Categories
редакцийн-нийтлэл

Авлигачдаас болж иргэн бүр хохирдог

Сүүлийн үед мөнгө  угаа­сан, авлига авсан гэх баахан хүн баригдлаа, шалгагдлаа. Ял авах нь авлаа. Үүнээс цааш ч нэмэгдэх байх.  Н.Энх­баярын хэргээс авахуулаад Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар, Татварын ерөнхий газрын Хяналт шал­галтын хэлтсийн дарга  Ч.Ган­сүх,  тасгийн дарга Ч.Энхбат, байцаагч О.Бямбасүрэн, ги­шүүн Ё.Отгонбаяр болон түү­ний гэргий О.Эрдэнэсолонго, МИАТ компанийн гүйцэтгэх захирал асан Ц.Орхон, Р.Бат-Эрдэнэ, Р.Эрдэнэбилэг, Ч.Хо­ролсүрэн, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бич­гийн дарга асан Н.Түмэндэм­бэрэл, тус яамны оношлогоо, эмчилгээний хэлт­сийн дарга  Д.Гончиг­сүрэн, яамны мэр­гэжилтэн Д.Отгонжаргал гээд олон хүн хэдэн тэрбумаараа яригдах их хэмжээний мөнгөн дүнтэй авлига, албан тушаа­лын хэ­рэгт холбогдож, шал­гаг­даж байна.

Иймэрхүү хэргийг цагдаа­гийнхан аль хэдийнээ ил­рүүл­сэн ч  ямар нэг байдлаар дарагдсаар ирсэн. Хэвлэлээр ч авлигын хэргийг олонтаа бичих авч  тэрүүхэндээ л үнэн гэж яригдаад өнгөрдөг байв.  Харин ч бүр нэр холбогдсон нөхдүүд эсэргүүцэл илэр­хийлж, өөрийгөө өмөөрөхөөс эхлээд хэвлэлүүдийг шүүхэд өгөөд сүйд болдог байлаа.

Авлига авдгийг нь мэдсээр байж ажлаа бүтээхийн тулд аргагүйн эрхэнд өгдөг нэг хэсэг нь байна.  Харамсалтай нь өгсөн нь адилхан  буруу­дах учраас тэр бүр илрэхэд бэрхтэй л дээ. Угтаа иргэд авлига хаа сайгүй байгааг мэддэг. Илрээсэй гэж хүсдэг. Олон жилийн өмнөөс “Авли­га­тай тэмцээч ээ” гэж иргэд ярьж эхэлсэн. Тэр ёсоор  Мон­гол Улсын Ерөнхийлөгч авли­гатай тэмцлээ, олон жил сургаар яригдаж байсан хэр­гүүд эхнээсээ тодорч эхэлж байна. Гэтэл гэнэт уурлах нь уурлаад эхлэв. Бөөн улс төр болгож ярих болов. “Дандаа МАН-ын угшилтай голдуу хүмүүсийг барилаа. Хэлмэг­дүүлж байна” гээд л яриад эхлэв. МАН-ынхан угаас олон жил эрх барьж, хамаг л саалийн үнээ болсон хэдэн байгууллагуудад үе дамжин суусан юм чинь аргагүй шүү дээ. Эрх мэдэлгүй байсан өөр намынхан  холбогдохгүй байгаа нь ердөө л энэ.  Түүнээс авлига авсан Ард­чилсан намын хүнийг нуун дарагдуулаад байгаа юм биш. Угаас авлига авах эрх мэдэлтэй албан тушаалд тэд ямар байсан юм биш. Хэрвээ АН-ын нөхөд авлига авсан бол тэр ч бас илэрч таараа.

Манайхан бас өрөвдөх дуртай улс л даа. Илрээд, эзэд нь тодроод ирэхээр гэнэт өрөвдөв. “Гучин долоо  он боллоо, хоморголон барив­чиллаа, сонгуулийн шоу, да­раа нь “уучлаарай” гээд гар­га­чихна” гэцгээгээд ам өрсөн яриад эхлэв.  Нэг хэсэг нь “Болж дээ, аль эрт л ингэх байсан юм”  гэж байна. Одоо л шударга ёс тогтох нь. Одоо л өндөр албан тушаал дээр очвол шударга ажиллах ёстой, тэгэхгүй бол хэзээ нэгэн цагт илэрдэг юм байна гэдгийг мэддэг болж эхэллээ. Энэ нь төр цэвэршихийн эхлэл юм.

Авлигачдыг өрөвдөх хэрэг­гүй, өөгшүүлэх хэрэггүй. Та бидний татварын мөнгөнөөс хулгайлж байхдаа бол цаа­дуул чинь биднийг өрөвдсөн гэж бодож байна уу. Ард түм­нээ бодсон уу. Хэдэн удмаа­раа идээд барамгүй их хөрөн­гийг машин машинаар нь зөөгөөд л байж байсан. Зөвхөн хар амиа л бодсон.  Тиймээс авлигын хэргүүдийг илрүүлэх явц зогсох ёсгүй.

Авлигачаа хамгаалан уур­лаж байгаа нам байхад авлигачдыг илрүүлж байгаад талархаж буй нь илүү олон байна. Авлигачид ил болох болно гэж олон жилийн өмнө одоогийн Ерөнхийлөгч мэдэг­дэж байсан. Тэрээр “Авлига гэдэг бол Монголыг хорьду­гаар зууны хорин он руу авчирч байна” гэж хэлж бай­лаа. Авлига Монголыг аалзны тор шиг хэрснийг хэлж бай­лаа. Одоо тэр тор эхнээсээ задарч эхэллээ.

Авлига гэхээр жирийн иргэд анзаарахгүй байх нь бий. Өөр дээр нь тулсан хохир­­лыг л хохирол гэж үзэж байдгаас бусдыг анзаарах­гүй өнгөрдөг. Бараа үйлчилгээ, бүтээн босголт болох ёстой мөнгө авлига болоод албан тушаалтанд очдог. Хамгийн ойрын жишээ гэхэд хотын төвийн газрыг маш өндөр үнээр зардаг. Албан тушаал­тан тэндээс хувьдаа ашиг олдог бол барилгын компани газрын үнэнд зарлагадсан мөнгөө дээр нь босох орон сууцныхаа үнэнд шингээдэг.   Тэр нь байр авч байгаа хү­мүү­сийн нуруун дээр ирдэг. Иргэд л авлигачид өгсөн мөн­гийг тухайн барилгын компа­нид төлдөг гэсэн үг. Нийс­лэлийн хэмжээнд сүүлийн хэдэн жил хичнээн хэмжээний газар зарагдсан тэр хэмжээ­гээр  хэдэн тэрбумаараа авли­гач­дын халаасанд орсон  байна. Гэтэл тэр мөнгийг авлига авсан хүн биш байр  худалдаж авсан иргэд  төл­сөн. МИАТ-ээс авлигачдын авсан гэх 10 тэрбумын авли­гын мөнгийг үйлчлүүлсэн иргэд бид л төлсөн болж таарна. Татварын арван до­лоон тэрбум байна. Эмнэлэг сургууль барих ёстой мөнгө байв. Монголчууд сүүлийн хорин жилд оросуудаас дэл­хийн зах зээлийн үнээс өндөр үнээр бензин худалдаж авсаар ирсэн. Дэлхийн зах зээлийн үнээс хорин хувиар  өндрөөр авч байсан юм би­лээ. Зөвхөн энэ өндөр хувийн зөрүүнээс  манай улсын жи­лийн төсөвтэй тэнцэх хэмжээ­ний мөнгө Орос руу явчихсан байгаа. Энэ бүхнийг өнөөдөр монголчууд төлсөн. Өндөр үнээр бензин оруулах гэсэн түүнийгээ борлуулах неф­тийн компаниуд төрийн өндөр албан тушаалтнуудыг ха­хуульд­сан болж таарна. Энэ нь ч эхнээсээ батлагдаж эхэлсэн. Авлигатай тэмцэхэд хэн дургүйлхэв  гэхээр авлига авсан хүн л дургүйцдэг. Тэр авлига авсан хүмүүс энгийн иргэдийн тархийг угааж байна л даа. Авлига өөр дээр нь яаж туссаныг мэддэггүй учраас бид бүгдээрээ хохирогч  гэдгээ мэддэггүй.

“Авлига
бол монголчуу­дын сайн сайхан амьдрах гэсэн,  эрх чөлөөтэй амьдрах гэсэн тэр хүсэл мөрөөдлийг чоно мэт мэрж байна” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлж байсан. Хүсэл мөрөө­дөл, улс орны маань хөгжилд чөдөр тушаа болсон авлига хэмээх аалзны торны утасны үзүүр нэгэнт хөвөрч эхэллээ. Үүнийг зад татах хүн нь Ц.Эл­бэгдорж байж. Одоо олон хүн сандралдан үүнийг эсэргүү­цэж байгаа нь ердөө л айс­ных. Авлигачид үүрээ эвдүүл­сэн шоргоолж шиг сандрал­даж байна.

“Хоморголон барилаа, сонгуулийн шоу” хэмээн үнэ­нийг гуйвуулах гэж оролдож эхэллээ. Үнэн хэрэгтээ энэ бол аль хэдийнээ эхэлсэн ажил байлаа. Сонгуулийн дараа ч авлигын аалзны торыг тасар татах үйл явц үргэлжилсээр байх болно. Галт тэрэг аль хэдийнээ хөдөл­сөн.  Одоо зогсоох  арга байхгүй. Харамсалтай нь үүнийг төрд олон жил өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүд хүсэхгүй байгаа юм. Тэд айснаасаа болж үүнийг зогсоохыг хүсч байна. Авли­га­тай тууштай тэмцээд эхэл­сэн энэ үйл явцыг  зогсоовол бидний хүсэн хүлээсэн шударга ёс хэзээ ч тогтохгүй.  Авлигачдаас болж бид ний­тээрээ хохирогч болсоор байх уу, аль эсвэл шударга ёс ноёлсон авлигагүй нийгэмд амьдрах уу. Энэ сонголтын эрх бидэнд бий.

Categories
редакцийн-нийтлэл

“Хөвчийн Харыг хаа таарсан газраа өчиггүй бууд”

-ТЭР МИНЖИЙН ХАНГАЙН ЗАСТАВТ ГАЗРААР ОЧДОГ ГАНЦ ХҮН НЬ-

Хөвч, тайгад нүүр нялх­руул­сан өтгөн манан буугаад хоножээ. Ойр хавьд юу бай­гаа нь мэдэгдэхгүй битүү суунаглачихсан, ямар ч  салхигүй тогтуухан. Тэрүү­хэн  баруун дор аргамжаатай морины хондлой бүртэлзэн харагдана. Бид хоёр аян­шаад нам унтчихсан байв. Босож  морио эмээллээд тогоо, шанагаа хураагаад авч яваа зүйлсээ ганзагалаад мордлоо. Бороо орохоос өмнө газар хороохгүй бол усан гүзээ болтлоо бороонд норох нь тодорхой. “Хөвчийн хар”  “Энд бороо ороход би дуртай. Нар гараад хамаг зүйлс хатчихаар энд түймэр гэж аюул гарна шүү дээ. За түймэр гарчихвал энэ сайхан хангай бүхэлдээ шатна гэсэн үг. Бороо ороод байгаасай гэж боддог хүн байгаа юм” хэмээн ярих. Би түүний араас явахдаа “Та Цэндийн гацаа гэдэг газарт хүрнэ гэж байсан тэр ямар газар вэ” хэмээн асуулаа. Тэгсэн “Эндээс хол эргээд буцахгүй бол бороо хэдэн өдөр үргэлжлэн орж мэдэх нь. Цэндийн гацаа гэж их сайхан газар бий. Тэндээ их том голтой.  Алд хэрий урт тул загас сүлжилдэн байдаг газар. Ус нь цэнгэг болохоор өнгө өнгийн загас усанд дураа­раа сүлжилдэн байгааг харах боломжтой шүү. Энүүхэн хажууд Илчлэгийн гол урсаад байгаа тэнд бас загас их байдаг. Тул олон. Зундаа голоо өгсөөд ир­чихдэг юм. Хур багатай жил энэ хавиар эргэлдэж байхгүй бол нөгөө том тулнууд чинь ул­даад үхчихдэг” хэмээн ярив. Бид хоёр Илчлэгийн голын хөвөө рүү очихоор зам ха­зайв. Бид хоёрын явж байгаа замаас холгүй юм билээ.

