Categories
редакцийн-нийтлэл

Монгол Улс цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээ биш

Хоёр өвгөн  сонгуулийн тухай яриа өрнүүлж сууна. Нэр дэвшигчдийг л яриад байна. Угаас олны ярианы сэдэв сонгууль болчихоод байгаа. Дээр нь манайхан улс төржих дуртай улс юм.

“Одооны
залуус ямар Б.Бат-Эрдэнэ аваргыг ид ба­рил­даж байх үеийг мэдэх биш, наадам,  цагаан сараар аваргыгаа л харах гэж хүлээ­дэг байлаа. Одоо ч улс тө­рийн дэвжээнд барилддаг болж дээ”. Харин нөгөөх нь “За хэн мэдэхэв. Улс төрийн дэв­жээнд бол жинхэнэ аварга чинь Ц.Элбэгдорж байх аа.   Бөхийн дэвжээнд аварга нь аваргаараа байвал дээр байх.  Улс төрийн дэвжээнд  ч амжихгүй ээ хө.  Тэгээд ч Мон­гол Улс бол цэнгэлдэх хүрээ­лэнгийн зүлэг ногоон  дэвжээ биш”. Эхний өвгөн дурамж­ханаар  “Бидний үед муу юм юу байсан юм” гэхэд нөгөөх нь “Сайн юм нь тэгээд тийм олон байсан уу. Ядаж л чи бид хоёр ингэж хүссэнээрээ бурж чаддаг байсан билүү. Энэ ардчиллын хэдэн хүүх­дүүд чинь овоо дориун юм хийгээд байгаа. Нүдэнд ил байгаа юмыг хараагүй юм шиг, мэдээгүй юм шиг байх уу.  Хуучин цагаа дурсаж  Ардын намаа зөндөө дэмжлээ. Яаж идэж, ууж байсныг нь эхнээ­сээ мэдэж авлаа. Цаана нь ч зөндөө бий. Одоо үүнийг ил болгохгүй бол буцаад л авли­гачдад дарлуулаад, тэднийг өөгшүүлээд суух уу. Ц.Элбэг­дорж авлигачдыг ёстой нэг номхруулж байна. Авлигатай тэмцэж байгаа хүнээ ажлыг нь дуусгалгүй өөрчилж болохгүй ээ. Одоо дэлхий Монголыг харж байгаа. Энэ нөхдүүд ухарч нэг алхах уу, урагшилж нэг алхах уу гэдгийг шийдэх цаг хаяанд ирчихээд байна.  Ямартай ч би Эбэгээ дэм­жинэ” гэв. Харин эхний өвгөн “Бөх хүн Ерөнхийлөгч болж болохгүй гэж хэн хэлээд бай­гаа юм” гэхэд “Бөх нь бөхөө­рөө, Ерөнхийлөгч нь Ерөн­хийлөгчөөрөө байг ээ хө. Би аваргад дургүйдээ биш, авлигачдад дургүйдээ ингэж хэлж байна. Цаад авлигачид нь аваргын ард нуугдаад Ерөнхийлөгч болбол бид ав­рагдана гээд л сууж байгаа.  Тэд л одоогийн Ерөнхийлөг­чийг дахиад ялаад гарч ирэ­хээс айж байгаа болохоос бид  бол дэмжинэ. Тэгэхээр өөр сонголт байхгүй. Ц.Элбэг­дорж л байна. Бөхийн бяр улс орон удирдахад хамаа байх­гүй” гэлээ. Тэд цааш юу ярьс­ныг бүү мэд. Улстөржсөн ярил­цагч хоёр маань нэр дэвшигч  Н.Удвалын тухай үг унагасангүй. Энэ сонгууль Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ хоёрын л хооронд болно гэж үзсэн биз.

Хүүхэд салхилуулах зуур л хажууд суусан хоёр өвгөн иймэрхүү юм л яриад сууж байсан. Үнэндээ авлигачид л одоогийн Ерөнхийлөгчийг дахин сонгогдвол өөрсдөө дараагийнх нь ил болох хүн гэж айгаад сууж байгаа даа, тэр нэгэн үл таних өвөөгийн хэлснээр.  

Ард түмэнд авлигачидтай тэмцдэг хүнийг дахин сонго­ход айгаад байх зүйл үгүй. Харин авлигачдыг ардаа нуух хүн бол хэрэггүй. Авли­гачдын идсэн уусан, угаасан мөнгөөр хичнээн сургууль цэцэрлэг, зам талбай барих байсан бол гээд бодохоор өнөөх өвгөний үг нээрээ үнэн  байна.  Хичнээн барилга бай­шин босох байсан бол. Ар­дын намынхан нэр дэвшиг­чийнхээ сурталчилгааг хийх­дээ “Ц.Элбэгдорж МАН-ын авлигачидтай тэмцлээ.  Б.Бат-Эрдэнийг сонгож  Ардчилсан намаас гаралтай авлигачид­тай тэмцүүлье” гэх утга бүхий зүйл ярьж байна лээ. Нэг талаас харвал сөрөг хүчин өөрсдийн намаас нь авлига­чид байгааг хүлээн зөвшөө­рөөд ч байх шиг. Угтаа бол Ерөнхийлөгч  аль нэг намаар нь ялгаварлан авлигачидтай тэмцээгүй. Хэрэв Б.Бат-Эр­дэнэ аварга   ялбал   дан ганц Ардчилсан намынхнаас л  авлигачин байна уу, үгүй юу гэж сонгож байгаад тэмцэх юм байна гэж ойлгогдоод байгаа. Ард нь өөрийнх нь намын авлигачид нуугдаж үлдэх нь л дээ. Түүнийг нь алдаатай сурталчилгаа гэж ойлгож бай­на. Арай намын анд нө­хөд, зөвлөгчид нь хувь нэр дэвшигчид “Ялахаараа зөв­хөн нөгөө намын нөхдөө­сөө л авлигачин олж тэмцээ­рэй” гэж зөвлөөгүй байлгүй дээ. 

Дэлхийд Монгол Улсыг төлөөлдөг нэг номерын эл­чин сайд бол Ерөнхийлөгч байдаг. Хуулиндаа ч Монгол Улсыг төлөөлдөг гол хүн гэдгийг нь заагаад өгчихсөн. Англи, орос хэлээр ярьдаг гэдэг бол нэг хэрэг. Харин дэлхийд улс орноо хэрхэн төлөөлөх вэ гэдэг нь хамгаас чухал. Тухайлбал, одоогийн Ерөн­хийлөгч зүгээр нэг бэл­гэдэл биш, санаачлагч байж ирсэн. Ялангуяа дэл­хийн байгаль орчны асуудалд  олон зүй­лийг санаачилсан. Тий­мээс ч НҮБ-аас   түүнд дэлхийн бай­галь орчны тө­лөө оруулсан хувь нэмрийг нь үнэлж шаг­налаа гар­дуулсан билээ. 

Б.Бат-Эрдэнэ аваргын хувьд гурван удаа УИХ-д гарч ирсэн. Эхний дөрвөн жил бол нэг их дуугарч байсангүй. Дараа дөрвөн жилээс дуугарч эхэлсэн. Тэгэхээр Ерөнхий­лөг­чөөр сонгогдвол дахиад дөрвөн жил дуугүй суух уу. 76-гийн дун­даас хааяа нэг үг хэлэх өөр.  Монголыг төлөөлж дэлхийд ярих нэг өөр. Улсын тэргүүнд дэлхийн хэм­жээнд улс орноо төлөөлж ярих, са­наач­­лагч байхаас сурал­цаад байх хугацаа байхгүй. Одоо­гийн Ерөнхийлөгчийн хувьд энэ сарын 26-нд  сон­гууль дуус­лаа,  27-нд нь  аж­лаа үргэлж­лүүлээд л хийнэ.

Улс орноо цааш нь хөг­жүү­лэхэд,  дэлхийн хэмжээнд  сэтгэдэг Ерөнхийлөгчөө сон­гох өдөр тун ойртож ирлээ. Мэргэн сонголт зөвхөн бид­нээс хамаарна. Дээр нь залуус бидний ирээдүй ямар байх нь сонголтоос минь шалтгаална. Тиймээс залуус бид сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй байгаа юм. Санал өгөөгүй бол сонголтоо хүсээгүй хүндээ алдаж байна гэсэн үг.

Ерөнхийлөгчийг оюутнуу­дыг дэмжлээ гээд буруутгаж яриад эхэллээ, өрсөлдөгчид нь. Эсвэл бүгдийг нь төлбөр­гүй сургана гэж хавтгайруулж,  хууль санаачлаад эхэллээ.  Гэсэн атлаа далан мянгаар оюутнуудыг эрхлүүллээ гэх юм. Хүний нутагт оюутан бай­­хын зовлонг сайн мэдэх хүний хувьд залуусынхаа боловсролд анхаарч байгаа нь, ирээдүй болсон залуусаа дэмжиж байгаа нь юу нь бу­руу гэж. Үнэхээр мундаг бай­гаад гадаадад сурах бол­бол улсаас төлбөрийг нь төл­нө гэлээ. Гэтэл түүний өн­гөрсөн дөрвөн жилд хийсэн болго­ныг нь үгүйсгэх кампа­нит ажил өрнөө юу гэлтэй хараг­даж байна.

Эрх баригчид  ажил хийж байгааг сонгуулийн шоу гэж тайлбарлах юм. Ид бүтээн босголтын үе эхэлчихээд бай­­хад өвөл нь дэндүү хүйтэн манай улс сонгуулийн шоу гэж харагдана гээд сонгууль дуустал хүлээлтэй нь биш. Сонгууль дууссан хойно амьд­­рал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Наадмын мар­гааш намар гэдэг дээ. Ажил хийгээгүй гээд дараа нь бас л загнана, эрх баригчдыг.

Ардчилал гэдэг бол мон­гол хүн бүрийн үнэт зүйл болсон. Тэр үнэт
зүйлийг авчрах гэж ардчилсан хувьс­галыг хийсэн хүн түүнийгээ улам төгөлдөржүүлж,
хамгаа­лах гэж тэмцдэг юм байна. Ц.Элбэгдоржийг дахин сонго­ход ард түмэнд айгаад
байх юм алга. Ажлаа үргэлжүүлээд хийг. Авлигатай үргэлжлүү­лээд тэмцэг. Ингэхийн
тулд дээрх өвгөний хэлсэнчлэн Ц.Элбэгдоржоос өөр сонголт алга. Монгол Улс бол цэнгэл­дэхийн  дэвжээ биш. 
Харин дэлхийн дэвжээнд өрсөлдө­хийн тулд бид зөв сонголтоо л хийх хэрэгтэй
байна.

Categories
редакцийн-нийтлэл

Найман хувийн зээлээр авах байраа сонгоогүй бол “Ард”-аар ороод гараарай

Нийслэлд яг өнөөдрийн байд­лаар ашиглалтад орсон 8700 гаруй айлын орон сууц байна. Барилгын ажил нь дууссан энэ байрнуудын 80 орчим хувьд нь захиалга авчих­сан гэхээр 1740 орчим айлын орон сууц эзнээ хүлээж байна гэсэн үг. Найман хувийн зээлд хамрагдах гэж буй хүмүүсийн хувьд эдгээр орон сууцны  байршил, үнэ өртөг, гаднах тохижилтыг сонирхож бай­гаа байх. Хуучнаар “Ард” кино театр, одоогийн “Хас” банктай байрны  хоёрдугаар давхарт мар­гааш нээлтээ хийх “Шинэ байр” орон сууцны мэдээллийн нэг цэ­гийн үйлчилгээний төвөөс ашиг­лалтад орчихсон  бүх байрны мэдээллийг авах боломжтой юм билээ. Ашиглалтад орсон байр­нуудаас гадна энэ ондоо багтаж ашиглалтад орох орон сууцнууд, зарах гэж байгаа хуучны орон сууцнуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ч эндээс авах болол­цоотой гэсэн. Нэг цэгийн үйлчил­гээний төвд 30 орчим барилгын компанийн орон сууцыг тусгай павильон гаргаж танилцуулах юм байна. Сонирхсон байрныхаа зураг, дэлгэрэнгүй мэдээллийг эндээс онлайнаар харах боломж­той аж. “Шинэ байр” орон сууцны мэдээллийн нэг цэгийн үйлчил­гээний төвийн хоёр дахь салбар нь Энх тайван найрамдлын ордон дээр ажиллаж эхлэх нь.  Нэг цэгийн үйлчилгээний төв амралтын өдөр­гүйгээр байнга ажиллах юм байна.

УЛААНБААТАРТ 32 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦАНД ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Өнөөдрийн байдлаар нийс­лэлд таун хаус, орон сууц хауз, орон сууцны апартментыг оруу­лаад тооцвол 225 төсөл хэрэгжиж байгаа юм байна. Эдгээрийн за­рим нь ашиглалтад орох дөхөж байхад дөнгөж  сууриа тавьчихсан байр ч бий гэнэ.

Улаанбаатарт  одоогийн байд­лаар 32 мянган айлын орон суу­цанд захиалга авч байна. Хаусуу­дыг нь хасаад тооцвол 30 орчим мянга. Эдний  93 орчим хувь нь найман хувийн зээлд хамрагдах боломжтой гэж үл хөдлөх хөрөн­гийн зах зээлийнхэн тооцжээ. Найман хувийн зээлд тавьсан 80 хүртэл метр квадрат байр  гэсэн босгыг  26 орчим мянган айлын орон сууц хангаж байгаа аж. Энэ жилдээ багтаад 23 мянган айлынх нь орон сууц ашиглалтад орохоор төлөвлөгджээ.  Орон сууцны хувьд хэлсэн хугацаандаа ашиглалтад ордоггүй гэсэн асуудал байдаг ч энэ оны тухайд төлөвлөсөн байр­нуу­дын нэлээд нь эзнээ хүлээгээд авчих болов уу гэсэн хүлээлт үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр ажилладаг мэргэжилтнүүдэд бай­на. Учир нь барилгын ажил нэлээд ахицтай яваа гэнэ.

