Categories
мэдээ улс-төр

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен маргааш Монголд айлчилна DNN.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен маргааш буюу наймдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын өдөр:

  • 12:00 цагт. ГХЯ-д хүрэлцэн ирж,  Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.
  • 13:30 цагт. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар хэвлэлд мэдээлэл хийх аж.

Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхах аж. Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар албан ёсны хэлэлцээ хийх юм байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсад 8 жилийн дараа хэрэгжүүлэх энэ айлчлал нь хоёр улсын стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бататган бэхжүүлэх юм. Мөн саяхан зохион байгуулсан иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний үеэр ярьж тохиролцсон хамтын ажиллагааны асуудлыг үргэлжлүүлэн бодит үр дүнд хүргэхэд чухал ач холбогдолтойг Гадаад харилцааны яамнаас мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл нуурт живсэн УАЗ-469 автомашиныг 44 жилийн дараа татан гаргажээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг багасгахаар живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажил Хөвсгөл нуурын Марааны буланд үргэлжилж байна.

Тус ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн ахалж байгаа бөгөөд ажлын багт ОБЕГ, ЗХЖШ, тэдгээрийн холбогдох чиг үүрэг бүхий анги, салбаруудын алба хаагчид болон Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эрдэмтэд, цэргийн зөвлөх инженерүүд ажиллаж байгаа юм.

Ажлын багийн бүрэлдэхүүн 44 жилийн өмнө буюу 1980 оны 4 дүгээр сард Хөвсгөл нуурын Дүбэрлэг уул, Хэрээний үүр орчимд живсэн УАЗ-469 загварын автомашиныг 171 метрийн гүнээс тусгай техник хэрэгсэл ашиглан амжилттай татан гаргалаа.

Тус автомашин нь 1980 оны 4 дүгээр сарын 30-нд Ханх сумаас Мөрөн сум руу эрүүл мэндийн тусламж үйлчилгээг мөсөн замаар үзүүлж яваад осолдсон эмнэлгийн машин байжээ. Автомашинд 8 зорчигч явсан бөгөөд 4 нь амиа алдсан харамсалтай тохиолдол болсон байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүнийг томилолтын хугацаа нь дуусаж, эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж, 2023 онд хоёр улсын Ерөнхийлөгч нар харилцан Төрийн түүхэн айлчлалууд хэрэгжүүлснийг онцоллоо.

Төрийн тэргүүн нарын харилцан айлчлалаар тохиролцсон ажлууд үр дүнтэй урагшилж байгааг сайшааж, Элчин сайд Себастиен Сүрүний оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Себастиен Сүрүн өнгөрсөн гурван жилийн хугацаанд бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Монгол Улсын төр, засаг болон монголын найрсаг ард түмэнд талархал илэрхийлэв.

Хоёр улсын Төрийн тэргүүн нарын тохиролцсон төсөл, хөтөлбөрүүд, харилцаа, хамтын ажиллагаа ирэх жилүүдэд бүх салбарт гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан Элчин сайдын үнэтэй хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, “Найрамдал” медалиар шагнав.

Categories
мэдээ спорт цаг-үе

ОУХМ М.Энхжаргал шөвгийн 8-д Туркийн боксчин Хатиче Акбастай тулалдана DNN.mn

Боксын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд ОУХМ М.Энхжаргал Шөвгийн 8-ын тулаанаа Туркийн боксчин Хатиче Акбастай Улаанбаатарын цагаар наймдугаар сарын 01-ний 23:22 цагт хийнэ.

Акбас Хатиче нь 23 настай, Дэлхийн аварга тамирчин юм.

Categories
мэдээ нийгэм

Зайсан орчмын 5000 гаруй айл өрх, албан байгууллагын ундны усыг төвийн шугамд холбох ажил үргэлжилж байна DNN.mn

Хан-Уул дүүрэг, Зайсан орчмын суурьшлын бүсийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн тулгамдсан асуудал болох ундны усны төвлөрсөн шугамд холбох болон дулааны шугам сүлжээ, дэд станцын угсралтын ажил олон жил яригдсан ч гүйцэтгэл удаашралтай байсан юм.