Модон дундуур явах тусам голын шуугих чимээ сон­сог­доно. Битүү манан татсан уулын сугаас модон дундуур урсах өргөн гол мэлмэрэх ажээ. Илчлэг гол энэ жил их үертэй байгаа юм байна. Ус ихтэй болохоор хамаагүй гаталж болохооргүй аж. Энэ гол уулын эхээс доош буусаар Хонгийн гол руу цутгана. Хонгийн гол Ерөө рүү, Ерөөгийн гол Орхон руу Орхон Сэлэнгэ мөрөнтэй нийлээд Байгал нуурт цутгадаг. Хэнтийн нуруунаас эх авсан голууд урссаар Байгал далайн их усыг бүрдүүлэн мэл­тэл­зэнэ. Цэнгэг усанд олон төрлийн загас байдаг юм байна. Нас бие гүйцсэн том тул гол өөд өгсөж байгаа харагдав. Жижиг загаснууд ч гэсэн голын мандал дээр гарч эргэн шумбах торгон агшинг энд ирсэн хүн харах боломжтой ажээ. Найман сарын сүүл­чээр энэ тайга бүхэлдээ жимсний орон болчихдог гэнэ. Газарт хэвтээд харахад л ув улаан улаалзгана, тэ­мээ­ний хорголын чинээ гүзээлзгэ­нэ хөх сувд шиг нэрс гээд л олон жимс бөнжийгөөд урга­чих­сан байдаг байна. Намар орой хуш модыг бага зэрэг доргиоход боргоцой­гоор бороо ордог гэж байгаа. 

УУЛЫН УЛААН ЦЭНД, ХУРАНДАА ИВАН СУСЛОВ ХОЁР ЭНЭ ХӨВЧИД ХАМГИЙН УДААН БАЙСАН

Ийм л баян тансаг бай­гальтай танилцаж яваа. Бас болоогүй ээ “Хөвчийн хар” ахаас элдвийг шалгаасан хэвээрээ. Түүний ярьж байгаа бүхэн сонин хачин ихтэй, амттай чихэр хүлхэж байгаа юм шиг л. Бас огт уйдахааргүй яриаг ой хөвч дундуур явах­даа сонсож явав. Энд ши­лийн сайн эрчүүд олон бай­сан гэсэн хэмээн яриа өдвөл “Би нэг хүнийг л энэ хөвчийн эзэн нь байсан” хэ­мээн бодож явдаг. Тэр хүн бол Хэнтий чигээс гарвалтай Уулын улаан Цэнд гэх сайн эр.  Мин­жийн хангай, Би бид хоёрын очдог Шарлангийн нуруу, Хатанц хавиар байсан юм билээ. Одоо болтол байрлаж байсан отог нь энэ хөвчид байгаа. Бүр модон дээр хүртэл нэг хүн багтахаар отог барьсан байдаг юм. Минжийн хангайн хөвчийн гүнд Цэндийн гацаа гэж өргөн голтой хадат өндөр байцтай ам бий. Түүнийг барих гэсэн олон хүн тэнд хүрээд л буцдаг байсан юм билээ. Хэдэн жил түүний араас Монгол Улсын төр засаг хүч хаяад ч барьж чадаагүй  юм. Энд ан хийгээд арьс үсээ хойш нь хил давуулж худалдаад оронд нь гурил, чихэр гээд зүйлс авдаг байсан нь сүүлд тогтоогдож байлаа. Уулын улаан Цэндийн отогт тухайн үед нүдний гэм байсан зүйлс дүүрэн овоолгоотой байсан байгаа юм. Тэр Оросоос тоом­сог морь худалдаж аваад түүнийгээ шүүгэлдэж дууддаг сургуультай  болгочихсон. Цэндийг яг барьдгийн да­ваан дээр аминд нь олон удаа орж байсан гэсэн. Түү­нийг хамгийн сүүлд ул­саас баахан мөнгө идсэн нутгийнх нь нэг нөхөр олж уулзсан байдаг. Тэр хүн шоронгоос оргоод Уулын улаан Цэндийн араас арав гаруй хоног яваад ядарч туйлдаад байхад нь тоомсог унаж ангийн хувцас өмссөн Цэнд ой хөвчөөс гараад ирсэн байгаа юм. Тэгснээ би таныг арав гаруй хоног дагасан. Та энд удаан тэсч чадахгүй. Тиймээс эргэж очоод ялаа эдлээд гар. Энэ хөвч тайгад явж байгаа бол мориноосоо хол унт. Бас дагуулж яваа нохойгоо үгүй хий. Буудахдаа урагш нь харуулж буудаж байгаарай. Хилтэй ойрхон байгаа гэдгээ мартаж болохгүй гэж хэлчи­хээд яваад өгсөн гэдэг. Олон жил энэ тайгад амьдарч бай­гаад анчид баавгай байна хэмээн андуурч буудаад аминд хүрсэн байдаг.  Фа­шис­тын Германд бууж өгсөн 505 дугаар армийн хориглууд Монголд төмөр зам барих ажил гүйцэтгэж байх үед ху­ран­даа Иван Суслов гэж мэргэн буудагч эр оргож бо­соод Хэнтийн ууланд бүгж, ард олны зүрхийг чичрүүлж байсан гэсэн. “Сахалт Иван” хочит Сусловыг барив­чи­ла­хаар ЗХУ-аас сайтар бэлт­гэгд­сэн чекистийн бүлэг гур­ван ч удаа ирсэн ч ихэнхийг нь энэ тайгад хядсан гэдэг” гээд л ууланд байсан сайн эрсийн талаар яриа дэлгэв.

ХОЙД ХӨРШИЙН АНЧИД ӨВӨЛ ИРЖ АН ХИЙДЭГ ГЭНЭ

Тэр Минжийн хангайн заставт жилд дөрвөн удаа очдог гэж байгаа. Зөвхөн нисдэг тэргээр очдог энэ газарт газраар ирдэг ганц хүн нь “Хөвчийн хар”. Түүний хамгаалах нутаг Минжийн хангайн хилийн шугам дээр очоод дуусдаг гэнэ. Хилийн тагнуулын албаныхан газраа мэдэхгүй хэмээн түүгээр хи­лийн шугам орчимд га­зарч­луулж явдаг юм билээ. Тэр­бээр хойд хилээр нутгаа эр­гэж явахдаа ОХУ-ын анч­дын хэд хэдэн отогтой таарч бай­сан гэнэ. Хилийн цаад талаасаа өндөрлөг биш мод багатай болохоор Оросын анчид өвлийн цагт их цас унах үеэр энэ хөвчид ирж ан хийдэг юм байна. Зундаа гурил, будаа хоол хүнсээ отогтоо бэлтгээд өвөл нь ирнэ. Өвөл ОХУ-ын иргэдийн хилээр орж ирдэг газарт Монголын хил­чид очих ямар ч боломж байх­гүй аж. Үүнийг тэд овжин ашиглаж ан хийдэг бололтой. Хил давж ирсэн ОХУ-ын иргэ­дийн отогт унаж яваа морио тэжээдэг овъёос хүртэл бай­даг гэнэ. Цай, давс архи, гурил, будаа, тамхи гээд нан­дин зүйлс тэдний отгоос гар­даг байна. Хойд хөршийн анчид сүүлийн жилүүдэд тол­гой өвтгөсөн асуудал болжээ. Тэднийг үнэндээ ан хийж байгааг  барих ямар ч боломжгүй гэдгийг “Хөвчийн хар” онцолж байсан. ОХУ-ын иргэд амьтны эд эрхтэн бэлтгэдэг газар хойд хилийн орчим болж таарлаа. Түүний хэлж буйгаар ОХУ-ын иргэд Минжийн хангайн хамаг амьтдыг буудаж байгаа асуудлыг хэд хэдэн удаа дээд албан тушаалтнуудад хэлсэн боловч одоо хүртэл ямар нэг арга хэмжээ авахгүй өдий хүрснийг хэлж байна.

Минжийн хангайн заставт зунд хил зөрчин орж ирдэг нэг хар азарга бий гэнэ. Хил болгон ногоо цухайх үеэр хоёр гурван гүү дагуулаад Монгол Улсын хил рүү орж ирдэг байна. Баригдахгүй хангал амьтан юм байх. Тэнд гүү аваачиж тавин төлийг нь авах санаатай байгаагаа “Хөвчийн хар” буюу Д.Мягмарсүрэн ах хэлсэн. Тэр хар азарга их гоёмсог, хийц сайтай гэдгийг мөн л онцолж байлаа. Ийн элдвийг хөөрөлдөж явахад намирсан зөөлөн бороо шивэрлээ. Бороон дундуур бид хоёр хамаг хувцсаа норгон газар хороосоор. Дундаа ганцхан цувтай болохоор нэг нь бороонд шалба норох нь тодорхой болов. “Хөвчийн хар” надад цуваа өгсөн юм. Тэрбээр бороонд норж байгаагаа мэдэж байгаа юм алга. Хувцаснаас нь борооны ус дуслаад байгааг анзааралгүй явсаар.  Цаг эрт бага үдийн алдад болохоор газар хороохоос өөр аргагүй. Замд бороонд норсон гөрөөс хэд хэдээрээ тааралдсаар. Ийн явсаар цаг дараагийнхаа буудаллах газар ирлээ. Тэнд нэг хоноод өглөө эрт гэртээ дэрвээд хүрчих ажээ. Бороо хэдэн өдөр орвол энэ хавьд явж болохооргүй намагтай болчихдог юм билээ.  Тэнгэр даваа хэмээх газрын агуй шиг хадны нөмөрт буудаллаа. Норсон хувцсаа тайлаад гал түлэх аргагүй болохоор хоол цай хийж идэлгүй унтахаар ярилцав. Бороо орсон хэ­вээ­рээ. Хонин нугад УИХ-ын гишүүдээс эхлээд үе үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч нар энд ирдэг гэнэ. Тэрбээр “Н.Багабанди Ерөнхийлөгч бид хоёр хамт загас барьдаг. Бүр архи дарс хувааж уугаад өдөржин голын захад өнж­сөн. Хамгаалагч нар нь надад уурлаад л байх шиг байдаг юм. Тэрийг би тоохгүй. Хамт архи ууж халамцаад элдэв янзын юм ярина. Цаадах чинь их хээгүй гүдэсхэн эр хүн гэж ойлгодог” гээд ярих. Бас том том компанийн захирлууд гэрийнх нь ойролцоо ирээд загас бариад буцдаг аж.  Битүү балар ой дундах буйд амьдрал амар тайван байх ажээ.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Ё.Отгонбаяр 230 сая төгрөг өгөхийг шаардсан авлигын хэрэг буюу Х.Цогнойжамц, А.Чинбат гэж хэн бэ?

