Categories
редакцийн-нийтлэл

Ж.Тилеу: Лалын шашны нэрийг барьж муу юм болгоныг хийдэг болж

Маргааш Наурызын баярын өдөр. Казах түмний төлөөлөл болох Налайх дүүргийн иргэн, ахмад уурхайчин Ж.Тилеутэй ярилцлаа.

Та хэзээ Налайхад нүүж ирсэн бэ?

-1963 онд Баян-Өлгийгөөс нүүж ирсэн. Тэнд арван жилийн сур­гуулиа төгсч хойно Техник мэр­гэжлийн сургуульд гагнуурчин мэр­гэжил эзэмшээд Налайхын уурхай, барилгын салбарт гучин жил ажил­лаад тэтгэвэртээ гарсан.

Таны нас сүүдэр хэд хүрч байна вэ?

-71 нас хүрч байна.

Ач, зээ тань нийлээд хэд болж байна вэ?

-Би долоон хүүхэдтэй. Арав гаруй ач зээтэй.

Казахын ард түмэн өндөр настай өвгөдөө аксахал хэ­мээн хүндэтгэдэг. Өндөр нас­тай эрчүүл болгоныг ин­гэж хүндэтгэдэг үү?

-Нас ахисан улсуудыг аксахал гэж хэлж болно. Энэ үгийг үгчилбэл цагаан сахалт гэсэн утгатай. Гэхдээ аксахал хүнийхээ буурь суурийг эзэлж чаддаг ч хүн байна, чад­даггүй нь ч байдаг.

Барууны орнуудад аллага, хядлага хийж, байшин ба­рилга дэлбэлж байгаа гэмт этгээдүүд ихэвчлэн лалын шашинтнууд байдаг боллоо. Лалын шашин ингэж харгис хэрцгий байхыг номлодог юм уу. Та бүхний шашин чухам юуг эрхэмлэж, сургадаг юм бэ?

-Лалын шашинтнууд тийм тер­ро­рист үзэл гаргалаа гэж дуул­дахаар бидэнд ч их эвгүй сон­согддог. Уг нь жинхэнэ лалын шашинтан хүн тийм нүгэлтэй юмыг хийх ёсгүй. Арван хар нүглийн гол нүгэл нь хүн алах. Хамгийн хар нүглийн эхэнд нь бичигддэг юм. Сүүлийн үед лалын шашинтнууд террорист ажиллагаа явуулж бай­на гэх элдэв мэдээлэл гарах болсон нь бидэнд эвгүй сонсог­доод зог­сохгүй, гайхширалыг төрүүлдэг. Лалын шашинт улсууд тэгэх ёсгүй. Муу юм болохоор л лалын ша­шинт­нуудын нэрийг барьж л тийм ажил­лагаа явуулдаг юм болов уу гэж боддог юм.

Манай шашин бол хамгийн ариун. Би Саудын Арабт жилд нэг удаа болдог мусульман ша­шинт­нуудын Хажийн мөргөлд оролцоод ирсэн. Энэ жил таван сая хүн тэнд очсон. Тэр олон хүн нэгэн зэрэг тойрч мөргөл үйлдэн буян үйл­дэхдээ бие биедээ ч шүргэлцээгүй. Хэрэв нэгнийхээ биед биеэрээ хүрчихвэл уучлал гуйна, биед хүрлээ гэж ер уур­лахгүй байгаа юм чинь. Ерөөсөө ислам шашинтан бие биедээ хар буруу, өс санаж гомдох учиргүй. Тэр байтугай өглөө хэн нэгэндээ гомдсон бол түүнийгээ үд хүртэл хадгалах хэрэггүй, уучлах ёстой гэсэн сургаал байдаг. Их л гомдлоо гэхэд гурав хоногоос илүү хүнд гомдож болдоггүй. Бие бие­нээсээ уучлал гуйгаад ариусч байх ёстой гэсэн заншил байдаг юм.

Манай шашинд арван хар нү­гэлд хүн алах, ядуусын хөдөл­мөрийг мөлжих, архи дарс уух, садар самуун явах, хулгай хийх зэрэг гэмүүдийг багтаадаг.

Юм л бол өнөө хар овоохой гэдэг шиг халхуудын үг бий. Үүнтэй адил юм л бол лалын шашинтнууд гэдэг болжээ. Лалын шашны нэ­рийг гутаах гэж л тэгж ярьдаг болов уу гэж боддог юм. Лалын шашинт­нуудын дунд энэ шашны нэрийг барьсан янз бүрийн хүн байж болно.

Монголын казахууд мусуль­ман шашны чухам ямар урс­галыг нь шүтдэг юм бэ. Мусульман шашинтнууд дот­роо ангилагддаг уу?

-Мусульман хүний ислам ша­шин гэж ярьдаг юм. Ислам шашин ариун учир үүнийг мэ­дэрсэн хүмүүс жил ирэх бүр манай шашинд олон мянганаараа итгэж, орж байна.  Сая Хажийн мөргөлд очиход тэнд 150 гаруй орноос мөргөлчид ирсэн байна лээ. Хятад, Солонгос гээд бүр бидний мэдэхгүй улсаас ч мусульманууд ирсэн байсан. Энэ шашинд зааг ялгаа, төрөл гэж байдаггүй.

Манай мусульманчууд ер нь архи хэрэглэж үзээгүй, хэрэглэх ёсгүй. Коран сударт архийг “Али­ваа муу бүхний түлхүүр” гэж сур­гасан байдаг. Ийм болохоор бид архийг найр хурим, цайллага дайл­лагад хэрэглэх ёсгүй. Харин орчин үед хүмүүс архийг хэрэглэх болж.

Ерөөсөө архигүйгээр баярлаж болдог. Цагаан идээний айраг гэж сайхан ундаа бий. Би Хажийн мөргөлөөс ирээд 150 хүнд цайл­лага хийсэн. Тэгэхдээ архи хэ­рэглээгүй. “Алтан гадас” одон­гийнхоо найрыг хийхдээ бас нэг грамм ч архи хэрэглээгүй. Заавал архитай хурим найр, цайллага хийх хэрэггүй.

Энэ талаар манай Ерөнхий­лөгчийн дэвшүүлж буй асуудал зөв юм. Үүнийг би хувьдаа дэмжиж байгаа. Ганцхан казах түмэн ч биш, монголчууд ч гэсэн ярьдаг шүү дээ. Тавь хүрээд тавьж уу, жар хүрээд жаргаж уу гэж.

Лалын шашинтнуудад хийж болохгүй үйл, идэж болохгүй хүнс олон байдаг. Гахайн махыг цээрлэдэг нь ямар учиртай юм бэ?

-Бид мал аж ахуйтай нүүдэлчин улсууд учир өөрийн гараар гар­гасан малын махыг идэх ёстой. Ялангуяа шашнаа шүтэж байгаа хүмүүс нь. Гахайн мах манай шашинд харш. Тийм болохоор ерөөсөө гахайн махыг хүнсэндээ хэрэглэдэггүй юм.

Сүүлийн үед гахайн ханиад, гахайн хавдар гээд янз бүрийн өвчин дэлгэрэх болсон. Гахайн маханд нэг төрлийн нян байдаг гэдэг. Үүнийг манай өвөг дээдэс дээр үед олж мэдсэн хэрэг л дээ. Иддэггүй шалтгаан нь энэ. Гахай чинь бас их заваан амьтан. Мусуль­манчууд гахайг гахай гэж нэрээр нь дууддаггүй, цээрлэдэг. Монголчууд чоныг хээрийн амьтан, боохой гэх мэтээр нэрлэдэгтэй адил бид га­хайг шошхо гэхгүй доныз гэж ярьц­гаадаг юм.

Би монголчуудыг гахайн мах ид эсвэл битгий ид гэж хэлж болохгүй л дээ. Тэгвэл буруудна.

Дэлхийг хамарсан гахайн ха­ниад гарахад эрдэмтэд гахайн маханд өвчин тараадаг хүчтэй нян байдгийг илрүүлж, нотолсон бай­гаа юм. Тиймээс бид өвөг дээдсийн үеэсээ эхэлж гахайн махыг идэж үзээгүй.

Мусульман шашинтан бас өндөр настай хүнийхээ хувьд та монголчуудыг амьд­рал­даа ямар зүйлийг мөрд­лөг болгоосой гэж боддог вэ?

-Хамгийн түрүүнд архи дарс­наасаа гараасай гэж боддог. Архи бол буруу зүйл. Бас монголчуудыг биелүүлж байгаасай гэж хүсдэг нэг зүйл бол мэнд мэдэх. Мэнд мэдэх ёс гэдэг бол дээр үед мон­гол­чуудын хувьд хамгийн чухал ёсон байсан. Одооны монгол залуус мэндчилнэ гэж бараг байхгүй бай­гаа юм. Харин манай хүүхэд, за­луус өөр. Манайхан бол нэг гэрт аав, ээжтэйгээ хамт хоносон ч хүүхэд нь өглөө босоод тэ­дэн­тэйгээ мэндэлдэг заншилтай. Хү­ний мэндийг мэддэг хүмүүс чинь хамгийн соёлтой нь. Монголчуудад мэнд мэдэх асуудал их дутагдаж байгаа гэж боддог юм. Цагаан сараар л нэг сайхан золгоцгоодог. Тэрийгээ л үргэлж амьдралдаа мөрдөж, өдөр бүр мэндчилж бай­вал сайхансан.

-1990-ээд оны үед казахууд монгол нутгийг орхиод Казахс­­­тан руу нүүсэн ч зарим нь буцаад ирсэн. Явахдаа дахиж ирэхгүй юм шиг аашил­чихаад эргээд ирсэн ч монголчууд сайхан угтаж авсан. Одоо үеийн монгол, казах залуусын харилцааг ажиглахад ямар байдаг вэ?

-Зарим тогтворгүй улсуудаас болж ийм үзэгдэл болсонд би харамсдаг юм. Ер нь хүн тогт­вортой ажиллая гэвэл аль ч улс оронд амьдарч болдог. Буруу ойлгосон янз бүрийн асуудал байсан. Настай улсууд нь тэнд нутагшаагүй. Адуу мал хүртэл төрсөн нутаг руугаа гүйдэг шүү дээ. Тэрэн шиг л нутагшаагүй буцаж ирсэн хүмүүс олон бий.

Казахууд Монголд нүүж ирээд 150 гаруй жил болсон түүхтэй. Өвөг дээдсийнхээ ясыг тавьсан газраас явна гэдэг бол хэцүү бай­даг байлгүй дээ. Зохиолч Муратын бичсэн их нүүдлийн тухай сэтгэл эмзэглүүлэм нэгэн дуу бий. Тэр дууны үгийг нь сонсохоор элэг эмтэрч, нулимс гармаар байдаг юм. Казах ч бай, монгол ч бай бид ах дүүс шиг болсон улсууд. Ингээд орон нутгаа хаяад та нар хаашаа явж байгаа юм, газар нутаг, ха­маатан садан шиг чинь болсон урианхай, дөрвөд түмэн чинь өнчирлөө гэсэн үгтэй.

Энэ нүүдлийн талаар тухайн үед дэвэргэж ярьсан улсууд байгаа байх, зарим ухаан мөчид залуус эргэж ирэхгүй юм шиг янз бүрийн зан авир гаргачихаад явсан ч буцаад ирсэн шүү дээ. Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй шүү дээ. Зарим настай хүмүүс Казахс­танд идээшилгүй ирсэн бол зарим залуус өнөө л тогтворгүй зангаасаа болоод эргээд ирсэн гэж боддог юм.

Янз бүрийн асуудлыг социа­лизмын үед буруу суртал­чил­гаагаар ярьдаг байлаа. Үн­дэстэн хооронд бие биеэ буруу ойлгох явдал байсныг юм ил тод болсон өнөө үед л ойлгож байна.

Кажай Базар гэж зохиолч сая­хан Оспаны тухай ном бичжээ. Оспаныг бид дээрэмчин байсан мэтээр л нэгэн үе боддог байсан маань буруу байж. Манай Казахын аль л нэр төртэй, баян чадалтай улсуудыг гамингууд цааш ха­руул­сан нь нууц биш. Тэр үед Оспан баатар гамингийн дарамтад орох­гүй юмсан, тусгаар улстай болох юмсан гэсэн чин эрмэл­зэлтэй бай­сан юм билээ. Тэрийг нь бидэнд буруугаар тайлбарладаг байжээ. Үүнээс болж үндэстэн хоорондоо буруу ойлголцох үзэл бодлын зөрчил гарах нөхцөл болдог байж.

Коран судар юуг чухалчилж сургадаг юм бэ?

-Хүн бие, сэтгэлээрээ ариун байх ёстой. Коран сударт олон сургаал бий. Эцэг эхээ хүндлэх. Ялангуяа эхээ хүндлэхийг Коран сударт бичсэн байдаг. Ядуусын хөдөлмөрийг мөлжих, хүнийг дээ­рэлхэх, баян хоосноор нь ялгах үйл хийх нь ислам шашинд цээртэй. Мусульман хүн ийм үйл яасан ч хийж болохгүй. Өнчин өрөөсөн хүнд туслахыг Коран судрын ариун сургаалд дурдсан байдаг.

Маргааш Наурызын баярын өдөр. Казахын ард түмэн, ахмад настнууд ирж буй жи­лийн өнгийг хэрхэн ярил­цаж байна вэ?

-Тэрийг зурхайч, шинжлэх ухаан нь мэдэхээс биш би тийм, ийм жил болно гэж хэлж мэдэхгүй нь. Амны бэлгээр сайн жил болох байлгүй дээ. Сайхан жил болоосой гэж хүсч байна.

Ингээд Наурызын баярыг то­хиолдуулаад Монголын бүх ард түмэнд, тэр дундаа Баян-Өлгийд байгаа намайг мэддэг, мэддэггүй хамаатан саднууддаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, ирж буй могой жил төр түмэн төвшин, ул­суудын амьдрал хангалуун, эрүүл энх, аз жаргалтай жил байгаасай гэж хүсье.

 Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Данзанравжаа хутагтын хойд дүрийг сурвалжилсан нь

“Өдрийн сонин”
Дорноговь аймаг руу сэтгүүлчээ томилолтоор илгээж Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн
шинээр тодроод байгаа есдүгээр дүр О.Угтахбаярын талаар
цуврал сурвалжлага уншигчдадаа хүргэсэн билээ. Эдгээр сурвалжлагыг бүрэн эхээр
нь хүргэж байна.

тэмдэглэл-1

Сайншандын галт тэ­рэг­ний буудал дээр шө­нийн 01 цаг гучин таван минутад ирлээ. Гар цүн­хээ бариад хамт ирсэн нэгний ачаа бараанаас үүрэлцээд буугаад иртэл Лхагваа маань (яруу най­рагч Бямбаагийн Лхагва­дорж) “А” зэрэг­лэлийн суудалд суусныг хэдийнэ мэдчихсэн, хаалганы өмнө тосоод зогсож бай­на. Олон таван үггүй тун даруу тэрээр “Гэнэт наашаа явах ажил гарав уу. Найз нь унаа тэрэг зохицуулчихсан” гэснээс өөрийг хэлсэнгүй. Галт тэрэгний зогсоолын ёлтой­сон гэрэлд анд минь адуун цагаан шүдээ­рээ инээмсэглэх нь нэг л сайхан. Өнөө л дотнын төрх, цаанаа л эрхэмсэг байдаг найрагчийн царай мөн дөө.

Өдгөөгөөс арваад жилийн тэртээд Арлааны Эрдэнэ-Очир найрагч Равжаа хутагтын нутгаа үзүүлэх гэж хотоос оюутан намайг дуудаж яг л энэ буудал дээр, яг л энэ цагт сэгсийтэл зогсоод хүлээж байлаа. Тэгэхэд намар оройн туналзсан ягаан салхитай үдэш байсан сан. Энэ удаа бол хаврын дунд сар дөнгөж цухуйж буй урин цаг юмсанж. Төмөр замын цардмал цагаан шатны урдхан талд хар ногоон “ланд” өмнө зүг рүү хараад зогсож байна. Лхагваагийн бэлдсэн унаа морь ажээ. Жолооч нь Баяраа гэж үе тэнгийн даруухан залуу байна.  Ингээд Сайншандын зүүрмэг­лэж ядаж буй нойрмог шөнөөр эрхэм нөхрийндөө хүрч очлоо. Гуч гарч буй ганц бие, тэгээд найрагч залуугийн гэр орон гэдэг ямар л олигтой байхав дээ. Уул нь мань эр нягт нямбай хүн л дээ. Гэхдээ ундуй сундуй л харагдана. Дутуу уншаад орхисон номынх нь хуудас дэлгээтэй хэвээр хал­бага, сэрээ энэ тэртэй нөхөрлөөд гал тогоо хавиар байх жишээний.  “Найз нь цуйван хийгээд ээ” гэж байна. -Чи чинь хө, нэг “юм”-тай болсон гээд байсан, яасан билээ гэж би гэдэг хүн ямар ч эв хавгүй, хээ шаагүйхэн асуугаад авлаа. -Нэг бүсгүй бий. Өнөөдөр тэдний­хээс урвачихлаа. Найз минь хотоос ирэх гэж байна гэж гараад буцаж очсонгүй. Унаа тэрэг гэж захаар баахан давхиад, Хөвсгөл сум руу явдаг машин гэж алга. Хатан­бу­лагийн нэг жаран есийг хөлсөлчих санаатай ярьсан чинь хэд гурван зорчигч авчихсан байж. Тэд нь уурлаад хавьтуул­даггүй. Тэгтэл харин Баяраа маань яваад өгье гэдэг юм. Энэ чинь саяхан хот хүрээ орж, энэ “Ланд 80”-ыг авч ирээд байгаа хүн л дээ хэмээн баахан учирлалаа. Найз бүсгүйнхээсээ оргоод, гэртээ ирж адууны мах чанаад, цуйван хийгээд гээд хөөний л юм яриад байна. Гэхдээ уг яриа хөөрөөний завсар тийм нэг чин сэтгэлийн, анд нөхөр­лөлийн эдүгээ цагт бол тунчиг ховордсон бараа сэлт хавчуу­лаастай байгаа нь илт шүү.

Ингээд гурвуул хар ногоон ландтайгаа гарч өглөө. Шөнийн хоёр цаг өнгөрч байгаа. Замаараа Эрдэнэбаяр гэж залууг авлаа. Шөнө дөлөөр явах учир зам сайн мэддэг  хүн хэрэгтэйг Лхагваа юу эс андах билээ. Эрдэнэбаяр бол ээжийн талаараа Хөвсгөл сумынх ажээ. Өөрийнх нь төрсөн нутаг Алтанширээ сум юм байна. Төрийн шагналт Балжирын Дог­мид, соёлын гавьяат зүтгэлтэн Галсангийн Жамъян, Шагдарсүрэн­гийн Гүрбазар гээд олон авьяаст­ны, адармаатай нөхдийн өлгий нутаг даа, Алтанширээ гэдэг чинь. Бид дөрвийн говийн тунгалаг шөнөөр зорьж яваа Хөвсгөл сум Сайншандаас нэг зуун дал гаруй километрийн алсхан бий. Говийн тавдугаар ноён хутагт Данзан­равжаагийн төрж өссөн газар Шувуун шанд, Дулаан харын уул Хөвсгөл сумын нутаг тал руу байд­гийг миний бие өмнө нь хэд хэдэн удаа дөрөө мулталсных мэдэх билээ. Тэгтэл догшин хутагтын тэр л ус нутгаас хойд дүр нь тодорсон мэдээ сүүлийн үед чих дэлсэх болсон. Нарийвчилбаас, Дорно­говь аймгийн Хөвсгөл сумын уугуул Отгон-Амжилтын арван хүүхдийн нэг Угтахбаяр гэж залууг Говийн ноён хутагтын ес дэх дүрээр тод­руулж, Дээрхийн гэгээнтэн ёсчлон баталж, түүнийг нь Хамарын хийдийн тахилч Зундуйн Алтангэрэл тэргүүтнүүд олонд зарласан билээ. Дорнын говиос, Хөвсгөл сумаас тодорсон гэгээнт­нийг сурвалжлахаар Сайншанд-Замын-Үүдийн галт тэргэнд санд мэндхэн суусан минь энэ буюу. Гэхдээ есдүгээр хутагтынхаа эрдэм чадлыг, номын авшиг буяныг нь сурвалжлах гэж зорьсонгүй. Зүгээр л энгийн борог амьдралыг нь олонд бага ч болов үзүүлэхийг эрмэлзсэн хэрэг ээ. Гэгээнтний ижий аав нь  чухамдаа ямар хүмүүс байх, нут­гийн зон олон ямархан санаа бодолтой баяр хөөртэй байхыг, ах дүү амраг садангаар нь нэг буугаад мордъё, тэд юу ярих нь уу, багын нөхөд хийгээд багш нартай нь нэг уулзъя, сургууль соёлоор нь оръё гэж гэнэтхэн шийдээд найз бүс­гүйн­хээ өвөрт нялуурч хэвтсэн Лхагваагаа хөөж босгон, Баяраа­гаар морин жолоочоо хийлгэж, Эркаг хар шөнөөр мөн л халуун хэвтрээс нь аваад гарч явна. Мон­гол орны хаана ямар л үйл явдал болно аймшгийн хэрэг төвөг, уул уурхайн дэлбэрэлт, нинжа нарын тулгаралт, энгийн гэмгүй иргэд амиа алдаж, эрх чөлөөгөө эдэлж ча­дахгүйд хүрэх, өмнийн говь Нэмэг­тийн хөндийгөөс өнөө алдарт Батаарын яс алга болсон хийгээд Завханы Тэс-Монголын хойд хил дээр буун дуу гарсан зэрэг бүхий л зүйлд “Өдрийн сонин” очиж уншигч олондоо үнэн зөвийг хүргэсээр ирсэн. Усан могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний нарыг  Монголынхоо зүүн хязгаарт угтаж, манай Т.Цогт-Эрдэнэ сэт­гүүлч шуудангийн тэрэг бүү хэл, шувуу ч үзэгдэхгүй зүүн хязгаарын заставт хэдэн бор цэрэгтэй зургаа татуулж “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрэн дээр гарч байсныг уншигч олон мэдэж буй. Энэ л уламжлалыг хадгалж намайг ийнхүү хутагтын нутаг руу “шидсэн” бөлгөө.

Яралзтал газрын цээжинд морьд гараад ирдэг шиг яах ийхийн зуургүй Дулаан харын ууланд хүрээд ирлээ. “Дулааны харын ууланд Саран хөхөө донгодно л…” гэх нь бий. Равжаа хутагт Саран хөхөөний намтраа энэ газар усанд задгай хээрт тоглуулж байсан түүх бий. Зүүнбаянгаар дайраад өнгөрөх  зуурт Догмид ахыг ярьж бүгдээрээ баахан инээлд­лээ. Санхүүгийн техни­кумын нэгдүгээр ангийн оюутан Шар хадны архины тасагт хэвтэж байгаад Чойжилын Чимид гуайд хөөгдсөнийг нь, Сайншандаас Зүүнбаян орох тавиадхан кило­метрийн хооронд гар өргөөд суу­сан цагаан паарчигтай охиныг гэргийгээ болгоод авсныг нь, Дор­но­говьд нэр дэвшихээр лут амьтан ирж Жагдалын Лхагваагаа мене­жер болгоод буруудсан хөгийг нь ярьж явсан юм. Шөнийн харан­хуйд лүглийсэн ат шиг амьтад Дулаан харын овоог нар зөв тойрч чулуу нэмэрлээд, дуу дуугаа авч яриглан чоно шиг сунайлдав. Говийн шөнийн оддын туяа овооны зах бэлийн чулуунд талстана. Гурав­дугаар сарын хөхөмдөг салхи энгэр заамаар шургалан, хацар нүүрийг илбэх нь цаанаа л уясуу. Дөрвүүл нэгэнтээ бие сэргэж аваад машин­даа сууж адуун махнаасаа гул­гуу­лан умс, хятай зэргийг баа­хан амтархан идээд цааш хөдөл­лөө. Замын хажуугаар бударгана баг­сайл­даж, заг, хайлаас тэргүүтэн сүглийлдэнэ. Цагаан зээр гэрэлд хаа нэгтээ үзэгдэж, туулай хоёр чихээ сортолзуулаад зам хөндлөн давхина.