Тодруулбал Зайсан орчмын хотхонуудын усан хангамжийг төвийн шугамд холбох ажил 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж эхэлсэн ч газар чөлөөлөлт болон нөхөн сэргээлтийн асуудлаас болоод удаашралтай байв. Тэгвэл уг ажлыг эрчимжүүлэх үүднээс өнөөдөр буюу долоодугаар сарын 30-ний өдөр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан болон Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр нар Зайсан орчимд ажиллалаа.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном:
-Уг ажил өнгөрсөн оны тавдугаар сард бэлтгэл ажил нь бүрэн хангагдаж, эхлэхэд бэлэн болоод байсан. Гэсэн хэдий ч нөхөн сэргээлтийн зардлыг тооцох зайлшгүй шаардлагын улмаас хоёр сар хойшилсон. Тухайлбал замын трасст таарч буй аж ахуйн нэгж болон, шугам сүлжээний техникийн тодруулга зэрэг асуудлуудаас үүдэн удаашралтай байсан ажил шийдэгдэж, одоо ажил хэвийн үргэлжилж байна.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр:

-Зайсангийн 4516 айл өрх буюу 20 мянга гаруй иргэн, 135 аж ахуйн нэгж 38 гүний худгаас ахуйн хэрэглээнийхээ усыг авч байсан. Уг шугам сүлжээний ажлын ажиллах хүчний зардалд 2019 оноос хойш хоёр удаа өөрчлөлт оруулсан. Мөн энэ жил дахин төсөв тодотгох асуудлуудаас болж удааширсан. Нийслэлийн засаг даргын өгсөн үүргийн дагуу нэмэлт зардлуудыг нийслэлийн төсвөөс шийдэж уг ажил үргэлжилж байна.

Зайсан орчмын хотхонуудын усан хангамжийн төвлөрсөн системийг шийдэхэд нийт 3.5 км урттай шугам хоолойн ажил хийж байгаа. 2019 онд баталсан төсвийг 2024 оны тооцооллоор шинэчилж, трасс замд өртөж байгаа газруудын нөхөн сэргээлтийн зардлуудыг бүгдийг нь тусгаад хийж байна гэв. Түүнчлэн ажил гүйцэтгэгч “Бат комплект” ХХК-ийн захирал Х.Цэрэнбат “Трассын дагуух далд шугам сүлжээний хүндрэлүүдийг нийслэлээс шийдээд явж байна. Арваннэгдүгээр сард дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэж онцоллоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Даншиг наадмаар нийтийн тээврийн хоёр чиглэлд 10 автобус иргэдэд үйлчилнэ DNN.mn

“Даншиг наадам-Хүрээ цам 2024” наадмаар нийтийн тээврийн хоёр чиглэлд автобус үйлчилнэ.

Тус наадам Хүй долоон худагт наймдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд зохион байгуулагдах юм. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн хоёр чиглэлд 10 автобус иргэдэд үйлчлэх аж.

Тодруулбал 08:00-22:00 цагийн хооронд

  • “МУБИС-Хүй долоон худаг”
  • “Төв цэнгэлдэх-Хүй долоон худаг” гэсэн хоёр чиглэлд нийтийн тээвэр зорчино.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Б.Дэлгэр: Манай 400 гаруй ажилтны үндсэн хуулиар олгогдсон ажил хөдөлмөрөө эрхлэх эрх ноцтой зөрчигдсөөр байна DNN.mn

Монполимет ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дэлгэртэй ярилцлаа.


-Монполимет группийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг цагдан хорьж, буцаан суллаж, танай компаниудын дансыг хаасан гэхчлэнгээр өнгөрсөн хугацаанд Монполимет групптэй холбоотой учир нь мэдэгдэхгүй олон үйл явдал өрнөлөө. Тиймээс яг юу болсон, яагаад ийм хэрэг гарсан талаар цэгцтэй мэдээлэл өгөхгүй юу?

-2024 оны тавдугаар сарын 28-нд Монполимет группт АТГ-аас гэнэтийн нэгжлэг шалгалт хийж байна гэсэн шалтгаанаар АТГ-ын 40-50 ажилтан гэнэт дайран орж ирсэн.