Х.ЦОГНОЙЖАМЦ: ЯМАР НЭГЭН ТАЙЛБАР ӨГӨХ  ШААРДЛАГАГҮЙ. БОЛДОГ
ЮМ БОЛООД Л ӨНГӨРНӨ БИЗ-

 Түрүүч нь ¹ 152 (4479) дугаарт

УИХ-ын гишүүн Ё.От­гон­баяр БСШУ-ны сайд байхдаа 230 сая төг­рөгийн авлига нэхсэн дуулиант хэргийн хохи­рогч болоод буй Х.Цог­ной­жамц хэн болохыг ун­шигч танд үргэлжлүүлэн хүргэе. Тэрбээр Налай­хын унаган хүүхэд юм байна. Өөрийн төрж, өс­сөн нутагтаа сургууль барьж, бүтээн байгуулалт  хийсэн Х.Цогнойжамц улстөрчийн шантаажид орж, рекэтлүүлсэн нэгэн. Түүнийг барилга барьдаг гэхээс илүүтэйгээр ал­дарт уяач гэдгээр нь на­лайхчууд андахгүй юм билээ. Х.Цогнойжамцын хувьд Налайхын 119 дү­гээр сургуулийг барихаас өмнө хэд хэдэн барилга барьжээ. Тухайлбал, “Ти­тэм” захыг барьж ашиг­лал­тад оруулсан юм бай­на. УИХ-ын гишүүн Ё.От­гонбаярын авлигын хэр­гийг илчилсэн 119 дү­гээр сургуулийг зорилоо. Гур­ван давхар уг шар барил­га орчин үеийн стан­дар­тыг бүрэн ханга­сан сур­гууль болж чад­жээ. Шинэ сургууль гэсэн­дээ гаднах талбай, анги танхимын доторх тохи­жилт зэрэг нь арай өөр байв.

Мөн бүрэн камерын хяналт­тай аж. Энэ сургуулийг Х.Цогнойжамц барьсан гэдгийг хүн бүр андахгүй юм.

  Ё.ОТГОНБАЯР СУРГУУЛЬ БАРЬСНЫ ХАРИУД АВЛИГА НЭХДЭГ НЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ

Х.Цогнойжамцын багын найз гэх Д.Отгонбаяртай уулзлаа. Тэрбээр 119 дүгээр сургуулийн барилга баригдахаас эхлээд өнөөдрийг хүртэл тус сур­гуульд ажиллаж буй юм байна. Тэрбээр сантехникч хийдэг аж.

 Та Х.Цогнойжамц гэдэг хү­нийг хэдийнээс мэдэх вэ?

-Энэ
хүнийг эртнээс мэднэ. Бид багын найзууд. Нэгдүгээр ангиасаа эхлээд өдий хүртэл нөхөрлөж явна. Хоорондоо холбоотой ч байдаг.

Налайхын аль сургуулийг та хоёр төгссөн юм бэ?

-Налайхын  нэгдүгээр арван жилийг бид хамтдаа төгссөн. Х.Цог­нойжамц 1979 оноос хот руу шилж­сэн. Түүнээс өмнө Налайхад бай­сан хүн.

Х.Цогнойжамц ямар мэргэ­жилтэй вэ?

-Арван
жилээ төгсөөд Барилгын техникум төгс­сөн санаг­даж байна. Эхнэр нь  гадаад до­тоод явж наймаа эрхлээд сүүлдээ барилгын салбарт орсон. Анх Налайхын цэргийн барилгын ангид жолооч хийж байсан. Дараа нь  Польшоос машин оруулж ирдэг байсан. Тэд машин тэрэгний най­маа хийж байгаад барилгын ком­панитай болсон. “Тавин лан” ком­пани Х.Цогнойжамцынх. Одоо эхнэрийнх нь дүүгийн нэр дээр болсон байна лээ. Сая сургууль хүлээлгэж өгөх үеэр дүү Оюунчимэг нь ирж байсан. Тэгэхээр нь би компаниа шилжүүлж гэж ойлгосон. Хэд хэдэн газар барилга барьж ашиглалтад оруулсан хүн шүү. Барилгын компанитай болчихоод Тээврийн товчооны ардхан талд анх “Титэм” захыг барьсан. Түүнээс хойш барилгын салбарт хүч үзэх болсон. 

Өөр ямар барилга барьсан юм бол?

– Бид
найз нөхөд учраас тэр болгон ажил яриад байдаггүй. Хааяа арван жилийнхэнтэйгээ уулзах болохоор таарч хууч хөөрч амьдрал ахуйгаа ярьдаг. Миний ойлгосноор хүмүүстэй нийлж ба­рилга бариад байгаа сураг дуулд­даг л байсан. Ер нь манай Х.Цог­ной­жамц багын гүйлгээ ухаан сай­тай, хөдөлгөөнтэй хүүхэд байсан.

Найзынх нь хувьд Х.Цог­нойжамц гуайг хэр эр хүн гэж боддог вэ. Хүн чанарынх нь тухайд…?

-Манай
Х.Цогнойжамц эр хү­ний­хээ хувьд дажгүй. Дуу цөөтэй, хөдөлмөрч, найз нөхдөдөө ээлтэй нэгэн. Би энэ сургуулийн барилгын ажил эхлэхээс өмнө ерөнхий боловс­ролын 48 дугаар сургуульд ажиллаж байсан юм. Х.Цогной­жамц намайг дуудаад энэ сургуу­лийн барилгын ажлыг ерөнхийд нь хянаж бай гэж хэлсэн. Тэгээд би энд ирсэн. Барилга баригдаж эхлэхэд цахилгаанчин хийж байсан. Сур­гууль ашиглалтад орсноос хойш  сантехникч хийхийн зэрэгцээ нэг ээлжийнх нь жижүүрээр ажиллаж байна.

Хэдэн хүүхэдтэй вэ. Налай­хад үр хүүхдээс нь бий юү?

-Тэднийх
гурван хүүхэдтэй. Тэд нь том болоод  бүгд гэр бүлтэй болж тусдаа гарсан. Налайхад эхнэ­рийнх нь хамаатны ганц нэг хүмүүс л бий. Эгч нь гээд нэг эмэгтэй байдаг. 53 дугаар байранд амьдар­даг юм билээ.

Энэ сургуулийн барилгыг ер нь ямар хүмүүс барьсан бэ?

-Цэргийн
ангиас 20 гаруй цэрэг дайчилсан. Бусад нь “Тавин лан” компанийн ажилчид. Дээрээс нь  Налайхын зарим иргэдийг хөл­сөөр ажиллуулж байж энэ барилга боссон. Квадрат метрээр  нь тодор­хой үнэ тогтоогоод ажилласан хүмүүсийг цалинжуулж байсан. Х.Цогнойжамц энэ сургуулийн суурийг нь худалдаж авсан юм. Дээхнэ үед орос ах нарыг байхад баригдаж байгаад явахад нь бал­гас болсон газар. Х.Цогнойжам­цаас өмнө хоёр, гурван хүний гар дамжсан юм билээ. Хүмүүс хамаг юмыг нь хагалж, хэмхчээд балгас болгочихсон. Харин Х.Цогнойжамц зөвхөн карказ байхад нь худалдаж аваад ийм сайхан сургууль босго­сон доо.

БСШУын сайд асан Ё.От­гонбаяр бусдыг дарамталсан гэх мэдээ­лэл га­раад байгаа. Энэ талаар сурвал­жилж буй юм?

-Аан,
тэр талаар би сонссон. Аймар юм болсон шиг байна лээ. Тэр талаар надад Х.Цогнойжамц хэлээгүй л дээ. Нэг удаа “Барилга хүлээж авахгүй байна. Сургуулийн  цахилгаан, дулааныг холбосноос болж сар болгон их мөнгө төлж байна. Надаар яалгах гээд байгаа юм бол доо” гээд  уурсангуй хэлж байсан. Би бодохдоо ажилд нь жаахан саад гарч л гэж ойлгосон. Сонин хэвлэлээр яригдаж, бичиг­дээд байгаа шиг зүйл болсон гэж бодоогүй л дээ.

Ё.Отгонбаяртай Х.Цогной­жамц гуай ямар холбоотой бай­сан юм бол. Энэ талаар танд мэдэж буй зүйл бий юу?

-Тэд
хоорондоо ямар харилцаа холбоотойг мэдэхгүй. Манай хүн өөрийнхөө хөрөнгөөр сургууль бариад өгч байхад Ё.Отгонбаяр ингэж оролдох муухай. Ё.Отгон­баяр сургууль барьсны хариуд авлига нэхдэг нь юу гэсэн үг вэ. Сургууль хүлээж авах мөнгө ямар тэр хүний хармаанаас гарч байгаа биш. Улсаас гарч байгаа  биз дээ. 119 дүгээр сургууль өнгөрсөн сон­гуулиар баригдсан барилга шүү дээ. Ер нь сургууль дутмаг гээд байдаг. Тэгтэл манай холбогдох албаныхан өөрсдөө сургууль захиалж бариулчихаад дараа нь мөнгө нэхэж дарамтлан идэх гэдэг юм шиг байгаа юм. Их муухай зүйл л сонслоо.

Сургуулийг Улсын комисс хүлээж авахад яамнаас ямар хүмүүс ирсэн бэ?

-Их
олон л хүн ирсэн. Хэн нь яамных, хэн нь Улсын комиссоос, хэн нь нийслэлийн боловсролын газраас ирсэн гэдгийг би яаж мэдэх вэ дээ.

Х.Цогнойжамц гуай өөр компанитай юу?

-Байхгүй
ээ. “Тавин лан” ком­па­ниа дүүдээ шилжүүлсэн юм шиг байна лээ. Сургуулийн барилга хүлээлгэж өгөхөд дүү нь захирал гээд гарын үсэг зурж байсан.

Тэрбээр барилгын бизнес эрхлэхээс гадна морь уядаг гэх юм билээ. Хичнээн хурдны морьтой вэ?

– Морьд
нь гайгүй давхидаг шүү. Долоо, найман ажнай хүлгүүд байдаг байх.

Морио хаагуур уядаг вэ?

-Хүй
долоон худаг хавьд уях сураг гарч байсан. Энэ асуудлаас болж наадамд оролцож чадах юм уу, үгүй юу бүү мэд. Өнгөрсөн жил улсын наадамд оролцоогүй. Дан­даа хөдөө орон нутгаар явж  морь­доо уралдуулсан гэж ярьж байв.

  Х.ЦОГНОЙЖАМЦ ГЭЖ ХЭН БЭ?