“Шувуун
шандад үүр хаяарахыг харах гэж л найз нь шөнө дөлөөр гарахын хүслэн болсон” хэмээн Лхагва маань үнэнээ хэлж байна. Бидний яриа есдүгээр хутаг хий­гээд зорьж яваа газар усны тухай үе үехэн үргэлжлээд л байгаа. “Хутагтыг Хамарын хийдэд нь залчихаад буцаж явахад би яг таарч билээ. Алтангэрэл тахил­чийн хар жийптэй ижил хар машин, номер дугаар нь ч их адилхан машинд шар хадаг яндар болсон залуухан лам дэргэдүүр өнгөрсөн нь хутагт маань байж шүү дээ” гэж Баяраа өгүүлж байна. Үүнийг залгуулаад нэг нь “Хутагтын хөлөг­лөж яваа хар “хоёр зуу”-г хаанаас өгсөн гэлээ дээ” хэмээн үгийн хачир болгоод авлаа.

“Шувуун
шандаас баруухнатай нэгэн суварга босч байгаа. Хэдүүлээ замаараа дайрна. Уг суварганы цаахна хутагтын ижий аавынх нутаглаж байгаа” хэмээн Эрка энэ л газар устай эхийнхээ хүйгээр холбоотойн учир нэгд нэгэнгүй ярьж байна аа. Тэрээр аавынхаа нутаг Алтанширээгийн засаг ноёноор дөрвөн жил ханай­гаад халаагаа өгчээ. Одоо аймгийн төвд хувиараа ажил эрхэлж байгаа гэсэн. Манайхны хэлдгээр “чөлөөт уран бүтээлч” гэдэг шиг л юм даг уу даа.

Нээрээ чиг үүр хаяарахын алдад Шувуун шандад хүрээд ирлээ шүү. Зам бараг л гажсангүй. Төөрч будилсангүй туушхан л давхиад ирлээ. Үүр хаяарахын өмнө болоод тэр юм сан уу, салхи гэдэг чинь ёстой салхи байна. Өнөө хавирга нэвт үлээнэ гэдэг шиг хаа хүү байна. Өвлийн зузаан курткээ гар цүнхэндээ чихээд хийчихсэн, дан ноосон цамцан дээр торгон савхитай гангараад байсан чинь бишдээд явчихлаа. Шувуун шан­дын салхинд өөрийн эрхгүй чичир­дэг байна шүү. Гэвч ажир­сангүй ээ. Анд нөхдийнхөө халуун сэтгэлд нөмөрлөсөн шигээ  Равжаа хутаг­тын­хаа гэрэлт суварганы өмнө мэхийн зогссон. Бүрэг бараг­хан төдийд элсээр шуурсан хаврын хавсаргыг сөрж, Шувуун шандын нарийн шаргал элсэнд гутал зоог­донгуй байсан ч нэг л мэдэх нь ээ уулсын хөтөл дээр гэрэлтэн сацрах ариун шүншигт хөшөөнийх нь дэргэд ирсэн байв. Энэхэн цаг мөчид Лхагваа минь яруу найраг­чийн сэтгэлээр хүүхэд шиг баясан “Найзынх нь хорин жилийн мөрөө­дөл биеллээ” гэж дал мөрийг минь алгадав. Тэрхүү баяр хөөрийг нь улмаа бадраах гэсэн мэт дорнын талаас үүрийн цагаан гэгээ алд алдаар туяарч байлаа. Ийнхүү догшин хутагтын нутагт дорноос мандах наранд залбирч, гэрэлт суварганых нь өмнө гэгээ татуулж зогсох цаг мөч ирдэг л юм байна. Өнөө цагт толгойтой бүхэн л энер­гийн тухай ярьж, Равжаагийн Ха­марын хийдийг бөөн бөөнөөрөө зо­рих болсон. Сүм суваргад нь мөр­гөж, Хар ууланд нь сүсэлж, зуун найман агуйд нь бараг л гэгээрч аваад буцдаг гэж байгаа. Тэгвэл Хамарын хийдээс гадна төрсөн бууц Шувуун шандад нь үүрийн гэгээнээр ирж, наран мандах цаг дор Дорнын говь нэлдээ алтран шаргалтахыг харахуйд нүдний манан арилах шиг болдог юм билээ гэдгийг энэ дашрамд дуулгачихъя.

Эрдэнэбаярын хэлээд бай­санч­лан Шувуун шандын цаах­натай суваргаар дайраад гарлаа. Цэцэг-Өлгий гэж залуу уг бүтээн байгуулалтын ажлыг удирдаж байна. Сайд нарын зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байсан Монгол төрийн нэгэн түшээ Ч.Сүрэн гэж байсныг манайхан мэднэ дээ. Тэр хүн Хөвсгөл сумын унаган  иргэн байжээ.  Аавынхаа дурсгалд зориулж үр хүүхдүүд нь тэрхүү суваргыг бүтээлгэж байгаа юм байна. Догшин хутагтын төрсөн бууцан дээрээс өглөөний наранд оройн ганжир нь алтраад байгаа нь тодхон үзэгдсэн суварга үнэхээрийн сүрдмээр юм аа. Төр түмнийхээ төлөө зүтгэж ирсэн аавынхаа дурсгалд үр хүүхэд нь байгаа бүхнээ зориулж буй нь илт. Суваргын өндөр дөчин таван метр гэсэн байх шүү. Тойргийн хэмжээ хэчнээн ч найман ханатай гэрийн буурьтай тэнцэх юм бэ дээ, бүү мэд.

Цэцэг-Өлзий биднийг “Багшийн гэрээр нэг ороод гар даа” гэв. Ёотон шиг дөрвөлжин олон цагаан байшин­гийн дээхнэ талд нэгэн гэр байсан нь багшийнх нь өргөө ажээ. Багш нь Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Бурханч лам Г.Пүрэвбат гэнэ. Хэд хоноод л нисдэг тэргээр ирж өргөөндөө морилж, суварганы бүтээн байгуу­лалттай танилцдаг гэж байгаа. Гэрийнх нь хойморт шар хадгаар баринтагласан олон судар ном давхарлаастай байна. Тэнд өглөө­ний цай цүй барьчихаад цааш хөдөллөө. Шинэхэн тодроод буй есдүгээр хутагтын аав ээжийнх Цувираагийн хийдийн дээхнэ, Улаан хошуунд хаваржиж буй. “Отгон-Амжилт ах, Өргөнцагаан эгч хоёртой бараг л ах дүүгийн барилд­лагатай явдаг. Гэрээр нь орж гарна, хооллож ундална. Цагаан сарын дараа золгох гэтэл эзгүй байгаа дуулдана. Дараахан нь сураад байтал бүр байдаггүй. Гадагшаа явсан ч гэх шиг. Саяхан л хүүхдээс нь мэдлээ шүү дээ” гэж суварганы Цэцэг-Өлзий хэлж бай­сан. Тэгэхээр ойр хавийнх нь хүмүүс нарийн учрыг сайн мэдээгүй л байгаа бололтой. Ямар хүүхэд нь гэнэтхэн гэгээнтэн болоод улс даяар шуугиад явчихав гэдгийг зарим нэг нь ухаж төвдөөгүй нь нутгийн захаас л мэдрэгдэж байсан.

Цувираагийн хийдийг чанх урдуур нь эмжээрлэн өгсөж, Хөвс­гөл сум руу хөтлөн туушиндах төв замаас баруун хойшоо салж дав­хиулсаар хот айлд ирлээ. Хотоос зорьж ирсэн айл маань энэ шүү дээ. Хоёр гэрийн гадаа нэг нэг хужаа мотоцикль ёс юм шиг л байж байна. Баруун гэрийн хатавчийг  шар “жаран ес” налаад “хэвт­чихэж”. Гэрийн урдхан дөнгөж саяхан гарсан бололтой нойтон ботго унаж босон чүүчигнэж, хажуу­ханд нь хүрэн улаан ингэ хавь ойрыг сүрхий чигч ширтэнгүй зог­соно. Хоёр гэрийн зүүн талынхад нь орлоо. Есдүгээр хутагтаар тодорсон Угтахбаярын ах Эрдэнэ­батынх ажээ. Эрдэнэбат гэргий хүүхэд болоод өөрийн төрсөн дүү Мэндээгийн хамт байж байна. Аав ээж нь хараахан ирээгүй гэнэ. “Манай хоёр чинь яваад удаж байна. Одоо аймгийн төвд байгаа сурагтай. Түрүүнд Мэндээг хажуу талын толгой дээр гаргаж утсаар яриуллаа. Үдээс хойшдоо гарах гэнэ” гэж гэрийн эзэн өгүүлэв. Гэгээнтний ах Эрдэнэбатад ч тэр, төрсөн дүү Мэндээд ч тэр ерөөс энэ айл гэрээс хутагт төрсөн шинж алга шүү. Байдаг л амьдрал байгаа­гаараа л байж байна. Өөр яах ч билээ дээ, гэхдээ гэрийн эзний яриа хөөрөөнөөс дүүгийнх нь тухай тодруулбал, хутагтын талаар ганц ч үг гарсангүй. Тэрээр хаваржилтын байдал, ингэ ойр ойрхон ботголж байгаа зэрэг хөдөөнийхөө л өдөр тутмын сониноос дуулгаж байлаа. “Танай гэрээс Говийн ноён хутаг­тын хойд дүр тодорлоо доо. Энэ мэдээг хэзээ дуулав” гэхүйд, Эр­дэнэ­бат “Тийм гэсээн. Утсаар нэг ярьтал аав ээж хэлсэн” гэхээс өөр хариулт өгсөнгүй. Мэндээ дүү нь зүүн орон дээрээ тэрийж хэвт­чихээд ер чимээ аниргүй шүү. Баруун талын гэр нь мэдээж аав ээжийнх нь гэж байгаа. “Аав ээж хоёрыг ирвэл нүүх санаатай байна. Шар өтөгнөөсөө ядахдаа салъя даа” гэх санаагаа шуудхан хэлээд авсан. Есдүгээр хутагтын төрсөн гэр, ах дүү нар нь нэг иймэрхүү огтоос ажиг сэжиггүй байж байлаа.

тэмдэглэл-2

Шинээр тодроод буй есдүгээр хутагтын төрсөн гэр болоод Эрдэнэбат ахынх нь сумын төвөөс зүүнтээ дөчин таван ки­ло­метрийн тэртээд нутаг­лаж байв. Улаан хошуу гэдэг газрыг нь хэлээд байна л даа. Сүүлийн жилүүдэд Цувираагийн хөндий, Бор нуруу тэр хавиар л буурь сэлгэх болжээ. 150 гаруй тэмээ­тэй, түүнээс дөч орчим нь ботголно гэж байсан. Ингэн тэмээд хонь, ямаа шиг шөнө оройгүй “ас­гаад” байдаггүй ч өдөр бүр л торомгор нүдэн ботгонууд нэмэгдэж, гад­саа тойрон буйлдаг бо­лолтой. Өвөлжөөний шар өтөгнөөс нэлээдгүй зай­тай эр хөрсөн дээр томоо гэгч хүрэн ат авдарлаад хэвтэж байгаа нь сүртэй харагдана. Ойр зуурын ажилд сөөг сөөг хөт­лүү­лээд, энэ л хот айлын ус түлээг нь дөхүүлж хар бор ажлыг нь нугалдаг ганц нь болов уу. Эрдэнэбатын гэргий яриа хөөрөөний завсарт тавгийн идээгээ дахин сэргээж ингэний зөөлөн хурууд тавиллаа. Түрүүнд, суварганаас наахна Цувираагийн хий­дийн доод руу нэгэн айлын гадаа түр зогсоход гэрийн эзэгтэй, сааж бай­сан ингээ орхиод санд мэндхэн ирж шинэхэн хурууд бид дөрөвт атга атгыг өгсөн билээ. Тором­той ингэнүүдээ гаднаа аргамжиж шувтраад али­ваа зүйл ховордоод ир­дэг хаврын энэ л хахир­ган сард ааруул хурууд­тай, айраг цагаа хоор­мог­той дэлхий дэлгэнүүлээд сууж байдаг байна шүү, дорнын говийнхон. Ахынх нь хоймрын жаазанд шинэхэн хутагтын ганц нэг зураг байгааг олж харлаа. Энэтхэгт ша­вилж байх үеийн зурагнууд байна. Орон дээр тэрийлдэн хэвтэж, босч ухасхийн ингэний ааруул шүүрч бал бурам мэт амтлах Мэндээ хүү ахтайгаа хамт Энэтхэгт шавилж байсан гэнэ. Тэр тухай өөрөөс нь асуухад чихгүй юм шиг л сууна. Өөдөөс нүдээрээ инээчихээд өөр хариулт өгсөнгүй. Хар хөх ноосон малгай дарж өмсөн бор шаргал дээл эгэлдэргэлж, энгэрийг зад­гайл­сан Эрдэнэбат ах нь шар дурдан бүсэндээ ганц нүдний дуран зангиджээ. Түүнтэй л тав гурван үг сольж, гэгээнтэн дүүгийнх нь тухайд энэ тэрхнийг сонирхоод Хөвсгөл сум руу хөдөллөө. Аараг толгодын бэлээр явгалах салхи савирт ганц нэгхэн хамхуул хийсч, сайрын мөргөцөгт тарлантах хай­лаас­ны үзүүр үл ялигхан сэвэл­зээтэй. Говийн дуниартсан, хаврын тийм нэг зэгэл саарал өдөр мөнөөс мөн дөг өө. Харин Хөвсгөл сум руу шуугиад ороход өөр дүр зураг угтсан. Сумын төвд наадам болж байна аа. Наадмын талбайн гол дахь мандалд төрийн далбаа өн­дөрт намирч, биднийг очих үест соёолон морьд барианд орж бай­лаа.

Хаврын дунд сарын энэ цагт чинь юун наадам найр билээ, ижий аав, гэр бүлийнхэнд нь дуулгалгүй ус нутгийн олон хутагтынхаа наад­мыг хийгээд хөөрч суугаа юм биш байгаа гэх хар төрөөд явчихав. Гэвч үгүй юм аа. Хөвсгөл сумынхан жилийн жилд, хаврын хаварт наа­дам хийдэг байна. Жилд нэг баг нь зохион байгуулж, бай шагналыг нь дааж сүр жавхлантай нааддаг ажээ. Өнөө жил гуравдугаар баг буюу Элстэйн багийнхан зохион байгуулж азарга, соёолон урал­дуулан хэдэн харцуулаа ноцол­дуулсан нь тэр.

Говийн хэлхгэр өвгөд, ханагар хүрэн эрчүүд цагаан сараар гоёсон дээлээ өмсөж, өнгө өнгөөр алаг­лаад наадмын талбайдаа жийптэй нь жийптэйгээ, “жаран ес”-тэй нь “жаран ес”-тэйгээ, портертэй нь портертойгоо, мотоцикльтой нь мотоцикльтойгоо оччихсон байна. Магнайгаараа дүүрэн медальтай цоохор морин соёолонгийн уяач дээр яваад очлоо. Хадаг зүүснийг  бодоход айрагджээ гэтэл түрүү соёолон нь юм байна. Хөвсгөл сумын Б.Анхбаярын шар цоохор үрээ гуч гаруй соёолонгоос тийнхүү магнайдаа тоосгүй иржээ. Морь шинждэг хүн бол үгийг гамналгүй хэлж, хэдэнтээ тойрч харахаар сайхан үрээ байна лээ. Мань мэт нь ямар морь мэдэх биш. Зэргэлдээ сумдууд болох Хатанбулаг, Улаан­бадрахаас морьд ирсэн гэнэ. Ганц нэг нь айраг амссан ч дуулдана. Унаа болоод уяа морьд нь өнгө зүс сайтай, хүдэр эрчүүд нь хаврын салхинд алгадуулж гандаж хөхөр­сөн ч цаанаа л нэг жавхаатай байгааг харахуйд сүүлийн жилүү­дэд Хөвсгөл суманд өнтэй өвөл, хавтай сайхан хавар болсны шинж ээ. Хөдөө нутагт цагийн байдал сайхан цас зудгүй, ган гачиггүй л бол хүнтэй малтайгаа тавираад ирдэг хойно доо.

Уг наадам дээр хурдан удмын үрээ морьд сурч байгаа мэт нэг хүнийг сураглалаа. Тэр нь есдүгээр хутагтын багын найз Эрдэнэболд юм. Мань нөхрийг ёстой ганц ч алхуулалгүй бариад авав шүү. Европ маягаар хувцасласан тэрээр бас шаггүй уяач гэнэ. Тухайн өд­рийн наадамд соёолон үрээгээ аман хүзүүнд давхиулжээ. Жинсэн өмд­нийхөө тэлээний завсар хусуур сойзоо бүслэх нь холгүй нөхөр машинд суулаа. Ингээд Эрдэнэ­болдтой хөлс нь хатаагүй хүлэг морьд эргэцэж, хусуур сойз шар­гисан наадмын талбай дээр хутаг­тын тухай яриа хөөрөө үүсгэлээ. “Бид хоёр ерэн нэгэн онд Хөвсгөл сумын сургуулийн 1А ангид хамт орж байлаа. Анхны монгол бичиг үзсэн хүүхдүүд шүү дээ. Ангийн маань багш Ж.Юмрэн гэж хүн бий. Одоо Эрдэнэ суманд байгаа. Ма­най найз чинь багын л үг дуу цөөтэй, гэрээс гарах дургүй тийм л хүүхэд байсан.  Нэгдүгээр ангид хамт орсон хүүхдүүдээс бид хоёр л өнөөг хүр­тэл нөхөрлөж яваа байх шүү” гэж гэгээнтэн андынхаа тухай дурсаж байна. Тэрхүү цөөхөн хоромд Эр­дэнэ­болд инээдтэй гэмээр хэд хэдэн зүйл ярьсан. Тухайлбал, нэгдүгээр ангид хамт сууж байсан найзыгаа хэдэн жил хараагүй байж байгаад Өлгий хийдийн лам болсных нь дараа лам хувцастай харжээ. Түн­жийсэн толгойтой найз нь нэг өдөр гэрт нь сан тавихаар ирж л дээ. Эрдэнэ­болд мэнд ус ч үгүй түс­хийтэл инээгээд авч. Маани мэгзэм унши­хад нь бүр инээдээ барьж чадалгүй тачигнатал хөхрөөд ээж­дээ заг­нуулж гэрээсээ хөөгдөж гарсан удаатай. Түүнээс хойш найзаараа дандаа сан тавиулж, засал номоо хийлгэх болсон байна. Харин хутагт Эрдэнэболдод хандан “Чи намайг ямар тоох биш дээ. Маани уншихаар шоолж даапаа­лаад байдаг биз дээ” гэж тоглоом шог­лоо­моор үгийн завсар хэлж байсан гэдэг. “Морь уяж эхэлс­нээсээ хойш найзыгаа уяан дээрээ байнга ав­чирч сан тавиулах болсон. Уяа морьдоо барьчихаад л Угтахаа руу явна шүү дээ. Хамарын хийдийн лам байхад нь хүртэл гэртээ авчирч байлаа” гэж өгүүлэв.  Үе насны залуучууд хужаа мотоцикль дээр сундалдаад л ирдэг байсан биз ээ. Тэгтэл тэрхүү найз нь нэг л өдөр Говийн хутагтын хойд дүрээр то­дорч байдаг. Эгэл амьдрал гэдэг ийм л байдаг хойно доо. Энэтхэг рүү сурахаар явахад нь Замын-Үүд хүртэл гаргаж өгснөө, амралтаараа ирээд байхад нь хотод хоёр най­зын­хаа хамт уулзаж ресторанд сууснаа сонирхуулав.  Хутагтын багын найзтай ийнхүү уулзаж бага­гүй хуучилсны дараа Хөвсгөл су­мын төвд байх эгчийнд нь хүрч очлоо. Хоёр гурван том өрөөтэй цагаан байшинд  ээжийнх нь төр­сөн дүү Отгонтогтохынх аж төрж сууна. Тэрээр сургуулийн нярвын ажилтай. Гэр бүлийнх нь хүн мөн л сургуульд галчаар ажилладаг гэ­сэн.

Амьтан хүн орж гарсан хөл хөс болсон л айл байна. Бид хэрэг зоригоо дуулгатал уриалгахан хүлээн авч цай цүй болоод тэрүү­хэн тэндээ сандралдаад авлаа. Гэрийн эзэгтэй охиноо наадмын хуушуур зарж буй айл руу гүйл­гэлээ. Тэр хооронд тогоо тавин шинээр цай үйв. “Эгч маань (хутаг­тын ээжийг хэлж байна) дүү нар бидэндээ ээжийн оронд ээж бол­сон буянтан. Бараг л жил дараалан арван хүүхэд төрүүлсэн хүн дээ. Засгийн их малтай, олон нялх үртэй хэцүүхэн байсан үе бий. Арван хүүхдээ хүний дайтай өсгөх гэж үйл тамаа идсэн нь ч бий байх. Өрөвд­мөөр л харагддаг байлаа. Тэгтэл насны сүүлд жаргадаг юм байна аа. Бурхан тэнгэр хүнийг бас хардаг юм байна шүү” гэж Отгонтогтох эгч хуучилж байв. Ингэхэд тухайн гэрийн эзэн Даваасүрэн шиг хэрэг­тэй хүн Хөвсгөл суманд байдаг болов уу гэж бодогдохоор. Сур­гуульд галч хийхийн зэрэгцээ гэрээ­рээ гагнуур хийдэг аж. Цай дэврэх хооронд хоёр гурван ч хүн ирж уулзсан. “За Даваа минь чиний хэрэг л гарлаа шүү дээ” гээд ороод ирнэ. Хөдөө гадааныхан ундааны саванд хийсэн сүүтэй ирнэ. Түүний­гээ хэлэх ч үгүй, зүгээр л гал тогоо хавиар тавьчихна. Хөлс нь тэр. “Манай хүн хорь гаруй жил амьтны эвдэрсэн хэмхэрснийг засч явна. Сүүлдээ царай зүс ч байхгүй болох юм. Нүүр нь нэлэнхүйдээ түлэгд­чихсэн” гэж гэргий нь хэлэв. Түүнийг нь Даваасүрэн ах тоож байгаа ч юм алга. Нар салхинд зуу зуун жил алгадуулсан хүн чулуу шиг нөхөр муухан инээвхийлж л сууна. Гэхдээ болоогүй ээ цаад чинь, шар “жаран ес”  гаднаа сойчихсон додьгор эр. Машины, засварын газар болох амбаарын, өөр юу юуны ч юм бэ дээ баахан том хар түлхүүр баруун гартаа эргүүлсэн шигээ гэр дотуу­раа алхаад л.