Яагаад ийм шалгалтыг манай байгууллагад хийж байгаа талаар тухайн үед тодруулахад Хөгжлийн банкны зээлд авлига албан тушаалын хэрэг байж болзошгүй гэсэн үндэслэлээр танай байгууллагыг шалгаж байна. Хөгжлийн банктай холбоотой бүх баримт материалыг авна. Нотлох баримтыг устгаж болзошгүй учраас бид гэнэтийн нэгжлэгийг ийнхүү хийж байна гэсэн. Тухайн үед манай байгууллагын зүгээс Хөгжлийн банктай холбоотой санхүүгийн нотлох баримтуудыг сайн дураар өгөх хүсэлтээ илэрхийлсэн. Гэвч тэр боломжоор хангаагүй. Нэгжлэгээ үргэлжлүүлсэн. Ингэхдээ бүхэл бүтэн 10 жилийн өмнө болсон үйл явдлын нотлох баримтыг авч ир, устгаж магадгүй гэсэн үндэслэл хэлж байгаа нь маш гайхмаар байгаа юм.

Хэрвээ шалгах байсан бол тухайн үед шалгалгүй, яагаад 10 жилийн дараа нотлох баримт устгах эрсдэлтэй байна гэж үзэж гэнэтийн нэгжлэг хийх болов. Тэр өдөр цочирдом олон үйлдэл ар араасаа өрнөсөн. Манай оффисын болон үүсгэн байгуулагч, зарим захирлуудын гээд нийт тав, зургаан объектод нэгэн зэрэг нэгжлэг хийсэн.

Ингэхдээ манай үүсгэн байгуулагчийн хөгжлийн бэрхшээлтэй охины гэрт нь очиж хүргэнийг нь айлган сүрдүүлж авч явна гэж дарамталж, заналхийлсэн. Тиймээс үүсгэн байгуулагч маань охиных руугаа очсон. Яагаад хүргэнийг маань авч явах гээд байгаа юм бэ гэж тодруулахад “За тэгвэл оронд нь танаас юм тодруулъя” гээд прокурорын ямар ч тодорхойлолтгүйгээр авч явсан.

Өөрөөр хэлбэл, Ц.Гарамжав гуайд өмнө нь урьдчилж мэдээлэл өгөөгүй байж юм тодруулъя гээд шууд авч явснаа шөнийн 00 цагийн үед шууд сэжигтнээр баривчлах тогтоол танилцуулж 461 дүгээр хорих ангид 48 цаг баривчилсан. Ингэхдээ тасралтгүй найм, есөн цаг мэдүүлэг авах өрөөнөөс гаргалгүй хоол унд өгөлгүй суулгаснаас болж эрүүл мэндийн байдал нь муудсан. Холбогдох хуульд дөрвөн цаг байцаалт аваад нэг цаг амраах ёстой гэж заасан байдаг. Гэвч үүнийг зөрчсөн, хүнлэг бус үйл ажиллагаа явуулсан.

Тухайн үед олон нийтийн зүгээс энэ асуудлыг хүчтэй шүүмжилж, үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаална хэмээн дуу хоолойгоо нэгтгэсэн. Үүнд манай групп компанийн хамт олон талархалтай байгаа. Энэ дашрамд танай сониноор дамжуулж хувийн хэвшил, чөлөөт эдийн засаг, хүний эрхийн төлөө хүчтэй дуугарсан иргэд та бүхэндээ маш их баярлалаа. Олон нийтийн дэмжлэг байсан тулдаа л шударга бус, хууль бус гэнэтийн тэр баривчилгааг таслан зогсоож, буцаан сулласан болов уу гэж бодож байгаа.

-Өнөөдөр танай нөхцөл байдал ямар байгаа вэ. Хэвийн байдалд шилжсэн үү?

-Үгүй. Үүнээс хойш тавдугаар сарын 31-нд манай байгууллагын бүх дансыг хаасан. Ингэхдээ ямар үндэслэлээр данс хаасан талаарх прокурорын тогтоол, үндэслэлийг бидэнд тайлбарлаагүй. Өөрөөр хэлбэл, энэ талаар бид мэдэх эрхтэй боловч бидэнд огт мэдээлээгүй. Данс хаасан гэсэн аман тайлбарыг л прокуророос өгсөн.