Аймгийн алдарт уяач цолтой Х.Цогной­жамц нь Монголын шигш­мэл хур­дан морьдын “ИХ ХУРД” уралдаа­наас хишиг хүртсэн хий­морь­той уяач. Тэрээр 1996 оноос эхлэн хурдан хүлгүүд сойж 1998 онд Жанчив­лангийн ойд даага нь хурдалж анхны айр­гаа хүртэж бай­сан түүх­тэй. Хойтон жил нь буюу 1999 оны АХ-ын 78 жилийн ойгоор Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Ган­пүрэвийн унаган хонгор даага айргийн гуравт хурдалж, давхар уяагаар Баян­хон­гор айм­гийн Ламын гэгээний 360 жилийн ойд түрүүлсэн аж. Баянхон­горын дан­шигт даага нь түрүүлээд зогсох­гүй шүдлэн хонгор үрээгээ аман хүзүү­дүүлж, ганзага дүүрэн наад­сан бол 2004 онд Сүхбаатар айм­гийн Асгат сумын М.Ооёогийн унаган хул морь “Их хурд-III” урал­даанд айрагдаж, 2007 оны улсын их баяр наадамд айрагджээ. Хой­тон жил нь буюу 2008 онд Заамарын төвийн бүсийн даншигт хүрэн азар­гаа айргийн дөрөвт хурдлуулсан тэрээр ийнхүү улс бүсийн наадмын нэг түрүү таван айргийн эзэн бол­жээ.

Х.Цогнойжамцын гэрийг нэхэн сурвалжилж олсон боловч гэр нь эзгүй байлаа. Түүний  гар утас руу залгатал “Хил гарах гээд Замын-Үүдэд байна. Та нарт ямар нэгэн тайлбар өгөх  шаардлагагүй. Бол­дог юм болоод л өнгөрнө биз” хэмээн тэрбээр хариулсан юм.

Үргэлжлэл бий

  Г.ЯЛГУУН

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

“Ээ, яадаг шар сармагчин бэ”

Хүн бүрт хийгээд дадсан хөдөлгөөн, хэлээд заншсан үг хэллэг
гэж байдаг. Ярихдаа гараа байнга зангадаг, “болбол”, “одоо”, “ер нь тэгээд”, “эсхүүл” гээд
л сул үг хэрэглэдэг. Эсвэл өвөрмөц содон хараалын үг, гадаад хэллэг ч юм уу, нутгийн
сонин аялгатай ерөөл, магтаал хэлдэг хүмүүс ч бий. Манай нутагт “Өө, аавын гутал
аа” гэж уулга алддаг өвгөн байж билээ.

“Энэ хүүхнүүд үү” киноны нэгдлийн дарга байнга л сахлаа илж
имрэнгээ “Уул шугамандаа” гэж ирээд л ярьдаг. “Уул шугамандаа” хэмээхэд “Энэ хүүхнүүд
үү” кино шууд л сэтгэлд бууж, өнөө нэгдлийн дарга, Гомбосүрэн гуай нүдэнд үзэгддэг.

“Тусгай салаа”-ны Дэндэвийн “Ээ, улаан туг гэж” гэх уулгыг
хүмүүс санаж байгаа байх.

Магадгүй танд ч иймэрхүү үг хэллэг байдаг байж болох юм. Хэрвээ та хүнтэй уулзаад ярихаараа
үсээ илдэг ч юм уу, хөлөө зөрүүлдэг. Эсвэл яриан дундаа содон үг хэлдэг бол тэр
чинь таны нэг имиж юм. Дэлхийн алдартай хүмүүсийн сонин хачин дадал зуршил нь хүртэл
олны анхаарлыг татдаг. Тэр бүү хэл өнгөрсөн зуунуудад амьдарч байсан эрдэмтэн, хаад,
алдартай эрхмүүдийг одоо үеийнхэн нь содон төрх, сонин уулгаар нь хүртэл мэдэх нь
бий шүү.

Та хэрвээ багаасаа л “Ээ, бурхан минь”, “Тэнгэр минь”, “Тосоор
гоож” хэмээн хэлсээр өдийг хүргэсэн бол нэг их өөрчлөөд байх хэрэггүй л болов уу.

Багш маань автобусанд явж байж л дээ. Дүүрэн хүнтэй. Ахмад
хүн болохоор нэг охин суудал тавьж өгчээ. Суудалд тухалчихаад явж байтал яг хойно
нь нэг эмэгтэй утсаар ярьж байна гэнэ. Их чанга дуугаар. Бодвол чих нь хатуу бололтой.
“Ээ чаваас тэгэлгүй дээ. Жирэмсэн амьтан төрөх дөхөөд ирэхээрээ тэгдэг юм. Одоо
бушуухан хэвтүүлээд хөлийг нь өндөр юман дээр тавь. Яадаг шар сармагчин бэ, шилрээд”
гээд л ярьж гарч. Багшид маань “Ээ, яадаг шар сармагчин бэ” гэдэг үг нь нэг л дотно,
танил санагдаад “Энэ чинь хэн сэн билээ” гэж бодогджээ. Тэгээд эргээд хартал сумын
найман жилийг хамт төгссөн ангийнх нь хүүхэд Хажид байж. Тавин жил уулзаагүй байсан
андууд ингэж уулзалдаж, бөөн баяр хөөр болж, амралтын өдрүүдээр нэгнийдээ зочилж,
хамтдаа “Хужирт”-д зун бүр амардаг болсон гэсэн. Багш маань “Юм гэдэг сонин шүү.
Сураг тасарсан найзыгаа хэлдэг уулгаар нь олж авлаа” хэмээсэн юм.

Тэгэхээр магадгүй та өөрийнхөө хэлдэг уулгын үгсээ нэг их
бүдүүлэг, муухай биш бол хаяж гээх гээд байсны хэрэггүй юм. Хаях ч боломжгүй байх.
Яагаад гэвэл та ийм үг хэлдгээ ч анзаарахгүй байгаа. Тэр үг, үйл хөдлөл тань таныг
бусдад илтгэж, нэрийн хуудас тань болдог. Бас нөгөө талаар багшид минь тохиолдсон
иймэрхүү явдал хэзээ нэгэн цагт танд тохиох ч юм бил үү.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Нарийнтээлийн хөндийд цагаан тариа найгах болно

Нарийнтээл суманд цагаан будаа тариалж буй нь

ЗАМЫН УНААНД СУУН Д.ЦЭРЭНТОГТОХ АВАРГА БОЛОН УЛСЫН ХАРЦАГА Ч.ДАВААДОРЖ НАРЫН НУТАГТ ИРЛЭЭ

Дорнод аймгийн Халх гол,
Төв аймгийн Баян­чанд­маньд цагаан бу­даа­ны тариалалт
хийж эхэлсэн тухай хэдэн
жи­лийн өмнө яригдаж
бай­­сан. Гэвч төдийлөн
ам­жилт­тай болоогүй
билээ. Учир нь Японы
уур амьс­гал, чийгшилт
нь Монго­лоос тэс
өөр юм. Харин Мэргэжлийн
сумогийн 69 дэх аварга, Монгол
Ул­сын гавьяат тамирчин
М.Даваа­жаргал
“Хакухо” брэндийн цагаан будааг эх
орондоо тариална гэж байсан нь
бие­лэлээ олох цаг
ойрхон бол­жээ. “Хакухо”
цагаан будааг Өвөрхангай аймгийн
Арвай­хээр, Нарийнтээл, Хархорин,
Төгрөг сум болон Төв
аймгийн Зуун­мод хотод
тариалах тур­шил­тыг
хийж байна. Өнгөр­­сөн
жил  тус
аймагт анх удаа цагаан
будаа тариалж 700 грамм үр авсан
бөгөөд өнөө жил уг
үрээ дээрх сумдад хуваан
тариалж байгаа аж. Энэ талаар сурвалж­ла­хаар Өвөрхангай айм­гийн Нарийнтээл сумыг зорилоо. “Нарантуул” захаас Баянхонгорын фургонд чихэлдэн сууж аваад Нарийнтээл рүү хөдлөв. Оюутны зуны амралт эхэлсэн тул гэрээ­дээ зоригсод хамт зор­чигч­­дын дийлэнх бай­лаа. Бидний унаа нар жаргаж, үдшийн гялаан тохиож байх үест нийс­лэ­лийг орхилоо. Өглөө­ний на­ран Хүрэн овоон дээгүүр нэлээд өндийж байх үест Нарийнтээ­лийн замын уушийн га­зар ирэв. За­мын нөхдөө аян замдаа сайн явахыг ерөөгөөд миний бие дар­хан авар­га Дашдоржийн Цэрэн­тог­тох, улсын хар­ца­га “жижиг” Ч.Даваа­дорж на­рын олон сайхан хүчтэ­нүүд төрсөн ус ну­тагт хоцорлоо. Эрэмгий бөх­чүү­дийг өлгийдөн ав­сан Шаргын уулс, Таа­цын гол холдоо цэнхэр­лэж угт­лаа шүү.

Замын гуанзны хү­мүү­сээс цагаан будаа­ны тариалалт хаана яваг­даж буйг асуун сумын төв орлоо. Өглөөний найман цаг даруй өнгөрч нар дээр хөөрсөн байсан ч буйдхан сумын төвд хонд­­­лой­­гоо хүртэл сүүлээ өргөсөн хэдэн ноход, дээ­лээ сугалдаргалсан морь­­­­той ганц хоёр залуу­гаас өөр хүн, амьтан үзэгд­­­­сэнгүй. Төрийн ал­ба­­­ны ажил өглөө есөн цагт эхэлдэг тул захир­гаа­ных нь гадаа хүмүү­сийг ажилдаа ирэхийг хүлээлээ. Хэлхгэр ягаан дээл, бүрх малгай дух­дуул­сан хүрэн бор ца­рай­тай хижээл насны эр хоёр гараа нуруундаа үүрэн захиргааны зүг исгэрэн алхаж явна. Мань эрээс цагаан будаа тариалдаг хүний тухай асуутал Сумын жижиг, дунд үйлдвэрийн ажил­тан Д.Батцэнгэл гэж хүн бий гэлээ. Жижиг, дунд үйлдвэрийн ажилтны өрөө нь сумын захир­гаа­ны хоёр давхарт байд­гийг мэдсэн миний бие өрөөнийх нь үүдэнд хү­лээ­­хээр шийдлээ. Төд удалгүй хар цамц, хүрэн нүдний шил, шаргал цүнх барьсан дунд зэр­гийн нуруутэй эмэгтэй өнөө өрөөг чинь онгойл­гон орлоо шүү. Би ч араас нь орж хэрэг зори­гоо дуулгатал Нарийн­тээл суманд цагаан бу­даа тарьж эхэлж буй Д.Батцэнгэл байсан юм.

Уржнан жил анх Өвөр­­­хангай аймгаас хоёр хүн Япон улсын Хоккайдо мужийн Таки­ка­ва хотод очиж цагаан будаа хэрхэн тариа­лах тухай сургал­тад хамрагд­сан бол нод­нин тус айм­гийн ХХААЖДҮ-ийн газ­рын ХАА-н мэргэжилтэн Д.Пагма, Д.Батцэнгэл нар зургаан сарын турш сур­гал­тад хамрагдаад ир­жээ. Ноднин анх удаа Өвөрхангай аймаг ца­гаан будаа тариалсан бол өнөө жил аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиг­лэлд Арвайхээр, Нарийн­­­тээл, Хархорин, Төгрөг суманд цагаан будаа тариалах, туршин тарих ажил эхэлжээ. Харин өнөө жил хоёр дахь удаагаа ийнхүү тарьж байгаа аж. Ноднин жилийн тариалалт бо­лом­­­жийн байсан тул нутагш­­сан үрээрээ өм­нөх жилийнхээс ахиу хэм­жээний газар тарьж байгаа гэлээ. Өнөө жил анх удаа Төв аймгийн Зуунмод хотноо Хакухо аваргын талбайд цагаан будаа тариалсан гэнэ. Нарийнтээл сумын хувьд хүлэмжинд, ил талбайд гэсэн хоёр янзын тариа­лалт хийхээр төлөвлө­жээ. Хүлэмжинд тариал­сан ургацаа бүрэн авна гэдэгтээ итгэлтэй байгаа юм билээ.

