Categories
мэдээ улс-төр

Нам, эвсэл энэ сарын 12-оос өмнө сонгуульд оролцохоо илэрхийлнэ DNN.mn

“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-аар нам, эвсэл 2024 оны наймдугаар сарын 12-оос өмнө сонгуульд оролцох хүсэлтээ тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ.

Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэхээр хуульчилсан.

Намын сонгуульд оролцох хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:

  • сонгуульд оролцох тухай тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын байгууллагын шийдвэр, намын даргыг томилсон шийдвэр;
  • намын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • намын улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрмийн хуулбар;
  • сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүний эдийн засгийн тооцоонд хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт;
  • энэ хуульд нийцсэн нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх намын дотоод журам;
  • орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, ээлжит бус, нөхөн болон дахин сонгуульд тухайн сонгуулийн жилийн өмнөх тайлант жилийн хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан;
  • намын сонгууль эрхэлсэн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, хаяг, харилцах утасны дугаар, цахим шуудангийн хаяг, ажиллах хүний тоо зэргийг агуулсан мэдээлэл.

Эвслийн сонгуульд оролцох хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:

  • сонгуульд оролцох тухай эвслийг төлөөлөх байгууллагын шийдвэр;
  • эвсэлд нэгдсэн намуудын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • эвсэлд нэгдсэн намуудын улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрмийн хуулбар;
  • эвслийг төлөөлөх байгууллагаар батлагдсан сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүний эдийн засгийн тооцоонд хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт;
  • энэ хуульд нийцсэн нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх эвслийн дотоод журам;
  • орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, ээлжит бус, нөхөн болон дахин сонгуульд тухайн сонгуулийн жилийн өмнөх тайлант жилийн хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан;
  • эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, хаяг, харилцах утасны дугаар, цахим шуудангийн хаяг, ажиллах хүний тоо зэргийг агуулсан мэдээлэл;
  • эвслийн гэрээний хуулбар;
  • эвсэл байгуулах тухай нам тус бүрийн шийдвэр.

Тухайн шатны сонгуулийн хороо баримт бичгийг нягтлан шалгаж, 5 хоногт багтаан нам, эвслийг бүртгэх эсэх шийдвэр гаргана. Улмаар орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшүүлэгчид 8 дугаар сарын 27-оос 9 дүгээр сарын 2-ныг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулах юм.

Эх сурвалж: СЕХ

Categories
гадаад мэдээ

Трампын сонгуулийн тактик DNN.mn

Олон нэрт улс төр судлаачид “Трампыг ерөнхийлөгч болгохгүй байх гол дайсан нь Трамп өөрөө юм ” гэж мэдэгдээд байгаа билээ. Тэгвэл CNN-ийн сэтгүүлч Фредрика Шоутен, Кейт Салливан, Жефф Зелени, Стив Конторно, Ману Ражу, Морган Риммер, Данья Гейнор, Лорен Фокс нарын хамтран бичсэн “How two topsy-turvy weeks up­ended Trump’s 2024 cam­paign” буюу “Хоёр долоо хоног Трампын 2024 оны сонгуулийн кампанит ажлыг хэрхэн орвонгоор нь эргүүлэв” нийтлэл үүнийг баталж орхив. Энэхүү нийтлэлийг товчлон орчуулбал:

Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өөрчлөлт хурдтай явагдаж байна. Харрис санал асуулга болон хөрөнгө босгох ажилд Трампын Байденыг тэргүүлж байсан тэргүүллийг эргүүлж, ерөнхийлөгч асан хар арьст болон латин гаралтай сонгогчдын дунд байгаа Ардчилсан намын давамгайллыг арилгах боломжгүй болж, Трампын 2016 оны маягийн “өрсөлдөгчөө дайрах” тактикийг сонгогчид эсрэгээр хүлээн авч магадгүй болоод байна. Тухайлбал, Трампын сонгуулийн кампанит ажлын зөвлөх Жон Маклафлин CNN-ийн “Inside Politics буюу Улс төрийн тогоонд” нэвтрүүлэгт оролцохдоо “Яг одоо сонгуулийн өрсөлдөөнд эрчимтэй өөрчлөлт гарч байна” гэж мэдэгдсэн байна. Тэрээр “Трамп асуудлууд дээр өрсөлдөгчөө ялах болно” гэж хэлсэн ч “Та нарын яриад байгаа зүйл чинь бидний хүсч байгаагаас өөр зүйл байна. Сайн байна, бид сонгогчдод бидний хэн нь зөв болохыг шийдэх сонголт үлдээхийг хүлээн зөвшөөрч байна” гэж Трампыг улс төрийн гол шугамнаасаа хазайж байгааг хүлээн зөвшөөрсөн байна.

Харрис “гэнэт” гарч ирсэн нь сэтгэлээр унаад байсан Ардчилсан намынхныг сүүлийн хоёр долоо хоногийн дотор гэнэт шинэ өөдрөг үзэлтэй болгосон бол Бүгд найрамдах намын Трамп болон түүний холбоотнууд сонгогчдод түүний хэлсэн үгэнд бус хийх ажилд нь анхаарлаа хандуулахыг хүсч байна. Иймээс Трампын сонгуулийн зөвлөх Жон Маклафлин “Хүмүүс сонгуулийн явцын эргэлтийн тухай ярихаа болих хэрэгтэй” гээд өөрийн Бүгд найрамдах намынхандаа хандан “Ардчилсан намынхан Байденыг Харрисаар сольсон үйл явцын талаар гомдоллохоо зогсоох цаг болсон” гэж уриалаад “Бид эхний тэмцээнд түрүүлсэн, одоо бэлтгэлийн хувцсаа сольж, дахин нэг уралдаанд түрүүлэх ёстой” гэж хэлсэн байна. Харин Мичиган мужийн Окленд дүүргийн Ардчилсан намын сонгуулийн сурталчилгааны ажилтан Харпер Уэст CNN-д “Харрисыг ерөнхийлөгчийн сонгуульд батлах тэр мөчид бүх зүйл яг эсрэгээр эрс өөрчлөгдсөн” гээд “Би 50 орчим жил сонгуулийн сурталчилгаа хийсэн. Би амьдралдаа бид ингэж нэр дэвшигчээ сүүлийн мөчид сольж эрс өөрчлөлт хийж байхыг хараагүй. Үнэндээ дэд ерөнхийлөгч Харрисын эргэн тойронд маш их сэтгэл хөдлөл ажиглагдаж байна. Би ийм явдалд дасаагүй. Олон хүн маш их баяр, хөөртэй байна” гэж хэлжээ.

