Сүүлийн үед Их хурлын гишүүд ялангуяа залуу гишүүд
ганцаараа тодрох гэж янз бүрийн арга чарга хэрэглэх болжээ. “Манай нам муухай,
олигархиудаар дүүрсэн. Намын бодлого надад таалагдахгүй байна. Би бол шударга
хүн, ард түмнийхээ төлөө зүтгэж яваа” гээд эхлэх юм. Тэдний ийм байдал улс төр бужигнаанд
орж хавар, намрын чуулган эхлэх, улс орны цаашдын хувь заяаг шийдсэн олон чухал хуулиудыг хэлэлцэх үеэр бүр илүүтэй анзаарагдах
боллоо. Нийгмийн бүхий л давхарга фокусаа саарал ордон руу тусгасан үед “ажлаа”
хийхээ тэд эрхбиш мэднэ. “Яг энэ сиймхийг
ашиглаж үгээ хэлэх хэрэгтэй” гэх зарчмаа аль эртнээс тодорхойлчихсон байгаа. Тэгээд
нэг их шударга царайлсан хүмүүс сонин, телевизэд ярилцлага өгч наанаа эх орон,
ард түмэн минь гэсэн атлаа цаанаа өчүүхэн эрх ашиг, нэр төрийн төлөө ажиллаж
эхэлж байгаа нь яалт ч үгүй анзаарагдах нь бий.
Их хурлын танхимд иймэрхүү төрийн түшээд байгааг
ний нуугуй хэлье л дээ. Ж.Батзандан, Г.Уянга, С.Ганбаатар нарын залуу гишүүдээс
дээр өгүүлсэн өнгө аяс, өнөө л шударга царайлсан хуурамч төрх илүүтэй мэдрэгддэг.
Намтайгаа, намын бүлэгтэйгээ өглөө орой өдөр шөнөгүй дайтсан, шударга ёсны төлөө тэмцсэн тэгээд тусыг эс олсондоо
машид зовцгоосон, зовлонтой хүмүүс л байх юм.
“Би үнэндээ нам дотроо ганцаардаад байна. Бүгд миний эсрэг боллоо. Миний
эсрэг байна гэдэг чинь ард түмнийхээ эрх ашгийн эсрэг байна гэсэн үг биз дээ” гэх
утгатай мессежийг зогсоо зайгүй нийгэмд хаяж өөрсдийгөө сурталчилж эхэлсэн. Тэднийг
иймэрхүү зүйл яриад эхлэхээр иргэний хөдөлгөөнийхөн ханддаг, үйлдвэрчний эвлэл юм
уу, төрийн бус байгууллага байгуулаад жижигхээн эрх ашгийн төлөө, баялаг бүтээж
ажилтай, орлоготой Монголыг бий болгож буй хувийн хэвшлийнхний эсрэг тэмцэхээр
санаа шулуудсан хэдэн нөхөд ирнэ. Даруйхан бүслээд авна. Хуулийн төсөл санаачлахыг
санал болгоно. Ингээд Уянга, Батзандан, Ганбаатартангууд иргэний хөдөлгөөн, үйлдвэрчний
эвлэлийнхэнтэйгээ нийлж аваад намынхаа эсрэг, төрийнхөө эсрэг, ард түмний сайн
сайхан амьдралын эсрэг тэмцээд эхэлнэ дээ. Үүгээрээ тэд өөрсдийгөө тодроод бусад
түшээдээсээ ялгараад байна гэж боддог байх.
Өнөө “дуулсан дуундаа өөрөө уяраад” гэдэг шиг. Үнэндээ эрх баригчдын эсрэг
зоримогхон хэлж буй үг, хийж буй үйлдэл нь залуу гишүүдийг нийгэмд тодруулдаг л
даа. Гэтэл аливаа зүйлийн наад цаадахыг ойлгодог, учир мэдэх, юунд ч болов ултай
суурьтай ханддаг хүмүүст “шударга” түшээдийн
аяг ааш үнэндээ инээдэм шүү дээ. Жүжиг гэдгийг нь бүгд мэдэж байгаа. Хий хоосон
зүйл, зүгээр л дүр эсгэлт гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Захын хүн гадарлах болсон.
