Categories
мэдээ эдийн-засаг

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого өмнөх оны мөн үеэс 35.2 хувиар өсчээ DNN.mn

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 14.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.9 их наяд төгрөг буюу 35.2 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 16-ны өдөр мэдээллээ.

Харин тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 14.2 их наяд төгрөгт хүрч, 3.6 их наяд төгрөг буюу 34.2 хувиар тус тус өссөн байна.

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2024 оны эхний хагас жилд12.9 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарчээ.

Татварын нийт орлого 2024 оны эхний хагас жилд 13.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.4 их наяд төгрөг буюу 35.1 хувиар өсөхөд орлогын албан татварын орлого 1.7 их наяд төгрөг буюу 67.2 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 594.6 тэрбум төгрөг буюу 27.3 хувь, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 376.4 тэрбум төгрөг буюу 21.7 хувь, нийгмийн даатгалын орлого 309.7 тэрбум төгрөг буюу 17.3 хувь, онцгой албан татвар 141.4 тэрбум төгрөг буюу 37.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Эх сурвалж: https://www.1212.mn/mn

Categories
мэдээ цаг-үе

Тээврийн зардал буурч, барилгын материалын үнэ хямдарчээ DNN.mn

Барилгын 100 айл худалдааны төвийн ачаалал нэмэгджээ. Урин дулаан цагтаа холбогдуулан байшингаа засварлах, шинээр байшин барих, дотор засал хийх материал хайсан иргэд ихэссэн байна. Тэдний дунд дийлэнх нь дотор заслын материал хайж байна. Худалдаа эрхлэгчдийн хэлж байгаагаар барилгын материалын үнэ өмнөх оноос буусан.  Тээврийн зардлын үнэ хямд болсон гэв. Мөн иргэдийн худалдан авах чадвар ч өмнөх онтой харьцуулахад сайжирсан байна.

100 айл худалдааны төвд дотор заслын  өргөн хэрэглээний бүтээгдэхүүн олон төрөл үнийн сонголттой зарагдаж байна.

Ханын цаас 10,000-90,000

Дотор хаалга 140,000-280,000

Гадна хаалга 400,000-1,000,000

Лактай рейк 14,000-19,000

Паркет 1м2 15,000-35,000

Дотор кабель 2,500-3,500

Гадна Орос кабель 5,000-12,000

Эдгээрээс хамгийн борлуулалт өндөр байгаа нь лакан рейк, дотор хаалга гэж 100 айл худалдааны төвийн худалдаа эрхлэгчид хэллээ.

Э.Бадамгарав

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Дурсгалын 5000 төгрөгийн дэвсгэрт гаргалаа DNN.mn

Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойд зориулан Монголбанк гүйлгээнд хүчин төгөлдөр дурсгалын 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг цөөн тоогоор үйлдвэрлэж, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс гүйлгээнд гаргаад байна.

Энэхүү 5000 төгрөгийн дэвсгэрт нь УИХ-аар баталсан мөнгөн дэвсгэртийн загвар, тодорхойлолтын дагуу бүх хэв шинжийг агуулахын зэрэгцээ сүүлийн үеийн шинэ технологиор бүтээгдсэн хамгаалалтын элементүүдээр баяжигдсан гэдгээрээ онцлог юм.

Дэвсгэртийн нүүрэн талд дэвшилтэд технологиор хийгдсэн хамгаалалтын элементүүд болох хэт ягаан туяаны гэрэлд гурван өнгөөр тодорч харагдах Соёмбо, 3 хэмжээст, өнгө нь хувирч солонгорон харагдах элемент бүхий банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн лого болон баруун доод хэсэг дэх морьтон баатар, баруун, зүүн ирмэгт харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан 6 ширхэг ташуу зураасан товгор таних тэмдгүүдийг шинээр байршууллаа. Мөн дэвсгэртийн ар талд хамгийн сүүлийн үеийн тасалдаж харагдах хөдөлгөөнт микро оптик туузтай болов.

