Categories
мэдээ нийгэм

АТГ: Авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр ажиллав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны долоодугаар сарын 8-19-ний өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр “Малын генетик нөөцийн үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, тайлагнах журам”, “Тусламж, хандиваар малын эм, эмнэлгийн хэрэгсэл хүлээн авах журам”-ыг хянаж, “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн шилэн данс, төрийн худалдан авах ажиллагааны систем дэх мэдээлэлд дүн шинжилгээ хийв.

Авлигын эсрэг сургалтад 200 иргэн, албан тушаалтныг хамруулж зохион байгууллаа гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Mrs M буюу Э.Тамир: Энэ удаагийн тоглолт маань бүрэн хэмжээний энтертаймент шоу гэдгээрээ онцлог DNN.mn

Реппер Э.Тамир буюу Mrs M-тэй ярилцлаа.


-Удахгүй тоглолтоо хийх гэж байгаад тань баяр хүргэе. Тоглолтын бэлтгэл хэр явж байна вэ?

-“Энэ мөч” тоглолт маань наймдугаар сарын 17-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байгаа учраас тун завгүй өдрүүд өнгөрч байна. Ginjin бид хоёр хамтарч дуу хийгээд зургаан жил болж байна. Цомгийн ажлаа дуусгаад хамт тоглолтоо хийнэ гэсэн зорилго бидэнд байсан. Тиймээс энэхүү зорилгодоо хөтлөгдөж анхны дуэль тоглолтоо хийх гэж байна

-Та хоёрын тоглолтыг сонсогчид тэсэн ядан хүлээж байх шиг байна. Тоглолтынхоо онцлогоос яриач. Мэдээж сонирхолтой байлгах үүднээс маш олон үзүүлбэр бэлдэж байгаа байх. Зах зухаас нь сонирхуулахгүй юу?

-Бид хоёрын хамгийн анхны хамтын тоглолт л доо. Тоглолтын хувьд миний хамгийн мундаг гэж боддог Анар найруулагчийн баг хамт олон ажиллаж байна. Би үүнд маш их баяртай байгаа. Энэ удаагийн тоглолт өвөрмөц, маш сонирхолтой болно. Бүрэн хэмжээний   энтертайнмент шоу үзүүлнэ. Тиймээс тоглолтоо шинэлэг, сонирхолтой байлгах үүднээс бид бүгд хичээж ажиллаж байгаа. Миний хувьд өсгийтэй гутал өмсөх дургүй. Хэр барагтаа өмсдөггүй л дээ. Тэгвэл сонсогчдодоо зориулж сюрприз барих үүднээс өөрийгөө задалсан дүр төрхийг ч бүтээж байгаа. Тоглолтоор сонсогчид маань харах байх аа. Маш өөр төрхөөр гарч ирэх гэж хичээж байгаа шүү. Энэ нь миний хувьд хийж байгаа том өөрчлөлт, том алхам гэж бодож байна.

Түүнчлэн тоглолтынхоо зах зухаас нь хэлэхэд би хоёр гурван бүжиг мөн бэлдэж байгаа гэхчилэнгээр маш сонирхолтой үзүүлбэрүүдийг үзүүлнэ. Найруулгын хувьд ч их олон концепцийг барьж байна. Ер нь л сонсогчдодоо их гоё тоглолтыг үзүүлэхээр бид шаргуу ажиллаж байгаа. Энэ дашрамд хэлэхэд, гадаадад байгаа монголчууддаа зориулж бид хоёр есдүгээр сараас эхлэн аялан тоглолт хийнэ.

-Тоглолтоор сонсогчдодоо зориулж толилуулах шинэ уран бүтээл бий юу?

-Тоглолтоос өмнө хоёр гурван дуу цацагдана. Саяхан би өөрийн соло дуугаа цацсан. Удахгүй Ginjin-гийн соло дуу олны хүртээл болно. Мөн өөр хүмүүстэй хамтарсан шинэ дуунуудаа олон нийтэд хүргэх төлөвлөгөөтэй байна. Ер нь тоглолтод чиглэсэн шинэ уран бүтээл олныг гаргаж байгаа. Тиймээс тухайн цаг үедээ мэдэгдээд явна.

-Урлаг бол нийгмийн өнгөн талд байдаг учраас ч урлагийнханд хариуцлага, сахилга бат ихээхэн ногддог шүү дээ. Алхам бүрээ цэгнэх шаардлага тулгардаг юм шиг санагддаг. Тэр дундаа сонсогчдод Монголын реппийн “хатан хаан” гэж үнэлэгддэг таны хувьд энэ зүйл яаж мэдрэгддэг вэ?

