Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

З.Оюундэлгэр: Өсвөр насны хүүхдүүдэд амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй нурууны суулт илэрч байна DNN.mn

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Өсвөр үеийн эмч З.Оюундэлгэртэй ярилцлаа.


-Танай кабинетаар ихэвчлэн ямар зовуурьтай хүүхдүүд үйлчлүүлж байна вэ?

-Манай Өсвөр үеийн кабинетад 10-17 хүртэлх насны хүүхдүүд үзүүлдэг. Наадмын дараагаас гэдсээр өвдлөө. Нэг, хоёр сар ханиалгалаа гэсэн хүүхдүүд их ирж байна. Нэг, хоёр сараар ханиалгаж байгаа хүүхдүүдийн хувьд эмчийн бичиж өгсөн эм, зөвлөгөөгөөр нэг хэсэг ханиад нь гайгүй болсон ч жоохон дэглэм алдахад нь л буцаад сэдэрч, цэртэй, цэргүй ханиалга болон ээлжилж солигдоод  байгаа. Харшлын шинжтэй нүд загатнах, хамар улайх, толгой өвдлөө гэсэн хүүхдүүд үзүүлж байна. Нуруугаар их өвдөөд байна гэсэн хүүхдүүд ч ирж байгаа.

-Нуруугаар өвдлөө гэсэн зовуурьтай ирж буй хүүхдүүдийн шалтгаан нь юу вэ?

-Нуруу нь өвдлөө гэж үзүүлж буй хүүхдүүдэд шинжилгээ хийгээд үзэхээр зарим нь эрдсийн буюу ялангуяа Д-гийн дутагдалд орсон байдаг. Нэг хэсэг нь нурууны мурийлттай, үе хоорондын зай нарийссан гэхээр бидний ярьдгаар нурууны суулт үүссэн хүүхдүүд байна. Тухайн хүүхдүүдийн хувьд хэт удаан хугацаагаар бөгтийж сууж хичээл хийх, бие халаалтгүйгээр гэнэт хүнд юм өргөх, дасгал хөдөлгөөн хийх зэрэг амьдралын буруу хэв маяг, дадал хэвшлээс ихээхэн шалтгаалж, нуруу нь өвдөж, суулт өгөөд байгаа. Хэрвээ нуруу нугаламдаа өөрчлөлттэй, үе хоорондох зай нь нарийсалтай байвал сэргээн засах эмчилгээгээр эмчилдэг. Цаашид дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх шаардлагатай. Хүүхдүүд амьдралын зөв хэв маягтай болсноор аажимдаа нуруугаар өвдөх эрсдлээс сэргийлж чадна.

-Ургамал, тоосонцрын харшилтай хүүхдүүд хэрхэн харшлаа сэдрүүлэхгүй байх вэ?

-Гадагш гарахдаа нүдний шил, малгай, маск зүүж гарах шаардлагатай. Гэртээ орж ирээд гадагш гарахдаа өмссөн бүх хувцсаа тайлна. Гадуур хувцсанд нь тоос, тоосонцор наалдчихдаг гэсэн үг. Гэртээ гадуур хувцастайгаа байгаад байхаар нөгөө тоос тоосонцор нь гэрээр нь тархаж, гадаа, гэрт байсан ч ялгаагүй харшил нь сэдэрдэг. Зөвхөн өглөөгүүр цонхоо онгойлгох нь зүйтэй юм. Харшил сэдэрчихсэн үед сайн унтаж, амарч, шингэн зүйл сайн уух, эмчийн зөвлөсөн харшлын эмээ ууж, дэглэмээ сайн баримтлах хэрэгтэй. Гэр бүлийн бусад гишүүд ч гэсэн гадуур өмссөн хувцсаа үүдэндээ тайлж, гэрийн хувцсаа өмсөх хэрэгтэй. Гадуур өмссөн хувцаснуудаа уутанд хийж тавина. Тэгэхгүй зөвхөн харшилтай хүүхэд л дэглэм бариад байвал харшил нь сэдэрсээр байдаг.

