Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Баяр наадмаар аялж зугаалахдаа бага насны хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа бүү сулруулаарай DNN.mn

Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Монгол төрийн их баяр наадам эхлэхэд ганцхан хоног үлдлээ. Хүн бүр баяр наадмын бэлтгэл хийж, их хот маань хөл хөдөлгөөн ихтэй байна. “Би хотоо сахиж үлдэнэ, та нар явах болоогүй” гэж ч бие биенээ цаашлуулах нь энүүхэнд.

Үндэсний их баяр наадмаар бүх нийтээрээ зургаа хоног амарна. Энэ өдрүүдэд хөдөө гадаа аяллаар явахдаа ялангуяа гол усны ойр орчим аялж зугаалахдаа бага насны хүүхдүүддээ анхаарал халамж сайн тавихыг цагдаагийн байгууллагаас сануулсаар байна.

Саяхан Ховд аймагт нэг ой гурван сартай хүүхэд усанд урсаж яваад хайрганд тээглэн тогтсон байдалтай байхад нь тус нутгийн залуу уснаас гарган амь насыг нь аварч, эмнэлэгт хүргэсэн тохиолдол бий. Осол эндэгдэлгүй, гэр бүл, найз нөхдөөрөө баяр наадмын өдрүүддээ баяр хөөр, аз жаргалтайгаар амарч, аялж зугаалаарай. Хотол түмнээрээ сайхан наадаарай.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Гурван аргалантын нутаг минь DNN.mn

Баян хонгор аймгийн нутагт Монголдоо л ганцхан нэртэй Баацагаан cум гэж бий. Тэр бол Говь-Алтай нурууны салбар уулс Улаан, Дунд, Хар хэмээх цуврал гурван Аргалант нуруу болон Хангайн нурууны баруун өмнөд төгсгөл Уушгийн нуруу, Олонтээгүүдийн дунд, Нууруудын хөндий хэмээн геологи-газарзүйн ШУ-нд томьёологдон мөнхөрсөн, говь хангай хосолсон өнө мөнхийн сайхан нутаг билээ. Энэхүү зурвасыг өгүүлэгч нь гурван Аргалант нурууны Дунд Аргалантын өвөрт Улаан шуутын Цалгар хэмээх хаваржаанд /Оорцог хэмээх өвөрмөц тогтоцтой өвөлжөөний хажууд/ төрж ажгуу.

Энэ сайхан нутагт юутай аз завшаанаар төрж өссөн иргэн хүний хувьд Баацагаан сумынхаа байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан өөрийн бахархал, сэтгэлийн өргөлийг өргөх минь энэ. Түүхэн бичгээс сөхвөл 1691 оноос эхлэн Сайнноёнхан аймгийн Эрдэнэ вангийн хошуу, Цогтой гүний хошуу, 1713 оноос эхэлсэн Дархан засгийн хошуу, 1752 оноос эхэлсэн Дайчин вангийн хошуудаас 1923 он хүртэл бүрэлдэн тогтсон бөгөөд 1924 оноос ерөнхийдөө өнөөгийн Баацагаан сумын нутаг дэвсгэрт хамаарах үндэс суурь тавигдсан байна.

Өөрөөр хэлбэл, эдгээр дөрвөн хошууд нь Хангайн нуруунаас Говь- Алтайн нуруу хүртэл өргөн уудам нутагт зүүн хойноос баруун урагш чиглэсэн говь хангай хосолсон зэрэгцээ хошууд оршин тогтносон нь тэр үеийн мал аж ахуй, бэлчээр, байгалийн онцлогийг харгалзан гайхамшигтай оновчтой засаг захиргааны зохион байгуулалттай нэгжүүд байсан ажгуу.