Захиалга авахаар зарлагдсан байр­ны 60 орчим хувь нь эзэнтэй бол­сон, өөрөөр хэлбэл хүмүүс нэ­гэнт захиалчихсан  гэх судалгааг “Тэнхлэг зууч” үл хөдлөх хөрөнгийн ком­панийнхан гаргажээ. Барилгын компаниудын хувьд энэ мэдээлэл нь дотоод нууцлалд ордог учраас нэгд­сэн мэдээлэл гаргах боломж­гүй аж. Нийт хичнээн айлын орон сууц баригдаж байгаа талаарх нэгд­сэн мэдээллийг гаргах боломж ч байдаггүй гэнэ. Үл хөдлөх хөрөн­гийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьд су­дал­­гааны баг гаргаж байж бодит тоог нь гаргадаг юм байна. “Тэнхлэг зууч”-ийнхан гэхэд судалгааны баг­тай аж. Тус компанийн  захир­ал Б.Мөнхнаран “Ма­най судалгааны ба­гийнхан хаана ухсан нүх, гозой­сон кран, хашсан хашаа байна бүгд дээр нь очиж судалгаа авдаг” хэ­­мээн ярив. Сонирхуулж хэлэхэд орон сууцны барилга ашиг­лалтад ор­лоо л бол гурван сарын дотор за­рагдаад дуусдаг гэсэн судалгаа гар­­чээ. Хол байрлалтай, өрөөний зо­­хион бай­гуу­лалт муутай гэсэн шалт­гаанаар ашиглалтад орсон байр­ны  тун цөөхөн нь буюу  таван хувь нь зарагдахгүй хугацаа алддаг аж.

НАЙМАН ХУВИЙН ЗЭЭЛЭЭ МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСЭЭР ХӨӨЦӨЛДҮҮЛЖ БОЛНО

Цаг зав муутай хүмүүс ажлаа­саа чөлөө авч байж орон сууцны зээлээ хөөцөлдөхөөс аргагүй бол­дог. Тэгвэл маргааш нээгдэх “Шинэ байр” үзэсгэлэнг хамтран зохион байгуулж буй “Тэнхлэг зууч”, “Актив зууч” компанийнхан байрны зээл хөөцөлдөж өгөх шинэ үйлчилгээ үзүүлж эхлэх гэж байгаа аж. Орон сууц авах хүмүүст сон­голт хийхээс нь эхлээд гэрчилгээ авах хүртэл нь үйлчлэх гэнэ. Орон сууц анх удаа авах гэж байгаа иргэд байршлаа сонгохоос эх­лээд алдаа их гар­гадаг учраас зээлд хамрагдах иж бүрэн зөвлөгөө өгөх чигийн үйл­чилгээ ч гарчээ. Найман хувийн зээл олгож эхэлс­нээс хойш банкинд хандах хүмүүс эрс ихэсчээ.

БАЙРНЫ МЕТР КВАДРАТЫН ҮНЭ САЯ 300-ГААС ДӨРВӨН САЯЫН ХООРОНД БАЙНА

2007 онд орон сууцны зээл өмнө нь  олгогдож байснаас 80 хувиар өсч, метр квадратынх нь үнэ ч дагаад өсч байв. Энэ удаа 800 тэрбум төгрөг орон сууцны зах зээл дээр гарч байгаа болохоор  байр­ны үнэ өсөх болов уу гэсэн бол­гоомжлол иргэдэд бий. Энэ зах зээлд ажилладаг хүмүүсийн хувьд байрны үнэ 2007 он шиг эрс өсөхгүй гэж байна. Учир нь Засгийн газраас гаргаж буй 800 тэрбум төгрөг дан ганц зээлд зарцуулаг­дахгүй.  Арилжааны банкуудаас өндөр хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдсан хүмүүсийн зээ­лийн хүү найм  руу орж байгаа. Тэр зөрүү нь Засгийн газрын 800 тэр­бумаас гарах учраас үнийн айхтар савлагаа үүсэхгүй гэнэ. Орон сууц­ны үнийн хувьд зэрэглэлээрээ ялгаатай байгаа аж. Одоогоор зах зээлд стандарт, дундаж, бизнес, өндөр гэсэн дөрвөн зэрэглэлийн орон сууц байна. Зэрэглэлийн хамгийн гол шалгуур нь байршил, дараа нь барилгын чанар, гадна тохижилт, ашиглаж байгаа мате­риал гээд цаашилдаг бололтой.

Стандарт гэдэгт нь апарт­мен­тын хамгийн анхны шалгуурыг хангасан, хотын төвөөс зайдуу орон сууцнууд ордог байна. Ийм орон сууцны метр квадрат нь сая 370 орчим мянган төгрөгийн үнэ­тэй байна. Дундаж зэрэглэл гэдэгт нь  байрнуудын дунд ганцаараа баригдсан,  тоглоомын талбай, энэ тэр  багатай ч  байршил нь  муу­дахааргүй,  хотын хоёрдугаар бүсэд байрлалтай орон сууцнууд багтдаг гэнэ. Энэ төрөлд багтах орон сууцны метр квадратын дун­даж үнэ нэг сая 880 мянган төгрөг аж.  Бизнес зэрэглэл гэдэгт нь хотын төвд гайгүй байрлалтай, өндөр зэрэглэлийн барилгын мате­риалаар баригдсан, ерөнхий тө­лөв­лөлт нь давгүй,  гаднах талбайн хэмжээ том, айлуудынх нь  тоо цөөн байрууд ордог юм байна. Ийм байр авъя гэвэл метр квадратынх нь дундаж үнэ хоёр сая 700 мянган төгрөг хавьцаа байна. Зайсан орчимд голдуу байрласан өндөр зэрэглэлийн байруудын нэг метр квадратын дундаж үнэ дөрвөн сая 100 мянган төгрөг гэнэ. 

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ БАЙРНЫ ИЙМ СОНГОЛТУУД БАЙНА

Бид найман хувийн зээлээр авах боломжтой, ашиглалтад ор­сон хэд хэдэн байрыг сонирхлоо.  Эхний орсон газар бол 16 дугаар хороололд баригдсан “Саруул тэнгэр-2” цогцолбор. Энэ оны эхнээс ашиглалтад орсон уг орон сууцны нэг өрөө байрууд нь бараг дуусчээ. Замынхаа яг хажууд байр­лалтай аж. 2-3 өрөө байр сон­голттой байгаа гэнэ. Нэг метр квадрат нь 1,5 сая төгрөг юм байна.  500 айлын багтаамжтай, 11 давхар дундаж зэрэглэлийн орон сууц аж.  Хоёр өрөө нь 41.5-49.5 метр квад­ратын хооронд байгаа аж. Үнийн хувьд 58 саяас 74 саяын хооронд байна.  Урьдчилгаа 30 хувиа тө­лөөд найман хувийн зээлд хам­рагдах боломжтой гэнэ. Зээлд хамрагдахын тулд эхлээд байраа сонгож, орон сууцны компа­ни­тайгаа гэрээ байгуулна гэж тус цогцолборын борлуулалтын алба­ныхан ярьж байлаа. Хотхоны ард хүүхдийн тоглоомын талбай ба­риад эхэлжээ. Хүсвэл гараж авч болох юм билээ. Үнэ нь 14 сая 500 мянган төгрөг юм байна. Дараа­гийн орсон газар бол Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн урд баригдсан “Чандмань өргөө”  орон сууц. Гэр хороолол дунд баригд­жээ. Зургаан давхар шар өнгийн энэ орон сууц ашиглалтад ороод удаагүй аж. Нэг, хоёр өрөө байрны сонголт байгаа гэнэ. Метр квад­ратын үнэлгээ нэг сая 750 мянган төгрөг. Айл бүр 1-2 тагттай, интер­нэтэд холбогдсон, галаас хамгаа­лах дохиололтой, тоглоомын тал­байтай гэж борлуулалтын албаны­хан нь ярьж байлаа. Эндээс нэг өрөө байр авъя гэвэл 36.9 метр квадраттайг нь 68 сая төгрөгөөр авах юм билээ. Хоёр өрөө байр нь 31.3-58.9 метр квадрат хүртэл сонголттой, 57 саяас 103 сая төг­рөгийн хооронд үнэлгээтэй байна. Авто гараж нь 19 сая төгрөгийн үнэтэй.  “Чандмань өргөө”-гөөс гурван буудал хэрийн цаана байр­лах  “Сүмбэр” хотхоны байрнаас ч сонголт хийх боломжтой юм байна.  105 айлын багтаамжтай, 12 дав­хар, дундаж  зэрэглэлийн орон сууц аж. Метр квадрат нь хоёр сая 350 мянган төгрөг юм байна. Хоёр, гурав, дөрвөн өрөөний сон­голт байгаа гэнэ. Гурван өрөө байр­нууддаа хямдрал зарлаж  хоёр сая 250 мянган төгрөг болгож бууруул­жээ. Хоёр өрөө байр нь 56.75 метр квадрат, үнэ нь 131 сая төгрөг бол гурван өрөө байрууд 62.44 – 68.37 метр квадрат, үнэ нь 140 саяас 153 саяын хооронд зарагдаж байна. Дөрвөн өрөө байрууд нь 79.47-110.42 метр квадратын сонголттой, 187 саяас 254 сая төгрөгийн үнэтэй байна. Авто гараж нь 20 сая төгрөг юм байна. Баянзүрх дүүргийн баруун талд баригдсан “Эко тогтол” ком­панийн орон сууцанд нэг, хоёр, гурван өрөөний сонголт байгаа аж. 35 айлын есөн давхар орон сууц юм билээ. Дундаж зэрэг­лэлд орох гэнэ. Метр квадратаа хоёр саяар үнэлжээ. Найман ху­вийн зээлд орох боломжтой ч урьдчилгаа 50 хувиа төлөх шаард­лагатай юм байна.

Офицеруудын ордны зүүн хойд талд 96 айлын арван давхар, дундаж зэрэглэлийн орон сууц ашиглалтад оржээ. Нэгээс гурван өрөөний сонголттой, метр квадрат нь нэг сая 800 мянган төгрөг аж. Доод талдаа үйлчилгээний төв, тоглоомын талбайтай юм байна. Авто гаражаа 17 саяар үнэлжээ. Борлуу­лалтын албаныхан нь най­ман хувийн зээлд хамрагдах боломж­­той гэж байв.

Ц.БААСАНСҮРЭН

Б.ЖАНЧИВДОРЖ

Categories
редакцийн-нийтлэл

“Хөвчийн Харыг хаа таарсан газраа өчиггүй бууд”

-ҮХЭЛТЭЙ ТЭМЦЭЛДСЭН ХОЁР ХОНОГ-

Түрүүч нь ¹ 144 (4471), 146 (4473), 147 (4474), 153 (4480), 154
(4481) 
дугаарт

Зөөлөн шиврээ бороо хөшиг­лөж, намираад хөвчийн ой чив чимээгүй дүнсийх. Бүлээн борооны дусалд мөлчийтөл норсон сохор номин, модны саарал оготно зэрэг тэр хавиар жирийлгэж байв. Гэр нь усанд автчихаад орох газаргүй сандралдаж байгаа нь гарцаагүй. Тэдгээр амьтан хад бараадаж уснаас амьд гарах гэж байгаа бололтой.

Норсон хувцас бие жиндээж, гал түлэх боломж алга. Агуй шиг хэлбэртэй хадны нөмөрт хэсэг цомцойж суухаас өөр арга бай­сан­гүй. Норсон болжмор нөмөрт хорго­дох шиг л харагдах байсан биз. “Хөвчийн хар” надад цуваа өгөөд өөрөө шалба норчихсон. Хөх хал­зан хэсэг намдаж байгаа болол­той. Намируулан намируулсаар бороо татрав. Хөвчийн хар хувцсаа тайлж, хэсэг мушгиад хажуу талын хаданд өлгөчихөөд цээж нүцгэн сууна. Хүмүүс миний талаар  “”Хөв­чийн хар” гээд үлгэр домог шиг юм ярьдаг шиг байгаа юм. Тэрийг нь зарим хүн их том биетэй, үс ноо­сон­доо баригдсан, ангийн үсэн хувцастай сайн эр гэж төсөөлдөг шиг байгаа юм. Саяхан Ерөө су­манд очтол нутгийнхан “Хөвчийн хар” ирлээ гээд сүйд. Тэгсэн зарим нь намайг харчихаад “Өө ийм жаахан биетэй байсан юм уу” гээд л голонгуй байна лээ” хэмээн бие­нээс нь уур савсчихсан, хөгжилтэй нь аргагүй инээд алдан, үргэлжлэн орох бороог түвэгшээсэн шинж ер алга. Тэрбээр шавилхан биетэй, тос даасан хүрэн бор царай, бул­чин шөрмөс нь зангирсан 50 насны босгыг алхаж яваа өлчир эр. Нүүр­нийх нь үрчлээс болгон туулж өнгөрүүлсэн амьдралыг нь гэрчлэх гүн. Буржгар хар үсэнд нь мөнгөн сор уначихсан тийм л буйд хүн. 

