Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг
саяхан Япон улсад айлчлаад ирсэн билээ. Уг айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхий
сайд нар “Монгол Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-ийг үзэглэсэн
юм. Судлаачдын үзэж буйгаар энэ нь Монгол, Японы харилцаа “иж бүрэн түншлэлээс
стратегийн түншлэл”-ийн харилцаа руу шилжиж байна гэсэн үг. Иж бүрэн түншлэл гэдэг
нь бүх салбарт харилцаагаа хөгжүүлэх, үндсэндээ харилцааны эхний үе шатууд гэсэн.
Харин стратегийн түншлэл бол өөр. Хоёр улс маань улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн
салбарт хамтарч ажиллана гээд Засгийн газрын тэргүүнүүд нь тийнхүү гарын үсгээ
зураад баталгаажуулчихлаа.
“Монгол Японы стратегийн түншлэлийн
дунд хугацааны хөтөлбөр” гэх энэхүү гэрээг одоо энгийнээр тайлбарлах гэж оролдъё.
Ард түмнийхээ ахуй амьдрал, улс орны хөрсөн дээр буулгаад үзье л дээ. Ямар учир
жанцантай гэрээг Ерөнхий сайд Японы талтай хийчих вэ гэхээр ийм юм. Стратегийн
түншлэлийн гурван тулгуур бодлогын нэгд эдийн засаг зүй ёсоор орж байна. Тодруулбал,
Япон улс манайхтай эдийн засаг уул уурхайн салбарт нягт ажиллахаар болж, бааз суурь
нөхцөл байдал нь бүрдээд байна. Энгийнээр хэлэхэд, манайд хөнгөлөлттэй нөхцөлөөр
зээл өгөөд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлүүлнэ. Тэгээд эцсийн бүтээгдэхүүнийг нь
худалдаж авах, мөн нааш цааш нь худалдахад туслалцаа үзүүлнэ гэсэн гэрээ хийчихээд
ирлээ. Үүнийг наад захын жишээ болгон төмөр
дээр аваад үзье. Төмөр агуулсан чулууг олборлож ган хайлуулах үйлдвэрт аваачин
боловсруулаад ган цутгадаг. Ган гэдэг бол эцсийн бүтээгдэхүүн. Гантай байхад бид
барилгын салбар буюу бүтээн байгуулалтдаа толгой өвдөх зүйлгүй болоод ирнэ. Мөн
тэр үйлдвэрлэсэн ганг нь Япон худалдаж авна гэсэн үг. Ерөнхий сайдын айлчлах
үеэр Наран улсын томоохон компаниудын төлөөлөл ээлж дараалан биечлэн уулзсан байдаг.
Дарханы газрын тосны үйлдвэрт хөрөнгө оруулах гэж байгаа “Марубени”, тавдугаар
цахилгаан станцын төсөлд хамтарч буй “Сожиц”, Францын Ареватай ураны төсөл дээр
хамтрахаар гэрээ байгуулсан “Мицүбиши” зэрэг Монголд хөрөнгө оруулах гэж байгаа
компаниудын төлөөллүүд, дэлхийн нэртэй толгой бизнесмэнүүд юм.
Тэд Ерөнхий сайдаас хөрөнгө оруулалтын
орчноо сайжруулж, тодорхой болгохыг хүсээд Монгол Улстай цаашид хамтарч ажиллахад
бэлэн гэдгээ хэлсэн. Тухайн үеэр “Бэрэн” групп “Марубени”-тай гангийн үйлдвэр байгуулахаар
болсон. Уг гэрээ хэлцэлтэй холбогдуулж Японы Засгийн газраас урьдынхаараа бага
хүүтэй, урт хугацаатай зээл олгохоор болсон билээ. Тэрхүү хөнгөлөлттэй зээлийн
үр шим болон арлын орны техник, технологийн хүчинд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
Тэгээд өөрсдийн зээл тусламж хөрөнгө мөнгөөр үйлдвэрлэгдэж, боловсруулагдаад
гараад ирсэн бүтээгдэхүүнийг япончууд худалдаад авчихна. Манайх гангийн үйлдвэрээс
гадна зэс хайлуулах үйлдвэр байгуулах асуудал дээр Японтой хамтрах сонирхлоо илэрхийлсэн.
За тэгээд цахилгаан станцын ажил байна. Таван толгой дээр хувь эзэмших хүсэлтэйгээ
япончууд илэрхийлдэг. Тэгвэл сая Монголын Засгийн газраас Таван толгойн дэд бүтэц
дээр хамтраач гэсэн санал тавьсан. Энэ нь яваандаа коксжсон нүүрс болоод хүрэн
нүүрсний хувь заяатай холбогдож эхлэх нь мэдээж. Ингэж л Монголын эдийн засгийн
салбарыг япончууд хөдөлгөөнд оруулж, шинэ шатанд гарган хувьсал хийх эхлэл тавигдлаа
гэж хэлж бүрэн болох юм.
Уул нь монголчууд бид амихандаа бүтээгдэхүүн
үйлдвэрлээд дэлхийн зах зээлд гаргах гэж үздэг. Гэвч хойд, урд хоёр хөрш маань
тоож авахгүй болохоор үйлдвэрлэсэн бараа маань тэгээд л хог болж хоцордог нь гашуун
үнэн. Ийм нэг гачаал, гачигдлаас л биднийг арлын орныхон аварч байна уу даа. Үүнтэй
уялдуулаад хэлэхэд, бид “Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий
дөө” гэж мөн чиг олон жил дуулж байна. Чингэсийн эзэнт гүрэн мөхсөнөөсөө хойш
ялангуяа Тогоонтөмөр хааны буцаж ирснээс хойш ингэж дуулж байгаа болов уу гэж би
боддог юм. Яагаад ингээд өрөвдөлтэй нь аргагүй дуулаад байдгийн цаад учрыг тайлбарлах
нь илүүц биз дээ. Ерөөсөө л хөрштэйгээ холбоотой шүү дээ.