Үүний дараа зургадугаар сарын 5-нд Тосон үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон.Тосон үйлдвэрийн үйл ажиллагааг хаахдаа прокурорын тогтоолыг бидэнд танилцуулсан. Уг прокурорын тогтоолд Хөгжлийн банкинд учирсан хор хохирлыг арилгах, нөхөн төлүүлэх талаар иргэн Ц.Гарамжавын үүсгэн байгуулсан Тосон үйлдвэрийн үйл ажиллагааг хааж байна гэж тайлбарласан байна лээ.

Олон нийт сайн мэдэж байгаа байх. 2014 онд Хөгжлийн банкнаас Монполимет групп 126 тэрбум төгрөгийн зээл авсан. Авсан зээлээ 2023 онд 260.3 тэрбум төгрөг болгож төлсөн. Үүний 100 орчим тэрбум төгрөг нь ханшийн алдагдал. Бид зээл аваад хэнийг хохироосон, ямар хохирол учруулсан юм бэ гэдэг нь тогтоогдоогүй.

Хохирол тогтоох процесс явагдаагүй байхад Хөгжлийн банкинд учруулсан хохирлыг барагдуулна гээд зээлд ямар ч хамааралгүй Тосон үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож байгаа нь илт үндэслэлгүй хууль бус үйлдэл.

Хоёрдугаарт, үнэхээр хэн нэгнийг хохироосон гээд хохирогч хайж байгаа бол хохирогч нь бид нар. 100 тэрбум орчим төгрөгийн ханшийн хохирлыг бид дангаар дуугүй үүрсэн. Төгрөгийн ханшийг тогтвортой барих үүрэг хүлээсэн Төв банк, Засгийн газар үүргээ биелүүлээгүй шүү дээ. Ам.долларын ханш 1400 төгрөгөөс 3700 төгрөг болж бүхэл бүтэн 2300 төгрөгөөр нэмэгдчихээд байна. Үүнийг яагаад ярихгүй байгаа юм бэ. 2017 онд УИХ-ын ажлын хэсгийн шалгалтаар Төв банкны буруутай үйл ажиллагаанаас болж төгрөгийн ханш 80,8 хувь хүртэл суларсан гэсэн дүгнэлт гарсан. Үүнийг ярихгүй шууд үйлдвэрлэгч рүүгээ дайрах нь үндэслэлгүй. Үүнд бид туйлын гомдолтой байгаа. Төр засаг асуудлыг бодитоор харах ёстой.

-Мөрдөн шалгах процесс буруу явж байгаа талаар танайх холбогдох байгууллагад хандсан байх. Ямар тайлбарыг та бүхэнд хэлсэн бэ?

-Өнгөрсөн хоёр сарын хугацаанд бид 100 гаруй удаа хүсэлт өгсөн. Манай 400 гаруй ажилтан цаанаа бусдын л адил өрх гэрээ тэжээж байгаа шүү дээ. Тэд ажилгүй, орлогогүй болсноор өрхийн амьжиргаанд нь сөргөөр нөлөөлнө. Тэдгээр хүмүүс ажлын байраа алдаж, хэзээ ажил эхлэх нь тодорхойгүй байдалд байгаа учраас 100 гаруй удаа прокурорын байгууллагад хүсэлт өгсөн. Харамсалтай нь прокурорын байгууллага бүгдэд нь шийдвэрлэхээс татгалзсан хариу өгсөн.

Хоёрдугаарт, бид хуулийн байгууллагын бие даасан хараат байдалд нөлөөлөх гэж оролдоогүй. Гэхдээ хуулийн дагуу шалгуулъя. Хамгийн гол нь үйл ажиллагаа, данс хаахгүйгээр шалгаад өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Гэтэл прокурор болоод төрийн байгууллагууд “Та нар хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох гэж байна. Хэн нэгэн үүнийг зохион байгуулж байна” гэсэн хардлага сэрдлэгийн шинж чанартай үг урдаас хэлдэг.

