Categories
редакцийн-нийтлэл

Ботаникийн эрдэмтэд ЖАГСАВ

ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн Ботани­кийн цэцэрлэгийн хэсэг газарт Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Шүүхийн цог­­цолбор” барихаар тө­лөвлөж буйгаас үүдэлтэй маргаан үргэлжилсээр байна. Энэ цэцэрлэг нь манай улсын ботаникийн шинжлэх ухааны су­дал­гаа, туршилтын цорын ганц түшиц газар юм. Ботаникийн хүрээ­лэн­гийнхэн цэцэрлэгээ авч үлдэхийн төлөө өнгөрсөн хоёрдугаар сараас эхэл­сэн эсэргүүцлээ үргэлж­лүүлсээр байна. Тэд Нийс­лэлийн засаг захир­гааг гаргасан шийдвэрээ эргэн харахыг шаардаж Сүхбаатарын талбай дээр өчигдөр жаг­саал хийлээ. Тус хүрээ­лэнгийн Ботаникийн сек­торын эрхлэгч, доктор С.Жамьяан­сүрэнгийн мэ­дээлж байгаагаар, Бота­никийн цэцэрлэг 34,7 га газартай, үүний 24,5 га газрыг Хууль зүйн яам тэргүүтэй хоёр гурван газар ава­хаар Нийс­лэлийн засаг захир­гаанд хандан зөв­шөөрүүлээд байгаа юм байна.

Хэрэв дээрх 24,5 га газарт Шүүхийн цогцол­бор зэрэг барилга бари­лаа гэхэд нийс­лэлийн оршин суугч 5000 хүний нэг хоногт амьс­галах цэвэр агаарыг уст­га­хад хүрнэ гэсэн тооцоог жаг­сагчид хэлж байна.  Бота­никийн цэцэрлэг нь төрийн тусгай хамгаа­лалттай газар. Тиймээс Ботаникийн хүрээ­лэн­гийн Ботаникийн сек­то­рын эрхлэгч, доктор С.Жамьянсүрэн “Энэ газар дээр барилга барих эсэхийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дараа нь УИХ-аар оруулж хуульд өөрчлөлт оруулж байж шийдэх учир­тай. Засгийн газар арай ч ийм шийдвэр гаргачихгүй байлгүй дээ гэж эрдэмтэд маань итгэж байна.

Өмнөх он жилүүдийн турш­лагаас үзэхэд, эрх бариг­чид зун болгоны долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд хамгийн болохгүй шийд­вэрүү­дийг сэмхэн гарга­чи­хаад тараад алга болчихдог. Ши­нэч­лэлийн Засгийн газар хуучны тийм бүдүүлэг луйвар, алдааг арай ч давтахгүй байх аа гэж Ерөнхий сайд Н.Алтанхуягт найдаж байна” гэж­ жагсаалын үеэр хэллээ. Тэр­бээр олонх сайдууд Ботаникийн цэцэрлэгийн газар дээр барилга барьж болохгүй гэсэн байр суурьтай байгааг онцолж байна. ЗГХЭГ-ын дарга МУ-ын сайд Ч.Сайханбилэг, БХБ-ын сайд Ц.Баярсайхан, БОНХ-ийн сайд С.Оюун, Зам тээврийн сайд А.Гансүх нар ийм байр суурийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захи­рагч, Улсын баатар  Э.Бат-Үүлд хүргүүлжээ. Жагсагчдын эсэр­гүү­цэл зөвхөн Х.Тэмүүжин сайдын төлөвлөгөөнд чиг­лээд зогссонгүй. Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөж буйн хүрээнд Баян­зүрх дүүргийн арванхоёр­дугаар хороо­ны нутаг дэвсгэр дээр хийх дахин төлөв­лөлтийн зураг дээр Ботани­кийн цэцэрлэгийн урд хэсгийн хоёр га газрыг зам талбай болгохоор зурчихсан байгааг мөн хэлж байна. Энэчлэн хоёр гурван талын хүсэл сонирхолд дээрх 24,7 га газраа эрдэмтэд алдахад ойрхон болжээ. 

Ургамал судлалын эрдэм шин­жил­гээ туршилтын энэ түшиц газар дээр Шүүхийн цогцолбор барих гэж байгаа тухай бичгийг Хууль зүйн яам өнгөрсөн хоёрдугаар сард ШУА-д ирүүлс­нээс хойшхи таван сар гаруйн хугацаанд эрдэмтэд сайдыг ба­рил­га барих сонирхлоосоо татгал­зах болов уу гэж горьдсоор ирсэн гэнэ. Гэвч ХЗЯ тус хү­рээлэнтэй нэг ч удаа харьцаа­гүй чимээгүй байгаа­гаас үзвэл Шүүхийн шийд­вэр гүйцэтгэх газрынхаа барилгыг барих гэсэн сэтгэл нь хэвээрээ байгаа юм байна гэж ойлгон “дол­ду­гаар сар”-аас өмнө амжиж Цэ­цэр­лэгээ авч үлдэхээр ийнхүү эсэргүүцлээ эр­чим­жүүлж буй юм байна. Эрдэмтэд маш их санаа зовж байгаа нь илт. Газраас нь  аваад эхэлбэл үлдсэнийг нь бүгдийг нь авна гэсэн үг. Нэг л орчих юм бол бүгдийг авах нь тодорхой гэж ярьцгааж байв.

Ботаникийн цэцэрлэгийг өөр газарт нүүлгэн шилжүүлж шинээр байгуулах боломж хэр вэ? Уудам Монгол нутагтаа алга дарам газар булаалдаж байхаар өөр газар цэцэрлэгээ нүүлгэн шилжүүлчихэж болдоггүй юм уу гэж С.Жамьян­сүрэн эрдэмтнээс асуу­лаа. Тэр­бээр хариуд нь болдоггүй юм. Яагаад Бота­ни­кийн цэцэрлэг хот дотор байх ёстой вэ гэвэл, хотын уур амьсгал, дуу чимээ стресс дотор мод ургамал дасан зохицож байж дараа нь шилжиж нутагшдаг. Түүнээс биш Дорноговь ч юм уу, хаа хамаагүй Хэнтийн нурууны орой дээр байгуулж болдоггүй учраас хотын дотор байх ёстой юм. Өнөөдрийг хүртэл Хотын нэг хүнд 4-5 метр квадрат ногоон байгууламжийн талбай ногдож байгаа юм. Энийг 16-20 хувь хүртэл нэмж 20-25 мкв талбай болгоно гэж Шинэлэлийн Засгийн газар зорилт тавьчихсан. Энэ зорилтоо эргээд үгүйсгээд Хууль зүйн сайд нь устгана гээд явж байна гэлээ.

Хотынхны мэдэж байгаа­гаар Ботаникийн хүрээлэнтэй хамтран олон улсын эрдэмтдийн баг жил болгон судалгаа, туршилт хийдэг. Ботаникийн цэцэрлэг нь энэ бүх судалгаа, туршилтын гол газар нь гэж жирийн оршин суугчдад хараг­даж л байдаг. Энэ олон улсын баг одоо хэрхэн хамтарч ажиллаж байгаа, Ботаникийн цэцэрлэгийн газрыг өөр зорилгод эзэмшүүллээ гэхэд хотын ногоон байгууламж ч дүүрч гэхэд шинжлэх ухааны та­лаа­саа ямар үр дагавар гарах бол гэж сонирхсон юм. “Манайд ногоон байгуулам­жийг эрхэлж байгаа олон газар бий. Соёолж гэх мэтийн болон хувь хүмүүс компаниуд нэлээд байна. Манайх бол энэ ургамлуудыг судалж ховор, хо­ворд­сон, нэн ховор, эмийн ашигт ургамлуудыг үржүүлэх ажлыг су­далж гүйцэтгэж байгаа юм. Мөн хотын ногоон байгууламжид тарьж болох ургамлуудыг судлаад сонгон шалгаруу­лаад, үүндээ үндэслэн тэрийгээ тарих агротехник стан­дар­тыг боловсруулж хотын захир­гаанд шилжүүлж өгдөг. Одоогоор бид хотын ногоон байгууламжид ургаж болох 50 зүйлийг судал­гаа­гаа­раа нотолж 16 стандартыг боловсруулж нийслэлийн Ногоон байгууламжийн газарт шилжүүлж өгсөн байгаа. Энд зөвхөн манай орны ургамал ургаад байгаа юм биш. Манайх Олон улсын ботани­кийн цэцэрлэгийн холбооны ги­шүүн орон учраас ОХУ-ын Эрхүү, Красноярск, Новосибирск, Улаан-Үд, Москва, Унгарын Ботаник цэ­цэр­лэг, Чехийн Ботаник цэцэрлэг, Тайванийн Ботаник цэцэрлэг, Фран­цын Парисын төв ботаник цэцэр­лэг, Канадын Оттава хотын ботаник цэцэрлэ­гүүдээс манайтай хамтран ажиллаж харилцан үр солилцдог. Солилцсон үрээ тарьж ургуулаад судалгаа туршил­тын мэдээллээ харилцан солилцдог олон улсын хэмжээний байгуул­лага учраас энэ цэцэрлэгийг авч үлдэ­хийн төлөө нийслэлийн оршин суугчид төдийгүй монгол хүн бүр саналаа Засгийн газарт хүргүү­лэ­хийг уриалж байна” гэлээ. Дэлхий нийтэд ботаникийн цэцэрлэг нь асар үнэ цэнтэй газар байдаг гэнэ. Олон улсын эрдэмтэд манай Бота­ни­кийн цэцэрлэгтэй хамтарч ажил­лах нийтлэг сонирхолтой байдаг юм байна. Учир нь Монгол орны ургамлыг судлах нь дэлхийг цөл­жил­төөс аврах гол үндэслэл гэж үздэг юм байна. Тиймээс БНХАУ-ын Өвөр Монголын нутаг, Төв Азийн төвд, олон экосистемүүдийн дунд оршиж байгаа манай орны ургам­лыг судлах, Монголын ботаник цэцэрлэгтэй хамтарч ажиллахыг дэлхий нийт тун өндөр түвшинд авч үздэг байна. Гагцхүү үүнд манай Засгийн газруудын өнөөд­рийг хүртэлх бодлого өөрийн үндэсний ч, дэлхий нийтийн ч тэр нийтлэг сонирхлын эсрэг яваад байна гэж Ботаникийн хүрээлэнгийн эрдэм­тэд гайхширч байна лээ. Жил ирэх тусам эрдэм шинжилгээнийх нь ажлын төсвийг таначихдаг гэнэ. Өнгөрсөн жил 8,5 сая төгрөгийн төсөв өгсөн бол энэ жил 4,9 сая төгрөгийн төсөв өгчээ. Ингэж ха­саад байгаа нь өмнөх Засгийн газруудын явуулсан бодлогын үргэлж­лэл бол энэ Засгийн газар Ботаникийн цэцэрлэ­гийг бүр устгая гэсэн төлөвлөгөө арай өвөрлөөгүй байгаа даа гэж жагсагч эрдэмтэд эмзэглэж яваа ажээ.

Н.ПАГМА
Гэрэл зургуудыг
Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Даян аварга Г.Өсөхбаяр: Бөх гэдэг дандаа давахын нэр биш шүү дээ

-МОНГОЛ ТӨРИЙН НААДМЫН ЗҮҮНИЙ МАГНАЙД БОСНО ГЭДЭГ САЙХАН-

Архангай аймгийн Бат­­цэнгэл сумын харьяат Монгол Улсын даян авар­га, гавьяат та­мирчин Гэ­лэг­жам­цын Өсөх­баяртай ярилц­лаа. Өнөө цагийн бөхийн маг­най болсон хүчит аварга­тай наад­мын бэлтгэл дээр нь очиж, Туул голын хө­вөөнд ярилц­сан юм. Өсөхөө аваргатай Буур Жамъян өвөөгөөс нь улбаа­лаад монгол бөхийн өнөөгийн өндөр­лөгт хүр­сэн бүхий л цаг үе, наад­муудынх нь ту­хай хөө­рөлд­сөн. Харин бид хоёрын яриа улс төрөөс бүр тодруул­бал, Ерөнхий­лөгчийн сонгуу­лиас ангид бол­сон гэдгийг тодотгох нь зөв болов уу.

 
Яриагаа наадмын бэлт­гэлээс эхэлье. Бэлт­гэл ерөнхийдөө жигд­рэх тал руугаа орж байна уу?

-Архангай
аймгийн “Бөхбилэгт” дэвжээний­хэн БХЯ-ны харьяа “Най­ман шарга” амралтад гу­рав дахь жилдээ бэлтгэлд гараад байна. Баянзүрх хайрханы­хаа өвөр, Туул голынхоо хөвөөг бараа­даад сайхан байна аа. Бөхчүүдийн бэлт­гэл сур­гуу­лилт, өнгө ерөн­хийдөө жигдрэх тал руугаа орчих­сон.

Энд чинь “Бөхбилэгт” дэв­жээ­нээс гадна, Сэлэнгэ, Өм­нө­го­вийн бөхчүүд байгаа. Дээр нь “Алдар” спорт хо­роо­ны тамирчид гээд ная шахам бөхчүүд байна даа.  Миний бие өмнө нь Сүүж уулын ам­рал­тад бэлтгэлд гардаг бай­сан. Монгол төрийн наадмын гур­ван түрүүг тэндээс хүртсэн бай­даг. Олон жилийн уламж­лалтай, бөхчүүдэд ээлтэй, энергитэй сайхан газар шүү. Налайхын ардхан байх “Най­ман шарга” маань ч ээл буя­наа харамгүй хайрлаж бай­гаа.

Танай галынхан өнгө­тэй байгаа нь мэдрэгдэж байна. Тантай зорьж ирж уулзсаных өвөөгийн тань тухай асууя. Буур аваргаас улбаалаад яриа хөөрөө маань ундарна даа?

-Өвөөг
минь бөхөд хайр­тай, бөхөө дээдэлдэг монгол түмэн мэднэ дээ. Ардын зас­гийн анхны аварга, монгол төрийн наадамд хоёр тү­рүүлсэн хүчтэн шүү дээ. Улсын даян аварга цол хүртэж, бүх Монгол даяар “Буур” хэмээн алдаршсан алдар цуутай, домог болсон бөх байлаа. Би бол тэр хүний ганц охиноос нь төрсөн хүү юм.Тийм л хүний үр удам болж, монгол бөх хэмээх түүх соёлын гайхамшигт ертөнцөд хөл алхаж нэр­тэй зүстэй яваадаа бахарх­даг. Өвөө минь бөхөд өндөр амжилт үзүүлснээс гадна хүнийхээ хувьд жудагтай, олонтой  явсныг нутаг нугынхан нь үе дамжин дурсацгаадаг. Миний бие өвөөгөө хүнийх нь хувьд ч, бөхийнх нь хувьд ч шүтэж биширч явдаг аа.

Буур аварга Тариат, Ца­хи­рын хүн. Харин та Бат­цэн­гэлд төрж, тэр ус нутгаар овоглодог. Таныг төрөхөд өвөө таньЛу гүний Вандан аваргын нутаг манай удамд нэг бөх хүү заяалаа. Ар­га­гүй ээ, Вандан аварга бол намайг төрийн наадамд анх дагуулж очиж байсан буян­тай хүнгэж ихэд бэлгэ­шээ­сэн гэдэг. Үүнээс ан­заа­­рахуйд аварга хүн цаа­наа­саа төрдөг юм байна, энэ хорвоо ертөнц дээр зүгээр ч нэг ирдэггүй юм байна гэх бодлыг өөрийн эрхгүй төрүүлдэг шүү?

-Би
чинь дээрээ таван эгчтэй. Манай аав Тариатад сум нэгдлийн санхүү, эдийн засагчаар ажиллаж байгаад Батцэнгэл суманд томилол­тоор очжээ. Тэгэхэд өвөө минь ихэд баярлаж “Лу гүний Ван­дан аваргын маань нутаг ганц охинд минь хүү заяах байх аа” гэж хэлж байжээ. Үнэхээр өвөөгийн хүсэл биелж далан гурван оны өвөл миний бие Батцэнгэлд мэндэлсэн. Би чинь Батцэнгэлд эхийнхээ хэвлийд ирж байсан хүн юм. Батцэнгэл бол бөхийн өлгий болсон нутаг. Далан гурван онд би, далан долоон онд миний дүү улсын харцага Батбаяр төрсөн дөө. 1924 онд өвөө минь Архангай аймгийн наадамд “Монгол хүү” кинонд тоглодог Лундаа арслантай барилдаж түрүүлээд улсын наадамд зодоглох эрх олж авсан юм билээ. Тэгээд Ван­дан аваргыг дагаад хан уулын ар, хатан Туулын хөвөөнөө ирж зодогложээ. Анх зодоглосон жилээ Хал­хын гурван босоотой их шө­вөгт үлдсэн гэдэг. Тэр нь Вандан аварга, хан Хэнтийн босоо Самдан аварга, Хөвс­гөл нутгийн хүчит бөх босоо Шагдар нар байжээ. Босоо Шагдарыг нь их шөвөгт уна­гаад босоо Самдантай нь түрүү үзүүрт шалгаран тахи­маа өгсөн түүхтэй. Тэрээр далан есөн онд өөд болсон. Тэгэхэд би тав, зур­гаан нас хүрчихсэн байсан болохоор өвөөгөө сайн мэд­нэ. Эмээгээ ч мэднэ. Гарам­да­гий гэж сайхан буурал бай­лаа. Өвөө намайг цэцэрлэгт хүргэж өгөөд орой авдаг байв. Цэцэрлэгээс тарахад баав­гай­тай чихэр хоёрыг өгнө. Түү­ний нэгийг өвөөдөө өгдөг, тийм л хүүхэд байлаа. Тэгж л би гэдэг хүн Монголын домог болсон Буур аваргын өвөр дээр эрхэлж өссөн дөө.