Ерөнхийлөгч асан Трамп Атланта хотод болсон өөрийн сонгуулийн сурталчилгааны цуглаан дээр “Би Харрисыг тодорхойлохыг ч хүсэхгүй байна. Би зүгээр түүнийг хэн болохыг л хэлмээр байна. Тэр бол “аймшгийн кино”. Тэр манай улсыг сүйрүүлнэ” гэж мэдэгджээ. Энэ үеэр Харрис олон нийтэд хандан “Трамп, Байден нар оролцохоор тохиролцсон ирэх сарын 10-нд болох ABC телевизээр зохион байгуулагдах мэтгэлцээнд би оролцоно” гэж мэдэгдэв. Харин ерөнхийлөгч асан үүний оронд Fox News-ээр уг мэтгэлцээнийг явуулахыг уриалж “Ирэх сарын 4-нд консерватив сүлжээгээр түүнтэй мэтгэлцэх болно. Эсвэл би түүнтэй огт нүүр тулахгүй” гэж мэдэгджээ. Харрис хариуд нь өнгөрсөн тавдугаар сард ABC-ийн мэтгэлцээнд оролцохдоо Трампын амлаж байсныг сануулаад “Түүний зөвшөөрсний дагуу би есдүгээр сарын 10-нд тэнд байх болно. Түүнтэй тэнд мэтгэлцэнэ гэж би найдаж байна” гэж олон нийтийн сүлжээнд бичжээ.

Трампын сонгуулийн зөвлөхүүд Харрисын эсрэг кампанит ажилд Байденыг шүүмжилж байсан гэмт хэрэг, цагаачлал, инфляци зэрэг асуудалд сонгогчид анхаарал хандуулна гэж үзсээр байгаа бөгөөд дэд ерөнхийлөгч эдгээр сэдвүүдэд гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн сурталчилж байна. Энэ бол урьд нь сонгуульд хэрэглэж байсан Трампын “Өрсөлдөгчөө дайрах” тактик бөгөөд харин энэ удаа 2016 оных шиг түүнд эерэг нөлөө авчрах нь эргэлзээ төрүүлж эхлээд байна. Учир нь сонгуулийн кампанит ажлын явцаас гадна Трампын зарим ойрын холбоотнууд ч “Трампад одоо өрсөлдөөний шинэ стратеги байхгүй байна” хэмээн санаа зовж байна. Тухайлбал, нэрээ хэлэхийг хүсээгүй Трампын ойрын нэгэн эх сурвалж CNN-д “Сонгуулийн кампанит ажлын явц сэтгэл түгшээж байна. Бид бодит байдал дээр ямар ч давуу байдлыг олж харахгүй байна. Иймээс аль ч хэвлэл мэдээлэл бидний талд зогсохгүй байна” гэж хэлжээ.

Соломон хааны Баптист сүмийн тэргүүн, пастор Чарльз Уильямс “Харрисын талаар хийж буй түүнийг доромжилсон тайлбарууд Бүгд найрамдах намынханд сөрөг нөлөө үзүүлж, дэд ерөнхийлөгчийг дэмжих хүмүүсийг нэмэгдүүлэх болно. Хэрэв тэд түүнийг арьсны өнгөнөөс нь болж онилж эхэлбэл энэ нь “Хөөе, түр хүлээгээрэй, би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж хэлэх хүмүүсийг эрс нэмэгдүүлэх болно” гэж мэдэгджээ. Бүгд найрамдахчуудын олонх нь үүнтэй санал нэг байна. Трампын компанийн нэгэн зөвлөх “NABJ телевизэд ярилцлага өгөхдөө “Трамп Харрисын арьс өнгөний байдалд халдсанаар алдаа гаргасан” гэж хэлэв. Мөн Капитолын ордонд ч олон Бүгд найрамдахчууд, тэр дундаа Трампын олон жилийн холбоотнууд экс ерөнхийлөгчийн хэлсэн үгийг шүүмжилж байна. Тухайлбал, Өмнөд Каролина мужийн сенатор Линдси Грэхэм “Би дэд ерөнхийлөгчийг таньдаг болоод удаж байна. Тэр АНУ-ын өв уламжлалаар үргэлж бахархаж ирсэн” гэж хэлжээ.

Сонгуулийн сурталчилгаанд нөлөөлж буй бас нэгэн чухал зүйл бол 2021 онд сэтгүүлч Такер Карлсоны хөтөлж байсан “Fox News” телевизийн шоунд оролцсон, тухайн үед Сенатад нэр дэвшиж байсан Вэнс Ардчилсан намынхныг доромжилж, “Өөрсдийн амьдрал, сонголтоосоо болж өрөвдөлтэй, хүүхэдгүй мууран хүүхнүүдийн бүлэг АНУ-ыг удирддаг” гэж хэлснийг нийгмийн сүлжээнд тавьсан нь сонгогчдын дунд шуугиан дэгдээгээд байгаа явдал билээ. Капитолын танхимын зарим Бүгд найрамдахчууд уг мэдэгдлийг хамгаалахаас татгалзаад байна. Тухайлбал, Бүгд найрамдах намын Аляскийн сенатор, Лиза Мурковски “Дэд еранхийлөгчид нэр дэвшсэн Вэнсийн хэлсэн үг эмэгтэй хүний хувьд намайг доромжилсон явдал. Эмэгтэйчүүд муур эсвэл нохойтой байх уу, эсвэл хэдэн хүүхэдтэй болох вэ гэдгийг өөрсдөө шийддэг” гэж хэлжээ. Харин Трамп, Вэнс нарын зөвлөхүүд CNN-д “Охайо мужийн сенаторын хэлснийг “баллуурдах”-ын тулд сонгуулийн тогтворгүй мужуудад түүнийг илүү их айлчлал хийлгэх, хандив цуглуулах, олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөх зэрэг илүү идэвхтэй хуваарьтай байлгахаар төлөвлөж байна” гэж хэлжээ. Гэхдээ Вэнсийн гол зорилго бол сонгуулийн кампанит ажилд сахилга баттай улс төрийн элч болж харагдах явдал бөгөөд энэ нь сонгуулийн шугамнаас байнга хазайдаг Трампаас илүү анхаарлаа төвлөрүүлнэ гэсэн үг юм. Вэнсийн гол зорилго бол Харрисын Калифорнийн ерөнхий прокурор байхдаа хийсэн ажлыг шүүмжилж, түүнийг Байдены засаг захиргааны “хилийн асуудал”-ыг хайхрахгүй орхисон болгож харуулах явдал юм. Гэтэл Аризона мужид Вэнс Трампын Харрис руу хийсэн хуурамч халдлагыг хамгаалж орхисон бөгөөд CNN-д өгсөн ярилцлагадаа “Хараач, түүний хэлсэн зүйл бол Камала Харрисыг хамелеон гэдгийг илчилсэн явдал. Энэ бол хүн бүхний хувьд нэгэнт ил болсон зүйл бөгөөд Харрис ямар үзэгчдийн өмнө байгаагаас шалтгаалж өөр хүн шиг дүр эсгэдэг. Ерөнхийлөгч ингэж хэлэх нь туйлын үндэслэлтэй зүйл гэж би бодож байна” гэж мэдэгджээ.

