Солонгосын дуучин, реппер Парк Жае Саны “Ганнам стиль” дуу дэлхийд хит болоод байна. Энэ дууны клипийг өнгөрсөн долдугаар сарын 15-нд youtube сайтад байрлуулснаас хойш 34 сая хүн үзээд байгаа юм. Алдарт дуучин Лэди Гагагийн бүжгийн хэмнэл, элемент, хэв маягийг илүү хошин хэлбэрээр дүрсэлснээрээ энэ клип дэлхийн хөгжмийн урлагт цоо шинэ өнгө төрх нэмээд байна. БНСУ-ын Ганнам дүүрэгт голдуу баячууд амьдардаг бөгөөд цэвэр цэмцгэр, тансаг гэдгээрээ энэ дүүрэг бусдаас ялгардаг аж.
Парк Жае Сан “Ганнам стиль” дуугаараа Ганнам дүүрэг, баячуудыг битүүхэндээ шүүмжилж, өөрсдийгөө нийгмээс дөвийлгөж, өөр харагдуулахыг хичээх хэрэггүй гэдгийг Лэди Гагагийн зарим дууны клипт гардаг бүжгийн өвөрмөц хөдөлгөөнүүд, дүрслэлүүдийг ашиглаж харуулсан юм. Ингэхдээ Гагагийн морь шиг шогшдог бүжгийн хөдөлгөөнийг голчлон авчээ. Үүгээр нь энэ дууг “Морин бүжиг”-тэй дуу ч гэх болсон юм.
“Ганнам стиль” дуу сүүлийн дөрвөн долоо хоногт БНСУ-ын хөгжмийн бүх чатуудыг тэргүүлээд зогсохгүй, Ази тив, АНУ, Канад, Финланд, Шинэ Зеланд, Данид түгээд байгаа юм. Барууны хөгжмийн ажиглагчид “Ганнам стиль” дууг энэ эрчээрээ youtube болон бусад хөгжмийн сайт, чатуудад дээгүүр байр эзлээд байвал “2012 оны дууны шилдэг клип”-ээр шалгарч магадгүй гэж байна.
Дуучин Парк Жае Сан нь 1981 онд төрсөн. 183 см өндөр, 75 кг жинтэй. Тэрээр өөрийгөө “Би бүжиглэх, сөжү, пиво, ундаа, жүүс ер нь шингэн юм уух дуртай. Бас аяллаар явах сонирхолтой. Кларинет, бөмбөр тоглодог” гэж танилцуулжээ. Түүнийг солонгосчууд Psy гэх тайзны нэрээр нь илүүтэй мэддэг юм байна. Psy Бостоны их сургууль, “Berklee” хөгжмийн коллежийг тус тус төгсчээ.
2000 оноос урлагт хөл тавьсан бөгөөд нийтдээ арав гаруй цомог гаргаад байгаа аж. Түүний 2001, 2002 онд гаргасан цомгууд нь хөгжим сонирхогчид, залуусын зүгээс өндөр үнэлгээ авсан ч “Этгээд дуучин” гэгдэх болжээ. Биеэ авч яваа байдлаас нь гадна дуунуудынх үг этгээд учир ингэж нэрлэгдэхэд хүргэсэн юм.
Psy эхний хоёр цомгоо гаргасны дараа 2003 онд цэргийн албанд татагджээ. 2005 онд цэргээс халагдаж ирснийхээ дараа тайзнаа дахин гарахад сонсогчид түүнийг өмнөх шигээ шагшин хүлээж аваагүй. Гэсэн ч дуучин маань хип хоп урсгалаар хэд хэдэн цомог гаргаад байсан юм.
Харин түүний амьдралыг энэ “Ганнам стиль” дуу бүр мөсөн өөрчилчихөөд байна. Тэрээр өөрийнх нь дуулсан дуу дэлхийд түгэж, клипийг нь сарын дотор 34 сая гаруй хүн үзчихээд байгаад маш их гайхаж байгаа гэнэ.