Цагаан гэгээ тасраагүй боло­хоор хоорондоо элдвийг ярьж суулаа. Тэрбээр 2005 оны өвөл ес эхлээд жавар тачигнаж байхад зэрлэг гахай намнах гээд анчид ирчихсэн байж магадгүй хэмээн хөвч рүүгээ гарсан гэнэ. Ямар холбоо барих хэрэгсэл байх биш. Хэрэглэх зүйлсээ жин тан бэлдээд гэргийдээ 20 хоноод ирэх байх гээд гарчээ. Цаашаагаа Минжийн хан­гайн застав, хил хүрээд эргэх төлөвлөгөөтэй гэрээсээ гарчээ. Тэгэхдээ зун, хаврын цагт ууланд явж байсан цавьдар морио унаж, өвлийн цагт ууланд явуулж сур­га­хаар хөвч рүү оржээ. Уулынхаа хэцийг барьж явсаар долоо хоног явсан байна. Өвлийн улиралд өдөр богино байдаг болохоор одод анивчин гялалзсан шөнөөр отог руугаа очихоор явсан байна. Тэгтэл гэнэтхэн  морь нь бусгаад уулын уруу амаа аван давхижээ. Амыг нь тогтоох гэж ноцолдож байхдаа модны бүдүүн мөчирт хэнхдэгээрээ цохиулаад мориноосоо ойчжээ. Мориноос ойчихдоо баруун хө­лийн­хөө өвдгийг гэмтээгээд бууныхаа бөгсөөр хавиргаа цохиж бэртээд эвгүй уначихсан аж. Ин­гээд өвлийн шөнө хань болох хүнгүй ганцаараа явган хоцорчээ.  Хөвчийн жавар хацар исгэн хай­раад салтаагаар татсан цасан дунд ацтай мод сугандаа тулаад мориныхоо араас мацсан байна. Дах, үстэй дээл, эсгий гутал, өмсчихсөн болохоор явахад хүнд байх нь ойлгомжтой. Хулжаад алга болсон морины мөр зурайж байх бөгөөд түүний араас алхжээ. Кило­метр хэртэй яваад бүх бие нь битүү хөлөрчээ. Үстэй дээлээ нэвт хө­лөрч, хамаг чадлаа бартал яваад цасан дээр дээшээ хараад хэвтсэн байна. Түүнд цааш явах хүч чадал үнэндээ байгаагүй учир хэсэг зуур амрах гэж хэвтэж буй нь тэр аж. Хөлийнх нь өвдөг халуу оргин өвдөж, хөлсөө сэвж дахаа тайлах гэхээр хатгаа тусах учир хөлстэйгөө хэвтээд байсан гэнэ.  Хоёр цаг гаруй цасан дээр хэвтээд тэндээ гал түлж хоноглохоор болсон аж. Тэгтэл гэнэт шүдэнз байхгүй гэдгээ мэдсэн байна. Гэрээсээ гарахдаа тамхинаас гарахаар шийдэж огт тамхи аваагүй байжээ. Бүр боодол шүдэнзээ ганзагалаандаа хий­чих­сэн. Тэр нь хулжиж алга болсон моринд нь ганзагалаатай байжээ.

Ингээд хөвч тайга дунд бэр­тэл­тэй хөлтэй, гал түлэх шүдэнзгүй, буунаас өөр ханьгүй явган хүн болж хувирах нь тэр. Цасан дээр удаан хэвтэхээр доороос хайрч эхэлсэн байна. Удаан хэвтээд байвал осгож үхэх аюул ойрхон байгааг сануулах мэт салхи хүчтэй үлээж. Тухайн үед “Чи энэ хөвчийн хүн. Чамаас өөр энэ хөвч тайгыг мэдэх хүн байхгүй. Энд өмнө сайн эрс амьдарч байсан. Тийм болохоор үхэж болохгүй шүү” гэж өөрийгөө зад загнасан юм байх. Өөртэйгөө ярьж хүч ороод уулын нөмөр бараадахаар алхжээ. Араас нь амьтан дагаад байгаа юм шиг мэдрэмж төрж, эргэж харахад юу ч байхгүй хөвчийн ой л харлан үзэгдэх ажээ. Арай гэж Мөнгөлт гэж уулын зүүн дор хадны нөмөр олж тэндээ хоноглохоор болон хэвтэв. Гэвч эсгий гутал нь цасанд удаан явсан болоод ч тэр үү норж бүр сүүлдээ хөлийг нь хайраад мэдээ алдуулах шахуу юм болж. Энэ янзаараа удаан байвал хөлөө хөлдөөх байх хэмээн бодоод гут­лаа тайлж үстэй дээлэндээ ороон дахаа нөмрөөд үүр хаяарахыг хүлээн суужээ. Хамаг бие нь дагжин чичирч хөл нь тэсэхийн аргагүй өвдөж янгинах. Тэр болгоныг шүд зуун тэсээд л байсан гэнэ. Арай гэж үүр цайлгажээ. Баруун хөлийн өвдөг нь үеэрээ битүү хавдаад гишгэхэд тун зовиуртай болсон байж. Тэгэхээр хажууханд байх нарийнхан ацтай модонд гутлын жийрэгээрээ хөлөө битүү ороож байгаад хөлөө хийж зүгээр хөлөө­рөө нөгөө мод руугаа жийжээ. Тэгэхдээ амандаа малгайгаа зуу­сан гэх. Өвдөгний тэр хавиар нужиг­наад л явчихсан юм байна. Өв­дөг­ний үе нь хажуу тийшээ болж мултраагүй ч тулчихсан бололтой гэж өөрийгөө оношлоод мо­рины­хоо мөрийг хайхаар явжээ. Морины араас явж байгаа нь  өвөл явж үзээгүй морь уулынхаа хяраар явж чадахгүй. Газар доошлох тусам цас гүнзгий аль нэг сөхөнд хар хэнхдэгээрээ тулаад зогсчих юм бол бариад авч болно гэж тооцоо­лоод алхжээ. Гол нь ганзагалаатай зүйлсээ олоод авчих юм бол тайга­даа хэд хоносон ч алзахгүй мэнд байна. Тиймээс унаж явсан цавьдар морио олох нь юу юунаас илүү чухал. Өдөржин мориныхоо мөрөөр алхжээ. Нар  тэртээд дүнхийх хөхөмдөг  уулсын баруун сугаар ороод жаргачих гээд хамаг чадлаараа цасан дундуур туучаад л алхжээ. Түүнийг ой хөвчид явга­руул­сан ухаа цавьдар морь энэ жил тарга хүч сайтай байсан учир гүнзгий цасыг ажралгүй явсан байгааг мөрнөөс харж болохоор. Долоо хоног явсан болохоор хөн­гөр­чихсөн ид дээрээ байгаа гэдгийг ч “Хөвчийн хар” мэдэж байжээ. Ингээд бүрэнхий болох үед хөр цасан дунд дахиад нэг шөнийг өнгөрөөх болжээ. Өдөржин явж ядарсан болоод ч тэр үү бүдүүн модны нөмөр бараадаад унтсан байна. Нэг хэсэг нөм унтаад шөнө дундын алдад сэржээ. Хоёр хөл нь мэдээ алдчихсан гишгэж болохгүй. Хамаг бие нь хөшөөд чичирч гар­сан байна. Сүүлдээ өдөржин хоол ундгүй хоосон яваад энэ хүйтэнд осгож доторх дулаанаа алдаж байгаа юм байна хэмээн бодоод дороо дэвхрэхийг хичнээн орол­довч хүч хүрэхгүй, өвчиндөө дийл­дэж  байжээ. Хэсэг хөдөлсөн чинь хөлс нь чийхраад даарахаа больжээ. Тэгтэл энд тэндээс нь чоно улиад эхэлсэн юм байх. Бууных нь савхин дайзанд 20 гаруй сум байсан учир гурван ч удаа тэнгэр рүү буудаж дуу гаргасан гэнэ. Энэ хооронд өөрийн мэдэлгүй шалам­гай хөдөлж байснаа сүүлд анзаар­сан аж. Чоно ч алга болж үүр дөнгөж цайрангуут мориныхоо араас явжээ. Гэмтэл авсан хөл нь өвдөхгүй болсон учир хурдан ал­хаж явсаар өдөр дундын алдад унаж яваа морио харсан байна. Салтаагаар татсан цасанд өдөр­жин яваад ядарсан учир дахаа тайлж орхиод мориныхоо наанаас дөхжээ. Хамаг хүчээ шавхан байж арай гэж очиход цулбуур нь мо­донд ороолцолдоод морь нь зогс­сон  нь түүнийг үхлийн аюулаас аварсан байна. 

Хөвч тайгадаа ингэж үхэлтэй тэмцэлдэж хоёр хоног явсан талаа­раа “Хөвчийн хар” баргийн хүнд яриад байдаггүй гэсэн. Энэ талаар дарга нартаа хавар хэл дуулгаж байсан ч тэгэсхийгээд л өнгөрсөн байна. Үхэлтэй тэмцэлдэж хөр цасан дунд гар хөлөө хайрч явс­наас хойш тамхинд нэвт орсон гэнэ. “Хөвчийн хар” “Эр хүн хаана ч явсан шүдэнз биендээ авч явдаг юм шүү. Шүдэнз хүнийг үхлээс аварч чадна гэдгийг ойлгосон” хэмээн онцолж байсан.

Түүний нэвсийтэл унасан ца­санд дунд хөлөө бэртээчихээд алхаж явсан талаарх яриа бодолд эргэлдэх ажээ. Цаг орой болж унтах цаг болсон учир бид хоёр амрахаар болов. Бороо улам хүч­тэй орж, цахилгаан цахиж тэр хавийг гэрэлтүүлнэ. Цахилгаан цахилж гялсхийх хоромд тэр ха­вийн газар гэрэлд цохиулан тодхон харагдана.  Нэг мэдсэн өглөө болчихжээ.

Тэртээ зүүн уулын зулай дээ­гүүр том улаан наран бүлээн элчээ тусган мандаж байлаа. Бүх зүйлс шив шинэхэн юм шиг санагдав. Тайгын ногоон өнгө улам ч өнгө нэмжээ. Энд тэндгүй хөхөө “гүүг гүүг” хэмээх сэтгэл яруусгасан дуу сонсогдоод “гэр” нь усанд автаад сандралдаж байсан  амьтад аль хэдийн үүр, хөеөгөө засаж янзал­сан бололтой уралдан нүх рүүгээ гүйлдэж харагдана. Энэ тайгад шив шинэхэн өглөө ийн айлчилж ирэв. “Хөвчийн хар” тэвэр дүүрэн гишүү тэвэрчихсэн ирж явна. Энэ хөвчид бид хоёроос өөр хэн ч байхгүй учир “Хуурай мөчир оллоо. Тулгын чулуу бэлдэж байгаарай. Хоол хийж идэхгүй бол ходоод хоорондоо наалдлаа” гэж Д.Мяг­мар­сүрэн ах тэрүүхнээс хашгирна. Би ч тэр даруй тогоо шанагаа бэлдэж тавиад борцоо гаргалаа. Удалгүй хуурай гишүү чад падхийн ноцож, хээрийн цай тогоонд пур пур буцаллаа. Араас нарны бүлээн илч ээгээд нүүрнээс гал халуу оргнуулаад сая нэг юм дулаацлаа. Тухтай гэгч нь хоол, цайгаа идэж дуусчихаад морьдоо эмээллэн хө­дөл­лөө.

Хөх байц хэмээх өндөр уулын оргил дээр гарлаа. Борооны  мөн­гөн дусал өвсөн дээр бөнжийж болоршоод  хязгааргүй гялтганах. Энд тэндгүй амьтдын шүүдэр тууч­сан мөр сүлжилдээд энэ их ойг эзэнтэйг сануулна. Бид хоёрын хажууханд байх модны чөлөөнд сүрэг бор гөрөөс хоножээ. Уг нь өдийд бор гөрөөс ганцаараа явдаг үе. Гэвч  ойн бор  гөрөөс өөр юм. Үргэлж л сүргээрээ явдаг байна. Байгалийн хөгжим мэт хөг аялгуут дууг шувууд хоолой нийлүүлэн “аялж, дуулдаг”  гэлтэй.

Э.ХҮРЭЛБААТАР 

Categories
редакцийн-нийтлэл

Авлигачдаас болж иргэн бүр хохирдог

Сүүлийн үед мөнгө  угаа­сан, авлига авсан гэх баахан хүн баригдлаа, шалгагдлаа. Ял авах нь авлаа. Үүнээс цааш ч нэмэгдэх байх.  Н.Энх­баярын хэргээс авахуулаад Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар, Татварын ерөнхий газрын Хяналт шал­галтын хэлтсийн дарга  Ч.Ган­сүх,  тасгийн дарга Ч.Энхбат, байцаагч О.Бямбасүрэн, ги­шүүн Ё.Отгонбаяр болон түү­ний гэргий О.Эрдэнэсолонго, МИАТ компанийн гүйцэтгэх захирал асан Ц.Орхон, Р.Бат-Эрдэнэ, Р.Эрдэнэбилэг, Ч.Хо­ролсүрэн, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бич­гийн дарга асан Н.Түмэндэм­бэрэл, тус яамны оношлогоо, эмчилгээний хэлт­сийн дарга  Д.Гончиг­сүрэн, яамны мэр­гэжилтэн Д.Отгонжаргал гээд олон хүн хэдэн тэрбумаараа яригдах их хэмжээний мөнгөн дүнтэй авлига, албан тушаа­лын хэ­рэгт холбогдож, шал­гаг­даж байна.