 

Бэлтгэсэн

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.08.07/-нд үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

  • Хамтарсан Засгийн газрын гэрээний төсөл,
  • Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
  • Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар,
  • Улаанбурхан өвчний нөхцөл байдал,
  • Монгол Улсад тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон цаашид авах арга хэмжээний талаар зэрэг 20 орчим асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн байна.
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Багш Ш.Баатармаа: Гүйцэтгэлийн үнэлгээнээс болж олон багш сайн муугаараа дуудуулан ажлаасаа гарч, өөр салбар руу дүрвэж байна DNN.mn

Нийслэлийн Ерөнхий боловсролын 47 дугаар сургуулийн багш Ш.Баатармаатай ярилцлаа.


-Өмнөх Боловсролын сайд Л.Энх-Амгалан гүйцэтгэлийн үнэлгээг анх хэрэгжүүлэхдээ боловсролын салбарын томоохон шинэчлэл хэмээн зарлаж байсан. Бодит байдал дээр хэр хэрэгжиж ирсэн бэ?

-Гүйцэтгэлийн үнэлгээ нь үнэлгээ дүгнэлт, арга аргачлал буруу явж ирсэн. Байх шаардлагагүй гэж би боддог. Янз бүрийн алдаатай аргаар багш нарыг үнэлж байгаа юм. Багш нарыг бодит байдлаар үнэлэхгүй, сурагчдын агуулгаар, дундаж түвшнээр авахгүй, хүндрүүлсэн материалаар 40-хөн минутад маш их даалгавраар авч байгаа нь багш нарт урамшуулал өгөхгүй л гэсэн санаатай хуурамч үнэлгээ гэж боддог.

Гүйцэтгэлийн үнэлгээ нь дөрвөн түвшинд үндсэн цалингийн 10, 15, 20, 25 хувиар бодож, урамшуулал олгодог. V түвшнээс дээшээ урамшууллын мөнгө авахгүй гэсэн үг. Байгууллагын үнэлгээ гэж тусдаа бий. Цэцэрлэгийг бол бүр үнэлэх шаардлагагүй. Хэлд ороогүй хоёрхон настай хүүхэд яаж багшийгаа үнэлүүлэх юм, хоёр настай хүүхдээр үнэлүүлдэг газар дэлхийд манайхаас өөр хаана ч байхгүй.

Багш нар гурав дахь жилдээ үнэлгээнд орлоо. Эхний удаад авч байгаа байгууллага нь ч тэр, өгч буй багш нар ч тэр хаа хаанаа туршлагагүй хандсан байж болно.

Дараа дараагийн жилээсээ илүү сайжрах юм болов уу гэсэн жил бүр өөрчлөгдсөн зүйлгүй сүр бадраасан нэрийн дор багш нарыг сайн муу гэж ялгаж байна. Шинээр ажилд орсон залуу багш нарыг мохоож байгаа бас нэг шалтгаан нь энэ гүйцэтгэлийн үнэлгээ болж буй нь үнэн. Үнэлэгдэж чадаагүй бол чи муу багш гэх хандлага тэр байгууллага дотор үүсч, багш хийхээ больё доо гэх бодол олон багш нарт төрөх болсон. Багш нар гүйцэтгэлийн үнэлгээнээс болж бусдад гадуурхагдах мэдрэмжийг авч байна.

Багш нарын үндсэн цалин хэд билээ, дээрээс нь суутгалууд маш ихтэй, тиймээс яалт ч үгүй үнэлгээний урамшууллыг үндсэн цалиндаа шилжүүлсэн нь зөв юм. Манай холбооны зүгээс 9200 гаруй багшаас санал асуулга авахад 98 хувь нь гүйцэтгэлийн үнэлгээг үндсэн цалинд шилжүүлсэн нь зөв гэдэг дээр байр сууриа илэрхийлсэн. Цаашдаа гүйцэтгэлийн үнэлгээг болиод урамшууллыг нь үндсэн цалинд шилжүүлж байж багш нарын амьдралд тус дөхөм болох юм.

-Энэ удаа үнэлгээндээ байгууллагаараа тааруу дүн авлаа гэхэд урамшуулалгүйн дээр дараагийн үнэлгээ хүртэл сэтгэл зүйн хувьд дарамттай нөхцөлд ажилладаг юм шиг санагдсан.

-Ерөнхийдөө багш нар нь тааруу байгууллага үнэлэгдэж чадаагүй бол үнэлэгдсэн байгууллагатай шифийн холбоотой ажиллаж үнэлэгдэх хүртэл нь хамтарч ажилла гэдэг байдал нэг хэсэг явсан. Тодорхой мэдээлэл, ахиц дэвшил гарахаар үйл ажиллагаа юу ч болоогүй. Хоёр сургуулийн хооронд хамтарсан спортын тэмцээн зохион байгуулах нь ямар ч үр дүнгүй юм.

Дээд албан тушаалтнууд шат шатандаа гүйцэтгэлийн үнэлгээг хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхой биш байна.

Хангалтгүй үнэлгээ авсан цэцэрлэгүүдэд зөвлөн туслах ирэх сургаар хүүхэдтэйгээ ажиллах ёстой багш өдөр, шөнөгүй бичиг баримттай ноцолдож байгаа юм. Байгууллагын бодлогоор дээрээс хүмүүс ирэхэд гайгүй харагдчих санаатайг нь ойлгож байгаа хэдий ч хөрсөн дээрээ ажиллаж байгаа багш нарт олон цагаар ажиллах зэрэг дарамт шахалт маш их ирдэг. Цэцэрлэгийн багш нарын хувьд өглөө 07:30-аас эхлээд орой 18 цаг хүртэл хүүхэдтэй л байж байдаг. Хүний нялх олон хүүхдийг харж хандаж, сурган хүмүүжүүлж байгаа багш нарт зөвлөн туслах нэртэй хөндлөнгийн үнэлгээ шалгалт ороод ирэхэд мэдээж сэтгэл зүйн хувьд ч хүнд шүү дээ. Манай боловсролын салбарын нэг муу жишиг гэвэл гаднаас хүн ирнэ гэхэд багш нарыг цагийг нь тулгаж байгаад шахдаг.

