Улс төрийн хүрээнийхэн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг улс төрөөс эгнэгт зайлсан хэмээн ярилцаж байв. Түүнийг намдаа нэр хүнд байхгүй болсон. Үүний баталгаа нь дүүргээс намын бага хуралд ч нэр дэвшиж чадаагүй, намын бага хурлын гишүүн болох гэж чадлаараа чардайгаад бараагүй гэлцэж байв. Ингэж дүгнэгч улс төр ажиглагчид дүгнэлтдээ үнэмшин одоогийн “ХУ” нам болон АН-уудын толгойд байгаа “тонгогор” Бэгбаатаруудыг “үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэгчийн үлгэр болох нь уу. Юунаас нь айсан юм бэ. Н.Энхбаярыг шалгуулаач хэмээн шавдуулдаг байлаа. Түүнийг шалгахад саад болоод байгаа АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, садангийнх нь банди Д.Сундуйсүрэн нарыг АТГ-аас авч хая гэлцэн шуугилдаж байв. Үүнд шүүгч нарыг дайчил. Түүний томилсон шүүгч нар одоо Энхбаярынхаа эсрэг ажиллана. Яагаад гэвэл хүн юм чинь араа бодох байлгүй гэлцэн онолдож байсныг яана. Гэвч энэ бүхэн бүгд худал, улс төрийн сэрүүн зүүд байсан аж.
Улс төрийн хувьд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “үхсэн буур” биш байжээ. Юун үхэх, бүүр амьдаар барахгүй “амарч байгаа буур” байсныг баталсан үйл явдал боллоо. Саяхан өөрийн нь хувийн мэдээллийн хэрэгсэл болох “Зууны мэдээ” сонин дээр намын шинэчлэлийн тухай МАХН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлгээс гаргасан тунхгийн талаар айлдвараа хайрлаж улс төрийн хувьд үхсэн биш амьд буур гэдгээ зарлан тунхаглав. Нөгөө алдарт Бин Ладен Тора Борагийнхан хадан хавцлаас үе үе “Аль Жазейра” телевизээрээ мэдэгдэл хийн тангараг нэгт лалын шашинтнуудынхаа зүрхийг үхүүлдэг шиг дээрх мэдэгдэл “Ху” намын хулчгар хулгайчуудын өмдийг нойтогнуулж байна.
Уг мэдэгдэл бүхэлдээ нэг намынхныгаа занаж зүхсэн, ач тусыг мартаж увайгүйгээр урваж шарвасныг нь сануулсан, өс санаж доромжилсон мөн басамжилж сүрдүүлсэн өнгө аясаар дүүрэн байна. Ерөнхийдөө намын дарга, Ерөнхийлөгч асны мэдэгдэл намын үзэл баримтлалаа солиход айхтар эгдүүцжээ. Тэрбээр намдаа байгуулсан өөрийн гавьяагаа дурдахдаа 1996 онд ялагдаж хэн ч тоохоо больчихоод байсан энэ намыг би босгож Ардчилсан социалист үзэлтэй болгосноор ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ үзэл баримтлал намд ердөө ч гай болоогүй. Харин намыг толгойлж яваа та бүхний худал амлалт, бузар булай үйл ажиллагаа намын нэр хүндэд нөлөөлж байна гэсэн. Мөн цааш нь айлдахдаа “Ардчилсан социалист үзэл нь залуучуудад таалагддаг үзэл” хэмээжээ. Залуу хүмүүс сургалтын тэтгэлэг, орон сууц, ажлын байр зэргээр дутмаг байдгаас нийгмийн халамжийг түлхүү мөрөөддөгийг энүүгээрээ хэлсэн бололтой.
Үндэсний ардчилсан үзэл баримтлал авах талаар тэрбээр “Ард иргэд ахуй амьдралаа өөрөө шийдэх болох нь. Энэ зорилт залхуу хүн ядуу байдаг гэсэн барууны үзэл баримтлал баримтлагчдын хэлдэг үгтэй уялдан холбогдож байна. Ард түмэн ахуй амьдралаа өөрөө дээшлүүлэх зорилго дэвшүүлж байгаа бол МАХН ард түмний өмнө хүлээх үүрэггүй болжээ” хэмээн халаглажээ. Энэ юу гэсэн үг вэ. Ард түмнийг үргэлж ядуу байлгах гэсэн энэ намын үнэн нүүр царай харагдаж байна. Мөн ядуу иргэдийг өөд нь татаж сонгуульд жижигхэн юмаар хууран амархан ялж байх тухай санаашрал юм. Дээр нь ард түмэн өөрсдөө хөл дээрээ босвол тэдэнд нам гэдэг илүү ачаа ямар ч хэрэг байхгүй гэдгийг ухаарах болно гэсэн айдас юм. Ард түмэнд хэрэг байхгүй болтлоо намаа шинэчлэх хэрэг байна уу хэмээн Ерөнхийлөгч асан асуужээ. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт МАХН чухал болохоос Монголын ард түмэн чухал биш ажээ. Мөн ямар нэг шалгарсан манлай нам болон удирдагч улс орныг авч явдаг. Түүнээс ард түмэн өөрсдөө юу ч хийж чадахгүй гэсэн хуучин коммунист үхширсэн үзэл эндээс “ханх тавьж” байна. Мөн намаасаа гаргасан тунхаг бичгийг “Энэ тунхаг бол даажигнал, олон түмний анхаарлыг төөрөгдүүлэх бодлого биш байгаасай” хэмээн найдаж байна гэжээ. Гэвч тэрбээр найдаж чадалгүй цааш нь үнэмшээд үргэлжлүүлээд л явчихжээ. Тунхаг гаргасан хүмүүсийг ихэнх нь миний гараас нь хөтөлж улс төрд оруулсан шавь нар минь байгаа тул будилснаа залруулах буй за гэж найдаж үүнийг айлдав. Мэдэхгүй чадахгүйгээсээ болж ийм болчимгүй юм ярьж байх шиг байна. Би эргээд улс төрд орж та нөхдийгөө зөв зүйтэй замаар залж залруулахад бэлэн байна гэж аянга буулгажээ. Хэрвээ хэлээд байхад санаатайгаар буруу замаар будаа тээх гэж мугуйдлан зүтгээд байвал хохь чинь болно шүү гэдгийг мэдэгдэж надтай санал нийлэх хүмүүс олон байгаа гэж сүрдүүлсэн байна. Ийнхүү амарч байгаа буур айлдвараа хайрлажээ. Байхгүй хойгуур нь зүүний үзэлтэй намыг нь хулгайлж аваад барууны үзэлтэй нам болгох гэж санаархсан Сү.Батболд, С.Баяр гэсэн барууны оппортунистуудад байх газар байхгүй болж балрах өнгөндөө орлоо.
Ж.САНДАГДОРЖ