Энэхүү зохион байгуулалт нутаг дэвсгэрийн онцлог 1924 оноос нилээд их өөрчлөгдсөн боловч ерөнхий төрх, хэмжээ нь хадгалагдан үлдсэн байна. Энэ нутаг түүхт газар нутаг, домогт хүмүүсээр арвин юм. Хэрсэнгийн уудам тал нутгийг дайран зүүнээс баруун зүгт чиглэсэн Улиастай – Өмнийн говийг холбосон эртний торгоны замын салбар дайран өнгөрч байсны гэрч болох Замын овоо /талын овоо/ байх бөгөөд одоо ч олон замын уулзвар, түүхийн гэрч, замын тэмдэг болж торойж байдаг. Бас сумын төв болох Баянсайраас зүүн урагш 5 км зайд олон түүхийг агуулсан “Монголын овоо” хэмээх өвөрмөц байршилтай тусгай өндөрлөг бий. Бөөнцагаан нуураас Адгийн цагаан нуур хүртэл 80-аад км үргэлжилсэн Цагаан голын баянбүрд бол дэрс, хармаг, чихэр өвс, төрөл бүрийн бударгана, бургас хөмүүл, таана, багалуур, ерхөг зэрэг ургамлын олон төрөл зүйл бүхий Баацагаанчуудын дөрвөн улиралдаа өвөлжиж, хаваржиж, зусаж, намарждаг өгөөж баян жаргалын орон билээ. Энэ нь ямар ч үеийн ган зудаас малчдыг аварч гардаг диваажин гэмээр нутаг. Баацагаанчууд гурван Аргалантын нуруутайгаас гадна гурван уудам тал нутагтай. Хэрсэнгийн тал, Шалын хоолой, Өвөр хоолой, Баруун хаяа гэж бий. Эдгээр нь малын бэлчээрийн ургамал, хүмүүл, таана, ерхөг, хялгана, багалуур, төрөл бүрийн бударгана, янз бүрийн шаваг зэрэг нарийн өвс ургамал арвинтай тул таван хошуу мал үржүүлэх хөгжүүлэхэд маш тохиромжтой нутаг билээ. Ийм учир мал сүрэг нь тарга тэвээрэг сайтай, сүү сааль, ноос ноолуур арвинтай байдаг.

Ялангуяа ямааны цөрөм ааруул бол бүс нутагтаа байтугай улсын хэмжээний брэнд бүтээгдэхүүн билээ. Тэгээд ч улсад хамгийн олон ямаатай нь Баацагаан сум юм.

Ийм сайхан нутагт төрсөн зон олон н ь гайхамшигтай хөдлмөрч, ажилсаг, авъаслаг, ааш зан сайтай, төлөв төвшин, ноён нуруутай, эх оронч баатарлаг ард түмэн. Баацагаан сумын ахмад үеийнхэн 1939, 1945 оны дайны жилүүдэд эх орноо хамгаалахад хүчин зүтгэж, өнөөгийн бидний тайван амгалан аж төрөхөд өөрсдийн эх оронч сэтгэл зүрхээ халуун амь, бүлээн цусаа зориулсан байгаа юм.

Эдгээрийн дотроос Х. Дамдинсүрэн, Б.Дамчаабадгар, Г.Пунцаг,  Ү.Пүрэвжав, О. Жамц, С. Жогоо, Д.Буриад, П.Лхагваа, Б.Магар, Б.Жамц, П. Цозон, Б. Бямбаа, А.Бүдхүү, Д.Адяасүрэн, Ж.Баасан Б.Баасан, Ж.Тарав, Б. Дашзэвэг, Д.Саарай, З.Сандаг, Г.Содоом зэргийг төлөөлүүлэн дурдаж болно.