Иймэрхүү хэргийг цагдаа­гийнхан аль хэдийнээ ил­рүүл­сэн ч  ямар нэг байдлаар дарагдсаар ирсэн. Хэвлэлээр ч авлигын хэргийг олонтаа бичих авч  тэрүүхэндээ л үнэн гэж яригдаад өнгөрдөг байв.  Харин ч бүр нэр холбогдсон нөхдүүд эсэргүүцэл илэр­хийлж, өөрийгөө өмөөрөхөөс эхлээд хэвлэлүүдийг шүүхэд өгөөд сүйд болдог байлаа.

Авлига авдгийг нь мэдсээр байж ажлаа бүтээхийн тулд аргагүйн эрхэнд өгдөг нэг хэсэг нь байна.  Харамсалтай нь өгсөн нь адилхан  буруу­дах учраас тэр бүр илрэхэд бэрхтэй л дээ. Угтаа иргэд авлига хаа сайгүй байгааг мэддэг. Илрээсэй гэж хүсдэг. Олон жилийн өмнөөс “Авли­га­тай тэмцээч ээ” гэж иргэд ярьж эхэлсэн. Тэр ёсоор  Мон­гол Улсын Ерөнхийлөгч авли­гатай тэмцлээ, олон жил сургаар яригдаж байсан хэр­гүүд эхнээсээ тодорч эхэлж байна. Гэтэл гэнэт уурлах нь уурлаад эхлэв. Бөөн улс төр болгож ярих болов. “Дандаа МАН-ын угшилтай голдуу хүмүүсийг барилаа. Хэлмэг­дүүлж байна” гээд л яриад эхлэв. МАН-ынхан угаас олон жил эрх барьж, хамаг л саалийн үнээ болсон хэдэн байгууллагуудад үе дамжин суусан юм чинь аргагүй шүү дээ. Эрх мэдэлгүй байсан өөр намынхан  холбогдохгүй байгаа нь ердөө л энэ.  Түүнээс авлига авсан Ард­чилсан намын хүнийг нуун дарагдуулаад байгаа юм биш. Угаас авлига авах эрх мэдэлтэй албан тушаалд тэд ямар байсан юм биш. Хэрвээ АН-ын нөхөд авлига авсан бол тэр ч бас илэрч таараа.

Манайхан бас өрөвдөх дуртай улс л даа. Илрээд, эзэд нь тодроод ирэхээр гэнэт өрөвдөв. “Гучин долоо  он боллоо, хоморголон барив­чиллаа, сонгуулийн шоу, да­раа нь “уучлаарай” гээд гар­га­чихна” гэцгээгээд ам өрсөн яриад эхлэв.  Нэг хэсэг нь “Болж дээ, аль эрт л ингэх байсан юм”  гэж байна. Одоо л шударга ёс тогтох нь. Одоо л өндөр албан тушаал дээр очвол шударга ажиллах ёстой, тэгэхгүй бол хэзээ нэгэн цагт илэрдэг юм байна гэдгийг мэддэг болж эхэллээ. Энэ нь төр цэвэршихийн эхлэл юм.

Авлигачдыг өрөвдөх хэрэг­гүй, өөгшүүлэх хэрэггүй. Та бидний татварын мөнгөнөөс хулгайлж байхдаа бол цаа­дуул чинь биднийг өрөвдсөн гэж бодож байна уу. Ард түм­нээ бодсон уу. Хэдэн удмаа­раа идээд барамгүй их хөрөн­гийг машин машинаар нь зөөгөөд л байж байсан. Зөвхөн хар амиа л бодсон.  Тиймээс авлигын хэргүүдийг илрүүлэх явц зогсох ёсгүй.

Авлигачаа хамгаалан уур­лаж байгаа нам байхад авлигачдыг илрүүлж байгаад талархаж буй нь илүү олон байна. Авлигачид ил болох болно гэж олон жилийн өмнө одоогийн Ерөнхийлөгч мэдэг­дэж байсан. Тэрээр “Авлига гэдэг бол Монголыг хорьду­гаар зууны хорин он руу авчирч байна” гэж хэлж бай­лаа. Авлига Монголыг аалзны тор шиг хэрснийг хэлж бай­лаа. Одоо тэр тор эхнээсээ задарч эхэллээ.

Авлига гэхээр жирийн иргэд анзаарахгүй байх нь бий. Өөр дээр нь тулсан хохир­­лыг л хохирол гэж үзэж байдгаас бусдыг анзаарах­гүй өнгөрдөг. Бараа үйлчилгээ, бүтээн босголт болох ёстой мөнгө авлига болоод албан тушаалтанд очдог. Хамгийн ойрын жишээ гэхэд хотын төвийн газрыг маш өндөр үнээр зардаг. Албан тушаал­тан тэндээс хувьдаа ашиг олдог бол барилгын компани газрын үнэнд зарлагадсан мөнгөө дээр нь босох орон сууцныхаа үнэнд шингээдэг.   Тэр нь байр авч байгаа хү­мүү­сийн нуруун дээр ирдэг. Иргэд л авлигачид өгсөн мөн­гийг тухайн барилгын компа­нид төлдөг гэсэн үг. Нийс­лэлийн хэмжээнд сүүлийн хэдэн жил хичнээн хэмжээний газар зарагдсан тэр хэмжээ­гээр  хэдэн тэрбумаараа авли­гач­дын халаасанд орсон  байна. Гэтэл тэр мөнгийг авлига авсан хүн биш байр  худалдаж авсан иргэд  төл­сөн. МИАТ-ээс авлигачдын авсан гэх 10 тэрбумын авли­гын мөнгийг үйлчлүүлсэн иргэд бид л төлсөн болж таарна. Татварын арван до­лоон тэрбум байна. Эмнэлэг сургууль барих ёстой мөнгө байв. Монголчууд сүүлийн хорин жилд оросуудаас дэл­хийн зах зээлийн үнээс өндөр үнээр бензин худалдаж авсаар ирсэн. Дэлхийн зах зээлийн үнээс хорин хувиар  өндрөөр авч байсан юм би­лээ. Зөвхөн энэ өндөр хувийн зөрүүнээс  манай улсын жи­лийн төсөвтэй тэнцэх хэмжээ­ний мөнгө Орос руу явчихсан байгаа. Энэ бүхнийг өнөөдөр монголчууд төлсөн. Өндөр үнээр бензин оруулах гэсэн түүнийгээ борлуулах неф­тийн компаниуд төрийн өндөр албан тушаалтнуудыг ха­хуульд­сан болж таарна. Энэ нь ч эхнээсээ батлагдаж эхэлсэн. Авлигатай тэмцэхэд хэн дургүйлхэв  гэхээр авлига авсан хүн л дургүйцдэг. Тэр авлига авсан хүмүүс энгийн иргэдийн тархийг угааж байна л даа. Авлига өөр дээр нь яаж туссаныг мэддэггүй учраас бид бүгдээрээ хохирогч  гэдгээ мэддэггүй.

“Авлига
бол монголчуу­дын сайн сайхан амьдрах гэсэн,  эрх чөлөөтэй амьдрах гэсэн тэр хүсэл мөрөөдлийг чоно мэт мэрж байна” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлж байсан. Хүсэл мөрөө­дөл, улс орны маань хөгжилд чөдөр тушаа болсон авлига хэмээх аалзны торны утасны үзүүр нэгэнт хөвөрч эхэллээ. Үүнийг зад татах хүн нь Ц.Эл­бэгдорж байж. Одоо олон хүн сандралдан үүнийг эсэргүү­цэж байгаа нь ердөө л айс­ных. Авлигачид үүрээ эвдүүл­сэн шоргоолж шиг сандрал­даж байна.

“Хоморголон барилаа, сонгуулийн шоу” хэмээн үнэ­нийг гуйвуулах гэж оролдож эхэллээ. Үнэн хэрэгтээ энэ бол аль хэдийнээ эхэлсэн ажил байлаа. Сонгуулийн дараа ч авлигын аалзны торыг тасар татах үйл явц үргэлжилсээр байх болно. Галт тэрэг аль хэдийнээ хөдөл­сөн.  Одоо зогсоох  арга байхгүй. Харамсалтай нь үүнийг төрд олон жил өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүд хүсэхгүй байгаа юм. Тэд айснаасаа болж үүнийг зогсоохыг хүсч байна. Авли­га­тай тууштай тэмцээд эхэл­сэн энэ үйл явцыг  зогсоовол бидний хүсэн хүлээсэн шударга ёс хэзээ ч тогтохгүй.  Авлигачдаас болж бид ний­тээрээ хохирогч болсоор байх уу, аль эсвэл шударга ёс ноёлсон авлигагүй нийгэмд амьдрах уу. Энэ сонголтын эрх бидэнд бий.

Categories
редакцийн-нийтлэл

“Хөвчийн Харыг хаа таарсан газраа өчиггүй бууд”

-ТЭР МИНЖИЙН ХАНГАЙН ЗАСТАВТ ГАЗРААР ОЧДОГ ГАНЦ ХҮН НЬ-

Хөвч, тайгад нүүр нялх­руул­сан өтгөн манан буугаад хоножээ. Ойр хавьд юу бай­гаа нь мэдэгдэхгүй битүү суунаглачихсан, ямар ч  салхигүй тогтуухан. Тэрүү­хэн  баруун дор аргамжаатай морины хондлой бүртэлзэн харагдана. Бид хоёр аян­шаад нам унтчихсан байв. Босож  морио эмээллээд тогоо, шанагаа хураагаад авч яваа зүйлсээ ганзагалаад мордлоо. Бороо орохоос өмнө газар хороохгүй бол усан гүзээ болтлоо бороонд норох нь тодорхой. “Хөвчийн хар”  “Энд бороо ороход би дуртай. Нар гараад хамаг зүйлс хатчихаар энд түймэр гэж аюул гарна шүү дээ. За түймэр гарчихвал энэ сайхан хангай бүхэлдээ шатна гэсэн үг. Бороо ороод байгаасай гэж боддог хүн байгаа юм” хэмээн ярих. Би түүний араас явахдаа “Та Цэндийн гацаа гэдэг газарт хүрнэ гэж байсан тэр ямар газар вэ” хэмээн асуулаа. Тэгсэн “Эндээс хол эргээд буцахгүй бол бороо хэдэн өдөр үргэлжлэн орж мэдэх нь. Цэндийн гацаа гэж их сайхан газар бий. Тэндээ их том голтой.  Алд хэрий урт тул загас сүлжилдэн байдаг газар. Ус нь цэнгэг болохоор өнгө өнгийн загас усанд дураа­раа сүлжилдэн байгааг харах боломжтой шүү. Энүүхэн хажууд Илчлэгийн гол урсаад байгаа тэнд бас загас их байдаг. Тул олон. Зундаа голоо өгсөөд ир­чихдэг юм. Хур багатай жил энэ хавиар эргэлдэж байхгүй бол нөгөө том тулнууд чинь ул­даад үхчихдэг” хэмээн ярив. Бид хоёр Илчлэгийн голын хөвөө рүү очихоор зам ха­зайв. Бид хоёрын явж байгаа замаас холгүй юм билээ.

Модон дундуур явах тусам голын шуугих чимээ сон­сог­доно. Битүү манан татсан уулын сугаас модон дундуур урсах өргөн гол мэлмэрэх ажээ. Илчлэг гол энэ жил их үертэй байгаа юм байна. Ус ихтэй болохоор хамаагүй гаталж болохооргүй аж. Энэ гол уулын эхээс доош буусаар Хонгийн гол руу цутгана. Хонгийн гол Ерөө рүү, Ерөөгийн гол Орхон руу Орхон Сэлэнгэ мөрөнтэй нийлээд Байгал нуурт цутгадаг. Хэнтийн нуруунаас эх авсан голууд урссаар Байгал далайн их усыг бүрдүүлэн мэл­тэл­зэнэ. Цэнгэг усанд олон төрлийн загас байдаг юм байна. Нас бие гүйцсэн том тул гол өөд өгсөж байгаа харагдав. Жижиг загаснууд ч гэсэн голын мандал дээр гарч эргэн шумбах торгон агшинг энд ирсэн хүн харах боломжтой ажээ. Найман сарын сүүл­чээр энэ тайга бүхэлдээ жимсний орон болчихдог гэнэ. Газарт хэвтээд харахад л ув улаан улаалзгана, тэ­мээ­ний хорголын чинээ гүзээлзгэ­нэ хөх сувд шиг нэрс гээд л олон жимс бөнжийгөөд урга­чих­сан байдаг байна. Намар орой хуш модыг бага зэрэг доргиоход боргоцой­гоор бороо ордог гэж байгаа. 

