөхцөлийг Ерөнхийлөгчийн айлчлалаар хэлэлцээрийн түвшинд бодитой болголоо. Узбекистан улс сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, бизнесийн орчноо сайжруулах, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийг арилгах шийдэмгий алхам авч байгааг судлаачид хэлдэг. Үүний дүнд эдийн засаг нь сүүлийн жилүүдэд бараг хоёр дахин өсч, дотоодын нийт бүтээгдэхүүн 1.5 дахин, аж ахуйн нэгжийн тоо хоёр дахин, аж үйлдвэрлэл 40 хувиар өсчээ. Үнэхээр хөгжлийнх нь “нүд” нээгдсэн мэт түүхэн амжилт гэж хэлж болох юм. 2023 оны байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 90 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох хэмжээ нь 2.510 ам.доллар, гадаад худалдааны эргэлт 63 орчим тэрбум ам.долларт хүрсэн байдаг аж. Узбекистан далайд гарцгүй, байгалийн баялгийн арвин нөөцтэй, 2.700 гаруй орд газар илрүүлж, 60 гаруй төрлийн эрдэс баялаг олборлодог. Алтны нөөцөөр дэлхийд дөрөвт, олборлолтын хэмжээгээр долдугаарт ордог орон. Тиймээс тус улсын хүнд болон хөнгөн үйлдвэрийн салбар цаашдаа дэлхийн түвшинд хүртэл хөгжих нь тодорхой байгаа юм. Манай улсын хувьд малын мах, малын гаралтай бүтээгдэхүүнээ бусад улсад экспортлох сонирхол их байдаг. Гэвч малын эрүүл мэндийн асуудал энэхүү сонирхолд том нөлөөлөл учруулдаг. Тиймээс узбекчүүд монгол малын эрүүл мэнд, элдэв халдварт өвчнийг хянах, судалгаа хийх зэрэгт хамтран ажиллахаа илэрхийлсэн. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн нь Монгол Улсын хүн ардын эрүүл мэндийг чанартай, эрүүл хүнсээр хангах зөв бодлого гэдгийг нь сайшаагаад Монгол Улс эрүүл хүнс экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцолж байлаа. Ерөнхийдөө Узбекистан улсын хувьд хөгжлийн гараанаасаа хэдийнэ гарчээ. Салбар бүр нь эрчимтэй хөгжиж, эдийн засгийн өсөлт нь жил ирэх тусам нэмэгдсээр байгаа аж. Төв Азийн энэ улсад барилгажилт, бүтээн байгуулалт, шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэржилт нь эрс нэмэгдэж буй нь бусад орны анхаарлыг зүй ёсоор татаж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, Узбекистан улс нэгэнт хөгжлийн замдаа орсон гэсэн үг.

Тиймээс тэдний хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг бүх талаараа дэмжиж, хамтран ажиллах ямар л боломж байна түүгээрээ нэгдье, нийлье гэдгээ үг, үйлдэл болгондоо илэрхийлж байлаа. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр тус улсын нийслэл Ташкентад Монгол Улсын Элчин сайдын яамыг шинээр байгуулсан. Узбекистанд Монгол Улсын 30 орчим иргэн сурч, ажиллаж амьдардаг байна. Эдгээр иргэд маань хүний газар өөрсдийнх нь эрх ашгийг хамгаалах яамтай болж байгаадаа талархалтай хүлээн авч байв. Зөвхөн тэнд суугаа монголчуудын эрх ашгийг хамгаалахаас гадна хоёр улсын хамтын ажиллагаа, найрсаг харилцааг улам илүү өргөжүүлэх бодит институци бий болж байгаад Ерөнхийлөгчийн хувьд таатай байгаагаа илэрхийлж байлаа. Узбекистан улсын 90 орчим хувь нь хуурай цөл газар. Үлдсэн 10 хувь нь үржил шимтэй хөндийг бүрдүүлдэг гэж байгаа. Тэгвэл энэ улсын хөгжил, цэцэглэлт, эдийн засаг нь бордоотой ургамал шиг л өдөр ирэх тусам өргөжин тэлж, өссөөр. Дунайртсан халуун орон ч гэлээ нозоорч суулгүй салбар болгоныхоо хөгжлийг усалж, тэтгэж яваа төрийн бодлого нь хөгжлийн баянбүрдийг бий болгосоор байна.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ цаг-үе

Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээх эсэх шийдвэрийг өнөөдөр 17:00 цагт танилцуулна DNN.mn

Улсын арслан Э.Оюунболдоос допингийн төрлийн хориотой бодис давтан илэрсэн тул түүний барилдах эрхийг 8 жилийн хугацаагаар хассан байдаг.

Тэрбээр энэ сарын 2-ны өдөр Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороонд “Тамирчин миний эрхийг зөрчсөн дээрх ноцтой үйлдлүүд гарсан тул одоо үндэсний бөхийн барилдаанд оролцох эрхийг сэргээж өгнө үү” гэх утга бүхий шаардлага хүргүүлсэн байна.

Энэ дагуу МҮБХ-ны дэргэдэх допингийн хэргийг хянан шийдвэрлэх хараат бус комисс өнөөдөр /2024.07.08/ хуралдлаа. Гэвч ямар нэгэн эцсийн шийдвэр гараагүй бөгөөд  17:00 цагт шийдвэрийг танилцуулах талаар МҮБХ-ны Хараат бус зөвлөлөөс мэдэгдлээ.

Түүнчлэн цахим орчинд гараад байгаа “Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээсэн” гэх мэдээлэл нь худлаа гэв.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Засаг хамтрах нь Үндсэн хуулийн заалтыг зөрчих үү DNN.mn

УИХ-ын ес дэх удаагийн сонгууль болж, холимог тогтолцоогоор парламентад анх удаа 126 гишүүн сонгогдсон. Сонгуулийн дүнгээр МАН 68, АН 42, ХҮН нам найм, Үндэсний эвсэл дөрөв, Иргэний зориг ногоон нам дөрвөн суудалтайгаар шинэ парламентыг бүрдүүлээд байна. Өнгөрсөн долоо хоногт эрх баригч нам УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа шуурхай томиллоо. Одоо үргэлжлүүлэн Засгийн газрыг бүрдүүлэх тохироо яригдаж байна. Албажиж алх цохиогүй байгаа ч хамтарсан Засгийн газар байгуулагдахаар болж байх шиг байна. Өнгөрсөн баасан гаригт болсон АН-ын Улс төрийн зөвлөлийн шийдвэрийг тус намын дарга Л.Гантөмөр танилцуулахдаа Засагт хамтрах шийдвэрийг гаргаснаа дуулгасан. Нэг ёсондоо МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс хамтрах санал ирсэн, түүнийг дэмжсэн гэдэг мэдэгдлийг хийгээд байна. Сөрөг хүчний хамгийн олон суудал авсан намын энэ шийдвэрээр бол Засгийг хамтарч барихаар болж байна гэсэн үг.

Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т Улсын Их Хуралд олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг,аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна. Мөн Монгол Улсын Их хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 10 дугаар зүйлийн 10.1-д Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 64 ба түүнээс дээш суудал авсан нам, эвслийг Улсын Их Хурал дахь олонх гэж заасан.