Гүйцэтгэлийн үнэлгээг зөв болгоё гэвэл алхам тутам нь багш нарын гар дээр тодорхой байж байх ёстой. Ер нь гүйцэтгэлийн үнэлгээнд орохын тулд багш өөрийгөө болон хүүхдүүдээ яаж бэлдэх вэ гэдэг нь эхнээсээ дуустлаа ямар үе шаттай явагдах нь тодорхой л байх хэрэгтэй. Цаанаасаа хүүхдийн нэрийг нь сонгодог. Дөрөв, тавдугаар сард гүйцэтгэлийн үнэлгээтэй л гэдэг. Хэн, хэзээ ирэх нь мэдэгдэхгүй оньсого таавар тааж байгаа юм шиг айдас хүйдэстэй байдаг. Одоо болтол бид тавдугаар сард өгсөн гүйцэтгэлийн үнэлгээнийхээ хариуг сонсоогүй л байна. Өөрийгөө яаж үнэлэгдсэн, биднээс аваад явсан материалыг хэн засаж байгаа вэ, миний хүүхэд юун дээрээ алдсан бэ гэх тэр баримт, даалгаврын цаас бидэнд буцаж ирдэггүй. Шалгалтын материал нь бидэнд ирдэг бол үүн дээр алдаж гээд тухайн багш өөрийнхөө үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжтой.

-Таны харж буйгаар багшийн үндсэн цалин хэдэн төгрөг болох нь зүйтэй вэ?

-Багш нарын үндсэн цалин энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэж, нэг сая, 400 мянга болсон. Шинэ залуу багш нар ямар ч нэмэгдэл авдаггүй. Үндсэн цалингаасаа их хэмжээний татвар суутгуулдаг болохоор маш бага буюу нэг сая ч хүрэхгүй цалинг гар дээрээ авдаг гэсэн үг. Өнөөгийн нийгэмд юмны үнэ ханш ямар байгаа билээ, хамгийн доод цалинг багш нар буюу боловсролын салбарынхан авч байна. Багш нарын үндсэн цалинг доод тал нь 1000 доллар буюу 3 сая 500 мянгад хүргэхийг Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос шаардаж байгаа. Ингэснээр багш нарын хомсдол арилж, амьдралд авч буй цалин нь хүрэлцэж, тайван ажлаа хийх боломж бүрдэх юм болов уу гэж харж байна.

Олон багш ажлаасаа гарч, амьдралд нь хэрэгцээтэй өөр салбар руу дүрвэж байна. Одоо хичээлийн жил эхлэхэд 20 гаруй хоног үлдсэн байхад манай боловсролын салбарт дөрвөн мянга гаруй багшийн сул орон тоо байна. Нэгдүгээрт цалин, хоёрдугаарт нийгмийн асуудал, гуравдугаарт нь гүйцэтгэлийн үнэлгээгээр багш нарыг маш их мохоож байна. Миний хувьд 10 гаруй жил боловсролын салбарт ажилласан ч ахмад багш нарыгаа харсан ч тэр одоо үргэлжлүүлэн багш хийхгүй л гэж бодож байгаа. Өөрөө дурлаад сонгосон мэргэжил ч гэсэн ажлын ачаалал ихтэй, цалин нь үнэхээр амьдралд хүрэлцэхгүй байна. Энэ нийгэмд чинь үр хүүхдээ тэжээж, хүний дайтай амьдрахын тулд өөр салбарт орж ажиллахаас өөр яахав.

-Боловсролын сайд П.Наранбаяр багш нарыг сэлгэн ажиллуулах талаар мэдэгдэл гаргасан байсан. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Энэхүү саналыг багш нар дэмжихгүй байгаа. Багш нарын зүгээс удирдлагуудыг сольж ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн. Нэг газраа удсан удирдлага ямар байдгийг багш нар ч хоорондоо ярьдаг. Багшийн цалин хангамж амьдралд хүрэлцээтэй байсан бол багш солилцоонд хамаагүй ийш, тийш явж болж байна. Ихэвчлэн багш нар маань сургуультайгаа ойрхон байр түрээслээд төвхнөчихдөг. Гэнэт багш солилцоогоор хаа байсан хол газар руу цөлчихвөл тэр хүний ар амьдрал, үр хүүхдүүд нь яах вэ, цаанаа хүний эрхийн асуудал хөндөгдөж байгаа юм. Багш нарын цалин хангамж, нийгмийн асуудал, эрүүл мэнд гэсэн гурван асуудлыг ямар ч шийдвэр гаргасан орхигдуулж болохгүй.

Мөн Боловсролын хууль, хөдөлмөрийн хууль хоёроороо зохицуулаад зундаа багш нар 48 хоног амардаг. Үүний тав хоногийг нь өвлийн амралт руу шилжүүлэх сайдын чиглэл, журам гарсан байсан. Үүнийг бид эсэргүүцэж байгаа. Олон сараар чимээ шуугиантай нөхцөлд ажилласан багш нар тархи толгойгоо амраах боломжит хугацаанаасаа тав хоногийг хасуулж, зуныхаа амралтыг бүрэн эдэлж чадахгүй байна гэдэг хүнд л санагдаж байгаа юм. Хавар болоод амралт дөхөөд ирэхэд залуу хүн гэлтгүй хэл ам ээдрээд л ирдэг. Мэдрэлийн ядаргаанд ороод, нойргүйдэлд өртдөг. Амарч байх хугацаандаа багш нар эрүүл мэндийнхээ асуудлыг шийдэж, ар гэртээ анхаарал хандуулдаг.

-Хөдөө орон нутгийн багш нарт нэмэгдэл цалин олгох болсон. Гэсэн хэдий ч багшийн хомсдол арилахгүй байсаар байна. Хот, хөдөө гэж ялгах нь зөв үү?

-Хотын нягтаршлыг сааруулах зорилгоор хөдөө орон нутгийг багш боловсон хүчнээр хангах хүрээнд багшийн цалинг нэмж буй гэж харж байгаа. Уг санаа нь зөв боловч цалин нь нэмэгдэлтэй ч хөдөө орон нутагт багшлах багш ховор байсаар байна. Харьцуулаад харах юм бол Улаанбаатар хотод доод тал нь нэг анги дүүргэлт нь 40 хүүхэдтэй. Хөдөө орон нутагт анги дүүргэлт харьцангуй бага 20, 30 хүүхэд байдаг. Ачааллыг нь бодвол хот, хөдөө гэж ялгалгүй адилхан нэмэгдлийг нь өгмөөр байгаа юм. Шударга биш л гэж үздэг.