Д.Батцэнгэл дөрөв­дүгээр сард бэлтгэсэн 8000 ширхэг  цагаан бу­даа­ны үрслэгээнээс тав­ду­­гаар сарын сүүлээр 7000 ширхгийг дөрвөн сумын 210 м2 талбайд ил болон хүлэмжинд та­риал­­жээ. Мөн цагаан будаа тариа­лагч­даас  Төв аймагт  Хакухо  М.Даваажар­га­лын тал­байд 1000 шир­хэг үрсэл­гээг 40 м2 тал­байд  суул­гасан байна.

 

ЦАГААН БУДАА ТАРИХАД БОРДОО ХЭРЭГГҮЙ, ХАРИН УС ХЭРЭГТЭЙ АЖ

Д.Батцэнгэлийн хувьд агрономич мэргэжилтэй бөгөөд 28 жил мэргэж­лийн­хээ дагуу ажилла­сан нэгэн байв. Тэрээр 2008 онд улсын аварга тариаланч болж байсан аж. Түүний нөхөр Р.Өл­зий­бат мөн л агрономич мэргэжилтэй нэгэн. Мөн л 2005 онд улсын аварга тариаланч болж байсан гэнэ. Д.Батцэнгэл агроно­мич цагаан будааны үр­сэл­гээ тарьсан талбай руугаа хамт явахаар бол­сон юм. Тариан талбай нь сумынхаа төвөөс хол­гүй ажээ. Нарийнтээл сумыг дайран өнгөрөх шинэхэн засмал замын урдхан талд байлаа. Тэд­ний хувьд энэ жил хүлэм­ж­ийнхээ 10 сот газар цагаан будаа тарь­жээ. Цагаан будааны хувьд үрийг нь нэг дор гурван ширхгийг хийж тарьдаг гэлээ. Эдгээр гурван үр ургасан нөх­цөлд нэг багц болсноор нэг ширхэг үрсэл­­гээ бол­дог байна. Цагаан будааг анх удаа гадаа тарих гэж байгаа болохоор өнөө жил хуу­чин тариалдаг хүнсний ногоогоо тариа­лаа­гүй аж. Ганцхан ца­гаан бу­даан­даа анхаар­лаа хан­дуу­лахаар бол­жээ.

Цагаан будааны үр­сэл­гээ нь улаан буудай­наас ялгарах зүйлгүй ажээ. Намар хураалтын үед ч мөн адил улаан буудайнаас ялгарахгүй харагддаг гэсэн юм. 20 гаруй см ургасан үрсэл­гээгээ өнөөдөр гадаа талбайд тарьж үзнэ гэж байв. Өнгөрөгч жилийн хувьд хүлэмжиндээ л ганцхан тарьсан бөгөөд энэ жилээс гадаа тал­байд үрсэлгээ шилжүүлж суулгаж үзэх гэнэ. Р.Өлзий­­бат тармуур барин цагаан будааны үрсэл­гээгээ суулгах тал­бай­гаа тэгшилж, хайрцаг бэлтгэлээ. Хагас цаг ор­чим талбайгаа бэлтгэн усалгааны шуу­дуу­гаар хайрцаг руугаа ус оруу­лав. Цагаан будаа тариа­лахад ус хэрэгтэй байдаг тул тухайн газрыг нэв­шир­тэл услах ёстой гэлээ. 30 гаруй см өндөр хашлага бүхий хайрцаг­ны талаас дээгүүр ша­хуу ус хийгээтхэв. Уг усыг шингэх төдийд тариа­лал­таа эхлэхээр боллоо. Нарийнтээл суманд л ургачихвал Монголын хаана ч цагаан будаа ургах учиртай хэмээн гартаа барьсан хүрзээр шороо суллангаа тэд хэлц­гээж байлаа. Учир нь Нарийнтээл сумын хувьд  говь, хангай хосол­сон хээрийн бүс тул сэрүүв­­тэр байдаг аж. Энэ сэрүүн нөхцөлд үрсэл­гээ­гээ дасгаад намар үрээ гаргаад авчихбал ирэх жил шууд гадаа та­риа­­­лах боломжтой. Мон­голд тариалж буй цагаан будааны үр нь Хоккайдо мужид гарган авсан гэнэ. Япон улсын хувьд үрийн бодлого чан­га тул гадаг­шаа үр гарга­на гэсэн ойлголт байдаг­гүй. Харин Японоос нод­нин ирсэн сургагч багш нар ганц атга хүрэхтэй үгүй­тэй үр өгцгөөжээ. Ингэж л өмнөх олон бүтэл­гүй туршилтуудыг даван Мон­го­лын хөр­сөнд анх удаа цагаан будаа ам­жилт­тай тариа­лах нөх­цөл бий болсон ажгуу.

Хоккайдо муж нь цаг агаарын хувьд Монгол­той төстэй бөгөөд манай­хыг бодоход хур бороо элбэгтэй байдгаараа л өөр юм байна. Д.Батцэн­гэл Японд байсан үеийн­хээ тухай ярьж өглөө. Тэрээр наран улсад очоод Токиод нэг сар хэлний бэлтгэлд суухдаа яаж зургаан сар болно доо хэмээн шантрангуй байсан ч Хоккайдо му­жийн Такикава хот нь манай оронтой төстэй тул төвөггүй дассан аж. Уг хотод цагаан будааны тариалан нь л Монго­лоос илүү болохоос ма­найд тарьдаг бүхий л хүнсний ногоог тарьдаг байсан гэв. Цаг агаарын хувьд төстэй тул техноло­гийн хувьд тийм ч хэцүү бай­гаа­гүй тухай ярьж байх хооронд Р.Өлзий­бат агрономич 600 шир­хэг үрсэлгээг газрын хөрс­­нөөс нь суллан шил­жүү­лэн суулгахад бэлэн болжээ. Тэдний хүлэм­жинд хэд хэдэн төрлийн бордоо харагдав. Со­ниуч зандаа хөтлөгдсөн би “Цагаан будаанд аль бордоо нь хамгийн сайн бэ” гэхэд “Цагаан бу­даанд бордоо хэрэггүй ээ. Харин эмзэг үеийг нь өнгөртөл ус байнга хийж байх хэрэгтэй” гэв. Сумын хоёр агрономч гадаа үрсэл­­гээгээр тарьсан будаа ургахгүй бол ядаж дараа жил ахин тарих үрээ авч үлдье” хэмээн хүлэмжиндээ 2*2 хэмжээ­тэй хайрцаганд хэдэн ширхэг үрсэлгээ суул­гаат­хав. Хайрцагныхаа дотор талын ирмэгийг дагуулан газрын хөрсөн доогуур гялгар уутны үзүүрийг оруулжээ. Учир нь гадагшаа чийг алдах нь бага тул цаашид ингэж хийх хэрэгтэй хэмээн япон багш нь заагаад буцжээ.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Ё.Отгонбаярын 230 сая төгрөг өгөхийг шаардсан авлигын хэрэг буюу Х.Цогнойжамц, А.Чинбат гэж хэн бэ?

УИХ-ын гишүүн Ё.От­гон­баярын бусдаас ав­лига ава­хыг завдсан гэх хэрэгт хол­богдуулан хэд хэдэн хүнийг шалгаж буй билээ. Тэрбээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд байхдаа А.Чин­бат нарыг явуулж Х.Цогной­жамц гэдэг хүнийг зодуулж, дээрэмдүүлэн авлига өг хэ­мээн шаардсан гэдэг. Х.Цог­ной­жамц харин 2013 оны гуравдугаар сарын 20-ны өдөр энэ талаараа Улсын мөрдөн байцаах газарт  гом­дол мэдүүлсэн аж. Эл гомд­лын мөрөөр мөрдөн байцааг­чид  мөрдөлт явуулахад түү­ний эхнэрийн нэр дээрх дан­санд олон сая төгрөг, ам.дол­лар орж гарсан баримт байс­ныг хууль хяналтынхан илрүүл­сэн хэмээн мэдээлдэг.

Энэ явдлаас болж
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонго
мөн­гө угаасан хэрэгт
хол­бог­доод буй.
Их мөнгөний дуулианы хэрэгт сэжиглэгдсэн түүнийг
нөхөр нь “илчилсэн” гэх.
Ё.Отгонбаяр бусдаас
авлига нэхэн дарамталж, нэгэн
банк­ны дансны дугаар
руу  хүссэн
мөнгийг нь хийхийг шаардсан
байдаг. Тэрхүү дансны дугаар
эхнэрийнх нь болж, О.Эр­дэнэ­солонгын
нэр дээрх 26 данс ил болсон
юм. Энэ хэр­гийн
эргэн тойронд тэр үед
болон одоо чухам юу
болсон талаар манай сонин
“Эх сур­валжийн мэдээллийн
мөрөөр үнэнийг хайсан нь”
буландаа нэхэн сурвалжиллаа. Бусдад
дарамтлуулж, дээрэмдүүлсэн Х.Цогнойжамц, 
Ё.Отгон­баярын өмнөөс
уг бизнес­мэ­нийг
дарамталсан А.Чинбат гэж
хэн бэ гэдгийг хүргэхээс
өмнө өнгөрсөн гуравдугаар сард юу болсныг
сийрүүлье.

АВЛИГА  НЭХЭХ ЭХ ҮҮСВЭРИЙГ  ШААРДСАН 119 ДҮГЭЭР СУР­ГУУЛЬ

МАН-ыг Засгийн эрх барьж байх үед УИХ-ын ги­шүүн Ё.Отгонбаяр Боловс­рол, соёл шинжлэх ухааны сайд байв.  Нэг үгээр хэлбэл 2008-2012 он юм. Тэр үед Налайхад  дунд сургуулийн хэрэгцээ байсан үе. Улс орны хэмжээнд ч сургууль барих асуудалд анхаарч байв. Х.Цог­­ной­жамц бизнесмэн хүний хувиар хуучин оросуу­дын бариад орхиод явсан барилгыг худалдаж авав. Ба­рилгын суурь хана нь босчих­сон ч тоногдсон энэ газар орон сууц барилаа гэхэд тө­дий­лөн налайхчууд аваад байхгүй. Иймд  сургууль барь­чихвал  борлуулна гэж зовох­гүй, улсад хүлээлгээд өгчихнө. Боловсрол соёл, шинжлэх ухааны удирдлагуудтай ч ярьсан болох юм байна” хэ­мээн  шийджээ. Х.Цогной­жамц “Тавин лан” хэмээх ба­рил­гын компанитай тул өөрийн төрөлх Налайх дүү­рэг­тээ ерөнхий боловсролын сургууль барьж ашиглалтад оруулахдаа урамтай байжээ. Тус компани өөрийн хөрөн­гөөр  сургуулиа барьж босгов. Гэтэл Боловсрол соёл, шинж­лэх ухааны  яамны хариуцсан мэргэжилтэн нь тоймтой  ха­риу өгөхгүй байж. Нэг үгээр хэлбэл сургуулийн асуудлыг  тус яамны зүгээс  Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Наранцогт “Сайдтай уулз. Би мэдэхгүй” хэмээсэн гэнэ.  Нэг үгээр хэлбэл Ё.Отгон­­баяр яамны  санхүү болон хөрөнгө оруулалтын асууд­лыг төрийн нарийн бич­гийн дарга нартайгаа бус зөвхөн С.Наранцогттой ярил­цаад шийддэг байсан гэж тухайн яаманд хамт ажиллаж байсан газрын дарга нар нь  хэлж байсан юм. Ашиглалтад орсон хэдий ч сургуулийг хүлээж авахгүй удсанаас  ду­лаан, ца­хил­гааных нь мөнгө болох урсгал зардлыг “Тавин лан” компани төлөх болжээ. Иймд Х.Цогнойжамц  хууль дүрмээр нь яваад сургуулиа хүлээлгэж өгөх гэсэн боловч Улсын ко­мисс  хүлээж аваагүй байна.