УУЛЫН УЛААН ЦЭНД, ХУРАНДАА ИВАН СУСЛОВ ХОЁР ЭНЭ ХӨВЧИД ХАМГИЙН УДААН БАЙСАН

Ийм л баян тансаг бай­гальтай танилцаж яваа. Бас болоогүй ээ “Хөвчийн хар” ахаас элдвийг шалгаасан хэвээрээ. Түүний ярьж байгаа бүхэн сонин хачин ихтэй, амттай чихэр хүлхэж байгаа юм шиг л. Бас огт уйдахааргүй яриаг ой хөвч дундуур явах­даа сонсож явав. Энд ши­лийн сайн эрчүүд олон бай­сан гэсэн хэмээн яриа өдвөл “Би нэг хүнийг л энэ хөвчийн эзэн нь байсан” хэ­мээн бодож явдаг. Тэр хүн бол Хэнтий чигээс гарвалтай Уулын улаан Цэнд гэх сайн эр.  Мин­жийн хангай, Би бид хоёрын очдог Шарлангийн нуруу, Хатанц хавиар байсан юм билээ. Одоо болтол байрлаж байсан отог нь энэ хөвчид байгаа. Бүр модон дээр хүртэл нэг хүн багтахаар отог барьсан байдаг юм. Минжийн хангайн хөвчийн гүнд Цэндийн гацаа гэж өргөн голтой хадат өндөр байцтай ам бий. Түүнийг барих гэсэн олон хүн тэнд хүрээд л буцдаг байсан юм билээ. Хэдэн жил түүний араас Монгол Улсын төр засаг хүч хаяад ч барьж чадаагүй  юм. Энд ан хийгээд арьс үсээ хойш нь хил давуулж худалдаад оронд нь гурил, чихэр гээд зүйлс авдаг байсан нь сүүлд тогтоогдож байлаа. Уулын улаан Цэндийн отогт тухайн үед нүдний гэм байсан зүйлс дүүрэн овоолгоотой байсан байгаа юм. Тэр Оросоос тоом­сог морь худалдаж аваад түүнийгээ шүүгэлдэж дууддаг сургуультай  болгочихсон. Цэндийг яг барьдгийн да­ваан дээр аминд нь олон удаа орж байсан гэсэн. Түү­нийг хамгийн сүүлд ул­саас баахан мөнгө идсэн нутгийнх нь нэг нөхөр олж уулзсан байдаг. Тэр хүн шоронгоос оргоод Уулын улаан Цэндийн араас арав гаруй хоног яваад ядарч туйлдаад байхад нь тоомсог унаж ангийн хувцас өмссөн Цэнд ой хөвчөөс гараад ирсэн байгаа юм. Тэгснээ би таныг арав гаруй хоног дагасан. Та энд удаан тэсч чадахгүй. Тиймээс эргэж очоод ялаа эдлээд гар. Энэ хөвч тайгад явж байгаа бол мориноосоо хол унт. Бас дагуулж яваа нохойгоо үгүй хий. Буудахдаа урагш нь харуулж буудаж байгаарай. Хилтэй ойрхон байгаа гэдгээ мартаж болохгүй гэж хэлчи­хээд яваад өгсөн гэдэг. Олон жил энэ тайгад амьдарч бай­гаад анчид баавгай байна хэмээн андуурч буудаад аминд хүрсэн байдаг.  Фа­шис­тын Германд бууж өгсөн 505 дугаар армийн хориглууд Монголд төмөр зам барих ажил гүйцэтгэж байх үед ху­ран­даа Иван Суслов гэж мэргэн буудагч эр оргож бо­соод Хэнтийн ууланд бүгж, ард олны зүрхийг чичрүүлж байсан гэсэн. “Сахалт Иван” хочит Сусловыг барив­чи­ла­хаар ЗХУ-аас сайтар бэлт­гэгд­сэн чекистийн бүлэг гур­ван ч удаа ирсэн ч ихэнхийг нь энэ тайгад хядсан гэдэг” гээд л ууланд байсан сайн эрсийн талаар яриа дэлгэв.

ХОЙД ХӨРШИЙН АНЧИД ӨВӨЛ ИРЖ АН ХИЙДЭГ ГЭНЭ

Тэр Минжийн хангайн заставт жилд дөрвөн удаа очдог гэж байгаа. Зөвхөн нисдэг тэргээр очдог энэ газарт газраар ирдэг ганц хүн нь “Хөвчийн хар”. Түүний хамгаалах нутаг Минжийн хангайн хилийн шугам дээр очоод дуусдаг гэнэ. Хилийн тагнуулын албаныхан газраа мэдэхгүй хэмээн түүгээр хи­лийн шугам орчимд га­зарч­луулж явдаг юм билээ. Тэр­бээр хойд хилээр нутгаа эр­гэж явахдаа ОХУ-ын анч­дын хэд хэдэн отогтой таарч бай­сан гэнэ. Хилийн цаад талаасаа өндөрлөг биш мод багатай болохоор Оросын анчид өвлийн цагт их цас унах үеэр энэ хөвчид ирж ан хийдэг юм байна. Зундаа гурил, будаа хоол хүнсээ отогтоо бэлтгээд өвөл нь ирнэ. Өвөл ОХУ-ын иргэдийн хилээр орж ирдэг газарт Монголын хил­чид очих ямар ч боломж байх­гүй аж. Үүнийг тэд овжин ашиглаж ан хийдэг бололтой. Хил давж ирсэн ОХУ-ын иргэ­дийн отогт унаж яваа морио тэжээдэг овъёос хүртэл бай­даг гэнэ. Цай, давс архи, гурил, будаа, тамхи гээд нан­дин зүйлс тэдний отгоос гар­даг байна. Хойд хөршийн анчид сүүлийн жилүүдэд тол­гой өвтгөсөн асуудал болжээ. Тэднийг үнэндээ ан хийж байгааг  барих ямар ч боломжгүй гэдгийг “Хөвчийн хар” онцолж байсан. ОХУ-ын иргэд амьтны эд эрхтэн бэлтгэдэг газар хойд хилийн орчим болж таарлаа. Түүний хэлж буйгаар ОХУ-ын иргэд Минжийн хангайн хамаг амьтдыг буудаж байгаа асуудлыг хэд хэдэн удаа дээд албан тушаалтнуудад хэлсэн боловч одоо хүртэл ямар нэг арга хэмжээ авахгүй өдий хүрснийг хэлж байна.

Минжийн хангайн заставт зунд хил зөрчин орж ирдэг нэг хар азарга бий гэнэ. Хил болгон ногоо цухайх үеэр хоёр гурван гүү дагуулаад Монгол Улсын хил рүү орж ирдэг байна. Баригдахгүй хангал амьтан юм байх. Тэнд гүү аваачиж тавин төлийг нь авах санаатай байгаагаа “Хөвчийн хар” буюу Д.Мягмарсүрэн ах хэлсэн. Тэр хар азарга их гоёмсог, хийц сайтай гэдгийг мөн л онцолж байлаа. Ийн элдвийг хөөрөлдөж явахад намирсан зөөлөн бороо шивэрлээ. Бороон дундуур бид хоёр хамаг хувцсаа норгон газар хороосоор. Дундаа ганцхан цувтай болохоор нэг нь бороонд шалба норох нь тодорхой болов. “Хөвчийн хар” надад цуваа өгсөн юм. Тэрбээр бороонд норж байгаагаа мэдэж байгаа юм алга. Хувцаснаас нь борооны ус дуслаад байгааг анзааралгүй явсаар.  Цаг эрт бага үдийн алдад болохоор газар хороохоос өөр аргагүй. Замд бороонд норсон гөрөөс хэд хэдээрээ тааралдсаар. Ийн явсаар цаг дараагийнхаа буудаллах газар ирлээ. Тэнд нэг хоноод өглөө эрт гэртээ дэрвээд хүрчих ажээ. Бороо хэдэн өдөр орвол энэ хавьд явж болохооргүй намагтай болчихдог юм билээ.  Тэнгэр даваа хэмээх газрын агуй шиг хадны нөмөрт буудаллаа. Норсон хувцсаа тайлаад гал түлэх аргагүй болохоор хоол цай хийж идэлгүй унтахаар ярилцав. Бороо орсон хэ­вээ­рээ. Хонин нугад УИХ-ын гишүүдээс эхлээд үе үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч нар энд ирдэг гэнэ. Тэрбээр “Н.Багабанди Ерөнхийлөгч бид хоёр хамт загас барьдаг. Бүр архи дарс хувааж уугаад өдөржин голын захад өнж­сөн. Хамгаалагч нар нь надад уурлаад л байх шиг байдаг юм. Тэрийг би тоохгүй. Хамт архи ууж халамцаад элдэв янзын юм ярина. Цаадах чинь их хээгүй гүдэсхэн эр хүн гэж ойлгодог” гээд ярих. Бас том том компанийн захирлууд гэрийнх нь ойролцоо ирээд загас бариад буцдаг аж.  Битүү балар ой дундах буйд амьдрал амар тайван байх ажээ.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Ё.Отгонбаяр 230 сая төгрөг өгөхийг шаардсан авлигын хэрэг буюу Х.Цогнойжамц, А.Чинбат гэж хэн бэ?

Х.ЦОГНОЙЖАМЦ: ЯМАР НЭГЭН ТАЙЛБАР ӨГӨХ  ШААРДЛАГАГҮЙ. БОЛДОГ
ЮМ БОЛООД Л ӨНГӨРНӨ БИЗ-

 Түрүүч нь ¹ 152 (4479) дугаарт

УИХ-ын гишүүн Ё.От­гон­баяр БСШУ-ны сайд байхдаа 230 сая төг­рөгийн авлига нэхсэн дуулиант хэргийн хохи­рогч болоод буй Х.Цог­ной­жамц хэн болохыг ун­шигч танд үргэлжлүүлэн хүргэе. Тэрбээр Налай­хын унаган хүүхэд юм байна. Өөрийн төрж, өс­сөн нутагтаа сургууль барьж, бүтээн байгуулалт  хийсэн Х.Цогнойжамц улстөрчийн шантаажид орж, рекэтлүүлсэн нэгэн. Түүнийг барилга барьдаг гэхээс илүүтэйгээр ал­дарт уяач гэдгээр нь на­лайхчууд андахгүй юм билээ. Х.Цогнойжамцын хувьд Налайхын 119 дү­гээр сургуулийг барихаас өмнө хэд хэдэн барилга барьжээ. Тухайлбал, “Ти­тэм” захыг барьж ашиг­лал­тад оруулсан юм бай­на. УИХ-ын гишүүн Ё.От­гонбаярын авлигын хэр­гийг илчилсэн 119 дү­гээр сургуулийг зорилоо. Гур­ван давхар уг шар барил­га орчин үеийн стан­дар­тыг бүрэн ханга­сан сур­гууль болж чад­жээ. Шинэ сургууль гэсэн­дээ гаднах талбай, анги танхимын доторх тохи­жилт зэрэг нь арай өөр байв.

Мөн бүрэн камерын хяналт­тай аж. Энэ сургуулийг Х.Цогнойжамц барьсан гэдгийг хүн бүр андахгүй юм.

  Ё.ОТГОНБАЯР СУРГУУЛЬ БАРЬСНЫ ХАРИУД АВЛИГА НЭХДЭГ НЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ

Х.Цогнойжамцын багын найз гэх Д.Отгонбаяртай уулзлаа. Тэрбээр 119 дүгээр сургуулийн барилга баригдахаас эхлээд өнөөдрийг хүртэл тус сур­гуульд ажиллаж буй юм байна. Тэрбээр сантехникч хийдэг аж.

 Та Х.Цогнойжамц гэдэг хү­нийг хэдийнээс мэдэх вэ?

-Энэ
хүнийг эртнээс мэднэ. Бид багын найзууд. Нэгдүгээр ангиасаа эхлээд өдий хүртэл нөхөрлөж явна. Хоорондоо холбоотой ч байдаг.

Налайхын аль сургуулийг та хоёр төгссөн юм бэ?

-Налайхын  нэгдүгээр арван жилийг бид хамтдаа төгссөн. Х.Цог­нойжамц 1979 оноос хот руу шилж­сэн. Түүнээс өмнө Налайхад бай­сан хүн.

Х.Цогнойжамц ямар мэргэ­жилтэй вэ?

-Арван
жилээ төгсөөд Барилгын техникум төгс­сөн санаг­даж байна. Эхнэр нь  гадаад до­тоод явж наймаа эрхлээд сүүлдээ барилгын салбарт орсон. Анх Налайхын цэргийн барилгын ангид жолооч хийж байсан. Дараа нь  Польшоос машин оруулж ирдэг байсан. Тэд машин тэрэгний най­маа хийж байгаад барилгын ком­панитай болсон. “Тавин лан” ком­пани Х.Цогнойжамцынх. Одоо эхнэрийнх нь дүүгийн нэр дээр болсон байна лээ. Сая сургууль хүлээлгэж өгөх үеэр дүү Оюунчимэг нь ирж байсан. Тэгэхээр нь би компаниа шилжүүлж гэж ойлгосон. Хэд хэдэн газар барилга барьж ашиглалтад оруулсан хүн шүү. Барилгын компанитай болчихоод Тээврийн товчооны ардхан талд анх “Титэм” захыг барьсан. Түүнээс хойш барилгын салбарт хүч үзэх болсон. 

Өөр ямар барилга барьсан юм бол?

– Бид
найз нөхөд учраас тэр болгон ажил яриад байдаггүй. Хааяа арван жилийнхэнтэйгээ уулзах болохоор таарч хууч хөөрч амьдрал ахуйгаа ярьдаг. Миний ойлгосноор хүмүүстэй нийлж ба­рилга бариад байгаа сураг дуулд­даг л байсан. Ер нь манай Х.Цог­ной­жамц багын гүйлгээ ухаан сай­тай, хөдөлгөөнтэй хүүхэд байсан.

Найзынх нь хувьд Х.Цог­нойжамц гуайг хэр эр хүн гэж боддог вэ. Хүн чанарынх нь тухайд…?