Харин “нялх Сэнгүм”-үүд маань үүнийг мэдэж баймаар юм. Өөрсдийгөө буруу замаар явж,
маш богино зайны өнөө маргаашийн улс төр хийж байна гэдгээ ухаармаар юм. Огт ухаарахгүй
байгаа нь хачирхалтай, хатуухан хэлэхэд эмгэнэлтэй юм даа.
Хамтран зүтгэгч зорилго нэгт нөхдөө муу муухайгаар
дуудах, олигархи энээ тэрээ гэж цоллох нь наанаа улс төр гэж цайруулавч хүн ёсныхоо
хувьд энэ нь увайгүй зан. Эгэл жирийн амьдрал
дээр энэ нь дэндүү увайгүй, ёс зүйгүй болж
хувирдаг. Ерөөс тийм ч харагддаг. Энгийнээр жишээ аваад үзье. Нэг ширээний ард
нэгэн санаа бодолтой сууж үзэл бодлоо хуваалцан, ажил төрлийн гэрээ хэлэлцээр
хийж гэмгүй сайхан нөхдийн хүрээнд сэтгэл нэг байчихаад тухайн өрөөнөөс гарангуутаа
хамтран зүтгэгчээ хулгайч дээрэмчнээр нь дуудаж, хүний адаг мэтээр яриад байвал
тэр хүн өөрөө ямар харагддаг билээ. Тийн хэлж ярьж буй хүнийг бусад нь яаж хүлээж
авах уу. Өөрийг нь л “ёстой хүний адаг юм даа, үүнтэй нөхөрлөвөл алуулах нь байна
шүү” гэж бодоод өнгөрнө биз дээ. Хүмүүний амьдралын бичигдээгүй хууль бол энэ.
Түүн лүгээ адил эрхэм төрийн түшээд минь Их хурлын
танхимд нүүр нүүрээ харж, тохой нийлүүлж суугаад Монгол төрийн төлөө итгэл, сэтгэл,
зорилго нэг гэчихээд хоёрхон алхаад нэгийгээ олигархиар нь дуудаж “Монгол төр,
Монголын ард түмний эсрэг явж байна” хэмээн
хэвлэл мэдээллээр зарлахын хэрэг байна уу даа. Ядахад эргээд уулзах нүүр гэж нэг
юм бий дээ . Эл бүгдийг өгүүлсний учир саяхан Батзандан гишүүн өдөр тутмын нэгэн
сонинд өгсөн ярилцлагадаа “Олигархиуд юу ярихыг сонсох гэж би бүлгийнхээ хуралд
суудаг” гэж ярьсан байна лээ. Тэгээд намынхаа олигархиудын дунд ихэд огиудас нь
хүрч бөөлжис нь цутгаж байгаа маягийн юм хэлсэн байна лээ. Гэхдээ өнөө олигархиудаа
бас нэрлэчихэж чадахгүй байна лээ. Эрхэм гишүүний огиудсыг хүргэж бөөлжсийг нь цутгуулж
бүлгийн хуралд суухад чимээгүйхэн тамлаж буй нөхдүүд хэн байж таарах уу. Ардчилсан намаас төрд тодорхой хэмжээний алба хашиж дээр нь төрийн мөнгөөр хөрөнгөжсөн гэх хүмүүсийг хэлнэ байх
даа. Тэгэхлээр ардчилсан намын баячуудаас нэрлэх нь зөв болов уу. Гэхдээ эдгээр нөхөд төрийн мөнгөөр баяжиж олигархи
болсон гэдэг нь одоохондоо мэдэгдээгүй байгааг
хэлэх нь зүйтэй болов уу. Ардчилсан намын нөхдөөс арай бэл бэнчинтэй нь гэвэл Д.Зоригт,
Г.Батхүү, “Ажнай”-н Бат-Эрдэнэ, “Женко” Баттулга, “Мон-Уран”-ы Б.Наранхүү, Лу.Болд
энэ хэд лав орно байх. Та хэд хажууд чинь хүн огиудсаа барьж ядан суугааг ер нь
анзаардаг уу. Ардчиллын төлөө цохилох зүрхтэй юм гэж, аргагүй байдалд орж орон
шоронгийн хадаас болох нь гэж, залуу хүний зүрх зоригийг нь мохоогоод яах вэ гэж намдаа элсүүлээ байх. Тэгж ч үзэж нөмөр нөөлөг
болж одоо хүртэл хажуудаа авч яваа биз. Гэтэл та нар ингэж өөрчлөгдсөн юм уу, танай
залуус та нараас ийм өөр юм уу.