 

САЙДЫН НАЙЗ ХӨНДЛӨНГӨӨС ОРЖ ИРЭВ

“Тавин
лан” компанийн захирал Х.Цогнойжамч ба­рил­гаа хүлээлгэж өгөх талаар нэлээд хөөцөлдсөн боловч хоёр жил гаран болжээ. Тэгтэл А.Чинбат гэх нөхөр гарч  ирсэн байна.  Тэрээр утасдан Х.Цог­нойжамцтай уулзахыг хүсч буйгаа илэрхийлж  нэгэн бол­зол тавьсан гэнэ. Тэрбээр “Барилгыг чинь Улсын ко­мисст хүлээлгэж өгөхөд хө­шүү­рэг нь би болъё. Би Ё.Отгонбаяр сайдыг сайн та­нина” хэмээсэн гэдэг. Сарын дараа өнөө А.Чинбат гэдэг хүн Х.Цогнойжамцад “Би сайдтай уулзлаа. Барилгыг чинь хү­лээж авах боллоо.  Хариуд нь улсаас авах мөнгөнийхөө тодорхой хувийг өг” гэж хэл­сэн юм байх. Х.Цогной­жамц хариуд нь “Бариад ашиг­лалтад аваа­гүйн улмаас  сур­гуулийн ду­лаан, цахилгаанд багагүй мөнгө гарч байна. Сард 7-8 сая төгрөг төлөх хэцүү байна. Энэ барилгаас ашиг гэж гарахгүй нь. Сул
зардалд мөнгө яваад байна” гэжээ.  Хэдэн сарын дараа Х.Цог­нойжамцыг Ё.От­гон­баяртай уулзуулах ажлыг А.Чинбат зохион байгуулсан байна. Тэд Төрийн ордны ойролцоох ресторанд хамт хооллон сур­гуулийн асууд­лаар ярьжээ. (Тэдний уулзсан газар мөр­дөн байцаалтын нууцтай хол­боотой учир нэ­рийг нь бич­сэнгүй). Энэ үеэр Ё.Отгонбаяр “Хэлсэн мөнгийг хурдхан шил­­­жүүлбэл барил­гын асууд­лыг дор нь шийдэж бол­но” гэж хэлсэн гэнэ. Үүнийг  Ё.Отгон­баярын ойрын эх сур­валж мэдээлж буй юм.  УИХ-ын сонгууль ч өнгөрч тус яамны сайд нь  солигдсон байна. “Тавин лан” ком­па­нийн Налайх дүүрэгт барьсан сургуулийг Улсын комисс өнгөрсөн хоёрдугаар сард хүлээн авчээ. Х.Цогнойжамц ч барилгаа улсад өгч, зардал болох 4.7 тэрбум төгрөгөө авч чадсан байна. Түүнийг мөн­гөө авсныг мэдсэн  Ё.Отгон­баяр А .Чинбатаар дамжуулан дарамтлах болжээ. Нэгэнт улс авах ёстой юмаа авч, Х.Цог­нойжамц ч өөрийн хөрөнгөө улсаас авч чадсан болохоор Ё.Отгонбаярт авлига өгөхийг хүссэнгүй.

 

ХҮССЭН МӨНГИЙГ НЬ ӨГӨӨГҮЙНХЭЭ ТӨЛӨӨ ЭНХТАЙВАНЫ ГҮҮРЭН ДЭЭР ХАЛДЛАГАД ӨРТӨВ

Х.Цогнойжамцыг өдөр, шөнөгүй гар утсаар А.Чинбат дарамтлах болсон аж. “Хэлсэн ёсоороо 230 сая төг­рөг өгөхгүй бол ална шүү”, “Нөгөө мөнгөө энэ данс руу шилжүүл”.”Компанийг чинь шалгалтанд оруулна. “Но” гарч л тараа”, “Хаа таарсан  газраас чинь барина шүү” гэхчилэн мессэжүүд түүний утаснаас тасрахаа байж. Ё.От­гонбаяр ч  нэг бус удаа утас цохих болсон гэнэ. 

Тэд­ний сүрдүүлгэнд автсан Х.Цог­нойжамц “Тавин лан” компаниа эхнэрийнхээ дүү Оюунчимэгт шилжүүлсэн бай­на. Тэрбээр хэл амтай иймэр­хүү ажлаас хөндийрч  морь уяад тааваараа явахыг шийд­сэн нь тэр гэнэ. Гэтэл нэг өдөр А.Чинбат “Яаманд бай­раа хү­лээлгэж өгөхдөө компа­ниа өөр хү­ний нэр дээр болгосныг мэдсэн шүү”, “Улсаас авсан нөгөө мөнгөө данс руу хий” хэмээн дахин занах болсон байна.  Өнгөр­сөн гуравдугаар сард Х.Цог­ной­жамцыг Энх­тай­ваны гүү­рэн дээгүүр “Ланд 200” мар­кийн автома­шин­тайгаа явж байтал  хэсэг булиа залуус машиныг нь зог­соо­жээ. “Тэгээд нэг залуу нь “Мөнгө дансанд хийхгүй, хаа хол зугтана гэж худлаа яриад яваад байгаа юм. Халхын хавтгайгаас хаа хүрнэ гэж бодоов” хэмээн заамдаад авахад Ё.Отгонбаярын явуул­сан хүмүүс байна гэж мэдсэн аж.

 Булиа залуус машинд нь  дайран орж ирэн Х.Цогной­жамцын хоолойг нь боожээ. Х.Цогнойжамц амь тэмцэн аврал эрсээр тэдний гараас арайхийн мултарч маши­наа­саа буун ум хумгүй зугтжээ. Зам дээр машинаа тэр чигт нь орхиод явсан гэнэ. Харин да­рамтлагч залуус машиныг нь унаад яваад өгчээ. Х.Цогной­жамц цагдаа­гийн газарт ирж, өөрт то­хиолд­сон явдлаа ярин гомдол гаргажээ. Тэрээр “Их хэм­жээний авлига нэхсэн эт­гээд намайг алахыг санаар­хаж, миний машиныг дээрэм­дээд зугтчихлаа” гэсэн аж. Ингээд хэргийн мөрөөр цаг­даа нар машиныг эрэн хай­жээ. Тэр шөнө Х.Цогной­жам­цын “Ланд 200” маркийн ав­то­ма­шин Хил хамгаалахын ерөн­хий газрын ойрол­цоо­гоос олдсон байна.

Цагдаа нар хэргийн учгийг тайлахад “Ё.Отгонбаярын  найз А.Чинбат хэсэг залуус­тай мөнгө нэхэн дарамталсан нь” тогтоогджээ. Улмаар хэр­гийг шалгах явцад БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр хүн явуулж дарамтлуулсан нь баримтаар нотлогдсон гэнэ. Мөрдөн байцаалтын явцад “А.Чинбат 230  сая төгрөгийн авлига нэхэмжилж, Х.Цогной­жамцыг дарамтлан занал­хийлсэн” гэдгээ хүлээж мэ­дүүлэг өгсөн байна. Түүнийг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулан бай­гаа юм.

А.Чинбат нь Ё.Отгон­баярын багын найз. Нэг нутаг усанд төрж өссөн, тэд багаа­саа нөхөрлөсөн гэдгийг  ту­хайн үед ажиллаж байсан яамныхан ч андахгүй болжээ. Тэрээр Ё.Отгон­баярын ойр зуурын бүхий л ажлыг зохи­цуулдаг найд­вартай хүн нь гэнэ. Тиймээс А.Чинбат Х.Цогной­жамцаас авлига нэхэх­дээ Ё.Отгон­баярыг тө­лөөлж, зуучилж байсан хэ­мээ­дэг.

Г.ЯЛГУУН

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Стратегид долоон ордыг нэмчихвэл хөрөнгө оруулагчид үргэнэ

Гадаадын хөрөнгө оруулалт энэ
оны эхний улирлын байдлаар 30 гаруй хувиар унасан гэсэн статистик бий.  Хөрөнгө оруулагчдын эргэлзээ, хүлээлт тайлагдаагүй
учраас энэ тоо зургадугаар сарын төгсгөлөөр хэд болж өсөхийг таах аргагүй. Магадгүй
40 хувь гарч мэдэх юм. Энэ тоо өсөх, буурахыг шийдэх нэг асуудлыг УИХ удахгүй
хэлэлцэх гэж байна. Засгийн газар стратегийн ордод долоон ордыг нэмэх саналыг
хууль тогтоогчдод хүргүүлээд бараг гурван долоо хоног өнгөрсөн.  Энэ долоо хоногт УИХ-ын Эдийн засгийн байнгын
хорооны ажлын хэсэг нэр бүхий долоон ордыг стратегид оруулах эсэх асуудлаар хуралдахаар
төлөвлөжээ. Энэ хурлаар за, үгүйн аль нэгийг тохирох эхний шийд гарна. Ажлын
хэсгийн хуралдааны дараа байнгын хороо хуралдана. Байнгын хорооны дараа УИХ-ын
хэлэлцүүлэг гээд эцсийн шийд гарна.

 Нүүрс, алт, газрын ховор элементийн нэр заасан
долоон ордын нэлээд нь гадаадын хөрөнгө оруулалттай. Гацууртын алтны орд дээр
гэхэд л гадаадын хөрөнгө оруулалттай “Сентерра гоулд” ажиллаж байх жишээтэй. Газрын
ховор элементийн нэр заасан гурван ордод гэхэд Хонгконг, Япон, Солонгос,
Америкийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийж багагүй мөнгө зарсан байдаг. Ховдын
Хөшөөтийн орд дээр Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компани хэдэн зуун
тэрбумаар нь хөрөнгө оруулсан. Тэгэхээр Монгол Улсын Их Хурал гадаадын бизнесмэнүүдийн
мөнгөө зарсан  ордуудыг стратегид оруулах
шийд гаргавал   Монголд хэрэгжих том төслүүдэд хөрөнгө оруулах
гэж байсан хүмүүс саналаасаа шууд татгалзаж, халаасан дахь мөнгөө атгаатай
чигтээ гараад явчихна.

Үр дүнд нь гадаадын хөрөнгө
оруулалт буурна.  Засгийн газарт
стратегид нэмсэн ордууд дээр гадныхны оруулсан хөрөнгийг өчнөөн тэрбумаар нь буцааж
төлөх ачаа нэмнэ. Мэдэлдээ авлаа гээд зардал шаардсан уул уурхайн том
төслүүдийг төр дангаараа ашиглаад явж хүчрэхгүй. Гадаадын хөрөнгө оруулалт
буурах хэрээр эдийн засаг хумигдаж, хоёр оронтой тоогоор төсөөлөгдөж байгаа
эдийн засаг ганц руу ч орж мэдэх юм. Тэгэхээр Монголын төр хувийн хөрөнгө
оруулалтад яаж ханддагаа энэ долоон ордоор харуулах нь. Хөрөнгө оруулагчид  стратегийн ордод долоон ордыг нэмэх парламентын
хэлэлцүүлэг яаж өрнөхийг хүлээж байгаа.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Хүртээлтэй эр

Хүмүүсийн сайн мэддэг байж болох нэгэн эрхмийг энэ удаагийн “Өдрийн зочин” буландаа урилаа. Монгол Улсын эрчим хүч, урлаг соёл, яруу найраг, дуу хөгжим, спортын салбар болоод  жороо морь сонирхогчдоор хүрээллээ тэлсэн түүнийг Е.Амаржаргал гэдэг.