-Манай
Х.Цогнойжамц эр хү­ний­хээ хувьд дажгүй. Дуу цөөтэй, хөдөлмөрч, найз нөхдөдөө ээлтэй нэгэн. Би энэ сургуулийн барилгын ажил эхлэхээс өмнө ерөнхий боловс­ролын 48 дугаар сургуульд ажиллаж байсан юм. Х.Цогной­жамц намайг дуудаад энэ сургуу­лийн барилгын ажлыг ерөнхийд нь хянаж бай гэж хэлсэн. Тэгээд би энд ирсэн. Барилга баригдаж эхлэхэд цахилгаанчин хийж байсан. Сур­гууль ашиглалтад орсноос хойш  сантехникч хийхийн зэрэгцээ нэг ээлжийнх нь жижүүрээр ажиллаж байна.

Хэдэн хүүхэдтэй вэ. Налай­хад үр хүүхдээс нь бий юү?

-Тэднийх
гурван хүүхэдтэй. Тэд нь том болоод  бүгд гэр бүлтэй болж тусдаа гарсан. Налайхад эхнэ­рийнх нь хамаатны ганц нэг хүмүүс л бий. Эгч нь гээд нэг эмэгтэй байдаг. 53 дугаар байранд амьдар­даг юм билээ.

Энэ сургуулийн барилгыг ер нь ямар хүмүүс барьсан бэ?

-Цэргийн
ангиас 20 гаруй цэрэг дайчилсан. Бусад нь “Тавин лан” компанийн ажилчид. Дээрээс нь  Налайхын зарим иргэдийг хөл­сөөр ажиллуулж байж энэ барилга боссон. Квадрат метрээр  нь тодор­хой үнэ тогтоогоод ажилласан хүмүүсийг цалинжуулж байсан. Х.Цогнойжамц энэ сургуулийн суурийг нь худалдаж авсан юм. Дээхнэ үед орос ах нарыг байхад баригдаж байгаад явахад нь бал­гас болсон газар. Х.Цогнойжам­цаас өмнө хоёр, гурван хүний гар дамжсан юм билээ. Хүмүүс хамаг юмыг нь хагалж, хэмхчээд балгас болгочихсон. Харин Х.Цогнойжамц зөвхөн карказ байхад нь худалдаж аваад ийм сайхан сургууль босго­сон доо.

БСШУын сайд асан Ё.От­гонбаяр бусдыг дарамталсан гэх мэдээ­лэл га­раад байгаа. Энэ талаар сурвал­жилж буй юм?

-Аан,
тэр талаар би сонссон. Аймар юм болсон шиг байна лээ. Тэр талаар надад Х.Цогнойжамц хэлээгүй л дээ. Нэг удаа “Барилга хүлээж авахгүй байна. Сургуулийн  цахилгаан, дулааныг холбосноос болж сар болгон их мөнгө төлж байна. Надаар яалгах гээд байгаа юм бол доо” гээд  уурсангуй хэлж байсан. Би бодохдоо ажилд нь жаахан саад гарч л гэж ойлгосон. Сонин хэвлэлээр яригдаж, бичиг­дээд байгаа шиг зүйл болсон гэж бодоогүй л дээ.

Ё.Отгонбаяртай Х.Цогной­жамц гуай ямар холбоотой бай­сан юм бол. Энэ талаар танд мэдэж буй зүйл бий юу?

-Тэд
хоорондоо ямар харилцаа холбоотойг мэдэхгүй. Манай хүн өөрийнхөө хөрөнгөөр сургууль бариад өгч байхад Ё.Отгонбаяр ингэж оролдох муухай. Ё.Отгон­баяр сургууль барьсны хариуд авлига нэхдэг нь юу гэсэн үг вэ. Сургууль хүлээж авах мөнгө ямар тэр хүний хармаанаас гарч байгаа биш. Улсаас гарч байгаа  биз дээ. 119 дүгээр сургууль өнгөрсөн сон­гуулиар баригдсан барилга шүү дээ. Ер нь сургууль дутмаг гээд байдаг. Тэгтэл манай холбогдох албаныхан өөрсдөө сургууль захиалж бариулчихаад дараа нь мөнгө нэхэж дарамтлан идэх гэдэг юм шиг байгаа юм. Их муухай зүйл л сонслоо.

Сургуулийг Улсын комисс хүлээж авахад яамнаас ямар хүмүүс ирсэн бэ?

-Их
олон л хүн ирсэн. Хэн нь яамных, хэн нь Улсын комиссоос, хэн нь нийслэлийн боловсролын газраас ирсэн гэдгийг би яаж мэдэх вэ дээ.

Х.Цогнойжамц гуай өөр компанитай юу?

-Байхгүй
ээ. “Тавин лан” ком­па­ниа дүүдээ шилжүүлсэн юм шиг байна лээ. Сургуулийн барилга хүлээлгэж өгөхөд дүү нь захирал гээд гарын үсэг зурж байсан.

Тэрбээр барилгын бизнес эрхлэхээс гадна морь уядаг гэх юм билээ. Хичнээн хурдны морьтой вэ?

– Морьд
нь гайгүй давхидаг шүү. Долоо, найман ажнай хүлгүүд байдаг байх.

Морио хаагуур уядаг вэ?

-Хүй
долоон худаг хавьд уях сураг гарч байсан. Энэ асуудлаас болж наадамд оролцож чадах юм уу, үгүй юу бүү мэд. Өнгөрсөн жил улсын наадамд оролцоогүй. Дан­даа хөдөө орон нутгаар явж  морь­доо уралдуулсан гэж ярьж байв.

  Х.ЦОГНОЙЖАМЦ ГЭЖ ХЭН БЭ?

Аймгийн алдарт уяач цолтой Х.Цогной­жамц нь Монголын шигш­мэл хур­дан морьдын “ИХ ХУРД” уралдаа­наас хишиг хүртсэн хий­морь­той уяач. Тэрээр 1996 оноос эхлэн хурдан хүлгүүд сойж 1998 онд Жанчив­лангийн ойд даага нь хурдалж анхны айр­гаа хүртэж бай­сан түүх­тэй. Хойтон жил нь буюу 1999 оны АХ-ын 78 жилийн ойгоор Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Ган­пүрэвийн унаган хонгор даага айргийн гуравт хурдалж, давхар уяагаар Баян­хон­гор айм­гийн Ламын гэгээний 360 жилийн ойд түрүүлсэн аж. Баянхон­горын дан­шигт даага нь түрүүлээд зогсох­гүй шүдлэн хонгор үрээгээ аман хүзүү­дүүлж, ганзага дүүрэн наад­сан бол 2004 онд Сүхбаатар айм­гийн Асгат сумын М.Ооёогийн унаган хул морь “Их хурд-III” урал­даанд айрагдаж, 2007 оны улсын их баяр наадамд айрагджээ. Хой­тон жил нь буюу 2008 онд Заамарын төвийн бүсийн даншигт хүрэн азар­гаа айргийн дөрөвт хурдлуулсан тэрээр ийнхүү улс бүсийн наадмын нэг түрүү таван айргийн эзэн бол­жээ.

Х.Цогнойжамцын гэрийг нэхэн сурвалжилж олсон боловч гэр нь эзгүй байлаа. Түүний  гар утас руу залгатал “Хил гарах гээд Замын-Үүдэд байна. Та нарт ямар нэгэн тайлбар өгөх  шаардлагагүй. Бол­дог юм болоод л өнгөрнө биз” хэмээн тэрбээр хариулсан юм.

Үргэлжлэл бий

  Г.ЯЛГУУН

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

“Ээ, яадаг шар сармагчин бэ”

Хүн бүрт хийгээд дадсан хөдөлгөөн, хэлээд заншсан үг хэллэг
гэж байдаг. Ярихдаа гараа байнга зангадаг, “болбол”, “одоо”, “ер нь тэгээд”, “эсхүүл” гээд
л сул үг хэрэглэдэг. Эсвэл өвөрмөц содон хараалын үг, гадаад хэллэг ч юм уу, нутгийн
сонин аялгатай ерөөл, магтаал хэлдэг хүмүүс ч бий. Манай нутагт “Өө, аавын гутал
аа” гэж уулга алддаг өвгөн байж билээ.

“Энэ хүүхнүүд үү” киноны нэгдлийн дарга байнга л сахлаа илж
имрэнгээ “Уул шугамандаа” гэж ирээд л ярьдаг. “Уул шугамандаа” хэмээхэд “Энэ хүүхнүүд
үү” кино шууд л сэтгэлд бууж, өнөө нэгдлийн дарга, Гомбосүрэн гуай нүдэнд үзэгддэг.

“Тусгай салаа”-ны Дэндэвийн “Ээ, улаан туг гэж” гэх уулгыг
хүмүүс санаж байгаа байх.

Магадгүй танд ч иймэрхүү үг хэллэг байдаг байж болох юм. Хэрвээ та хүнтэй уулзаад ярихаараа
үсээ илдэг ч юм уу, хөлөө зөрүүлдэг. Эсвэл яриан дундаа содон үг хэлдэг бол тэр
чинь таны нэг имиж юм. Дэлхийн алдартай хүмүүсийн сонин хачин дадал зуршил нь хүртэл
олны анхаарлыг татдаг. Тэр бүү хэл өнгөрсөн зуунуудад амьдарч байсан эрдэмтэн, хаад,
алдартай эрхмүүдийг одоо үеийнхэн нь содон төрх, сонин уулгаар нь хүртэл мэдэх нь
бий шүү.

Та хэрвээ багаасаа л “Ээ, бурхан минь”, “Тэнгэр минь”, “Тосоор
гоож” хэмээн хэлсээр өдийг хүргэсэн бол нэг их өөрчлөөд байх хэрэггүй л болов уу.

Багш маань автобусанд явж байж л дээ. Дүүрэн хүнтэй. Ахмад
хүн болохоор нэг охин суудал тавьж өгчээ. Суудалд тухалчихаад явж байтал яг хойно
нь нэг эмэгтэй утсаар ярьж байна гэнэ. Их чанга дуугаар. Бодвол чих нь хатуу бололтой.
“Ээ чаваас тэгэлгүй дээ. Жирэмсэн амьтан төрөх дөхөөд ирэхээрээ тэгдэг юм. Одоо
бушуухан хэвтүүлээд хөлийг нь өндөр юман дээр тавь. Яадаг шар сармагчин бэ, шилрээд”
гээд л ярьж гарч. Багшид маань “Ээ, яадаг шар сармагчин бэ” гэдэг үг нь нэг л дотно,
танил санагдаад “Энэ чинь хэн сэн билээ” гэж бодогджээ. Тэгээд эргээд хартал сумын
найман жилийг хамт төгссөн ангийнх нь хүүхэд Хажид байж. Тавин жил уулзаагүй байсан
андууд ингэж уулзалдаж, бөөн баяр хөөр болж, амралтын өдрүүдээр нэгнийдээ зочилж,
хамтдаа “Хужирт”-д зун бүр амардаг болсон гэсэн. Багш маань “Юм гэдэг сонин шүү.
Сураг тасарсан найзыгаа хэлдэг уулгаар нь олж авлаа” хэмээсэн юм.

Тэгэхээр магадгүй та өөрийнхөө хэлдэг уулгын үгсээ нэг их
бүдүүлэг, муухай биш бол хаяж гээх гээд байсны хэрэггүй юм. Хаях ч боломжгүй байх.
Яагаад гэвэл та ийм үг хэлдгээ ч анзаарахгүй байгаа. Тэр үг, үйл хөдлөл тань таныг
бусдад илтгэж, нэрийн хуудас тань болдог. Бас нөгөө талаар багшид минь тохиолдсон
иймэрхүү явдал хэзээ нэгэн цагт танд тохиох ч юм бил үү.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Нарийнтээлийн хөндийд цагаан тариа найгах болно

Нарийнтээл суманд цагаан будаа тариалж буй нь

ЗАМЫН УНААНД СУУН Д.ЦЭРЭНТОГТОХ АВАРГА БОЛОН УЛСЫН ХАРЦАГА Ч.ДАВААДОРЖ НАРЫН НУТАГТ ИРЛЭЭ

Дорнод аймгийн Халх гол,
Төв аймгийн Баян­чанд­маньд цагаан бу­даа­ны тариалалт
хийж эхэлсэн тухай хэдэн
жи­лийн өмнө яригдаж
бай­­сан. Гэвч төдийлөн
ам­жилт­тай болоогүй
билээ. Учир нь Японы
уур амьс­гал, чийгшилт
нь Монго­лоос тэс
өөр юм. Харин Мэргэжлийн
сумогийн 69 дэх аварга, Монгол
Ул­сын гавьяат тамирчин
М.Даваа­жаргал
“Хакухо” брэндийн цагаан будааг эх
орондоо тариална гэж байсан нь
бие­лэлээ олох цаг
ойрхон бол­жээ. “Хакухо”
цагаан будааг Өвөрхангай аймгийн
Арвай­хээр, Нарийнтээл, Хархорин,
Төгрөг сум болон Төв
аймгийн Зуун­мод хотод
тариалах тур­шил­тыг
хийж байна. Өнгөр­­сөн
жил  тус
аймагт анх удаа цагаан
будаа тариалж 700 грамм үр авсан
бөгөөд өнөө жил уг
үрээ дээрх сумдад хуваан
тариалж байгаа аж. Энэ талаар сурвалж­ла­хаар Өвөрхангай айм­гийн Нарийнтээл сумыг зорилоо. “Нарантуул” захаас Баянхонгорын фургонд чихэлдэн сууж аваад Нарийнтээл рүү хөдлөв. Оюутны зуны амралт эхэлсэн тул гэрээ­дээ зоригсод хамт зор­чигч­­дын дийлэнх бай­лаа. Бидний унаа нар жаргаж, үдшийн гялаан тохиож байх үест нийс­лэ­лийг орхилоо. Өглөө­ний на­ран Хүрэн овоон дээгүүр нэлээд өндийж байх үест Нарийнтээ­лийн замын уушийн га­зар ирэв. За­мын нөхдөө аян замдаа сайн явахыг ерөөгөөд миний бие дар­хан авар­га Дашдоржийн Цэрэн­тог­тох, улсын хар­ца­га “жижиг” Ч.Даваа­дорж на­рын олон сайхан хүчтэ­нүүд төрсөн ус ну­тагт хоцорлоо. Эрэмгий бөх­чүү­дийг өлгийдөн ав­сан Шаргын уулс, Таа­цын гол холдоо цэнхэр­лэж угт­лаа шүү.