Түүхэн ой, үйл явдалд зориулан дурсгалын мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах нь дэлхийн улс орнуудад түгээмэл байдаг нийтлэг жишиг юм. Төв банкны тухай хуулиар Монголбанк мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах онцгой эрх эдэлдэг бөгөөд нөөцийг нь шинээр бүрдүүлэх шаардлагатай болсон мөнгөн тэмдэгтүүдийг шинэ дэвшилтэт технологиор хийгдсэн өндөр нууцлал бүхий хамгаалалтын элементүүдээр сайжруулахад тогтмол анхааран ажиллаж байна. 2018 онд 5000 төгрөгийн дэвсгэртийн Соёмбыг солонгорч харагдах бэхэн элемент болгон сайжруулж, 2019 онд 50, 20000 төгрөгийн дэвсгэртэд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор элемент, солонгорч харагдах бэхэн элемент шинээр нэмж, 20000 төгрөгийн дэвсгэртийг гурван хэмжээст, микро оптик, хөдөлгөөнт гадаргуутай цоо шинэ туузтай болгож өөрчилсөн.

Мөн 2020 онд 100, 500, 1000 төгрөгийн дэвсгэртүүдэд солонгорч харагдах бэхэн элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор элементтэй болгож, 2021 онд 10000 төгрөгийн дэвсгэртийн Соёмбыг 3 хэмжээст, нарийн шугаман элементтэй, налуу барихад элементүүд нь олон өнгөөр солигдож харагдах мөнгөлөг дардсаар бүтээж, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор элемент, солонгорч харагдах бэхэн элемент нэмж шинэчлэн сайжруулав. Үүнээс гадна 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан байрлуулсан Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого бүхий гүйлгээнд хүчин төгөлдөр дурсгалын 10000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг цөөн тоогоор үйлдвэрлэн гаргаж байлаа гэж Монголбанкнаас мэдээллээ.

Categories
мэдээ

Хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн сайд нарт арга хэмжээ тооцох асуудлыг улс төрийн намууд хариуцна DNN.mn

Засгийн газрын танхим өнөөдөр шинэ бүрэлдэхүүнтэйгээр хурлаа хийжээ. Уг хурлаар бүтэц, бүрэлдэхүүний тухай хэлэлцсэн асуудлыг танилцуулав.

Энэ талаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын/ЗГХЭГ/ дарга Н.Учрал “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль өөрчлөгдсөн ч орон тоо нэмэхгүй байх зарчмыг баримталж байгаа. Шинэ хуулиар яам, сайдын тоо нэмэгдээгүй. Хамтарсан Засгийн газар учраас шадар сайдын тоо нэмэгдсэн, яам болон сайд нарын тоо огт нэмэгдээгүй.

Яамд орон тоогоо нэмэхгүй байх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Яамны чиг үүрэг нь өөрчлөгдсөн, нэгдсэнээс бусад тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчид өөрийн хариуцаж байсан нэгжийг удирдах нөхцөлийг бүрдүүлнэ. Зарим яамны олон салбар нийлсэн хэдий ч ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагч нэмэлт үүргээ авч, ажлаа үргэлжлүүлнэ.

Ирэх долоо хоногт яамдын бүтэц, орон тоог нэмэхгүйгээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 100 хоногийн арга хэмжээний төлөвлөгөөний эхний төсөлтэй танилцана.

Хамтарсан Засгийн газрын гэрээ албажиж УИХ-ын тогтоол болсноор гэрээг зөрчсөн сайд нартай хариуцлага тооцох асуудлыг улс төрийн намуудын шийдвэр гаргадаг дээд байгууллага нь хариуцна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах талаар шадар сайдын мэдээллийг сонссон.

Тэргүүн шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд долоо хоног бүр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг Засгийн газрын хуралдаанд мэдээлж, үнэлгээ дүгнэлт хийх ажлыг хэвшүүлнэ.