-Ямартаа ч баярлалаа. Гэхдээ би өөрийгөө Монголын реппийн “хатан хаан” гэж боддоггүй. Өөрийнхөө дуртай зүйлийг хийж яваа учраас урлагаас, уран бүтээлүүдээсээ таашаал авдаг.

Яг үнэнээ хэлэхэд, би өөрийн мэдэхгүй хэн нэгний өмнө хариуцлага үүрэхийг хүсдэггүй. Сүүлийн жилүүдэд надад олны өмнө хүлээх хариуцлага ногдчихсон. Өөрийн хувийн орон зай дахь инстаграм, фэйсбүүктээ олон юм бодолгүй стори, пост хийх гэхээр энэ хүмүүс тэгээд бодчихно, тэр хүмүүс ингэчих байх гэсэн өнцгөөс хандмааргүй байдаг. Ийм зүйл хүнийг ядраадаг, хайрцагладаг юм шиг санагддаг. Би анхнаасаа л өөрийнхөөрөө явж ирсэн. Тиймээс өөрийнхөөрөө л баймаар байна.

Хэн нэгэн миний дууг сонсоод ямар нэгэн үйлдэл хийх шийдвэрийг битгий гаргаасай гэж хүсдэг. Би тэр хүний үзэл бодол, төлөвшилд багахан хувийг эзэлвэл эзэлнэ, эзлэхгүй бол эзлэхгүй шүү дээ. Би олон нийтэд зөвхөн цэвэр мэдрэмж, хөгжмийн таашаалыг өгөхийг хүсдэг. Харин хүмүүжил төлөвшилд нь ямар нэгэн үлгэр дуурайл өгөхийг, өөртөө хариуцлага үүрэхийг хүсдэггүй.

-Та уран бүтээлээрээ дамжуулж нийгэмд юуг хүргэхийг зорьдог вэ?

-Мэдээж уран бүтээлч хүн бүр өөрийн дуу хөгжмөөр дамжуулж нийгэмд эерэг нөлөө үзүүлэхийг зорьдог байх. Миний хувьд эмэгтэй хүмүүсийг илүү хүчтэй байгаасай гэж хүсдэг. Мөн жендерээр ялгаварлалгүй хүн бүр эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө байгаасай. Бусдын хүлээсэнд битгий бай. Өөрийгөө ол гэсэн мессэжүүдийг өгөхийг хичээдэг. Миний соло дуунуудын үгийг анзаарвал эмэгтэйчүүдийг хүчтэй байх талаас нь бичсэн байдаг.

-Таныг Монголын хип хоп ертөнцөд эмэгтэй реппер гэдэг дүр төрхөөр цан хагалж гарч ирсэн гэхэд хилсдэхгүй болов уу…

-Ингэж харж байгаад баярлалаа. Гэхдээ би магтуулахдаа муу. Яана аа, тийм биш шүү дээ гэж хэлмээр байдаг. Учир нь эцсийн дүндээ би бусадтай биш, өөрөө өөртэйгөө л тулж, өөрөө өөрийгөө л ялан дийлж яваа хүн шүү дээ.

Магадгүй дараагийн үе, дүү нартаа би тууштай байвал болно гэдгийг харуулж чадаж байгаа болов уу гэж бодож байна.

Би урлагт орж ирэхдээ анх хип хопоор бус рок амьд хөгжим, бөмбөрчин, гитарчин гэж тойрч явсаар эцсийн зогсоол нь яг өнөөгийн би дээрээ ирж зогссон. Энэ бүх зүйл тууштай байдал, сахилга бат гэдэг зүйлээс их шалтгаалдаг. Тиймээс би энэ талаасаа хүмүүст нөлөөлөл үзүүлээсэй гэж хүсч байгаа.

-Монголын хип хопын өнөөгийн хөгжлийг та ямар шатанд яваа гэж хардаг вэ?

-Хип хоп бол дан ганц Монголд бус дэлхий дахинд номер нэг хөгжим хэвээр байгаа. Billboard-ийн chart-ийг хип хопын дуу хөгжим, репперүүд л ихэвчлэн өнгөлж байдаг. Үүнийг дагаад Монголд хип хоп маш сайн хөгжиж байгаа. Тиймээс ч сүүлийн таван жилд “Хөөх” гэж дуу алдмаар шинэ залуу артистууд олноор хүч түрэн гарч ирж байна.

Монголын хип хоп өндөр түвшинд хөгжиж байгаад баяртай байгаа. Цаашид илүү олон эмэгтэй артистууд гарч ирээсэй гэж би хүсдэг.

-Та уран бүтээлээ гаргахдаа тухайн цаг үеийн мэдрэмжид туулгуурлаж хийдэг үү. Эсвэл нийгмээ мэдэрч тухайн орон зайд тохируулж, нийгэмд зориулж хийх нь олонтой байдаг уу?

