Ц.Нямдорж, Ж.Сүхбаатар гишүүний хоолой хүзүүг боож гэнэ. Ж.Сүхбаатар гишүүний хүзүү хоолой гэж хүн харахын эцэсгүй улаан эрээн болсон гэх. Төрийн ордонд зодоон болсныг дуулаагүй байсан бол эхнэр нь хардахаар л юм харагдаж байсан гэж гэрчүүд нь ярьсан юм билээ. Ер нь бол халдашгүй эрхтэй хүн хүнд адилхан эрхтэй нь халдаж болно гэсэн хууль байдаггүй байх л даа. Угаас багадаа жүдогоор шаггүй хичээллэж байсан Ц.Нямдорж Путиний гэдгэх жүдогийн мэхийг гарамгай эзэмшсэн болж таарлаа. Яагаав Путиний боож унагаадаг алдарт мэх. МАХН-ын улстөрч нөхдүүдийн байлдаан байсхийгээд л дуулиан тарьж л байдаг. Улайм цайм гэрчтэй юмыг ч “үгүй” гээд л гүрийгээд өнгөрдөг улс. харин МАХН-ын жигүүрийн жирийн нэг гишүүн зодоонд оролцвол заавал ялагддаг жамтай. Тийм ч жишигтэй юм шиг билээ.
Намын удирдлагууд
нь хүн зодохоор зодуулсан хүнээс нь уучлал гуйхыг шаардаад үгэнд орохгүй өрвөлзөөд
байвал нь намаасаа шууд хөөчихөж байгаа юм.
АН-д ч ялгаагүй. Хааяа нударга зөрсөн
сураг чих дэлсдэг. Аль, аль нь л ичмээр юм
даа. Хүн хэлээрээ мал хөлөөрөө байхад юу, юугүй л барьцалдаад авдаг эднийг харахаар
идэр насны ааг омгоо багтааж ядаж нударга зөрүүлчихдэг залуусыг нэг их буруутгамгүй.
Тэртэй тэргүй дээр, дооргүй мал болчихсон юм байна гэж бүгд ойлгохоор байна.
Хууль зүй, дотоод
хэргийн сайд Ц.Нямдоржийн энэ үйлдлийг сайшааж
болохгүй. Хууль зүйн сайд нь хуулиа зөрчөөд туугаад байвал хууль дагах хэн байхав. Захын нэг залуу өөрийнх нь голлон бүтээлцсэн
“хар” хууль гэгддэг Эрүүгийн хуулиар аймаар олон жилийн ял авч байна. Чулууны хэлтэрхий
аваад нэг рүүгээ шидчихсэн чинь нэг нөхрийн толгойд хуруу дарам овойлгож орхисон
хүн хичнээн жилийг авна гээч. Намайг бага байхад хүүхдүүд хоёр талцаад чулуугаар
байлддаг байсан. Аюултай тоглоом ч Ц.Нямдоржийн гүйцэтгэсэн Эрүүгийн хуулиар
бол хүйтэн зэвсэг хэрэглэсэн тэд бүгд л “аавын хаалга” татах байж дээ.
Гэхдээ Ц.Нямдоржийг
өмнө нь одоогийн яамаа толгойлж байх үедээ эрүүгийнхэн гэгдэх нөхдүүдийг нэг сайн
журамлаж өгсөн гавьяатай гэж бас ярьдаг шүү.
Гэлээ гээд яахав. Одоо өөрөө бас л “жүдодлоо” ш дээ. Захын нэг залуу хэрэг тарьчихаад “Та өөрөө яадаг билээ” гээд мад
тавьчихна. За боолгуулж унасан нөхөр ч нэг их цэвэр цэмцгэр гэвэл бас л хэцүү л
дээ. Аавдаа авгай авахыг заана гэгчээр Ц.Нямдорж руу хууль яриад байхаар нөгөөхийнх
нь занг бид ямар мэдэхгүй биш тэсээгүй биз.
Сонгууль будлиантай болоход Сонгуулийн ерөнхий хороо буруутай гээд л байдаг.
Яс юман дээрээ Ж.Сүхбаатар тэр будлианы гал тогоонд шанага бариад л сууж байсан
хүн. Бүр Н.Энхбаярыг ялдаг үед шүү. Тэгээд ширээнийх нь ном Н.Энхбаярын ганцаараа орчуулсан гэж мэлзээд
байдаг “Бурхан багшийн сургаал” байдаг нь ч бас тохиолдол шүү.