Энэ удаагийн Засгийн газрын онцлог нь өнгөрсөн хугацаанд хүлээгдэж байсан олон төслийг урагшлуулна. Ямар нэг улс төржилтгүйгээр кабинетын зарчмаа баримталж, бодлогоос хэрэгжилтэд анхаарна. Хурдан, шуурхай, гаргасан шийдвэр нь иргэдийн амьдралд ойртсон, тэдэнд ойртож үйлчилсэн зарчмыг баримталж ажиллана” гэж ярилаа.

Categories
мэдээ нийгэм

Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбосон 0.6 км авто зам ашиглалтад орлоо DNN.mn

“Орхон” их сургуулиас урагш 115 дугаар сургууль хүртэл буюу Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбох ажил 2022 онд эхэлсэн. Гэвч газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалан уг ажил хоёр жил гацсан. Тэгвэл уг замын хөдөлгөөнийг энэ сарын 10-нд нээсэн юм.

Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард хотын дарга Х.Нямбаатар тус байршилд ажиллаж, “Ариг гал” компанийн төлөөлөлтэй уулзан газар чөлөөлөлтийн асуудлыг шийдэн, авто замын ажлыг эхлүүлсэн юм.

Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбосон 0.6 км авто замын зорчих хэсэг нь 7 метр өргөн, хоёр талаараа 1.5 метр өргөн явган хүний замтай.  Мөн ус зайлуулах шугам хоолойг угсарсан. Энэ сарын 10-ны өдөр тус замын хөдөлгөөнийг нээсэн бөгөөд өнөөдрийн байдлаар гэрэлтүүлгийн ажил үргэлжилж байна.

Ээрмэлийн гудамжны авто зам ашиглалтад орсноор өглөө, оройн оргил ачааллын үед Туул голын гудамжнаас Зайсангийн гудамж руу зүүн гар тийш эргэх хөдөлгөөн багасаж, ХААИС-ийн уулзвар чиглэлээс Зайсангийн гудамжаар Чингисийн өргөн чөлөө рүү зорчиж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болох нь багасах юм. Мөн Туул голын гудамжнаас Чингисийн өргөн чөлөө рүү зорчих иргэд Ээрмэлийн гудамжаар зорчиж, Ази-Фарм эмийн сангийн гурван замын уулзварын огтлолцлын цэг багасаж, хөдөлгөөний аюулгүй байдалд үзүүлэх эерэг нөлөө нэмэгдэхийг ЗХУТ-ийн мэргэжилтнүүд хэлж байв.

Categories
мэдээ цаг-үе

Импорт өмнөх оны мөн үеэс 25.9 хувиар өсчээ DNN.mn

Монгол Улс 2024 оны эхний 6 сард нийт 148 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 7. 9 тэрбумам.доллар, импорт 5.4 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 2.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Импорт өмнөх оны мөн үеэс 25.9 хувь буюу 1.1 тэрбум ам.доллароор өсөхөд суудлын автомашин 137.3 сая ам.доллар, дизелийн түлш 126.4 сая ам.доллар, ачааны автомашин 114.2 сая ам.доллар, бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 88.0 сая ам.доллар,цахилгаан шуудан утасны холбооны аппарат 60.8 сая ам.доллар, авто бензин 58.3 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Аймгийн шинэ арслангууд DNN.mn

 Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадамтай зэрэгцэн болсон аймгуудын наадмаар түрүүлсэн бөхчүүдийг танилцуулж байна.

Нийт 21 аймаг наадам хийхээс одоогоор  16 аймгийн наадам болоод байна.