Уг нь үйлдвэрийн үйл ажиллагааг нээснээр хуульд харшлах зүйл байхгүй. Дээрээс нь мөрдөн шалгах үйл ажиллагаанд саад учрахгүй. Энэ мэт үндэслэлгүй үйлдлээс харахад таны хэлсэнчлэн улс төрийн ямар нэгэн зорилго байгаа юм болов уу. Манай аж ахуйн нэгжийг дампууруулах гэсэн санаа байна уу гэсэн хардлага төрж байгаа.

-Монполимет групп бол Монголын томоохон татвар төлөгч, топ аж ахуйн нэгж шүү дээ. Тиймээс танай үйл ажиллагааг зогсоох нь эдийн засаг талаас нийгэмд ямар үр нөлөөг үзүүлэх бол?

-Үе үеийн Засгийн газар, УИХ үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Хэрэглэгчээс үйлдвэрлэгч улс болно гэхчлэнгээр олон уриа лоозонг хэлдэг. Монголд хөгжлийн бодлогын 252 бодлогын баримт бичиг бий. Гэтэл нэг нь ч уялдаа холбоогүй, хэрэгждэггүйгээс болоод аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг болохоос илүүтэй ойлгомжгүй байдлыг бий болгодог. Нийгэмд үзүүлж байгаа нөлөөлөл гэвэл нэгдүгээрт, гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэж хөрөнгө оруулах итгэл нь буурч байна.

Монцемент Билдинг Материалс ХХК-ийн том хөрөнгө оруулагч нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк. Саяны үйл явдалтай холбоотойгоор Монцемент Билдинг Материалс ХХК-ийн арилжааны банкин дахь данснуудыг хаасан. Энэ нь хэвийн үйл ажиллагаанд нь шууд нөлөөлсөн. Үүнийг хараад гадаадын хөрөнгө оруулагчид гайхаж, цочирдсон. Монгол Улсад итгэх итгэл нь буурсан. Цаашид ч үүнийг олон улс ажиглаж байгаа. Тухайн улсын төр засаг гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөлийг хэрхэн бий болгож байгаа, хэрхэн үйлдвэрлэлийг дэмжиж, улс төрийн тогтвортой байдлыг яаж бий болгох бодлогыг гаргаж байна гэдгийг анхааралтай ажиглаж байгаа. Тиймээс бидний туулж байгаа энэ кейс гадаадын хөрөнгө оруулагчдад ихээхэн болгоомжлол төрүүлж байгаа болов уу.

Нөгөө талаар, өнөөдөр маш олон залуус эх орноо орхиод гадаадад ажиллахаар явж байна. Бүх салбарууд ажиллах хүчний хомсдолд орж байна.

Гадагшаа явж байгаа энэ урсгалыг үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд ажлын байрны таатай нөхцөлийг бий болгож байж тогтоон барьж байгаа. Гэтэл энэ мэтээр ажлын байр бий болгож байгаа аж ахуйн нэгжүүдээ буланд шахаж, иргэдийн ажлын байрыг булаагаад байвал иргэд амьдрахын тулд гадагшаа явахаас өөр сонголтгүй болно шүү дээ. Бодит байдал дээр ийм л нөхцөлийг бий болгож байна.

Жишээ нь, Тосон үйлдвэрийг хааснаас болж манай нийт ажилчдын 20 орчим хувь нь ажлын байраа орхисон. Хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас тэд гадагшаа явж ажиллах сонголтыг хийж байна. Гадагшаа яваагүй хэсэг нь Монголд ажлын байргүй болж үлдэж байна.

Хэдийгээр манай үйл ажиллагаа зогссон ч бид ажилчдынхаа өмнө хариуцлага хүлээсний хувьд, мөн хүнд цаг үеийг туулж яваа хэдий ч тодорхой хэмжээнд ажилчдынхаа цалинг тасалдуулалгүй боломжийнхоо хэрээр шийдвэрлээд явж байгаа. Хэзээг хүртэл ингэж явахаа бид мэдэхгүй байна. Энэ хугацаанд бид эдийн засгийн хувьд маш том хохирлыг хүлээж байгаа. Зээлийн хүү, торгууль, алдангийн төлбөрт гэхэд л хоног тутам 40 орчим сая төгрөгийн хохирол хүлээж байна.