-Нийгэмдээ ийм зүйл хүргэе гэж дуу болгон дээрээ боддоггүй. Заримдаа ийм дуу хийчихвэл гэж ярилцаад өөрсдийн таашаалаар хийх үе байна. Нийгэмд хүргэх үүднээс хийсэн дуу гэвэл “Монгол”, “Биеэ даа” зэрэг дуунууд бий. Заримдаа сургаал айлдсан үеүд ч бий. Сая хоёулаа club дуу хийчихсэн юм чинь одоо хайрын дуу хийх үү гэдэг ч юмуу өнгө төрх, дарааллаа Ginjin-тэйгээ ярилцана. Бид энэ удаагийн тоглолтоо нийгэмд зориулсан гэхээсээ илүү өөрсдийн олон жилийн хөдөлмөрийн үнэ цэнийг мэдрэх цаг болсон гэж үзсэн учраас хийж байгаа. Өөрсдөдөө дурсамж, түүх бичмээр байна. Мөн мэдээж биднийг үнэнчээр сонсож ирсэн сонсогч нартаа гоё тоглолтыг өөр түвшинд үзүүлэхийг зорьж байгаа. Тоглолтын маань нэр ч “Энэ мөч”. Тиймээс тухайн цаг үеийн тэр мөчийг хамт мэдрээд, Ginjin, Mrs M-ээр амьсгалаасай. Бидний хүрээллийн маш олон артист урилгаар ирж дуулна. Аль болох л онцлог, маш гоё тоглолт хийхийг хичээж байгаа.

-М-ийн хувьд хүндэлдэг, үлгэрлэдэг реппер байдаг уу?

-Гадаад, дотоодын бусад артистуудаа сонсож сурах зүйлээ мэдээж сурна. Энэ нь гоё байна. Үүн дээр тэгэх байсан байна гэж өмнөөс нь бодох ч юмуу, өөрийгөө хөгжүүлэх зүйл мэдээж байлгүй яах вэ.

Түүнээс “Үүгээр ингэж хэлсэн юм байна. Тиймээс би ингэнэ” гэдэг ч юмуу үлгэрлэн дуурайдаг хүн байхгүй. Үлгэрлэдэг хүн гэвэл өөрийн ээж ааваас л үлгэрлэл авдаг. Бусад уран бүтээлчдийн уран бүтээлийг нь сонсоно уу гэхээс үгийг нь дагадаг хүн надад байдаггүй. Мэдээж намайг сонсдог сонсогчдынхоо үгнээс урам, эрч хүч авдаг.

Р.ХИШИГ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Бат-Ирээдүй: Дотоодынхоо зах зээлийг ингэний сүү, сүүн бүтээгдэхүүнээрээ хангахгүйгээр дэлхийн зах зээл рүү гарна гэдэг өрөөсгөл ойлголт DNN.mn

Ингэний сүү нь хүний биед нэн хэрэгцээтэй үл орлох амин дэм, эрдэс бодисыг ихээр агуулдаг бөгөөд эхийн сүүтэй хамгийн ойролцоо малын сүү гэгддэг байна. Хүний биеийн дархлаа сэргээх, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих, хордлого тайлах, ясны сийрэгжилт, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ингэний сүүг хэрэглэхийг зөвлөдөг. Түүнчлэн ингэний сүү, сүүн бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх ньчихрийн шижин, сүрьеэ, харшил, шарлалт, астма зэрэг суурь өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Аутизмтай хүүхэд ингэний сүүг уусны маргааш эерэг шинж тэмдгүүд илэрч, энгийн үеэсээ илүү сайн амарч, тайван болдог аж.

Ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн талаар “Ингэн тагш” компанийн гүйцэтгэх захирал Х.Бат-Ирээдүйтэй ярилцлаа.


-“Ингэн тагш” компанийн үйл ажиллагаа хэр явагдаж байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлд юу саад учруулж байна вэ?

-“Ингэн тагш” компани 2009 онд байгуулагдсан. Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд байрладаг. Бид 10 гаруй жил ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Гэвч энэ жилээс үйлдвэрийн үйл ажиллагаа доголдож, яг одоогийн байдлаар үйлдвэрлэл зогссон байна

Энэ бол цэвэр байгаль цаг уурын таагүй байдал, инфляцийн үнийн өсөлттэй холбоотой. Учир нь бүтээгдэхүүний түүхий эдийн тогтвортой байдал алдагдсанаас болсон. Хур бороо орж,цаг сайхан дэлгэрэхгүй байгаагаас үндсэн түүхий эд болох ингэний сүү ховордсон. Хүн бүр ингэний сүүний гайхамшгийг мэддэг боллоо. Энэ чиглэл рүү томоохон үйлдвэрүүд болон хувь хүмүүс маань орж ирж байна. Малчдаас авахад нэг литр сүү 15 мянган төгрөгийн үнэтэй болохоор үйлдвэрлэгч бид аваад нэмүү өртөг шингээгээд, натурал бүтээгдэхүүнийг гаргахад хүнд цаг үе бий болоод байна.