-Өсвөр насны хүүхдүүдийн онцлогоос дурдвал?

-Өсвөр насны хүүхдүүдэд бэлгийн бойжилт явагдаж эхэлснээс хойш сэтгэл зүй болоод бие махбодод нь олон өөрчлөлт бий болж эхэлдэг. Сэтгэл санаа нь тогтворгүй болно. Бие махбодын хувьд огцом өндөр болох, бэлгийн хоёрдогч шинж тэмдгүүд илэрдэг. Зарим махлаг болон удамшлын шалтгаантай охидод есөн наснаас нь бэлгийн бойжилт эхлэх тохиолдол бий. Ихэвчлэн эмэгтэй нь 10, эрэгтэй нь эмэгтэй хүүхдүүдээс нэгээс хоёр жилийн дараа буюу 12 наснаас эхлэн бэлгийн бойжилт нь явагдаж эхэлдэг. Охидод ихэвчлэн 12 настайгаас нь хөх ургаж, нэгээс хоёр жилийн дараа сарын тэмдэг ирж, суга, умдагт нь үс ургах, тааз томрох, биеийн жин нэмэгдэх зэрэг бэлгийн бойжилтын хоёрдогч шинж тэмдгүүд илэрдэг. Эрэгтэй хүүхдэд эхлээд төвөнхөд нь өөрчлөлт орно. Төвөнх томрох, дуу хоолой бүдүүрэх, төмсөг, шодой томрох, суга, умдагт үс ургах зэрэг бэлгийн хоёрдогч шинж тэмдэг илэрнэ. Энэ үед эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүүхдийн хооллолтод анхаарах хэрэгтэй. Зарим хүүхдүүд бага хоол идсэнээсээ болоод хоол тэжээлийн дутагдалд орох, эсвэл хэт их идэж, хөдөлгөөний хомсдолтой байснаас таргалж, илүүдэл жинтэй болдог. Илүүдэл жинтэй болсноор нас биед хүрснийхээ дараа зүрх судасны болон чихрийн шижин өвчтэй болох эрсдэл өндөр. Мөн нуруугаар өвдөх, суулт өгөх эрсдэлтэй.

Мөн өсвөр насны хүүхдүүдэд батгашилт нүүрээр нь их явагддаг. Нүүр, нуруу цээжээр идээт үрэвсэл гараад байна гэсэн хүүхдүүд сүүлийн нэг сар их хандаж байна. Учир нь эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүүхдүүдэд эр, эм бэлгийн даавар тогтворжоогүйгээс их ялгарч байдаг. Ялангуяа эрэгтэй хүүхдүүдэд эр бэлгийн дааврын хэт их үүсэлтээс болоод нүүр болон нуруу, цээж хэсгээр тосны булчирхайны хэт их ялгарал үүсдэг. Энэ үед арьс арчилгаа, ачаалал, хооллолт, нойр зэрэгтээ анхаарах хэрэгтэй. Нүүрээ сайн цэвэрлэж, чийгшил өгөх, чихэрлэг хоол хүнс бага хэрэглэх нь зүйтэй. Чихэрлэг хоол хүнс гэхээр чихэр, жимс, ундаа гэж ойлгоод хүүхдүүд маань би бараг чихэр иддэггүй гэдэг. Сүү, цагаан будаа болон гурил, гурилан бүтээгдэхүүнийхээ хэрэглээг багасгах шаардлагатай. Эдгээр нь хоол хүнсээр дамжин хүний биед ороод ирэхээр цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг. Үүнээс болоод нүүрэн дээр нь хэт их юм гараад байдаг талтай.