Отгонтогтох бүсгүйтэй ахиад л хутагтын тухай ярилцлаа. О.Угтах­баяр ламтан нэгдүгээр ангид байх­даа дотуур байранд сууж байжээ. Нэлээдгүй зөрүүд нөхөр байсан бололтой. Хүн юм асуухаар дууга­рахгүй. Жаахан дургүйг нь хүргэ­чихвэл бүр гөжчихнө. Олны яриа­гаар бол түнжийсэн шар нөхөр л Хөвсгөл сумын сургуулийн дотуур байранд таваргаж явсан хэрэг. Гэгээнтний ээжийн мөн л төрсөн дүү, аймгийн алдарт уяач Бат-Өлзийн Болдыг хэн нь ч юм бэ “чихдээд” аваад ирлээ. Мань хүн азарга, соёолон хоёр сойж хаврын баяртаа уралдуулаад нэг айраг авчихсан, хэлхийсэн эр ороод ирлээ. Ингээд алдарт уяачаас Даваасүрэн ахын гал тогооны өрөөнд “байцаалт” авлаа. Багагүй урт ургаж, хоёр чихийг нь дарсан халимгаа арагш илбэн, жаахан духайсхийгээд ийн ярьсан юм. “Ахынх (хутагтын аавыг хэлж бай­на) сумын төвөөс баруунтаа Өл­зийт, Баян модоор нутаглана. Наяад оны дундуур, тэр чинь наян дөрвөн оны намар юм аа. Манайх Өлзийтийн наахнатай Сухайт, Улаан худагаар нутаглаж байлаа. Би гэдэг хүн засгийн их тэмээтэй, хэдэн тэмээ салхидуулаад алдчих­сан эрэлд явж байхдаа ахынхаар буусан юм. “Эгч нь амаржаад дөнгөж саяхан гарч ирээд байна” гэж ах хэлж байсан. Тэрхүү улаан цурав үр өнөөдрийн есдүгээр хутагтаар тодроод байгаа Угтах­баяр даа” гэв. Ёстой л нэг нэмэр хачиргүй сайхан дурсамж.

Тэрээр цааш ярьсан нь “Өлгий хийдийн Дамбарэнцэн тэргүүтэй лут лам нар байлаа. Ихэвчлэн гавж, хамбууд байсан байх. Тэд л Угтахааг ихэд тоож шашны маш том зүтгэлтэн болно гэж хэлдэг байсан юм билээ. Би ч бас тэдний амнаас ийм үг сонсч л байлаа. Ерээд оны эхээр шиг санагдана. Намар оройхон хэрд ахынд дав­хиад очтол “Хүү минь Өлгийн хий­дэд шавилж байгаа. Түнжгэр үрийг минь ирээдүйд нэртэй лам, шашны зүтгэлтэн хувраг гэгээнтэн болно гэж хийдийн лам нар хэлж байна. Түүнийг сонсоод ихэд баяртай байна аа” гээд Отгон-Амжилт ах бөөн хөөр, нүдэндээ нулимстай сууж байсан. Одоо бодох нь лууга­рууд мэддэг л юм байна”. Бас л гоё дурсамж.

Болд ахтай наадмын хуушуур гулгуулсан шигээ баахан хууч хөөрөөд гэрээс гарлаа. Отгонтогтох эгчээр хөтөч хийгээд гарсан юм. Тэрээр алдарт уяачтай гал тогоог нь эзэгнэж байх зуурт бага ангийн багш Наранбаяртай яриад, гэгээн­тэн дүүгийнхээ сурч байсан ангиар намайг оруулах программыг хэдий­нэ зохион байгуулжээ. Сумын төвд үдээс хойшдоо элсээр шуурч, хүйтэн ч юм шиг, халуун ч юм шиг салхи хацар алгадаж байлаа. Хөвс­гөл сумын сургууль Монголын нэрт зохиолч, богино өгүүллэгийн мастер Жагдалын Лхагва агсны нэрэмжит гэдгийг миний бие гадар­лах юм. “Толгодын цаана ингэ буйлна”, “Анхны хайрын зурвас” тэргүүт сонгомол бүтээлүүдээр нь Жагдалын Лхагва агсныг олон түмэн мэдэх билээ.

Хутагтынхаа ангиар орлоо,  Г.Наранбаяр багштай уулзлаа. Ерэн нэгэн онд Угтахаа ламыг нэгдүгээр ангид ороход Наранбаяр багш нөгөө ангийг нь дааж авсан түүхтэй. Тийм хэрнээ хутагтаа мэдээд байгаа нь сайхан юм. “Мант­гар шар банди” байсан даа гэж байна. Наранбаяр багш 32 жил тасралтгүй бага анги дааж, зүггүй шувуухайнуудтай зууралджээ. Үг яриа нь хүүхэд шиг, дуу хоолой нь ч тийм нэг намуухан, хөдөө сумын багын багш нар ийм л байдаг аа гэх сэтгэгдлийг төрүүлэхээр. Хутаг­тын сурч байсан ангид Наранбаяр багшийн ангийнхан хичээл хийж байна. Долоо, найман настай балчрууд сүрхий гэгч нь тоо бо­доод “номхон команд”-тай сууж байв. “Равжаа хутагт чинь манай Хөвсгөлийнх шүү дээ. Улаан­бад­рахынхан манайх гэж булаа­цалд­даг. Гэтэл ямар ч маргах зүйлгүйгээр манай нутгаас хойд дүр нь тодор­лоо” хэмээн ардын багш баяр хөөртэй сууна. Багшийн ярианаас бас нэг зүйл анзаарагдсан юм. Хутагт тодорлоо гэнгүүт л сургууль даяараа хэний шавь бэ, хэн хэн ойр байсан бэ, байрны багш нь тэгэхэд хэн байв, ямар айлаар орж гарч байв гээд л баахан эрэл сурал болсон шиг байгаа юм. Тэгтэл нэгдүгээр агийнх нь багш өөр суманд байдаг, байрны багш нь бурхны оронд явчихсан байдаг, орж гарч байсан айл гэхээр бүдэг байдаг, ер нь л базаахгүй дүр зураг гарч. Сургуулиас гараад сумын төвөөр нааш цааш холхиж дэлгүүр хоршоо орсон шигээ бага сага саатлаа. Энгийн иргэдээс хутагтын тухай асууж, ямархан хариулт өгөхийг нь сонирхов. Ихэнхдээ л мэдээж баяртай байна. Манай Хөвсгөл сум ерөөлтэй, номын авшиг­тай нутаг гэж байна. Ер нь хүмүүсийн ярианаас анзаарахуйд “Түнжийсэн толгойтой шар юм” гэхээс өөр зүйл дуулдсангүй. Есдү­гээр хутагт маань тавдугаар ноён хутагт “галзуу” Равжаагаасаа эрс өөр бололтой. Архи дарс, авгай хүүхэн, шүлэг найраг гээд олоон зүйлээр “дутуу” буюу.

тэмдэглэл-3
Говийн ноён хутагтын есдүгээр дүрээр тодор­сон О.Угтахбаярын тухай цуврал тэмдэглэлийнхээ сүүлчийнхийг хүргэж бай­на. Эхний хоёр цувралд гэгээнтний ах дүү, амраг садан, найз нөхөд, баг­шийнх нь яриа хөөрөөг түлхүүхэн багтааж ху­тагтын гучин нас хүртэлх туулж ирсэн зам мөр, хувь хүнийх нь зан чанарыг бага ч болов тодотгохыг эрмэлзсэн юм.

Эл удаа гэгээнтнийг төрүүлсэн аав ээжийнх нь яриа болоод бусад зүйлийг уншигч олондоо хүргэж байна. Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн хойд дүрээр тодорно гэдэг тухайн хүнээс машид эрдэм чадал, авьяас билгийг шаар­дах билээ. Равжаа хутагт бол Монгол Улс хийгээд монгол үндэс­тэн олонд нэр алдраа цуурай­туул­сан хосгүй авьяас билэгтэн, ер бусын ид шидтэн байсныг түүх гэрчилнэ.

Гэхдээ энэхүү сурвалжлага, тэмдэглэлийн гол зорилго шинэхэн тодорсон хутагтыг хувь хүн талаас нь нээж уншигч олонд хүргэхэд оршиж байгаа. Манайхан хутагт хувилгаад төрлөө гэхэд тухайн хүнээ дээд тэнгэрээс тэр чигээрээ буугаад ирсэн мэтээр ойлгоод байдаг. Ерөөсөө л лам хувцастай завилсан төрхтэй, муу муухай нэг ч зүйлгүй амьд Будда л гэнэт гараад ирсээн гэж сүсэглэх нь бий. Гэвч үнэн чанартаа өнөө хутагт маань тодрохоосоо өмнө эгэл жирийн иргэн, борог амьдрал дунд өссөн хүү байгаа шүү дээ. О.Угтахбаяр гэгээнтэн олон хүүхэдтэй эгэл даруу­хан айлд төрж, ах дүү ар­вуулаа бужигнаж өссөнийг өмнөх тэмдэг­лэл­дээ дурдсан.

Харин гэгээнтний охид бүсгүй­чүү­дэд дурлаж бас ч үгүй хорин хэдтэй залуугийн хонгорхон явд­лыг найз нөхдөөс нь дам сонслоо. Угтахаа Энэтхэгээс ирчихээд, Мон­голд Шашны сургуульд сурч байх үедээ дотны найзуудтайгаа хаа нэг уулзалддаг байсан байна. Тэгээд ганц нэг бүсгүйд сэтгэлтэй болсноо  аминчлан хэлдэг л байж. “Одоо­хон­доо найз нь сонголтоо хийж чадах­гүй байна” гэж үнэнээ л хэлж байж. Харин найз нар нь сүүлийн үед уулзаагүй, иймэрхүү аминчхан яриа өрнүүлээгүйгээ хэлж байсан. Есдүгээр хутагт Улаанбаатарт байхдаа Яармагт хашаа байшинд амьдарч байжээ. Орой үдэш худ­гаас ус зөөх, найзуудтайгаа түлээ­ мод хөрөөдөх, дүн өвөлдөө нүүрс бэлдэх гээд гэр хороол­лынхны л   хар бор амьдралаа залгуулж явсан аж. “Энгийн хувцас өмсөнө биз дээ. Үргэлж дандаа лам дээлтэй явахгүй нь мэдээж байх” гэж Эрка найзаас нь асуухуйд, өө энгийн хувцас өмсөлгүй яахав. Их наргианч шооч хүн дээ. Биднийг чинь үргэлж л явуулна, хөгжөөнө. Хамт байхад инээдтэй юм яриад хөгжилтэй гоё байдаг. Манай най­зууд нэг удаа Тэрэлжид очиж амарсан юм. Тэгэхэд Угтахаа жин­сэн өмд, цамцтай ганган залуу явж байлаа шүү дээ гэв. Найзуудынх нь нэмэр хачир­гүй яриа энэ.   

Есдүгээр хутагт ерэн нэгэн онд Хөвсгөл сумынхаа нэгдүгээр ангид орж хичээл заалгаад бараг л нэг­дүгээр ангиа төгсгөлгүй сур­гуу­лиа орхисон байна. Гол шалтгаан нь лам болох. Хаврын амралтаар төлийн цагаар гэртээ ирэхдээ аавдаа “Би хичээлдээ суухгүй. Лам болно” гэж л хэлжээ. Аав ээж нь  “Чи сургуульдаа сур. Ийм эрт ин­гээд хичээлээ орхих гэж…” хэмээн аашилсангүй. Багш нар болоод сур­гуулийн захиргаанаас нь хи­чээлд суухыг тушааж наануу цаануу гэсэнгүй өнгөрсөн гэнэ лээ.

Ингэж л Угтахаа хүү хувь заяаны дуудлагаар сургуулиасаа гарч хонь хурга ха­риул­сан шигээ байж байгаад Өл­гийн хийдийг зорьсон байна. Өл­гийн хийдийг зорихын өмнө айм­гийн­хаа хийдэд шавилахаар аав­тайгаа Сайншандад ирж байсан түүх бий гэнэ. Гэвч аймгийнх нь Гандан хийд их гэгээнтнээ хүлээж аваагүй удаа­тай. Үндсэндээ нас нь бага байна гэх шалтгаанаар буцаасан гэдэг. Лам болно гэх далдын мөрөөдөл, зөн совиндоо хөтлөгдсөн Угтахаа хүү аавынхаа моринд сундалсаар урам муутайхан нутаг руугаа буц­сан байдаг. Энэ бол Рав­жаагийн хойд дүрээр тодорсон гэгээнтний арваад настай байх үеийн явдал билээ л.

Сумын төвд өдөржин ажил болж ойр зуурхан хүмүүстэй уул­зан манаргасаар үдэш боллоо. Нар жаргаж үдшийн цагаан гэгээ нөмрөх ахуйд хутагтын ижий аавын­хыг зорин сумын төвөөс хөдөлсөн. Хутагтын аав ээжийн­хээр эхлээд очиход байхгүй байсан юм. Үдээс хойшдоо аймгийн тө­вөөс ирснийг Угтахаа гэгээнтний төрсөн эгч Зул сумын төвд байхад дуулгасан билээ. Отгон-Амжилт гуай болоод том хүүгийнх нь нутаг­лаж байгаа Улаан хошууг зорих замдаа Хөвсгөл сумын уугуул иргэн улсын аварга малчин Сэрээгийн Банди гуайнхаар дайрлаа.

Хэний ч өмнөөс үгээ хэлж, хэлэх хэлэхдээ тун айхтар сөргүүлэн хэлж ирсэн өвгөн буурлаас нутгийн олон нэг л жийрхдэг юм билээ. Тэр нь хүн­дэт­гэж буйн илрэл. “Саяхан манай сумын Засаг дарга манай­хаар ирлээ. Жаахан хүү байна аа. Бид гурван үг хэллээ, санаа оноо өглөө. Гэхдээ загнасангүй ээ” гэв. “Загнасангүй ээ” гэдэг бол үг байгаа биз. Банди гуайгаас гарах үг л дээ. Түүнээс шинээр тодорсон хутагтын тухай асуулаа. “Ус нутгаас минь хутагт тодорсныг дуулаад өвгөн би их баярлалаа. Отгон-Амжилттай сүүлийн үед нэг их уулзсангүй. Түүнээс бид хоёр чинь тэмээ ма­лын­хаа бэлчээрээр уулздаг л хоёр доо. Хутагт хүүг нь би сайн мэдэхгүй юм. Олны яриагаар бол их л багаа­саа шашны ном мөр хөөсөн, зөв хүүхэд шиг дуулдаад байгаа юм” гэж байна.  Ооч сахалтай, цэц билэг гэж жигтэйхэн аварга малчных Адуун чулуундаа сүүлийн жилүү­дэд нутаглаж байгаа гэнэ. Малынх нь хашаа хороонд шинэхэн төл болох  зуугаад хурга ишиг майлал­даад нэг л сайхан найрал хөгжим мөн дөө. Банди гуай засаг захир­гаа­ны адуу хорь шахам жил ха­риул­сан, ёстой чиг адууны хийморь дунд явсан буурал юм аа. Тэд­ний­хээс хөдлөөд л Отгон-Амжилт гуайн гадаа дөрөө мулталлаа даа. Хутаг­тын аав Борын Отгон-Амжилт гуай хотолж буй хүрэн улаан тэмээ­дийнхээ наахна гүйж явна. Зэрвэс харсан нэгэнд бол арван хэдтэй банди уу гэж харагдахаар. Тийм л хөнгөн шингэн, зүс царай тунгалаг хүн байна. Тэрээр хар хөх гонжоом­той, цагаан ягаан цамцтай, ганган ботинктой дэгжин гэж жигтэйхэн малчин шороо тоос манарсан өтөг бууцан дундаа цохиж явна. Айм­гийн төвөөс ирээд удаагүй, ёслолын хувцсаа солиогүй байгаа нь тэр ажээ. Хутагтын ижий Өргөнцагаан гуай гэгээнтнийг тө­рүүл­сэн хүн дээ гэсэн шиг буянтай буурал ханайж сууна. Нэрэндээ чиг таарсан сайхан хүн юм аа.

Ингээд есдүгээр хутагтын төр­сөн гэрт тулганд аргалын гал дү­рэл­зэн, тэмээ мал нь хотолж байх цагаар ингэний хоормог уусан шигээ хоёр хөгшинтэй хөөрөлдлөө. Отгон-Амжилт гуай эхлээд хүүгийн­хээ тухай ийн ярьсан юм. “Манай хүү чинь 1984 оны наймдугаар сарын 15-ны өдөр төрсөн. Анх төрөхөд нь ямар нэгэн зүйл мэд­рэгдээгүй харин багаасаа л лам болно гэж зүтгэсэн хүн. Өлгийн хийдэд гурван жил орчим шави­лаад 12 настай хүүхэд Хамарын хийдэд шавилсан. Нэг зүйлийг сонин болгож хэлэхэд, гэгээнтэн хүүг мэндэлж байх үед манай дунд сургуулийн ангийнхан уулзсан. Далаад оны дундуур Хөвсгөлийн долоон жилийн сургуулийг төгссөн бид наян дөрвөн оны наймдугаар сард арваад жилийн дараа уул­залд­сан хэрэг шүү дээ. Тэгтэл хүү минь төрдөг юм. Манай долоо дахь хүүхэд. Ангийн олон бэлгэшээж уулзалтыг минь угтаж ирсэн хүү байна гээд Угтахбаяр нэр өгсөн түүхтэй. Хүүгээ Энэтхэгт шавилж байхад их санана аа. Сумын төв орж утсаар ярина. Энэтхэгт сурч байгаад Монголдоо ирж Шашны дээд сургууль төгссөн. Тэгээд өнгөрөгч оны тавдугаар сараас Хамарын хийдэд албан ёсоор суусан даа. Гэтэл удаа ч үгүй ийм сайхан зүйл тохиолоо. Аймгийн төв орчихоод хөдөө рүүгээ маргааш нь буцна гээд байж байтал том хүү маань ярьдаг юм. Аав та гараад ирэх боломж байна уу, уулзах яаралтай ажил байна гэлээ. Би ч гайхаад явчихлаа. Гутлаа хальт мульт  өмсөөд гараад очтол том хүү “Алтангэрэл дарга Энэтхэгээс ярьж байна. Гэгээнтнийг тодруулжээ. Далай лам зарласан гэнэ. Манай Угтахаа ноён хутагтын хойд дүр есдүгээр хутагтаар тодорсон бай­на. Хүн амьтанд энэ тухай дуулгаж болохгүй. Маш нууцын зэрэглэлтэй гэсэн шүү” гэдэг юм. Ингэж л энэ сайхан мэдээг  том хүүгээсээ анх сонссон л доо. Өглөө эрт хүүтэйгээ гэртээ ирээд хөгшиндөө хэллээ. Тоймтой юм хэлээгүй.  “Аймаг явах боллоо хөгшөөн, маш яаралтай явах хэрэгтэй байна” л гэлээ. Хөгшин маань нарийн учрыг мэдэх­гүй яаралтай аймаг орох боллоо гэснийг сонсоод, бид хоёр ч тойм­той юм хэлэхгүй байхыг хараад муу л юм болсон гэж дотор нь пал­хий­гээд л явчихсан гэдэг”. Хутагтын аавыг ийн өгүүлэхүйд Өргөнцагаан гуай, хүн чинь эхлээд муу юм л боддог юм билээ гээд галынхаа өмнө инээмсэглэж суусан.

Хутагт анх төрөхдөө хэдэн килограмм гарсан эсэхийг тодруу­лаад авлаа. “Гурван килограмм, найман зуун грамм төрсөн. Өглөө ес өнгөрч байхад гарсан хүүхэд шүү дээ” гэж ээж нь товч бөгөөд тодорхой хариулав. Хүүгээ энэ том хутагт болно гэж яаж мэдэх билээ.  Багад нь бусадтай ижил гар хүрч, таван салаа боовны амт үзүүлж байсан уу гэх асуултад “Учир   зүггүй гар хүрч байгаагүй юм. Мэдээж загнаж зандрах зүйл га­рал­гүй яахав. Гэхдээ гэгээнтэн маань их өхөөрдөм, барагтай уур хүргээд байдаггүй байсан. Аливаа юманд дургүй  нь хүрэх юм бол хол очоод суучихна. Дуудахаар цаа­шаа зугтаана. Дуудахгүй, огт тоо­сон шинжгүй орхичихвол хү­рээд ирдэг сэн. Тийм л хүүхэд байлаа” хэмээх хариултыг аав нь өгснөө “Хүүгээ нэртэй лам болно гэдгийг эцэг хүний хувьд мэддэг байсан. Харин Монголыг байтугай дэлхийг шуугиулсан гэгээнтнээр тодорно гэж бодоогүй” хэмээн чин үнэнээ хэлж байлаа.

Аавынх нь гэрт хутагтын зураг хөрөг гэж алга. Отгон-Амжилт гуайн хэлснээр багынх нь нэг зураг байдаг гэсэн. Гэхдээ түүнийг ил гаргахгүй гэж байгаа. “Бид гэгээнтнээ сэтгэлдээ л сүслэн дээдлэх ёстой” гэсэн байр суурьтай байна лээ. Зураг гэсн

Categories
редакцийн-нийтлэл

Л.Мөнхбаясгалан: Хэвлэлээс тэрбумтан төрөөгүй цагт хэвлэлийн эрх чөлөө гэж байхгүй

Улс төрийн тоймсонин, “Шонхор сувагкабелийн телевизийн ерөнхий захирал, нийт­лэлч Л.Мөнхбаясгалан­тай ярилцлаа.

Гуравдугаар сарын 6-нд Монголын үндэс­ний сэтгүүлзүй үүс­сэ­ний 100 жилийн ойн баяр тохио­сон. Гэтэл энэ өдөр есөн телеви­зийг Харилцаа хол­боо­ны зохицуулах хороо­ноос хаачихсан. Танай телевиз ч бас хаагд­сан?

-Тэр өдөр чинь сэт­гүүл­зүйн 100 жилийн ойн өдөр байсан шүү дээ. Монголын сэтгүүлчдийн эвлэ­лээс урилга ирчих­сэн, баярын хуралд явна гээд үс зүсээ янзлаад байж байтал Харилцаа хол­бооны зохицуулах хо­роо­ноос гэнэт тийм шийд­­­вэр ирсэн л дээ. Гэх­дээ энэ шийдвэрийг урьд­чи­лаад бараг гадарла­чих­­сан сэтгэл санааны бэлт­гэлтэй байсан. Шийд­вэр ирлээ л бол цаг хү­рэх­­гүй хугацааны дотор гүй­цэтгэл нь явагддаг юм би­лээ. “DDH”, “Сансар”, “Univision” гээд бүх кабе­лийн сувгууд манай те­ле­­визийг шууд салгачих­сан.

Ямар шалтгаанаарШонхорсувгийг хаасан юм бэ?

