Монгол
Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди ээлжит титэм үгээ тэрэлжээ. Түүнийг ард түмэндээ
хэрэгтэй сургаал бичдэг хэмээн хүмүүс ам сайтай байдаг. Мөн энд тэндхийн зүйр цэцэн үгийг цуглуулаад биччихдэг
хэмээн муу хэлэх нь ч бий. Бас далд утгатай үгийг хэн нэгэнд зориулан нийтлэлээ
бичдэг нь нууц биш. Хэвлэл мэдээллийнхэн ч үүнийг нь андахгүй олон түмэн уншигчдадаа тайлан хүргэдэг. Тиймээс
Ерөнхийлөгч асны сүүлийн нэг нийтлэлийн талаар шүүмжлэл өрнүүлмээр байна. Тэрбээр
“Зуун найз бага, нэг дайсан их” гэсэн нийтлэл тэрлэжээ.
Уг
нийтлэлийг Ардын намынханд зориулж бичсэн бололтой юм. Бүүр тодруулбал Ардын намын
дарга болон ерөнхий нарийн бичгийн дарга нарт зориулжээ. Тэр нь намын дарга байсан Н.Энхбаярыг хэрхэх тухай юм
шиг байна лээ. Хэнд зориулж юу бичих нь түүний эрх учир маньд падгүй хэрэг юм. Гагцхүү
уг нийтлэлийн утга санаа нь бараг айн цочмоор харгис байгаа нь л уншсан хүнийг сэртхийлгэж
байна. Тэрбээр дайснаа хэрхэн дахиж босож ирэхгүй болтол нь нам дарах тухай өөрийнхөө
баримталж ирсэн сургаалаа нэгд нэгэнгүй бичжээ. Энэ бол өнгөрсөн зууны гучаад оны дундуур үүссэн цэвэр
коммунист сургаал юм.
Энэ
сургаал ертөнцийн бүхий л үеийн гэгээлэг сэтгэгчдийн, дээр нь бурхад, шашны бүх
сургаалын эсрэг байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Ёстой л ад мөрийн сургаал гэж
ийм байдаг байх. Тэгвэл бурхад юу гэж сургадаг вэ. Христ “Чиний нэг хацрыг чинь
алгадвал нөгөө хацраа тавьж өг” гэдэг. Энэ нь юмыг өнгөрөөж сур. Хүлээцтэй бай
гэсэн сургаал юм. Будда “Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд байгаа
бүхнээ бүү харамла” гэж сургадаг. Энэ нь
дэлхийн бүхий л зүйлийн төлөө санаа сэтгэлээ зовоож түүн дотроо дайсандаа ч хүртэл
тус бол гэсэн үг мөн биз дээ. Мухаммед болохоор “Хилэгнэх сэтгэлийн эсрэг хилэнт
бодол агуулбал Аллахын сэтгэлд нийцэхгүй”
хэмээн үздэг. Эвдрэлцээнээс эвдрэл л үүсдэг гэсэн сургаал юм.
Тэгвэл
биднийг найман жил удирдсан Монгол Улсын нэр нүүр болж явсан хүн юу гэж сургаж байна
вэ. “Чамтай дайсагнасан хорон санаатны өмнө хүлцэнгүй ноомой үхээнц дорой царайлан
битгий бөхөлз. Тэгэх юм бол чамайг номхчлон дураараа дээрэлхэж бах таваа хангана.
Тулалдсан хүн л гагцхүү ялдаг юм. Хамгийн сайн хамгаалалт бол довтолгоо. Чи гөлөг
муурын дүртэй байвал дайснууд чамайг нүдээр олзлон дээрэлхэнэ. Арслан барсын дүртэй
байвал айн сүрдэнэ. Арслан ангийн олзондоо биш ялалтандаа баярладаг гэдгийг мэд.