-Өсвөр насны гэлтгүй хүүхдүүд дэлгэцийн их хамааралтай байх болсон. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Сүүлийн үед хүүхдүүдийн хэт их дэлгэцийн хэрэглээ, хичээлийн ачааллаас болоод нойрны хэмнэл алдагдаж, дархлаа нь суларч, батгашилт нэмэгдэж байгаа. Дэлгэцийн хэрэглээг хоногт хоёр цаг байлгахдаа 30 минут тутамд завсарлаж байх. Хүүхдүүд үүнээс дээш хугацаагаар дэлгэцийн хэрэглээтэй байснаар тархийг хэт ачааллуулж, мэдрэлийн ядаргаанд орж, шөнө нойр нь хүрэхгүй, өдөр унтах зэрэг зүйл их ажиглагдаж байна. Хэдий ачаалалтай байсан ч амралтаа зөв зохицуулж, унтах цагтаа унтаж, сэрэх цагтаа сэрдэг байх зөв дадлыг өсвөр насандаа суулгачих юм бол насанд хүрсэн ч зөв хэмнэлтэйгээр энэ дадлаараа явах боломжтой.

-Эцэг, эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ ойлголцохгүй байх үе бий. Энэ үед яах ёстой вэ?

-Бага насны хүүхдээ аав, ээжүүд илүү сонсож, тэдэнд их анхаарал хандуулдаг. Гол нь ээж, аав нар өсвөр насны хүүхдүүдээ сонсож сурах хэрэгтэй. Өсвөр насны хүүхдүүд юм болгоноо эцэг, эхчүүддээ хэлээд байдаггүй болохоор тэдэнд тавих анхаарал, хараа хяналт сул байдаг. Бүр их өвчний зовуурь нь хүндрээд ирэхээр л хүүхдээ дагуулж ирж үзүүлдэг. Өсвөр насны хүүхдүүд ээж, ааваасаа зөвлөгөө авах гэхээс илүү найз нөхөд, үе тэнгийнхнийхээ үгийг сонсох хандлага их. Тиймээс өсвөр насны хүүхдүүдтэйгээ аав, ээж нар илүү нээлттэй хандаж, найз шиг нь харьцаж, юу болохгүй байна вэ гэдгийг өөрөөр нь яриулах хэрэгтэй. Хэрвээ аав, ээж нь хүүхэдтэйгээ ойлголцохгүй байвал дүүрэг бүрд сэтгэл зүйч ажиллаж байгаа. Сэтгэл зүйчид хандаж, хүүхдийнхээ сэтгэл зүйн асуудлыг шийдэж болно. Сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг заавал сэтгэцийн асуудалтай хүмүүст хамааралтай биш юм. Ямар нэгэн байдлаар бид амьдралынхаа явцад сэтгэл зүйн тогтворгүй байдалд ордог. Энэ үедээ тухайн асуудлаараа сэтгэл зүйчид хандвал зөв чиглүүлэг авна гэсэн үг. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргадгаас үр дагавар нь сөрөг байх магадлал өндөр. Түүнээсээ үүдэн стресс, бухимдал, сэтгэл түгшилтэд орж найзуудынхаа нөлөөгөөр тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх зэрэг буруу зуршлаар тайлах гээд байдаг. Цаашилбал нас биед хүрсэн хойноо асуудалтай тулгарахад архинд орох, хэрэг төвөгт орооцолдох зэрэг буруу замыг сонгох эрсдэлтэй. Тиймээс энэ насандаа сэтгэл зүйн зөвлөгөө аваад уур бухимдалаа зөв гаргаж, стрессээ зөв тайлж сурах нь чухал.

Categories
мэдээ спорт цаг-үе

ПАРИС-2024: Өнөөдөр ОУХМ М.Энхжаргал медалийн төлөө өрсөлдөнө DNN.mn

“Парис 2024” зуны XXXIII Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд өрсөлдөж байгаа ОУХМ М.Энхжаргал өнөөдөр Дэлхийн аварга, Туркийн тамирчин Хатис Акбастай хүрэл медалийн төлөө тулалдана.

Тэрбээр хоёр дахь тулаанаа  Румыны тамирчин, 32 настай, 2022 оны ДАШТ-ний мөнгөн медальт, 2024 оны ЕАШТ-ний мөнгөн медальт Ленута Лекрамиоаратай хийж, 4:1 харьцаатай ялалт байгуулсан юм.