-“Шонхор”
сувгийг би  бусдаас сайн телевиз байсан гэж үнэндээ хэлж чадахгүй ээ. Уг нь ирэх сарын 13-нд байгуулагдсаны нэг жилийн ойтойгоо золгох суваг байсан. Техник тоног төхөөрөмжийн хувьд үнэхээр муу. Тэрийг би хүлээн зөвшөөрөх ёстой. Юм шударга байх хэрэгтэй. Эгэлгүй мундаг телевиз байгуулчихаад тэрийгээ хаалгачихаад байгаа юм шиг ярьж болохгүй. “Шонхор” сувгийн тоног төхөөрөмж тааруу учраас дүрс, дууны цацалт маш муу байсан. Тэрийг би хүлээн зөвшөөрөх хэрэг­тэй.  Өмнө нь энэ бүхнийгээ  засах сарын хугацааг Харилцаа хол­боо­ны зохицуулах хорооноос өгсөн юм. Харамсалтай нь нэг сарын дотор яагаад ч засч чадаагүй. Ийм богинохон хугацаанд бид эфирийн салаалагчийн төхөөрөмжийг л сольж амжсан. Телевизийн дүрс, дууны цацалт хийгээд камеруудаа солиход наад зах нь 500 мянган ам.доллар хэрэгтэй. Надад энэ мөнгө байхгүй. Олж чадаагүй. Чадахыг ч хүсээгүй. Энэ нь манай сувгийн хаагдсан эхний үндэслэл. Хоёр­дугаар үндэслэл нь их сонир­хол­той.  Би Ерөнхий сайдын зөвлөх Д.Кёкүшюүзан Батбаяраас энэ те­ле­визийг асар өндөр үнээр ху­дал­даж авсан. Маш муу техникийг надад арав дахин өндөр үнээр зарсан. Би техникийг нь шалгаагүй авчихсан нь одоо миний буруу болж хувирсан.  Тусгай зөв­шөөр­лийг анх авахдаа Харил­цаа хол­бооны зохицуулах хороотой гэрээ байгуулдаг юм  байна л даа. Тэр гэрээнд манайх ингэж сайн ажил­лана, ийм ийм тоног тө­хөө­рөмж манайд байгаа гээд түүнийгээ  хэмжилт хийлгэдэг юм байна. Гэтэл тэр бүгд нь хуурамч, худал  байсан. Ингэж би хуурамч, маш муу тех­ни­кийг  асар өндөр үнээр авчихсан байна. Би тэр мөнгийг хүнээс зээлсэн.  Одоо би асар их зээлтэй үлдэж байна.  Гурав дахь үндэслэл нь тусгай зөвшөөрөлтэй компанийг зарж, үрж бусдад шилжүүлж бол­дог­гүй байж. Би бас үүнийг тооц­сон­гүй. Надад хийе, бүтээе гэсэн уран бүтээлч сэтгэлгээ л байсан.  Түүнээс ийм нарийн  бизнес, хуу­лийн сэтгэлгээ яах аргагүй дутагд­жээ. Би хувийн сонинтой болоод гурван жил болж байна. Гурав дахь жилийнхээ нүүрэн дээр л “Улс төрийн тойм” сонин өөрийн гэсэн байртай боллоо. Өнгөрсөн гурван жилийнхээ нэг жилд нь “Шонхор” сувгийг хөл дээр нь босгох гэж хичээлээ. Барсангүй. Гэхдээ энэ хооронд ямар ч байсан үйл ажил­ла­гаагаа явуулаад, цалингаа, тү­рээсээ төлөөд  л байлаа. “Улс төрийн тойм” сониноо дампууртал нь мөлжсөн. Гэвч үр дүн нь энэ.

Та яагаад хэсэг хугацаанд чимээгүй болчихсон бэ. Хүмүүс их гайхсан байх л даа?  

-Хүн
болгон л надад  “Тэмц, гар, алалц” гэсэн зөвлөгөө өгсөн.  Тэрэн шиг амархан юм байхгүй. Гудам­жинд гараад Монгол Улсын Зас­гийн газар тэгж байна, ингэж байна гээд ярих амархан. Туг лоозон хийсгэн давхих ч амархан. Гэвч  биет хохирол маань тэрбум  төгрөг давчихаар хөдөлж ч чадахгүй болдог юм байна. Одоо бол надад элдэв пи ар, тэмцлээсээ илүүтэй өрнөөсөө хэрхэн гарах вэ гэдэг л чухал байна. Манай телевизийг хаасан үндэслэл нь гарцаагүй.  Энийг би шүүхдээд ч дийлэхгүй. Улстөржүүлээд бүр ч барахгүй. Тийм учраас  хуульчдын баг бай­гуу­лаад өрнөөсөө мултрах нь на­дад хэрэгтэй юм. Телевиз хаагдаад арав гаруй хоночихлоо. Түүнээс хойш дуугүй суусан учир нь энэ.   Гэхдээ Засгийн газраас явуулж буй энэ бодлого зарчмын хувьд буруу. Ямар ч муу техниктэй байсан хааж боож болохгүй.  Ямар ч үед Засгийн газар, ямар ч төр байсан хувийн хэвшил рүү дайрч, хэвлэл мэ­дээл­лийн эрх чөлөө рүү халдах ёсгүй.  За больё, манай суваг хамгийн муу байсан, хаагдах ёстой байсан гэж бодоход нөгөө найман телевизийн до­тор 2005 оноос хойш үйл ажил­ла­гаа явуулсан телевиз байна би­лээ. Аймаар санагдаж байгаа биз. 

-“Шонхорсуваг бай­гуу­лаг­даад удаагүй ч өөрийн гэсэн үзэг­чидтэй болоод амжсан шүү дээ?

-Манай
“Шонхор” сувгийг хү­мүүс үздэггүй биш, үздэг байсан юм билээ. Хаагдсан хойно л мэдсэн.  Манайх улс төр, нийгмийн чиглэ­лээр түлхүү, далайцтай явсан. Телевизийн салбарт  өрсөлдье гэвэл нэгдүгээрт мөнгө, хоёр­ду­гаарт мөнгө, гуравдугаарт мөнгө хэрэгтэй юм билээ.  Мөнгөтэй байж сайн тоног төхөөрөмж авдаг. Мөн­гөтэй байж сайн боловсон хүчин авдаг. Мөнгөтэй байж тайзаа олон янзаар сольж олон сайхан нэвт­рүү­лэг хийж болдог. Хичнээн авьяас­лаг, чадвартай сэтгүүлчид байлаа гээд мөнгөгүй бол телевиз явдаггүй юм байна гэдгийг би ойлголоо. Ер нь тэгээд миний гол алдаа бол саваагүй нохой саранд хуцна гэдэг шиг мөнгөгүй байж телевизийн салбарт орж ирсэн явдал юм. Сэт­гүүлч эзэнтэй медиа групп бай­гуу­лахыг мөрөөдсөн маань ингээд бүтэлгүйтлээ. Одоо өөртөө ийм л дүгнэлт хийж байна.

Хаагдсан телевизийнхэнБи­дэнд сарын л хугацаа өгсөн. Энэ хугацаанд байгаа нөөц бо­лом­жоо хичнээн ашиглаад ч зөрч­лөө арилгаж амжсангүй. Ерөөсөө анхнаасаа л хаахыг санаархсан  шаардлага тавьсангэцгээж байсан?

-Тэр
үнэн л дээ. Кабелийн теле­ви­зүү­дэд сарын хугацаа өгөхөд л би энэ талаар олон нийтлэл бич­сэн. Сарын дотор бүх тоног тө­хөө­рөм­жийг солиход доод тал нь  500 мянган ам.доллар хэрэгтэй. Ийм боломж бидэнд байхгүй. Том ком­па­ниудаас эрхлэн гаргаж байгаа телевизүүд бол чадна. Бид бол чадахгүй. Тийм учраас өрсөлдөөнд туйлдаад унаж байгаа байхгүй юу. Уг нь энэ өрсөлдөөн жамаараа явж бид замдаа бахардаж унах ёстой байсан. Өөрөөр хэлбэл өөрөө дампуурах боломжийг нь тавьж өгөх ёстой.  Гэвч тэгсэнгүй. Ме­ха­ни­каар үйл явдлыг хурданд нь хийчихлээ.  Миний хувьд нэг­дү­гээрт, яах аргагүй мэхлүүлсэн. Хоёрдугаарт, тавьсан шаард­ла­гуудыг нь үнэндээ давж чадсангүй. Гуравдугаарт, энэ зарчим нь буруу.  Өнөөдөр би энэ телевизэд тэр­бумыг байг гэхэд арван мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ч энэ миний хөрөнгө. Тийм учраас төр энэ хаагдсан телевизүүдэд нөхөн олговор өгөх ёстой.

Хаагдсан телевизүүдийн нэг болох 2005 оноос үйл ажил­ла­гаа­гаа эхлүүлсэн “ITV” телевизийн тухай уншаад үнэхээр хямарсан. Олон жилийн турш хичнээн төг­рө­гийн хөрөнгө оруулалт хийсэн бол. Тэр хүмүүст ямар байгаа бол гэд­гийг би төсөөлж байна. 

Миний хувьд сувгаа худалдаж авсан үнэ нь тэрбум гаруй төгрөг болчихлоо гэхэд дээрээс нь 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруу­лалт хийсэн байна. Энэ бүхэн минь өнөөдөр салхинд хийсчихлээ.

Одоо тэгээд та яая гэж бо­дож байна?

-Би
Харилцаа холбооны зохи­цуулах хороотой биш, Засгийн газартай биш наймаа хийсэн хүн­тэй­гээ эхлээд учраа олно. Манай­хан том хөрөнгө оруулагчийг үзэн яддаг. “Шунхлай” ч юм уу, “Бодь”  ард нь хөрөнгө оруулаад хэвлэл мэдээллийн байгууллагыг бос­го­хоор манайхан эсэргүүцдэг. Миний бодлоор энэ бүхэн зөв юм байна.  Би ч цагтаа эсэргүүцэж явлаа.  Яагаад гэвэл би энэ амьдралыг өөрөө тууллаа. Ганцаараа яваад, мөнгө зээлээд, өрөнд ороод сүүл­дээ байгуулсан телевиз маань хаагдчихлаа. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон ч би хүнээс зээлсэн мөнгөө өгөх л ёстой. Энэ чинь бизнесийн харилцаа. Том эзэнтэй, мөнгөтэй компаниу­дыг түшиглэж хэвлэл мэдээллийн байгууллага хөгждөг юм байна. Би энэ бүхнийг сүүлийн 17 жилийн амьдралаасаа ухаарлаа.  Би үүнийг зөрчих гэж үзсэн байхгүй юу. Өөрөө, ганцаараа босгочихъё, сэтгүүлч эзэнтэй, медиа групп байгуулъя гэж бодсон юм. “Улс төрийн тойм” сонин, “Шонхор” суваг, ipost  сайт гээд гурвалсан үйлчилгээтэй ийм медиа групп байгуулъя гэж бодсон минь одоо худлаа боллоо л доо.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн танай сонинд өгсөн ярилцлагыг уншаад стандартаа хангачихвал, хаагдсан телевизүүд асуудалгүй л гэж ойлголоо. Харин энэ стандар­тыг нь би л лав хангаж чадахгүй. Бусад найман телевиз маань хан­га­вал сайн л байна. Тэгвэл тэдэн­дээ амжилт хүсье. Надад дахиад сая долларын хөрөнгө оруулалт олдох ч үгүй. Би үнэхээр айж байна. Яагаад гэвэл хүн юм хийхэд нэг өдөр л байхгүй болгодог юм байна. Хүн хүнээ мэхэлдэг юм байна. Нэр хүндтэй хүн бусдыг хүн гэж бод­дог­гүй юм байна. Телевиз үнэхээр том тоглоом байна.  Би энэ тоглоомонд хожигдлоо. Яаж ч болохгүй үнэн гэвэл энэ. Үнэнээ хүлээх ёстой. Хэн ч намайг энэ салбар руу ал­ба­даа­гүй. Би өөрөө л орсон. Одоо би өөрөө л эрсэдлээ үүрнэ. Энэ бол миний дайрах ёстой лай. 

Телевизүүдийг хаасныг ард түм­эн, үзэгчид улс төртэй хол­бож ойлгоод байх шиг байна лээ?

-Бүхнийг
улс төр рүү чихээд гарах амархан л даа… Гоё байдаг байхгүй юу. Би олон жил улс төр бичсэн. Улс төрд юу болдгийг дэн­дүү сайн мэднэ. Гэхдээ би энийг энэ удаа улстөржүүлэхгүй.  Надад ашиггүй. Хэрэв би  2016 онд улс­төрд орох гэж байгаа бол, ямар нэг намын харьяалалд байдаг бол улстөржилт ашигтай. Гэвч би эрх чөлөөг эрхэмлэдэг сэтгүүлч хүн учраас энэ удаа улстөржилтөөс зугтаж явна. Би улс төрийг бичнэ үү гэхээс өөрөө дотор нь хутгалдаж заваармааргүй байна. Тэгээд ч би   бодит байдлыг ярьж байна. Над шиг ингэж бодит байдлыг ярьж байгаа хүн байгаа ч уу, үгүй ч үү.  HD “Монгол” телевиз, “Бодь”-ийн­хон шиг гоё телевизийг би хийж чадаагүй. Гэхдээ хүмүүс “Шонхор” сувгийг үздэг байсан. Энэ те­ле­ви­зэд сайн сэтгүүлчид цугласан юм.  Гуч гаруй ажилтнаа тал тал тийш нь тарахад ямар хэцүү байсан гэж санана. Өдөрт л тав, зургаагаар бусад телевиз рүү яваад л. Тэд маань телевизээ буцаад нээх болов уу гэсэн горьдлоготой бай­сан. Гэхдээ би тэдэнд үнэнийг хэл­сэн. Тийм учраас “Шонхор” те­ле­ви­зийг би лав дахин гаргахгүй ээ. 

ТэгэхээрШонхортелевиз дахиж эфирээ цацахгүй нь ээ. Та эсвэл зарах уу?

-Дахиж
эфир цацахгүй. Тусгай зөвшөөрлийг зарж болдоггүй хуультай юм билээ.

Ийм амархан бууж өгч байгаа юм уу?

-Мөнгөний
өмнө бууж өгч бай­на… Өөр яана гэж. Гарц байх­гүй. 

Тэгээд одоо яах уу?

-Кёкүшюүзанд буцааж өгнө.

Мөнгөө буцааж авна гэж үү?

-Мөнгөө
буцааж авмаар байна. Өгөх нь үү, үгүй юу. Нэгэнт хийгдсэн наймаа гэх үү. Тэгвэл  тэгээд хууль хяналтын байгууллагад хандана даа. 

Хөрөнгө оруулагч гарч ирээд хамтарч ажиллая гэж санал та­ви­бал?

-Үгүй,
одоо би ажиллахгүй. Ер нь төртэй гэрээ байгуулаад ажил­лана гэдэг хүнд юм байна. “Шунх­лай” компанийг хар л даа. Ком­па­нийн­хаа хувьд алдагдалд ороод зарж буй  бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх гэхээр  төр хөн­гөлөлттэй зээлээ буцаана, бас хэдэн тэр­бу­маар нь торгоно гэж дарамталж байна.  Телевизийн салбар яг ийм, төртэй гэрээ байгуулдаг. Төртэй хутгалдаж, төртэй гэрээ байгуулж бизнес хийнэ гэдэг хүнд юм байна.  Гэхдээ ингээд хэвлэл мэдээллээс арчигдаад, яваад өгч байгаа юм биш шүү. Сонин, сайт маань  бай­на.  Юм бичих чадвараа алдаагүй байна.

Таны хөтөлдөгЦензургүй ярианэвтрүүлэг цаашид гарах уу?

-Хэсэг
хугацааны дараа ” Цен­зур­гүй яриа” дахин гарч эхэлнэ. Гэхдээ хэд хэдэн телевизээс санал ирсэн. Аль нэгтэй нь хамтарч ажиллана гэж бодож байгаа. 

Есөн телевизийг хаахад 300 гаруй сэтгүүлч ажилгүй болж, олон айлын амьжиргаанд нө­лөөл­сөн?

-Манайхаас
36 хүн ажилгүй болсон. Тэдний зарим нь банкнаас цалингийн зээл авчихсан байгаа. Манайд л гэхэд цалингийн зээлтэй зөндөө хүн байсан. Одоо энэ хүмүүс зээлээ төлөх ёстой, ажил хийх ёстой. Гэтэл тийм амархан ажил олдох уу. Хэцүү ш дээ. Ер нь тэгээд хэвлэл мэдээллийн салбар төртэй найзална гэж ч байдаггүй юм байна.

Сонинтой харьцуулбал маш их дарамттай юм билээ.

Ямар дарамтууд вэ?

-Тухайлбал,
“Сансар” кабелийн суваг  Улаанбаатар хотынхны ная гаруй хувьд хүрдэг. Энэ компани кабелийн сувгуудтай “С.Баярын тухай нэг ч сөрөг, үг өгүүлбэр танай телевиз гаргахгүй шүү” гэж гэрээ байгуулж ам тангараг өргүүлдэг.  Өмнө нь С.Баярын тухай гаргаад “Сансар”-аас салгагдаж байсан  телевиз бол “NBS”. Намайг “Шон­хор”-ыг аваад удаагүй байтал гэнэт нэг өдөр  “Сансар”-аас манай сувгийг салгачихсан. Юу болов гэтэл  “С.Баярын тухай бичдэг Л.Мөнхбаясгалан “Шонхор” теле­ви­зийг авчихсан байна, салгана аа” гэсэн байсан. Тухайн үед бичиг баримт дээрээ хуучин эзнээс нь нэр шилжүүлж амжаагүй байсан тул түүнийг нь үзүүлж Д.Батбаяр гишүү­нээр гуйлгаж би өөрөө далан та­ваар бууж өгсөн. Амьдралдаа би хэзээ ч олигархийн өмнө тэгж бууж өгч үзээгүй. С.Баярын тухай бичихгүй, гаргахгүй, амлаж байна, тангараглаж байна гэж байж “Шон­хор” сувгаа тэднийхээр ца­цуу­лах эрхтэйгээ үлдэж байлаа.  

Тэгвэл та сүүлийн нэг жил их л дарамт амсч дээ?

-Би
хэтэрхий чөлөөтэй явсан сэтгүүлч. “Өдрийн сонин”-д чөлөө­тэй байсан. Энэ сониноос гараад хувийн сонин байгуулаад хэний ч дарамтад байж үзээгүй. Гэтэл сүүлийн нэг жилийн турш айм­шиг­тай дарамтад байлаа. Яг л торонд орчихсон юм шиг байсан. Одоо харин торноос гарч жинхэнэ нисч байна даа. Ийм байхад Монголын телевизийн сэтгүүлзүй яаж цэвэр байх юм бэ. Ийм байгаа үед теле­ви­зүүд л лав шударга ярихгүй. Иргэд үнэнийг ярихгүй байна гээд телевизүүдийг шүүмжилдэг. Ха­рил­цаа холбооны зохицуулах хороо үнэхээр л шударга юм бол энэ кабелийн телевизүүдэд да­хиад эхнээс нь тендер зарла л даа. Би тус хорооны дарга Б.Бал­гансүрэнд ийм шаардлага тавих гэж байгаа.

“Сансар”
кабелийн телевизэд телевизээ холбуулахын тулд 250 сая төгрөгийн хахууль өгдөг гэсэн. Гэхдээ баримт бол байхгүй шүү. “Шонхор”-ыг анх “Сансар”-т хол­бо­чих­сон байхад нь би худал­даж авсан болохоор яг хэдийг төл­снийг нь мэдэхгүй байна.  Яагаад гэвэл энэ кабел нь Улаанбаатарын 80 хувьд нь үйлчилгээгээ хүргэдэг болохоор энэ. Энэ тухай надад  Кёкүшюүзан л хэлсэн юм.  Хэрэв үнэхээр энэ Засгийн газар энэ салбарыг ариутгах гэж байгаа юм бол, шударга ажиллах зорилготой бол энэ бүхнийг болиулах хэрэгтэй ш дээ. Жирийн сэтгүүлч хүнд кабе­лийн сувгийн эрх олддоггүй. Гэтэл хэн нь дөрөв таваар нь авчихаад хэд нугалж зардаг юм бэ. Тэгээд эх­нээсээ булхай нь илэрч байгаа нь энэ. 

Ажилгүй болчихсон сэт­гүүлч­­дийн нийгмийн асуудлыг төр засаг яаж шийдэх ёстой вэ?

-Уг
нь гадаад оронд бол төр хувь хүний бизнесийг үгүй бол­го­чихож байгаа юм чинь нөхөн олго­вор өгнө. Нөхөн олговор заа­вал өгөх ёстой. Үйлдвэрчний эвлэл гэж манайд байхгүй, сэтгүүлчдийг өнөө­дөр хэн ч өмгөөлдөггүй.

Хэвлэл мэдээллийн эрх чө­лөө­ний тухай хууль гэж айхавтар хууль орж ирсэн. Монгол Улсын Ерөн­хийлөгч санаачилсан гэх бо­ловч М.Батчимэг гишүүн утга санааг нь гуйвуулсан юм шиг байгаа юм. Ерөнхийлөгч өөрөө  уг хуулийн утга санаа гажууджээ гэсэн мэдэгдлийг хийсэн шүү дээ.  Тэгээд УИХ-аас татсан. Үүн дээр биднийг бас л хаана, бооно гэсэн утгатай заал­тууд орж ирсэн. Яагаад хорин хэдэн жил яваад ирсэн биднийг оролдоод эхлэв. 

Хэвлэл мэдээллийнхэн хэ­зээ эрх чөлөөтэй болж, чөлөөтэй сэт­гэх вэ?

-Хурдхан
баян болох хэрэгтэй. Санхүүгийн эрх чөлөөгөө эдэлж, хүнээс мөнгө гуйхгүй болсон цагт л  хэний ч атганд орохгүй болно. Тэр хэмжээгээр эрх чөлөө ирнэ. Сэт­гүүл­­чид тийм болох ёстой. Тийм учраас хөл дээрээ тогтчихсон байгаа сонинууд цаашаа илүү хурдтайгаар баяжих хэрэгтэй. Энэ салбараас тэрбумтнууд төрөх ёстой. Тэгж байж бид хэвлэлийн эрх чөлөөгөө аварч үлдэнэ. Хэв­лэ­лээс тэрбумтан төрөөгүй цагт энэ салбар байнга хэн нэгний нохойд барьдаг мод байсаар байна. М.Бат­чимэг гишүүний өргөн барьж зүтгүүлж байгаа хууль бол үүний эсрэг чиглэсэн тун аюултай хууль. Тэр хуулийг яагаад ч батлуулж болохгүй. Батлуулахгүйн төлөө ч боломжтой бүхнийг хийх ёстой. Яагаад гэвэл эрх чөлөөгөө хам­гаалж үлдэхийн тулд шүү дээ.  

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Монгол бөхийн дэвжээнд доромжлуулах юу ч биш, амьд үлдвэл дээдийн заяа болох нь ээ

-ЛААЗТАЙ УНДААГААР ТАРХИА ХАГА ЦОХИУЛСАН И.ДОРЖСАМБУУ ГАРЬД ТОЛГОЙДОО
ОЁО ТАВИУЛЖЭЭ-

Монгол Улсад зэвсэгт хүч­ний байгууллага үүсч хөгж­сөний 92 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-т зо­риулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барил­даан өнгө­рөгч амралтын өдөр Мон­гол бөхийн өргөөнд бол­сон би­лээ. Уг барил­даанд Архангай аймгийн харьяат улсын на­чин Р.Пү­рэв­дагва түрүүлж, Булган аймгийн уугуул улсын гарьд И.Дорж­самбуу үзүүр­лэсэн юм. Телевиз радиогоор орон даяар шууд дамжуулсан ба­рил­­даан үзэгч олонд сэт­гэлийн цэнгэл таа­шаа­лыг эдлүүлэхээсээ илүүтэйгээр мар­гаан мэт­гээнтэй, тэр ч бүү хэл цус нөжтэй болсон. Тодруулбал, уг барил­дааны долоогийн даваанд тунаж хүч үзсэн гарьд И.Дорж­­­самбуу, хар­цага Ө.Бат-Орших нарын хооронд маргаан үүссэн. Тэр нь бөх­чүүдийн хооронд болдог л үл ойлголцол байв. Гэвч соёлгүй зан, бүдүүл­гээрээ зартай үндсэндээ зэр­лэгшсэн үзэгч олон бөхчүүд рүүгээ, бө­хийн­хөө дэвжээ рүү ундааны сав, хог новшоо шид­дэгээ­рээ ши­дэллээ. Тэг­тэл хэн нэгний шидсэн лааз­тай ундаа  Доржсамбуу гарьдын толгойг хага цохижээ. Цус нөж­тэй нь холиод хаячихав.