Орос, Хятад гээд дэлхийн хэт том гүрний
дунд аж төрж суугаа үндэстэн билээ, монголчууд. Энэ хоёр том гүрний дунд бид бүхэн
ёстой л халиуны зулзага шиг явж ирлээ. Мөн эдгээр хоёр гүрний ааш авираас болж
Чингэсийн Монголын мандах бадрах, мөхөн доройтохын эх үндэс тавигддаг. Ядах нь
ээ, хоёр хөрштэйгээ олон жилийн дайн тулааны түүх гэж бий. Эл бүгдээс улбаалан хойд,
урд хоёр хөрш маань монголчуудыг тэгтлээ мандан бадраахыг боддоггүй, үгүйдээ л
гэхэд болгоомжлох сэтгэлгээ аль алинд нь байж л байдаг. Цаг мөнхөд айл хөрш явж
ирсний хувьд сөнөөхийг бас бодоод байдаггүй л байлгүй дээ. Ерөөсөө нэг тиймэрхүү
үлгэн салган аж төрүүлэхийг хүсдэг юм шиг ээ.
Тэгвэл “халиуны зулзага” монголчуудыг
туулж ирсэн хавчигдмал амьдралаас нь гаргаж, үндсэндээ хадны завсраас нь суга татахыг
япончууд эрэлхийлээд байгаа юм биш үү. Туурга тусгаар Монголын ард түмний “хавчуулагдсан
хад”-наасаа гарч хөгжиж дэвшихийг манай гурав дахь хөрш Япон дэмжиж байна. Эл бүгдийг
бодогдуулсан, улс орноо хөгжил цэцэглэлтийн шинэ эринд аваачсан түүхэн гэрээг
Ардчиллын Засгийн газар, Алтанхуяг сайд хийгээд ирлээ. Одоо бид асуудалд ухаантай,
ултай суурьтай хандах учиртай. Нам замаар талцаж, би чи-дээ хүрч жижигхээн загнах
эрхгүй. Улс орныхоо ирээдүй хөгжил дэвшлийг бодоод нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэх
цаг иржээ. Төр засгаас томоохон бизнесмэнүүдээ дэмжиж уул уурхайн салбарт оруулж
ирмээр байна. Японы толгой компаниудтай харилцаагаа улам лавшруулж Монголдоо ган
гэдэг шиг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд дэлхийн зах зээлд гаргадаг болмоор байна.
Хувийн хэвшлийнхнийг ч энэ чигт сайн татан оролцуулах шаардлага тулгарчээ. Энэ
бүхнийг хувийн хэвшил л нуруун дээрээ үүрч чадна. Япончуудын манай Засгийн газартай
хийсэн стратегийн гэх уг гэрээ зүгээр нэг амаар яриад өнгөрөх зүйл биш шүү. Бид
бүхний хуучин ярьдаг үлгэр шиг зүйл биш гэдгийг хаана хаанаа бодолцох хэрэгтэй.
Үүний бэлээхэн жишээ гэхэд “Япон, Хятадын хоорондын харилцаанд гарсан зарим нэг
асуудал хоёр талын ерөнхий байдалд нөлөөлөх ёсгүй. Хоёр орны хувьд найрсаг харилцаа
нэн чухал юм” гэх утга бүхий мэдэгдлийг Японы Засгийн газар Гадаад харилцааны яамаараа
дамжуулж Япон, Хятадын найрамдах гэрээнд гарын үсэг зурсны 35 жилийн ойгоор мэдэгдсэн
билээ. Япон улс Хятадтай найрсаг харилцаатай
байж л хятадууд манай бүтээгдэхүүнийг хилээр саадгүй нэвтрүүлж хүлээн авна биз
дээ. Тэр бүх зүйл дээрх мэдэгдлээс харагдаж, бүр цаанаа бол Монголын Засгийн газартай байгуулсан гэрээ бодит ажил гэдгийнх нь баталгаа
болж өглөө. Япон бол Орос улстай найрамдал харилцааны түншлэлтэй билээ. Тэгэхээр
Орос руу бүтээгдэхүүн гарахад асуудалгүй байх. Ийм л бүтээн байгуулалтын шинэ
үеийг арлын орныхон бий болгож өглөө.
Дахиад хэлэхэд монголчууд бид өөр
хоорондоо намаар талцалгүй, хөдөлгөөнүүдийнхээ хөөрцөглөлд авталгүй баймаар байна.
Монгол Улсад Монгол гэсэн ганцхан нам, Монголын гэх ганцхан төрийн бус байгууллага
байх хэрэгтэй. Үндсэндээ улс орны бодлогыг зангидсан бүтээн байгуулалт, хөгжил
дэвшлийг дэмждэг, баялаг бүтээж яваа нэгнээ буу тулгаж рекэтлэх биш тэдэнд гүүр
гарц нь болдог төрийн бус байгууллага буюу иргэний хөдөлгөөнтэй болох нь зөв юм.
Алийн болгон бага хаадын хядалцаан шиг бие биенээ үгээр хядаж, санаачилсан ажлыг
нь унтрааж, тэнэг муйхраар эсэргүүцэж байх вэ. Монгол гэх нэрийн дор, Монгол гэх
ганцхан намын дор бүгдээрээ нэгдэцгээе. Тийм цаг үе ирснийг Шинэчлэлийн Засгийн
газрын Япон улстай байгуулсан гэрээ харууллаа, нөхөд минь.
Н.ГАНТУЛГА