  • Өнөөдөр урт бууны 50 метрийн 3×20 буюу гурван байрлалаас буудах дасгалд Олон улсын хэмжээний мастер Оюунбатын Есүгэн өрсөлдөнө.
  • Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер Отгонбаярын Хүслэн зодоглоно.

Э.Бадамгарав

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Ж.Баярмаа: Хүний эрхийн зөрчлийн талаар олон нийт шуугиад, төр нь нүдээ аниад өнгөрөөдөг байж болохгүй DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай ярилцлаа.


-21 настай иргэн эрүү шүүлтэд өртөж, амь насаа алдсан байж болзошгүй хэрэгтэй холбоотойгоор та УИХ-ын сонсгол зохион байгуулах санаачилга гаргасан. Та энэ тухайгаа буюу үндэслэл, шаардлага талаас нь яриач.

-УИХ-ын нээлттэй сонсгол зохион байгуулах хэд хэдэн үндэслэл, шалтгаан бий. Нэгдүгээрт, Ардчилсан Монгол Улсад эрүүдэн шүүлт хэрхэвч байж болохгүй. Тиймээс хорих 461 дүгээр ангид хоригдож байсан цэл залуухан настай хүү яагаад нас барав, үнэхээр эрүү шүүлт тулгав уу, үүнээс болж амь нас нь эрсдэв үү гэдгийг нэн тэргүүнд тогтоох ёстой. Учир нь талийгаач залуугийн ар гэрээс мөрдөн шалгах ажиллагааны явцад найман цагдаа эрүү шүүлт тулгасан, зодсон хэмээх гомдлыг АТГ-т гаргасан байгаа. Харамсалтай нь АТГ хэтэрхий удаан шалгаж байна. Өнгөрөгч нэгдүгээр сард эрүү шүүлт тулгасан, зодсон гэх асуудал гарч, хоёрдугаар сард талийгаач хүү гомдол гаргасан юм билээ. Түүнээс хойш бараг хагас жил болох гэж байхад эрүүдэн шүүсэн эсэхийг тогтоогоогүй байна.

Хоёрдугаарт, мөрдөн шалгах ажиллагааны явцад гардаг ийм асуудал анхных биш. Бага насны охиныг хүчиндсэн, хувийн харилцаанд орохыг шаардсан, хүнлэг бусаар харилцсан гэх гомдлууд олон нийтийн дунд тасрахгүй яригдсаар ирсэн. Мөн зөвхөн энэ шатанд ч биш, төрийн байгууллагын шийдвэрээр эрх чөлөөгөө хязгаарлуулсан бусад газарт ч бас гардаг. Би хорих ангиуд дахь хүний эрхийн зөрчлийг хэлж байна. Би ч өөрөө ийм жишээг мэднэ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л “Лайвчин” Д.Мөнх-Эрдэнийг хоригдож байх үед тусгай ангийнхан ирж хүнлэг бусаар харьцсан байдаг.

Мөн өнгөрөгч арваннэгдүгээр сард Зэвсэгт хүчний 0326 дугаар ангид алба хааж байсан 21 настай Д “унтаад сэрээгүй” гэх шалтгаанаар амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. Ер нь олон нийтийн дунд Батлан хамгаалах салбар буюу цэрэг армид дэглэлт байна, хүнлэг бус харилцаа явагдаж байна гэж байнга л яригддаг. Тиймээс учир шалтгаан нь юунд байна гэдгийг хянан шалгах шаардлагатай байгаа юм.

Цагдан хорих газар, цэргийн ангид болж байгаа тохиолдлуудыг ХЭҮК-ын илтгэлүүдэд бичсэн байдаг. Үүнээс гадна үүнийг нотлох тоо баримтууд ч байна. Тухайлбал, эрүүдэн шүүлт тулгасан гэх гомдол жилд 34 орчим ирдэг гэсэн. Өөрөөр хэлбэл, сар бүр бараг гурван ийм асуудал үүсдэг гэсэн үг.