Гарьдын дүү Ёндон­сам­буу ахынх нь толгойг хага цохисон этгээдийг хайж хэсэг­тээ манаргаад авав. Бөхийн­хөө өргөөнд тухлан бөхөө үзэж буй үзэгч олон монгол бөхийн дэвжээ рүүгээ ун­дааны сав шидэх нь үнэндээ  хэ­вийн үзэгдэл бол­сон. Өмнө нь бол хоосон сав шиддэг байлаа. Тэр нь бөх­чүүдийн болоод хөлийн цэц, засуу­луудын тархи толгойг онодог ч цус урс­галгүй өнгөрдөг бай­сан. Тэг­тэл энэ удаа лаазтай ундаа шидэж эхэлдэг юм бай­на. Цаашдаа зэрлэг балмад эт­гээ­дүүд бөх үзэх нэрээр чу­луу хормойлж орж ирээд дургүй хүргэсэн бөхчүү­дийн­хээ тархийг хага хага цохиод, нүд амыг нь булуу болтол нь хав­дааж хөхрөөгөөд гаргах нь л дээ. Энэ байдал саяын барилдаанаас илт анзаа­рагдлаа. Энэ даш­рамд дуул­гахад, Бөхийн өр­гөөнд бөх үзэж буй хүмүүс ихэвч­лэн согтуу байдаг юм билээ. Ми­ний бие өмнө нь хэд хэдэн удаа бөх үзэж байсан. Арын суудлуудад тухалсан олон ундааны са­ванд ихэвчлэн архи хийж, түүнээ уугаад мансуурч суу­гаа нь ажиг­лагдсан. Архи, тамхины үнэр нэлдээ хан­халж, тийм нэг огиудас хүр­мээр санагдсаныг нуух юун. Тэгэхээр бөхийнхөө дэвжээ рүү шидэж буй ундаа­ны сав бол үнэн чанартаа архины сав юм. Архи ууж хагас галзуу болсон олон л тэгж балмад авирлан хүний толгой хага цохино шүү дээ.

Тэднийг ийн ёс зүйгүй авирлаж байхад хэн юу ч гэж хэлдэггүй. Их хурлын дарга, Ерөнхийлөгч, Ерөн­хий сайд, парламентын гишүүд гээд төрийн өндөрлөгүүд хойморт нь сууж л байдаг. Ард түмэн ундаа­ны саваа бөхчүүд рүү­гээ нүүлгэж  л байдаг. Гадна дотнын зочдын нүд орой дээ­рээ гарахаар, өөрийн эрхгүй айдас төрөхөөр ийм л бай­дал хэний ч хараа хяналтгүй­гээр давтагддаг. Зарим нь бүр ингэх ёстой шүү дээ гэсэн байд­лаар хүлээж авах нь бий.

Тэгэхээр энэхүү бусармаг байд­лыг одооноос эхлээд таслан зог­соо­моор байна. Монгол үндэсний бөх бол зүгээр нэг тэмцээн урал­даан биш юм. Энэ бол төрт ёсны уламжлалт баяр. Зуу зуун жилийг  туулж ирсэн тухайн үндэст­ний бахархал, түүх соёл зан зан­шил, шаш­ны илэрхийлэл юм. Монгол бөх бол монголчуудын хэдэн түүхийн буу­рал улбаанд бий болго­сон үндэс­ний соёл, дарх­лагд­сан шашин ёс жаяг юм.

Монгол бөх гэдэг утга агуулгад чухамдаа юу юу хадгалагдаж оршд­огийг бид мэднэ. Тэгэхээр бөхийнхөө дэвжээ рүү уусан архи, ун­даа­ныхаа шилийг шиднэ гэ­дэг үндэсний өв соёл, ёс уламжлал руугаа өшиглөж буйтай агаар нэг билээ. Үүнийг бид бүхэн яагаад ухамсарлахгүй байна вэ. Яагаад ийм зэрлэг балмад, ёс зүйгүй, жудаггүй, хэрцгий болоо вэ, 

Бөхийнхөө ариун дэвжээг ин­гэж бузарлаж болохгүй ээ. Хэдэн бүдүүлэг нөхдийн ёс зүйгүй авир­лаж буйг болиу­лах үнэндээ амар­хан даа. Бөхийн өргөөг ка­мер­жуул­маар байгаа юм. Секц бүрийг нь камер­жуул­чихсан бай­хад лаазтай ун­даа шидэж хүний толгой ха­га­лах нь байтугай тамхи та­таад ишийг нь сууд­лынхаа ха­жууд шууд хаяж буй, бохь зажлаад түүнийгээ дэвсгэр дээр огт тоосон шинж­гүй шид­­­чихэж байгаа нөхөд то­дор­хой болно. Ёс зүйгүй үйлдэл гаргасан этгээ­дэд мэдээж хуулийн дагуу арга хэмжээ авна.  Олон нийтийн газар танхайрч, бус­дын биед халдсан этгээдэд арга хэм­жээ авах зүйл заалт Монгол Улсын Эрүүгийн ту­хай хуу-линд байгаа. Ийм л маягаар шийтгээд эхлэх юм бол үзэгч­дийн танхайрал дараг­дах болов уу.

Гэхдээ гээндээ ч бий, гоон­­­доо ч бий гэдэг шиг бөхчүүдэд өөрсдөд нь бас асуудал байна аа. Үүнийг Доржсамбуу гарьдад хамаа­туулж хэлж байгаа юм биш л дээ. Бүх бөхчүүдэд хэлж бай­на. Тэд олны өмнө ил цагаан худлаа барилддаг, хэн нэгэн­дээ бууж өгдөг. Найраа гэд­гийг гардан хийж авлига хээл хахуульд идэгдчихсэн туучий­нууд л даа. Цэргийн баярын өдрөөр цэргийн бөх түрүүл­дэг, Увсынхны ойгоор Увсын бөх, аливаа нэг байгууллагын ойгоор тухайн газ­рын бөх нь түрүүлдэг бичигдээгүй хууль монгол бөхөд бий болсон. Энэ нь манай хүчтэнүүд, бид­ний хайрлаж хүндэтгээд ха­маг байдлаа барьж өгөөд байгаа бөхчүүд маань илт худлаа барилдаж нэгэндээ найр тавьдгийн тодорхой жишээ л дээ. Тэгэхээр бөх­чүүд маань мөн ийм бусармаг байдлаа зогсоочих ёстой юм. Тийм ухамсар тэдэнд байх учиртай билээ. Худлаа ба­рил­­даж бууж өгөөд байгаа нь үзэгч­дийн дургүйцлийг хүр­гээд байгаа хэрэг шүү дээ. Тархиа хага цохиул­сан Дорж­самбуу гарьдтай холбог­длоо. Тэрээр толгойндоо оёо та­виулс­наа хэлж байна. Чухам юунаас болж тархиндаа “сум”  зоолгосноо ийн тайл­бар­лалаа. “Бат-Орших харца­гаас би сэнжиг­ний барьц авч урдуураа таллаад шуудаг­даад автал хашлага тулчих­сан. Тэгээд үндсэн барьцаа­раа барилдаанаа үргэлжлүү­лэх гэтэл харцага барьц өгөх­гүй гэсэн. На­майг хашлагад тулгаж барьц авсан гэж Бат-Орших үзсэн л дээ. Бид хоё­рын дунд иймэрхүү л үл ойл­гол­цол барилдааны явцад үүссэн. Ингээд ерөнхий хө­лийн цэц болох Сэрээтэр харцага, Бумбаяр заан, Өв­гөн­хүү харцага, Цэнгэлсүрэн начин нарын цэцүүд зөв­лөлдөөд барилдааныг үнд­сэн барьцаар нь үргэлжлүү­лэх нь зөв, хашлагад тула­хаас өмнө барьцаа авсан гэж үзсэн. Тэгээд л барилдаан үргэл­жилж би давсан юм. Энэ л үзэгч­дийн сэтгэлд ний­цээгүй бололтой. Над руу ундааны сав шидэлж эхэл­сэн. Тэгтэл хэн нэгний шидсэн лаазтай ундаа тархийг минь хага цохисон доо. На­дад бол буруу байгаагүй ээ. Би ном дүрмээрээ л барилд­сан” гэв. Харин тухайн барил­дааныг дэргэдээс нь үзэж суусан бөх сонирхогчоос тодруу­лахад ийм хариулт өгөв. “Үзэгч­дийн ёс зүйгүй авирлаж байгаа нь буруу л даа. Арай л хэтэрхий харагд­даг. Гэхдээ Бөхийн
өргөөнд очоод, үзэгчдийн суудалд суугаад бөх үзэхэд дургүй хүрмээр, өөрийн эрх­гүй эсэр­гүүцлээ илэрхийл­мээр юм хум шидэлмээр зүйл зөндөө гардаг. Үндэсний бөхийн хэд­­­хэн секундэд бо­лоод өн­гөрч буй барил­даа­ныг бүү хэл өмнөхөө ч сайн хардагт эр­гэл­зэхээр хөгшир­сөн өвгө­дөөр хөлийн цэц хийл­гэхээ эхлээд болих хэрэг­тэй. Тэд л хамаг бу­дилааны эзэд бай­даг. Түм­ний нүдэн дээр ил болсон барилдааныг улаан цайм буруу шийдвэрлэх нь бий. Унасан бөх нь давж давсан бөх нь тахимаа өгөх тохиолдол бишгүй л гардаг даа. Үүнд үзэгчид дургүйл­хэхээс өөр яах билээ. Мөн засуул гэж мануухай­нууд байна. Тэд бөхийнхөө мал­гайг бариад зогсож буй зүгээр л нэг дээлний гол болсон хүмүүс. Хоёр нүднийх нь өм­нө болж буй барил­дааныг тэд л сайн мэдмээр. Гэвч засуулуудад мэдэж байгаа юм үнэндээ байдаггүй. Дорж­самбуу гарьд, Бат-Орших харцага хоёрын барилдаан хашлагад тулж барьц авсан, аваагүй гэж л маргасан. Сайн засуулаад байсан бол “Дорж­­­сам­буу гарьд аа, та хашлагад нааж аваачаад л шуудагны барьц авчих­сан шүү дээ. Ингэхээ болиоч” гэж шударгаар хэлнэ. Эс бөгөөс “Бат-Орших оо, чи үндсэн барьцаараа барилд” гэнэ. Энэ хоёр бөхийн барилдаан шиг ийм байдал зөндөө л гардаг” гэлээ.

Тухайн барил­дааны ерөн­хий хөлийн цэц ардын багш, улсын харцага Д.Сэ­рээ­­тэрээс тайлбар авахад, Дорж­самбуу гарьдтай ижил тайлбарыг өгсөн. Үндсэн дүрмийн дагуу ба­рил­­даан болсон гэдгийг хэлсэн хэрэг. “Доржсамбуу гарьд хаш­лагад тулаагүй байхад барьц ав­сан. Тэгээд л барилдаан үргэ­жил­сэн. Бат-Орших харцагыг хү­мүүс дэмжиж болно. Гэхдээ бид бол дүрмийн дагуу  л барилдааныг явуулах үүрэг­тэй. Доржсамбуугийн хувьд харамсалтай байна. Манай үзэгчид дэндүү бүдүүлэг, соёл­­гүй байна” гэсэн юм. Үндэсний бөхийн холбоо ч үзэгчдийн ёс зүйн тухай ярьж байлаа. Цэргийн баярын ба­рил­дааны үеэр болсон “хэ­рэг”-ийг тал бүрээс нь сөхө­хөд ийм байна. Монгол бө­хийн дэвжээ маань ийм л ариун бус болж, үзэгчдийн­хээ хог новшоор даруул­даг болжээ. Бөхийн дэвжээнд до­ромж­луулах юу ч биш амьд үлдвэл л дээдийн заяа болох нь ээ. Ингэ­хэд Бөхийн өргөөг анх ундааны саваар дүүргэж үзэгч олныг дэл­бэр­тэл уур­луулсан хүн маань цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэ шүү дээ. Яагаав, тэр жи­лийн цагаан сараар Их хурлын танхимаас ирж ба­рил­даад тухайн үед ид бяр нь жагсаж жинхэнэ торгон ирэн дээрээ байсан Г.Өсөх­баяр, Д.Сумъяабазар нарыг хүчээр буулгуулан ард түмнээ до­ромж­лоогүй билүү. Ингэж л аварга маань Бөхийн өр­гөөнд их том нүгэл үйлдсэн, түүний жишиг л өнөөг хүртэл хадгалагдаад яваад байна даа, хөөрхий.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Есдүгээр хутагтын нутгаар буугаад мордсон нь

Зураг дээр баруун гар талаас говийн есдүгээр хутагт О.Угтахбаяр

-НОЁН ХУТАГТЫН ХОЙД ДҮР О.УГТАХБАЯРЫН УУГУУЛ НУТАГ ДОРНОГОВИЙН ХӨВСГӨЛИЙН ТЭМДЭГЛЭЛ-

Шинээр тодроод буй есдүгээр
хутагтын төрсөн гэр болоод Эрдэнэбат ахынх нь
сумын төвөөс зүүнтээ дөчин
таван ки­ло­метрийн тэртээд нутаг­лаж байв. Улаан хошуу гэдэг газрыг нь хэлээд байна
л даа. Сүүлийн жилүүдэд Цувираагийн хөндий, Бор нуруу тэр хавиар л буурь
сэлгэх болжээ. 150 гаруй тэмээ­тэй, түүнээс
дөч орчим нь ботголно гэж
байсан. Ингэн тэмээд хонь, ямаа шиг шөнө оройгүй “ас­гаад” байдаггүй
ч өдөр бүр л торомгор нүдэн
ботгонууд нэмэгдэж, гад­саа тойрон буйлдаг бо­лолтой. Өвөлжөөний шар өтөгнөөс
нэлээдгүй зай­тай эр хөрсөн дээр томоо гэгч хүрэн
ат авдарлаад хэвтэж байгаа нь сүртэй
харагдана. Ойр зуурын ажилд сөөг
сөөг хөт­лүү­лээд, энэ л хот айлын ус түлээг нь дөхүүлж хар бор ажлыг нь нугалдаг ганц нь болов уу. Эрдэнэбатын
гэргий яриа хөөрөөний завсарт тавгийн идээгээ дахин
сэргээж ингэний зөөлөн хурууд тавиллаа. Түрүүнд, суварганаас наахна Цувираагийн хий­дийн доод
руу нэгэн айлын гадаа түр
зогсоход гэрийн эзэгтэй, сааж бай­сан ингээ орхиод санд мэндхэн ирж шинэхэн хурууд
бид дөрөвт атга атгыг өгсөн билээ. Тором­той ингэнүүдээ гаднаа аргамжиж шувтраад али­ваа зүйл ховордоод ир­дэг хаврын энэ
л хахир­ган сард ааруул хурууд­тай, айраг цагаа хоор­мог­той дэлхий дэлгэнүүлээд сууж байдаг байна шүү, дорнын говийнхон.

Ахынх нь хоймрын жаазанд шинэхэн хутагтын ганц нэг зураг байгааг олж харлаа. Энэтхэгт ша­вилж байх үеийн зурагнууд байна. Орон дээр тэрийлдэн хэвтэж, босч ухасхийн ингэний ааруул шүүрч бал бурам мэт амтлах Мэндээ хүү ахтайгаа хамт Энэтхэгт шавилж байсан гэнэ. Тэр тухай өөрөөс нь асуухад чихгүй юм шиг л сууна. Өөдөөс нүдээрээ инээчихээд өөр хариулт өгсөнгүй. Хар хөх ноосон малгай дарж өмсөн бор шаргал дээл эгэлдэргэлж, энгэрийг зад­гайл­сан Эрдэнэбат ах нь шар дурдан бүсэндээ ганц нүдний дуран зангиджээ. Түүнтэй л тав гурван үг сольж, гэгээнтэн дүүгийнх нь тухайд энэ тэрхнийг сонирхоод Хөвсгөл сум руу хөдөллөө. Аараг толгодын бэлээр явгалах салхи савирт ганц нэгхэн хамхуул хийсч, сайрын мөргөцөгт тарлантах хай­лаас­ны үзүүр үл ялигхан сэвэл­зээтэй. Говийн дуниартсан, хаврын тийм нэг зэгэл саарал өдөр мөнөөс мөн дөг өө. Харин Хөвсгөл сум руу шуугиад ороход өөр дүр зураг угтсан. Сумын төвд наадам болж байна аа. Наадмын талбайн гол дахь мандалд төрийн далбаа өн­дөрт намирч, биднийг очих үест соёолон морьд барианд орж бай­лаа.

Хаврын дунд сарын энэ цагт чинь юун наадам найр билээ, ижий аав, гэр бүлийнхэнд нь дуулгалгүй ус нутгийн олон хутагтынхаа наад­мыг хийгээд хөөрч суугаа юм биш байгаа гэх хар төрөөд явчихав. Гэвч үгүй юм аа. Хөвсгөл сумынхан жилийн жилд, хаврын хаварт наа­дам хийдэг байна. Жилд нэг баг нь зохион байгуулж, бай шагналыг нь дааж сүр жавхлантай нааддаг ажээ. Өнөө жил гуравдугаар баг буюу Элстэйн багийнхан зохион байгуулж азарга, соёолон урал­дуулан хэдэн харцуулаа ноцол­дуулсан нь тэр.

Говийн хэлхгэр өвгөд, ханагар хүрэн эрчүүд цагаан сараар гоёсон дээлээ өмсөж, өнгө өнгөөр алаг­лаад наадмын талбайдаа жийптэй нь жийптэйгээ, “жаран ес”-тэй нь “жаран ес”-тэйгээ, портертэй нь портертойгоо, мотоцикльтой нь мотоцикльтойгоо оччихсон байна. Магнайгаараа дүүрэн медальтай цоохор морин соёолонгийн уяач дээр яваад очлоо. Хадаг зүүснийг  бодоход айрагджээ гэтэл түрүү соёолон нь юм байна. Хөвсгөл сумын Б.Анхбаярын шар цоохор үрээ гуч гаруй соёолонгоос тийнхүү магнайдаа тоосгүй иржээ. Морь шинждэг хүн бол үгийг гамналгүй хэлж, хэдэнтээ тойрч харахаар сайхан үрээ байна лээ. Мань мэт нь ямар морь мэдэх биш. Зэргэлдээ сумдууд болох Хатанбулаг, Улаан­бадрахаас морьд ирсэн гэнэ. Ганц нэг нь айраг амссан ч дуулдана. Унаа болоод уяа морьд нь өнгө зүс сайтай, хүдэр эрчүүд нь хаврын салхинд алгадуулж гандаж хөхөр­сөн ч цаанаа л нэг жавхаатай байгааг харахуйд сүүлийн жилүү­дэд Хөвсгөл суманд өнтэй өвөл, хавтай сайхан хавар болсны шинж ээ. Хөдөө нутагт цагийн байдал сайхан цас зудгүй, ган гачиггүй л бол хүнтэй малтайгаа тавираад ирдэг хойно доо.

Уг наадам дээр хурдан удмын үрээ морьд сурч байгаа мэт нэг хүнийг сураглалаа. Тэр нь есдүгээр хутагтын багын найз Эрдэнэболд юм. Мань нөхрийг ёстой ганц ч алхуулалгүй бариад авав шүү. Европ маягаар хувцасласан тэрээр бас шаггүй уяач гэнэ. Тухайн өд­рийн наадамд соёолон үрээгээ аман хүзүүнд давхиулжээ. Жинсэн өмд­нийхөө тэлээний завсар хусуур сойзоо бүслэх нь холгүй нөхөр машинд суулаа. Ингээд Эрдэнэ­болдтой хөлс нь хатаагүй хүлэг морьд эргэцэж, хусуур сойз шар­гисан наадмын талбай дээр хутаг­тын тухай яриа хөөрөө үүсгэлээ. “Бид хоёр ерэн нэгэн онд Хөвсгөл сумын сургуулийн 1А ангид хамт орж байлаа. Анхны монгол бичиг үзсэн хүүхдүүд шүү дээ. Ангийн маань багш Ж.Юмрэн гэж хүн бий. Одоо Эрдэнэ суманд байгаа. Ма­най найз чинь багын л үг дуу цөөтэй, гэрээс гарах дургүй тийм л хүүхэд байсан.  Нэгдүгээр ангид хамт орсон хүүхдүүдээс бид хоёр л өнөөг хүр­тэл нөхөрлөж яваа байх шүү” гэж гэгээнтэн андынхаа тухай дурсаж байна. Тэрхүү цөөхөн хоромд Эр­дэнэ­болд инээдтэй гэмээр хэд хэдэн зүйл ярьсан. Тухайлбал, нэгдүгээр ангид хамт сууж байсан найзыгаа хэдэн жил хараагүй байж байгаад Өлгий хийдийн лам болсных нь дараа лам хувцастай харжээ. Түн­жийсэн толгойтой найз нь нэг өдөр гэрт нь сан тавихаар ирж л дээ. Эрдэнэ­болд мэнд ус ч үгүй түс­хийтэл инээгээд авч. Маани мэгзэм унши­хад нь бүр инээдээ барьж чадалгүй тачигнатал хөхрөөд ээж­дээ заг­нуулж гэрээсээ хөөгдөж гарсан удаатай. Түүнээс хойш найзаараа дандаа сан тавиулж, засал номоо хийлгэх болсон байна. Харин хутагт Эрдэнэболдод хандан “Чи намайг ямар тоох биш дээ. Маани уншихаар шоолж даапаа­лаад байдаг биз дээ” гэж тоглоом шог­лоо­моор үгийн завсар хэлж байсан гэдэг. “Морь уяж эхэлс­нээсээ хойш найзыгаа уяан дээрээ байнга ав­чирч сан тавиулах болсон. Уяа морьдоо барьчихаад л Угтахаа руу явна шүү дээ. Хамарын хийдийн лам байхад нь хүртэл гэртээ авчирч байлаа” гэж өгүүлэв.  Үе насны залуучууд хужаа мотоцикль дээр сундалдаад л ирдэг байсан биз ээ. Тэгтэл тэрхүү найз нь нэг л өдөр Говийн хутагтын хойд дүрээр то­дорч байдаг. Эгэл амьдрал гэдэг ийм л байдаг хойно доо. Энэтхэг рүү сурахаар явахад нь Замын-Үүд хүртэл гаргаж өгснөө, амралтаараа ирээд байхад нь хотод хоёр най­зын­хаа хамт уулзаж ресторанд сууснаа сонирхуулав.  Хутагтын багын найзтай ийнхүү уулзаж бага­гүй хуучилсны дараа Хөвсгөл су­мын төвд байх эгчийнд нь хүрч очлоо. Хоёр гурван том өрөөтэй цагаан байшинд  ээжийнх нь төр­сөн дүү Отгонтогтохынх аж төрж сууна. Тэрээр сургуулийн нярвын ажилтай. Гэр бүлийнх нь хүн мөн л сургуульд галчаар ажилладаг гэ­сэн.