-Энэ жил элсэлтийн шалгалтад хүүхдүүд муу дүн үзүүлснийг цар тахлын үеийн цахим хичээлтэй холбон тайлбарлах хүн олон байна л даа.

-Ковид цар тахлын үед онлайнаар суралцсан нь нэг талаараа хүүхдүүдэд сул тал болж байна. Багш нарт цахимаар ажиллах арга зүй, чадварт суралцсан эерэг зүйл бий. Элсэлтийн шалгалтын дүйцүүлсэн оноо нь үнэлгээ дүгнэлт хуурамч байгаагийн илрэл. Хөрсөн дээр буусан дундаж агуулгаар хүүхдүүдийг үнэлдэггүй учраас сул дүн авч байхыг үгүйсгэхгүй.

-APLUS гэх мэт онлайн сургалтад багш нарыг хамруулдаг. Энэ нь хэр үр дүнтэй вэ?

-Цахим сургалт нь үр дүнгүй байдаг. Энэ нь цэвэр мөнгөний юм явж байдаг. Сургууль, цэцэрлэгээс сургалтад суух багш нарын төсвийг гаргадаг. Нэг багш хоёр сургалтад сонгон хамрагдсан байх ёстой гэдэг. Өмнөх жил нь гурван сургалт байсан. Өөрөө сонгон судлах сургалтынхаа сэдвийг сонгож байгаа боловч тэр дотор багш нарт ямар ч хэрэгцээгүй, үр дүнгүй сургалтууд их байдаг. Багшийн ангитайгаа ажиллах цагаас л хумсалж байгаа юм. Хичээлийн жилийн эхэнд календарчилсан төлөвлөгөө гаргаад ажлын байран дээр нь хөгжүүлэх сургалтыг багш нартаа явуулж болно. Түүнчлэн багш нарт ангитайгаа ажиллах цагийг нэмэгдүүлж өгөхгүй бол академик гэхээс илүү хүн болох зүрх сэтгэлийн боловсрол хүүхдүүдэд ихээхэн дутагдаж байна.

-Сургууль эхлэхтэй зэрэгцэн сурах бичгийн асуудал яригддаг. Сурах бичгийн хүрэлцээ хэр байдаг вэ?

-Намар шинэ сурах бичиг шинэчлэгдэж, хэвлэгдэж байгаа гэдэг. Бараг арваннэгдүгээр сар гарсан хойно заримдаа арванхоёрдугаар сард шинэ сурах бичиг ирдэг. Бид хуучин сурах бичгээ номын сангаас аваад хэрэглэдэг. Шинэ сурах бичиг нь хүрээд ирэхэд тавын таван бүлэг байлаа гэж бодъё. Нэг бүлэгтээ 40 хүүхэдтэй, таван бүлэгт 200 хүүхэд бий гэхээр монгол хэлний сурах бичиг гэхэд хүүхдийн тоогоор ирээгүй, яг тал хувь нь ирсэн. Зарим анги нь шинэ, нөгөө хэсэг нь хуучин сурах бичгээрээ явдаг. Бид яг адилхан сургалтын хөтөлбөр төлөвлөгөөгөөр явах гэхээр шинэ, хуучин сурах бичгүүд нь хоорондоо зөрнө. Бүр байхгүй юмуу гэхээр урд нь байсан агуулгыг хойно нь оруулчихсан байдаг. Нэгдүгээр ангийн сурах бичигт “ү” үсгэн дээр үнээ сааж буй зураг орууллаа гэж бодоход сааж буй хүн нь үнээнийхээ буруу талд суучихсан байх жишээний олон алдаанууд сурах бичигт байдаг. Сурах бичиг шинээр хэвлэх нь бас л нэг мөнгө угаалтын хэлбэр гэж боддог. Сурах бичиг зохиох багт олон жил ажилласан туршлагатай, зөвлөх багш нарыг л оролцуулах нь зүйтэй.

Categories
мэдээ спорт цаг-үе

ПАРИС-2024: МУГТ Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөө барилдана DNN.mn

МУГТ Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөө барилдана.

АНУ-н тамирчин “Токио 2020” зуны XXXII Олимпийн наадмын хүрэл медальт Хилдебрандт Сара Аннтай барилдаж 0:5 харьцаатайгаар ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Медалийн төлөөх барилдаанууд шөнийн 00:00 цагаас эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр уулархаг нутгаар бороо орж, нутгийн өмнөд хэсгээр хална DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар бороо орж, нутгийн өмнөд хэсгээр хална.

2024 оны наймдугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 33-38 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.


2024 оны наймдугаар сарын 08-наас 2024 оны наймдугаар сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст, 11-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 9-нд нутгийн төв хэсгээр, 10-11-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хонины ястай махны үнэ өсчээ DNN.mn

Улаанбаатар хотод 2024 оны наймдугаар сарын 5-ны байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.3 хувиар буурчээ.

Үхрийн ястай мах кг нь 554, сонгино 749 төгрөгөөр хямдарчээ. Харин хонины ястай мах кг нь 353, үхрийн цул мах 126, ямааны ястай мах 667 төгрөгөөр тус тус өссөн байна гэж  Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.

Наймдугаар сарын 5-ны өдрийн байдлаарх гол нэрийн барааны бүтээгдэхүүний дундаж үнэ: 