-Ингэхэд Монполимет групп улсад хэр хэмжээний татвар төлдөг вэ?

-Манай компани үүсгэн байгуулагдсанаас хойших өнгөрсөн 30 жилийн хугацаанд 500 гаруй тэрбум төгрөгийн татвар, бусад төрлийн хураамжийг улсад төвлөрүүлсэн.

-Монполимет группийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжав гуайд үүсгэсэн эрүүгийн хэргийн үндэслэл нь тодорхой болсон уу. Өмгөөлөгчөөс нь ярилцлага авч байхад үндэслэлгүй байна гэсэн мэдээллийг өгч байсан л даа?

-Яг одоогийн байдлаар манай компани болоод үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг ямар хэрэгт холбогдуулан шалгаж талаарх тодорхой мэдээллийг өнөөг хүртэл бидэнд өгөөгүй байгаа. Ганцхан тодорхой байгаа зүйл нь Хөгжлийн банкны хэрэгт холбоотойгоор хатгагчаар оролцсон гэдэг үндэслэлээр хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Ингэхдээ прокурорын байгууллагаас ч тэр, АТГ-аас ч тэр бидэнд мэдээлэл өгдөггүй. Шалтгаан нь биднийг хэргийн оролцогч биш хэмээх тайлбарыг өгдөг.

Гэхдээ АТГ-аас сар гаруйн өмнө Монполимет группийг таван асуудалд холбогдуулан шалгаж байгаа гэж мэдээлсэн. Бид энэ үеэр л мэдээлэл авсан. Гэхдээ одоог хүртэл яг энэ үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх албан ёсны бичиг баримтыг бидэнд танилцуулаагүй байгаа.

2014 онд Монполимет групп зээл авахдаа авлига, албан тушаалтанд авлига өгсөн гэж байгаа бол хэн гэдэг хүнийг хатгаж гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн бэ гэдэг нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгтэн нь тодорхой болж байж тухайн хүнийг хатгасан гэдэг хэрэг үндэслэлтэй болно шүү дээ. Гэтэл гэмт хэрэгтэн нь тодорхойгүй байхад хатгагч гэж үзэж байгаа нь хуулийн үндэслэлгүй. Мөн Засгийн газрын 164 дүгээр тогтоолын дагуу Хөгжлийн банкнаас зээл авсан бөгөөд тухайн үед цементийн гурван үйлдвэрт зээл олгосон байдаг.

Хоёрдугаарт миний санаж байгаагаар, 2016 оноос хойш УИХ, Засгийн газрын 10 гаруй ажлын хэсэг Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгаж дүгнэлт гаргасан. Дүгнэлтийн үр дүнд маш олон болохгүй төсөл байгааг илрүүлсэн байдаг. Мөн хамгийн үлгэр жишээ хэрэгжсэн төслөөр Монцементийн төслийг үргэлж нэрлэж ирсэн.

Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг УИХ-аас өнгөрсөн жил зохион байгуулсан. Үүнд нэлээд олон компани оролцсон. Уг сонсголд манайх сайн дураараа оролцож мэдээлэл өгсөн. Тэр үед зориулалтын дагуу зарцуулж цементийн үйлдвэр байгуулчихсан юм байна гэж дүгнэсэн. Хөгжлийн банкны үе үеийн удирдлагууд ч хамгийн сайн төслийг Монцемент төсөл гэж хэлцгээдэг.

Үүний дараа Хөгжлийн банкы хэрэгт холбогдуулж 82 шүүгдэгчийг олон нийтэд нээлттэйгээр шүүсэн. Хэрвээ Монполимет буруутай байсан юм бол яагаад тэр үед шүүгээгүй юм бэ. Яагаад сонгуулийн өмнөх ороо бусгаа цаг үед Хөгжлийн банкны хэрэгт холбоотой гэж гаргаж ирж байгаа юм бэ. Тиймээс улс төрийн ямар нэгэн санаа зорилготой болов уу гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байгаа.