Тэгвэл энэ удаагийн сонгуулийн үр дүнд МАН 68 суудал буюу Монгол Улсын Их хурлын тухай хуульд зааснаар олонх болсон. Төр засаг хуульд юу гэж тусгасныг ёсчлон дагах үүрэгтэй. Хуулийг мөрдөх нь хууль тогтоох дээд байгууллагын үндсэн үүргийн нэг ч гэж болно. Тэд хуулиа сахиулах нь нийт ард иргэд, төрийн болон хувийн хэвшил зэрэг бүхий л субьектэд үлгэрлэл болж байдаг. Гэтэл олонх болсон МАН хамтарсан Засгийн газар байгуулахаар бусад намуудад хүсэлт хүргүүлсэн, түүнийг хүлээж авч байгаа сөрөг хүчний үйлдлүүд олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Аль ч нам улс төрийн сонгуульд төр засгийн эрх барих эрхийг авахаар оролцдог. Энэ утгаараа АН-ын үйлдлийг зөв гэж үзэх талууд байгаа. Харин нөгөө талд эрх баригч нам сүүлийн найман жил улс орны бүхий л чухал салбаруудыг уналтад хүргэсэн, үүнийг шүүмжилж байсан сөрөг хүчин тэдэнтэй хамтрахаар болсон нь буруу гэх байр суурь ч хүчтэй хэвээр байна. Ямартаа ч олонх болсон

нам сөрөг хүчинтэй хамтрах санаачилгыг гаргаж байгаа үйлдэл нь хуулиа зөрчсөн явдал болчихоод байна. Үндсэн хууль болон бусад  хуулийг зөрчиж байгаа энэ үйлдэлд Үндсэн хуулийн Цэц ямар тайлбар хэлэх бол? Үүнээс гадна сонгууль хэмээн сар орчим шууруулж

ард түмнийг талцуулсан. Ялсан, ялагдсан шок бүрэн арилаагүй байхад УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг нэг амьсгаагаар сонгочихож  байгаа үйл явдал өнгөрсөн долоо хоногт өрнөлөө. Манайх улс орны хөгжлийн хувь заяаг шийдэх улс төрийн гол үйл ажиллагааг үндэсний баяр наадамтай.

давхцуулчихдаг сонин тогтолцоотой. Сонгууль дуусаад л баяр наадмын уур амьсгал орчихсон байхад улс төрийн том томилгоонуудыг шууруулдаг. Өмнө нь ч ингэж ирсэн.

Маш өндөр ач холбогдол өгч, хамгийн ажил хэрэгчээр хандах улс орны амин чухал асуудлыг түмний анхаарлаас холуур зохион байгуулдаг нь нэг талдаа санаатай үйлдэл. Үнэндээ өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн УИХ-ын гишүүдийн тангараг өргөхөөс эхлээд анхны нэгдсэн чуулган, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын томилгоо олон нийтийн анхаарлаас холуур, чимээгүйхэн болоод өнгөрчихлөө. Шинэхэн гишүүдээс цөөнх нь ажил хэрэгчээр хандсанаас бусдаар Монгол Улсын хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын хувь заяа нэг намын урьдчилан бичсэнээр өрнөж байна. Ийм үзэгдэл улс төрийн соёлдоо ч, улс орны хувь заяанд ч хэрэгтэй юм биш. Тиймээс улс төрийн сонгуулийг үндэсний баяр наадамтай давхцуулж зохион байгуулдгийг больё.

Хавар гурав, дөрөвдүгээр сард, эсвэл намар наймдугаар сард явуулаад есдүгээр сараас шинэ сонгуулиа хийе. Ингээд шинэ парламент, шинэ Засгийн газар бүрэлдээд ажилдаа ороод явчихдаг болоход болохгүй зүйлгүй. Угаас цэцэрлэгээс эхлээд бага, дунд, ахлах ангийн хүүхэд багачууд, төрийн албадаа есдүгээр сараас хичээллүүлж, ажиллуулдаг. Энэ цаг хугацаанаас төрийн бүхий л үйл ажиллагаанууд ажил хэрэгч өрнөдөг байхад сонгууль, парламент, Засгийн газар ч хамт ажиллаад эхлэхэд болох биш үү.

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр нохой өдөр DNN.mn

Аргын тооллын долдугаар сарын 9, Ангараг гариг. Билгийн тооллын давхарласан 3, Их морь одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 05:03 цагт мандаж, 20:52 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно. Тэрсүүд өдөр.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +11…+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +15…+20 градус, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +20…+25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар +31…+36 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +16…+18 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +13…+15 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.