Замын гуанзны хү­мүү­сээс цагаан будаа­ны тариалалт хаана яваг­даж буйг асуун сумын төв орлоо. Өглөөний найман цаг даруй өнгөрч нар дээр хөөрсөн байсан ч буйдхан сумын төвд хонд­­­лой­­гоо хүртэл сүүлээ өргөсөн хэдэн ноход, дээ­лээ сугалдаргалсан морь­­­­той ганц хоёр залуу­гаас өөр хүн, амьтан үзэгд­­­­сэнгүй. Төрийн ал­ба­­­ны ажил өглөө есөн цагт эхэлдэг тул захир­гаа­ных нь гадаа хүмүү­сийг ажилдаа ирэхийг хүлээлээ. Хэлхгэр ягаан дээл, бүрх малгай дух­дуул­сан хүрэн бор ца­рай­тай хижээл насны эр хоёр гараа нуруундаа үүрэн захиргааны зүг исгэрэн алхаж явна. Мань эрээс цагаан будаа тариалдаг хүний тухай асуутал Сумын жижиг, дунд үйлдвэрийн ажил­тан Д.Батцэнгэл гэж хүн бий гэлээ. Жижиг, дунд үйлдвэрийн ажилтны өрөө нь сумын захир­гаа­ны хоёр давхарт байд­гийг мэдсэн миний бие өрөөнийх нь үүдэнд хү­лээ­­хээр шийдлээ. Төд удалгүй хар цамц, хүрэн нүдний шил, шаргал цүнх барьсан дунд зэр­гийн нуруутэй эмэгтэй өнөө өрөөг чинь онгойл­гон орлоо шүү. Би ч араас нь орж хэрэг зори­гоо дуулгатал Нарийн­тээл суманд цагаан бу­даа тарьж эхэлж буй Д.Батцэнгэл байсан юм.

Уржнан жил анх Өвөр­­­хангай аймгаас хоёр хүн Япон улсын Хоккайдо мужийн Таки­ка­ва хотод очиж цагаан будаа хэрхэн тариа­лах тухай сургал­тад хамрагд­сан бол нод­нин тус айм­гийн ХХААЖДҮ-ийн газ­рын ХАА-н мэргэжилтэн Д.Пагма, Д.Батцэнгэл нар зургаан сарын турш сур­гал­тад хамрагдаад ир­жээ. Ноднин анх удаа Өвөрхангай аймаг ца­гаан будаа тариалсан бол өнөө жил аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиг­лэлд Арвайхээр, Нарийн­­­тээл, Хархорин, Төгрөг суманд цагаан будаа тариалах, туршин тарих ажил эхэлжээ. Харин өнөө жил хоёр дахь удаагаа ийнхүү тарьж байгаа аж. Ноднин жилийн тариалалт бо­лом­­­жийн байсан тул нутагш­­сан үрээрээ өм­нөх жилийнхээс ахиу хэм­жээний газар тарьж байгаа гэлээ. Өнөө жил анх удаа Төв аймгийн Зуунмод хотноо Хакухо аваргын талбайд цагаан будаа тариалсан гэнэ. Нарийнтээл сумын хувьд хүлэмжинд, ил талбайд гэсэн хоёр янзын тариа­лалт хийхээр төлөвлө­жээ. Хүлэмжинд тариал­сан ургацаа бүрэн авна гэдэгтээ итгэлтэй байгаа юм билээ.

Д.Батцэнгэл дөрөв­дүгээр сард бэлтгэсэн 8000 ширхэг  цагаан бу­даа­ны үрслэгээнээс тав­ду­­гаар сарын сүүлээр 7000 ширхгийг дөрвөн сумын 210 м2 талбайд ил болон хүлэмжинд та­риал­­жээ. Мөн цагаан будаа тариа­лагч­даас  Төв аймагт  Хакухо  М.Даваажар­га­лын тал­байд 1000 шир­хэг үрсэл­гээг 40 м2 тал­байд  суул­гасан байна.

 

ЦАГААН БУДАА ТАРИХАД БОРДОО ХЭРЭГГҮЙ, ХАРИН УС ХЭРЭГТЭЙ АЖ

Д.Батцэнгэлийн хувьд агрономич мэргэжилтэй бөгөөд 28 жил мэргэж­лийн­хээ дагуу ажилла­сан нэгэн байв. Тэрээр 2008 онд улсын аварга тариаланч болж байсан аж. Түүний нөхөр Р.Өл­зий­бат мөн л агрономич мэргэжилтэй нэгэн. Мөн л 2005 онд улсын аварга тариаланч болж байсан гэнэ. Д.Батцэнгэл агроно­мич цагаан будааны үр­сэл­гээ тарьсан талбай руугаа хамт явахаар бол­сон юм. Тариан талбай нь сумынхаа төвөөс хол­гүй ажээ. Нарийнтээл сумыг дайран өнгөрөх шинэхэн засмал замын урдхан талд байлаа. Тэд­ний хувьд энэ жил хүлэм­ж­ийнхээ 10 сот газар цагаан будаа тарь­жээ. Цагаан будааны хувьд үрийг нь нэг дор гурван ширхгийг хийж тарьдаг гэлээ. Эдгээр гурван үр ургасан нөх­цөлд нэг багц болсноор нэг ширхэг үрсэл­­гээ бол­дог байна. Цагаан будааг анх удаа гадаа тарих гэж байгаа болохоор өнөө жил хуу­чин тариалдаг хүнсний ногоогоо тариа­лаа­гүй аж. Ганцхан ца­гаан бу­даан­даа анхаар­лаа хан­дуу­лахаар бол­жээ.

Цагаан будааны үр­сэл­гээ нь улаан буудай­наас ялгарах зүйлгүй ажээ. Намар хураалтын үед ч мөн адил улаан буудайнаас ялгарахгүй харагддаг гэсэн юм. 20 гаруй см ургасан үрсэл­гээгээ өнөөдөр гадаа талбайд тарьж үзнэ гэж байв. Өнгөрөгч жилийн хувьд хүлэмжиндээ л ганцхан тарьсан бөгөөд энэ жилээс гадаа тал­байд үрсэлгээ шилжүүлж суулгаж үзэх гэнэ. Р.Өлзий­­бат тармуур барин цагаан будааны үрсэл­гээгээ суулгах тал­бай­гаа тэгшилж, хайрцаг бэлтгэлээ. Хагас цаг ор­чим талбайгаа бэлтгэн усалгааны шуу­дуу­гаар хайрцаг руугаа ус оруу­лав. Цагаан будаа тариа­лахад ус хэрэгтэй байдаг тул тухайн газрыг нэв­шир­тэл услах ёстой гэлээ. 30 гаруй см өндөр хашлага бүхий хайрцаг­ны талаас дээгүүр ша­хуу ус хийгээтхэв. Уг усыг шингэх төдийд тариа­лал­таа эхлэхээр боллоо. Нарийнтээл суманд л ургачихвал Монголын хаана ч цагаан будаа ургах учиртай хэмээн гартаа барьсан хүрзээр шороо суллангаа тэд хэлц­гээж байлаа. Учир нь Нарийнтээл сумын хувьд  говь, хангай хосол­сон хээрийн бүс тул сэрүүв­­тэр байдаг аж. Энэ сэрүүн нөхцөлд үрсэл­гээ­гээ дасгаад намар үрээ гаргаад авчихбал ирэх жил шууд гадаа та­риа­­­лах боломжтой. Мон­голд тариалж буй цагаан будааны үр нь Хоккайдо мужид гарган авсан гэнэ. Япон улсын хувьд үрийн бодлого чан­га тул гадаг­шаа үр гарга­на гэсэн ойлголт байдаг­гүй. Харин Японоос нод­нин ирсэн сургагч багш нар ганц атга хүрэхтэй үгүй­тэй үр өгцгөөжээ. Ингэж л өмнөх олон бүтэл­гүй туршилтуудыг даван Мон­го­лын хөр­сөнд анх удаа цагаан будаа ам­жилт­тай тариа­лах нөх­цөл бий болсон ажгуу.

Хоккайдо муж нь цаг агаарын хувьд Монгол­той төстэй бөгөөд манай­хыг бодоход хур бороо элбэгтэй байдгаараа л өөр юм байна. Д.Батцэн­гэл Японд байсан үеийн­хээ тухай ярьж өглөө. Тэрээр наран улсад очоод Токиод нэг сар хэлний бэлтгэлд суухдаа яаж зургаан сар болно доо хэмээн шантрангуй байсан ч Хоккайдо му­жийн Такикава хот нь манай оронтой төстэй тул төвөггүй дассан аж. Уг хотод цагаан будааны тариалан нь л Монго­лоос илүү болохоос ма­найд тарьдаг бүхий л хүнсний ногоог тарьдаг байсан гэв. Цаг агаарын хувьд төстэй тул техноло­гийн хувьд тийм ч хэцүү бай­гаа­гүй тухай ярьж байх хооронд Р.Өлзий­бат агрономич 600 шир­хэг үрсэлгээг газрын хөрс­­нөөс нь суллан шил­жүү­лэн суулгахад бэлэн болжээ. Тэдний хүлэм­жинд хэд хэдэн төрлийн бордоо харагдав. Со­ниуч зандаа хөтлөгдсөн би “Цагаан будаанд аль бордоо нь хамгийн сайн бэ” гэхэд “Цагаан бу­даанд бордоо хэрэггүй ээ. Харин эмзэг үеийг нь өнгөртөл ус байнга хийж байх хэрэгтэй” гэв. Сумын хоёр агрономч гадаа үрсэл­­гээгээр тарьсан будаа ургахгүй бол ядаж дараа жил ахин тарих үрээ авч үлдье” хэмээн хүлэмжиндээ 2*2 хэмжээ­тэй хайрцаганд хэдэн ширхэг үрсэлгээ суул­гаат­хав. Хайрцагныхаа дотор талын ирмэгийг дагуулан газрын хөрсөн доогуур гялгар уутны үзүүрийг оруулжээ. Учир нь гадагшаа чийг алдах нь бага тул цаашид ингэж хийх хэрэгтэй хэмээн япон багш нь заагаад буцжээ.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Ё.Отгонбаярын 230 сая төгрөг өгөхийг шаардсан авлигын хэрэг буюу Х.Цогнойжамц, А.Чинбат гэж хэн бэ?

УИХ-ын гишүүн Ё.От­гон­баярын бусдаас ав­лига ава­хыг завдсан гэх хэрэгт хол­богдуулан хэд хэдэн хүнийг шалгаж буй билээ. Тэрбээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд байхдаа А.Чин­бат нарыг явуулж Х.Цогной­жамц гэдэг хүнийг зодуулж, дээрэмдүүлэн авлига өг хэ­мээн шаардсан гэдэг. Х.Цог­ной­жамц харин 2013 оны гуравдугаар сарын 20-ны өдөр энэ талаараа Улсын мөрдөн байцаах газарт  гом­дол мэдүүлсэн аж. Эл гомд­лын мөрөөр мөрдөн байцааг­чид  мөрдөлт явуулахад түү­ний эхнэрийн нэр дээрх дан­санд олон сая төгрөг, ам.дол­лар орж гарсан баримт байс­ныг хууль хяналтынхан илрүүл­сэн хэмээн мэдээлдэг.

Энэ явдлаас болж
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонго
мөн­гө угаасан хэрэгт
хол­бог­доод буй.
Их мөнгөний дуулианы хэрэгт сэжиглэгдсэн түүнийг
нөхөр нь “илчилсэн” гэх.
Ё.Отгонбаяр бусдаас
авлига нэхэн дарамталж, нэгэн
банк­ны дансны дугаар
руу  хүссэн
мөнгийг нь хийхийг шаардсан
байдаг. Тэрхүү дансны дугаар
эхнэрийнх нь болж, О.Эр­дэнэ­солонгын
нэр дээрх 26 данс ил болсон
юм. Энэ хэр­гийн
эргэн тойронд тэр үед
болон одоо чухам юу
болсон талаар манай сонин
“Эх сур­валжийн мэдээллийн
мөрөөр үнэнийг хайсан нь”
буландаа нэхэн сурвалжиллаа. Бусдад
дарамтлуулж, дээрэмдүүлсэн Х.Цогнойжамц, 
Ё.Отгон­баярын өмнөөс
уг бизнес­мэ­нийг
дарамталсан А.Чинбат гэж
хэн бэ гэдгийг хүргэхээс
өмнө өнгөрсөн гуравдугаар сард юу болсныг
сийрүүлье.