Харин журмын
нөхдөө олигархиар цоллон огиудсаа хүргэж байхаар эрхэм залуу түшээд минь Их хурлын
танхимаа орхиод өгвөл яасан юм бэ. Намынхаа бүлгийн хуралд суухгүй юм бол та гишүүн
байгаад яах вэ. Намын батлахаа даргадаа өгчихөөд Их хурлын гишүүний үнэмлэхээ хууль
журмынх нь дагуу хураалгачихаад гудмандаа гарвал зүгээр бус уу. Өөрийн хүсэлтээр
Их хурлын танхимыг орхиж болно шүү дээ. Тэр эрх таны өмнө нээлттэй байгааг эрх биш
мэднэ байлгүй дээ. Хэрвээ гишүүнээсээ татгалзаж чадахгүй юм бол жүжиглэхээ болих
хэрэгтэй. Шударга царайлсан хуурамч дүр эсгэн бусдаасаа ялгарах гэсний, өөрийгөө
тодруулах гэсний хэрэг байхгүй.
Шударгад ч хэмжээ бий. Хэмжээ нь хэтэрсэн шударгуудын
түүхийг бид хэтэрхий их мэднэ дээ. Ардын хувьсгалын шударга гарууд эх эцгээ ногоон
малгайтанд барьж өгдөг тухай, тэднийгээ энэ хорвоогийн муу муухайгийн туйл байсан
тухай ярихыг бид уншиж байсан. Киноноос үзэж байсан. Залуу гишүүдийн шударга зүтгэл
тэр гашуун түүхийг санагдуулаад байх юм. Ямар ч ялгааг би олж харахгүй байна. Ардын
хувьсгалд үнэнч байх, Ард түмний төлөө хөдөлгөөнд үнэнч байх хоёрын ялгааг.
Өөрийн итгэл үнэмшил, бас ч үгүй зорилго чиглэлдээ
хөтлөгдөн намын гишүүн болж улмаар Их хурлын танхимд суух дархан эрхтэй болсон
бол намынхаа шийдвэрийг үг дуугүй дагах, даалгаврыг нь биелүүлэх эрхтэй. Энэ бол эрхэм түшээдийн үүрэг. Гишүүдэд
бүлгийнхээ хуралд сууж бодлого тодорхойлохоос аваад өөр олон ажил байна шүү дээ.
Монгол төрийн ажил ар араасаа ундарч байгаа нь мэдээж. Дахиад хэлэхэд, бүлгийн хуралд
сууж бодлого ярих гэж улс орныхоо хувь заяаг шийдэлцэх гэж та намын гишүүн болж,
улмаар Их хурлын сонгуульд өрсөлдсөн юм байгаа биз дээ. Тэгчихээд дараа нь журмын
нөхдийнхөө эсрэг, намынхаа эсрэг зогсоож байж болохгүй байх аа. Намаа жийж өөрсдөө
тодорно гэдэг хоцрогдсон асуудал. Харин одоо чинь намаараа нийлж, бүлгээрээ хэлэлцэж
аливаа асуудалд ул суурьтай ханддаг цаг ирээд байна.
Н.ГАНТУЛГА