Аймгийн наадмаар шинэ арслангууд төрсөн байна. Тухайлбал:

Архангай: Хайрхан сумын аймгийн заан Г.Мөнхбаяр,

Баян-Өлгий: Баяннуур сумын харьяат аймгийн заан Е.Көптилек,

Булган: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат сумын заан М.Баасанжав,

Говь-Алтай: Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат аймгийн нэмэх начин М.Гантулга,

Дорнод: Аймгийн харцага П.Жаргалсайхан,

Завхан: Их-Уул сумын харьяат, аймгийн нэмэх начин Д.Дэмиддорж,

Сэлэнгэ: Сайхан сумын харьяат аймгийн заан О.Төрбат,

Өвөрхангай: Хужирт сумын харьяат сумын заан Ч.Бямбадорж ,

Төв аймаг: Дэлгэрхаан сумын заан Нэргүйбаатарын Баярбаатар,

Ховд: Манхан сумын харьяат, аймгийн заан Болдын Даваадалай,

Хөвсгөл: Галт сумын харьяат сумын заан Н.Дэмбэрэлцэрэн,

Харин Дундговь аймгийн баяр наадам 7 дугаар сарын 18-20-нд,  Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь аймгийнх  энэ сарын 27, 28-нд болно.

Мөн Засгийн газрын 233 дугаар тогтоолоор Үндэсний их наадмыг Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Анхдагч, илгээлтийн эздийн 50 жил, хурдан морины 2024 оны Хангайн бүсийн уралдаантай хамтатган 8 дугаар сарын 1, 2-нд тэмдэглэх” шийдвэрийн дагуу Орхон аймгийн баяр наадмыг зохион байгуулах юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын 11 Байнгын хорооны дарга, гишүүд DNN.mn

Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн дүнд байгуулагдсан Улсын Их Хурлын 11 Байнгын хорооны дарга, гишүүдийг танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Улсын арслан Г.Эрхэмбаяр: Арслан гэж дуудахаар чихэнд хоногшоогүй ч юм уу, дасч өгөхгүй юм DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2011 ОНЫ АРХИВААС……………………….


Улсын баяр наадамд амжилт­тай барилдаж цол нэмсэн Хууль­ зүй, дотоод хэргийн яамны ха­рьяа “Хүч”, “Сүлд”, “Хилчин” спорт хорооны бөхчүүдийг сайд Ц.Ням­дорж өчиг­дөр хү­лээн авч шаг­нал гардуулав.

16.20  цагаас уг ёслол болно гэсний дагуу сур­валжлагч, гэрэл зурагчин, бөхчүүд тов­лосноос тү­рүүлж ирээд яамны үүдэнд баа­хан зогсоцгоо­лоо. Довжоон дээр зогссон Г.Эр­хэмбаяр, С.Батсуурь, А.Цацав­шир нарын зургаа, до­лоон бөх­чүүд хоорондоо саяын наадмын тавын давааны талаар хэсэг ярил­цана. Тэгснээ нэгнээсээ нойтон саль­фетик асууж “Гараа арчих гэсэн юм” гэцгээнэ. Бас тэгш ойтой аймгуудын наадам хэдийд бо­лох тухай бие биендээ сонир­хуулна. “Манай аймгийн наа­дам удахгүй болно. Нутгийн­хаа
наадмыг үзнэ ээ”, “Би аль аймгууд руу явдаг юм билээ дээ”, “Надтай цуг явах уу” хэ­мээцгээх.

Хэсэг хугацааны дараа яам­ны гурван давхарт байх уулзалтын өрөөнд орцгоов. Уг нь гайгүй цэлгэр өрөө ч Г.Эрхэмбаяр, Ш.Жаргал­сайхан, С.Батсуурь, Ч.Цогбаяр, А.Цацавшир нарын арваад бөх­чүүдийг ороод ирэхээр дүүрээд явчихав. Хөл тавих
зайгүй шахам чихцэлдэнэ.

17.10 цаг болж байхад уг ёс­лолыг зохион байгуулагчид бөх­чүүдээс С.Мөнхбат аварга, Ж.Бат-Эрдэнэ нарын утас шөрмөсийг авч ирж байгаа эсэхийг нь лавлана. Тэгснээ “Ингэхэд энэ хоёр маань Хууль зүйн яам хаана байгааг мэ­дэхгүй байгаа юм биш биз?” гэвэл нэг нь “Энүүхэнд ойрхон явж байна гэнэ. Түгжрэлд зогсч байгаа юм байх” гэсэн чинь “Машинаасаа буугаад гүйгээд ир” гэлээ.