Мөн эдгээрийн дотроос цэргийн өндөр цолтон, генерал, хурандаа нар төрөн гарчээ. Генерал Н.Паль, Хурандаа Ш.Өөдөс болон сүүлйин үеийн хурандаа А.Диваачамба, Г.Мэлс нарыг дурдах ёстой. Үүнээс гадна, зөвхөн энэ сумаас төрийн соёрхолт яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэн, төрийн соёрхолт, соёлын гавъяат зүтгэлтэн яруу найрагч Пүрэв жавын Пүрэвсүрэн нарыг дурдахад л хангалттай. Эдгээр зохиолч, найрагчдын уран бүтээлийг зөвхөн уугуул нутгийнхан байтугай Монголын бүх ард түмэн чихээрээ сонсож, нүдээрээ уншиж сэтгэлийн таашаал авдаг нь үнэхээр бахархалтай.

За тэгээд тус сумын ард олноос олон эрдэмтэд, инжинерүүд, урлаг соёлын гавьяатнууд төрөн гарсан буй. Гавьяат жүжигчин, дуучин Х.Пүрэвдорж, Ц.Алтанцэцэг, гавьяат тээвэрчин С.Зинаа, Г.Ишжамц, гавъят багш Д.Батсүх, Б. Хуушаан, Ч.Баясгалан, гавьяат малчин Б. Доржпүрэв, А.Дагвасамбуу. Гавьяат эмч доктор Ж. Батаа, Ж. Баттөр, Ардын багш Л.Гантөмөр, Соёлын гавьяат зүтгэлтэн У.Юмчмаа, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Б.Сундуйжав, Малын гавъяат эмч Ч.Согдог, ХАА гавьяат ажилтан М.Бадам, Гавьяат дасгалжуулагч Д.Мөнх-Эрдэнэ зэрэг маш олон гавьяатнууд төрөн гарчээ. Мөн ШУ-ныг хөгжүүлэхэд хүндтэй гавьяа байгуулсан эрдэмтэн доктрууд бол техникийн ухааны доктор П.Аюурзана, эдийн засгийн шинжлэх ухааны доктор Н.Логи, Анагаахын ШУ-ны доктор Д.Аюуш, Г.Ууганцэцэг, Г.Халиунаа, социологийн ШУ-ны доктор О.Сарантуяа, хим йн ШУ- ны доктор У.Ганзориг, философич доктор Ч.Бүжидмаа зэрэг эрдэмтдээс гадна хүндэт профессорууд, клиникийн профессорууд, олон төрөн гарчээ.

Мөн олон арван улсын сайн малчид, аврага малчид, улсад шалгарсан байна. Үүнд: Г.Дамдинхүү, Д.Батхүү, Д. Дүнхэр, Г.Сэрээ хүү, Ч. Цэдэв, Б.Адъяа, Л.Сономпил, Л.Намсрай, П.Сэмнээ, Д.Төмөрбаатар, Ц . Дэмчиг, С. Үрчгэр, С.Тамжаа, Ц.Цогбадрах, Б.Чойдорж, Г.Батдамба, С.Эрдэнэ-Очир, Ч.Батсүх, Ж.Ганзориг зэрэг олон арван туршлагатай малчид олонтой билээ. Тэдний хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн бол 1973 онд тус сумын хөдөлмөрчдийг БНМАУ-ын Ардын их Хурлаас 1973 онд “Алтан гадас” одонгоор шагнасан явдал билээ. Энэ үед тус сумыг хожим хөдөлмөрийн баатар болсон Гомбожав удирдаж байжээ.

Энэхүү Говь Хангай хосолсон, бас завсрын бүсийн байгал цаг уур, уул ус, хадлан бэлчээр, ан амьтан, араатан жигүүртэн зэрэг нь маш олон төрөл байдгаараа маш өвөрмөц нутаг болой.