Нөгөөтэйгүүр Үндсэн хуульд “Эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гээд зарлан тунхагласан байдаг. Хүний эрхийг бүрэн хангасан нийгмийг л хүмүүнлэг гэнэ. Мөн Үндсэн хуулиар хүний амьд явах эрхийг баталгаажуулж, эрүүдэн шүүж, хүнлэг бус харилцахыг хориглосон. Иргэн бүр Үндсэн хуулиа сахин биелүүлэх ёстой. Тэр дундаа хууль сахиулах байгууллагынхны алхам тутамдаа баримтлах зарчим нь.

Тэгэхээр углуургаараа Үндсэн хуулийн зүйл заалтуудыг зөрчсөн үйлдлүүдийг төрийн байгууллагуудын зарим ажилтнууд гаргасаар байна гэсэн үг. Бүр харамсалтай нь иргэдээ хамгаалах чиг үүрэгтэй зарим алба хаагчид. Үүнийг таслан зогсоохын тулд олон нийтэд асуудлыг нээлттэй танилцуулж, хэлэлцэх ёстой. Хүний эрхийн зөрчлийн талаар олон нийт шуугиад, төр нь нүдээ аниад өнгөрөөдөг байж болохгүй.

-Тэгэхээр сонсголд оролцогчид нэлээд өргөн хүрээнд байх нь ээ дээ?

-Тийм. Нийтийн сонсголын тухай хуульд сонсголын есөн төрөл байдаг. Үүний нэгд нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол хийнэ гэж тусгайлан заасны дагуу зохион байгуулна. Сонсголын үеэр төрийн болон албаны нууцын тухай хуулийг үндэслэн нийтэд задлахгүй мэдээллүүд байхыг үгүйсгэхгүй. Тиймээс хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд, гэрч хохирогч, хуульчид, өмгөөлөгчдийг татан оролцуулна. Ингэж нийтээр хэлэлцэж байж асуудал юундаа байна, яагаад хүний эрхийн зөрчил гараад байна гэдэг учир шалтгааныг бодитоор тогтооно шүү дээ.

Хууль тогтоомжуудын хэрэгжилтийг сайжруулахад Засгийн газар, холбогдох институциүд ямар арга хэмжээ авах вэ, эрх зүйн хувьд ямар өөрчлөлтүүд хийх шаардлагатай вэ гээд олон асуудал гарна.

Нөгөөтэйгүүр хуулийн засаглал, шударга ёс хоёр бол нэг зоосны хоёр тал. Хүний эрхийн зөрчил гарч байна гэдэг нь дээр хэлсэнчлэн олон хуулийн заалтыг зөрчиж байна гэсэн үг. Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зэрэгт эрүүдэн шүүх, хүнлэг бус харилцахыг хориглосон ч биелүүлэхгүй байна гэдэг нь хуулийн засаглал бүрэн хэрэгжихгүй байна гэсэн үг. Хууль бус хүн буюу хэн нэгэн албан тушаалтан “засаглаж” байгаа бол тэр нийгэмд шударга ёс, ардчилал асуудалтай байна гэсэн үг. Тиймээс шударга ёсыг хангахтай холбоотой асуудал давхар яригдаж байна гэж ойлгож болно.

-Аливаа хэрэгт гэрч, хохирогч маш чухал шүү дээ. Ер нь гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог яаж бүрдүүлэх хэрэгтэй вэ?

-Ардчилсан нам Засгийн эрхийг барьж байхдаа хууль сахиулах, цагдаад дорвитой реформ хийж байсан. Тухайлбал, Тахарын алба буюу гэрч, хохирогчийг хамгаалах албыг байгуулж байсан. Харамсалтай нь дараагийн Засгийн газар тэр албыг татан буулгасан.

Тиймээс гэрч, хохирогчийг хамгаалах албыг дахин сэргээх хэрэгтэй. Шинээр томилогдсон Хууль зүйн сайд хууль зүйн реформын хүрээнд үүнийг хийх болов уу гэж харж байгаа.