Таныг алдар цуутай бөх болж, нэгэн цагт Монгол бөхийн дэвжээг чимнэ гэд­гийг өвөө тань зөнгөөрөө мэдэж байжээ. “Миний зээ хүүд тус дэм болооройхэмээн Мөөеө аваргад за­хиж үлдээсэн гэрээс ч бас бий дээ?

-Алсын
бодолтой, холч ухаантай хүн байсан нь Мөөеө аваргад захисан тэр гэрээсээс мэдрэгддэг. “Миний зээ хүүг хэрвээ бөх болоод гараад ирвэл тусалж дэм­жээ­рэй” гэж хэлсэн байгаа юм. Харин аав, ээжид болохоор “Хорин нас хүртэл нь барил­дуулж болохгүй шүү” гэж хэл­сэн байдаг. Бага балчиртаа бэртчих вий гэж бодсоных. Гайгүй шиг бие хаатай болох байх аа, сайхан барилдаад байвал барилдуулна биз ээ. Нэг их олигтой амжилт үзүү­лэх­гүй бол заавал барил­дуу­лах гэж шахаж шаардсаны хэрэггүй биз ээ хэмээн аавд аминчлан хэлж байсан ч гэдэг шүү. Ийм л сургамж захиасууд өвөөгөөс минь уламжлагдаж ирсэн дээ.

Танай аав Гэлэгжамц гуайнБуур аваргагэж сайхан ном байдаг. Уг ном­ноос аав тань монгол бөхөд ямар их хүндэтгэлтэй хан­даж ирсэн нь мэдрэгддэг. Бөхөд тэгж л чин сэтгэ­лээ­сээ хандсаны буян өөрт нь ирж аварга хүүтэй болсон болов уу. Та аавынхаа ту­хай, удам гарлынх нь тухай ярихгүй юу?

-Ерэн
гурван онд манай аймгийн 70 жилийн ой боло­ход аав “Буур аварга” гэсэн номоо гаргасан. Өвөөтэй дө­чөөд жил айл аймаг явж, амь нэг байсан болохоор маш сайн мэдэх хүн ерөөсөө ми­ний аав л даа. Бөхөд үнэ­хээр сэтгэл зүрхнээсээ хайртай, бөхийн ёс уламжлал, жаяг дэгийг гүн гүнзгий ойлгодог хүн шүү дээ. Өвөө аав хоёр хэн хэндээ бүр уусчихсан шиг санагддаг. Өвөөгийн байр байдал, зан төрх, олонтой явсан хүнлэг чанар тэр бүгд аавд минь хадгалагдсан. Хү­мүү­ний амьдралын тэрхүү нан­дин бүхнийг үр хүүхэд бидэндээ өвлүүлсэн, ийм л юм. Өөрөө Эрдэнэмандал сумын унаган хүн. Аав нь Цэвээн гэж морь сайхан уядаг, залуудаа барилдаж ч явсан, бөхийн цол морины цолыг гайхмаар дууддаг тийм хүн байсан. Би бас өвөөгөө мэд­нэ.        

Та Буур өвөөгийнхөө захиснаар хорин нас хүрч барилдсан уу?

-Тэгэлгүй
яахав. Арван хэдтэй байхдаа их спортоор хичээллэж байв. 1989 онд Архангай аймгийн төвийн есдүгээр ангид байхдаа олон улсын хэмжээний мастер Чой­­жилын Буян гэж баг­шийн­хаа бөхийн секцэнд орж, тэр хүний гараас спортын гараа­гаа эхэлсэн. 1990 онд арав­ду­гаар ангиа төгсөөд Улаан­баатар хотод ирсэн. Чөлөөт бөхийн залуучуудын улсын шигшээ баг гэж байлаа. Хө­дөө­гийн бор хүү намайг уг шигшээ багийн хамт олон багш дас­гал­жуулагчид хүлээн авч, ца­лин хөлс олгож бөхийн зам мөрийг минь эхлүүлсэн. За­луу­чуудын шигшээд гурав, дөрвөн жил бэлтгэл хийж сая нэг хүний гарын ая даахтай болсон доо. Тэгээд л ерэн гурван оноос үндэсний бө­хөөр хичээллэж эхэлсэн түүх­тэй.

Ерэн дөрвөн оны намар шиг билээ. Ш.Намхай, Ш.Лув­санжамбаа авар­гуу­дын нэрэмжит барил­даанд та залуу бөх шөвгийн дө­рөвт үлдэж, “Буур авар­гын зээ хүүгэж анх дуудуулж байсан санагдана?

-Тийм
шүү, тэгэхэд айм­гийн арслан цолтой, улсын цолонд хараахан хүрээгүй байсан. Тэр барилдааныг би бас сайн санаж байна. Ингэ­хэд намайг тавдугаар ангийн сурагч байхад манайд хуучин Соёлын яамны сайд байсан Пүрэвийн Даваасамбуу гуай очиж байв. Сүүлд Бөхийн холбооны дэд тэргүүнээр ажиллаж байсан. Тэр хүн бөхийн төлөө зүрх сэтгэл, амь амьдралаа зориулсан нэгэн. Олон ч залуучуудыг бөхийн дэвжээнд хөтөлсөн байдаг. “Буур аваргын зээ байх ёстой” гэж л манайд очсон байх. Бүр эрж сурч байгаад очсоныг санаж бай­на. Дэвтэр дээр харан­даа­гаар миний өндөр, жин зэр­гийг тэмдэглээд, на­майг ха­райл­гаж, гүйлгэж үзээд явж байв. Тэрхүү 12 мөнгөний дэвтэр одоо ч на­дад хад­га­лаг­даж байдаг. Тэр хүний буянаар Залуучуудын шиг­шээ багийн тамирчин болж Нямдаваагийн Ганбаа­тар багшийнхаа гар дээр ирсэн түүхтэй. Ерэн онд ний­гэм цаг үеийн байдал, ард иргэдийн ахуй амьдрал ямар байлаа. Хөдөөнөөс дөнгөж ирээд байсан надад мөнгө төгрө­гөөс аваад гачигдах зүйл юу эс байх билээ. Гутлын үйлдвэ­рийн дарга Чимэд­рэг­зэн гэж манай Архангайн Өгий­нуу­рын хүн надад их тус болсон. Цалин хөлстэй болс­ноор амьдралд минь эргэлт өөрч­лөлт орж, бэлтгэл сур­гуу­лилт хийхэд ч урам зориг нэмэгд­сэн нь мэдээж. Энэ ач буяныг дандаа санаж, баяр­лаж яв­даг. Тэгэхээр би гэдэг хүн анх гутлын үйлдвэрийн бөх бай­сан байгаа биз. Энэ мэт олон сайхан хүний сэтгэл, итгэлийн дэмээр өнөөгийн өндөрлөгт хүрчээ.

Та ерэн таван онд Мөөеө аваргаар тав давж начин, улмаар шууд долоо даван заан цол хүртсэн. Өөрийгөө цолонд хүрнэ гэд­гээ мэдэж байв уу?

-Юм
гэдэг сонин л доо. Ерэн таван оны наадмын өмнөх Их сорилго барил­даанд миний бие одоогийн улсын гарьд И.Доржсам­буу­тай барилдаж байгаад мө­рөн­­дөө гэмтэл авсан юм. Тэгээд наадмын бэлтгэл дээр бараг л зодог шуудаг өм­сөө­гүй. Гэхдээ жилийн бэлтгэл маань ерөнхийдөө гайгүй байсан юм болов уу даа. Өмнөх жил нь дөрвийн да­ваанд Ж.Намжил­дорж хар­цагад унаж байсан. Цаг нар­гүй бэлтгэл хийж байж л амжилтад хүрэх юм байна гэдгийг ойлгосон нь мэдээж.

Ерэн таван онд намайг гуравт Ж.Чойжилсүрэн арс­лан, дөрөвт Ч.Гочоосүрэн заан гээд нутгийн минь бөх­чүүд амлаж даваа ахиулсан. Ингээд тавын даваанд Ж.Мөн­х­бат аварга амлаж улсын цолны босго алхуулж байлаа. Мөөеө аварга надад хэлдэг байсан.

Юу гэж?

-“Чамайг
дөрөв даваад гараад ирвэл би авна. Ер нь чи тавын даваа хүртэл бодох хэрэг байна уу. Зургаа, до­лоо­гийн даваагаа л бод. Зур­гаад Сумъяабазартай, до­лоод Гантогтохтой л тулна даа” гэж захиж байв. Нээрээ ч аваргын хэлсэн ёсоор би зургаад Сумъяатай, долоод Гантогтохтой тунасан даа. Тэр хоёртой барилдах сэтгэл зүй болоод барилдааныг Мөөеө багш тэгж ихээ эрт миний толгойд суулгаж өгсөн. Аварга гэдэг үнэндээ аварга л байдгийг тэгэхэд ойлгосон доо. Улсын өндөр цолонд хүрнэ гэдэг өөртөө итгэх итгэл төрж, басхүү хариуцлага хү­лээж эхэлдэг юм билээ. Үнэ­хээ­рийн баяр баясгалан ав­чирд­гийг мэдэрсэн. Заан цол­ныхоо тэмдгийг ээжийнхээ урлаж өгсөн хоргой эмжээр­тэй цэнхэр даавуун тэрлэгэн дээр зүүгээд алхаж явсны бахтайг хэлээд яахав. Мөөеө аварга тэргүүтэй бөхчүүд наадмын орой манайд ирж, хэдэн эгч нар минь цуг­ла­чих­сан. Ээж минь уйлаад л, аавын баярлаж байгаа гэдэг жигтэйхэн. Үүр цайтал ярьж хөөрч, айргаа ууж, наадмаа ярьж баяр бахдалд умбаж байснаа мартдаггүй шүү.

-“Зургаан залуу зааны үегээд л манайхан ярьдаг. Та хэд монгол бөхийн хөгж­лийг нэгэн түвшинд аваач­сан болов уу. Үнэхээр хэн хэнийгээ ирлэсэн хурц тон­го­ргууд байжээ?

-Хоорондоо
ана мана үзэлцэж, унаж давж явсан он жилүүдээ эргээд бодохоор сайхан санагддаг. Хүмүүс зургаан залуу зааны үе гэж хэлэхэд нь нэг л дотно санаг­дах нь бий. Үнэндээ монгол бөхийн дэвжээнд нэгэн үед яалт ч үгүй хамт гарч иржээ. Ухаандаа, 1994 онд Ц.Цэ­рэн­пун­цаг, Б.Гантогтох хоёр, да­раа жил нь би, ерэн зур­гаан онд манай Сумъяа, ерэн до­лоон онд А.Сүхбат, ерэн есөн онд Б.Ганбат гээд бүгд цуваад заан цол хүртэж бай­сан. Ин­гээд 2000 оны долоогийн даваанд Бат-Эрдэнэ аварга, Мөнх-Эрдэнэ арсланг амлаж бид зургаа тунаж байлаа. Тэгээд цолны эрэмбээрээ Пунцагаа Гантогтохыг, би Ганбатыг амлаж, Сүхбат Сумъяа­базар хоёр тунаж бай­сан. Яагаав, Сүхбат Сумъяаг нисэлттэй гар ачиж унагасныг манайхан мэднэ. Ерэн есөн оны зургаагийн даваанд Гантогтох, Сумъяа, Сүхбат бид дөрөв мөн л тунаж хүч шавхсан барил­даа­нууд болж байсан. Одоо бич­лэг энэ тэр харахад үнэн­дээ түргэн шуурхай барилддаг байж. Ямар ч олон угсраа мэх хийдэг байсан юм бэ. Өрсөл­дөгч нь хичнээн сайн байна тухайн хүн тийм хэмжээгээр амжилт үзүүлэх нь мэдээж. Бид бол нэгэн цагт монгол төрийн дэвжээнд хөл тавьсан минь аз л байхгүй юу. Үнэхээр хор шар буцалсан, өөрс­дий­гөө бүрэн шавхсан, тамир тэнхээгээ барсан, мориор бол хэн хэнийгээ тэлсэн тийм л тулаануудыг хийдэг байжээ. Уул нь бидний үед зургаан заанаас гадна Д.Бумбаяр, И.Доржсамбуу, Ч.Батзориг, М.Жамъянпүрэв, Ц.Мяг­мар­сү­рэн, О.Одгэрэл гээд бас л иртэй заан, начингууд бай­сан. Гэвч тэдэн дундаас бид зургаа хэн хэнийгээ “ураад” гарч ирсэн хэрэг л дээ.   

-2002 оны наадамд та анх түрүүлсэн. Есийн да­ваанд Б.Гантогтох гарьдтай барьц сонгож барилдаад түрүүлэхэд ард түмэн ша­вай­гаа ханатал баярлаж би­лээ?

-Би
чинь ерэн таван онд заан болоод 2002 он хүртэлх долоон жилийн хугацаанд заан цолтой зодоглосон. Ту­хайн он жилүүдэд наадамчин олон намайг түрүүлж арслан цолонд хүрнэ гэж битүүхэн хүлээдэг байж. Тэр хугацаанд би заан цолоо хоёр ч удаа баталсан байдаг. 2001 онд бүр найм давж шөвгөрсөн бай­даг. Барилдааныхаа ам­жилтыг харсан ч, үеийн­хэн­тэй­гээ өөрийгөө харьцуулсан ч надад боломж байна гэдэг нь мэдрэгдээд байсан л даа. Ингээд 2002 оны наадамд зодоглосон, түрүүлсэн. Бах­дам сайхан амжилт гаргасны дараа хүмүүс ихэвчлэн баяр хүргэе гэж хэлдэг.  Б.Ган­тог­тох­той үлдэж түрүүлсэн тэр жил хүмүүс “Баярласан шүү” л гээд байсан. Тэр үг надад их ойр, бүр нэг сэтгэл хөд­лө­хөөр сонсогддог байлаа. Олон түмний хүслийг бие­лүүлж, баяр бахдалыг нь тө­рүүл­нэ гэдэг сайхан юм би­лээ. Бөхийн дүрмийн дагуу Ган­тог­тохтой барьц сон­го­хоор шодоход миний талаар таардаг юм. Тэгтэл цэнгэлдэх тэр чигээрээ л шуугиад яв­чих­сан. Их үерийн ус шиг халгиад ирсэн нь мэдрэгдсэн шүү.

-2003, 2005 онуудад өөрийн найз Д.Сумъяа­ба­зар­тай үлдэж түрүүлсэн. Зарим нэг жил нь найздаа өгчихдөг ч юм билүү гэх бодол төрж байсангүй юу. Ер нь дотнын найзтайгаа төрийн наадмын түрүү бу­лаал­даж аварга цолны тө­лөө барилдах халгамаар биз?

-Сумъяатай
хот орж ирээд л үерхэж нөхөрлөсөн. Үй зайгүй найзууд. Гэвч наад­мын дэвжээн дээр яс үздэг хоёр доо. Хэзээ ч нэгэндээ буулт хийн худлаа барилдаж явсангүй. Түүний өөрийнх нь чанар, бөхийн жудаг ч юм уу даа. Надад нэг ч удаа “Найз­даа өгчихөөч” гэж хэлж үзээ­гүй юм. Түүнд би баярладаг. Хэрвээ хэлсэн бол хэцүү шүү дээ. Бид хоёрын дунд ямар­хан барилдаанууд болж байс­ныг наадамчин олон мэд­нэ дээ.

Та 2003 онд түрүүл­чи­хээд бөхийн дэвжээнд мөр­гөж байлаа, 2005 онд тү­рүүл­чихээд аавыгаа тэв­рээд уйлж байлаа

-2003 онд түрүүлж, үнд­сэн­дээ улсын баяр наа­дамд хоёр манлайлаад Монгол Улсын аварга цолонд хүрнэ гэдэг гайхамшиг. Энэ бол үгээр хэлэхийн, ямар нэгэн зүйлтэй зүйрлэхийн ч аргагүй зүйл юм даа. Үүнийг аваргууд л мэдэрнэ. Үндсэндээ, тө­рийн наадамд гурваас дээш түрүүлсэн хүмүүс л мэдэрнэ. Аварга гэдэг бол монгол бө­хийн оргил цол шүү дээ. Бага балчраасаа спортод хөл тавьж, хорин настай бөхийн зам мөр хөөж эхэлсэн ца­гаа­саа л улсын цолонд хүрчих юмсан хэмээн мөрөөдөж, тэмүүлж өдрийн бодол, шө­нийн зүүд минь болдог байв. Тийм ахуй цагт монгол төрийн наадамд түрүүлэн, бөхийн оргил цолонд хүрнэ чинээ бодоогүй нь мэдээж. Ёстой зүүдлээ ч үгүй явсан л байхгүй юу. Гэтэл яалт ч үгүй хоёр дахь түрүүгээ авч, улсын аварга цолонд хүрэхээр баяр­лахгүй яах юм бэ. Бүр хагартлаа баярлаж, олон түмний өмнө ямар үйлдэл хийж буйгаа ч мэдэхгүй шүү дээ. 2003 онд И.Доржсамбуу гарьд, А.Сүхбат аварга на­раар тунаж долоо, найм да­ваад үзүүр түрүүнд Д.Сумъяа­базар гарьдтай хүч үзсэн. Даваа бүрт л хүч шавхсан барилдаанууд гар­гаж аварга цолонд хүрч байлаа. “Би чинь өвөөтэйгээ ижил төрийн наа­дамд хоёр дахиа түрүүл­­лээ шүү дээ” гэж бодогдоход хоолой зангираад л явчихаж байгаа юм. 2005 он бол ми­ний бөглөө тайлагдсан жил байлаа.