Өөрөөр хэлбэл , Баацагаан сумын нутагт Монголын говийн хамгийн том нуур болох Бөөнцагаан нуур (225 хавтгай дөрвөлжин км талбайтай) мэлтэлзэж говь нутгаа чимж байдаг. Түүний өмнөт, зүүн өмнөд хөвөөг нь говийн хамгийн өвөрмөц шинж тэмдэг болох заган ой, Хармагийн довцог эмжиж байдаг юм. Тэрхүү нууранд хангай нурууны өврөөс эх авсан Байдраг, Заг, Цагаан турууны голууд нийлж цутгадаг. За тэгээд, Улаан, Дунд, Хар Аргалантынхаа нуруунд аргал угалз, янгир хургалж, Шалын хоолой, Хэрсэнгийн уудам талуудад хар сүүлт, цагаан зээр, үнэг чоно, хярс зэрэг хээрийн зэрлэг амьтад, улаан номонд багтсан ховордсон амьтад бүгд бий.

Бөөн цагаан, Адгийн цагаан нууранд нь хун, ангир, нугас, галуу, цахлай, зуун хурга зэрэг нүүдлийн шувууд урин хаварт ирэн, үр төл, дэгдээхэйгээ өсгөн үржүүлж аваад намартаа буцдаг бөгөөд тэдгээрийн хувьд диваажингийн орон болой.

Баацагаан сум байгалийн асар их баялагтай, зэс, төмөр, мөнгө, хар тугалга, газрын ховор элемент зэрэг металлууд, шохойн чулуу, элс хайрга, байгалийн өнгөлгөөний чулуу зэрэг ашигт малтмалууд арвинтай. Эдгээрийн дотроос газрын гадаргуугийн болон газрын доорх цэнгэг усны нөөцөөрөө Монголдоо бараг тэргүүлэх шахам арвин юм. Зөвхөн цагаан гол, Хэрсэн, Байдраг, Буйлсан, Адгийн цагааны газрын доор х усны тогтоогдсон болон барагцаалсан нөөц 28.3 мянган м3/хоног ажээ.

Баацагаанчууд алтаар биш, газрын доорх цэнгэг усны нөөцөөрөө бахархдаг. Тэр бол ирээдүй амьдралын хамгийн чухал эх булаг нь билээ. Өөрөөр хэлбэл, энд Эхийн голын адилаар төрөл бүрийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ, төрөл бүрийн мод сөөг бүхий ойн зурвас бий болох тааламжтай нөхцөл бүрэн бий.

Тус сумын нутагт сум нутгийн хүмүүсийн бахархал болсон Бөөнцагаан нуур, Байдрагийн гол, Заган ой, Ноён богд, Сэнжит хад, Муруй хад, Улаан хаалгын хадан хавцал, Оорцогийн бууц, Холбоо могой зэрэг нэн эртний хүрмэн чулууны тээгүүд, чулуун хөшөө, эртний өвөг дээдсийн булш хиргисүүр, Хэрсингийн тал, Шалын хоолой зэрэг байгаль, түүхийн тоглохын чулуун хөшөө, Дашлагын овооны чулуун хөшөө, хянганы хадны зураг зэрэг түүхийн дурсгалуудаар арвин юм.

Ийм сайхан уултай, талтай, нууртай, голтой, баянбүрд тэгширсэн, нутагтай ард олон 2013 оноос эхлэн зуун жилийнхээ ойг угтан сумын төвөө тохижуулах, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, гудамж талбайг камержуулах, цахилгаан шугам татах, гэрэлтүүлэх, ахуй үйлчилгээний төв барих, халуун усны төвлөрсөн барилга барих, үүрэн телефоны сүлжээ бий болгох, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, багийн төвүүдийг тохижуулах, орон нутгийг судлах танхим байгуулах, нийтийн спортын заал барих, цэвэр ус болон бохирын суваг шугам байгуулах зэрэг олон арван бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж түүхт ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна.