Амьтан хүн орж гарсан хөл хөс болсон л айл байна. Бид хэрэг зоригоо дуулгатал уриалгахан хүлээн авч цай цүй болоод тэрүү­хэн тэндээ сандралдаад авлаа. Гэрийн эзэгтэй охиноо наадмын хуушуур зарж буй айл руу гүйл­гэлээ. Тэр хооронд тогоо тавин шинээр цай үйв. “Эгч маань (хутаг­тын ээжийг хэлж байна) дүү нар бидэндээ ээжийн оронд ээж бол­сон буянтан. Бараг л жил дараалан арван хүүхэд төрүүлсэн хүн дээ. Засгийн их малтай, олон нялх үртэй хэцүүхэн байсан үе бий. Арван хүүхдээ хүний дайтай өсгөх гэж үйл тамаа идсэн нь ч бий байх. Өрөвд­мөөр л харагддаг байлаа. Тэгтэл насны сүүлд жаргадаг юм байна аа. Бурхан тэнгэр хүнийг бас хардаг юм байна шүү” гэж Отгонтогтох эгч хуучилж байв. Ингэхэд тухайн гэрийн эзэн Даваасүрэн шиг хэрэг­тэй хүн Хөвсгөл суманд байдаг болов уу гэж бодогдохоор. Сур­гуульд галч хийхийн зэрэгцээ гэрээ­рээ гагнуур хийдэг аж. Цай дэврэх хооронд хоёр гурван ч хүн ирж уулзсан. “За Даваа минь чиний хэрэг л гарлаа шүү дээ” гээд ороод ирнэ. Хөдөө гадааныхан ундааны саванд хийсэн сүүтэй ирнэ. Түүний­гээ хэлэх ч үгүй, зүгээр л гал тогоо хавиар тавьчихна. Хөлс нь тэр. “Манай хүн хорь гаруй жил амьтны эвдэрсэн хэмхэрснийг засч явна. Сүүлдээ царай зүс ч байхгүй болох юм. Нүүр нь нэлэнхүйдээ түлэгд­чихсэн” гэж гэргий нь хэлэв. Түүнийг нь Даваасүрэн ах тоож байгаа ч юм алга. Нар салхинд зуу зуун жил алгадуулсан хүн чулуу шиг нөхөр муухан инээвхийлж л сууна. Гэхдээ болоогүй ээ цаад чинь, шар “жаран ес”  гаднаа сойчихсон додьгор эр. Машины, засварын газар болох амбаарын, өөр юу юуны ч юм бэ дээ баахан том хар түлхүүр баруун гартаа эргүүлсэн шигээ гэр дотуу­раа алхаад л.

Отгонтогтох бүсгүйтэй ахиад л хутагтын тухай ярилцлаа. О.Угтах­баяр ламтан нэгдүгээр ангид байх­даа дотуур байранд сууж байжээ. Нэлээдгүй зөрүүд нөхөр байсан бололтой. Хүн юм асуухаар дууга­рахгүй. Жаахан дургүйг нь хүргэ­чихвэл бүр гөжчихнө. Олны яриа­гаар бол түнжийсэн шар нөхөр л Хөвсгөл сумын сургуулийн дотуур байранд таваргаж явсан хэрэг. Гэгээнтний ээжийн мөн л төрсөн дүү, аймгийн алдарт уяач Бат-Өлзийн Болдыг хэн нь ч юм бэ “чихдээд” аваад ирлээ. Мань хүн азарга, соёолон хоёр сойж хаврын баяртаа уралдуулаад нэг айраг авчихсан, хэлхийсэн эр ороод ирлээ. Ингээд алдарт уяачаас Даваасүрэн ахын гал тогооны өрөөнд “байцаалт” авлаа. Багагүй урт ургаж, хоёр чихийг нь дарсан халимгаа арагш илбэн, жаахан духайсхийгээд ийн ярьсан юм. “Ахынх (хутагтын аавыг хэлж бай­на) сумын төвөөс баруунтаа Өл­зийт, Баян модоор нутаглана. Наяад оны дундуур, тэр чинь наян дөрвөн оны намар юм аа. Манайх Өлзийтийн наахнатай Сухайт, Улаан худагаар нутаглаж байлаа. Би гэдэг хүн засгийн их тэмээтэй, хэдэн тэмээ салхидуулаад алдчих­сан эрэлд явж байхдаа ахынхаар буусан юм. “Эгч нь амаржаад дөнгөж саяхан гарч ирээд байна” гэж ах хэлж байсан. Тэрхүү улаан цурав үр өнөөдрийн есдүгээр хутагтаар тодроод байгаа Угтах­баяр даа” гэв. Ёстой л нэг нэмэр хачиргүй сайхан дурсамж.

Тэрээр цааш ярьсан нь “Өлгий хийдийн Дамбарэнцэн тэргүүтэй лут лам нар байлаа. Ихэвчлэн гавж, хамбууд байсан байх. Тэд л Угтахааг ихэд тоож шашны маш том зүтгэлтэн болно гэж хэлдэг байсан юм билээ. Би ч бас тэдний амнаас ийм үг сонсч л байлаа. Ерээд оны эхээр шиг санагдана. Намар оройхон хэрд ахынд дав­хиад очтол “Хүү минь Өлгийн хий­дэд шавилж байгаа. Түнжгэр үрийг минь ирээдүйд нэртэй лам, шашны зүтгэлтэн хувраг гэгээнтэн болно гэж хийдийн лам нар хэлж байна. Түүнийг сонсоод ихэд баяртай байна аа” гээд Отгон-Амжилт ах бөөн хөөр, нүдэндээ нулимстай сууж байсан. Одоо бодох нь лууга­рууд мэддэг л юм байна”. Бас л гоё дурсамж. Болд уяачийг нэлээдгүй шалгааж энэ тэрийг асуусны явцад нэг зүйл тодорхой болсон юм. Тэр нь гэгээнтний ээж Өргөнцагаан Өмнөд Монголоос гаралтай гэдгийг мэдсэн явдал байлаа. Нэг их сүр­хий юм биш л дээ. Гэхдээ хүмүүст сонин байх болов уу. Болд ах ярьсан нь “Манай ээжийн аав Гомбо гэж номтой мэргэн, ноён хүн байжээ. Өвөр Монголын Баруун Сөнөдийн хошууны лам хүн бай­сан гэдэг. Эмээ минь Намжилмаа гэж Баруун Сөнөдийн хошууны цуутай хүүхнүүдийн нэг явсан гэдэг” гээд цааш үргэлжлүүлэв.    

Болд ахтай наадмын хуушуур гулгуулсан шигээ баахан хууч хөөрөөд гэрээс гарлаа. Отгонтогтох эгчээр хөтөч хийгээд гарсан юм. Тэрээр алдарт уяачтай гал тогоог нь эзэгнэж байх зуурт бага ангийн багш Наранбаяртай яриад, гэгээн­тэн дүүгийнхээ сурч байсан ангиар намайг оруулах программыг хэдий­нэ зохион байгуулжээ. Сумын төвд үдээс хойшдоо элсээр шуурч, хүйтэн ч юм шиг, халуун ч юм шиг салхи хацар алгадаж байлаа. Хөвс­гөл сумын сургууль Монголын нэрт зохиолч, богино өгүүллэгийн мастер Жагдалын Лхагва агсны нэрэмжит гэдгийг миний бие гадар­лах юм. “Толгодын цаана ингэ буйлна”, “Анхны хайрын зурвас” тэргүүт сонгомол бүтээлүүдээр нь Жагдалын Лхагва агсныг олон түмэн мэдэх билээ.

Хутагтынхаа ангиар орлоо,  Г.Наранбаяр багштай уулзлаа. Ерэн нэгэн онд Угтахаа ламыг нэгдүгээр ангид ороход Наранбаяр багш нөгөө ангийг нь дааж авсан түүхтэй. Тийм хэрнээ хутагтаа мэдээд байгаа нь сайхан юм. “Мант­гар шар банди” байсан даа гэж байна. Наранбаяр багш 32 жил тасралтгүй бага анги дааж, зүггүй шувуухайнуудтай зууралджээ. Үг яриа нь хүүхэд шиг, дуу хоолой нь ч тийм нэг намуухан, хөдөө сумын багын багш нар ийм л байдаг аа гэх сэтгэгдлийг төрүүлэхээр. Хутаг­тын сурч байсан ангид Наранбаяр багшийн ангийнхан хичээл хийж байна. Долоо, найман настай балчрууд сүрхий гэгч нь тоо бо­доод “номхон команд”-тай сууж байв. “Равжаа хутагт чинь манай Хөвсгөлийнх шүү дээ. Улаан­бад­рахынхан манайх гэж булаа­цалд­даг. Гэтэл ямар ч маргах зүйлгүйгээр манай нутгаас хойд дүр нь тодор­лоо” хэмээн ардын багш баяр хөөртэй сууна. Багшийн ярианаас бас нэг зүйл анзаарагдсан юм. Хутагт тодорлоо гэнгүүт л сургууль даяараа хэний шавь бэ, хэн хэн ойр байсан бэ, байрны багш нь тэгэхэд хэн байв, ямар айлаар орж гарч байв гээд л баахан эрэл сурал болсон шиг байгаа юм. Тэгтэл нэгдүгээр агийнх нь багш өөр суманд байдаг, байрны багш нь бурхны оронд явчихсан байдаг, орж гарч байсан айл гэхээр бүдэг байдаг, ер нь л базаахгүй дүр зураг гарч. Сургуулиас гараад сумын төвөөр нааш цааш холхиж дэлгүүр хоршоо орсон шигээ бага сага саатлаа. Энгийн иргэдээс хутагтын тухай асууж, ямархан хариулт өгөхийг нь сонирхов. Ихэнхдээ л мэдээж баяртай байна. Манай Хөвсгөл сум ерөөлтэй, номын авшиг­тай нутаг гэж байна. Ер нь хүмүүсийн ярианаас анзаарахуйд “Түнжийсэн толгойтой шар юм” гэхээс өөр зүйл дуулдсангүй. Есдү­гээр хутагт маань тавдугаар ноён хутагт “галзуу” Равжаагаасаа эрс өөр бололтой. Архи дарс, авгай хүүхэн, шүлэг найраг гээд олоон зүйлээр “дутуу” буюу.

Үргэлжлэл бий.
Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

М.Энхсайхан: Ийм явдал болдог юмаа гэхэд “Шударга ёс” эвсэл эхлээд тарах хэрэгтэй болно

Ерөнхий сайд асан, МҮАНын дарга М.Энх­сай­хантай ярилцлаа.

Та хамгийн сүүлд Эх орончдын баярын өдөр болсон эрдэм шин­жилгээний хуралд илт­гэл тавьсан байх аа. МАНаас зохион бай­гуулсан хуралд оролц­сон гэдэг утгаар нь он­цолж асуумаар санагд­лаа… 

-XX зууны Мон­голын түүхэнд олон гэгээлэг үйл явдал болс­ны нэг нь Монголд Улс төрийн нам байгуулагд­сан явдал юм. Энэ өдрийг хожмоо Эх орончдын өдөр гэх бол­сон. Энэ өдөр бол улс төрийн бүх намд ха­маа­тай, тэмдэг­лэлт өдөр яахын аргагүй мөн. Улс төрийн нам бай­гуулаг­дана гэдэг бол төр зохион байгуулалтын хувьд эрэм­бэ ахисан том үйл явдал байлаа. Өнөөд­рийн олон намын тогтол­цоо тэр үеэс л эх үүсвэр­тэй гэж үзэх хэрэг­тэй юм. Энэ өдрөөр МАН үндэс­ний аюулгүй байд­лын чу­хал асуудлаар эр­дэм шин­жилгээний бага ху­рал зохион байгуулж үг хэлэх бололцоо өгсөнд талархаж байгаа. Цааш­даа бүх намууд хамтарч тэмдэглэдэг болох байх гэж бодож байна.

Илтгэлд төмөр за­мын асуудлаас гадна Монголын эдийн зас­гийн бодит байдлын ту­хай үнэтэй мэдээлэл өгсөн гэж ойлгосон. Энэ тухай дэлгэрүүлбэл?

-Миний
ярьсан асуу­дал “Үндэсний аюулгүй байдал ба төмөр зам” гэсэн сэдэв байсан. Хэлэх гэсэн гол санаа маань Монгол Улс уул уурхай­гаас биш, төмөр замаас хараат эдийн засагтай болсон тухай, бодлогоо хэрхэн эрэмбэлж ямар дарааллааар ажлаа хийх ёстой тухай байсан. Уг хурал дээр Оюу Толгойн асуудлыг хөндөж ярилц­сан. Сайхан санаанууд гарч байна лээ. УИХ, Зас­гийн газарт хандаж зөв­лөмж гаргаж өгч байгаа юм байна лээ. Бодлогын зөв зөв чиглэлээр УИХ дээр намуудын бүлгүүд нэлээд хамтарч ажиллах шаардлагатай юм байна гэж бодож суулаа. Ялан­гуяа “Шударга ёс” эвсэл, МАН-ын бүлгүүд ойртож ажиллах нь улс төрийн утгагүй сөргөлдөөнийг намжаахад чухал ач хол­богдолтой юм.

Төмөр замтай хол­боо­той асуудал одоо ч намжаагүй байх шиг бай­на. Та ч энэ талаар хан­галттай тайлбар хий­сэн. Гэхдээ А.Ган­сүх сайдын ярьсан зүйл таныг хятадуудтай сүж­рээд нарийн царигтай зам тавих гээд зүтгээд байж гэж ойлгуулсан талтай

-Засгийн
газар Таван толгойгоос урагш Гашуун­сухайт чиглэлд төмөр зам барих ажлыг хийхэд зориулж хөрөнгө мөнгө гаргахаар болж байна. Ямар ч байсан далангийн ажлыг хийе, Зүүн чиглэлд одоохондоо судалгааг гүнзгийрүүлье гэж байгаа бололтой юм. Царигийн хувьд яаж ч мугуйдлаад олон улсын цариг сонгохоос өөр зам байхгүй. Энэ асуудлыг УИХ шийдэх учиртай.

Төмөр зам барих асууд­лыг хөрш орнууд­тай­гаа бодлогоо зохицуу­лахаас нааш шийдэж бо­лохгүй. Хоорондоо зал­гагд­даггүй төмөр зам ба­ри­на гэж юу байхав. Хэ­лэл­цээрийн ширээний ард суух хэрэгтэй. Үүнийг “сүжрээд” гэж томъёол­бол тэнэглэл болно шүү дээ.

Ер нь Чингэс бон­доос хэд хэдэн төслийг санхүүжүүлэх ажил эх­лэх гэж байна. Энэ талаар таны байр суурь ямар байгаа вэ?

-Бодлогоо
нэгэнт гар­га­сан бол түүнийг маш сайн хэрэгжүүлэхийн тө­лөө явах хэрэгтэй. Улаан­баатарт хурдны зам ба­рих, аймгуудын төвийг засмал замаар холбох төслөөс эргэж мөнгөө олох­гүй, гэвч энэ төс­лүү­дийн нийгмийн ач хол­бог­дол өндөр. Төмөр зам, Таван толгойд цахилгаан станц барих төслөөс хэр­вээ ажлаа хугацаанд нь гүйцэтгэвэл эргэж мөнгөө олж болох л юм.

Таныг Таван тол­гойн байдалтай танилц­сан гэж сонссон. Ямар үнэлэлт дүгнэлт хийж байна вэ?

-Оюу
Толгойтой харь­цуулбал Таван толгой хэд хэдэн зүйлээр илүү са­нагд­сан. Өмчлөлийн хувьд Таван толгой Мон­голынх, оператор компа­ниуд нь Монголынх тул тэд газар орныхоо ний­гэм эдийн засгийн асуу­далд илүү анхаарал тавьж байна. Ухаа худаг дээр орон сууц, зочид буудлууд баригдаж бай­на. Сум цэвэр устай, гэ­рэл цахилгаантай, сур­гууль цэцэрлэгтэй болж. Тэнд Монголоороо ба­харх­сан урам зоригтой хүмүүс чин сэтгэлээсээ ажиллаж байна. Ямар азаар бид энэ ордоо гад­ныханд алдчихаагүй юм гэж бодож байлаа. Бид өөрсдийгөө голох хэрэг­гүй. Монголчууд үйлдвэр барьж чадна, түүнийгээ ажиллуулж чадна гэдгийг Таван толгой, ялангуяа Ухаа Худагаас харагдаж байна. Засгийн газар Таван толгой дээр цахил­гаан станц барих шийд гаргасан. Эхний удаа Зас­гийн газар 50 сая ам.долларын хөрөнгө оруу­лалт хийе гэсэн шийд­вэр гаргасан. Энэ төслийг гүйцэлдүүлэх асууд­лыг Сономпил сайд надад хариуцуулъя гээд байгаа. Төр, хувийн хэвш­лийн хамтын ажилла­гаа­ны хамгийн анхдагч то­хиол­дол тул олон юм ши­нэ байна. Яадаг ч байсан хийх гээд зүтгээд ард нь гарах хэрэгтэй.

Тэгэхээр та шинэ ажилд очих нь ээ. Мөн л томд тооцогдох төсөл байна даа?

-Ажил
хийе гэвэл на­даас сорилт, хүч шаард­сан шаардсан ажил л надад сонин байна. Харж л байя. Гэнэтхэн томи­лоод гэнэтхэн халаад хаячихгүй л бол.

Таван толгойн бо­дит байдлыг, эдийн зас­гийн үр нөлөө, улсад хэр ашигтай зэргийнх нь хувьд  өнөөдөр хүмүүс сайн мэдэхгүй байгааНэг үе төр засгийн жо­лоог атгалцаж явсан хүний нүдээр, эдийн засагчийн хувиар хөнд­лөнгөөс харсан та л бо­дит үнэнийг хэлэх бо­лов уу?

Таван толгойн ховор­хон энэ ордыг хэрхэн ашиг­лахаас Монголын ирээдүй олон талаар ха­маарна. Төмөр замыг зөв тавих хэрэгтэй байна. Баяжуулах үйлдвэр барих, өргөжүүлэх, кокс химийн үйлдвэрийн үнд­сийг тавих хэрэгтэй байна. Цахилгаан станц барих нь онцгой чухал. Кокс боловсруулахтай зэрэг­цээд эрчим хүчний нүүрс гарах бөгөөд түүнийг ца­хил­гаан болгох нь экологи болон эдийн засгийн чу­хал ач холбогдолтой. Та­ван толгойд хот бай­гуу­лах хэрэгтэй болно.  Энэ бүгдийг том харж зохион байгуулах төрийн тогтол­цоотой болох ч шаард­лага бий болно. Нам намаар талцдаг, бүлэг фракц болдог жижигхэн сэтгэлгээ мега төслүүдийг булшилж байна.  2016 он гэхэд хийж гийгүүлсэн зүйлгүй сууж байх вий гэж санаа зовж байна аа.

Улаанбаатар хотод дахин төлөвлөлт хийнэ. Гэр хорооллыг орон сууц­жуулна гэдэг асуу­дал хүчтэй яригдаад эхэлж байна. Энэ тал дээр танд санаа оноо байгаа юу. Эсвэл шүүм­жилмээр ч юм уу зүйл бий юу?

-Дахин
төлөвлөлт нэрийн дор гэр хороол­лын газруудыг булааж эхлэх вий. Асуудалд за­хир­гаадах бус зах зээлийн зарчмаар илүү хандаасай гэж бодож бай­на. Дээр нь хөнжлийн хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг хөрөнгө мөнгө, бо­лол­цоондоо таарсан бод­лого хэрэгтэй. Тэн­гэрийн бодлого газарт тэр болгон таарахгүй.

Засгийн газрын явуулж байгаа бодлого, үйл ажиллагааны та­лаар ямар бодол, байр суурьтай байгаа вэ?

-Үр
дүн шаарддаг бо­лох хэрэгтэй. Хяналт хяналт бас дахин хяналт. Энэ маш их үгүйлэгдэж байна аа.

Сүүлийн үед хэв­лэл мэдээллийн хэ­рэгс­лүүдийг боомилох шийдвэрүүд гаргаад эхэллээ. Кабелийн олон телевизийг хааж байна. Сайтын сэтгэгдлийг хянаж байна. Таны хувьд үүнийг ардчилал мөн гэж үзэж байгаа юу?

-Хэвлэл
мэдээлийн хэрэгслүүд олон түмэнд үйлчлэх учиртай. Тий­мээс тэднийг олон ний­тийн өмчлөлд шилжүүлэх ажлыг хиймээр байна. Шалгуур зөв, шударга бол хааж, хязгаарлаж болно л доо.

Танай намын бүгд хурал хэзээ болох вэ. Өнгөрсөн хугацаанд МАН, МАХН хоёр нэг­дэ­нэ гэж их ярилаа. Гэвч МАХНтай эвсэл бай­гуу­лан их хуралд сууж байгаа МҮАН чимээгүй, ажиглагчийн байр суу­ри­наас удаан суулаа. Одоо дуугарах цаг бо­лоогүй юу?

-МАХН-тай Эвслийн гэрээгээ өөрчлөх санал ярилцаж байгаа. Одоо­хон­доо үр дүнд хүрээгүй байна. Ерөнхийлөгчийн сонгууль зарлагдахын өмнө талд бид хуралдах байх.

Эвслийн гэрээндээ ямар өөрчлөлт оруулъя гэж. Үүнийг тодруулж асуумаар байна л даа?

-Эвслийн
Удирдах бай­гууллагыг нам на­маас ижил хэмжээтэй байлгахыг хүсч байгаа. Энэ тохиолдолд Эвслийн Удирдах байгууллага  ажил­лах чадвартай бо­лох юм. МАХН Удирдах байгууллагад олонхи гэд­гээр өрөөсгөл шийдвэр гаргадагаас болж энэ бай­гууллага сонгуулиас хойш ажиллаагүй. Алсын хараатай явъя гэж байгаа бол сонгуульд нэр дэв­шүүлэхдээ ижил эрх, хэм­жээтэй байя гэж байгаа.

МАН, МАХН хоёр нэгд­тэлээ өдий байх. Гэхдээ тэд нэгдлээ гэ­хэд танай намд ашиггүй биш үү. Та юу гэж бодож байна вэ?

-Энэ
бол дээрх намуу­дын дотоод асуудал. Ийм явдал болдог юмаа гэвэл “Шударга ёс” эвсэл эх­лээд тарах хэрэгтэй болно.

Ерөнхийлөгчийн сон­­гуульд МАХНМҮАНМАН гурав хам­тарч орвол үнэхээр хүч­тэй байна гэж та харж байгаа юу?

-Тэгэж
бодохгүй бай­на. Олонлог биш чанар­лаг байх хэрэгтэй. Ямар хөтөлбөр, юу хийж чадах вэ гэдэг асуудал МҮАН-ын хувьд эрхэм асуудал. Тийм учраас нэр дэвшигч­дийн хөтөлбөр чухал байна.

Ерөнхийлөгчийн сон­гуульд танай гурван нам хамтарч ороод дун­даасаа нэг лидер нэр дэвшүүлье гэхэд тэр нь МҮАНаас байх боломж хэр бол?

-Тийм
бололцоо байх­гүй.

Танай нам Ерөнхий­лөгчийн сонгуульд дан­гаараа орох боломжтой юу?

Магадлал тун бага. Улс төр тэгтлээ хөл тол­гойгоороо эргэлдэхгүй байлгүй дээ.

Хэрэв  МАХНМҮАНынШударга ёсэвсэл өөр намтай хамтарч Ерөн­хийлөгчийн сон­гуульд орвол Засгийн газар байгуулахдаа АНтай хийсэн гэрээгээ зөр­чиж таарах байх?

-Бараг
тийм болох байх. Дотроо сайн ярил­цах хэрэгтэй. АН-тай бай­гуулсан гэрээг нэг дүгнэх цаг боллоо гэсэн санал гарч байгаа. Зөв гэж бо­дож байна.