-Баянхонгорт байрлах “Ингэн эрдэнэ” үйлдвэр нэг литр ингэний сүүг 10 мянган төгрөгөөр авдаг тухай өмнө нь сонсож байсан. Ингэний сүүний үнэ өссөн гэсэн үг үү?

-Ингэний сүүний үнэ жилээс жилд өсч байна. Ковидын үеэс эхлээд сүүлийн жилүүдэд Баянхонгор ч юмуу, Өмнөговь, Дорноговь гээд говийн тэмээтэй нутгаар цаг дэлгэрээгүй. Үүнээс болоод сүү саалийн үнэ их нэмэгдсэн. Саяхан нийт нутгаараа бороо хур орлоо. Одоо л сүү саальтай залгаж үйлдвэрлэлээ явуулах боломж бүрдэж, үнэ ханш нь ч буурах болов уу гэсэн хүлээлттэй байна.

-Та бүхэн ингэний сүүгээр хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн бэ. Бүтээгдэхүүнийхээ гол онцлогийг дурдвал?

-Ингэний сүүгээр хийж болох бүх бүтээгдэхүүнийг хийж ирсэн. Тодорхой хэмжээнд цаг үеийн хүнд байдлаас үүдэн бүх бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэх боломжгүй байгаа. Ард иргэддээ зориулж технологийн жаахан өөрчлөлт оруулан боловсруулсан, янз бүрийн хольцгүй органик буюу натурал, цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн нь бидний гол онцлог юм. Цаашид энэ хольцгүй, цэвэр, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээ алдахгүйгээр үйл ажиллагаагаа явуулахад л бид анхаарч байна. Бүтээгдэхүүн маань өртөг өндөртэй үйлдвэрлэгддэг учраас ард түмний худалдан авах чадварт ч хүнд тусдаг. Цаг дэлгэрээд сүү сааль элбэгшиж, үнийн хувьд тогтворжихын цагт бүх бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, худалдаанд гаргах бодол бий.

Ингэний сүүгээр аарц, ааруул, архи, ундаа зэргийг үйлдвэрлэдэг.Мөн ингэний сувиллын сүү, хоормог, бяслаг хүртэл хийж байна. Технологийг нь сураад авчихсан. Шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэж бодоход түүндээ таарсан тоног төхөөрөмж, сав баглаа боодол, ард иргэддээ таниулах зэрэгт санхүүгийн бэрхшээлтэй асуудал их тулгардаг. Өөрсдийн бор зүрхээр зүтгэдэг бидэнд хүү өндөртэй зээлүүд чинь их хэцүү. Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл авч байгаа ч гэсэн хаанаа ч хүрэлцдэггүй.

Малчны хотноос түүхий эдээ аваад янз бүрийн юмтай хольж, ард түмнээ хуурсан бүтээгдэхүүн гаргах юм бол эргээд энэ бүтээгдэхүүний нэр хүнд унана. Хятадын зах зээл дээр Шинжаан, Уйгар ч гэдэг юмуу ингэний сүү гээд маркетинг хийдэг хэрнээ натурал байдлаар хийхгүй хольцтой байдлаар гаргаснаас нэр хүнд нь унах жишээний. Бид өнөөдөр 500 мянга хүрэхгүй тэмээтэй, эндээс саалийн чиглэлээр хэчнээн ингэ сааж, сард, жилд хэчнээн мянган литр сүү авах боломжтой гэдэг судалгаанууд нь бий л дээ. Манай нэлээд том, том үйлдвэрүүд ийшээ анхаарлаа хандуулаад, дэлхийн олон улсын гэрээний жил гээд манай улс зарлачихсан. Хамгийн гол нь үүн дээр зөв бодлогоор нэгдэж явахгүй бол эрсдэлтэй байна. Монголынхоо цөөхөн ард түмнийг малын гаралтай эрүүл хүнсээр хангах чиглэлээр тодорхой амьжиргааны түвшинд нь нийцүүлэн, үнийг тогтвортой барих бодлогуудыг боловсруулахгүй дэлхийн зах зээл яриад байдаг. Дотоодынхоо зах зээлийг хангахгүйгээр дэлхийн зах зээл рүү гарна гэдэг өрөөсгөл ойлголт юм.

-Ингэний сүүний үйлдвэрлэлийг тасралтгүй явуулахад яг ямар бодитой дэмжлэгийг төр засаг, орон нутгаасаа хүсч байна вэ?