Тэгж, тэгж хүлээлгэсэн зочид ирлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд улсын баяр наадмаар сал­барынх нь бөхчүүд амжилттай барилдаж аварга, арслан, заан гээд л бараг бүгд цолыг авсанд талархаад амжилт хүсэв. Мөн “Энэ жилээс наадмын бай
шагнал нэ­мэгд­сэн. Түрүүлсэн бөх 15 сая төгрөг хүртсэн. Үзүүрлэсэн, шөв­гөрсөн хоёр бөх ч чамгүй мөнгөтэй болсон. Манай бөхчүүд түрүүлж, үзүүрлэж шөвгөрч тэдгээр шаг­налуудыг авсан нь нэг талаар азтай хэрэг” хэмээгээд амжилт гаргасан
бөхчүүдэд шагнал гардууллаа. Улсын аварга С.Мөнхбатад дөрөв, улсын арслан Г.Эрхэмбаярт гурав, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан нарт тус бүрт нь хоёр өрөө байрны эрхийн бичиг өгөв. Харин бусад бөхчүүдийг сарын цалингаар шаг­насан юм. Ц.Нямдорж сайд “Энэ бөхчүүд чинь цагдаагийн хувцас өмсчихөөрөө танигдахгүй юм гээч. Хэн хэн сууж байгааг сайн ан­заарсангүй шүү” гэлээ. Уг ёслолд оролцох ёстой байсан зарим бөх нутаг нутгийн зүг хүлгийн жолоо татсан гэсэн. Ж.Чулуунбат харин чөлөөт бөхийн дэлхийн аваргын бэлтгэлээ базаахаар Москваг зорь­жээ.

Ёслолын дараа бөхчүүд ярилц­­лага өгөхөөс татгалзаж бараг
зугтах шахуу гараад явцгаав. Ул­сын арслан Г.Эрхэм­баярыг харин сэтгүүлчид “ба­рьж” авлаа.

-Юуны өмнө ардын хувьсгалын 90 жилийн ой болоод өнгөрсөн ч ард түмэндээ сайхан ойн баярын мэндийг хүргэе. Олон жил хүсч мөрөөдөж байсан цолоосоо давуу­лан энэ сайхан цолыг авлаа. На­майг дэмжиж, түшиж тулж явдаг бүх хүмүүстээ баярлаж талархаж бай­гаагаа илэрхийлье.

-Хүсч мөрөөдөж байсан цол тань юу вэ?

-Би 2003 онд улсын начин цол хүртсэн. Түүнээс хойш үеийнхэн маань улсын харцага, заан болц­гоочихоор нь дотроо “Улсын заан болчих юмсан” гэсэн горьдлого тээж явлаа. Тэр хү­сэл, мөрөөдөл маань олон жилийн хөдөлмөрийн үр шим, олон түмний минь сэтгэл зүрхний хүчээр биелсэнд баяр­тай байна.

-Та бөх сонирхогчдынхоо сэт­гэлд Г.Эрхэм­баяр начин гэд­гээ­рээл буугаад арс­лан гэхээр дасч өгөх­гүй байх шиг. Шинэ цолондоо хэр дасч байна вэ?

-Одоохондоо “Арс­лан” гэж дуу­да­хаар чихэнд хоног­шоо­гүй ч юм уу, дасч өгөхгүй юм. “Начин” гэхээр л эргэж харах маягтай байна шүү дээ.

-Наадмын бэлт­гэлээ ямар бөх­чүүд­тэй хийсэн бэ?

-Би “Сүлд” спорт хороонд ороод жил гаруй болж байна. Улсын арслан Х.Мөнхбаатар, Б.Сайн­баяр, Л.Пүрэвжав харцага болон олон сайхан аймгийн арслангууд­тай гал болж гарсан. Тэдэнтэйгээ бэлтгэл хийж, өгсөн зөвлөмж, зөв­лө­гөө нь маш их үнэ цэнэтэй бай­лаа. Тийм болохоор “Сүлд”-ийн тамирчин, бөхчүүддээ энэ өдрийн халуун мэндийг хүргэе.