Барааны нэр 2024 он 2024.VIII.05 2024.VIII.05
VI сарын дундаж VII.29 VIII.05 2024.VII 2024.VII.29
1 “Алтан тариа” гурил дээдийн дээд, савласан, кг  4 082 4082 4082 100.0 100.0
дээд, савласан, кг  3 114 3114 3114 100.0 100.0
I зэрэг, савласан, кг  2 470 2478 2478 100.3 100.0
2-р зэрэг, савласан, кг  1 534 1517 1517 98.9 100.0
2 Талх “Атар”, 600 гр  2 427 2428 2428 100.0 100.0
“Зууван чех”, 600 гр  3 195 3229 3229 101.1 100.0
Хар талх, 300 гр  2 412 2399 2399 99.4 100.0
3 Цагаан будаа, кг 4798 4798 4798 100.0 100.0
4 Хонины мах, ястай, кг  15 337 14917 14984 97.7 100.4
5 Үхрийн мах, ястай, кг  18 474 18318 17920 97.0 97.8
6 Үхрийн мах, цул, кг  20 607 20589 20733 100.6 100.7
7 Адууны мах, ястай, кг  13 493 13385 13550 100.4 101.2
8 Ямааны мах, ястай, кг  10 148 10323 10815 106.6 104.8
9 Сүү задгай, л  3 276 3276 3276 100.0 100.0
“Элекстер”, 0.5 л 2237 2237 2237 100.0 100.0
“Шинэ Сүү”, л  4 453 4453 4453 100.0 100.0
10 Тараг, савласан, 900 гр, “Цөцгийтэй”  4 067 4067 4067 100.0 100.0
11 Цөцгийн тос, 200 гр  8 475 8475 8475 100.0 100.0
12 Ургамлын тос, л  6 480 6478 6478 100.0 100.0
13 Элсэн чихэр, кг  5 042 5042 5042 100.0 100.0
14 Ногоон цай, савласан, 90 г  3 905 3905 3905 100.0 100.0
15 Өндөг, ш   638 635 622 97.5 98.0
16 Алим, кг  6 466 6466 6466 100.0 100.0
17 Төмс, кг  2 483 2370 2411 97.1 101.7
18 Лууван, кг  3 560 3999 3948 110.9 98.7
19 Байцаа, кг  3 097 2421 2306 74.5 95.3
20 Хүрэн манжин, кг  3 525 3905 3751 106.4 96.1
21 Сонгино, кг  4 746 4225 3997 84.2 94.6
22 Шатахуун Аи-80 автобензин, л  2 345 2345 2345 100.0 100.0
Аи-92 автобензин, л  2 390 2390 2390 100.0 100.0
Дизелийн түлш, л  3 390 3390 3390 100.0 100.0
ДҮН
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Долдугаар сард 270.626 мянган зорчигч агаарын тээврээр зорчжээ DNN.mn

2024 оны 7 дугаар сард агаарын тээврээр нийт 270,626 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 26 хувиар өсчээ.

Үүнээс олон улсад 230,185 мянган зорчигч зорчиж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33.8 хувиар өссөн байна. Мөн оны эхнээс өссөн дүнгээр нийт 1.2 сая зорчигч зорчсон нь агаарын тээврээр үйлчлүүлэх иргэд өмнөх оны мөн үеэс 30 хувиар өсчээ. Үүнээс олон улсад 956.9 мянган зорчигч,  орон нутагт 243.6 мянган зорчигч зорчсон нь өмнөх онтой харьцуулахад тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Мөн сар бүрийн зорчигч тээврийн үзүүлэлтийг харахад зургадугаар сараас есдүгээр  сар хүртэл ачаалал нэмэгдсэн нь зуны улиралд аялал жуулчлалын зорилгоор зорчих иргэдийн тоо нэмэгджээ.

Олон улсад зорчих зорчигчдын тоон мэдээллээс үзэхэд, үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн нислэгээр эхний 7 сард олон улсад 454,995 мянган зорчигч зорчсон бол “Korean Air”-ийн нислэгээр 84.2 мянга, “Airchina”- ийн нислэгээр 82.3 мянга, “Хүннү Эйр” ХХК-ийн нислэгээр 72.5 мянга, “Туркиш эйрлайнс” ХХКын нислэгээр 50.1 мянга, “Аэро Монголиа” ХХК-ийн нислэгээр 54.3 мянга, “Изинис Эйрвейз” ХХК-ийн нислэгээр 13.1 мянган зорчигч зорчжээ. “Жэжү айр” нислэгээр 48.3 мянга, “Ашиана эйрлайнс” нислэгээр 37.5 мянга, “Ираеро” нислэгээр 9.7 мянган зорчигч, “Айр Бусан” нислэгээр 9000, “Красавиа” нислэгээр 1.4 мянга, захиалгат нислэгийг 1.1 мянган үйлчлүүлэгч сонгожээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Төрийн ордноос хөөгдсөн “Орогнолын” Засгийн газар тагнуулын байраар дамжиж Кувейтын аманд байрлах уу DNN.mn

Орогнолын Засгийн газар гэдэг ойлголт энд, тэнд бий. Жишээ нь, Төвөдөд 1959 онд орогнолын засгийн газар байгуулагдаж, одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулдаг. Товчхондоо, Төвөд БНХАУ хоорондын харилцаанаас үүдэж, төвөдүүд Энэтхэгийн Дарамсала хот руу олноор дүрвэсэн. Тэндээ төр захиргааны байгууллага байгуулан төвхнөснөөр орогнолын Засгийн газар, парламент гэж нэрийддэг болсон хэрэг.

Үүн шиг манайд бас орогнолын Засгийн газар бий болчихоод байна. Төвөд шиг улс төрийн харилцаанаас үүдэлтэй биш ч байрлах орон байргүй болж, энд тэндхийн байгууллага, албан газрын хатавчинд шилжихдээ тулаад байгаа юм. Нэг ёсондоо Төрийн ордноос хөөгдсөн гэсэн үг. Тиймээс орогнолын гэж нэрийдээд байгаа хэрэг.

Орогнолын Засгийн газрыг маань эхлээд Тагнуулын ерөнхий газрын байранд шилжүүлэн байршуулах яриа тавдугаар сард хүчтэй яригдаж байлаа. Тагнуулынхныг Хөшигийн хөндий дэх Шинэ зуун мод гэх хот руу шилжүүлнэ гэж байв.

Одоо бол Тагнуулын байрыг нь болиод Кувейтын ам руу нүүлгэх тухай ярьж эхэлжээ. Ийнхүү улс төрийн тулгуур гурван засаглалын нэг гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлэгч буюу Засгийн газар нь Төрийн ордноос жийгдэж, тагнуулын жижигхэн байранд хоргодох болоод эцэст нь Кувейтын ам руу шилжих болж байх шиг байна. Нэг бодлын Засгийн газар хаана байрлах нь тийм чухал биш, юу хийх нь чухал гэж харж болох ч нөгөө талаар энэ бол асар утга учиртай зүйл. Ер нь Монголын төр засгийн гол байгууллагуудыг ийм маягаар оролддог нь монголчуудыг, энэ улс орныг дэмий зүйлд бэлдэж байгаа явдал ч гэж харж болохоор юм.

Учир нь Улаанбаатар бол Монгол Улсын нийслэл гэдэг статустай. Үүнийг бүр Үндсэн хуулиараа хуульчлаад өгчихсөн. Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн” гэж заасан.