-2004 онд табөхийн арангагэгддэг Пүрэв­жа­выг улсын цолгүй байхад нь тахимаа өгч байсан даа?

-Харин
тийм ээ. Тэр жил олимпод зодоглоно гээд жин их хасчихсан,чөлөөтийн тас­ралт­гүй ачаалалтай бэлтгэ­лүү­дэд хамрагдчихсан, бага­гүй тамирдчихсан байлаа. Тэгээд яалт ч үгүй Пүрэвжавт хутгуулаад унасан. Тийм л нэг бүтэн жил дотор минь бугшсан буглаа 2005 онд сэдэрсэн юм. Тэр жил бэлтгэл сургуулилт ч хуучнаараа сай­хан байлаа. Сумъяатайгаа үлддэгээрээ үлдэж дөрвөл­жин барьцнаас давуулж гуя­дах мэхээрээ давсан. Тэгээд л барагтайд нулимс гар­га­даг­гүй хүн чинь асгартлаа уйл­сан даа. Туг тойрчихоод зогсч байтал Хишигээ заан маань нулимсаа арччихсан, дээлийг минь бариад гүйгээд ирсэн. Тэгээд нутгийнхаа ах хүчит зааныг тэврээд уйлжээ. Энэ бүгдийг дараа нь л бичлэгээс харж байгаа хэрэг. Хишигээ заантай тэврэлдээд салтал аав минь бөөн баяр гүйгээд ирэхгүй юу. Тэгээд л аавын­хаа энгэрт нулимстай хацраа наагаад, аавыгаа дээр өргөн үнэндээ багтаж ядаж байсан. Аав минь түрүүлэх бүрт л гүйж ирж хүүгээ үнсдэг юм.

Биеийн хүч тэнхээнээс гад­на ухааны хүч, дотоод сэрэл сэрэхүй мэдрэмж  бөхөд их нөлөөлдөг шиг санагддаг. Ухаандаа, мэх хийх гэдэг ойлголт бол уран бүтээлч хүнд сэрхийтэл онгод орохтой ижил болов уу. Энэхүү бодлыг минь бататгаж та их өөр зүйл ярьдаг?

-Бөхийн
барилдааны яв­цад давж унах хугацаа бол ганц хоёрхон секундээр л хэм­жиг­дэх зүйл. Тэнд ерөөсөө л дотоод сэрэл мэдрэмжийн зүйл явагддаг. Хүмүүс дархан мэх гэж яриад байдаг. Энэ бол тухайн хүний бодол сэт­гэл­гээнд суулгасан мэдрэмж л юм. Уг мэхээ өөрийн бол­го­хын тулд мянган удаа дав­та­на. Ингээд ирэхээр хүний бие хар аяндаа өнөө мэхээ үйлд­дэг. Түүнээс өрсөлдөгч бө­хийн­хөө хөлийг авчихаад, эсвэл өрсөлдөгч бөхдөө хө­лөө алдчихаад “одоо тэгнэ дээ” гэж бодох хугацаа байх­гүй шүү дээ. Нэг л мэдэхэд дотоод мэдрэмжээрээ дараа­гийн мэхээ хийчихсэн, барил­даан хэдийнэ дуусчихсан байдаг. Монгол бөхийн мэх шинжлэх ухааны нарийн гар­гал­гаатай, түүнээ дагаад бө­хийн барилдаан мэдрэмж уялдааны холбоц байдаг нь ийм учиртай. Бүхий л зүйл цогц бүрдэж байж амжилтад хүрнэ. Түүнээс байгалиас заяасан бие хаа, хүч тэн­хээ­гээр дан ганц явна гэж байх­гүй. Тэгээд ер нь явж явж хүний өөрийн дайсан өөрөө л бай­даг. Бэлтгэл сургуулилтаа ду­туу хийх юм уу, зарим нэгэн өдөр завсардахад яалт ч үгүй л амжилт ухардаг. Бөхийн ам­жилт гэдэг бол өөрийгөө ялж дий­лэх ухаанаас эхэлдэг юм. Нөгөө талаас бөхчүүд бид чинь наадамчин олноо бясган зугаацуулж байдаг хүмүүс шүү дээ.

-2006 онд 1024 бөх зо­дог­лоход та есийн даваанд Сумъяабазар аваргад уна­сан. Хэрвээ давсан бол даян аварга болоод дараа нь тү­рүү­лэх­дээ дархан аварга болох бо­ломж бай­лаа. Тэр ба­рил­даа­наа дур­сах­гүй юу?

-Сумъяа
тэр жил үнэндээ онцгой байсан л даа. Би бол яалт ч үгүй л унасан. Хэрвээ Сумъяаг давсан бол даян аварга болоод дараа нь До.Ган­хуяг арслантай үлдэж түрүүлэхдээ дархан аварга болох боломж байсан л даа. Гэхдээ болоогүй ээ. Бөх гэдэг дандаа давахын нэр биш шүү дээ. 

Ингэхэд Их хурлын хэ­сэг гишүүдҮндэсний их баяр наадмын тухайхуульд өөрчлөлт оруулах санал гаргасан. Хэрвээ уг хууль батлагдвал та дар­хан аварга цолны болзол хангах юм. Үүнд ямар тайл­бар өгөх вэ?

-Р.Гончигдорж нарын ги­шүүд хууль санаачлаад явуулж байгааг мэдэж байгаа. Гэхдээ их л нарийн бодож боловсруулахгүй бол бо­лох­гүй. Ер нь улсын наадамд дөрөв түрүүлсэн бөхөд дар­хан аварга цол олгохыг Бө­хийн холбооны удирдлагууд ч, бөхчүүд ч хүлээн зөвшөөрч байгаа. Монгол бөхийн дээд цол болох дархан аварга цолтон төрөлгүй 23 жил болж байна. Дахиад хичнээн жил болохыг үгүйсгэх аргагүй.

Та 2009 оны наадамд дөрөв дэхээ түрүүлж даян аварга цол хүртэн, үндсэн­дээ Буур өвөөгийнхөө цо­лонд хүрсэн. Бас л бахар­хал шүү?

-Би
бол үүнийг маш ховор хувь заяа гэж боддог. Монгол бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн болов уу. Тэр жил До.Ганхуяг арслантайгаа үлдэж түрүүлсэн юм. Ганхуяг маань өмнөх жил нь түрүүл­чих­сэн байдаг, тэр жил тү­рүүл­бэл аварга болох гээд байдаг. Бас л амаргүй л бай­сан даа.

-2011 онд ерэн жилийн ойгоор наймын даваанд Ж.БатЭрдэнэ гарьдад уна­сан. Тэр жил та их  л өнгөтэй байсан?

-Уул
нь бэлтгэл сургуулилт тун сайхан байлаа. 2009 онд түрүүлээд, дараа жил нь үзүүр­лэ­чихсэн байсан үе шүү дээ. Гэвч ерэн жилийн ойн наадмын наймын даваанд Бат-Эрдэнэ гарьдад тахимаа өгсөн. Хөлд орохоор нь давуулсан юм, гэтэл нөгөө хөлөнд маань хутгаа мэх хийгээд тас гэдрэгээ явуул­чих­сан шүү. Мөөеө багш л их уурлаж “Ерэн жилийн ойн энэ наадамд чам шиг чанга уна­сан хүн алга” гээд загнаж билээ. Өнгөрсөн жил дөрвийн даваанд Сугаржаргал гэж залууд тахимаа өгсөн. 170 килограмм жинтэй, биеэ сул­ла­чихдаг, мэх хийх ч боломж­гүй хэцүү бөх байна лээ дээ.

Энэ жилийн наадмыг та хэрхэн харж байна. За­луу­чуу­даас хэнд нь итгэл хү­лээл­гэж байна даа?

-Наадам
сайхан болно. Хэн бэлтгэл сургуулилт сайн хийнэ тэр хүнд амжилт ирэх нь дамжиггүй. За тэгээд ту­хайн хүний од, амны хишиг, өм их нөлөөлдөг шүү. Гол нь залуучууд маань жудагтай байж, үнэнч шударга барил­даан үзүүлж, зуу зуун жилийн улбаатай үе үеийн хүч­тэ­нүү­дийн хөлс хүч шингэсэн мон­гол наадмын  ногоон дэв­жээ­гээ хүндэтгэх хэрэгтэй. Зөв бодолтой, зөв мөртэй, дэвжээ юундаа гүн хүн­дэтгэлтэй хан­даж, бөхөө дээдэлж, ес уламж­лалаа сахиж, наа­дам­чин олноо сэтгэл зүрхнээсээ хайрласан хүнд л наадмын од гийдэг юм даа. Үүнийг л хэлье, түүнээс тэр энэ сайн барилдана гэж нэр хэлэх хэцүү байдаг. Тавын даваа­наас л наадмын өнгө ерөн­хий­дөө мэдрэгдээд ирдэг. 

Олон түмэн танд да­хиад төрийн наадмын түрүү байгаа гэдэгт итгэдэг. Үүнд өөрөө ямар хариулт өгөх бол оо?

-За
яах вэ, хичээж зүтгэнэ ээ. Гол нь бэлтгэл сургуу­лил­таа л алдахгүй хийх маань чухал.

Ерэн дөрвөн оны наад­мын өмнөхөн Мөөеө аварга хөдөлмөрийн баатар цо­лоор шагнуулаад Дарийн Дам­дин аварга дээр очжээТэгэхэд Данигай аварга

Categories
редакцийн-нийтлэл

Нарийнтээлийн хөндийд “цагаан тариа” найгах болно

Д.ЦЭРЭНТОГТОХ АВАРГА, Ч.ДАВААДОРЖ ХАРЦАГА НАР БАГАДАА ОЙГҮЙ ХҮЧТЭЙ БАЙСАН ГЭЛЦЭНЭ

Нарийнтээл сумынхны нэгэн бахархал нь яах аргагүй төрийн наадмын түрүү бөхөөр дөрвөнтөө тодорч, таван удаа үзүүрлэн, 15 шөвгөрсөн Монгол Улсын гавьяат тамирчин Дашдоржийн Цэрэнтог­тох аварга мөнөөсөө мөн. Монгол Улсын улам нэмэх харцага, самбо бөхийн ОУХМ, Чогжинмөн­сөлийн Даваадорж, улсын начин Ж.Бат­мөнх, жүдо бөхийн Ази ти­вийн аварга Дагвадоржийн Төмөрхүлэг нар энэ нутгийн уугуул юм.
Ялангуяа дархан аварга Д.Цэ­рэнтогтох, харцага Ч.Даваадорж нар Шарга багийн тэр буйдхан хөндийд адуу дэлдэж, тугал бяруу өргөж явсан ажээ. Эдний тухай нутгийн нь хүмүүс магтан ярих дуртай. “Хар” аварга минь олон жил биднийгээ баясгасан даа. Харцага маань харин начин Г.Оргилболд­той мундаг барилддаг байсан бол хүү Төмөрхүлэг нь аавынхаа ший­рийг хатааж байна хэмээн бахар­хана. Д.­Цэрэнтогтох аварга багадаа гутал өмсөх дургүй хүүхэд байжээ. Түүнийг багад нь “Цэрэнтогтохоо чиний биеийн цагаан хэсгүүд аль вэ” гэхэд шүд, хөлийн тавхай хоё­роо үзүүлчихээд гүйгээд явчихдаг байсан тухай нэг голын хүмүүс нь ярингаа маг, маг инээнэ. Цэрэн­тогтох аварга багадаа биерхүү “хар” хүүхэд байсан гэнэ. Зайдан морь унан уурга гэж бүдүүн мод барьчихаад түүгээрээ адуу малдаа явдаг байсан аж. Аваргын хувьд багын барилдаанч нэгэн байсан бөгөөд үеийнхнийгээ даанч нэг дагуулахгүй мундаг бяртай байсан аж. Аваргыг багад ах нар нь барилдаад ч давдаггүй байжээ. Гэрийн гадаа үеийнхээ хүүхдүүд­тэй тоглоод гүйж байхад нь хөлийн чимээ нь гэрт сонсогддог байсан гэдэг. Гадаа пид пид хийсэн хөлийн чимээ гараа л бол Цэрэнтогтохоос өөр хүн байдаггүй байж. Аваргын аавыг нутгийнхан нь “хөл” Даш­дорж гэдэг байсан тухай нутгийнхан хэлсэн юм. Нэг их өндөр биерхүү, хар нөхөр л мал туудаг байсан гэнэ. Харин аваргын ээжийн ах нь Довчиндагва хэмээх барилддаг хүн байжээ. “Хар” авар­га наймдугаар анги төгсөн Баян­хонгорын барилгын ТМС-д яваад барилдаж эхэлсэн бөгөөд 1970 онд цэрэгт очсоныхоо дараа “Ал­дар” спорт хорооны тамирчин болжээ. Наадам болохоор нут­гийн­хан нь “араажив”-аараа бөхөө сонсож, цай сүүний дээжээ өргөдөг байжээ.
Харин Ч.Даваадорж харцага багын хүч тэнхээтэй хүүхэд байсан гэнэ. Монголын үндэсний бөхөд амжилт гаргасан хүчтэнүүдийн ихэнх нь луу жилд төрсөн бол харцагын хувьд 1964 оны луу жилтнүүдийн нэг билээ. Даваадорж гурав дахин хүнд ачааг торолгүй өргөөд явчихдаг хүүхэд байсан гэнэ. Түүнийг голынх нь хүүхдүүд “Хүзүүвчгүй хусуур” гэдэг байжээ. Голынхоо хүүхдүүдтэй барилдах­даа нэг л мэдэхэд хөл рүү орон өргөөд шидчихдэг байсан аж. Харцага жаахан хүүхэд байх­даа л аль хэдийнэ гэр бүл зохион цэрэгт яваад ирсэн халхгар эрчүү­дэд тахим буулгаж үзээгүй гэлцэх юм билээ. Тэрээр сумандаа найм­дугаар анги төгсөөд аймгийн тө­вийн сургуулийг төгсчээ. Даваа­дорж харцага дотуур байранд амьдардаг байсан гэнэ. Бакиалын зулаг, дээлийн сугаа ханзартал барилдаад явдаг байжээ. Харца­гын ангид сүрхий барилддаг хэд хэдэн хүүхэд байж. Цэрэнтогтох аваргын хамаатан Гансүх, Гомбо гээд мундаг хэдэн хүүхэд байсан гэнэ. Тухайн үед овойж барилдах буюу талцаж барилддаг байсан аж.
 

МЯНГААС ДЭЭШ МАЛТАЙ ИРГЭД Л САЙХАН АМЬДРАХ БОЛОМЖТОЙ ГЭНЭ

Тус сумын иргэдийн бараг л тал хувь нь мал аж ахуй эрхэлдэг аж. Сумаа тойрон нутагладаг малчид нь сүүлийн жилүүдэд хоршоо болон нэгдэх ажилд ханцуй шам­лан оржээ. Тус сумын Шарга ба­гийн мянгат малчин Дамдинсүрэн гуайтай уулзсан юм. Тэднийх 1990 оны эхээр мал дагаж эхэлсэн бөгөөд 1997 оноос хойш 1000-аас дээш мал тоолуулж байгаа гэнэ. Зуд турхан болдог ч гэсэн тэдний мал төдийлөн хоргоддоггүй нь малчны эрдэмтэй шууд холбоотой аж. Дамдинсүрэн гуайнх өнөө жил 400 орчим төл авсан ч төдий хэм­жээгээр нь цөөлжээ. Тэгэхгүй бол эхнэр хүү хоёртойгоо хамт байдаг тул хүн бүл дутдаг гэсэн. Хавартаа мал төллөх үеэр туслах малчин аваад бусад үед нь өөрөө малаа хариулдаг юм билээ. Хавар 400 гаруй ямаанаасаа 170 кг ноолуур авч түүнийгээ тушаахад 9 сая гаруй төгрөг болжээ. Дамдинсүрэн гуайнх долоон хүүхэдтэй тул аль юм хэрэгцээтэй байгаад нь тарааж өгөөд л таарах юм гэлээ. Мал мянга хүрэхээр идэх хонь олддоггүй гэсэн үнэн үү хэмээн тоглоом шоглоомын завсар асуутал хэсэг жуумалзса­наа “Энэ ч үнэний ортой шүү. Алийг нь төхөөрөхөө мэдэхгүй байж байгаад хөгшин хөвөөгөөс нь л гаргадаг” гэлээ. Тэднийх хавартаа малтай болох хүсэлтэй иргэдэд залуухан хургатай хонио тус бүрийг нь 160 мянган төгрөгөөр зардаг байна. Гэхдээ хөдөө амь­дарч буй хүмүүс мянгаас дээш малтай л байхгүй бол амьдрал хэцүүхэн дээ гэж байлаа. Цөөн малтай ир­гэдэд төдийлөн ашиг байдаггүй тухай ярьсан юм. Тэднийх малаа даган отроор яваа аж. Эрвийсэн хадтай уулын суганд ганц гэрээр оторлож яваа бөгөөд УАЗ 469 машин, хятад мотоциклийг гэрийн­хээ баруун талд сойжээ. Малдаа мотоциклиороо яваад байна уу гэхэд “Арай ч тэгж монго­лоо ал­даагүй байнаа. Манайх хэдэн адуутай. Хүү бид хоёр адуугаараа л малаа эргүүлдэг. Энэ хужаа “яаав”-аар сумын төв ороход амар байдаг юм хэмээн нарны гэрэлд солонгорон харагдах хар мото­циклио заав.
 