-Мөн мөнгө угаасан гэж үзсэн байсан. Үүнд тайлбар өгөөч?

-Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн,…… мөнгө угаах гэмт хэрэг гэж заасан байгаа.

Гэтэл Монцемент төсөлд зориулж Хөгжлийн банкнаас авсан зээл бол хууль бус мөнгө биш шүү дээ. Хөгжлийн банк мэдээж хууль бусаар бий болгосон мөнгөө манай компанид зээлдүүлээгүй нь ойлгомжтой. Хэрэв Хөгжлийн банкны зээлийг мөнгө угаасан гэвэл зээлийн эх үүсвэр нь өөрөө гэмт хэрэг үйлдэж бий болсон хөрөнгө байж, түүнийг нь манай компани цэвэршүүлэх арга хэмжээ авсан байж энэ төрлийн гэмт хэрэг болно гэж ойлгож байгаа. Тиймээс ямар ч үндэслэлгүй байгаа юм.

Энэ бүхнээс харахад процессын хувьд Монполимет компани юм уу, эсвэл үүсгэн байгуулагчийг хэрэг нь байхад хүн нь олдоно гэгчээр ямар нэгэн байдлаар яллаж буруутгах гэсэн оролдлого байна гэж хардаж байгаа.

Үүнээс гадна манай бүх компаниудад татварын шалгалт орсон. Хувийн хэвшлийн татварын шалгалтыг шалгах үүрэгтэй тусгай субьект АТГ биш шүү дээ.

-Таны ярианаас анзаарахад Хөгжлийн банкнаас авсан зээлийг Тосон үйлдвэрт ашиглаагүй юм байна шүү дээ. Гэтэл яагаад Тосон үйлдвэрийг хааж байгаа юм бэ?

-Тийм, ашиглаагүй. 2014 онд авсан Монцементийн зээл Тосон үйлдвэрт ямар ч хамаагүй. Гэтэл Тосон үйлдвэрийг хаасан. Хөгжлийн банкны зээлээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэх гэхээр хохирол, хохирогч байхгүй. Өрөөр хэлбэл, юу төлүүлэх гээд хайгаад байгаа нь ойлгомжгүй байгаа юм.

Монполиметийн Тосон үйлдвэр уурхайн ашиглалт, олборлолтын чиглэлээр 1996 оноос хойш Тосонгийн хөндийд үйл ажиллагаа явуулж байна. Ингэхдээ Монгол Улсад мэргэжлийн бөгөөд хариуцлагатай уул уурхайн жишгийг салбартаа тогтоож 22 удаагийн тэргүүний нөхөн сэргээгчээр шалгарсан. Тиймээс ч манай нөхөн сэргээлтийн сайн туршлагыг судлахаар Канад, Африк, Япон, Солонгос, Мьянмар зэрэг улсаас хүмүүс ирж байсан.