МАХН МАНтай хам­тарвал Шударга ёс эв­сэл тарах юм байна гэж бодлоо. Тэгвэл  танай нам Ерөнхийлөгчийн сон­гуульд АНыг дэм­жиж оролцох тал дээр байгаа юм байна гэж ойлголоо зөв үү?

-“Шударга
ёс” эвсэл нэгд­мэл байр суурьтай сонгуульд орохыг эрмэл­зэх нь чухал. Би үүний төлөө байна.

Монголын төмөр замын даргын сууд­лаас түлхсэн учраас М.Энхсайхан АНын эсрэг юу ч хийхэд бэлэн гэдэг өдөөн хатгах маяг­тай яриа ч гадуур дэлгэрсэн байна. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Бурууд
нүд хурц, ам нээлттэй байхыг бодож байна. Төмөр замын бод­лого буруу байсныг засах аядсан. Заавал би тэнд ажиллах албагүй.

МАХНын дарга Н.Энх­баярын талаарх таны бодлыг одоо асуу­вал буруудахгүй биз дээ. Үнэндээ түүнийг шоронд орсноос нь хойш таныг эргэж очоо­гүй гэх юм билээ. Бас түүнд ял өгсөн нь хэл­мэгдүүлэлт биш гэх утгатай үг хэлчихсэн байсан… 

-Нэг
удаа шоронгийн эмнэлэгт эргэж очсоон. Хараа хяналт камерийн бичлэг дор юугаа ч ярих вэ дээ. За тэгээд би очлоо гээд бие нь дээрдэх биш.

Яг одоо парламен­тын түвшинд улс тө­рийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруу­лах асуудал яригдаж байна. Энэ тал дээр та ямар саналтай байгаа вэ. Б.Жаргалсайхан зэр­гийн зарим намын дарга нар намуудын талаар хатуу үг чу­луу­даж байхыг сонссон болов уу?

-Үндсэн
хуулиа өөрч­лөхөөс нааш намуудын төлөв байдалд өөрчлөлт орохгүй. Ганц танхимтай парламентад улс төрийн намууд төрийн дээр гар­даг нь бараг нотлогдчих­сон асуудал. Намын тухай хууль өөрчилснөөр төр зөв болно гэж байх­гүй.  Дэлхийн хоёрдугаар дайны дараа  Англид Лор­дын буюу дээд тан­химаа татан буулгах тухай яриа газар авахад Черчилль ардчилал да­варч байгааг  хараад  ард­чилал бол адгийн засаг­лал гэж дуу алдаж байсан юм. Черчиллийн хэлсэн үгийн санаа нь Ганц тан­химтай парламент бол Төрийн дээр нам гарах нөх­цөлийг бий болгох, Үндсэн хуулийн харил­цан хяналт, тэнцвэрийг алдуулах, Төрд итгэх олон түмний итгэлийг ал­дагдуулах, Супер төлөв­лөгч, супер хүмүүс бий болж олон түмний эрх чөлөөнд дайсагнах аюул­тайг сануулсан үг байсан юм. Черчиллийн хэлсэн адгийн засаглалаар Мон­гол 20 гаруй жил явлаа. Одоо болоо гэж хэлэх хүн л хэрэгтэй.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Есдүгээр хутагтын нутгаар буугаад мордсон нь

Есдүгээр ноён хутагтын төрсөн ах О.Эрдэнэбат хүү болон төрсөн дүү Мэндээгийн хамт

-НОЁН ХУТАГТЫН ХОЙД ДҮР О.УГТАХБАЯРЫН
УУГУУЛ НУТАГ ДОРНОГОВИЙН ХӨВСГӨЛИЙН ТЭМДЭГЛЭЛ-

Сайншандын галт тэ­рэг­ний буудал дээр шө­нийн 01 цаг гучин таван минутад ирлээ. Гар цүн­хээ бариад хамт ирсэн нэгний ачаа бараанаас үүрэлцээд буугаад иртэл Лхагваа маань (яруу най­рагч Бямбаагийн Лхагва­дорж) “А” зэрэг­лэлийн суудалд суусныг хэдийнэ мэдчихсэн, хаалганы өмнө тосоод зогсож бай­на. Олон таван үггүй тун даруу тэрээр “Гэнэт наашаа явах ажил гарав уу. Найз нь унаа тэрэг зохицуулчихсан” гэснээс өөрийг хэлсэнгүй. Галт тэрэгний зогсоолын ёлтой­сон гэрэлд анд минь адуун цагаан шүдээ­рээ инээмсэглэх нь нэг л сайхан. Өнөө л дотнын төрх, цаанаа л эрхэмсэг байдаг найрагчийн царай мөн дөө.

Өдгөөгөөс арваад жилийн тэртээд Арлааны Эрдэнэ-Очир найрагч Равжаа хутагтын нутгаа үзүүлэх гэж хотоос оюутан намайг дуудаж яг л энэ буудал дээр, яг л энэ цагт сэгсийтэл зогсоод хүлээж байлаа. Тэгэхэд намар оройн туналзсан ягаан салхитай үдэш байсан сан. Энэ удаа бол хаврын дунд сар дөнгөж цухуйж буй урин цаг юмсанж. Төмөр замын цардмал цагаан шатны урдхан талд хар ногоон “ланд” өмнө зүг рүү хараад зогсож байна. Лхагваагийн бэлдсэн унаа морь ажээ. Жолооч нь Баяраа гэж үе тэнгийн даруухан залуу байна.  Ингээд Сайншандын зүүрмэг­лэж ядаж буй нойрмог шөнөөр эрхэм нөхрийндөө хүрч очлоо. Гуч гарч буй ганц бие, тэгээд найрагч залуугийн гэр орон гэдэг ямар л олигтой байхав дээ. Уул нь мань эр нягт нямбай хүн л дээ. Гэхдээ ундуй сундуй л харагдана. Дутуу уншаад орхисон номынх нь хуудас дэлгээтэй хэвээр хал­бага, сэрээ энэ тэртэй нөхөрлөөд гал тогоо хавиар байх жишээний.  “Найз нь цуйван хийгээд ээ” гэж байна. -Чи чинь хө, нэг “юм”-тай болсон гээд байсан, яасан билээ гэж би гэдэг хүн ямар ч эв хавгүй, хээ шаагүйхэн асуугаад авлаа. -Нэг бүсгүй бий. Өнөөдөр тэдний­хээс урвачихлаа. Найз минь хотоос ирэх гэж байна гэж гараад буцаж очсонгүй. Унаа тэрэг гэж захаар баахан давхиад, Хөвсгөл сум руу явдаг машин гэж алга. Хатан­бу­лагийн нэг жаран есийг хөлсөлчих санаатай ярьсан чинь хэд гурван зорчигч авчихсан байж. Тэд нь уурлаад хавьтуул­даггүй. Тэгтэл харин Баяраа маань яваад өгье гэдэг юм. Энэ чинь саяхан хот хүрээ орж, энэ “Ланд 80”-ыг авч ирээд байгаа хүн л дээ хэмээн баахан учирлалаа. Найз бүсгүйнхээсээ оргоод, гэртээ ирж адууны мах чанаад, цуйван хийгээд гээд хөөний л юм яриад байна. Гэхдээ уг яриа хөөрөөний завсар тийм нэг чин сэтгэлийн, анд нөхөр­лөлийн эдүгээ цагт бол тунчиг ховордсон бараа сэлт хавчуу­лаастай байгаа нь илт шүү.

Ингээд гурвуул хар ногоон ландтайгаа гарч өглөө. Шөнийн хоёр цаг өнгөрч байгаа. Замаараа Эрдэнэбаяр гэж залууг авлаа. Шөнө дөлөөр явах учир зам сайн мэддэг  хүн хэрэгтэйг Лхагваа юу эс андах билээ. Эрдэнэбаяр бол ээжийн талаараа Хөвсгөл сумынх ажээ. Өөрийнх нь төрсөн нутаг Алтанширээ сум юм байна. Төрийн шагналт Балжирын Дог­мид, соёлын гавьяат зүтгэлтэн Галсангийн Жамъян, Шагдарсүрэн­гийн Гүрбазар гээд олон авьяаст­ны, адармаатай нөхдийн өлгий нутаг даа, Алтанширээ гэдэг чинь. Бид дөрвийн говийн тунгалаг шөнөөр зорьж яваа Хөвсгөл сум Сайншандаас нэг зуун дал гаруй километрийн алсхан бий. Говийн тавдугаар ноён хутагт Данзан­равжаагийн төрж өссөн газар Шувуун шанд, Дулаан харын уул Хөвсгөл сумын нутаг тал руу байд­гийг миний бие өмнө нь хэд хэдэн удаа дөрөө мулталсных мэдэх билээ. Тэгтэл догшин хутагтын тэр л ус нутгаас хойд дүр нь тодорсон мэдээ сүүлийн үед чих дэлсэх болсон. Нарийвчилбаас, Дорно­говь аймгийн Хөвсгөл сумын уугуул Отгон-Амжилтын арван хүүхдийн нэг Угтахбаяр гэж залууг Говийн ноён хутагтын ес дэх дүрээр тод­руулж, Дээрхийн гэгээнтэн ёсчлон баталж, түүнийг нь Хамарын хийдийн тахилч Зундуйн Алтангэрэл тэргүүтнүүд олонд зарласан билээ. Дорнын говиос, Хөвсгөл сумаас тодорсон гэгээнт­нийг сурвалжлахаар Сайншанд-Замын-Үүдийн галт тэргэнд санд мэндхэн суусан минь энэ буюу. Гэхдээ есдүгээр хутагтынхаа эрдэм чадлыг, номын авшиг буяныг нь сурвалжлах гэж зорьсонгүй. Зүгээр л энгийн борог амьдралыг нь олонд бага ч болов үзүүлэхийг эрмэлзсэн хэрэг ээ. Гэгээнтний ижий аав нь  чухамдаа ямар хүмүүс байх, нут­гийн зон олон ямархан санаа бодолтой баяр хөөртэй байхыг, ах дүү амраг садангаар нь нэг буугаад мордъё, тэд юу ярих нь уу, багын нөхөд хийгээд багш нартай нь нэг уулзъя, сургууль соёлоор нь оръё гэж гэнэтхэн шийдээд найз бүс­гүйн­хээ өвөрт нялуурч хэвтсэн Лхагваагаа хөөж босгон, Баяраа­гаар морин жолоочоо хийлгэж, Эркаг хар шөнөөр мөн л халуун хэвтрээс нь аваад гарч явна. Мон­гол орны хаана ямар л үйл явдал болно аймшгийн хэрэг төвөг, уул уурхайн дэлбэрэлт, нинжа нарын тулгаралт, энгийн гэмгүй иргэд амиа алдаж, эрх чөлөөгөө эдэлж ча­дахгүйд хүрэх, өмнийн говь Нэмэг­тийн хөндийгөөс өнөө алдарт Батаарын яс алга болсон хийгээд Завханы Тэс-Монголын хойд хил дээр буун дуу гарсан зэрэг бүхий л зүйлд “Өдрийн сонин” очиж уншигч олондоо үнэн зөвийг хүргэсээр ирсэн. Усан могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний нарыг  Монголынхоо зүүн хязгаарт угтаж, манай Т.Цогт-Эрдэнэ сэт­гүүлч шуудангийн тэрэг бүү хэл, шувуу ч үзэгдэхгүй зүүн хязгаарын заставт хэдэн бор цэрэгтэй зургаа татуулж “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрэн дээр гарч байсныг уншигч олон мэдэж буй. Энэ л уламжлалыг хадгалж намайг ийнхүү хутагтын нутаг руу “шидсэн” бөлгөө.

Яралзтал газрын цээжинд морьд гараад ирдэг шиг яах ийхийн зуургүй Дулаан харын ууланд хүрээд ирлээ. “Дулааны харын ууланд Саран хөхөө донгодно л…” гэх нь бий. Равжаа хутагт Саран хөхөөний намтраа энэ газар усанд задгай хээрт тоглуулж байсан түүх бий. Зүүнбаянгаар дайраад өнгөрөх  зуурт Догмид ахыг ярьж бүгдээрээ баахан инээлд­лээ. Санхүүгийн техни­кумын нэгдүгээр ангийн оюутан Шар хадны архины тасагт хэвтэж байгаад Чойжилын Чимид гуайд хөөгдсөнийг нь, Сайншандаас Зүүнбаян орох тавиадхан кило­метрийн хооронд гар өргөөд суу­сан цагаан паарчигтай охиныг гэргийгээ болгоод авсныг нь, Дор­но­говьд нэр дэвшихээр лут амьтан ирж Жагдалын Лхагваагаа мене­жер болгоод буруудсан хөгийг нь ярьж явсан юм. Шөнийн харан­хуйд лүглийсэн ат шиг амьтад Дулаан харын овоог нар зөв тойрч чулуу нэмэрлээд, дуу дуугаа авч яриглан чоно шиг сунайлдав. Говийн шөнийн оддын туяа овооны зах бэлийн чулуунд талстана. Гурав­дугаар сарын хөхөмдөг салхи энгэр заамаар шургалан, хацар нүүрийг илбэх нь цаанаа л уясуу. Дөрвүүл нэгэнтээ бие сэргэж аваад машин­даа сууж адуун махнаасаа гул­гуу­лан умс, хятай зэргийг баа­хан амтархан идээд цааш хөдөл­лөө. Замын хажуугаар бударгана баг­сайл­даж, заг, хайлаас тэргүүтэн сүглийлдэнэ. Цагаан зээр гэрэлд хаа нэгтээ үзэгдэж, туулай хоёр чихээ сортолзуулаад зам хөндлөн давхина.

“Шувуун
шандад үүр хаяарахыг харах гэж л найз нь шөнө дөлөөр гарахын хүслэн болсон” хэмээн Лхагва маань үнэнээ хэлж байна. Бидний яриа есдүгээр хутаг хий­гээд зорьж яваа газар усны тухай үе үехэн үргэлжлээд л байгаа. “Хутагтыг Хамарын хийдэд нь залчихаад буцаж явахад би яг таарч билээ. Алтангэрэл тахил­чийн хар жийптэй ижил хар машин, номер дугаар нь ч их адилхан машинд шар хадаг яндар болсон залуухан лам дэргэдүүр өнгөрсөн нь хутагт маань байж шүү дээ” гэж Баяраа өгүүлж байна. Үүнийг залгуулаад нэг нь “Хутагтын хөлөг­лөж яваа хар “хоёр зуу”-г хаанаас өгсөн гэлээ дээ” хэмээн үгийн хачир болгоод авлаа.

“Шувуун
шандаас баруухнатай нэгэн суварга босч байгаа. Хэдүүлээ замаараа дайрна. Уг суварганы цаахна хутагтын ижий аавынх нутаглаж байгаа” хэмээн Эрка энэ л газар устай эхийнхээ хүйгээр холбоотойн учир нэгд нэгэнгүй ярьж байна аа. Тэрээр аавынхаа нутаг Алтанширээгийн засаг ноёноор дөрвөн жил ханай­гаад халаагаа өгчээ. Одоо аймгийн төвд хувиараа ажил эрхэлж байгаа гэсэн. Манайхны хэлдгээр “чөлөөт уран бүтээлч” гэдэг шиг л юм даг уу даа.

Нээрээ чиг үүр хаяарахын алдад Шувуун шандад хүрээд ирлээ шүү. Зам бараг л гажсангүй. Төөрч будилсангүй туушхан л давхиад ирлээ. Үүр хаяарахын өмнө болоод тэр юм сан уу, салхи гэдэг чинь ёстой салхи байна. Өнөө хавирга нэвт үлээнэ гэдэг шиг хаа хүү байна. Өвлийн зузаан курткээ гар цүнхэндээ чихээд хийчихсэн, дан ноосон цамцан дээр торгон савхитай гангараад байсан чинь бишдээд явчихлаа. Шувуун шан­дын салхинд өөрийн эрхгүй чичир­дэг байна шүү. Гэвч ажир­сангүй ээ. Анд нөхдийнхөө халуун сэтгэлд нөмөрлөсөн шигээ  Равжаа хутаг­тын­хаа гэрэлт суварганы өмнө мэхийн зогссон. Бүрэг бараг­хан төдийд элсээр шуурсан хаврын хавсаргыг сөрж, Шувуун шандын нарийн шаргал элсэнд гутал зоог­донгуй байсан ч нэг л мэдэх нь ээ уулсын хөтөл дээр гэрэлтэн сацрах ариун шүншигт хөшөөнийх нь дэргэд ирсэн байв. Энэхэн цаг мөчид Лхагваа минь яруу найраг­чийн сэтгэлээр хүүхэд шиг баясан “Найзынх нь хорин жилийн мөрөө­дөл биеллээ” гэж дал мөрийг минь алгадав. Тэрхүү баяр хөөрийг нь улмаа бадраах гэсэн мэт дорнын талаас үүрийн цагаан гэгээ алд алдаар туяарч байлаа. Ийнхүү догшин хутагтын нутагт дорноос мандах наранд залбирч, гэрэлт суварганых нь өмнө гэгээ татуулж зогсох цаг мөч ирдэг л юм байна. Өнөө цагт толгойтой бүхэн л энер­гийн тухай ярьж, Равжаагийн Ха­марын хийдийг бөөн бөөнөөрөө зо­рих болсон. Сүм суваргад нь мөр­гөж, Хар ууланд нь сүсэлж, зуун найман агуйд нь бараг л гэгээрч аваад буцдаг гэж байгаа. Тэгвэл Хамарын хийдээс гадна төрсөн бууц Шувуун шандад нь үүрийн гэгээнээр ирж, наран мандах цаг дор Дорнын говь нэлдээ алтран шаргалтахыг харахуйд нүдний манан арилах шиг болдог юм билээ гэдгийг энэ дашрамд дуулгачихъя.

Эрдэнэбаярын хэлээд бай­санч­лан Шувуун шандын цаах­натай суваргаар дайраад гарлаа. Цэцэг-Өлгий гэж залуу уг бүтээн байгуулалтын ажлыг удирдаж байна. Сайд нарын зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байсан Монгол төрийн нэгэн түшээ Ч.Сүрэн гэж байсныг манайхан мэднэ дээ. Тэр хүн Хөвсгөл сумын унаган  иргэн байжээ.  Аавынхаа дурсгалд зориулж үр хүүхдүүд нь тэрхүү суваргыг бүтээлгэж байгаа юм байна. Догшин хутагтын төрсөн бууцан дээрээс өглөөний наранд оройн ганжир нь алтраад байгаа нь тодхон үзэгдсэн суварга үнэхээрийн сүрдмээр юм аа. Төр түмнийхээ төлөө зүтгэж ирсэн аавынхаа дурсгалд үр хүүхэд нь байгаа бүхнээ зориулж буй нь илт. Суваргын өндөр дөчин таван метр гэсэн байх шүү. Тойргийн хэмжээ хэчнээн ч найман ханатай гэрийн буурьтай тэнцэх юм бэ дээ, бүү мэд.

Цэцэг-Өлзий биднийг “Багшийн гэрээр нэг ороод гар даа” гэв. Ёотон шиг дөрвөлжин олон цагаан байшин­гийн дээхнэ талд нэгэн гэр байсан нь багшийнх нь өргөө ажээ. Багш нь Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Бурханч лам Г.Пүрэвбат гэнэ. Хэд хоноод л нисдэг тэргээр ирж өргөөндөө морилж, суварганы бүтээн байгуу­лалттай танилцдаг гэж байгаа. Гэрийнх нь хойморт шар хадгаар баринтагласан олон судар ном давхарлаастай байна. Тэнд өглөө­ний цай цүй барьчихаад цааш хөдөллөө. Шинэхэн тодроод буй есдүгээр хутагтын аав ээжийнх Цувираагийн хийдийн дээхнэ, Улаан хошуунд хаваржиж буй. “Отгон-Амжилт ах, Өргөнцагаан эгч хоёртой бараг л ах дүүгийн барилд­лагатай явдаг. Гэрээр нь орж гарна, хооллож ундална. Цагаан сарын дараа золгох гэтэл эзгүй байгаа дуулдана. Дараахан нь сураад байтал бүр байдаггүй. Гадагшаа явсан ч гэх шиг. Саяхан л хүүхдээс нь мэдлээ шүү дээ” гэж суварганы Цэцэг-Өлзий хэлж бай­сан. Тэгэхээр ойр хавийнх нь хүмүүс нарийн учрыг сайн мэдээгүй л байгаа бололтой. Ямар хүүхэд нь гэнэтхэн гэгээнтэн болоод улс даяар шуугиад явчихав гэдгийг зарим нэг нь ухаж төвдөөгүй нь нутгийн захаас л мэдрэгдэж байсан.

Цувираагийн хийдийг чанх урдуур нь эмжээрлэн өгсөж, Хөвс­гөл сум руу хөтлөн туушиндах төв замаас баруун хойшоо салж дав­хиулсаар хот айлд ирлээ. Хотоос зорьж ирсэн айл маань энэ шүү дээ. Хоёр гэрийн гадаа нэг нэг хужаа мотоцикль ёс юм шиг л байж байна. Баруун гэрийн хатавчийг  шар “жаран ес” налаад “хэвт­чихэж”. Гэрийн урдхан дөнгөж саяхан гарсан бололтой нойтон ботго унаж босон чүүчигнэж, хажуу­ханд нь хүрэн улаан ингэ хавь ойрыг сүрхий чигч ширтэнгүй зог­соно. Хоёр гэрийн зүүн талынхад нь орлоо. Есдүгээр хутагтаар тодорсон Угтахбаярын ах Эрдэнэ­батынх ажээ. Эрдэнэбат гэргий хүүхэд болоод өөрийн төрсөн дүү Мэндээгийн хамт байж байна. Аав ээж нь хараахан ирээгүй гэнэ. “Манай хоёр чинь яваад удаж байна. Одоо аймгийн төвд байгаа сурагтай. Түрүүнд Мэндээг хажуу талын толгой дээр гаргаж утсаар яриуллаа. Үдээс хойшдоо гарах гэнэ” гэж гэрийн эзэн өгүүлэв. Гэгээнтний ах Эрдэнэбатад ч тэр, төрсөн дүү Мэндээд ч тэр ерөөс энэ айл гэрээс хутагт төрсөн шинж алга шүү. Байдаг л амьдрал байгаа­гаараа л байж байна. Өөр яах ч билээ дээ, гэхдээ гэрийн эзний яриа хөөрөөнөөс дүүгийнх нь тухай тодруулбал, хутагтын талаар ганц ч үг гарсангүй. Тэрээр хаваржилтын байдал, ингэ ойр ойрхон ботголж байгаа зэрэг хөдөөнийхөө л өдөр тутмын сониноос дуулгаж байлаа. “Танай гэрээс Говийн ноён хутаг­тын хойд дүр тодорлоо доо. Энэ мэдээг хэзээ дуулав” гэхүйд, Эр­дэнэ­бат “Тийм гэсээн. Утсаар нэг ярьтал аав ээж хэлсэн” гэхээс өөр хариулт өгсөнгүй. Мэндээ дүү нь зүүн орон дээрээ тэрийж хэвт­чихээд ер чимээ аниргүй шүү. Баруун талын гэр нь мэдээж аав ээжийнх нь гэж байгаа. “Аав ээж хоёрыг ирвэл нүүх санаатай байна. Шар өтөгнөөсөө ядахдаа салъя даа” гэх санаагаа шуудхан хэлээд авсан. Есдүгээр хутагтын төрсөн гэр, ах дүү нар нь нэг иймэрхүү огтоос ажиг сэжиггүй байж байлаа.