ЗАСАГ ДАРГА НЬ НАМЫН ТАЛЦАЛ БАЙХГҮЙ ГЭСЭН Ч ХАМГИЙН ИХ УЛСТӨРЖСӨН ГАЗАР ГЭВ

Сүүлийн үед сумдын Засаг даргын тамгын газар гэж найз нөхдийн ажлын алба болсон тухай яригдах болсон. Нарийнтээл сумын удирдлагууд нь МАН-ын нөхдүүд гэнэ. Энэ талаар сумын Засаг дарга О.Түмэнжаргалаас асуухад “Манайд тийм зүйл байх­гүй. Тэр бүү хэл улс төрийн намуу­дын талцал ч байхгүй. Харин АН-тайгаа хамтарч ажилладаг” гэсэн юм. Гэтэл сумын иргэдтэй уулзаж байхад өөр хариулт өгсөн. Хамгийн их улстөржсөн намуудын талцал ихтэй сум гэж манай сумыг л хэлэх байх гэцгээж байлаа. Засаг даргын там­гын газар руугаа ардчиллын төлөө гэсэн сэтгэхүйтэй хүн ороод ч хэрэггүй гэсэн юм. Тэдний хувьд сумынхаа тухай болж бүтэхгүй зүйлсийг ярьж болох ч сумын удирд­лагуудаасаа “айгаад байна” гэдгээ нуусангүй. Учир нь нэрээ нууцлаад ярьсан ч яаж ийж байгаад мэдчихдэг болохоор төсөл бариад орохоор дэмжихгүй байх гэлээ. Тус суманд ажлын байр цөөхөн тул иргэд төсөл авч ажиллах хүсэлтэй байдаг гэсэн. Сумын хэмжээнд 12 лиценз байдаг бөгөөд тэр нь 25200 га газрыг хамардаг гэнэ. Нутгийн иргэд лицензийг болиулах гэж маахайгаа эргэтэл явсан сурагтай. Сүүлд харин Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр эдгээр лицензүүд цуцлагдсан байсан гэв. Ундрах захиралтай Их хан уул компани газар нөхөн сэргээлт хийх нэ­рийдлээр газрын хөрсийг эргүүлж хаячихаад нэг л өдөр алга болоод өгсөн. Ундрах гэдэг нөхөр нь МАН-д том артай, сумын удирдлагуудын найз нөхөд болох тухай ярьж байлаа. Сумын иргэд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гишүүнийг суманд нь ирэхэд “Та ард түмэн биднийг төлөөлөн УИХ-д сууж байгаа хүн. Бидний эрх ашгийг хамгаалж хууль бус зүйлсийг зог­соогооч ээ” гэхэд “Юу гэж хууль бус юм хийхэв дээ, эд нар” гээд хал­гаагаагүй аж. Одоогийн Засаг дарга Түмэнжаргал өмнө нь сумын дарга байсан Ц.Охинтогтох гэж хүний охин гэнэ. Ингэж үе улиран сонгогддог байдлыг болиулах хэрэгтэй хэмээн нэлээд бухим­далтай байлаа. Засаг даргын тамгын газрынхан нь ах дүү, хамаат­ны сүлбээгээр ажилладаг тухай ам уралдан ярьж байсан. Мөн УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Зоригт нарыг гишүүний суудлаас буулгахаар Баянтээгийн уурхай­гаар гарын үсэг зуруулж явна гэсэн шүү хэмээн байн, байн хэлж байлаа.
 

НАРИЙНТЭЭЛИЙН ЗАМ ДАГУУХ ГЭР ГУАНЗ АЖИЛЛУУЛЖ 30 ГАРУЙ ӨРХ АМЬДРАЛАА ЗАЛГУУЛЖ БАЙНА

Сумын урдуур дайран өнгөрөх зам дагуу гэр, байшин хосолсон 30 орчим өрх бий. Төв замаас хазайн гэр гуанзнуудыг чиглэн ирэх машины дуунаар бүгд гэрийнхээ гадаа гараад ирнэ. Бүгд л манай гэрийн гадаа буучихаасай хэмээн битүүхэн дотроо хүлээдэг гэлээ. Нэг айлын гадаа машин очоод зогссон бол буцаад гэр рүүгээ орчихдог аж. Хүмүүс замын гэр гуанзнууд ашиг их олдог гэж боддог ч ачир дээрээ тийм биш юм билээ. Ямартай ч өлсч, даарсан хүмүүст буян болж дулаан гэр, хоол ундаар дайлдаг тул өөрсдийгөө буянтай ажил хийдэг шүү хэмээн бахархана. Төвөөс алс зайдуу болохоор хоол хийх материалынх нь өртөг өндөр байдаг гэсэн. Өртөг өндөр гээд хоолныхоо үнийг нэмчихээр байн­гын үйлчүүлэгчид нь гомдол мэ­дүүлдэг аж. Нарийнтээл сумыг дайран баруун таван аймаг руу машинууд явдаг. Би Нарийнтээл суманд ирээд хамгийн түрүүн танилцсан хүн бол эхнэртэйгээ гэр гуанз ажиллуулдаг Д.Баттулга байсан юм. Түүнийг хэн ч харсан жүжигчин Аситай андуурам ажээ. Нүд нь эргэлдсэн, харахаас сэр­гэлэн байрын тэрээр эхнэр Д.Даа­риймаа болон хүү, охины хамт амьдардаг юм билээ. Эднийх сүү­лийн таван жил гэр гуанз ажил­луулж байгаа гэсэн. Ямартай ч хоёр идэхгүй, хоосон хонолгүй явсны буянд гэр гуанзаа өргөтгөн байшин барьжээ. Таван жил хураа­сан мөнгөн дээрээ ЖДҮ-ийг хөгжүүлэх зээлээс таван сая төгрөг авч эл байшингаа босгосон бөгөөд удахгүй шинэ байшингийн найр хийнэ гэж байлаа. Гэр гуанз ажиллуулан амьдарч буй 30 орчим айлын тэрсхэн хэдэн жаалууд ёстой л нэг бужигнуулдаг юм билээ. Нэг хара­хад л нэг газар гүйж явна. Хэдэн гэрийн хооронд харин ч нэг яд­ралгүй гүйх юм аа. Эдгээр хүүх­дүүд байшингийн сүүдэрт сэрүүцэж байс­наа “Хүннү хүн ирлээ” гээд шуу­гилдлаа. “Хүннү хүн” гэж ямар хүнийг хэлээд байгаа юм бол гэтэл зүү гартаа цагаан шуудай, баруун­даа таяг гэмээр мод барьчихсан сахал үс нь ургасан, хүрэн дээлтэй хөл нүцгэн хүний зүг багачууд жирийлгэж байлаа. Д.Баттулга энэ манай сумын хүн байгаа юм. Гутал ерөөсөө өмсөнө гэж байдаггүй хүн дээ гэв. Өнөө “Хүннү хүн”-тэй та­нилцахаар боллоо. Түүнийг Санги­доржийн Мишигдорж гэдэг. Насаа­раа нутагтаа амьдарсан бөгөөд өдгөө 68 нас хүртлээ Улаанбаатар хот руу орж үзээгүй ажээ. Баян­хонгор аймгийн Өлзийт, Өвөрхан­гай аймгийн Хайрхандулаан сум­даар явсаар байгаад насан өндөр болжээ. Гэхдээ 70 гаруй км хөл нүцгэн дээр нь явганаар эдгээр сум­дад очдог гэлээ. Хамгийн холдоо Төв аймгийн Лүн суманд хоёр удаа очсоноос цаашгүй аж. Насаараа хөдөөгүүр хөл нүцгэн таваргасан болохоор хууч өвчин гэж байдаггүй гэсэн. Хаврын дунд сараас өвлийн дунд сар хүртэл хөл нүцгэн явдаг юм байна. Өвөл цасан дээр хөл нүцгэн хүний хөлийн мөр гарсан байвал “Хүннү хүн”-ээс өөр хэн ч биш ажээ. Тэрээр зун хөдөөгүүр явж шуудай дүүрэн ааруул үүрч ирээд сумын хүүхдүүдэд тарааж өгдөг тул хүүхдүүд түүнд маш сайн. Түүнийг залуу байхдаа 70 кг-ын шуудайтай гурил үүрээд 15 км газар амралгүй хээвнэг алхдаг байсан тухай гуанзныхан ярьсан юм. Тэдэнтэй ойр зуурыг хуучлан байхад хоёр агрономич маань намайг үдэж өгөхөөр ирлээ. Их хотын зүг хүлгийн жолоо залах гэж байх ахуйд агрономич  Д.Батцэнгэл, Р.Өлзийбат нар намар ирэхэд чинь Нарийнтээлийн хөндийд цагаан будаа найгаж байх болно хэмээн гар далласаар хоцорлоо.
 

Э.ЭНХБОЛД 

Categories
редакцийн-нийтлэл

Д.Арвин: МАН-аас болоод иргэдтэй уулзахдаа цагдаагаар мануулдаг болох нь

УИХын гишүүн Д.Арвинтай ярилцлаа.

Чуулганы завсар­лагаанаар тойргийн­хон­тойгоо уулзаад байна уу?

-Намрын
чуул­ганы зав­сарлагаанаар тойр­гийнхоо иргэдтэй уулз­сан. Тэгэхдээ дандаа орон сууцанд амьдардаг хэс­гийн иргэдтэй уулзаж, захын хорооллынхон дээр очиж амжаагүй л дээ. Тиймээс энэ түр зав­сарлагааны  үеэр Баян­зүрх дүүргийн захын хо­роо­лолд амьдардаг ир­гэд­тэйгээ уулзахаар төлөв­­лө­сөн. Тэр дагуу л явж байна. Төр засгаас хийж, хэрэгжүүлж байгаа ажлын талаар танил­цуулж, иргэ­дийн санаа бодлыг сонсч байна. Ялан­гуяа гэр хо­рооллыг дахин төлөвлөх асууд­лаар, Амгаланд ду­лааны цахилгаан станц барих гэж байгаа тухай болон “Гудамж” хөтөл­бө­рийн талаарх төрийн бод­логыг тайлбарлан хүр­гэж, УИХ-ын гишүү­нийхээ үүргийг гүйцэтгэж байгаа юм. Ин­гээд Баян­зүрх дүүргийн бүх гэр хорооллын иргэдтэй уулзаж явна.

Таны энэ уулзал­тыг нөгөө талд сон­гуу­лийн сурталчилгаа гэж хараад байх шиг байна л даа?

-Харин
тийм ээ. Бүр гайхаад сууж  байна. Тойр­гийнхонтойгоо хийж байгаа уулзалтыг сон­гуу­лийн сурталчилгаа хэ­мээн хардаад ирж бус­ниу­лах асуудал гарч бай­на. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Монелийн хэс­гийн гэр хорооллын ир­гэд­тэй уулзалт хийж бай­хад үүдэнд бөөн бужиг­наан боллоо. Юу болов оо гээд хартал Баянзүрх дүүргийн МАН-ын дэд дарга Эрдэнэбаяр, улс төрийн ажилтан эмэгтэй­гээ дагуулан орж ирээд шууд зураг аваад эхэл­сэн. Тэгэхэд нь “Тойр­гийнхоо иргэдтэй уулзаж байна. Битгий зөвшөө­рөлгүй орж ирээд бужиг­нуулаад бай” гэсэн. Гэтэл Эрдэнэбаяр “Та нууц байд­лаар хуралдаж бай­на. Ингэж болохгүй” гэдэг юм байна. Тэгэхээр нь “Захын гэр хороололд хийсэн уулзалт нууц бай­далд тооцогддог юм уу” гэж хэлсэн юм. Ингэж л бидний уулзалтыг уул­залт биш болгож хувир­гаад тараасан даа. Тэн­дээс гараад иртэл Баян­зүрх дүүргийн Ардын на­мынхан гадаа ирээд зогс­чихсон байлаа.

Танд ингэж хандаад байгаагийн учир нь юу юм бол. Та үнэхээр хү­мүүст мөнгө тараачих­сан юм уу?

-Надад
тэгж хүмүүст тараагаад явах мөнгө байхгүй. УИХ-ын гишүү­ний­хээ хувиар тойргийн­хон­тойгоо уулзах эрх на­дад бий биз дээ. Өнгөр­сөн УИХ-ын сонгуулиар намайг мөнгө тарааж байж гарч ирсэн гэж ярь­даг юм. Тэгвэл манай тойр­гийн сонгогчдоос асуу­­гаарай “Арвин та нарт мөнгө өгсөн үү” гэж.  Өөрийнхөө бор зүрхээр явсан шүү дээ.  Төрд хоёр удаа сонгогдсон надад итгэсэн учраас Баянзүрх­чүүд сонгосон юм.

Миний иргэдтэй хийж байгаа уулзалтыг МАН-ынхан бужигнуулсан нь ганцхан энэ биш л дээ. Өмнө нь хүүгийнхээ ком­панийн байранд сууж байхад МАН-ын гишүүд телевизийнхэнтэй хамт орж ирээд бөөн юм болж, сайтуудаар “Арвин мөнгө тараалаа” гэдэг мэдээлэл цацсан. Тийм учраас би дүүргийн цагдаагийн хэл­тэст хандаж, болсон про­цессыг хэлсэн. УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдлаа гэдэг гомдол гар­гасан. Харамсалтай нь цагдаа нар огтхон ч тоо­гоогүй. Тэгтэл энэ үйлдлээ МАН-ынхан сая дахиад давтлаа. “Арвин нууц уул­залт хийж, сонгогчдод мөнгө тараалаа” гэдэг яриа гаргалаа. Би аргаа барахдаа МАН-ын дарга Ө.Энхтүвшин рүү мессеж бичсэн. “Намайг яагаад мөнгө тараасан гээд бай­гаа юм бэ. Энэ гүтгэлгийг хувь хүмүүс хийгээд бай­на уу. Эсвэл Ардын намын бодлогоор ийм зүйл яваад байна уу” гэж асуусан. Тэгтэл тэр “Би юу ч мэдэхгүй, тодруулъя” гэсэн хариу өгсөн.

Харин цагдаа нар  на­майг “Иргэдтэй уулзалт хийх бүртээ цагдаад мэ­дэгдэж бай” гэсэн. УИХ-д хоёр, гурван удаа сон­гог­дож ажиллахдаа иргэд­тэй уулзахын тулд цаг­даа­гаар мануулж бай­сан­гүй. Гэтэл одоо цаг­даа, хуулийнхны хянал­тан дор тойргийн иргэд­тэй уулзах болж таарлаа. Би ямар гэмт хэрэгтэн биш дээ. Ард түмнээ тө­лөөлж төрд суух үүрэг хүлээсэн төрийн түшээ хүн. Иргэдэд ч өөрсдий­гөө төлөөлж төрд сууж байгаа хүнтэйгээ уулзах­даа цагдаагаар цаг­дуулж, мануулах нь хэцүү биз дээ. Гэвч ийм л бай­далд МАН-ынхан оруул­лаа. Энэ бүхний эцэст  ард түмний цөсийг хөөр­гөн талцуулан хувааж байгаа энэ намуудыг бу­руутгаж сууна даа. Энэ байдлаас үнэхээр зал­хаж байна. Тиймээс на­мыг гишүүнчлэлгүй бол­гох хуулийг яаравчлан батлах нь зөв юм байна гэсэн бодолтой байна.

Аль ч нам гишүүнч­лэлгүй болог гэж үү?

-Нам
гэдэг нэрийн дор хэдэн хүний гар хөл болж, улс төрийн тоглоом хий­дэг байдал үнэндээ хэ­рээс хэтэрлээ. Улс­төрчдийн энэ тоглоомын золиос нь ард түмэн болж байна. Ардын намынхны энэ улс төрийн тог­лоом­ноос болж хохирч байгаа ард түмнээ өрөвдөж бай­на. Төрд сонгоод явуул­сан түшээтэйгээ ч уулзах эрхгүй болчихоод сууж байна шүү дээ. Ардын намынхан намайг ний­гэмд муухай харагдуулж, до­ром­жилж, бахаа хан­гаж байж болно. Харин дунд нь ард түмнийг хохи­роож доромжилж болох­гүй шүү дээ. Ийм байд­лаар намын гишүүн байс­наас байгаагүй нь дээр. Тийм учраас нэг мөсөн намын гишүүнчлэлийг халах хэрэгтэй болжээ.

Өнөөдөр Ардын на­мынхан төр барихдаа хотын гэр хорооллыг хөгжүүлэх тал дээр юу хийчихсэн юм. Гэр хо­роол­лын иргэд хог нов­шиндоо дарагдчихсан, гэрэл, цахилгаангүй хэцүү байна шүү дээ. Үүнийг нь цэгцлэх гэхээр уулзалтыг нь бусниулаад байна. Ардын намынхан ямар ч боловсролгүй харгис хү­мүү­сээр хорооны дарга хийлгэдэг. Тэр хүмүүс нь ард түмний амьдралыг дээшлүүлсэн нь хаана байгаа юм. “Арвинг дэмж­сэн хүнийг шоронд хийнэ” гэж ярьдаг солиотой хү­мүүс энэ намд байна шүү дээ. Тэд Ардын намын төлөө үхэлдэн гүйж, хэний төлөө яах гэж ингэж яваагаа ч мэдэхгүй ухаан­гүй шахам явж байна. Ингэж намын гишүүн байх гээд яах юм бэ, боль­сон нь дээр.