Өчүүхэн миний бие, геологи ч мэргэжил эзэмшиж, Монгол эх орныхоо нэлээд газраар судалгаа, шинжилгээ, ашигт малтмалын эрэл хайгуулын чиглэлээр ажиллаж байхад өөрийн төрсөн нутаг Баацагаан юунаас илүү сайхан санагдаж, үргэлж зүрх сэтгэлдээ тээж явдгаа нуугаад яахав. Холын аянаас нутгаа зорьж, хилийн дээс дөхөх үед Гурван аргалантын жингийн тэмээ шиг цувраа уулс алсад цэнхэртэн сүүмийж, Бөөнцагаан нуурын цэгээн гадаргуу цайвалзан мяралзах нь өөрийн эрхгүй сэтгэлийг минь хөвсөлзүүлэн, аав ээжтэйгээ учирч буй мэт гэгээн бодол төрдөг билээ.

 Геологич Б.Банзрагч

2024 оны долдугаар сар.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хулгана өдөр DNN.mn

2024.07.11 / ПҮРЭВ ГАРИГ

ЗУНЫ АДАГ ЦАГААГЧИН ХОНЬ САРЫН
ДОЛООН УЛААН УЛААН ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулвал: Эд,мал арвижна.
Наран ургах, шингэх: 05.05-20.50
Барилдлага: Хотол чуулган

Шүтэн барилдлага: Төрөхүй

Суудал: Гал

Аргын тооллын 7 сарын 11, Бархасбадь гараг. Билгийн тооллын 5, Харцага одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:05-20:50. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх,гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна. Дашням өдөр.

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, өдөртөө Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +11…+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +15…+20 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +18…+23 градус, говийн бүс нутаг болон Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр +31…+36 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +15…+17 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ .Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Гол, нуур, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна DNN.mn

Зуны урин дулаан цагт иргэдийн амралт зугаалгын үе эхэлж гэр бүл, найз нөхдөөрөө байгалийн сайханд цагийг өнгөрүүлэхээр хөдөө орон нутагт зорчих, орон нутгийн иргэд гол усны эрэг дагуу зусдаг.
Энэ үедээ иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаалан бага насны хүүхэд усанд живж амь нас эрсдэх тохиолдол цөөнгүй бүртгэгддэг.
Энэ төрлийн осол жилээс жилд нэмэгдэж байна. Тухайлбал, энэ оны эхний 6 сард 12 хүүхдийн амь нас хохирсон бол долоодугаар сарын эхний 10 хоногт 5 хүүхдийн амь нас хохирлоо.
Амь насаа алдсан хүүхдүүд 2-15 насныхан бөгөөд эцэг эх нь хамт байсан, бага насны хүүхэд гэрийнхээ ойр урсах голд живсэн, тогтоол ус, бассейнд сэлж сурсан хүүхэд байх жишээний олон шалтгаан тогтоогдож байна.
Иймд иргэд та бүхэн гол мөрний ойр орчим амарч зугаалах, зорчихдоо өөрсдийн болон үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг ханган дараах зөвлөмжийг хэрэгжүүлнэ үү.
1.Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол, нууранд сэлэхгүй байх;
2.Хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол мөрөн, тогтоол усны орчимд тоглуулахгүй, ганцаар орхихгүй, тэдэнд усанд осолдох эрсдэлийг энгийн, ойлгомжтой үгээр хэлж ойлгуулах;
3.Цаг агаарын мэдээтэй тогтмол танилцаж, аяллын цаг хугацааг зөв сонгон, салхи шуургатай үед болон түргэн урсгалт голын усанд сэлэхээс зайлсхийх;
4.Малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн гол мөрний усны түвшин нэмэгдсэн, бороотой үед баталгаат гүүр,тэмдэглэгээ бүхий гарц, гармаар зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм

Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 30 см давсан байна DNN.mn

Өнөөдөр буюу долоодугаар сарын 10-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялгант тосгон, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул /Заамар , зүүн хажуугийн Хэрлэн /Чойбалсан/ зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдсэн байна.
Түүнчлэн Хэрлэн, Буянт, Хархираа гол үерийн түвшинг 5-20 см, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 30 см давсан байдалтай байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын бороо орох төлөвтэй тул дээрх голууд болон гол мөрний сав дагуух хот, суурин газрын ард иргэд, зусаж, суурьшиж буй малчид, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Categories
мэдээ цаг-үе

Үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд DNN.mn

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүдийг танилцуулъя.