АВЛИГА  НЭХЭХ ЭХ ҮҮСВЭРИЙГ  ШААРДСАН 119 ДҮГЭЭР СУР­ГУУЛЬ

МАН-ыг Засгийн эрх барьж байх үед УИХ-ын ги­шүүн Ё.Отгонбаяр Боловс­рол, соёл шинжлэх ухааны сайд байв.  Нэг үгээр хэлбэл 2008-2012 он юм. Тэр үед Налайхад  дунд сургуулийн хэрэгцээ байсан үе. Улс орны хэмжээнд ч сургууль барих асуудалд анхаарч байв. Х.Цог­­ной­жамц бизнесмэн хүний хувиар хуучин оросуу­дын бариад орхиод явсан барилгыг худалдаж авав. Ба­рилгын суурь хана нь босчих­сон ч тоногдсон энэ газар орон сууц барилаа гэхэд тө­дий­лөн налайхчууд аваад байхгүй. Иймд  сургууль барь­чихвал  борлуулна гэж зовох­гүй, улсад хүлээлгээд өгчихнө. Боловсрол соёл, шинжлэх ухааны удирдлагуудтай ч ярьсан болох юм байна” хэ­мээн  шийджээ. Х.Цогной­жамц “Тавин лан” хэмээх ба­рил­гын компанитай тул өөрийн төрөлх Налайх дүү­рэг­тээ ерөнхий боловсролын сургууль барьж ашиглалтад оруулахдаа урамтай байжээ. Тус компани өөрийн хөрөн­гөөр  сургуулиа барьж босгов. Гэтэл Боловсрол соёл, шинж­лэх ухааны  яамны хариуцсан мэргэжилтэн нь тоймтой  ха­риу өгөхгүй байж. Нэг үгээр хэлбэл сургуулийн асуудлыг  тус яамны зүгээс  Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Наранцогт “Сайдтай уулз. Би мэдэхгүй” хэмээсэн гэнэ.  Нэг үгээр хэлбэл Ё.Отгон­­баяр яамны  санхүү болон хөрөнгө оруулалтын асууд­лыг төрийн нарийн бич­гийн дарга нартайгаа бус зөвхөн С.Наранцогттой ярил­цаад шийддэг байсан гэж тухайн яаманд хамт ажиллаж байсан газрын дарга нар нь  хэлж байсан юм. Ашиглалтад орсон хэдий ч сургуулийг хүлээж авахгүй удсанаас  ду­лаан, ца­хил­гааных нь мөнгө болох урсгал зардлыг “Тавин лан” компани төлөх болжээ. Иймд Х.Цогнойжамц  хууль дүрмээр нь яваад сургуулиа хүлээлгэж өгөх гэсэн боловч Улсын ко­мисс  хүлээж аваагүй байна.

 

САЙДЫН НАЙЗ ХӨНДЛӨНГӨӨС ОРЖ ИРЭВ

“Тавин
лан” компанийн захирал Х.Цогнойжамч ба­рил­гаа хүлээлгэж өгөх талаар нэлээд хөөцөлдсөн боловч хоёр жил гаран болжээ. Тэгтэл А.Чинбат гэх нөхөр гарч  ирсэн байна.  Тэрээр утасдан Х.Цог­нойжамцтай уулзахыг хүсч буйгаа илэрхийлж  нэгэн бол­зол тавьсан гэнэ. Тэрбээр “Барилгыг чинь Улсын ко­мисст хүлээлгэж өгөхөд хө­шүү­рэг нь би болъё. Би Ё.Отгонбаяр сайдыг сайн та­нина” хэмээсэн гэдэг. Сарын дараа өнөө А.Чинбат гэдэг хүн Х.Цогнойжамцад “Би сайдтай уулзлаа. Барилгыг чинь хү­лээж авах боллоо.  Хариуд нь улсаас авах мөнгөнийхөө тодорхой хувийг өг” гэж хэл­сэн юм байх. Х.Цогной­жамц хариуд нь “Бариад ашиг­лалтад аваа­гүйн улмаас  сур­гуулийн ду­лаан, цахилгаанд багагүй мөнгө гарч байна. Сард 7-8 сая төгрөг төлөх хэцүү байна. Энэ барилгаас ашиг гэж гарахгүй нь. Сул
зардалд мөнгө яваад байна” гэжээ.  Хэдэн сарын дараа Х.Цог­нойжамцыг Ё.От­гон­баяртай уулзуулах ажлыг А.Чинбат зохион байгуулсан байна. Тэд Төрийн ордны ойролцоох ресторанд хамт хооллон сур­гуулийн асууд­лаар ярьжээ. (Тэдний уулзсан газар мөр­дөн байцаалтын нууцтай хол­боотой учир нэ­рийг нь бич­сэнгүй). Энэ үеэр Ё.Отгонбаяр “Хэлсэн мөнгийг хурдхан шил­­­жүүлбэл барил­гын асууд­лыг дор нь шийдэж бол­но” гэж хэлсэн гэнэ. Үүнийг  Ё.Отгон­баярын ойрын эх сур­валж мэдээлж буй юм.  УИХ-ын сонгууль ч өнгөрч тус яамны сайд нь  солигдсон байна. “Тавин лан” ком­па­нийн Налайх дүүрэгт барьсан сургуулийг Улсын комисс өнгөрсөн хоёрдугаар сард хүлээн авчээ. Х.Цогнойжамц ч барилгаа улсад өгч, зардал болох 4.7 тэрбум төгрөгөө авч чадсан байна. Түүнийг мөн­гөө авсныг мэдсэн  Ё.Отгон­баяр А .Чинбатаар дамжуулан дарамтлах болжээ. Нэгэнт улс авах ёстой юмаа авч, Х.Цог­нойжамц ч өөрийн хөрөнгөө улсаас авч чадсан болохоор Ё.Отгонбаярт авлига өгөхийг хүссэнгүй.

 

ХҮССЭН МӨНГИЙГ НЬ ӨГӨӨГҮЙНХЭЭ ТӨЛӨӨ ЭНХТАЙВАНЫ ГҮҮРЭН ДЭЭР ХАЛДЛАГАД ӨРТӨВ

Х.Цогнойжамцыг өдөр, шөнөгүй гар утсаар А.Чинбат дарамтлах болсон аж. “Хэлсэн ёсоороо 230 сая төг­рөг өгөхгүй бол ална шүү”, “Нөгөө мөнгөө энэ данс руу шилжүүл”.”Компанийг чинь шалгалтанд оруулна. “Но” гарч л тараа”, “Хаа таарсан  газраас чинь барина шүү” гэхчилэн мессэжүүд түүний утаснаас тасрахаа байж. Ё.От­гонбаяр ч  нэг бус удаа утас цохих болсон гэнэ. 

Тэд­ний сүрдүүлгэнд автсан Х.Цог­нойжамц “Тавин лан” компаниа эхнэрийнхээ дүү Оюунчимэгт шилжүүлсэн бай­на. Тэрбээр хэл амтай иймэр­хүү ажлаас хөндийрч  морь уяад тааваараа явахыг шийд­сэн нь тэр гэнэ. Гэтэл нэг өдөр А.Чинбат “Яаманд бай­раа хү­лээлгэж өгөхдөө компа­ниа өөр хү­ний нэр дээр болгосныг мэдсэн шүү”, “Улсаас авсан нөгөө мөнгөө данс руу хий” хэмээн дахин занах болсон байна.  Өнгөр­сөн гуравдугаар сард Х.Цог­ной­жамцыг Энх­тай­ваны гүү­рэн дээгүүр “Ланд 200” мар­кийн автома­шин­тайгаа явж байтал  хэсэг булиа залуус машиныг нь зог­соо­жээ. “Тэгээд нэг залуу нь “Мөнгө дансанд хийхгүй, хаа хол зугтана гэж худлаа яриад яваад байгаа юм. Халхын хавтгайгаас хаа хүрнэ гэж бодоов” хэмээн заамдаад авахад Ё.Отгонбаярын явуул­сан хүмүүс байна гэж мэдсэн аж.

 Булиа залуус машинд нь  дайран орж ирэн Х.Цогной­жамцын хоолойг нь боожээ. Х.Цогнойжамц амь тэмцэн аврал эрсээр тэдний гараас арайхийн мултарч маши­наа­саа буун ум хумгүй зугтжээ. Зам дээр машинаа тэр чигт нь орхиод явсан гэнэ. Харин да­рамтлагч залуус машиныг нь унаад яваад өгчээ. Х.Цогной­жамц цагдаа­гийн газарт ирж, өөрт то­хиолд­сон явдлаа ярин гомдол гаргажээ. Тэрээр “Их хэм­жээний авлига нэхсэн эт­гээд намайг алахыг санаар­хаж, миний машиныг дээрэм­дээд зугтчихлаа” гэсэн аж. Ингээд хэргийн мөрөөр цаг­даа нар машиныг эрэн хай­жээ. Тэр шөнө Х.Цогной­жам­цын “Ланд 200” маркийн ав­то­ма­шин Хил хамгаалахын ерөн­хий газрын ойрол­цоо­гоос олдсон байна.

Цагдаа нар хэргийн учгийг тайлахад “Ё.Отгонбаярын  найз А.Чинбат хэсэг залуус­тай мөнгө нэхэн дарамталсан нь” тогтоогджээ. Улмаар хэр­гийг шалгах явцад БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр хүн явуулж дарамтлуулсан нь баримтаар нотлогдсон гэнэ. Мөрдөн байцаалтын явцад “А.Чинбат 230  сая төгрөгийн авлига нэхэмжилж, Х.Цогной­жамцыг дарамтлан занал­хийлсэн” гэдгээ хүлээж мэ­дүүлэг өгсөн байна. Түүнийг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулан бай­гаа юм.

А.Чинбат нь Ё.Отгон­баярын багын найз. Нэг нутаг усанд төрж өссөн, тэд багаа­саа нөхөрлөсөн гэдгийг  ту­хайн үед ажиллаж байсан яамныхан ч андахгүй болжээ. Тэрээр Ё.Отгон­баярын ойр зуурын бүхий л ажлыг зохи­цуулдаг найд­вартай хүн нь гэнэ. Тиймээс А.Чинбат Х.Цогной­жамцаас авлига нэхэх­дээ Ё.Отгон­баярыг тө­лөөлж, зуучилж байсан хэ­мээ­дэг.

Г.ЯЛГУУН

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Стратегид долоон ордыг нэмчихвэл хөрөнгө оруулагчид үргэнэ

Гадаадын хөрөнгө оруулалт энэ
оны эхний улирлын байдлаар 30 гаруй хувиар унасан гэсэн статистик бий.  Хөрөнгө оруулагчдын эргэлзээ, хүлээлт тайлагдаагүй
учраас энэ тоо зургадугаар сарын төгсгөлөөр хэд болж өсөхийг таах аргагүй. Магадгүй
40 хувь гарч мэдэх юм. Энэ тоо өсөх, буурахыг шийдэх нэг асуудлыг УИХ удахгүй
хэлэлцэх гэж байна. Засгийн газар стратегийн ордод долоон ордыг нэмэх саналыг
хууль тогтоогчдод хүргүүлээд бараг гурван долоо хоног өнгөрсөн.  Энэ долоо хоногт УИХ-ын Эдийн засгийн байнгын
хорооны ажлын хэсэг нэр бүхий долоон ордыг стратегид оруулах эсэх асуудлаар хуралдахаар
төлөвлөжээ. Энэ хурлаар за, үгүйн аль нэгийг тохирох эхний шийд гарна. Ажлын
хэсгийн хуралдааны дараа байнгын хороо хуралдана. Байнгын хорооны дараа УИХ-ын
хэлэлцүүлэг гээд эцсийн шийд гарна.

 Нүүрс, алт, газрын ховор элементийн нэр заасан
долоон ордын нэлээд нь гадаадын хөрөнгө оруулалттай. Гацууртын алтны орд дээр
гэхэд л гадаадын хөрөнгө оруулалттай “Сентерра гоулд” ажиллаж байх жишээтэй. Газрын
ховор элементийн нэр заасан гурван ордод гэхэд Хонгконг, Япон, Солонгос,
Америкийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийж багагүй мөнгө зарсан байдаг. Ховдын
Хөшөөтийн орд дээр Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компани хэдэн зуун
тэрбумаар нь хөрөнгө оруулсан. Тэгэхээр Монгол Улсын Их Хурал гадаадын бизнесмэнүүдийн
мөнгөө зарсан  ордуудыг стратегид оруулах
шийд гаргавал   Монголд хэрэгжих том төслүүдэд хөрөнгө оруулах
гэж байсан хүмүүс саналаасаа шууд татгалзаж, халаасан дахь мөнгөө атгаатай
чигтээ гараад явчихна.

Үр дүнд нь гадаадын хөрөнгө
оруулалт буурна.  Засгийн газарт
стратегид нэмсэн ордууд дээр гадныхны оруулсан хөрөнгийг өчнөөн тэрбумаар нь буцааж
төлөх ачаа нэмнэ. Мэдэлдээ авлаа гээд зардал шаардсан уул уурхайн том
төслүүдийг төр дангаараа ашиглаад явж хүчрэхгүй. Гадаадын хөрөнгө оруулалт
буурах хэрээр эдийн засаг хумигдаж, хоёр оронтой тоогоор төсөөлөгдөж байгаа
эдийн засаг ганц руу ч орж мэдэх юм. Тэгэхээр Монголын төр хувийн хөрөнгө
оруулалтад яаж ханддагаа энэ долоон ордоор харуулах нь. Хөрөнгө оруулагчид  стратегийн ордод долоон ордыг нэмэх парламентын
хэлэлцүүлэг яаж өрнөхийг хүлээж байгаа.

Ц.БААСАНСҮРЭН