-Манайх Өмнөговь аймгийн харьяа. Энэ нутагтаа 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж, ажлын байрыг бий болгож ирсэн. Яг үнэндээ Өмнөговь аймгаас ямар нэгэн дэмжлэг үзүүлж байгаагүй. Бид өөрсдийн бор зүрхээр л явдаг. Хөдөө аж ахуйн хөгжлийн бодлогоор яг энэ үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Дэмжих гэдгийг шууд мөнгөтэй холбон буцалтгүй тусламж үзүүлэх зэргээр ойлгож болохгүй. Бодлогын түвшинд мал аж ахуй, цаг үед нь нийцүүлэн шийдвэр гаргах юм. Энэ талаар ярихад их зүйл бий ч товчхон ярья. Сүүний чиглэлийн тэмээний шинэ омог үйлдвэрлэлийг бий болгох ёстой. Цаг уурын таагүй уур амьсгалаас хамааралтай биш. Тэгэхээр биотехнологийн эрдэмтэн багш нарын дэмжлэгийг авч, ямар нэмэлт тэжээлийг өгөх шаардлагатай вэ гэдгийг шийдэх хэрэгтэй. Гэхдээ бүтэн эрчимжсэн биш, хагас эрчимжсэн байдлаар саалийн чиглэлийн ингэнүүдийн сүүний гарцыг тодорхой хэмжээнд сайжруулдаг, чанарт нь нөлөөлөхгүй, тэжээлийн асуудлыг шийдэж, тариалж байх чиглэл рүү явах ёстой. Ерөнхийдөө хоршоолол гэдэг маань зөв л дөө. Цаг уураас хамааралтай биш, сүүний чиглэлийн ингэнүүдээсээ тогтмол түүхий эд болох сүүгээ тогтмол авч байх нь үйлдвэрлэл тасралтгүй явагдах нөхцөлийг бий болгоно.

Өмнөговь аймаг улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлж байгаа. Манай аймаг тэр чигтээ уул, уурхайн аймаг болсон. Гэсэн хэдий ч нэгдүгээрт, сум орон нутагт ажил хийх хүн олдохгүй. Мэргэжлийн боловсон хүчин дутуу. Хоёрдугаарт, улс орноороо эх орны хишиг зэрэг уул уурхай дагасан халамж руу чиглэсэн. Тэр утгаараа байгаль дэлхийгээ сүйтгэсэн. Түүнээс болоод цаг үе нь дэлгэрэхээ байлаа. Хоёр бөхт сайхан тэмээнийхээ ашиг шимийг эдийн засгийн эргэлтэд оруулж, дэлхийн зах зээл рүү өрсөлдөх нь зөв. Гэхдээ бид монголчуудаа юуны түрүүнд органик бүтээгдэхүүнээр хангах ёстой. Бороо орсонгүй, өвс ургасангүй гэж суулгүй хоршоолол байдлаар зөв ажиллах ёстой.

Орон нутгийн томоохон Оюу толгой, Таван толгой зэрэг уул уурхайн компаниудын хөдөлмөр хамгаалал дээр заасан байдаг. Орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжинэ. Хортой хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилчид сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэх ёстой гэдэг ч ингэнийхээ сүү, сүүн бүтээгдэхүүнийг дэмжиж авч ажилладаггүй. Бүтээгдэхүүн авсан ч баяр ёслолын үеэр багахан хэмжээгээр авдаг.Бид өмнө нь үе, үеийн төр засгийн удирдлагууд, нам засгийнхантай уулзаж, дэмжлэг туслалцаа хүсч л байсан. Олигтой үр дүнд хүрч байгаагүй. Улаанбаатараас 600 орчим километрийн цаанаас бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд, тээвэр ложистикоо шийдээд нийслэлд авчирдаг. Бид бүтээгдэхүүнүүдээ нэмүү өртөг шингэсэн сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалдаг. Бүтээгдэхүүнүүд маань үнэндээ ард түмний гар дээр өндөр үнэтэй ирж байгаа.

-Нэг үеэ бодоход хүмүүс ингэний сүүний хүний эрүүл мэндэд үзүүлэх ач холбогдлын талаарх ойлголт сайтай болжээ. Өндөр үнэтэй худалдаалж буй ингэний сүү, сүүн бүтээгдэхүүнийг худалдан авах чадвар иргэдийн хувьд хэр байна вэ?