Үргэлжлэл бий.

  Н.ГАНТУЛГА     

Categories
редакцийн-нийтлэл

Ширээт хамбын эргэн тойронд буюу шинэ пап Францис

Шинэ пап Францис

Олон зуун жилийн уламж­лал­­тай Ромын папыг тодруу­лах үйл ажиллагаа хэзээнээс хүн төрөлхт­ний анхаарлын төвд байсаар ирсэн. Он цаг улиран өнгөрсөн ч тодруул­даг арга хэрэгсэл уламжлал нь хуучнаараа учраас өнөө цагийн хамгийн сонирхолтой үйл явдал хэмээн тооцож ч болох юм. Мэдээж, Ромын пап буюу Католик шашинт­ны эцэг, ширээт ламыг тодруулах ажиллагаа ойр, ойрхон бо­лоод байдаггүй учраас хүмүүс шинэ папыг тодруулах явцад асар их ач холбогдол өгдөг. Мон­гол­чууд ч Ромын паптай эртнээс түүхэн холбоотой улс. Бид папыг тодруу­лах үйл ажил­лагааг дэлхийн бусад иргэ­дийн адилаар ан­хаа­ран ажиг­­ладаг билээ. Анхны ита­ли гаралтай бус пап гэгддэг дэлхийн алдартай хуврагуу­дын нэг Иоан Павел II-ыг таалал төгссөний дараа Бе­не­дикт XVI-ийг тод­руулах үйл ажиллагааг ихэд сонир­хон телевизээр харж байс­наа санаж байна. Үнэн­дээ пап тодруулах үйл явцыг анх удаа эчнээгээр сонирхож, мэдээлэл авч байгаа хэрэг шүү дээ. XX зууны хамгийн сүүлчийн ширээт лам болох польш гаралтай Иоан Павел II 1978 онд папаар тодорч, дараагийнх нь 2005 онд сая­хан халаагаа өгсөн Бенедикт XVI байсан болохоор манай­ханд ч энэ уламжлал нэг талаас шинэ байж таарна. Тэр үед жигтэйхэн том талбай дээр италичууд, католик ша­шин­­тууд, хэвлэл мэдээл­лийн­хэн цугларч, Ватиканы нэгэн сүмийн яндангаас утаа гара­хыг сэтгэл догдлон хү­лээж байгааг дэлхийн томоо­хон хэвлэл мэдээллийн хэ­рэгс­лүүд шууд харуулж бай­сан юм.

2011 онд Ерөнхийлөгчийн албан айлчлалын хүрээнд Ватиканд хөл тавьж, өмнө нь сонирхон харж байсан том талбай, эртний ёс горимтой Гэгээн ширээтийн улсын со­нин хачнаас ажиглах боломж гарсан билээ.

Гэгээн Петрийн нэрээр нэрийдсэн том талбай Вати­каны хот улс болон Италийн Ром хоттой хиллэдэг. Хиллэх ч юу бай­хав Сүхбаатарын талбайгаас Төрийн ордон руу орохтой адил. Төрийн ордны орой­гоос утаа гарахыг хүлээж суугаатай адил шүү дээ. Гэх­дээ хэмжээ нь мэдээж манай­хаас том. Уржигдар пап тод­руулах ажиллагааг ажиглан 150 мянган сүсэгтэн уг тал­байд цугларсан гэж байсан.

Ватикан угаасаа нэг км ч хүрэхгүй газар нутагтай, хүн ам нь ердөө 800 гэдгийг ма­най­хан мэднэ. Тэнд 3000 орчим хүн ажилладаг нь бүгд Ватиканыхаа гаднаас ирж ажилладаг. Хүн амын дундаж наслалт эрэгтэй нь 74, эмэгтэй нь 81 болох та­лаар урьд нь бичиж байсан санагдаж бай­на. Ватиканд энд тэндгүй шашны уйтгартай саарал хувцастай хүмүүс болон кар­ди­налуудын хүрэн ягаан хув­цастай хүмүүс хууч­ны ширэн цүнх барьчихаад цахилгаан шатаар дээш доош явж бай­гаа нь авцал­даагүй ч юм шиг санагдаж байсан сан. 21 зуу­ны хүмүүс бидэнд дахиад хэдэн зуун урагшилсан ахуйд оччи­хоор яахын аргагүй со­нин санагддаг юм билээ. Сая ши­нэ хамбаа сонгох гээд газар газраас зуу гаруй кар­дина­лууд ирсэн гэхээр тэр чигтээ ягаан, харыг туна­руулсан ахимаг настай хув­рагууд дүүр­сэн байж хэмээн санагдаж байлаа. Наяас дээш настай кардиналууд санал хураал­тад оролцдог­гүй гэсэн.

Тэнд хувцас хунар, ахуй үйл нь тийм атлаа цахилгаан шатаар явж, гар утас гаргаж ирээд ярихаар тун сонин. Бас 1500-гаад оноос тогтсон уламж­­­лалаараа Швейцариас хамгаалалтын цэргүүдээ одоо ч гэсэн авчирдаг бөгөөд хувцас нь бас л тэр үеийн­хээрээ.

 Халаагаа өгсөн Бенедикт XVI гэхэд л өнгөрсөн арван­хоёрдугаар сард анх твиттерт жиргэж эхлэхэд нүүр тулж уулзаж байсан хүний хувьд даруйхан дагагч болж бай­лаа.

1730 онд 78 настайдаа пап гэгдэх Клемент XII-оос хойших анхны өндөр настай пап болсон Бенедикт XVI-той уулзах үед тэрбээр 84 настай байсан юм. Манай Ерөнхий­лөгчтэй ганцаарчлан уулзсан тэрбээр дараа нь дагалдан яваа зочид болгонтой гар барьж, зургаа татуулсан бө­гөөд удалгүй Ватиканы вэб хуудсан дээр хүн нэг бүртэй авахуулсан зургийг нь сүүлд тавь­чих­сан байсан. Гер­маны Бавари нутгаас гарал­тай пап намуун зөөлөн дуу­гаар би­дэн­тэй үг сольж, өндөр нас­тай ч илч нь тэгтэл хариагүй бүлээн гараараа гар атгаж мэндчилж байсан юм даг. Сүүлд дэл­хийн тэрбум гаруй хүн барааг нь харах гэж зүтгэ­дэг хүнтэй гар барьсан та нар азтай юм гэхэд орж амжаагүй бусдадаа гараа төлбөртэй бариулна гэж бидний хэдэн сэтгүүлчид маазарч байсан билээ. Түү­ний өнгөрсөн хоёр­дугаар сарын 28-нд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөх бол­сон нь гэнэтийн мэ­дэг­дэл байв. Хэдийгээр Вати­кантай холбоотой эртнээс яригдсан хув­ра­гуудын садар самуун явд­лын дуулиан, сан­хүүгийн асуу­дал түүнийг тэр­гүүн сан­ваартны суудлаа өгөхөд хүр­гэсэн гэж байгаа ч папын суудал хэр баргийн асуудалд ганхахгүй өндөр бас бат бэх юм. Хамгийн өн­дөр насандаа папаар өр­гөмж­лөгдсөн бас анхны шаш­ны чиглэлээр дип­лом­той гэгд­дэг пап Бенедикт XVI-т насны эцэст амар тай­ван суухыг эрхэмлэх нэгэн шалт­гаан байсан буй за.

Тэгвэл дэлхий нийтийнх­ний анхаарлыг татаж байгаа хамгийн чухал хүн бол яах аргагүй Ромын шинэ пап лам Францис болоод байна, энэ өдрүүдэд.

Энэ удаад залуу хүмүүс буюу жараас далаад насны­хан шинэ ширээт хамба бо­лох магадлалтай гэгдэж бай­сан ч 76 настай Аргентин гаралтай Хорхе  Марио Бер­гог­лио Гэгээн ширээтийн ул­сын 266 дахь хамба боллоо. Тэрбээр Аргентиний Буйнес Айрэст 1936 оны арван­хоёр­дугаар сарын 17-нд төржээ. Тэрбээр 21 настайгаасаа шашны мөр хөөж, 1998 онд Буйнес Айрэсийн тэргүүн хамба, 2001 онд кардинал болсон байна.

Шинэ папыг сонгох энэ удаагийн үйл явц ихээхэн адармаатай байсан. Учир нь бусдаасаа тодорч гялалзсан кардиналууд ховор байв. Ми­ла­ны дээд хамба 71 нас­тай Анжело Скола, Брази­лийн Сан-Паулугийн тэргүүн хам­ба 63 настай Одилиу Шерер, Нью-Йоркийн Тимоти Долон, Канадын Марк Уэлле гэсэн нэрс сонстож байсан билээ. Гэхдээ латин Амери­каас анх­ны пап тодорч магад­гүй хэ­мээж байсан ч Арген­тиний гэхээсээ Бразилийн хамбыг гэж бодож байсан хүмүүс олон байсан юм. Ийм тодор­хойгүй байсны улмаас хам­быг тодруулах үйл явц хэд хэдэн өдрөөр үргэлжилж ма­гад гэсэн таамаг гараад байв. Хамба тодрохгүй бол санал хураалтын цаасыг шатаах үйлийг гүйцэтгэхдээ давир­хай, тос хийж хамба тодроо­гүйг илтгэх хар утааг гаргах уламжлалтай. Гэхдээ хар утаа олонтоо суунаг­ласангүй, уржигдар үүрээр шингэн ца­гаан утаа Сикс­тиний дуганы яндангаас гарч, үүнийг бат­лах хонх цохьсон нь шинэ хамба Францисыг зарласан хэрэг байв. Шинэ пап Италиас залуу тивд ца­гаач­лан очсон Марио Хосе Бергоглиогийн таван хүүх­дийн нэг нь юм. Эцэг нь төмөр замын ажил­тан, ээж нь гэртээ үр хүүхдээ өсгөж ирсэн эн­гийн нэгэн байжээ. Буйнес Айресийн их сургуульд хи­мийн чиглэлээр магистрын зэргийг авч бай­сан ч сур­гуулиа төгсөөд шаш­ны сур­гуульд элсэхээр шийд­сэн байна. Яг 55 жилийн өмнө буюу 1958 оны гурав­дугаар сарын 11-нд /гурав­дугаар сарын 13-нд пап бол­сон хэ­мээн түүхэнд бичигдэж үл­дэнэ/ Есүсийн нийгэмлэгт элсэн оржээ. Шашны номонд шамдан суралцаж он цагийг өнгөрөөсөн тэрбээр Германд докторын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр 2005 онд 265 дахь папыг тодруулах санал асуулгад өрсөлдөж байсан бөгөөд хүчтэй нэр дэвшигч­дийн нэг гэгдэж байсан юм байна.

Хорхе  Марио Бергоглио энгийн нэгэн гэдгээрээ алдар­тай. Үргэлж нийтийн тээврээр зорчдог, ядуус үгээгүйчүү­дийн төлөө сэтгэл тавьж ажил­ладгийг нь хүмүүс анддаггүй аж. Тиймдээ ч гэгээн Францис хэмээх 1180-аад онд Италид төрсөн, ядуусын төлөө өөрий­­­гөө зориулсан хув­рагийн нэрийг онцлон сон­гожээ. Түүний энэ нэр нь ядуусыг тэтгэх, хүмүүнлэг байд­­­­лын бэлгэ тэмдэг болно хэмээн ажиглагчид үзэж бай­на. Тэрбээр Ромын папуудаас энэ нэрийг сонгосон анхны хүн болж байгаа бөгөөд да­раа дараагийн папууд уг нэ­рийг сонговол Францис II гэж нэрлэгдэх юм. Ватикан папыг тодрохоос өмнө магадлалтай гэгдэж буй кардиналуудын биеийн том жижгээс нь шалт­гаалж гурван өөр хэмжээтэй хувцас хийсэн бөгөөд шинэ пап хэмжээ ахиутайгаас нь өмс­сөн байж таарна. Дэл­хийд 1.2 тэрбум хүн католик шашны үнэн сүсэгтэн байд­гийн 480 сая нь Латин Аме­рикт байдаг ажээ. Гэхдээ шинэ пап зөвхөн Америк тивийн бус бүх дэл­хийн католикчуудын төлөө залбирах болно гэдгээ батлан хэлсэн. Бас тэрбээр ижил хүйстний тухайд тун таагүй нэгэн байдаг. Нэг хүй­сийн хүмүүс дотно харил­цаанд орохыг хүлээн зөв­шөөр­дөг­гүй бөгөөд үр хөн­дөлт, ижил хүйстний гэрлэлт гээд энэ шашныхны хүлээн зөвшөөр­дөггүй уламжлалт зарчмыг хатуу баримтлан ажиллах биз ээ. Тэрбээр тө­рөлх хо­тын­хоо нэгэн хөлбөм­бөгийн багийн галзуу хөгжөөн дэм­жигч, залуудаа тамхийг яндан шиг баагиулдаг байс­наа гэ­нэт хаясан гэсэн хөг­жилтэй, цагаахан мэдээллүүд ч харагдаж бай­на. Бас венэ­суэльчүүд аугаа удирдагч Уго Чавес тэнгэрээс тэтгэж, Латин Америкаас пап төрүүллээ гэдэгт итгэж байгаа гэнэ.

Одоо түүнийг Ватиканд хэзээ нүүж ирэх, аль өрөөнд суурьших вэ гээд шийдэх олон асуудал 800 хүн амтай Гэгээн ширээтийн улсад га­раад байна. Тэрбээр ирэх мягмар гаригт папын ширээнд залрах юм.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Ширээт хамбын эргэн тойронд буюу инэ пап Францис

Хуучин хүн шинэчлэгдэх үү

Сүүлийн үеийн дуулианы нэг бол яах аргагүй МИАТ-ийн гэх хэрэг. МИАТ-ийн дар­гаар очвол   шууд л тэрбумтан болдог байсныг бид сая л нэг мэдлээ шүү дээ. Тиймээс ч байсхийгээд л дарга нь солиг­дож, бие биенийхээ талаар мэдээлэл цацаж, нэг нь нө­гөөгөө татаж унагаадаг байж. Тэгээд л өөрсдийнхөө бэлэн хоол гэж андуурсан дайны эрсдлийн сангийн  мөнгийг үе дамжин ёстой л дураараа угаадаг байсан аж.   Есдүгээр сарын арван нэгний аймшигт халдлага АНУ-д болсноос хойш  ийм сан бий болсон юм билээ. Хэн ч анзаарахгүй гэж бодсон уу, МИАТ-ийн үе,  үеийн удирдлагууд   Бин Ладены  уршгаар бий болсон  дайны эрсдлийн сан гээчээс болж мөнгөжиж баяжих гэсэн биш баригдаж балраад,  шал­гаг­дан хоригдож байгаа.      

Хууль зүйн сайд Х.Тэмүү­жин саяхан сэтгүүлчидтэй уулзахдаа хэлснээр МИАТ-ийн хуучин удирдлагууд хо­риг­дож байгаа хэрнээ хоо­рон­доо утсаар холбогдоод байгаа юм байна. Тэгэхээр үгсэн тохиролцоод байна гэж ойлголоо. Ингэхээр хэрэг шийдэхэд хүндрэл гарах бо­лолтой. Яахаараа шоронд хоригдож байгаа хүмүүс  гэр­тээ байгаа юм шиг утсаар яриад сууж байдаг юм бол. Шүүхийн шийдвэр биелүүлэх газар хоригдлуудаа шорон­гоос шоронгийн хооронд утсаар ярьж, үгсэн тохирч байхад  юу ч болоогүй юм шиг сууж л байдаг.  Ингэж толгойг нь илж суудаг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Д.Ядамдоржтой хол­боо­той болов уу гэж ойлгоход хүрээд байна.   Шоронд байгаа хоригдлууд гар утсаар ярьдгийг болиулах гэж нэлээд эртнээс яригдсан. Тэгээд утас­ны сүлжээ унагадаг төхөө­рөмж  тавина гээд бараг жил гаруй хугацаа өнгөрлөө. Уг нь тэр төхөөрөмжөө Шүүхийн шийдвэрийнхэн худалдаад авчихсан гэх юм билээ. Харин ямар шалтгаанаар өдийг хүр­тэл суурилуулаагүйг хэн мэ­дэ­хэв. Ямар ч байсан шинээр томилогдсон энэ газрын дарга нь Ардын намын нөх­дөө шоронд хоригдож байх үед нь харж хандаж, эрх­лүүлж байх ёстой юм шиг байна. Ер нь тэгээд Шинэч­лэлийн засагт ажиллахаараа хуучин хүн шинэчлэгдэнэ гэж үү.

Шүүхийн шийдвэрийн газ­рын шинэ дарга Д.Ядамдорж  2000 онд Ардчилсан нам ялагдахад Сэлэнгийн цаг­даад хэлтсийн даргаар ажил­лаж байсан энэ хүн Дор­нодын цагдаагийн даргаар очжээ.  Ардчиллын гэх толгой­той болгоныг мөрдөн бай­цааг­чийн өрөөний үүдэнд суулгаж, мөн ч их зовоосон гэх юм билээ. Дорнодынхон  үүнийг нь ярьцгаадаг.  Дараа нь Замын цагдаагийн газрын даргаар томилогдож ирсэн. Үүний дараа Баянзүрх дүүр­гийн цагдаагийн даргаар ажил­ласан. Яалт ч Ардын намыг эрх барьж байх үед албан тушаалд очиж Ардчил­лынханд хатуурхаж явсан гэх хүн Ардчилсан намыг яла­хаар дахиад л албан тушаал дэвшээд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга болчихсон байх юм.

Ардчилсан нам Ардын намаасаа ялгагдахгүй халаа сэлгээ хийж, ажлаа сайн гүйцэтгэж байсан жирийн нэг  инженерийг олон таван үггүй “Ажлаа өг” гээд л халах хэрнээ өөрийнх нь намынханд  өршөөл­гүй хандаж ирсэн,  Ардын намын угшилтай энэ хүний толгойг илж, шинэчлэл хийх хамгийн том сал­барын­хаа чухал энэ албанд томилсон нь хачирхалтай.

Нэгэнт хууль, шүүхийн байгууллагын шинэчлэл ярьж байгаа энэ үед Д.Ядамдор­жоос өөр хүн тавьж болоогүй хэрэг үү. Хараад байхад хууль, хяналтын байгуулла­гын­ханд айхтар их шинэчлэл хийхээр хүмүүс тавьчихсан гэж харагдахгүй л байна. Замын цагдаагийн дарга гэж   Эрүүгийн цагдаагийн газарт Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга байсан нэг нөхөр тавигд­сан гэсэн. Юу хийж байгааг нь мэдэж байгаа нэг ч хүн алга.

Хэрэв үнэхээр Хууль зүйн залуу сайд Х.Тэмүүжин   сал­бар­таа шинэчлэл хийе гэж бодож байгаа бол ядаж л хэдэн шоронгуудаа аятайхан аваад явж  чадах  хүн тавих хэрэгтэй байж.

Ардчилсан намын томил­гоо хэдийнээс л өрсөлдөгч намынхаа идэш болж байдаг. 1996 онд Ардчилсан эвсэл ялаад яалаа даа. Ардчилсан нам ялчихаад байхад  өрсөл­дөгч намынхан нь албан ту­шаалд очих гээд алаан болж байсан. Ардчилсан нам ялах мөрөөрөө ялж чадахгүй сөрөг хүчнийхээ хүмүүсийг зарим чухал албан тушаал дээр тавьчихаад нөгөөдүүл нь хийсэн ажил болгонд нь саад хийж байсан. Ялагдсан на­мынхандаа ялсан нь дээ­рэлхүүлж, Засгийн газар нь хэдэн ч удаа уналаа даа.   Анх удаа эрх барьж байсан юм, туршлагагүйтэж гэж бодъё. Одоо бол алдах эрх байхгүй.  Ард түмэн эрх барих боломж олголоо.   Айхтар намчирхаад байх нь хаашаа юм гэхдээ бодлогоо хэрэгжүүлэхэд   сайн багтай байх хэрэгтэй.  

 Түүнээс биш нэг намын угшилтай,  гэмт хэрэгт сэжиг­лэг­дэн хоригдож байгаа хү­мүүстээ утсаар ярьж, үгсэн хуйвалдах боломж олгоод сууж байдаг, гэмт хэргийг өөгшүүлэхэд хувь нэмэр оруул­даг хүн шинэ Засгийн газрын шинэчлэлийн бод­логын хэрэгжүүлнэ гэдэг юу л бол. Ганц Д.Ядамдоржийн томилгоо ч ойлгомжгүй бай­гаа юм биш, хуучнаасаа дээр­дэхээргүй хүнд сурталтнуу­даар газрын дарга нар тавь­сан нь аль хэдийнэ анзаараг­даж эхлээд байгаа. 

Юу хийж байгаа нь мэдэг­дэхгүй тэр дарга нараас хийсэн ажил, хийх гэж байгаа зүйлийнх нь талаар асуух гэхээр хаалгаа хаагаад гадуур ажилтай гээд зугтдаг, мэдээлэл авах гэхээр заавал том даргын гарын үсэг, зөв­шөөрөл, албан бичиг нэхээд суучихдаг нь олон болсон байна лээ. Арга ядаад хэв­лэлийнхэн өөрсдөөс нь асуух­гүйгээр  хамаг ур чадвар, арга ухаанаа уралдуулж байж олсон мэдээлэл нь хэв­лэлд гарахаар эх сурвалжаа хэл, хаанаас авчихав, ирж тайлбар өг гээд амар заяа үзүүлэхээ байсан. Бид бас мөчөөгөө өгөхгүй “Албан бичгээ явуул” гэнэ. Албан бичиг ирэхээр нь ажлын зав зай гаргаж байгаад очно. “Хүүхдээ авах гээд гараад явчихсан байна. Маргааш ирээрэй” гэнэ.

Тэд завгүй, бид завтай юм шиг харагддаг бололтой. Энэ мэт мөрөөрөө ажлаа хийж байгаа сэтгүүлч, сурвалж­лагч­дыг ч ажлаа хийхэд нь саад болсон хүнд суртал гэдэг Ардын намынхнаас илүү Ардчилсан намынхны үед гарч, мэдээлэл улам хаалттай боллоо.

АНУ-ын жишгээр бол хийсэн ажилдаа хөрөнгө мөнгө гаргахдаа түүнийхээ нэлээдгүй хэсгийг  тайлбар­лан таниулах, сурталчлан хүргэхэд  зориулдаг юм билээ. Хэвлэлийнхэн төрөөс мөнгө нэхэж байна гэж андуу­руузай. Юу хийсэн  нь мэдэг­дэхгүй байгааг сануулах гэж л ийм жишээ татлаа.

Үнэн хэрэгтээ МАН-д үйл­чилж, АН-ын нөхдийг нүд үзүүрлэж явсан  хүмүүс  ши­нэч­лэх ёстой газарт чинь шигдчихсэн явж байна. Ингэж шигдэхдээ ажил явуулахад нь дэм болохын оронд  угшил нэгтэй, авлига хээл хахуу­лийн хэрэгт орооцолдсон нөхдүүд­дээ үйлчлээд л байвал ямар юмны шударга ёс шинэчлэл болох вэ дээ. Хууль зүйн сайдын мэдэгдлээс угшил өөртэй хүмүүсийн уршиг ши­нэч­лэлд нь саад болоод бай­на уу гэж анзаарлаа. Шинэч­лэл гэдэгт бодлого үйл ажил­ла­гаанаас гадна хаалттай хаалгаа нээлттэй болгож, хуучин сэтгэлгээ, арга барилаа шинээр солих ч бас багтдаг болов уу.