Гэтэл сүүлийн жилүүдэд амтай болгон нь “Улсын нийслэлийг нүүлгэнэ” гэж ярьж, Үндсэн хуулийг зөрчдөг болж байгаа. Үндсэн хуулийг хэн ч зөрчих эрхгүй. Энэ бол нийтээрээ дагаж мөрдөх монголчуудын эцэг хууль. Энэ хуульд тодорхой хатуу заачихсан агуулгыг илт зөрчиж, улсын нийслэлийг Улаанбаатараас хулгайлах тухай ярьж байгаа нь азарганы дэлийг нь авахтай адилхан явдал болно. Улаанбаатар хот бол нүүдэлчин монголчуудын бүх цаг үеийн түүхэнд нэг сая хүн ам хол давсан анхны хот. Энд эдийн засгийн маш том хүч, бааз суурь, тогтолцоо урт удаан хугацаанд бий болчихсон. Өнөөдөр дэлхийн улс орнуудтай хөл зэрэгцэж алхах, хөгжил ярих бол аль ч улс эдийн засаг л ярьдаг. Эдийн засаг ярихгүйгээр өнөөдрийн цаг үед хөгжил ярих боломжгүй. Нөгөө талаар эдийн засгийн энэ тогтолцоо улсын нийслэл Улаанбаатартай шууд холбогдоно.

Монголын бүхий л том аварга аж ахуйн нэгжүүд, гадаад дотоодын хөрөнгө оруулалттай компани, сангууд гээд эдийн засаг, бизнесийн эрэг шураг, бүхий л хөдөлгөгч хүч нь Улаанбаатарт төвхнөчихсөн. Улаанбаатараас нийслэлийн статусыг авахдаа тулбал эдийн засгийн энэ том хүчин чадал, нөөц бааз үгүй болно.

1.5 сая хүн амын өмч хөрөнгө салхинд хийснэ. Монгол Улсыг хөдөлгөж явдаг аж ахуйн нэгжүүд дампуурна. Монгол Улсын тусгаар тогтнолын асуудал шууд хөндөгдөж таарна.

Гэтэл ийм хорлонтой зүйлийг сүүлийн жилүүдэд маш эрчтэй ярих боллоо. Монгол үндэстэн өөрөө өөрийгөө ингэж хорлож сүйтгэхгүй. Тэгэхээр гадны даалгавар юм уу гэмээр гайхтал ярьж хэлэх хүмүүс хүртэл бий. Ялангуяа энэ тухай эрх баригч МАН-ынхан байнга ярьдаг болсон. Бүр нарийн харвал Төрийн тэргүүний зүгээс идэвхтэй санаачилга ажиглагддаг болоод удаж байна. Улсын нийслэлийг Хархорумд байгуулах тухай шийдвэр тогтоол хүртэл гаргуулаад амжсан. Хэрэв энэ чигээрээ явахдаа тулбал Үндсэн хуулийн зөрчил болно. Тиймээс Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргах болж таарна. Нэгэнт улс орны тусгаар тогтнол хөндөгдөж, хүн амын Үндсэн хуулиар олгосон хаана хэрхэн амьдрах, өмчтэй байх зэрэг үндсэн гол эрхүүд зөрчигдсөн. Дээр нь Үндсэн хуулиндаа “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн” гэсэн заалтаа зөрчиж байгаа учраас Цэцэд өгч УИХ-аар хэлэлцүүлэх ажил эхэлж таарах нь.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Ц.Туваан: Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд улс төрийн ямар нэгэн гацаа саад бага гарна гэж харж байгаа DNN.mn

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваантай ярилцлаа.


-Биднийг одоо намрын их ажил, өвөлжилтийн бэлтгэл хүлээж байна. Үүнд шаардлагатай шатахуун, түлшний хангамж ямархуу байгаа вэ?

-Өнөөдөр (өчигдөр) намрын эхэн сар гарлаа. “Наадмын маргааш намар” гэдэгчлэн монголчууд маань намрынхаа ажилд орж байна. Ингээд ургац хураалт, өвлийн бэлтгэл гээд маш олон ажил давхацдаг. Дээрээс нь цаг хүйтрэхээс өмнө уул уурхайн компаниуд ажлаа шахдаг. Тиймээс энэ үеэр шатахууны хомсдол үүсэх гээд байх магадлал байдаг. Манай улсын шатахууны хангамжийг хувийн хэвшлийнхэн авч явдаг. Салбар яам болон Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт бодлогоо зангиддаг. Одоогийн байдлаар АИ-92 шатахуун 30 орчим, түлш 40 бусад нефтийн бүтээгдэхүүн 30-аас дээш хоногийн нөөцтэй байна. Ер нь манайд гурван долоо хоног буюу 20 орчим хоногийн нөөцөөс доошоо орвол эрсдэл гэж хардаг. Тэгэхээр одоохондоо шатахуун, түлшний нөөцөд ямар нэгэн асуудал байхгүй гэж ойлгох хэрэгтэй.

-Ноднин жил уул уурхайн олборлолт, тээвэрлэлт огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор шатахуун, түлшний хомсдол үүссэн гэдгийг албаныхан, салбарын сайд нь хэлж байсан. Тэгвэл энэ жилийн хувьд уул уурхайн олборлолт, тээвэрт хэр хэмжээгээр шаардлагатай гэсэн тооцоо судалгаа гарсан бэ?

-Ер нь бол захиалга, төлөвлөлтийн л асуудал байдаг юм. Өмнө жилийн хувьд гэвэл нүүрсний экспортыг нэг дахин нэмэхээр нэлээд шахсан. Тэгэхээр энэ ажилд явж байгаа том оврын тээврийн хэрэгслүүд маань бүгд л түлш, шатахуунаар явж байгаа. Гэнэтийн ийм огцом өсөлт оруулж ирсэн нефтийн бүтээгдэхүүний хомсдол үүсэхэд нөлөөлсөн. Харин энэ жилийн хувьд бүх зүйл захиалгын дагуу явж байгаа. Иймээс огцом өөрчлөлт гарахгүй. Шатахууны нөөцөд нөлөөлөхгүй гэж харж байна.

-Өнгөрсөн сард ОХУ-д үнэ нэмэгдсэн гэдэг мэдээлэл цахим орчинд гарсан. Энэ үнэн бол манайд ямар нөлөө үзүүлэх вэ. Дээрээс нь ноднин жилийнх шиг хонож дугаарладаг байдал үүсгэхгүйн тулд Засгийн газар, салбар яамнаас ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Өмнө жилүүдэд гарч байсан асуудлыг бид энэ жил аль болох гаргахгүй гэж харж байгаа. ОХУ-д одоогоор үнэ нэмэгдсэн талаарх мэдээлэл алга. Тэгэхээр бодит мэдээлэл биш байх гэж бодож байна

Удахгүй Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын дарга нь манай улсад ирнэ. Энэ үед нь бид шатахуун, түлштэй холбоотой асуудлаа нарийвчилж ярина. Мөн энэ онд Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болж, нефть бүтээгдэхүүнүүдийн тал дээр бид хэлэлцээрүүдийг хийнэ. Энэ бүхэн эргээд баталгаа болж явна гэж харж байна. Ямар ч улс орны хувьд нөөцийн сав их чухал байдаг. Гэтэл манай улсад бараг байхгүйтэй адилхан. Тиймээс түлш шатахууны нөөц бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас Засгийн газраас хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч тодорхой хэмжээний нөөцийг бэлдэх ажлыг ярьж байгаа. Ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байгаа гэж ойлгож болно.