Одоогооос тавь гаруй жилийн тэртээ 1959 онд Ховд аймгийн Булган суманд ажилчин Егнэнгийн гэрт шинэ хүн мэндэлсэн нь өнөө­дөр Торгууд зоныхоо төлөө, Мон­го­лын эрчим хүчний салбарт бага­гүй хувь нэмэр оруулсан Е.Амар­жаргал байв. Тэрээр бага насаа бусдын л адил эцэг эхийн гар дээр өнгөрөөж 1977 онд сумынхаа сургуулийг дүүргэснээр олон хө­лийн газарт анхны алхмаа хийсэн байдаг. Бага, дунд, ахлах сургуу­лийг дүүргэхдээ 10 жилийн турш ангийн дарга хийж, нийгмийн идэвх  сайтай, онц сурлагатан байсан түүнд ЗХУ-д суралцах эрхийн бичиг хялбархан олдсон нь мэдээж. Ийн төрийн зардлаар ЗХУ-д суралцахаар Ленинград хотод хөл тавьжээ. Сургуульд суралцах бэлтгэлийг хангасаар байтал бараг хагас жилийг ардаа орхисон бай­на. Гэтэл нэг өдөр сургуулийн захиргаан дээр дуудагдаж, бөөн асуудал үүссэн юм байх. Учир нь эрчим хүчний инженерээр сурга­хаар томилолт өгөхдөө буруу орчуул­га хийснээс улбаалан гене­ратор үйлдвэрлэлийн анги руу явуулж орхисон байж. Ийн хагас жилийг алдсаны эцэст Уралын политехникийн их сургуулийн Эр­чим хүчний инженерийн ангид хуваарилагдан очсон байгаа юм.

Эндээ 1983 он гартал суралцаж сургуулийнхаа урлаг, спортын тэргүүний сурагч, улаан дипломтон болсон түүхтэй. Урлаг, сурлага, спортоор гялалзахаас гад­на Уралын политехникийн их сургуу­лиас амьдра­лынхаа ханийг сонгож хоёр хүүх­дийн зулай үнэрлэсэн сүйхээтэй нэгэн гэдгийг хамт олон нь хүүр­нэдэг. Ийн эхнэрээ сонгож, амьд­ралаа төвхнүүлсэн тэрээр 1983 онд эх орондоо ажиллахаар ирж тухайн үеийн Эрчим хүчний яамны үүдийг хэд хоног сахижээ. Түүнтэй хамгийн анх уулзсан бүдүүн дарга “Нэг бол Ховд эсвэл Дорнод руу яв. Улс чамайг хаана ажиллуулахаа мэднэ” хэмээн хатуурхаж байж. Хэдийгээр хотод, эхнэр, хүүхдийн­хээ дэргэд байхыг хүсч байсан ч даргын тушаалаар Ховд аймагт ажиллах томилолтоо авахаар яаман дээр иртэл нүдний шил зүүсэн эрхэм энэ нөхрийг над дээр хуваарилчих гэсэн нь түүний ажлын гараа болж Улаанбаатар хотод үлдэх хүсэл нь биелсэн байна. Тодруулбал, Улаанбаатар цахил­гаан түгээх сүлжээ компа­нийн дарга Хадбаатар Уралын политех­ни­кийн их сургуульд суралц­сан учраас түүнийг дэргэдээ ажиллуу­ла­хаар болжээ. Ингээд мэргэжил­тэн Буд, Дорж нартай уулзаж ажлын­хаа местийг хүлээн авахад тэд мөн л өөрийнх нь дүүргэсэн сургуульд суралцаж төгссөн байж таарчээ. Энэ цагаас хойш нэг сургуулийг дүүргэсэн дөрөв, дарга, цэрэг, зөвлөхийн местээр гялалз­тал ажилласан гэж байгаа. Төд удалгүй 1989 он болж 1993 он хүртэл Улаанбаатар хот цахилгаа­ны хомсдолд орж дөрвөн жилийг үдсэн байдаг. Цахилгаан, дулааны хомсдолд орсон он жи­лүүд үнэхээр хүнд байсан бөгөөд Улаанбаатар хотыг хөлдөөчихгүйн тулд, иргэ­дийг харанхуй, тоггүй суулгахгүйн тулд Е.Амаржаргал бүхий л боломж бололцоо, ур чадвараа дайчлан ажилласан байдаг. Нэг үгээр хэл­бэл тухайн жилүүдэд тог тасрах, цахилгаан ирэх, паар хөлдөх, халуун ус ирэх бүрийн цаана Е.Амаржаргал ажил­лаж байсан гэсэн үг. Үүгээрээ тэр гавьяатай. Бас түүнийг Монголд гар утас барь­сан анхдагчдын нэг гэж хэлж болно. Дээрх бүх ажлыг зохицуула­хын тулд ажилтнууд­тайгаа хурдан шуурхай холбогдох шаардлага гарна. Дөнгөж нэвтэрч байсан үүрэн холбоог тэд ашигла­сан нь Е.Амаржаргалыг гар утас барьсан анхны хүн гэж хэлэгдэхэд хүрсэн түүхтэй.

Ийн хатуу жилүүдийн ард гарч Амаржаргал ч албан ажлаа ганза­гын наймаагаар сольсон байдаг. Тэр үеийн жишиг болсон ажлыг харин ч нэг дадамгай хийж Бээжин­гээс ОХУ руу транзит тээвэрлэлт хийж хүний хэрэглэдэг юу л байна түүнийг наймаалцаж эхэлсэн бай­даг. Тэрээр наймаа хийхдээ бусдын адил ганцаараа гахай үүрэлгүй бүлэг болон ажиллаж олон хүнийг эдийн засгийн хүнд үед хөл алда­хаас нь аварсан байдгийг тухайн үеэс өнөөдрийг хүртэл нөхөрлөсөн андууд нь дурсдаг юм билээ. Зах зээлийн хүнд үе шувтарч ганза­гын наймаачид ч хойш сууж эхлэ­хэд тэрээр Солонгос улсыг зорьж эх орондоо шар айргийг нэвтрүүлэх ажилд гар бие оролцжээ. Арваад жил хятад спиртэнд нүдүүлсэн монгол­чууд солонгос шар айргийг нэвт­рүүлс­нээр согтуурлаас бага зэрэг ангижирч байсныг хүмүүс мартаа­гүй биз ээ. Тэгвэл бас л ард нь Е.Амаржаргал байсан байгаа юм.

Харин 13 жилийн өмнөөс “Эрчим сүлжээ” компанийн гүйцэт­гэх захирлаар томилогдсоноор өнөөдрийг хүртэл ажиллаж Монго­лын эрчим хүчний салбарыг шинэч­­­лэх ажилд гар бие оролцож явна. Дээр хэлсэнчлэн шүлэг тэрэлж, 10 гаруй дуутай болсон юм байна. Мөн “Андууд” цомгоо гарга­жээ. Түүнийг андууд нь “Хүр­тээл­тэй эр” хэмээн нэрийднэ.  Учир нь тэрээр Тен­нисч­­дийн холбооны хүндэт гишүүн, Жороо морины холбооны хүндэт гишүүнээс гадна яруу найрагч, дуучин, хөгжмийн зохиолч олон найзтай. Түүнчлэн эрчим хүчний салбарын­хан, хамт ганзага үүрч асан, өнөөдрийн бизнес­мэнүүд, уулын спортынхон гээд олон найз нь Амаржаргалаар хол­бог­дон сайхан нөхөрлөцгөө­сөөр өнөөд­рийг хүр­чээ.

Шүлэг найраг, дуу зохиолд дурлах болсон нь учиртай. 2001 онд нутагтаа очихдоо өнөөдрийн ДБЭТ-ийн дуучин Амаржаргалтай танилцаж нутгийн дүүдээ дэмжиж тусалсаар  урлаг руу хөл алджээ.  Түүний дараа­гийн хүсэл нь Торгууд ястны их нүүдлийн тухай шүлэг­лэсэн роман бичих. Энэ ажлаа ч эхлүүлсэн. Торгууд зон, цаг төрийн байдлаас улбаалан 1610 оноос 1771 он хүртэл Ижил мөрөн рүү нүүдэллэс­ний алдаа оноо, эмгэнэл харуус­лыг тэрээр шүлэглэн 300 орчим хуудастай ном эмхэтгэж байна.

Л.МӨНХТӨР 

Categories
редакцийн-нийтлэл

Хилийн чинадад байгаа монголчууд түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчөө сонгох эрхээ эдэллээ

Гадаадад суугаа мон­гол­­чууд анх удаа Ерөнхий­лөгчөө сонгох эрхээ эдэлж байгаа билээ. Манай тус­гай сурвалж­лагч Э.Энэрэл БНСУд амьдарч байгаа монголчууд Ерөнхийлөгчөө сонгох саналаа өгсөн та­лаарх мэдээллийг ирүүл­сэн. Энэ удаад тэрбээр БНХАУын Бээжин хотоос мэдээ ирүүллээ.

Солонгостой
харь­цуула­хад БНХАУ-д байнга оршин суудаг монголчуудын тоо цөөн. БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Хонконг, Эрээн хотуудад санал авах салбар хороод ажиллаж өнгөрсөн баасан гаригаас санал авч эхэлсэн юм. Бээжингийн хувьд санал өгөхөөр 293 хүн бүртгүүлжээ. Бээжин хот дахь санал авах долдугаар салбар хороонд өнгөрсөн баасан гаригт анх саналаа өгсөн хүн нь Кон­сулын хэлтсийн дарга Ц.Буян­бадрах байлаа. Тэр­бээр Эл­чин сайдын яамны хамгийн ахмад ажилтан 
юм байна. Бээжинд амьдарч байгаа иргэ­дийн олонхи нь оюут­нууд. Албан бус тоогоор тус хотод мянга орчим оюутан байдаг гэх. Их, дээд сургуу­лиудын шалгалт давхацсан учраас оюутнуудын оролцоо хангалтгүй байгаа бололтой.

Мөн Бээжин хот улам бүр тэлж байгаатай хол­боотой­гоор их, дээд сур­гуулиуд нь хотын төвөөс алслагдмал юм. Гэхдээ Монголын Элчин сайдын яамнаас автобус гаргаж, оюутнуудыг зөөж бай­сан. Уржигдар гэхэд Элчин сайдын яамны автобу­саар Бээжингийн Зам тээврийн их сургуулийн 20 гаруй оюутан ирж саналаа өгсөн юм. Мөн шалгалтаа өгөөд нэгдсэн унаанд сууж амжаагүй оюут­нууд өөрсдөө ний­тийн тээв­рээр ирж сана­лаа өгч байгаа нь харагд­сан. Бээжин дэх Монго­лын оюутны холбоо­ны­хон оюутнуудыг санал өгүү­­лэхэд Элчин сайдын яам­тайгаа хамтран ажил­­лаж байгаа юм байна.