Гэхдээ Ц.Нямдоржийн
Ж.Сүхбаатарт хийсэн боох мэх жүдорхуу юм
болсон бол дундуур нь юун боксын бээлий ороод ирэв ээ. Нэг лут бээлийтэй гар орж
ирээд МАХН-ыг тэр чигээр нь , Монголын улс
төрийг хагас дутуу самарч эхэлж байгаа өнгө аяс өчигдрийн хэвлэлүүдээр нэг дэлгэгдлээ.
Дээр нь даарин дээр нь давс нэмж Ж.Баатар Ц.Нямдоржийн хуучныг сөхөж дуулиан
тарив. Энэ үйл явдлыг өдөөх дэвээх сонирхол хаа сайгүй явж байна. Зүгээр хараад
инээд нь хүрээд одоо нэг ингэчихвэл энэ жүдогоос нэг юм унагаж болох нь гээд гараа үрчээд сууж
байх жишээний байж болох уу. Хаа нэг газар сайн дурын найруулагч гарч ирээд асуудлыг
төгөлдөршүүлж сценари бэлдээд гоё төгөлдөршүүлэх арга мэх олчихсон юм биш байгаа.
Улс төржүүлэх өс авах
хэмжээнд энэ дуулиан түгэх янзтай. Ц.Нямдоржийн энэ үйлдэл нь Удирдах зөвлөлийг
огцруулах ноцтой шалтгаан болох гэнэ. Мөн хачин аа. Нэг Ц.Нямдоржийн хэрэг нэлээд
хэдэн Удирдах зөвлөлийн гишүүдийн эврийг доргиодог байна ш дээ. Бүр цаашлаад Засгийн
газрын гишүүд ч доргиод явах аяс бий болох нь ээ. Цаана нь уртаас урт гар хөл ороод
явчихлаа. Бүр хөдөөг хөгжүүлэх гэж яваа хүний хот руу чиглэсэн боксын бээлийтэй
гар шүү. Улс төрийн хал цэрэг, шинэ цэрэг
хоёрын үйл явдлаас хуучин шинийг хагаралдуулж, мөргөлдүүлээд хэн нэгэн хожоо олох
завшаан тохиосон байж болно. Тэр хоёрын зодоон хууль хяналтаараа шийдэгдэх үү, хоорондоо
яриад ойлголцох уу, Ёс зүйн хороогоороо орох уу, нэг юм болох нь болох биз. Дундуур
нь л өөр төрлийн зодоон болгож хувиргах юм явчихгүй бол шүү.
Үйл явдал болмогц
МАХН-ынхан Их тэнгэрт очиж энэ тухай нухацтай
авч хэлэлцээд байдаг нь ч бас сонин. Энэ
зодоонд тээр хол хөдөө орон нутгийн амьдралтай сая л нэг танилцаж яваа Ерөнхийлөгч
асан Н.Энхбаярын оролцоо үнэртэж байна гэж учир мэдэх хүмүүс ярих нь хачин байгаа юм.
Ер нь Ерөнхийлөгч асан маань хотынхонд
их гомджээ. Ойрд үүгээр үзэгдэхээ байсан. Ар нуруугаа харуулаад л хөдөөг
зорьсон. Хотыг дэмжихгүй байгаа бололтой. Хөдөөг бол хөгжүүлнэ гэнэ. Хотыг өрөөсөн нүдээрээ
үзэхээ байсан Н.Энхбаяр экс Ерөнхийлөгч яагаад ингээд байгааг хотынхон бас гадарлаж
байгаа. Хоёр Э үсгээр эхэлсэн хүн байхад очиж очиж нөгөөхийг нь дэмжээд өөрийг
нь унагасан болохоор гомдох нь ч аргагүй биз.
Ямар ч байсан Ерөнхийлөгч асан маань
хөдөөнөөс энд болсон үйл явдалд оролцоод байгаа бол их л урт гар, хөлтэй юм. Хувцас хунар ч бас урт байх магадлал
бий шүү. Тэгээд бас жүдо барилдсан хоёрын дунд боксын бээлий шургуулаад байгаа
нь аатай л эрийн шинж.
Тэр яах вэ, аандаа
энэ хэрэг МАХН-ыг бас л дунд нь хагалж бутаргаад зүг нь өөр тийшээ яваад өгөх вий.
Тэгвэл зодоон эхлүүлсэн хоёрт гомдох уу, зодооныг өдөөсөн цаад хүчинд гомдох уу.
Нэг юм болох л байх даа.