-Та сайд болсноосоо хойш өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэрт ажилласан. Чухам яагаад тус үйлдвэрийг сонгож очсон юм бэ?

-Өнгөрсөн зургадугаар сард Үндсэн хуульд оруулсан нэмэлтийн хүрээнд Монгол Улсын анхны 126 гишүүнтэй парламент бүрдсэн. Үр дүнд нь гурван намын төлөөлөл орсон хамтарсан Засгийн газар байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд манай яам хуучин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам байсан бол одоо Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болж нэрээ өөрчилсөн. Үүгээрээ аж үйлдвэрээ түрүүнд нь тавьж явъя. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хэдий болтол том улсуудын бэлтгэл бааз байх вэ. Өөрсдөө үйлдвэрлэл, баяжуулалт явуулж, боловсруулалт хийгээд нэмүү өртөг шингээгээд өндөр үнээр борлуулах боломжтой. Дээрээс нь ажлын байрыг маш ихээр нэмэгдүүлэх боломжтой учраас энэ чиглэлд бодлогоо явуулахаар шийдвэр гаргаж ажиллаж байна. Бидний хувьд хүнд үйлдвэрийн асуудал ярихаар төсвийн орлогын нэлээд хувийг бүрдүүлж байгаа нь Эрдэнэт үйлдвэр. Тийм болохоор тус үйлдвэрт очиж ажилласан. Аж үйлдвэр, тэр дундаа хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхийн тулд Үйлдвэр технологийн парк байдлаар хэрэгжүүлэхээр болж Үйлдвэр технологийн паркийн тухай хууль гарсан. Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг ганц үйлдвэр байдлаар биш, гол түүхий эд нь гарч байгаа том уурхайгаа түшиглэж байгуулах юм бол боловсон хүчний асуудал, хөрөнгө төсвийн хэмнэлттэй байдлыг тооцож хийхээр болсон. Ингээд манай улсад Үйлдвэр технологийн паркийг зургаан газар байгуулна. Эдгээрийн хамгийн том нь Эрдэнэтийн Үйлдвэр технологийн парк байгаа юм. Энэ паркийн ажил эхлээд дэд бүтцээ бий болгохоор нэлээд ажлыг хийсэн байна. Үүнд 1100 гаруй га газрыг тусгай хэрэгцээнд авч, авто болон төмөр зам, цэвэр ус, ариутгах татуургын ажлыг 60-90 хувьтай гүйцэтгэсэн байдалтай байна.

-Томоохон үйлдвэрүүд барина гэдэг ч гацсан, удааширсан байдал олон бий. Наад захын жишээ гэхэд л Нефть боловсруулах үйлдвэр байна. Тэгэхээр та салбар хариуцсан сайдын хувьд эдгээр урагшилж өгдөггүй, ашиглалтад ордоггүй үйлдвэрүүдийн бүтээн байгуулалт дээр ямар бодлого барьж ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Энэ бол үнэн. Ер нь бид аж үйлдвэрийн салбарыг яриад олон жил болж байна. Харин одоо энэ шинэ Засгийн газар эдгээр ажлуудаа 100 хоногийн ажлынхаа хүрээнд яриад эхэлчихсэн байгаа. Хоёрдугаарт, хамтарсан засаг учраас улс төрийн ямар нэгэн гацаа саад бага байна гэж харж байна. Улс оронд хэрэгтэй, зайлшгүй шаардлагатай томоохон шийдвэрүүд, бүтээн байгуулалтууд хамтарсан засгийн үед явагддаг. Ийм байдлаар эдгээр ажлуудаа нэлээд ахиулна. Мэдээж төсөв, санхүүгийн хувьд дан төсвийн хөрөнгөөр дийлэхгүй. Тиймээс гадны хөрөнгө оруулалтуудыг татах, хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах чиглэлд ажиллана. Мөн бид цаашдаа маш олон төслийг эхлүүлж, сэглээд хаях биш, салбар бүр дээр бүтээн байгуулалтыг хийнэ. Жишээлбэл, Эрдэнэтийн үйлдвэр технологийн парк дээр Зэс хайлуулах үйлдвэр, Дарханых дээр Гангийн үйлдвэр гээд зориод ажиллана. Таван толгой дээр гэхэд л Нүүрс, химийн асуудлаа яриад дараагийн шатанд нь гаргана. Ингэж тодорхой болох, ТЭЗҮ нь хийгдсэн асуудлуудыг бариад явна.

-Том үйлдвэрүүд байгуулаад эцсийн бүтээгдэхүүн гаргаад эхлэхээр худалдан авагч олох асуудал гарч ирж л таарах байх. Энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?

-Эрдэнэтийн Зэс хайлуулах үйлдвэр дээр ярихад бид баяжмалаа шууд гадагш нь гаргаж байгаа. Катодын зэсээ их хэмжээгээр үйлдвэрлээгүй. Харин түүнийг дагасан жижиг үйлдвэрүүд дээр л катодын зэс үйлдвэрлэж байгаа. Тиймээс эхний ээлжинд баяжмалаа гадагш нь гаргаад байх биш, өөрсдөө катодын зэсээ гаргаж авах зорилготой байгаа. Дараа нь түүнийг дагасан жижиг үйлдвэрүүд гарч ирнэ. Үүн дээр төр гэхээсээ илүү хувийн хэвшил оролцох боломжтой. Зэс турба, эдлэлүүд, зэс утас, зэсийн нунтаг хүртэл үйлдвэрлэх хэрэгцээ шаардлага бий. Ингэж гол нэмүү өртөг маш их шингэдэг хэсэг нь бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэсэг дээрээ гарч ирнэ. Бид яагаад Үйлдвэр технологийн парк гэж яриад байна гэхээр эхлээд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх катодын зэсээ гаргаж авах шаардлага байна. Тэгж байж үйлдвэрлэл явна. Цогцоор нь асуудалд хандъя гэдэг байдлаар УИХ, Засгийн газар дээр шийдвэр гарсан нь Үйлдвэр технологийн парк юм аа л гэж ойлгох хэрэгтэй.