-Би түрүүн хэлсэнчлэн тасралтгүй органик, ямар ч хольцгүй цэвэр бүтээгдэхүүнээр олон жилийн турш ард иргэдээ хангаж ирсний хувьд байнгын үйлчлүүлэгчидтэй болсон. Хэрэглэгчдийн маань тоо ч нэмэгдсэн. Манай үйлдвэрийн утас руу залгаад “Хэрэглэдэг бүтээгдэхүүн маань тасарсан. Үнэхээр хэцүү байна. Хэзээ гарах вэ” гэж асуух хүмүүс ч олон байна. Эрүүл мэндээ мэддэг, тодорхой хэмжээний орлоготой, боломжтой нэг хэсэг хүмүүс авч байгаа. Эсвэл зайлшгүй хэрэглэх эрүүл мэндийн шаардлагатай, үр дүнг нь мэдсэн хүмүүс авахаас өөр аргагүй гэдэг байдлаар манай бүтээгдэхүүнийг худалдан авдаг. Энэ нь эм биш ч гэсэн тодорхой хэмжээнд хүний эрүүл мэндийг дэмждэг. Танай бүтээгдэхүүний байнгын хэрэглэгч. Даанч үнэ нь нэмэгдээд байх юмаа, үнээ бууруулах боломж байхгүй юу гэдэг хүсэлтийг худалдан авагчийн зүгээс тавьдаг.

-Та дотоодын иргэдээ ингэний сүү, сүүн бүтээгдэхүүнээр бүрэн хангачихаад, дараа нь гадагшаа экспортлох нь зүйтэй гэлээ. Та бүхэнд гадны орнуудаас бүтээгдэхүүн худалдан авах хүсэлт тавьдаг уу. АНУ-ын Аутизмын холбооноос Баянхонгорт байрлах “Ингэн эрдэнэ” үйлдвэрийн бүтээгдэхүүнийг авах санал тавьсан байсан.

-Солонгос, Хятад, Америк, Япон гээд гадны компаниудын төлөөлөл бидэнтэй холбогдсон. Гэхдээ энэ том гүрнүүд чинь асар том хэмжээнд ярьж байна. Сардаа хэдэн зуун мянган ширхэг бүтээгдэхүүн авахаар ярих жишээний. Өнөөдөр бид Монголынхоо зах зээлийг бүтээгдэхүүнээрээ бүрэн хангаж чадахгүй, үйлдвэрлэл нь зогсонги байдалтай, түүхий эдийн доголдолтой энэ үед гадны зах зээл рүү орно гэдэг худлаа юм. Үйлдвэрлэлийн тогтвортой байдал гэдэг хамгийн чухал учраас би гадныханд амлалт өгч чадахгүй. Хөрөнгө оруулалт хийгээд хамтран ажиллаж, бүтээгдэхүүнээ гадагш гаргах боломжтой гэхээр гадны байгууллагуудын зүгээс дистрибьютор байдлаар манай бүтээгдэхүүнийг сүлжээ дэлгүүртээ зарах хэмжээнд ярьдаг.

-Үнээний сүүнд олгодог шиг ингэний сүүнд улсаас урамшуулал өгдөг үү?

-Үгүй. Яг хэзээ ингэний сүүнд урамшуулал олгодог болох нь тодорхойгүй. Ингэний сүүнд урамшуулал өгдөг болох талаар яригдаж байгаа.

Хоёр бөхт тэмээгээрээ аялал жуулчлалыг, тэр дундаа өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бий. Тэмээтэй холбоотой арга хэмжээ, уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж болно. Миний хувьд ингэний сүүний сувиллыг бий болгох бодол байна.

Л.МИНЖМАА

Categories
мэдээ спорт цаг-үе

ПАРИС 2024: Жүдо бөхийн төрөлд монголын баг тамирчид эмэгтэй 5, эрэгтэй 5 жинд хүч сорино DNN.mn

“Парис 2024”-т барилдах эмэгтэй жүдочдын сугалааг танилцуулж байна.

“Парис-2024” наадмын жүдо бөхийн тэмцээнд 122 орны 378 жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд өрсөлдөнө.

Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр таван тамирчин зодоглох юм. 

ТАНИЛЦ: "Парис 2024"-т барилдах эмэгтэй жүдочдын сугалаа ТАНИЛЦ: "Парис 2024"-т барилдах эмэгтэй жүдочдын сугалаа ТАНИЛЦ: "Парис 2024"-т барилдах эмэгтэй жүдочдын сугалаа ТАНИЛЦ: "Парис 2024"-т барилдах эмэгтэй жүдочдын сугалаа

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд DNN.mn

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан зарим байршилд хэсэгчлэн цахилгаан хязгаарлаж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр буюу энэ сарын 26-нд хоёр дүүрэг, нэг аймагт цахилгаан хязгаарлахаар төлөвлөсөн байна. Тодруулбал, Хан-Уул, Баянзүрх дүүрэг, Төв аймагт цахилгаан хэсэгчлэн хязгаарлах юм.