Хэн, хаана, хэнтэй уулзалт хийх нь чө­лөө­тэй болчихсон нийгэм биш юм уу. Тэр тусмаа УИХын гишүүн хүний­хээ хувьд тойргийнхон­той­гоо уулзах нь таны үүрэг байлтай

-Тийм
шүү дээ. УИХ-ын гишүүн Монгол Улсын нутаг дэвсгэрийн хаана ч иргэдтэй уулзах эрхтэй. Төрд төлөөлөх үүргийн­хээ хүрээнд тойргийн­хонтойгоо уулзах үүрэг­тэй. Гэтэл намайг ажил хийлгэхгүй, эрхийг минь зөрчиж байна. Ийм зүйл дээр арга хэмжээ авдаг хуультай л баймаар юм. Гэтэл юун тэгэх манатай. Миний зургийг аваад твит­тер гэдэг дээрээ  муу муухайгаар хэлж дором­жилж байна. Тиймээс би УИХ-ын зарим гишүүдэд “Ичээч та нар” гэж хэлж байгаа. Нэгийнхээ амаар хүн муулахын донтой бол­чихсон нөхдүүд твит­терт ордог байхгүй юу. Түүнийгээ жиргээ гээд нэрлэчихсэн байна лээ. Тэр жиргээ нь хэнд хэрэг­тэй юм. Хэнд ч хэрэггүй зүйлүүд ярьцгаана. Зо­хион байгуулалттай бүлэг хүмүүс миний талаар худ­лаа зүйл бичээд намайг хүмүүсээр доромжлуул­даг юм билээ. Намайг юу хийж, юу сэтгэж явааг мэдэхгүй байж дором­жил­сон үгийг нь даган баясч,  жиргэдэг гэсэн. Намайг хүмүүс “твиттерт орж жиргээд үнэнээ хэ­лээч” гэдэг юм. Ухамсар­гүй, хүний үгээр үг хийж, худлаа ярьдаг хүмүүст тайлбар хийх шаардлага надад байхгүй. Нийгэмд ховоор амьдардаг хүмүүс л твиттерт ордог байхгүй юу. Тиймээс үүнийг тоох­гүй байна.  Ухаантай ухам­сартай, ажилтай хүмүүс твиттерт ордоггүй юм. Ямар ч үндэслэлгүй гүтгэлгийг дагаад жиргэж л байдаг. Ингэж хүнийг доромжилж бахаа хан­гадаг бүлэг хүмүүс бий бол­чихжээ.

Та өөрийгөө хүн бол­гонд до­ромжлуулж, чичлүүлж байх ямар буруу юм хийчихсэн юм бол гэж боддог уу. МАНаас гар­сан гишүүд олон байхад тань руу дайрч байна. Магадгүй эмэг­тэй хүн болохоор нь тэгдэг юм болов уу?

-МАН-ыг би хаяагүй. МАН намайг хаясныг албан ёсоор хэлж байна. Тэд өнгөрсөн сонгуулиар УИХ-д хоёр сонгогдчих­сон эмэгтэй гишүүнээ дэм­­жихийн оронд ад үзээд хаясан шүү дээ. Батзориг бид хоёрын асуудлыг цэгцэлж, Ардын нам бодлогоо тодорхой­лохгүй бол байдал хурц­дах нь ээ гээд тухайн үеийн намын удирдла­гуу­дад хэлээд байхад ойшоогоогүй. “Арвин тэр­тэй тэргүй ялагдах юм чинь хая” гээд Бат­зоригийг илт давуу дэм­жээд явсан шүү дээ. Адил­хан нэг намаас дэвшсэн хоёр хүндээ ийм ялга­вар­тай байдлаар хандаж, намайг хаясан. Намдаа хаягдсан хүн үүнээс өөр ямар сонголт хийх юм.

Сонгуулийн үеэр Ардын намынхан намайг тагнаж чагнаж, хэнтэй уулзаж яаж байгааг мөш­гөдөг байсан юм шүү. Тийм учраас би “Сонгуу­лиар заавал гарна даа” гэсэн амлалтыг өөртөө өгсөн юм. Ер нь тагнаж чагнах ажлыг зөвхөн Ар­дын намынхан хийдэг шүү дээ. Уг нь тэд надаар дутахгүй бай­маар юм. Гэтэл яагаад намайг зүгээр орхихгүй байгааг нь гайхаад байна. Би мөрөөрөө явмаар бай­­на. Улс орон, сонгогд­сон тойргийнхоо иргэ­дийн эрх ашгийн төлөө хийх зүйл их байна шүү дээ. Гэхдээ намайг хавчих тусам би сөрж амьдарна. Тэдний доромжлол на­майг улам хурцалж бай­на. Ингэх тусам нь би өнгө орно. Луйварчин, солиотнуудын эсрэг зог­сох болно. Тэр үед тэдэнд мөхөх цаг ирнэ.

Танай хүү эмнэл­гийн тендер авсан гэдэг асуудал таныг нэлээд хэл аманд оруулж байх шиг байна. Чухам юу болсон юм бэ?

-Баянзүрх
дүүргийн гуравдугаар төрөх эмнэл­гийг барих эхний ээлжийн тендер зарлагдсан. Тэр нь нэг тэрбум төгрөг бай­сан л даа. Үүнийг манай хүүгийн “Их өргөө” ком­пани авсан юм. Ингээд ажлаа эхэлтэл хэвлэл мэдээллээр Ардын на­мын­хан зохион байгуу­лалт­тайгаар мушгин гуй­вуулж яриад эхэлсэн. Тийм учраас манай хүү “Ээжээ улстөрчид хэцүү юм байна, больё оо. Ав­сан нэг тэрбум төгрөгийн­хөө ажлаа хийчихээд эн­дээс гарлаа. Үлдсэн аж­лынх нь тендерт орол­цох­гүй” гээд больсон. Гу­равдугаар төрөх эмнэл­гийн ажлын дараагийн тендерүүдийг “Цамхаг” гэдэг компани аваад ажлаа гүйцэтгэсэн. Ердөө ийм л асуудал байгаа. Одоо Дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барил­гын ажлыг “Нийслэл өргөө” гэдэг компани хийж бай­гаа. Үүний ард МАН-ын том нөхдүүд байдаг шүү дээ. Гэтэл энэ компа­нийг “Их өргөө” компани­тай андуурч, дөрөвдүгээр төрөх эмнэлгийн ард на­майг байгаа мэтээр гүтгэн доромжлоод байгаа байх­­гүй юу. Үүнийг зо­риуд зохион байгуул­чи­хаад МАН-ынхан бах нь ханаад сууж байгаа биз. 

Ерөнхийлөгчийн сон­­гуульд мэдээж та намынхаа нэр дэвшиг­чийг дэмжих байх. Гэх­дээ хувь хүнийхээ итгэл үнэмшлээр энэ нэр дэвшигчдийн хэнд нь итгэж байна вэ?

-Монгол
Улсын хөгж­лийн төлөө бодитой зүйл хийсэн хүн л Ерөнхийлөгч болох ёстой. Ерөнхий­лөгч бол Монгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгч, үндэсний аюулгүй байд­лыг хангагч, тусгаар тогт­но­лоо хамгаалагч байх үүрэгтэй. Энэ чанараа­раа одоогийн Ерөнхий­лөгч Ц.Элбэгдорж үе үеийн төрийн тэргүүнээс илүү байж чадсан. Хүмүүс өнгөц байдлаар нам намд хуваагдсан үзлээ­рээ асуудлыг харж, энэ хүнийг анзаарахгүй бай­гаа байх. Чин үнэндээ Ц.Элбэгдорж өмнөх Ерөн­хийлөгчдөөс хавь­гүй илүү юм.

Монгол Улс, ард түм­ний эрх ашгийн төлөө бүхнийг хийж чадсан хүн. Монгол Улсын газар нут­гийг хэдхэн хүн хувааж авлаа. Лицензийн най­маа газар авлаа гэж мон­голчууд санаа зовдог бай­сан. Тэгвэл үүнийг Ц.Эл­бэгдорж Ерөнхийлөгч л цэгцэлж чадаа биз дээ. Мал бэлчих талбайгүй, явах газаргүй болчихлоо, тахилгатай уулнуудыг нь хүртэл сэнжлээд аваад явлаа гэж үглэхээс цааш­гүй байсан асуудлыг тэр л цэгцэлсэн. Тэр өөрийн­хөө нэр хүнд, бүх зүйлийг золиослон ли­цен­зийг цу­цалж, олгол­тыг нь хо­ригло­сон. Энэ нь Монгол Улсын  тусгаар тогтнолыг баталгаа­жуулж өглөө. Олигархиуд төрийн мөн­гийг идээд уучихлаа гээд улстөрчид чалчаад бай­сан мөртлөө хэн нь идэж уугаад байс­ныг илрүүл­чи­хэж чадах­гүй л байсан шүү дээ. Тэгвэл Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж гарч ирээд энэ бүхнийг ил болгож өгсөн. Өнөөдөр төрийн албан хаагчид шударга ажиллаж бай­гаад төрийн албанд хэдэн жил тог­тохоо бодъё гэж ярьдаг болсон байна. Луйвар хийхээсээ айдаг болсон байна шүү дээ. Өмнө нь хэзээ ийм бай­лаа. Энэ бүхэн Ц.Элбэг­дорж Ерөн­хий­лөгчийн хийсэн аж­лын үр дүн. Улс орныхоо төлөө зөв зүйл хийж яваа гэдэгт нь би итгэж байгаа. Дээрээс нь эмэгтэй ги­шүү­дийн гарга­сан санал санаа­чилгыг хамгийн их дэмждэг Төрийн тэргүүн. Урьд хожид хэзээ ийм байсан юм. Дарга нар наанаа “Эмэгтэйчүүдээ дэмжиж байна” гэж ярьчи­хаад хачир дээрээ бид­нийг нясалдаг л байсан шүү дээ. Тэгвэл өнөөдөр энэ хүн биднийг боди­тоор дэмжиж байна.

Та Б.БатЭрдэнэ ги­шүүнтэй Хэнтий аймагт хэд хэдэн удаа нэр дэвш­сэн. Хамт парла­мен­тад сууж байлаа. Энэ хүний сайн, мууг  мэдэх хүний нэг байх. Өнөөдөр түү­нийг Ерөн­хийлөгчийн сонгуульд нэр дэвш­сэнийг нь юу гэж бод­дог вэ?

-Ц.Нямдорж гишүүн­тэй тааралдаад “Бурхан­гүй газрын бумба гал­зуур­на” гэдэг л энэ байх даа. Ардын нам мэдлэг, боловсролтой хүн нэр дэвшүүлэхгүй яасан юм бэ дээ” гэж хэлсэн. Би тэр хүний муу сайныг мэднэ. Гэхдээ өнөөдөр олон юм яриад яах вэ. Ямар ч байсан Монголын ард түмэн ухаантай учраас өөрсдийнхөө итгэл үнэмшлээр сонголтоо зөв хийх биз ээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Монгол Улс цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээ биш

Хоёр өвгөн  сонгуулийн тухай яриа өрнүүлж сууна. Нэр дэвшигчдийг л яриад байна. Угаас олны ярианы сэдэв сонгууль болчихоод байгаа. Дээр нь манайхан улс төржих дуртай улс юм.

“Одооны
залуус ямар Б.Бат-Эрдэнэ аваргыг ид ба­рил­даж байх үеийг мэдэх биш, наадам,  цагаан сараар аваргыгаа л харах гэж хүлээ­дэг байлаа. Одоо ч улс тө­рийн дэвжээнд барилддаг болж дээ”. Харин нөгөөх нь “За хэн мэдэхэв. Улс төрийн дэв­жээнд бол жинхэнэ аварга чинь Ц.Элбэгдорж байх аа.   Бөхийн дэвжээнд аварга нь аваргаараа байвал дээр байх.  Улс төрийн дэвжээнд  ч амжихгүй ээ хө.  Тэгээд ч Мон­гол Улс бол цэнгэлдэх хүрээ­лэнгийн зүлэг ногоон  дэвжээ биш”. Эхний өвгөн дурамж­ханаар  “Бидний үед муу юм юу байсан юм” гэхэд нөгөөх нь “Сайн юм нь тэгээд тийм олон байсан уу. Ядаж л чи бид хоёр ингэж хүссэнээрээ бурж чаддаг байсан билүү. Энэ ардчиллын хэдэн хүүх­дүүд чинь овоо дориун юм хийгээд байгаа. Нүдэнд ил байгаа юмыг хараагүй юм шиг, мэдээгүй юм шиг байх уу.  Хуучин цагаа дурсаж  Ардын намаа зөндөө дэмжлээ. Яаж идэж, ууж байсныг нь эхнээ­сээ мэдэж авлаа. Цаана нь ч зөндөө бий. Одоо үүнийг ил болгохгүй бол буцаад л авли­гачдад дарлуулаад, тэднийг өөгшүүлээд суух уу. Ц.Элбэг­дорж авлигачдыг ёстой нэг номхруулж байна. Авлигатай тэмцэж байгаа хүнээ ажлыг нь дуусгалгүй өөрчилж болохгүй ээ. Одоо дэлхий Монголыг харж байгаа. Энэ нөхдүүд ухарч нэг алхах уу, урагшилж нэг алхах уу гэдгийг шийдэх цаг хаяанд ирчихээд байна.  Ямартай ч би Эбэгээ дэм­жинэ” гэв. Харин эхний өвгөн “Бөх хүн Ерөнхийлөгч болж болохгүй гэж хэн хэлээд бай­гаа юм” гэхэд “Бөх нь бөхөө­рөө, Ерөнхийлөгч нь Ерөн­хийлөгчөөрөө байг ээ хө. Би аваргад дургүйдээ биш, авлигачдад дургүйдээ ингэж хэлж байна. Цаад авлигачид нь аваргын ард нуугдаад Ерөнхийлөгч болбол бид ав­рагдана гээд л сууж байгаа.  Тэд л одоогийн Ерөнхийлөг­чийг дахиад ялаад гарч ирэ­хээс айж байгаа болохоос бид  бол дэмжинэ. Тэгэхээр өөр сонголт байхгүй. Ц.Элбэг­дорж л байна. Бөхийн бяр улс орон удирдахад хамаа байх­гүй” гэлээ. Тэд цааш юу ярьс­ныг бүү мэд. Улстөржсөн ярил­цагч хоёр маань нэр дэвшигч  Н.Удвалын тухай үг унагасангүй. Энэ сонгууль Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ хоёрын л хооронд болно гэж үзсэн биз.

Хүүхэд салхилуулах зуур л хажууд суусан хоёр өвгөн иймэрхүү юм л яриад сууж байсан. Үнэндээ авлигачид л одоогийн Ерөнхийлөгчийг дахин сонгогдвол өөрсдөө дараагийнх нь ил болох хүн гэж айгаад сууж байгаа даа, тэр нэгэн үл таних өвөөгийн хэлснээр.  

Ард түмэнд авлигачидтай тэмцдэг хүнийг дахин сонго­ход айгаад байх зүйл үгүй. Харин авлигачдыг ардаа нуух хүн бол хэрэггүй. Авли­гачдын идсэн уусан, угаасан мөнгөөр хичнээн сургууль цэцэрлэг, зам талбай барих байсан бол гээд бодохоор өнөөх өвгөний үг нээрээ үнэн  байна.  Хичнээн барилга бай­шин босох байсан бол. Ар­дын намынхан нэр дэвшиг­чийнхээ сурталчилгааг хийх­дээ “Ц.Элбэгдорж МАН-ын авлигачидтай тэмцлээ.  Б.Бат-Эрдэнийг сонгож  Ардчилсан намаас гаралтай авлигачид­тай тэмцүүлье” гэх утга бүхий зүйл ярьж байна лээ. Нэг талаас харвал сөрөг хүчин өөрсдийн намаас нь авлига­чид байгааг хүлээн зөвшөө­рөөд ч байх шиг. Угтаа бол Ерөнхийлөгч  аль нэг намаар нь ялгаварлан авлигачидтай тэмцээгүй. Хэрэв Б.Бат-Эр­дэнэ аварга   ялбал   дан ганц Ардчилсан намынхнаас л  авлигачин байна уу, үгүй юу гэж сонгож байгаад тэмцэх юм байна гэж ойлгогдоод байгаа. Ард нь өөрийнх нь намын авлигачид нуугдаж үлдэх нь л дээ. Түүнийг нь алдаатай сурталчилгаа гэж ойлгож бай­на. Арай намын анд нө­хөд, зөвлөгчид нь хувь нэр дэвшигчид “Ялахаараа зөв­хөн нөгөө намын нөхдөө­сөө л авлигачин олж тэмцээ­рэй” гэж зөвлөөгүй байлгүй дээ. 

Дэлхийд Монгол Улсыг төлөөлдөг нэг номерын эл­чин сайд бол Ерөнхийлөгч байдаг. Хуулиндаа ч Монгол Улсыг төлөөлдөг гол хүн гэдгийг нь заагаад өгчихсөн. Англи, орос хэлээр ярьдаг гэдэг бол нэг хэрэг. Харин дэлхийд улс орноо хэрхэн төлөөлөх вэ гэдэг нь хамгаас чухал. Тухайлбал, одоогийн Ерөн­хийлөгч зүгээр нэг бэл­гэдэл биш, санаачлагч байж ирсэн. Ялангуяа дэл­хийн байгаль орчны асуудалд  олон зүй­лийг санаачилсан. Тий­мээс ч НҮБ-аас   түүнд дэлхийн бай­галь орчны тө­лөө оруулсан хувь нэмрийг нь үнэлж шаг­налаа гар­дуулсан билээ. 

Б.Бат-Эрдэнэ аваргын хувьд гурван удаа УИХ-д гарч ирсэн. Эхний дөрвөн жил бол нэг их дуугарч байсангүй. Дараа дөрвөн жилээс дуугарч эхэлсэн. Тэгэхээр Ерөнхий­лөг­чөөр сонгогдвол дахиад дөрвөн жил дуугүй суух уу. 76-гийн дун­даас хааяа нэг үг хэлэх өөр.  Монголыг төлөөлж дэлхийд ярих нэг өөр. Улсын тэргүүнд дэлхийн хэм­жээнд улс орноо төлөөлж ярих, са­наач­­лагч байхаас сурал­цаад байх хугацаа байхгүй. Одоо­гийн Ерөнхийлөгчийн хувьд энэ сарын 26-нд  сон­гууль дуус­лаа,  27-нд нь  аж­лаа үргэлж­лүүлээд л хийнэ.