-Олон аймгийн тэгш ойн бая­рууд болох гэж байна. Та аль
аймгийн наадамд зодоглох вэ?

-Сэлэнгэ аймгийн маань 80 жилийн ой долдугаар сарын 21, 22-нд тохиож байгаа. Тийшээ л явна.

-Та үндэсний бөхөөр хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?

-14 дэх жилдээ барилдаж бай­на. Харин улсын наадамд арав дахиа зодоглоод энэ сайхан цолонд хүрсэндээ баяртай байна.

-Та наадмын зүлэг ногоон дэвжээнд зодоглосон бөх хүний хувьд энэ жилийн наадмын ба­рилдааныг дүгнэвэл…

-Өнгөрсөн жилийн баяр наад­маас хойш л бөхчүүд 90 жилийн ойн бэлтгэлдээ орцгоосон. Бөхчүүд бүгд л сайн бэлдсэн. Тэдэн дундаас сайн барилдсандаа өөртөө баяр­лаад л байгаа.

-Үндэсний бөхөд шинэ үе гарч ирлээ. Энэ талаар таны бодлыг сонсъё. Ширүүхэн өр­сөлдөгчид гэвэл хэн хэнийг нэр­лэх вэ?

-Бүгдээр л сайн байгаа. Муу бөх гэж байхгүй болсон. Бүгдийнх нь бэлтгэл, сургуулилт сайн байна.

-Та барилдааны өмнө өөртөө хэр итгэлтэй байсан бэ. Наад­мын өглөө сэтгэл ямар байв. Өөрийгөө өндөр цолонд хүрнэ гэдгийг ямар нэгэн байдлаар мэдэрч байв уу?

-Би чинь одоо залуу хүүхэд биш. Арван жил улсын наадамд барилдлаа. Багш, дасгалжуулаг­чид маань зөвлөгөө өгч, барил­дахад бүгд л тусалж байсан. Түү­нээс биш би өөрийгөө тэд давна гэдгийг мэддэг үзмэрч биш, яаж мэдэхэв.

-Танд бөхийн эрдмийг хэн анхлан заав?

-Гуравдугаар ангидаа бөхийн секцэнд явж байгаад хэсэг зав­сарласан. Тэгээд 1997 онд Д.Цэнд-Аюуш заан бөхийн гарааг минь эхлүүлж Х.Мөнхбат аваргын сур­гуульд оруулж байсан.

-Таны удамд бөхчүүд байдаг уу?

-Өө, байлгүй яахав. Аав маань сумын заан, самбо бөхийн спортын мастер. Харин ээжийн маань талд улсын заан Баярсайхан байна. Ээжийн минь төрсөн дүү аймгийн арслан Эрдэнэбулган гэж нэг хүн байж байгаад бурхан болсон. Ийм л бөхийн удамтай хүн
байна даа.

-Танд түрүүлэх боломж хэр байсан бэ. Наадамчид таныг  жаахан яарч барилдчихлаа гэж байсан?

-Улсын арслан гэдэг эрхэм хүндтэй цолыг энгэртээ зүүчихээд жаахан яарч сандраад барилд­чихсан. Тийм нэг муу тал байгаа. Гэхдээ С.Мөнхбат маань арай илүү хөдөлмөрлөж. С.Мөнхбатдаа энэ дашрамд аварга болсонд нь баяр хүргэе.

-Цолонд ханана гэдэг шүү дээ. Тэгээд яарчихсан юм биш биз
дээ?

-За даа, бараг тийм гэх үү дээ гэсээр гүйгээд явчихав.

Categories
мэдээ цаг-үе

Наймдугаар сарын 12-ноос иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсооно DNN.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль болохтой холбогдуулан 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоохыг УБЕГ-аас мэдээллээ.

Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасны дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 12-ноос эхлэн зогсооно.