Цохиж
байгаа бол өвдтөл цохь. Нэг жил тахиа мэт амьдарснаас нэг өдөр шонхор мэт амьдар
гэдэг үгсийг хатуу санаж өстөнтэй тэмц. Хэрэв хэн нэгэн танд халдах юм бол хариуг
нь хоёр дахин илүү хүчтэй өг. Хэн нэгэн тэнд хор хохирол учруулсан бол яг адилхан
хариуг нь барь, гэхдээ өөрөөс нь илүү ихээр хариугаа ав” гэхчлэн сургажээ. Мөн бут
цохиогүй дайсан шинээр босч ирнэ. Чамд хор хүргэж чадахгүй болтол дайсныг дарахгүй
бол амар заяа үзэхгүй, амгалан тайван унтахгүй. Дайсанд өршөөл үзүүлж буй хүн өөрөө
энэрлээс татгалзаж байгаа хэрэг. Өстөн дайсан өр зүрхний нөхөр болох нь юу л бол
гэх мэтчлэн сургасан байна.
Энэ
бүх сургаал ямар ёс суртахууныг номлоод байна вэ. Ийм цэвдэг өрөвдөх сэтгэлгүй
үзэл бодол зөрөлдөж байвал заавал устгаж байж бодьгалынх нь хувьд байхгүй болгож
байж санаа нь амардаг цэвэр коммунист үзэл одоо цагт хоцрогджээ. Зүгээр ч хоцрогдсон
үзэл биш. Бүүр хоригловол зохилтой харгис үзэл санаа юм.
Тэгээд
ч монголчууд ингэж их өс хонзонг үе удам дамжуулан аваад байхыг боддоггүй. Яагаад
гэвэл ингээд хэрэггүй гэдгийг тэд яс махаараа мэдэрсэн байдаг. Бага хаадын үеийн
хонзогнол, баруун зүүн монголчуудын хонзогнолоос хойш ийм зүйл хийж, ярихаас цэрвэж
ирсэн нь илт харагдаж байдаг.
Язгуурын
монгол ухаанд “юмыг өнгөрөөж сур” гэж л сургадаг. Энэ бол талын монголчуудын үндсэн
философи юм. Олон юман дээр монгол эрчүүд нэг гараараа нөгөө гараа барин хэлээ хазан
юмыг өнгөрөөдөг. Нөгөө уужуу тайван монгол эр хүн гэж үүнийг л хэлдэг байсан. Энэ
зан чанар улаантнууд Монголд орж ирэх хүртэл оршин тогтнож байсан юм.
Харин
улаан коммунистууд, тэдний үзэл санаа нийгэмд ялан мандсан гучаад оноос хойш л улс
төрийн өс хонзон манайд дэлгэрсэн. Тэд харин ч үзэл санаа нийлээгүйн хонзонг сайн
авсан даа. Гучаад мянган иргэдийг зөвхөн өөр үзэлтэй байсных нь төлөө толгойд нь
сум зоосон юм. Энэ бүхэн коммунистуудын бут
цохиогүй дайсан дахин босч ирнэ. Хэн нэгэн танд хор учруулсан бол хоёр дахин хариуг
нь барь. Арслан олзондоо биш ялалтандаа баярладаг гэсэн сургаалын дагуу явагджээ.
(Уул нь арслан хий хоосон ялалтад биш хоолондоо л баярламаар юм) Энэ үзэл санаа
энэ хорон сургаал бол коммунистуудын үндсэн сургаал араншин юм. Үүнийг ч МАХН буюу
Ардын намын гаргаж байгаа авирууд батлан харуулсаар байдаг.
Уг намаас сонгогдон ажиллаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан ийм харгис дээрэнгүй хонзонч үзэл бодолтой хүн байсан юм байжээ хэмээн бодоход одоо өнгөрсөн хойно нь үнэмшмээргүй санагдана. Юун хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулах байх вэ. Түүний сэтгэлд сэв суулгасан хүн бол өөрийнх нь хэлснээр “далд дайсны удаан зажилдаг эрүүнд өртсөн хүн л хамгийн өрөвдөлтэй”
гэгч болох буй за. Тэрбээр одоо ч нийгэмд нэр нөлөөгөө алдаагүй байгаа бөгөөд хамгийн өндөр цалинтай ажил буюу Оюу толгойн ТУЗ-д ажилладаг. Тиймээс энэ хонзон авах коммунист үзлээсээ ангижрахгүй бол бас л аймаар хэвээрээ аж. Тэгээд дээрээс нь залуу хүмүүсийг ийм харгис сургаалаар дөгөөж өөрөө таагүй ханддаг хүнээ тэдний гараар даруулж уулын орой дээрээс барсын тулалдахыг харахаар зүтгэх нь нийгэмд таагүй сэтгэгдэл төрүүлж байна.