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраажээ DNN.mn

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Цагаан зүрийн гол” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 14-ний өдрийн 22:10 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Үндэсний аврах бригадын алба хаагчид 2 бүлэг болон хуваагдан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж 07.23-ны өдрийн 20:40 цагт цурманд оруулсан юм.

Улмаар өчигдөр буюу 07.25-ны 10:00 цагт бүрэн унтрааж, сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгчээ. 07.24-ний өдрийн 23:00 цагаас түймрийн голомтод шиврээ бороо орж байна. Бүлгүүд түймрийн голомтоос бууж, 17:10 цагт Хүдэр суманд очсон байна. Урьдчилсан байдлаар түймэрт 15 га орчим талбай өртсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

ХЭҮК-оос мэдэгдэл гаргалаа DNN.mn

Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан иргэн Б.О нь 2024 оны долдугаар сарын 22-ны өдөр П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэгт хүргэгдэн ирж, нас барсан хэрэг гараад байна.

Хүний Эрхийн Үндэсний Комисс энэхүү хэргийн талаар холбогдох газруудаас тайлбар авч, эрүү шүүлт, хэрцгий, хүнлэг бус харьцаа, хүний амь насыг хамгаалах үүргээ төрийн албан хаагч биелүүлээгүйн улмаас иргэн Б.О амь насаа алдсан эсэхийг тогтоох ажиллагааг гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагуудаас ангид эхлүүлсэн гэдгээ мэдэгдэв.

МЭДЭГДЭЛ


Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан иргэн Б.О нь 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэгт хүргэгдэн ирж, нас барсанд Хүний эрхийн Үндэсний Комисс гүнээ харамсаж байна. Талийгаачийн гэр бүл, ойр дотны хүмүүст эмгэнэл илэрхийлье.

Хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хараат бус хяналт тавих чиг үүрэгтэй үндэсний байгууллагын хувьд ХЭҮК энэ хэргийн талаарх мэдээлэл гарсан даруйд эрүү шүүлт, хэрцгий, хүнлэг бус харьцаа, хүний амь насыг хамгаалах үүргээ төрийн албан хаагч биелүүлээгүйн улмаас иргэн Б.О амь насаа алдсан эсэхийг тогтоох ажиллагааг гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагуудаас ангид эхлүүлсэн болно.

Энэ хүрээнд 7 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газар, Прокурорын байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албан тайлбар авч, Цагдан хорих 461 дүгээр ангид ажиллалаа.

Амь хохирогчийн өмгөөлөгч, гэр бүлийн гишүүдээс мэдээлэл, баримт авах, холбогдох эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн тайлбар, баримтыг үнэлэх ажиллагаа үргэлжилж байна.

Иргэн Б.О төрийн албан хаагчийн буруугаас амь насаа алдсан тохиолдолд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиар тогтоосон бүрэн эрхийн хүрээнд гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх арга хэмжээг авах болно.

Тус хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн газар тус дүүргийн прокурор хяналт дор шалгаж байна. Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэрээр эрх чөлөө нь хязгаарлагдсан иргэн нас барсан ноцтой хэргийг шуурхай шалгаж, зохих журмын дагуу олон нийтийг мэдээллээр хангаж ажиллахыг эрх бүхий байгууллагуудад анхааруулж байна.

Иргэн Б.О-г Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт шалгагдаж байхад нь тус дүүргийн цагдаагийн алба хаагчид зодсон, эрүүдэн шүүгдсэн талаар 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдлыг шалгах ажиллагаа өнөөг хүртэл үргэлжилж байгаа нь анхаарал татаж байна.

Уг хэргийг шалгах ажиллагаа үндэслэлгүйгээр удааширсан эсэхэд Комисс хяналт тавьж, шалгалтын дүнг олон нийтэд мэдээлэх болно.
Комисс хүний хувийн мэдээлэлд хүндэтгэлтэй хандахыг төрийн холбогдох байгууллагуудад үүгээр сануулж байна.

ХЭҮК талийгаач Б.О-ын гэр бүлийн гишүүдэд боломжит дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэхийн хамт энэ хэргийг шалгах ажиллагааны явцад тэдэнд дэмжлэг үзүүлж, ил тод ажиллахыг эрх бүхий байгууллагуудад уриалж байна.