Парк Жае Сан “Яг үнэндээ их гайхсан шүү. Ийм том амжилтад хүрнэ чинээ төсөөлөөгүй. Энэ бүхэн миний амьдралыг бүхлээр нь өөрчилж эхэлж байна” гэжээ.
Тэрээр өнгөрсөн нэг сарын хугацаанд хөгжмийн фестиваль, олон улсын наадам, шоу тоглолт, шууд нэвтрүүлэг гээд томоохон арга хэмжээний тайзан дээр зөвхөн энэ дуугаа дуулах гэж олонтаа уригдаж, Япон, АНУ руу нэг бус удаа “айлчилчихаад” байна. Psy-г хаана ч явсан мэдээллийн хэрэгслүүд дагаж, түүнтэй холбоотой шинэ мэдээллийг хүмүүс ихээр сонирхсоор.
Богино хугацаанд дэлхийд танигдаж солонгосын к-поп, техно, электро, транс хөгжмийн урсгалын шинэ үеийн төлөөлөл гэгдэх болсон тэрээр ирэх сард Япон улсад анхныхаа бие даасан бүрэн хэмжээний тоглолт хийхээр болсон байна.
Одоо Солонгост хаана л шоу цэнгээн, хөгжмийн наадам болно, тэнд “Ганнам стиль” дуу цангинаж байгаа аж. Солонгосын залуус энэ дууны клипэн дээр гардаг моринд мордох, бугуйл эргүүлэх, морьтой шогшуулж, хатируулж байгаатэй төстэй хөдөлгөөнийг ихээр таашааж ингэж бүжиглэж байгаа гэнэ. Үүнийг америкийн хөгжим судлаачид “Солонгосын эгэл жирийн нэг реппер залуу Лэди Гагагийн хөдөлгөөнийг, солонгос поптой хослуулаад шинэ өнгө, санаа гаргаж ирлээ. Сөүлийн ер бусын дуучин залуу олны анхаарлыг соронз мэт татаж байна. Түүний дууны клипний хөдөлгөөнд шинэ нэр өг гэвэл “Мордох стиль” гэж нэрлэе” гэсэн бол гадны зарим мэдээллийн хэрэгслээр Парк Жае Саныг “Хоёр дахь Макарена” гэж байна.
Хэдий шууд харахад Лэди Гагаг элэглээд байгаа мэт боловч цаад санаа нь хэн нэгэн хүн баян харагдах гэж хичээх нь инээдэмтэй, яг л морьгүй хэрнээ морин дээр яваа юм шиг хайш яйш хөдөлж байгаа адил бүдүүлэг харагдана гэдгийг өгүүлж байгаа аж.
Psy “Энэ дууны шүүмжлэлийн өнгө аясыг Лэди Гагагийн морины бүжгээр жаахан эерүүлтэл хөгжилтэй болоод ирсэн. Миний клип хөгжилтэй, хөнгөн, хэн нэгэн рүү дайраагүй. Зүгээр нэг хөгжил баясал, инээд бэлэглэсэн уран бүтээл юм” гэсэн байна.
ПАРК ЖАЕ САН “Ганнам стиль“
Тэр охин өдрийн турш халуухан бас эелдэг
Тэр үзэсгэлэнт охин аяга кофеноос эрх чөлөөг мэдэрдэг
Тэр охины зүрх нь шөнө болохоор догдолдог
Тэр овжин охин
Би бол
Өдрийн турш чам шиг эелдэг байдаг тийм л залуу
Кофе хөрөхөөс өмнө ганц амьсгаагаар уудаг залуу
Шөнө болмогц зүрх минь тэсэрдэг залуу
Би тийм л залуу
Үзэсгэлэнтэй, хайр булаам
Тийм ээ, чи
Нey!
Тийм ээ, тэр бол чи
Нey!
Үзэсгэлэнтэй, хайр булаам
Тийм ээ, чи
Нey!
Тийм ээ, тэр бол чи
Нey!
Одооноос эцсээ хүртэл
Ах нь Ганнам стильтэй…
Д.САРУУЛ