Улс орноо цааш нь хөг­жүү­лэхэд,  дэлхийн хэмжээнд  сэтгэдэг Ерөнхийлөгчөө сон­гох өдөр тун ойртож ирлээ. Мэргэн сонголт зөвхөн бид­нээс хамаарна. Дээр нь залуус бидний ирээдүй ямар байх нь сонголтоос минь шалтгаална. Тиймээс залуус бид сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй байгаа юм. Санал өгөөгүй бол сонголтоо хүсээгүй хүндээ алдаж байна гэсэн үг.

Ерөнхийлөгчийг оюутнуу­дыг дэмжлээ гээд буруутгаж яриад эхэллээ, өрсөлдөгчид нь. Эсвэл бүгдийг нь төлбөр­гүй сургана гэж хавтгайруулж,  хууль санаачлаад эхэллээ.  Гэсэн атлаа далан мянгаар оюутнуудыг эрхлүүллээ гэх юм. Хүний нутагт оюутан бай­­хын зовлонг сайн мэдэх хүний хувьд залуусынхаа боловсролд анхаарч байгаа нь, ирээдүй болсон залуусаа дэмжиж байгаа нь юу нь бу­руу гэж. Үнэхээр мундаг бай­гаад гадаадад сурах бол­бол улсаас төлбөрийг нь төл­нө гэлээ. Гэтэл түүний өн­гөрсөн дөрвөн жилд хийсэн болго­ныг нь үгүйсгэх кампа­нит ажил өрнөө юу гэлтэй хараг­даж байна.

Эрх баригчид  ажил хийж байгааг сонгуулийн шоу гэж тайлбарлах юм. Ид бүтээн босголтын үе эхэлчихээд бай­­хад өвөл нь дэндүү хүйтэн манай улс сонгуулийн шоу гэж харагдана гээд сонгууль дуустал хүлээлтэй нь биш. Сонгууль дууссан хойно амьд­­рал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Наадмын мар­гааш намар гэдэг дээ. Ажил хийгээгүй гээд дараа нь бас л загнана, эрх баригчдыг.

Ардчилал гэдэг бол мон­гол хүн бүрийн үнэт зүйл болсон. Тэр үнэт
зүйлийг авчрах гэж ардчилсан хувьс­галыг хийсэн хүн түүнийгээ улам төгөлдөржүүлж,
хамгаа­лах гэж тэмцдэг юм байна. Ц.Элбэгдоржийг дахин сонго­ход ард түмэнд айгаад
байх юм алга. Ажлаа үргэлжүүлээд хийг. Авлигатай үргэлжлүү­лээд тэмцэг. Ингэхийн
тулд дээрх өвгөний хэлсэнчлэн Ц.Элбэгдоржоос өөр сонголт алга. Монгол Улс бол цэнгэл­дэхийн  дэвжээ биш. 
Харин дэлхийн дэвжээнд өрсөлдө­хийн тулд бид зөв сонголтоо л хийх хэрэгтэй
байна.

Categories
редакцийн-нийтлэл

Найман хувийн зээлээр авах байраа сонгоогүй бол “Ард”-аар ороод гараарай

Нийслэлд яг өнөөдрийн байд­лаар ашиглалтад орсон 8700 гаруй айлын орон сууц байна. Барилгын ажил нь дууссан энэ байрнуудын 80 орчим хувьд нь захиалга авчих­сан гэхээр 1740 орчим айлын орон сууц эзнээ хүлээж байна гэсэн үг. Найман хувийн зээлд хамрагдах гэж буй хүмүүсийн хувьд эдгээр орон сууцны  байршил, үнэ өртөг, гаднах тохижилтыг сонирхож бай­гаа байх. Хуучнаар “Ард” кино театр, одоогийн “Хас” банктай байрны  хоёрдугаар давхарт мар­гааш нээлтээ хийх “Шинэ байр” орон сууцны мэдээллийн нэг цэ­гийн үйлчилгээний төвөөс ашиг­лалтад орчихсон  бүх байрны мэдээллийг авах боломжтой юм билээ. Ашиглалтад орсон байр­нуудаас гадна энэ ондоо багтаж ашиглалтад орох орон сууцнууд, зарах гэж байгаа хуучны орон сууцнуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ч эндээс авах болол­цоотой гэсэн. Нэг цэгийн үйлчил­гээний төвд 30 орчим барилгын компанийн орон сууцыг тусгай павильон гаргаж танилцуулах юм байна. Сонирхсон байрныхаа зураг, дэлгэрэнгүй мэдээллийг эндээс онлайнаар харах боломж­той аж. “Шинэ байр” орон сууцны мэдээллийн нэг цэгийн үйлчил­гээний төвийн хоёр дахь салбар нь Энх тайван найрамдлын ордон дээр ажиллаж эхлэх нь.  Нэг цэгийн үйлчилгээний төв амралтын өдөр­гүйгээр байнга ажиллах юм байна.

УЛААНБААТАРТ 32 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦАНД ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Өнөөдрийн байдлаар нийс­лэлд таун хаус, орон сууц хауз, орон сууцны апартментыг оруу­лаад тооцвол 225 төсөл хэрэгжиж байгаа юм байна. Эдгээрийн за­рим нь ашиглалтад орох дөхөж байхад дөнгөж  сууриа тавьчихсан байр ч бий гэнэ.

Улаанбаатарт  одоогийн байд­лаар 32 мянган айлын орон суу­цанд захиалга авч байна. Хаусуу­дыг нь хасаад тооцвол 30 орчим мянга. Эдний  93 орчим хувь нь найман хувийн зээлд хамрагдах боломжтой гэж үл хөдлөх хөрөн­гийн зах зээлийнхэн тооцжээ. Найман хувийн зээлд тавьсан 80 хүртэл метр квадрат байр  гэсэн босгыг  26 орчим мянган айлын орон сууц хангаж байгаа аж. Энэ жилдээ багтаад 23 мянган айлынх нь орон сууц ашиглалтад орохоор төлөвлөгджээ.  Орон сууцны хувьд хэлсэн хугацаандаа ашиглалтад ордоггүй гэсэн асуудал байдаг ч энэ оны тухайд төлөвлөсөн байр­нуу­дын нэлээд нь эзнээ хүлээгээд авчих болов уу гэсэн хүлээлт үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр ажилладаг мэргэжилтнүүдэд бай­на. Учир нь барилгын ажил нэлээд ахицтай яваа гэнэ.

Захиалга авахаар зарлагдсан байр­ны 60 орчим хувь нь эзэнтэй бол­сон, өөрөөр хэлбэл хүмүүс нэ­гэнт захиалчихсан  гэх судалгааг “Тэнхлэг зууч” үл хөдлөх хөрөнгийн ком­панийнхан гаргажээ. Барилгын компаниудын хувьд энэ мэдээлэл нь дотоод нууцлалд ордог учраас нэгд­сэн мэдээлэл гаргах боломж­гүй аж. Нийт хичнээн айлын орон сууц баригдаж байгаа талаарх нэгд­сэн мэдээллийг гаргах боломж ч байдаггүй гэнэ. Үл хөдлөх хөрөн­гийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьд су­дал­­гааны баг гаргаж байж бодит тоог нь гаргадаг юм байна. “Тэнхлэг зууч”-ийнхан гэхэд судалгааны баг­тай аж. Тус компанийн  захир­ал Б.Мөнхнаран “Ма­най судалгааны ба­гийнхан хаана ухсан нүх, гозой­сон кран, хашсан хашаа байна бүгд дээр нь очиж судалгаа авдаг” хэ­­мээн ярив. Сонирхуулж хэлэхэд орон сууцны барилга ашиг­лалтад ор­лоо л бол гурван сарын дотор за­рагдаад дуусдаг гэсэн судалгаа гар­­чээ. Хол байрлалтай, өрөөний зо­­хион бай­гуу­лалт муутай гэсэн шалт­гаанаар ашиглалтад орсон байр­ны  тун цөөхөн нь буюу  таван хувь нь зарагдахгүй хугацаа алддаг аж.

НАЙМАН ХУВИЙН ЗЭЭЛЭЭ МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСЭЭР ХӨӨЦӨЛДҮҮЛЖ БОЛНО

Цаг зав муутай хүмүүс ажлаа­саа чөлөө авч байж орон сууцны зээлээ хөөцөлдөхөөс аргагүй бол­дог. Тэгвэл маргааш нээгдэх “Шинэ байр” үзэсгэлэнг хамтран зохион байгуулж буй “Тэнхлэг зууч”, “Актив зууч” компанийнхан байрны зээл хөөцөлдөж өгөх шинэ үйлчилгээ үзүүлж эхлэх гэж байгаа аж. Орон сууц авах хүмүүст сон­голт хийхээс нь эхлээд гэрчилгээ авах хүртэл нь үйлчлэх гэнэ. Орон сууц анх удаа авах гэж байгаа иргэд байршлаа сонгохоос эх­лээд алдаа их гар­гадаг учраас зээлд хамрагдах иж бүрэн зөвлөгөө өгөх чигийн үйл­чилгээ ч гарчээ. Найман хувийн зээл олгож эхэлс­нээс хойш банкинд хандах хүмүүс эрс ихэсчээ.

БАЙРНЫ МЕТР КВАДРАТЫН ҮНЭ САЯ 300-ГААС ДӨРВӨН САЯЫН ХООРОНД БАЙНА

2007 онд орон сууцны зээл өмнө нь  олгогдож байснаас 80 хувиар өсч, метр квадратынх нь үнэ ч дагаад өсч байв. Энэ удаа 800 тэрбум төгрөг орон сууцны зах зээл дээр гарч байгаа болохоор  байр­ны үнэ өсөх болов уу гэсэн бол­гоомжлол иргэдэд бий. Энэ зах зээлд ажилладаг хүмүүсийн хувьд байрны үнэ 2007 он шиг эрс өсөхгүй гэж байна. Учир нь Засгийн газраас гаргаж буй 800 тэрбум төгрөг дан ганц зээлд зарцуулаг­дахгүй.  Арилжааны банкуудаас өндөр хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдсан хүмүүсийн зээ­лийн хүү найм  руу орж байгаа. Тэр зөрүү нь Засгийн газрын 800 тэр­бумаас гарах учраас үнийн айхтар савлагаа үүсэхгүй гэнэ. Орон сууц­ны үнийн хувьд зэрэглэлээрээ ялгаатай байгаа аж. Одоогоор зах зээлд стандарт, дундаж, бизнес, өндөр гэсэн дөрвөн зэрэглэлийн орон сууц байна. Зэрэглэлийн хамгийн гол шалгуур нь байршил, дараа нь барилгын чанар, гадна тохижилт, ашиглаж байгаа мате­риал гээд цаашилдаг бололтой.

Стандарт гэдэгт нь апарт­мен­тын хамгийн анхны шалгуурыг хангасан, хотын төвөөс зайдуу орон сууцнууд ордог байна. Ийм орон сууцны метр квадрат нь сая 370 орчим мянган төгрөгийн үнэ­тэй байна. Дундаж зэрэглэл гэдэгт нь  байрнуудын дунд ганцаараа баригдсан,  тоглоомын талбай, энэ тэр  багатай ч  байршил нь  муу­дахааргүй,  хотын хоёрдугаар бүсэд байрлалтай орон сууцнууд багтдаг гэнэ. Энэ төрөлд багтах орон сууцны метр квадратын дун­даж үнэ нэг сая 880 мянган төгрөг аж.  Бизнес зэрэглэл гэдэгт нь хотын төвд гайгүй байрлалтай, өндөр зэрэглэлийн барилгын мате­риалаар баригдсан, ерөнхий тө­лөв­лөлт нь давгүй,  гаднах талбайн хэмжээ том, айлуудынх нь  тоо цөөн байрууд ордог юм байна. Ийм байр авъя гэвэл метр квадратынх нь дундаж үнэ хоёр сая 700 мянган төгрөг хавьцаа байна. Зайсан орчимд голдуу байрласан өндөр зэрэглэлийн байруудын нэг метр квадратын дундаж үнэ дөрвөн сая 100 мянган төгрөг гэнэ. 

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ БАЙРНЫ ИЙМ СОНГОЛТУУД БАЙНА

Бид найман хувийн зээлээр авах боломжтой, ашиглалтад ор­сон хэд хэдэн байрыг сонирхлоо.  Эхний орсон газар бол 16 дугаар хороололд баригдсан “Саруул тэнгэр-2” цогцолбор. Энэ оны эхнээс ашиглалтад орсон уг орон сууцны нэг өрөө байрууд нь бараг дуусчээ. Замынхаа яг хажууд байр­лалтай аж. 2-3 өрөө байр сон­голттой байгаа гэнэ. Нэг метр квадрат нь 1,5 сая төгрөг юм байна.  500 айлын багтаамжтай, 11 давхар дундаж зэрэглэлийн орон сууц аж.  Хоёр өрөө нь 41.5-49.5 метр квад­ратын хооронд байгаа аж. Үнийн хувьд 58 саяас 74 саяын хооронд байна.  Урьдчилгаа 30 хувиа тө­лөөд найман хувийн зээлд хам­рагдах боломжтой гэнэ. Зээлд хамрагдахын тулд эхлээд байраа сонгож, орон сууцны компа­ни­тайгаа гэрээ байгуулна гэж тус цогцолборын борлуулалтын алба­ныхан ярьж байлаа. Хотхоны ард хүүхдийн тоглоомын талбай ба­риад эхэлжээ. Хүсвэл гараж авч болох юм билээ. Үнэ нь 14 сая 500 мянган төгрөг юм байна. Дараа­гийн орсон газар бол Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн урд баригдсан “Чандмань өргөө”  орон сууц. Гэр хороолол дунд баригд­жээ. Зургаан давхар шар өнгийн энэ орон сууц ашиглалтад ороод удаагүй аж. Нэг, хоёр өрөө байрны сонголт байгаа гэнэ. Метр квад­ратын үнэлгээ нэг сая 750 мянган төгрөг. Айл бүр 1-2 тагттай, интер­нэтэд холбогдсон, галаас хамгаа­лах дохиололтой, тоглоомын тал­байтай гэж борлуулалтын албаны­хан нь ярьж байлаа. Эндээс нэг өрөө байр авъя гэвэл 36.9 метр квадраттайг нь 68 сая төгрөгөөр авах юм билээ. Хоёр өрөө байр нь 31.3-58.9 метр квадрат хүртэл сонголттой, 57 саяас 103 сая төг­рөгийн хооронд үнэлгээтэй байна. Авто гараж нь 19 сая төгрөгийн үнэтэй.  “Чандмань өргөө”-гөөс гурван буудал хэрийн цаана байр­лах  “Сүмбэр” хотхоны байрнаас ч сонголт хийх боломжтой юм байна.  105 айлын багтаамжтай, 12 дав­хар, дундаж  зэрэглэлийн орон сууц аж. Метр квадрат нь хоёр сая 350 мянган төгрөг юм байна. Хоёр, гурав, дөрвөн өрөөний сон­голт байгаа гэнэ. Гурван өрөө байр­нууддаа хямдрал зарлаж  хоёр сая 250 мянган төгрөг болгож бууруул­жээ. Хоёр өрөө байр нь 56.75 метр квадрат, үнэ нь 131 сая төгрөг бол гурван өрөө байрууд 62.44 – 68.37 метр квадрат, үнэ нь 140 саяас 153 саяын хооронд зарагдаж байна. Дөрвөн өрөө байрууд нь 79.47-110.42 метр квадратын сонголттой, 187 саяас 254 сая төгрөгийн үнэтэй байна. Авто гараж нь 20 сая төгрөг юм байна. Баянзүрх дүүргийн баруун талд баригдсан “Эко тогтол” ком­панийн орон сууцанд нэг, хоёр, гурван өрөөний сонголт байгаа аж. 35 айлын есөн давхар орон сууц юм билээ. Дундаж зэрэг­лэлд орох гэнэ. Метр квадратаа хоёр саяар үнэлжээ. Найман ху­вийн зээлд орох боломжтой ч урьдчилгаа 50 хувиа төлөх шаард­лагатай юм байна.

Офицеруудын ордны зүүн хойд талд 96 айлын арван давхар, дундаж зэрэглэлийн орон сууц ашиглалтад оржээ. Нэгээс гурван өрөөний сонголттой, метр квадрат нь нэг сая 800 мянган төгрөг аж. Доод талдаа үйлчилгээний төв, тоглоомын талбайтай юм байна. Авто гаражаа 17 саяар үнэлжээ. Борлуу­лалтын албаныхан нь най­ман хувийн зээлд хамрагдах боломж­­той гэж байв.

Ц.БААСАНСҮРЭН

Б.ЖАНЧИВДОРЖ

Categories
редакцийн-нийтлэл

“Хөвчийн Харыг хаа таарсан газраа өчиггүй бууд”

-ҮХЭЛТЭЙ ТЭМЦЭЛДСЭН ХОЁР ХОНОГ-

Түрүүч нь ¹ 144 (4471), 146 (4473), 147 (4474), 153 (4480), 154
(4481) 
дугаарт

Зөөлөн шиврээ бороо хөшиг­лөж, намираад хөвчийн ой чив чимээгүй дүнсийх. Бүлээн борооны дусалд мөлчийтөл норсон сохор номин, модны саарал оготно зэрэг тэр хавиар жирийлгэж байв. Гэр нь усанд автчихаад орох газаргүй сандралдаж байгаа нь гарцаагүй. Тэдгээр амьтан хад бараадаж уснаас амьд гарах гэж байгаа бололтой.