Долоодугаар сарын 10, 11, 12, 13-ны өдөр дараах 7 чиглэлд нийт 32 тээврийн хэрэгслээр 07:20-21:00 цагийн хооронд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Үүнд:

-БЭ:1 “Мишээл сити- Төв цэнгэлдэх хүрээлэн”

-БЭ:2 “Дүнжингарав худалдааны төв- Төв цэнгэлдэх хүрээлэн”

-БЭ:3 “Нарантуул худалдааны төв-Төв цэнгэлдэх хүрээлэн”

-БЭ:4 “Вокзалын 1000 машины зогсоол- Төв цэнгэлдэх хүрээлэн”

-БЭ:5 “Давааны зөрлөг-Хүй 7 худаг

-Хүй7:1 “Төв цэнгэлдэх хүрээлэн-Хүй 7 худаг”

-Хүй7:2 “МУБИС-Хүй-7 худаг”

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Баяр наадмын өдрүүдэд арилжааны банкуудын ажиллах цагийн хуваарь DNN.mn

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд арилжааны банкуудын ажиллах цагийн хуваарийг хүргэж байна.

Хаан банк

Голомт банк

Төрийн банк

Худалдаа хөгжлийн банк 

 

Капитрон банк

Богд банк

Ариг банк

Categories
мэдээ цаг-үе

“Улаанбаатар” цэцэрлэгт хүрээлэнд Монгол Улсын төрийн далбааг байнга мандуулах ёслол болов DNN.mn

Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, байнга мандуулж байх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулсныг өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталсан юм.

Хуультай холбогдуулан төрийн тэргүүн үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, төрт ёс, түүхэн уламжлалаа хойч үедээ өвлүүлэн үлдээх, эх орноороо бахархах, улс орноо сурталчлах зорилгоор ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон төрийн далбааг нийслэл Улаанбаатар хотноо байнга мандуулж байх зарлиг буулгасан байдаг.

Өнөөдөр тохиож байгаа “Төрийн далбааны өдөр”-өөр дээрх зарлигийн дагуу төрийн далбааг хүндэтгэлтэйгээр залж, “Улаанбаатар” цэцэрлэгт хүрээлэнд байнга мандуулж байх ёслол боллоо.

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөөдрөөс Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, монголчууд бидний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, монгол төрийн сүр хүч болсон төрийн далбаа нийслэл хотноо өнө мөнхөд мандах боллоо.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

Ийнхүү өнөөдрөөс “Улаанбаатар” цэцэрлэгт хүрээлэнд 60 метрийн өндөрт 16х8 хэмжээтэй төрийн далбаа байнга мандаж эхэллээ.

Ёслолд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, албаны бусад хүн оролцлоо.

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн дагуу Төрийн далбааг байнга мандуулах газар, байршлыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтоож, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор Төрийн далбааг иргэн, хуулийн этгээдэд гардуулж өгөх боломжтой болсон юм.

Монгол Улс 2008 онд Төрийн далбааны өдөртэй болгохыг хуульчлан 2009 оноос хойш ёсчлон мандуулж байна.

 

Categories
мэдээ нийгэм

Техникийн хяналтын үзлэгийн дараах төвүүд өнөөдөр 17.30 цаг хүртэл ажиллана DNN.mn

Автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь нийтийн тээврийн үйлчилгээний автотээврийн хэрэгслийг хагас жил тутам, бусад автотээврийн хэрэгслийг жилд нэг удаа тогтсон хугацаанд үзлэгт хамруулахаар хуульчилсан байдаг. Тэгвэл наадмын өдрүүд эхэлж буйтай холбоотойгоор өнөөдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Техникийн хяналтын үзлэгийн дараах төвүүд 17:30 цаг хүртэл ажиллана.