 

ЭХ СУРВАЛЖ: ХЭҮК

Categories
мэдээ улс-төр

Х.Булгантуяа УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийг даргална DNN.mn

Улсын Их Хурал дахь Байгаль хамгаалах бүлэг байгуулагдаад гурав дахь жилдээ ажиллаж байна. Тус бүлэг нь Олон улсын байгаль хамгаалах сангийн консервацтай хамтран “Эрүүл ой” төсөл болон ойн хөнөөлт шавжийн үндэсний менежментийг хэрэгжүүлж ирсэн. Мөн “Даян дэлхийн байгаль орчны үр өгөөжтэй бодлогын уялдаа холбоо” төслийн багтай  хамтран байгаль орчны салбарын хуулиудын төслүүдэд дүн шинжилгээ хийх, тусгай хамгаалалтай газар нутаг болон түүний эргэн тойрны газрыг хамгаалах, биологийн төрөл зүйлийн ач холбогдолтой газруудын засаглалын үр ашгийг нэмэгдүүлэх, байгаль хамгаалах санхүүжилтийн хөтөлбөрттэй хамтран ажиллах зэргээр ажиллаж байна.

Энэхүү УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийг өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг даргалж, УИХ дахь МАН болон АН-ын бүлгүүдийн нийт 19 гишүүн ажиллаж байжээ. Шинэ парламент бүрдсэнтэй холбогдуулан бүтцийн зарим өөрчлөлтийг хийхээр тогтсон аж. Учир нь энэ удаагийн УИХ-д таван намын төлөөлөл сонгогдсон учраас бүлгийн үйл ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Иймээс олон намын төлөөллийг хангах, байгаль хамгаалах чиглэлд улс төрийн харьяаллаас үл хамааран хууль тогтоох чиглэлд хамтран ажиллахыг эрхэмлэжээ.

Энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийг даргалж, зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, Б.Саранчимэг нар ажиллахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Б.Отгонболд 643 оноогоор 54-т эрэмбэлэгдлээ DNN.mn

Зуны олимпийн XXXIII их наадам найм хоногийн дараа Францын нийслэл Парис хотноо эхэлж буй. Манай баг тамирчдын тэмцээн өчигдрөөс эхэлсэн. Тодруулбал, өчигдөр 20:15 цагт /Улаанбаатарын цагаар/ байт харвааны эрэгтэй ганцаарчилсан төрлийн чансаа тогтоох харваа эхэлсэн. Тус төрөлд байт харвааны Азийн наадмын аварга, ОУХМ Баатархуягийн Отгонболд цэц сорьсон юм. Чансаа тогтоох харваанд нийт 64 тамирчин оролцсон бөгөөд дэлхийн рекордыг 700 оноогоор эзэмшдэг Өмнөд Солонгосын Ким Вүүжин 686 оноогоор тэргүүлж, тус улсын тамирчин Ким Же Док 682 оноогоор удаалжээ. Харин манай тамирчин нийт 643 оноотой 54-р байрт эрэмбэлэгдлээ. Б.Отгонболд хоёр үеийн турш нийт 72 сум тавьсан бөгөөд хоёрдугаар үеийн эхний сетэд 6 сумаар 51 оноо авч, нэг сум 6 дээр оносон нь хамгийн бага оноотой сет болсон юм. Харин хоёрдугаар үеийн дөрөв дэх сетэд гурван удаа 10 дээр онож 56 оноо авсан хамгийн өндөр оноо авсан сет болжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хувийн компаниуд шинэ автобусыг төлбөртэй ашиглана DNN.mn

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор парк шинэчлэлийн хүрээнд 600 автобусыг шинээр худалдан авч, орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагуудад “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгуулж, хүлээлгэн өгч буй.

Энэ хүрээнд “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн “Эс энд Эй транс” болон “Үнэгтийн уул” ХХК-тай “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгууллаа. Дээрх компаниуд нийт 4 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai County” маркийн дунд оврын 15 шинэ автобусыг долоон жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлээр авч, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж багатай нийслэлийн захын дүүргийн 4 чиглэлд үйлчлэх юм.

“Hyundai County” маркийн дунд оврын 15 автобус дараах чиглэлд үйлчилнэ.

  • Д1 Шар хад – Ботаник
  • Ч67Z Нисэх – Морингийн даваа
  • Д4 СХД 31-р хороо- Хайрханы эцэс 11-р байр
  • Д8 Товчооны зам 6-р зогсоол – Толгойтын эцэс

Ташрамд, 2024 онд нийт 12 компани 348 автобусыг долоон жилийн хугацаатай гэрээ байгуулж, төлбөртэйгөөр ашиглаж байна. Гэрээнд заагдсан эргэн төлөлтийг “Нийтийн тээвэр хөгжүүлэх сан”-д төвлөрүүлж байгаа бөгөөд уг санг хөрөнгөжүүлэх замаар дараагийн парк шинэчлэлийг хийх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар өмнө байгуулсан 10 аж ахуйн нэгж байгууллагатай хийсэн гэрээний дагуу тус санд 7 тэрбум төгрөг хуримтлагдаад байна.