Норсон хувцас бие жиндээж, гал түлэх боломж алга. Агуй шиг хэлбэртэй хадны нөмөрт хэсэг цомцойж суухаас өөр арга бай­сан­гүй. Норсон болжмор нөмөрт хорго­дох шиг л харагдах байсан биз. “Хөвчийн хар” надад цуваа өгөөд өөрөө шалба норчихсон. Хөх хал­зан хэсэг намдаж байгаа болол­той. Намируулан намируулсаар бороо татрав. Хөвчийн хар хувцсаа тайлж, хэсэг мушгиад хажуу талын хаданд өлгөчихөөд цээж нүцгэн сууна. Хүмүүс миний талаар  “”Хөв­чийн хар” гээд үлгэр домог шиг юм ярьдаг шиг байгаа юм. Тэрийг нь зарим хүн их том биетэй, үс ноо­сон­доо баригдсан, ангийн үсэн хувцастай сайн эр гэж төсөөлдөг шиг байгаа юм. Саяхан Ерөө су­манд очтол нутгийнхан “Хөвчийн хар” ирлээ гээд сүйд. Тэгсэн зарим нь намайг харчихаад “Өө ийм жаахан биетэй байсан юм уу” гээд л голонгуй байна лээ” хэмээн бие­нээс нь уур савсчихсан, хөгжилтэй нь аргагүй инээд алдан, үргэлжлэн орох бороог түвэгшээсэн шинж ер алга. Тэрбээр шавилхан биетэй, тос даасан хүрэн бор царай, бул­чин шөрмөс нь зангирсан 50 насны босгыг алхаж яваа өлчир эр. Нүүр­нийх нь үрчлээс болгон туулж өнгөрүүлсэн амьдралыг нь гэрчлэх гүн. Буржгар хар үсэнд нь мөнгөн сор уначихсан тийм л буйд хүн. 

Цагаан гэгээ тасраагүй боло­хоор хоорондоо элдвийг ярьж суулаа. Тэрбээр 2005 оны өвөл ес эхлээд жавар тачигнаж байхад зэрлэг гахай намнах гээд анчид ирчихсэн байж магадгүй хэмээн хөвч рүүгээ гарсан гэнэ. Ямар холбоо барих хэрэгсэл байх биш. Хэрэглэх зүйлсээ жин тан бэлдээд гэргийдээ 20 хоноод ирэх байх гээд гарчээ. Цаашаагаа Минжийн хан­гайн застав, хил хүрээд эргэх төлөвлөгөөтэй гэрээсээ гарчээ. Тэгэхдээ зун, хаврын цагт ууланд явж байсан цавьдар морио унаж, өвлийн цагт ууланд явуулж сур­га­хаар хөвч рүү оржээ. Уулынхаа хэцийг барьж явсаар долоо хоног явсан байна. Өвлийн улиралд өдөр богино байдаг болохоор одод анивчин гялалзсан шөнөөр отог руугаа очихоор явсан байна. Тэгтэл гэнэтхэн  морь нь бусгаад уулын уруу амаа аван давхижээ. Амыг нь тогтоох гэж ноцолдож байхдаа модны бүдүүн мөчирт хэнхдэгээрээ цохиулаад мориноосоо ойчжээ. Мориноос ойчихдоо баруун хө­лийн­хөө өвдгийг гэмтээгээд бууныхаа бөгсөөр хавиргаа цохиж бэртээд эвгүй уначихсан аж. Ин­гээд өвлийн шөнө хань болох хүнгүй ганцаараа явган хоцорчээ.  Хөвчийн жавар хацар исгэн хай­раад салтаагаар татсан цасан дунд ацтай мод сугандаа тулаад мориныхоо араас мацсан байна. Дах, үстэй дээл, эсгий гутал, өмсчихсөн болохоор явахад хүнд байх нь ойлгомжтой. Хулжаад алга болсон морины мөр зурайж байх бөгөөд түүний араас алхжээ. Кило­метр хэртэй яваад бүх бие нь битүү хөлөрчээ. Үстэй дээлээ нэвт хө­лөрч, хамаг чадлаа бартал яваад цасан дээр дээшээ хараад хэвтсэн байна. Түүнд цааш явах хүч чадал үнэндээ байгаагүй учир хэсэг зуур амрах гэж хэвтэж буй нь тэр аж. Хөлийнх нь өвдөг халуу оргин өвдөж, хөлсөө сэвж дахаа тайлах гэхээр хатгаа тусах учир хөлстэйгөө хэвтээд байсан гэнэ.  Хоёр цаг гаруй цасан дээр хэвтээд тэндээ гал түлж хоноглохоор болсон аж. Тэгтэл гэнэт шүдэнз байхгүй гэдгээ мэдсэн байна. Гэрээсээ гарахдаа тамхинаас гарахаар шийдэж огт тамхи аваагүй байжээ. Бүр боодол шүдэнзээ ганзагалаандаа хий­чих­сэн. Тэр нь хулжиж алга болсон моринд нь ганзагалаатай байжээ.

Ингээд хөвч тайга дунд бэр­тэл­тэй хөлтэй, гал түлэх шүдэнзгүй, буунаас өөр ханьгүй явган хүн болж хувирах нь тэр. Цасан дээр удаан хэвтэхээр доороос хайрч эхэлсэн байна. Удаан хэвтээд байвал осгож үхэх аюул ойрхон байгааг сануулах мэт салхи хүчтэй үлээж. Тухайн үед “Чи энэ хөвчийн хүн. Чамаас өөр энэ хөвч тайгыг мэдэх хүн байхгүй. Энд өмнө сайн эрс амьдарч байсан. Тийм болохоор үхэж болохгүй шүү” гэж өөрийгөө зад загнасан юм байх. Өөртэйгөө ярьж хүч ороод уулын нөмөр бараадахаар алхжээ. Араас нь амьтан дагаад байгаа юм шиг мэдрэмж төрж, эргэж харахад юу ч байхгүй хөвчийн ой л харлан үзэгдэх ажээ. Арай гэж Мөнгөлт гэж уулын зүүн дор хадны нөмөр олж тэндээ хоноглохоор болон хэвтэв. Гэвч эсгий гутал нь цасанд удаан явсан болоод ч тэр үү норж бүр сүүлдээ хөлийг нь хайраад мэдээ алдуулах шахуу юм болж. Энэ янзаараа удаан байвал хөлөө хөлдөөх байх хэмээн бодоод гут­лаа тайлж үстэй дээлэндээ ороон дахаа нөмрөөд үүр хаяарахыг хүлээн суужээ. Хамаг бие нь дагжин чичирч хөл нь тэсэхийн аргагүй өвдөж янгинах. Тэр болгоныг шүд зуун тэсээд л байсан гэнэ. Арай гэж үүр цайлгажээ. Баруун хөлийн өвдөг нь үеэрээ битүү хавдаад гишгэхэд тун зовиуртай болсон байж. Тэгэхээр хажууханд байх нарийнхан ацтай модонд гутлын жийрэгээрээ хөлөө битүү ороож байгаад хөлөө хийж зүгээр хөлөө­рөө нөгөө мод руугаа жийжээ. Тэгэхдээ амандаа малгайгаа зуу­сан гэх. Өвдөгний тэр хавиар нужиг­наад л явчихсан юм байна. Өв­дөг­ний үе нь хажуу тийшээ болж мултраагүй ч тулчихсан бололтой гэж өөрийгөө оношлоод мо­рины­хоо мөрийг хайхаар явжээ. Морины араас явж байгаа нь  өвөл явж үзээгүй морь уулынхаа хяраар явж чадахгүй. Газар доошлох тусам цас гүнзгий аль нэг сөхөнд хар хэнхдэгээрээ тулаад зогсчих юм бол бариад авч болно гэж тооцоо­лоод алхжээ. Гол нь ганзагалаатай зүйлсээ олоод авчих юм бол тайга­даа хэд хоносон ч алзахгүй мэнд байна. Тиймээс унаж явсан цавьдар морио олох нь юу юунаас илүү чухал. Өдөржин мориныхоо мөрөөр алхжээ. Нар  тэртээд дүнхийх хөхөмдөг  уулсын баруун сугаар ороод жаргачих гээд хамаг чадлаараа цасан дундуур туучаад л алхжээ. Түүнийг ой хөвчид явга­руул­сан ухаа цавьдар морь энэ жил тарга хүч сайтай байсан учир гүнзгий цасыг ажралгүй явсан байгааг мөрнөөс харж болохоор. Долоо хоног явсан болохоор хөн­гөр­чихсөн ид дээрээ байгаа гэдгийг ч “Хөвчийн хар” мэдэж байжээ. Ингээд бүрэнхий болох үед хөр цасан дунд дахиад нэг шөнийг өнгөрөөх болжээ. Өдөржин явж ядарсан болоод ч тэр үү бүдүүн модны нөмөр бараадаад унтсан байна. Нэг хэсэг нөм унтаад шөнө дундын алдад сэржээ. Хоёр хөл нь мэдээ алдчихсан гишгэж болохгүй. Хамаг бие нь хөшөөд чичирч гар­сан байна. Сүүлдээ өдөржин хоол ундгүй хоосон яваад энэ хүйтэнд осгож доторх дулаанаа алдаж байгаа юм байна хэмээн бодоод дороо дэвхрэхийг хичнээн орол­довч хүч хүрэхгүй, өвчиндөө дийл­дэж  байжээ. Хэсэг хөдөлсөн чинь хөлс нь чийхраад даарахаа больжээ. Тэгтэл энд тэндээс нь чоно улиад эхэлсэн юм байх. Бууных нь савхин дайзанд 20 гаруй сум байсан учир гурван ч удаа тэнгэр рүү буудаж дуу гаргасан гэнэ. Энэ хооронд өөрийн мэдэлгүй шалам­гай хөдөлж байснаа сүүлд анзаар­сан аж. Чоно ч алга болж үүр дөнгөж цайрангуут мориныхоо араас явжээ. Гэмтэл авсан хөл нь өвдөхгүй болсон учир хурдан ал­хаж явсаар өдөр дундын алдад унаж яваа морио харсан байна. Салтаагаар татсан цасанд өдөр­жин яваад ядарсан учир дахаа тайлж орхиод мориныхоо наанаас дөхжээ. Хамаг хүчээ шавхан байж арай гэж очиход цулбуур нь мо­донд ороолцолдоод морь нь зогс­сон  нь түүнийг үхлийн аюулаас аварсан байна. 

Хөвч тайгадаа ингэж үхэлтэй тэмцэлдэж хоёр хоног явсан талаа­раа “Хөвчийн хар” баргийн хүнд яриад байдаггүй гэсэн. Энэ талаар дарга нартаа хавар хэл дуулгаж байсан ч тэгэсхийгээд л өнгөрсөн байна. Үхэлтэй тэмцэлдэж хөр цасан дунд гар хөлөө хайрч явс­наас хойш тамхинд нэвт орсон гэнэ. “Хөвчийн хар” “Эр хүн хаана ч явсан шүдэнз биендээ авч явдаг юм шүү. Шүдэнз хүнийг үхлээс аварч чадна гэдгийг ойлгосон” хэмээн онцолж байсан.

Түүний нэвсийтэл унасан ца­санд дунд хөлөө бэртээчихээд алхаж явсан талаарх яриа бодолд эргэлдэх ажээ. Цаг орой болж унтах цаг болсон учир бид хоёр амрахаар болов. Бороо улам хүч­тэй орж, цахилгаан цахиж тэр хавийг гэрэлтүүлнэ. Цахилгаан цахилж гялсхийх хоромд тэр ха­вийн газар гэрэлд цохиулан тодхон харагдана.  Нэг мэдсэн өглөө болчихжээ.

Тэртээ зүүн уулын зулай дээ­гүүр том улаан наран бүлээн элчээ тусган мандаж байлаа. Бүх зүйлс шив шинэхэн юм шиг санагдав. Тайгын ногоон өнгө улам ч өнгө нэмжээ. Энд тэндгүй хөхөө “гүүг гүүг” хэмээх сэтгэл яруусгасан дуу сонсогдоод “гэр” нь усанд автаад сандралдаж байсан  амьтад аль хэдийн үүр, хөеөгөө засаж янзал­сан бололтой уралдан нүх рүүгээ гүйлдэж харагдана. Энэ тайгад шив шинэхэн өглөө ийн айлчилж ирэв. “Хөвчийн хар” тэвэр дүүрэн гишүү тэвэрчихсэн ирж явна. Энэ хөвчид бид хоёроос өөр хэн ч байхгүй учир “Хуурай мөчир оллоо. Тулгын чулуу бэлдэж байгаарай. Хоол хийж идэхгүй бол ходоод хоорондоо наалдлаа” гэж Д.Мяг­мар­сүрэн ах тэрүүхнээс хашгирна. Би ч тэр даруй тогоо шанагаа бэлдэж тавиад борцоо гаргалаа. Удалгүй хуурай гишүү чад падхийн ноцож, хээрийн цай тогоонд пур пур буцаллаа. Араас нарны бүлээн илч ээгээд нүүрнээс гал халуу оргнуулаад сая нэг юм дулаацлаа. Тухтай гэгч нь хоол, цайгаа идэж дуусчихаад морьдоо эмээллэн хө­дөл­лөө.

Хөх байц хэмээх өндөр уулын оргил дээр гарлаа. Борооны  мөн­гөн дусал өвсөн дээр бөнжийж болоршоод  хязгааргүй гялтганах. Энд тэндгүй амьтдын шүүдэр тууч­сан мөр сүлжилдээд энэ их ойг эзэнтэйг сануулна. Бид хоёрын хажууханд байх модны чөлөөнд сүрэг бор гөрөөс хоножээ. Уг нь өдийд бор гөрөөс ганцаараа явдаг үе. Гэвч  ойн бор  гөрөөс өөр юм. Үргэлж л сүргээрээ явдаг байна. Байгалийн хөгжим мэт хөг аялгуут дууг шувууд хоолой нийлүүлэн “аялж, дуулдаг”  гэлтэй.

Э.ХҮРЭЛБААТАР 

Categories
редакцийн-нийтлэл

Авлигачдаас болж иргэн бүр хохирдог

Сүүлийн үед мөнгө  угаа­сан, авлига авсан гэх баахан хүн баригдлаа, шалгагдлаа. Ял авах нь авлаа. Үүнээс цааш ч нэмэгдэх байх.  Н.Энх­баярын хэргээс авахуулаад Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар, Татварын ерөнхий газрын Хяналт шал­галтын хэлтсийн дарга  Ч.Ган­сүх,  тасгийн дарга Ч.Энхбат, байцаагч О.Бямбасүрэн, ги­шүүн Ё.Отгонбаяр болон түү­ний гэргий О.Эрдэнэсолонго, МИАТ компанийн гүйцэтгэх захирал асан Ц.Орхон, Р.Бат-Эрдэнэ, Р.Эрдэнэбилэг, Ч.Хо­ролсүрэн, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бич­гийн дарга асан Н.Түмэндэм­бэрэл, тус яамны оношлогоо, эмчилгээний хэлт­сийн дарга  Д.Гончиг­сүрэн, яамны мэр­гэжилтэн Д.Отгонжаргал гээд олон хүн хэдэн тэрбумаараа яригдах их хэмжээний мөнгөн дүнтэй авлига, албан тушаа­лын хэ­рэгт холбогдож, шал­гаг­даж байна.

Иймэрхүү хэргийг цагдаа­гийнхан аль хэдийнээ ил­рүүл­сэн ч  ямар нэг байдлаар дарагдсаар ирсэн. Хэвлэлээр ч авлигын хэргийг олонтаа бичих авч  тэрүүхэндээ л үнэн гэж яригдаад өнгөрдөг байв.  Харин ч бүр нэр холбогдсон нөхдүүд эсэргүүцэл илэр­хийлж, өөрийгөө өмөөрөхөөс эхлээд хэвлэлүүдийг шүүхэд өгөөд сүйд болдог байлаа.

Авлига авдгийг нь мэдсээр байж ажлаа бүтээхийн тулд аргагүйн эрхэнд өгдөг нэг хэсэг нь байна.  Харамсалтай нь өгсөн нь адилхан  буруу­дах учраас тэр бүр илрэхэд бэрхтэй л дээ. Угтаа иргэд авлига хаа сайгүй байгааг мэддэг. Илрээсэй гэж хүсдэг. Олон жилийн өмнөөс “Авли­га­тай тэмцээч ээ” гэж иргэд ярьж эхэлсэн. Тэр ёсоор  Мон­гол Улсын Ерөнхийлөгч авли­гатай тэмцлээ, олон жил сургаар яригдаж байсан хэр­гүүд эхнээсээ тодорч эхэлж байна. Гэтэл гэнэт уурлах нь уурлаад эхлэв. Бөөн улс төр болгож ярих болов. “Дандаа МАН-ын угшилтай голдуу хүмүүсийг барилаа. Хэлмэг­дүүлж байна” гээд л яриад эхлэв. МАН-ынхан угаас олон жил эрх барьж, хамаг л саалийн үнээ болсон хэдэн байгууллагуудад үе дамжин суусан юм чинь аргагүй шүү дээ. Эрх мэдэлгүй байсан өөр намынхан  холбогдохгүй байгаа нь ердөө л энэ.  Түүнээс авлига авсан Ард­чилсан намын хүнийг нуун дарагдуулаад байгаа юм биш. Угаас авлига авах эрх мэдэлтэй албан тушаалд тэд ямар байсан юм биш. Хэрвээ АН-ын нөхөд авлига авсан бол тэр ч бас илэрч таараа.