-Таны дурдсанчлан хүний эрхийг зөрчсөн асуудал өнгөрсөн хугацаанд нэлээд их гарсан. Гэхдээ өнөөдрийнх шиг нээлттэй сонсгол хийх, төр нь анхаарах хэмжээнд асуудал өндрөө авсангүй. Монголд хүний эрх хэрэгжихгүй байгаа гол шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Өнөөдөр иргэд үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, жагсаж цуглах, эвлэлдэн нэгдэх зэрэг иргэний суурь эрхийн болоод улс төрийн эрхийн зөрчил гарсаар байгаа нь үнэн. Тухайлбал, жагсаж цугласных нь төлөө Д.Монголхүү, “No war” хөдөлгөөнийхнийг барьж хорьж байсан.

Үүнээс гадна үг, үзэл бодлоо хүчтэй илэрхийлснийх нь төлөө янз бүрийн аргаар дарамталж, янз бүрийн хэрэг үүсгэж, тохсон хэргүүд ч бий. Үүний нэг жишээ болох лайвчин Д.Мөнх-Эрдэнийн кейсийг олон нийт илүүтэй мэдэж байгаа байх. Мөн сүүлийн үед хэвлэн нийтлэх эрхэд халдах болсон. Тухайлбал, Н.Өнөрцэцэг сэтгүүлчийн кейсийг энд дурдаж болно. Хүнийг өмгөөлөгчгүйгээр шүүсэн нь хүний эрхийн ноцтой зөрчил.

Эдгээр асуудал нь хууль хяналтын байгууллагуудын албан хаагчид хүний эрхийн талаарх ойлголт, хандлага муу байгаагаас үүдэж гарч байна. Үүнд анхаарч ажиллах ёстой. Мөн хууль тогтоомжуудын цоорхой, хийдэл байна. Хүний эрхийн зөрчилтэй холбоотойгоор засаж залруулах ёстой хуулийн 800 орчим заалт байдаг гэсэн судалгаа уншиж байсан. Тиймээс хууль тогтоогчид хүний эрхийг сайжруулах чиглэлээрх эрх зүйн шинэчлэлээ нэгэнт судлаад гаргасан зүйлүүдийг нь дахин нягталж судлахаас ажлаа эхлэх хэрэгтэй байх.

Мөн шинэ тутам гарч байгаа асуудлыг зохицуулахад нэмэлтээр ямар хууль эрх зүйн орчин шаардлагатай байгаа талаарх судалгааг хийх хэрэгтэй. Судалгаанд үндэслэж хууль тогтоох байгууллагаас Засгийн газарт чиглэл өгөх, хуулийн гажуудлыг арилгах хэрэгтэй байгаа. Мөн иргэдэд өөрийн эрхийнх нь талаарх ойлголтыг нэмэгдүүлэх шаардлага бий. Учир нь эрх нь зөрчигдөж байгааг анзаарахгүй, холбогдох байгууллагад хандахгүй байгаагаас хүний эрхийн зөрчил түгээмэл гарч байна.

Мөн цагдаагийн байгууллагын зарим ажилтнууд гэмт хэргийг илрүүлэх гэхээсээ урьтаж хүний эрхийг дээдлэх гэсэн хандлагыг суулгах ёстой. Хүний эрхийг зөрчихгүй байхад суурилж гэмт хэргээ илрүүлэх хэрэгтэй.

-Хүний эрхээс гадна хувийн хэвшил рүү дайрдаг, хааж боодог үзэгдэл гарах болсон. Хувийн хэвшлийг хамгаалах, дэмжих чиглэлд ямар шинэчлэл хэрэгтэй гэж та хардаг вэ?