Үүнээс гадна Бээ­жинд Монголын томоо­хон ком­паниу­дын төлөө­лөгчийн газар ажилладаг онцлогтой. Тухайлбал, МИАТ, “Улаан­баатар төмөр зам”, “Эрдэнэт” үйлдвэр болон 
“МАК”,  “Алтан тариа” компани, 
Голомт банк­ны төлөөлөг­чийн газрын ажилт­нууд хариуцлагатай­гаар сана­лаа өгч байлаа. “Эрдэ­нэт” үйлдвэрийн Бээ­жин дэх төлөөлөгчийн газ­рын ажилтан Г.Энхтай­ван гэргий Б.Мөнхзул­тай­гаа ирж сана­лаа өгөх­дөө бага насны гурван хүүхдээ дагуулжээ. Бага нь тэргэн дээрээ унтчих­сан яваа харагдсан. Энэ мэт­чилэн Бээжин дэх мон­голчууд Ерөнхийлөг­чөө сонгоход идэвх­тэй оролцож бай­сан юм. Ням гаригийн 12.30 цагийн байдлаар 153 сонгогч саналаа өг­сөн байлаа. 2012 оны УИХ-ын сонгуу­льд санал өгөхөөр 213 хүн бүрт­гүүлс­ний 125 нь саналаа өгч байжээ. Энэ тоотой харьцуулахад Бээ­жин дэх монголчуу­дын идэвх өмнөхөөсөө нэмэгдэж байгаа бололтой.

Бээжинд
МАН-аас нэг ажиглагч ажиллаж бай­лаа. Өчигдөр Бээжинд бороо орж байсан нь санал хураалтад нө­лөөлж байгаа бололтой байсан.

Санал авах үйл
яв­цын хувьд иргэд сана­лын хуудсаа бөглөөд өөрс­­дөө дугтуйд хийж наа­­гаад тусгайлан
ла­цад­сан хайр­цагт хийж байлаа. Санал өгөхөөр бүрт­гүүл­сэн монгол иргэ­дийн тоо­гоор
Бээжин­гийн дараа Хөх хот орж бай­гаа. Хөх хотод 275 хүн сана­лаа өгөхөөр бүртгүүлжээ.

Categories
редакцийн-нийтлэл

Хилийн чинадад байгаа монголчууд түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчөө сонгох эрхээ эдэлж байна

Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол­чуудын хувьд сонгох эрхээ эдэлж чадахгүй олон сонгуулийг өнгө­рөөж байлаа. Тэгвэл өнгөр­сөн УИХын сон­гуулиас эхэлж гадаа­дад байгаа монголчууд саналаа өгөх боломж­той болсон бол энэ жил түүхэндээ анх удаа төрийн тэргүүнээ сон­гох сонгуульд харийн нутгаас оролцож бай­на. Манай тусгай сурвалжлагч Э.Энэрэл БНСУын Сөүл хотоос мэдээ ирүүллээ. Тэр­бээр мөн Хятадад бай­гаа монголчууд сана­лаа өгөх үйл явцыг Бээ­жин хотоос мэдээлэх юм.

БНСУ-ын хувьд мон­гол­чууд хамгийн олноо­роо амьдардаг онцлог­той. Тэнд 26461 монгол хүн амьдардагаас 17000 гаруй нь хууль ёсных гэдэг.  Эдний 5000 нь оюутнууд байдаг ажээ.  Харин Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор БНСУ-д байгаа монгол­чуудаас 1500 гаруй хүн материалаа өгснөөс би­чиг баримтын зөрчилгүй 1436 хүний нэр сонгогч­дын жагсаалтад албан ёсоор баталгаажсан аж. Энэ нь гадаадад байгаа монголчуудаас саналаа өгөхөө илэрхийлсэн хү­мүү­сээс хамгийн их хүн­тэй газарт тооцогдож байгаа юм.

Өчигдөр Улаанбаата­рын цагаар 06.00-т буюу Сөүлийн цагаар 07.00-д БНСУ дахь Монголын Элчин сайдын яамны дэргэдэх санал авах 25 дугаар салбар хороо сон­гогчдодоо үүдээ нээлээ. Солонгост байгаа мон­гол­чууд төрийн тэргүүнээ сонгох анхны сонгуулийн шанг татсан хүн нь Элчин сайд Д.Ганболд байлаа. Харин түүний дараа энэ жил 18 насанд хүрч, анх удаа сонгуульд оролцож буй Г.Болормаа саналаа өгөв. Элчин сайдын яам­ны ажилтнууд саналаа ээлж дараагаар өгөөд тун удаагүй байтал бужигна­сан баахан залуус ороод ирсэн нь Намьянжу хо­тоос иржээ. Улаанбаатар хоттой эгч дүүсийн  хол­боо тогтоогоод арваад жил болж буй уг хотод Монгол соёлын төв байдаг юм. Энэ соёлын төвд хөөмийч, циркчин, уран нугараач гээд 35-36 монгол залуу ажилладаг бөгөөд ихэнх нь ерээд оныхон байв. Арав гаруй настай гурван нугараач охиноос бусад нь бүгд өглөө эртлэн босч сана­лаа өгөхөөр иржээ. Тэд өглөө зургаан цагт хотоо­соо гарч, цаг орчим дав­хисаар Элчин сайдын яаман дээр ирсэн байна. Өдөрт 11.00 болон 13.00 цагаас тоглолттой байдаг учраас өглөө эртлэн гарсан нь энэ гэж тэд ярьж байлаа. Бас залуучуу­даас “Та нар Монголдоо байсан бол саналаа өгөх байсан болов уу” гэхэд “Залуучуудыг санал өгдөг­гүй гэж байгаа ч бид хариуцлагатай хүмүүс. Өөрсдийнхөө төлөө сон­голтыг ирж хийлгүй яахав” хэмээж байсан. Энэ за­луус өнгөрсөн гуравду­гаар сард ирж ажиллаж байгаа бөгөөд ирэх арванхоёрдугаар сард гэрээ нь дуусах юм байна.

Санал хураалтын яв­цыг МАН-аас хоёр ажиг­лагч ажиглаж байлаа. Бусад намын тухайд ажиг­лагч байлгах хүсэл­тээ гаргаагүй ажээ. МАН-ын ажиглагч Я.Энхбаяс­галан санал хураалтын явцын талаар “Санал ху­раалт хэвийн үргэлжилж байна. Сонгогчдын идэвх маш сайн байна. УИХ-ын сонгуулийн үеэр би мөн ажиглагч хийж бай­сан. Түүнтэй харьцуула­хад залуучууд олноороо санал өгч байгаад талар­хахаас аргагүй” гэсэн юм. Сөүл дэх Элчин сайдын яамнаас монголчуудаа сонгуульдаа идэвхтэй орол­цохыг уриалан факс, гар утас, мессэж, захиа бүр олон хүн цуг­ларсан газарт очиж сон­гуульдаа оролцохыг са­нуулж, уриалсан байлаа. БНСУ дахь монголчуу­дын хувьд олонхи нь хөдөө, орон нутагт амь­дардаг. Тиймээс зарим хүмүүсийн хувьд интер­нэтийн хэрэглээ бага тул сонгогчийн материалаа бүрдүүлээд шууданд хий­вэл төлбөрийг нь хүлээн авагч тал хариуцах зэрэг зохицуулалтыг Элчин сайдын яамнаас хийжээ. Мөн Элчин сайдын яам­наас БНСУ-ын Цагаачла­лын албанд хандаж санал хураалтын үеэр баривчилгаа явуулахгүй байхыг хүсчээ. Ингэснээр хараар ажиллаж байгаа иргэдийн хувьд айдасгүй­гээр саналаа өгөх боломж бүрдсэн байна. Үүний үр дүнд  өнгөрсөн жил УИХ-ын сонгуулийн санал хураалтаар 500 гаруй хүн саналаа өгөхөөр бүрт­гүүлж, 200 гаруй хүн сана­лаа өгсний дэргэд дахин өссөн үзүүлэлт гарч бай­гааг албаныхан хэлсэн. Өчигдөр баасан гариг учраас хүмүүс харьцан­гуй цөөхөн байгаа гэнэ. Санал хураалт баасан, бямба, ням гаригт үргэлж­лэх учраас саналаа өгө­хөөр ирэх хүмүүсийн тоо өснө гэдэгт албаны хү­мүүст итгэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. Сон­гогчдын идэвхийг сайж­руу­лах үүднээс Монголд үүрэн холбооны опера­тор компаниуд сонгогч­дод 1000 нэгжийн урам­шуулал өгөх санал гарга­сан. Харин Солонгост яах нь тодорхойгүй байна. Хэрвээ сонгогчид урам­шуулал нэхвэл асуудал гарах янзтай.  

Хэдийгээр сонгогч цөө­хөн байна гэж алба­ныхан дүгнэж байсан ч оюутнууд, нэг байгуулла­гад ажилладаг хамт олон бөөнөөрөө ирж саналаа өгч байгаа нь олзуур­хууштай байв. Тухайл­бал, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны БНСУ дахь Нийг­мийн хамгааллын үйл­чил­гээний төвийн хамт олон бөөнөөрөө саналаа өгсөн юм. Тус байгуулла­гад 15 хүн ажилладаг бөгөөд Нийгмийн даат­гал, Хүүхэд хамгаалал хөгжлийн гэсэн хоёр хэлтэс­тэйгээр ажилладаг. Үүнээс төд удалгүй БНСУ-д цэрэг, батлан хамгаалахын чиглэлээр суралцдаг монголчууд бөөнөөрөө ирж Ерөн­хий­лөгчөө сонгох саналаа өглөө. БНСУ-ын цэргийн сургуулиудад батлан хамгаалахын чиглэлээр 32 хүн суралцдаг байс­наас зургаа нь саяхан төгсөөд нутаг буцжээ. Одоо 26 офицер, сонсог­чид суралцдаг юм байна. Тэд бүгдээрээ ирж сана­лаа өгсөн юм. Сургуу­лийнх нь зүгээс тэдний саналыг хүндэтгээд авто­бусаар үйлчилж байгаа нь харагдсан. Санал өгөхөөр ирсэн тэдний дотор Батлан хамгаала­хын хэлний бэлтгэл инс­титудид суралцдаг гурван офицер, хоёр сонсогч 90 гаруй км-ийн цаанаас иржээ. Холоос саналаа өгөхөөр ирсэн учрыг нь асуухад сонсогч О.Баян­жаргал “Монгол Улсын төрийн тэргүүнээ сонгох сонгуульд оролцолгүй яах вэ. Тэр тусмаа Зэвсэгт хүчний ерөнхий команд­лаг­чаа сонгох гэж байгаа учраас цэргийн хүмүүс бид өндөр ач холбогдол өгч байна” гэж байв. Мөн тус сургуульд суралцаж байгаа хоёр сонсогч анх удаа санал өгч байгаагаа хэлсэн. Тэдний нэг Бат­лан хамгаалах их сургуу­лийн сонсогч С.Хатан­баа­тар “Би анх удаа иргэн хүний хувьд саналаа өгч, сонгуульд оролцож бай­гаа­даа баяртай байна. Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийг эрдэм мэд­лэгтэй, улс орноо өндөр түвшинд удирдаад авч явах чадалтай лидер хүн байх ёстой гэж бод­дог. Тэр ч үүднээсээ сон­гол­тоо хийчихээд гарч ирлээ” гэж байлаа. Тэр­бээр хэлний бэлтгэлээ төгсөөд Сөүлийн Хуурай замын цэргин их сур­гуульд таван жил сурал­цах ажээ.