Categories
гадаад мэдээ

Украинд зориулсан тусламжийн шинэ багцууд DNN.mn

АНУ-ын Батлан хамгаалах яам Украинд тусламжийн хоёр багц илгээсэн тухай тус яамны цахим хуудсанд мэдээлэв. Эхний 200 сая ам.долларын багцад агаарын довтолгооноос хамгаалах систем, HIMARS-ын пуужин, миномётын сум, танк эсэргүүцэх “Жавелин” багтсан байна. Энэхүү багцын зэвсгийг Америкийн армийн агуулахаас шууд Украин руу илгээж эхэлжээ. Харин Украины аюулгүй байдалд туслах санаачилга (USAI)-ын хүрээнд хийгдэж буй 1.5 тэрбум долларын хоёр дахь том багцыг илгээхээр шийдвэрлэсэн байна. Энэхүү хөтөлбөр нь зэвсгийг шууд агуулахаас Украин руу илгээх бус, харин АНУ-ын аж ахуйн нэгжүүдтэй зэвсэг үйлдвэрлэх, худалдан авах гэрээ байгуулна гэсэн үг юм. Энэ хүрээнд Киев бусад шаардлагатай байгаа зэвсгээс гадна агаарын довтолгооноос хамгаалах хэрэгслүүд, HIMARS болон NASAMS системүүдийн пуужин, электрон байлдааны хэрэгсэл, өндөр нарийвчлалтай нисэх онгоцны пуужин, бөмбөг зэргийг авахаар болжээ. Энэ хоёр багц тусламж нь 2021 оны наймдугаар сараас хойш Жо Байдены засаг захиргаанаас Украинд нийлүүлж буй АНУ-ын цэргийн техник хэрэгслийн 62 дахь хэсэг буюу АНУ-ын 20 дахь тусламжийн багц болж байна. Пентагон эдгээр тусламжийн багцтай холбогдуулан “АНУ 50 холбоотон улсын хамтаар Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэхэд шаардлагатай тусламжийг Украинд үргэлжлүүлэн үзүүлсээр байх болно” гэж мэдэгджээ. Мөн Германы засгийн газар энэ сарын 29-ний даваа гаригт Киевт нийлүүлэх зэвсгийн жагсаалтаа шинэчилсэн байна. Тухайлбал, Дани улстай хамтарсан төслийн хүрээнд дахин найман “Leop­ard 1A5” танк, тэдгээрийн сэлбэг хэрэгслийг Украин руу шилжүүлсэн байна. Мөн Украины Зэвсэгт хүчин Германы Gepard өөрөө явагч зенитийн бууны 21 мянган сум, 10 усны дрон, “Бергепанзер-2” хуягласан засвар, үйлчилгээний машин 2 ш, 10 радарын станц, хээрийн эмнэлэг, цэргийн албан хаагчдад зориулсан хувцас хэрэгслийг Германаас хүлээн авсан байна. Өмнө нь Герман Украинд үзүүлэх цэргийн тусламжийн жагсаалтыг энэ сарын 8-нд шинэчилж Герман гурав дахь Патриот зенитийн пуужингийн систем, Gepard өөрөө явагч бууны 9 мянган сум, 155 мм калибрын 55 мянган их бууны сум Украинд өгсөн нь тодорхой болж байсан билээ.

Барууны орнуудад битүүмжилсэн Оросын хөрөнгөний ашгийг Киев ирэх наймдугаар сараас ашиглаж эхэлнэ гэж Берлин хүлээж байгаа аж. Энэ схемийн дагуу “G7” Украинд мөн адил хөрөнгөөр барьцаалан 50 тэрбум ам.долларын зээл олгох болсон бөгөөд эхний ээлжинд Украин 1.4 тэрбум евро авч байгаа юм байна. Ингэснээр Киев Герман төдийгүй барууны улсуудаас дуртай зэвсгээ худалдан авах боломжтой болж байгаа аж.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн бүртгэлийг маргаашнаас “E-mongolia” системээр авна DNN.mn

Цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ус орон даяар зохион байгуулахаар болсон билээ. Тэгвэл нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн бүртгэлийг E-Mongolia системээр дамжуулан хүлээж авах юм.

Хэрэв хүсэлт явуулах боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг Боловсролын Ерөнхий газраас сануулж байна.

Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой лавлах утасны жагсаалт:

-Нийслэлийн боловсролын газар: 7011-3039

-Баянгол: 7611-9595

-Баянзүрх: 7010-4005

-Сүхбаатар: 7011-1606

-Сонгинохайрхан: 7017-1110

-Хан-Уул: 11-342470

-Чингэлтэй: 11-315442

-Багануур: 7021-3815

-Багахангай: 7049-1017

-Налайх: 7023-3008

Categories
мэдээ спорт цаг-үе

ПАРИС-2024: Өнөөдөр буудлагын төрөлд Н.Баяраа цэц сорино DNN.mn

“Парис-2024” зуны XXXIII дахь удаагийн олимп зургаа дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр манай тамирчдаас буудлагын эрэгтэй гурван байрлалт 50 метрийн урт бууны урьдчилсан дасгалын төрөлд Нянтайн Баяраа дэлхийн шилдгүүдтэй цэц сорино.

Түүний тоглолт Улаанбаатарын цагаар 15:00-д эхэлнэ.