-Эрх, эрх чөлөөг л хангах ёстой. Эрх чөлөө бол иргэн, хувийн хэвшилд агаар ус мэт хэрэгтэй. Эрх чөлөөтэй хүн сэтгэнэ. Эрх чөлөө нь хангагдаж байж аливаа бизнес урагшилна, хөгжинө. Түүнээс төрөөс ямар нэгэн саад тотгор тавиад байвал хөгжих боломж хумигдана. Хүнд суртал, элдэв зөвшөөрлөөр дарамтлаад байвал бизнес хөгжих орон зайг боож байна гэсэн үг. Ардчилсан намын үзэл баримтлалд бизнесийн эрх чөлөөг хангана гэж тодорхой заасан байдаг. Эдийн засгийн эрх чөлөөний индексээр манай улс маш доогуур үзүүлэлттэй байдаг. Эдийн засгийн эрх чөлөөгүй орны категорид ороход миний санаж байгаагаар их ойрхон байсан.

Бүх хөгжлийг бид индексүүдтэй уяж харах хэрэгтэй. Олон улсын байгууллагууд тухайн индексийг гаргахдаа бүгдийг нь судалж юун дээр алдаж байгааг маш ойлгомжтой гаргаад тавьчихсан байдаг. Тиймээс дордуулж байгаа асуудлуудыг шийдэхэд л индекс аяндаа сайжирна.

-Тантай ярилцаж байх энэ цаг хугацаанд Монголын нийгэм ерөнхийдөө аялал зугаалга, амралтын байдалтай байна. Та энэ удаагийн УИХ-ын анхны сонсголыг санаачилж, ажилдаа шуурхай орох шиг боллоо. Хүний эрх, эрх чөлөөний чиглэлд том өөрчлөлт хийх том зорилгыг та өвөртөлж байна уу гэж харж байна?

-Мэдээж хүний эрх зөрчигдөж байгааг, бизнесийн орчин хумигдаж байгааг таслан зогсоохын тулд эрх зүйн орныг сайжруулах тал дээр идэвхтэй ажиллана. Ер нь тэгээд Монголын нийгэмд том, жижиг гэлтгүй тулгамдсан, хуримтлагдсан маш их асуудал байна. Гараад алхахад л алхаж байгаа зам, амьсгалж байгаа агаараас эхлээд асуудал их бий. Тулгамдсан олон асуудлыг шийдэхийн тулд мэдээж байгаа хуулиудын хэрэгжилтийг ЗГ нь хангаж, түүнд УИХ хяналт тавьж таарна. Мөн хамгийн гол нь хууль эрх зүйн орчныг сайжруулнаа л гэсэн үг. Энэ нь хууль тогтоогчийн үүрэг. Тиймээс хууль тогтоомжуудыг уншиж судлахаас эхлээд зөндөө л ажил байна.

Хоёрдугаарт, дабль стандартыг халахын тулд юу хийх ёстой вэ гэдэгт ач холбогдол өгнө. Өөрөөр хэлбэл, улстөрчид болон өндөр дээд албан тушаалтнууд алдаа гаргавал ямар хариуцлага хүлээх вэ гэдэг нь тодорхой байх ёстой, өөрөөр хэлбэл, хариуцлагын тогтолцоог бий болгомоор байна гэсэн үг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай DNN.mn

Аргын тооллын наймдугаар сарын 2, Сугар гариг. Билгийн тооллын 28, Өглөгт охин одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 05:30 цагт мандаж, 20:27 цагт жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт үүлэрхэг, бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +14…+16 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +3…+8 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим Туул, Тэрэлж голын хөндийгөөр +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +13…+18 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +16…+21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +27…+32 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +14…+16 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Бид яаж амьдраад байна аа…” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Манай улсаас Монгол Улсад орж ирэх хөрөнгө оруулалт энэ жилээс эрс нэмэгдэнэ” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • Монгол Улсын гавьяат агрономич, доктор, профессор Б.Дорж “Рапс тарьсан газраас ирэх жил ургац горьдох хэрэггүй” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Бид яаж амьдраад байна аа…” хэмээн өгүүллээ.

  • “Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо”-ны гүйцэтгэх захирал М.Буянбадрах “Шинэ засгийн газар хүнд үйлдвэрээ татварын бодлогоор дэмжих цаг нь болсон” гэв.

Хувь хүний хөгжлийн багш Ч.Сайхнаа “Цагдаагийн алба хаагчид харилцаа, хандлагадаа анхаарах хэрэгтэй” хэмээн ярьсныг “Цаг үе” нүүрээс үргэжлүүлэн уншаарай.

Энэ удаагийн “Хүмүүс” нүүрт МЗЭ-ийн шагналт,Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт яруу найрагч Гочоогийн Чардаг “Яруу найрагчийн хувьд Мишигийн Цэдэндоржоор анх үнсүүлж, Лодойдамба гуайгаар мялаалгасан хүн дээ, би” хэмээн хүүрнэлээ.

ГАДААД МЭДЭЭ: Украин “F-16” онгоцуудаа хүлээн авчээ


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна DNN.mn

Сэлэнгэ аймаг, Хүдэр сум, Баянцагаан багийн “Зүүн моностой” гэдэг газарт ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 31-ний өдрийн 15:40 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид орон нутгийн иргэд хамтран ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Дадал, Биндэр сум руу зорчихгүй байхыг анхаарууллаа DNN.mn

Онон гол долдугаар сарын 31-нд орсон борооны улмаас үерийн аюултай түвшинг  даван үерлэжээ. Үерийн улмаас Онон голын гүүрний далан сэтэрч машин техник зорчих боломжгүй болсон байна.

Мөн голын сав дагуу зусдаг айлууд усанд автжээ. Тодруулбал, Эг, Барх гол Батширээт сумын чиглэлд, Онон гол Биндэр сумын чиглэлд  үерийн түвшинг 14-22 см-аар давсан, бусад голууд үерийн аюултай түвшинг 6-30 см, Онон гол Дадал сумын чиглэлд  нэг метрээс дээш даван аюулын зэрэгтэй үерлэж байгааг Хэнтий аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлэв. Тиймээс Хэнтий аймгийн Биндэр, Баян-Адарга, Дадал сумын чиглэлд тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хаасан байна. Тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулав.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ахуйн үйлчилгээний уулзвараас Өргөө кино театрын уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ DNN.mn

Баянгол дүүрэг, Ахуйн үйлчилгээний уулзвараас Өргөө кино театрын уулзвар хүртэлх авто замыг наймдугаар сарын 03-ны өдрийн 23:00 цагаас 06-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Тус авто замыг асфальт бетоноор хучих бөгөөд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээг хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

“Хааны эрэлд 2024” сургуулийн соёлын өдөрлөг үргэлжилж байна DNN.mn

“Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль 6 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Одоо явагдаж буй салаадын хээрийн сургуулиар оролцогч орны цэргүүд хичээлийн 10 цэгт сургалт, дадлагад хамрагдаж байгаа.

Сургуулийн явцад орон орны дайчдын соёлын өдөрлөг болдог уламжлалтай. Энэ хүрээнд Япон, БНСУ-ын соёлын өдөрлөг болж, тухайн орны цэргийн алба хаагчид өөрсдийн өв соёлыг сурталчилж, үндэсний тулааны урлагийн үзүүлэн тоглолтыг сонирхуулсан юм. Оролцогч орны цэргүүд энэхүү өдөрлөгөөр өөрсдийн хийсэн цаасан тоглоом, аз жаргалт, амжилт ерөөсөн ханзыг дурсгал болгон хадгалсны зэрэгцээ дээрх улсуудын уламжлалт хоол болон цайны соёлтой танилцлаа.

Соёлын өдөрлөг нь өөрсдийн үндэстний онцлогийг сурталчлан таниулахаас гадна сургуульд оролцогч орнуудын цэргийн алба хаагчид ойр дотно нөхөрлөх, сургалт бэлтгэлээс авсан ачааллаа хөнгөвчлөх боломж олгодог.
Хуваарийн дагуу өнөөдөр (2024.08.01) Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд 20.00 цагт БНХАУ-ын Соёлын өдөрлөг болно гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