Манайхан бас өрөвдөх дуртай улс л даа. Илрээд, эзэд нь тодроод ирэхээр гэнэт өрөвдөв. “Гучин долоо  он боллоо, хоморголон барив­чиллаа, сонгуулийн шоу, да­раа нь “уучлаарай” гээд гар­га­чихна” гэцгээгээд ам өрсөн яриад эхлэв.  Нэг хэсэг нь “Болж дээ, аль эрт л ингэх байсан юм”  гэж байна. Одоо л шударга ёс тогтох нь. Одоо л өндөр албан тушаал дээр очвол шударга ажиллах ёстой, тэгэхгүй бол хэзээ нэгэн цагт илэрдэг юм байна гэдгийг мэддэг болж эхэллээ. Энэ нь төр цэвэршихийн эхлэл юм.

Авлигачдыг өрөвдөх хэрэг­гүй, өөгшүүлэх хэрэггүй. Та бидний татварын мөнгөнөөс хулгайлж байхдаа бол цаа­дуул чинь биднийг өрөвдсөн гэж бодож байна уу. Ард түм­нээ бодсон уу. Хэдэн удмаа­раа идээд барамгүй их хөрөн­гийг машин машинаар нь зөөгөөд л байж байсан. Зөвхөн хар амиа л бодсон.  Тиймээс авлигын хэргүүдийг илрүүлэх явц зогсох ёсгүй.

Авлигачаа хамгаалан уур­лаж байгаа нам байхад авлигачдыг илрүүлж байгаад талархаж буй нь илүү олон байна. Авлигачид ил болох болно гэж олон жилийн өмнө одоогийн Ерөнхийлөгч мэдэг­дэж байсан. Тэрээр “Авлига гэдэг бол Монголыг хорьду­гаар зууны хорин он руу авчирч байна” гэж хэлж бай­лаа. Авлига Монголыг аалзны тор шиг хэрснийг хэлж бай­лаа. Одоо тэр тор эхнээсээ задарч эхэллээ.

Авлига гэхээр жирийн иргэд анзаарахгүй байх нь бий. Өөр дээр нь тулсан хохир­­лыг л хохирол гэж үзэж байдгаас бусдыг анзаарах­гүй өнгөрдөг. Бараа үйлчилгээ, бүтээн босголт болох ёстой мөнгө авлига болоод албан тушаалтанд очдог. Хамгийн ойрын жишээ гэхэд хотын төвийн газрыг маш өндөр үнээр зардаг. Албан тушаал­тан тэндээс хувьдаа ашиг олдог бол барилгын компани газрын үнэнд зарлагадсан мөнгөө дээр нь босох орон сууцныхаа үнэнд шингээдэг.   Тэр нь байр авч байгаа хү­мүү­сийн нуруун дээр ирдэг. Иргэд л авлигачид өгсөн мөн­гийг тухайн барилгын компа­нид төлдөг гэсэн үг. Нийс­лэлийн хэмжээнд сүүлийн хэдэн жил хичнээн хэмжээний газар зарагдсан тэр хэмжээ­гээр  хэдэн тэрбумаараа авли­гач­дын халаасанд орсон  байна. Гэтэл тэр мөнгийг авлига авсан хүн биш байр  худалдаж авсан иргэд  төл­сөн. МИАТ-ээс авлигачдын авсан гэх 10 тэрбумын авли­гын мөнгийг үйлчлүүлсэн иргэд бид л төлсөн болж таарна. Татварын арван до­лоон тэрбум байна. Эмнэлэг сургууль барих ёстой мөнгө байв. Монголчууд сүүлийн хорин жилд оросуудаас дэл­хийн зах зээлийн үнээс өндөр үнээр бензин худалдаж авсаар ирсэн. Дэлхийн зах зээлийн үнээс хорин хувиар  өндрөөр авч байсан юм би­лээ. Зөвхөн энэ өндөр хувийн зөрүүнээс  манай улсын жи­лийн төсөвтэй тэнцэх хэмжээ­ний мөнгө Орос руу явчихсан байгаа. Энэ бүхнийг өнөөдөр монголчууд төлсөн. Өндөр үнээр бензин оруулах гэсэн түүнийгээ борлуулах неф­тийн компаниуд төрийн өндөр албан тушаалтнуудыг ха­хуульд­сан болж таарна. Энэ нь ч эхнээсээ батлагдаж эхэлсэн. Авлигатай тэмцэхэд хэн дургүйлхэв  гэхээр авлига авсан хүн л дургүйцдэг. Тэр авлига авсан хүмүүс энгийн иргэдийн тархийг угааж байна л даа. Авлига өөр дээр нь яаж туссаныг мэддэггүй учраас бид бүгдээрээ хохирогч  гэдгээ мэддэггүй.

“Авлига
бол монголчуу­дын сайн сайхан амьдрах гэсэн,  эрх чөлөөтэй амьдрах гэсэн тэр хүсэл мөрөөдлийг чоно мэт мэрж байна” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлж байсан. Хүсэл мөрөө­дөл, улс орны маань хөгжилд чөдөр тушаа болсон авлига хэмээх аалзны торны утасны үзүүр нэгэнт хөвөрч эхэллээ. Үүнийг зад татах хүн нь Ц.Эл­бэгдорж байж. Одоо олон хүн сандралдан үүнийг эсэргүү­цэж байгаа нь ердөө л айс­ных. Авлигачид үүрээ эвдүүл­сэн шоргоолж шиг сандрал­даж байна.

“Хоморголон барилаа, сонгуулийн шоу” хэмээн үнэ­нийг гуйвуулах гэж оролдож эхэллээ. Үнэн хэрэгтээ энэ бол аль хэдийнээ эхэлсэн ажил байлаа. Сонгуулийн дараа ч авлигын аалзны торыг тасар татах үйл явц үргэлжилсээр байх болно. Галт тэрэг аль хэдийнээ хөдөл­сөн.  Одоо зогсоох  арга байхгүй. Харамсалтай нь үүнийг төрд олон жил өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүд хүсэхгүй байгаа юм. Тэд айснаасаа болж үүнийг зогсоохыг хүсч байна. Авли­га­тай тууштай тэмцээд эхэл­сэн энэ үйл явцыг  зогсоовол бидний хүсэн хүлээсэн шударга ёс хэзээ ч тогтохгүй.  Авлигачдаас болж бид ний­тээрээ хохирогч болсоор байх уу, аль эсвэл шударга ёс ноёлсон авлигагүй нийгэмд амьдрах уу. Энэ сонголтын эрх бидэнд бий.

Categories
редакцийн-нийтлэл

“Хөвчийн Харыг хаа таарсан газраа өчиггүй бууд”

-ТЭР МИНЖИЙН ХАНГАЙН ЗАСТАВТ ГАЗРААР ОЧДОГ ГАНЦ ХҮН НЬ-

Хөвч, тайгад нүүр нялх­руул­сан өтгөн манан буугаад хоножээ. Ойр хавьд юу бай­гаа нь мэдэгдэхгүй битүү суунаглачихсан, ямар ч  салхигүй тогтуухан. Тэрүү­хэн  баруун дор аргамжаатай морины хондлой бүртэлзэн харагдана. Бид хоёр аян­шаад нам унтчихсан байв. Босож  морио эмээллээд тогоо, шанагаа хураагаад авч яваа зүйлсээ ганзагалаад мордлоо. Бороо орохоос өмнө газар хороохгүй бол усан гүзээ болтлоо бороонд норох нь тодорхой. “Хөвчийн хар”  “Энд бороо ороход би дуртай. Нар гараад хамаг зүйлс хатчихаар энд түймэр гэж аюул гарна шүү дээ. За түймэр гарчихвал энэ сайхан хангай бүхэлдээ шатна гэсэн үг. Бороо ороод байгаасай гэж боддог хүн байгаа юм” хэмээн ярих. Би түүний араас явахдаа “Та Цэндийн гацаа гэдэг газарт хүрнэ гэж байсан тэр ямар газар вэ” хэмээн асуулаа. Тэгсэн “Эндээс хол эргээд буцахгүй бол бороо хэдэн өдөр үргэлжлэн орж мэдэх нь. Цэндийн гацаа гэж их сайхан газар бий. Тэндээ их том голтой.  Алд хэрий урт тул загас сүлжилдэн байдаг газар. Ус нь цэнгэг болохоор өнгө өнгийн загас усанд дураа­раа сүлжилдэн байгааг харах боломжтой шүү. Энүүхэн хажууд Илчлэгийн гол урсаад байгаа тэнд бас загас их байдаг. Тул олон. Зундаа голоо өгсөөд ир­чихдэг юм. Хур багатай жил энэ хавиар эргэлдэж байхгүй бол нөгөө том тулнууд чинь ул­даад үхчихдэг” хэмээн ярив. Бид хоёр Илчлэгийн голын хөвөө рүү очихоор зам ха­зайв. Бид хоёрын явж байгаа замаас холгүй юм билээ.

Модон дундуур явах тусам голын шуугих чимээ сон­сог­доно. Битүү манан татсан уулын сугаас модон дундуур урсах өргөн гол мэлмэрэх ажээ. Илчлэг гол энэ жил их үертэй байгаа юм байна. Ус ихтэй болохоор хамаагүй гаталж болохооргүй аж. Энэ гол уулын эхээс доош буусаар Хонгийн гол руу цутгана. Хонгийн гол Ерөө рүү, Ерөөгийн гол Орхон руу Орхон Сэлэнгэ мөрөнтэй нийлээд Байгал нуурт цутгадаг. Хэнтийн нуруунаас эх авсан голууд урссаар Байгал далайн их усыг бүрдүүлэн мэл­тэл­зэнэ. Цэнгэг усанд олон төрлийн загас байдаг юм байна. Нас бие гүйцсэн том тул гол өөд өгсөж байгаа харагдав. Жижиг загаснууд ч гэсэн голын мандал дээр гарч эргэн шумбах торгон агшинг энд ирсэн хүн харах боломжтой ажээ. Найман сарын сүүл­чээр энэ тайга бүхэлдээ жимсний орон болчихдог гэнэ. Газарт хэвтээд харахад л ув улаан улаалзгана, тэ­мээ­ний хорголын чинээ гүзээлзгэ­нэ хөх сувд шиг нэрс гээд л олон жимс бөнжийгөөд урга­чих­сан байдаг байна. Намар орой хуш модыг бага зэрэг доргиоход боргоцой­гоор бороо ордог гэж байгаа. 

УУЛЫН УЛААН ЦЭНД, ХУРАНДАА ИВАН СУСЛОВ ХОЁР ЭНЭ ХӨВЧИД ХАМГИЙН УДААН БАЙСАН

Ийм л баян тансаг бай­гальтай танилцаж яваа. Бас болоогүй ээ “Хөвчийн хар” ахаас элдвийг шалгаасан хэвээрээ. Түүний ярьж байгаа бүхэн сонин хачин ихтэй, амттай чихэр хүлхэж байгаа юм шиг л. Бас огт уйдахааргүй яриаг ой хөвч дундуур явах­даа сонсож явав. Энд ши­лийн сайн эрчүүд олон бай­сан гэсэн хэмээн яриа өдвөл “Би нэг хүнийг л энэ хөвчийн эзэн нь байсан” хэ­мээн бодож явдаг. Тэр хүн бол Хэнтий чигээс гарвалтай Уулын улаан Цэнд гэх сайн эр.  Мин­жийн хангай, Би бид хоёрын очдог Шарлангийн нуруу, Хатанц хавиар байсан юм билээ. Одоо болтол байрлаж байсан отог нь энэ хөвчид байгаа. Бүр модон дээр хүртэл нэг хүн багтахаар отог барьсан байдаг юм. Минжийн хангайн хөвчийн гүнд Цэндийн гацаа гэж өргөн голтой хадат өндөр байцтай ам бий. Түүнийг барих гэсэн олон хүн тэнд хүрээд л буцдаг байсан юм билээ. Хэдэн жил түүний араас Монгол Улсын төр засаг хүч хаяад ч барьж чадаагүй  юм. Энд ан хийгээд арьс үсээ хойш нь хил давуулж худалдаад оронд нь гурил, чихэр гээд зүйлс авдаг байсан нь сүүлд тогтоогдож байлаа. Уулын улаан Цэндийн отогт тухайн үед нүдний гэм байсан зүйлс дүүрэн овоолгоотой байсан байгаа юм. Тэр Оросоос тоом­сог морь худалдаж аваад түүнийгээ шүүгэлдэж дууддаг сургуультай  болгочихсон. Цэндийг яг барьдгийн да­ваан дээр аминд нь олон удаа орж байсан гэсэн. Түү­нийг хамгийн сүүлд ул­саас баахан мөнгө идсэн нутгийнх нь нэг нөхөр олж уулзсан байдаг. Тэр хүн шоронгоос оргоод Уулын улаан Цэндийн араас арав гаруй хоног яваад ядарч туйлдаад байхад нь тоомсог унаж ангийн хувцас өмссөн Цэнд ой хөвчөөс гараад ирсэн байгаа юм. Тэгснээ би таныг арав гаруй хоног дагасан. Та энд удаан тэсч чадахгүй. Тиймээс эргэж очоод ялаа эдлээд гар. Энэ хөвч тайгад явж байгаа бол мориноосоо хол унт. Бас дагуулж яваа нохойгоо үгүй хий. Буудахдаа урагш нь харуулж буудаж байгаарай. Хилтэй ойрхон байгаа гэдгээ мартаж болохгүй гэж хэлчи­хээд яваад өгсөн гэдэг. Олон жил энэ тайгад амьдарч бай­гаад анчид баавгай байна хэмээн андуурч буудаад аминд хүрсэн байдаг.  Фа­шис­тын Германд бууж өгсөн 505 дугаар армийн хориглууд Монголд төмөр зам барих ажил гүйцэтгэж байх үед ху­ран­даа Иван Суслов гэж мэргэн буудагч эр оргож бо­соод Хэнтийн ууланд бүгж, ард олны зүрхийг чичрүүлж байсан гэсэн. “Сахалт Иван” хочит Сусловыг барив­чи­ла­хаар ЗХУ-аас сайтар бэлт­гэгд­сэн чекистийн бүлэг гур­ван ч удаа ирсэн ч ихэнхийг нь энэ тайгад хядсан гэдэг” гээд л ууланд байсан сайн эрсийн талаар яриа дэлгэв.

ХОЙД ХӨРШИЙН АНЧИД ӨВӨЛ ИРЖ АН ХИЙДЭГ ГЭНЭ

Тэр Минжийн хангайн заставт жилд дөрвөн удаа очдог гэж байгаа. Зөвхөн нисдэг тэргээр очдог энэ газарт газраар ирдэг ганц хүн нь “Хөвчийн хар”. Түүний хамгаалах нутаг Минжийн хангайн хилийн шугам дээр очоод дуусдаг гэнэ. Хилийн тагнуулын албаныхан газраа мэдэхгүй хэмээн түүгээр хи­лийн шугам орчимд га­зарч­луулж явдаг юм билээ. Тэр­бээр хойд хилээр нутгаа эр­гэж явахдаа ОХУ-ын анч­дын хэд хэдэн отогтой таарч бай­сан гэнэ. Хилийн цаад талаасаа өндөрлөг биш мод багатай болохоор Оросын анчид өвлийн цагт их цас унах үеэр энэ хөвчид ирж ан хийдэг юм байна. Зундаа гурил, будаа хоол хүнсээ отогтоо бэлтгээд өвөл нь ирнэ. Өвөл ОХУ-ын иргэдийн хилээр орж ирдэг газарт Монголын хил­чид очих ямар ч боломж байх­гүй аж. Үүнийг тэд овжин ашиглаж ан хийдэг бололтой. Хил давж ирсэн ОХУ-ын иргэ­дийн отогт унаж яваа морио тэжээдэг овъёос хүртэл бай­даг гэнэ. Цай, давс архи, гурил, будаа, тамхи гээд нан­дин зүйлс тэдний отгоос гар­даг байна. Хойд хөршийн анчид сүүлийн жилүүдэд тол­гой өвтгөсөн асуудал болжээ. Тэднийг үнэндээ ан хийж байгааг  барих ямар ч боломжгүй гэдгийг “Хөвчийн хар” онцолж байсан. ОХУ-ын иргэд амьтны эд эрхтэн бэлтгэдэг газар хойд хилийн орчим болж таарлаа. Түүний хэлж буйгаар ОХУ-ын иргэд Минжийн хангайн хамаг амьтдыг буудаж байгаа асуудлыг хэд хэдэн удаа дээд албан тушаалтнуудад хэлсэн боловч одоо хүртэл ямар нэг арга хэмжээ авахгүй өдий хүрснийг хэлж байна.

Минжийн хангайн заставт зунд хил зөрчин орж ирдэг нэг хар азарга бий гэнэ. Хил болгон ногоо цухайх үеэр хоёр гурван гүү дагуулаад Монгол Улсын хил рүү орж ирдэг байна. Баригдахгүй хангал амьтан юм байх. Тэнд гүү аваачиж тавин төлийг нь авах санаатай байгаагаа “Хөвчийн хар” буюу Д.Мягмарсүрэн ах хэлсэн. Тэр хар азарга их гоёмсог, хийц сайтай гэдгийг мөн л онцолж байлаа. Ийн элдвийг хөөрөлдөж явахад намирсан зөөлөн бороо шивэрлээ. Бороон дундуур бид хоёр хамаг хувцсаа норгон газар хороосоор. Дундаа ганцхан цувтай болохоор нэг нь бороонд шалба норох нь тодорхой болов. “Хөвчийн хар” надад цуваа өгсөн юм. Тэрбээр бороонд норж байгаагаа мэдэж байгаа юм алга. Хувцаснаас нь борооны ус дуслаад байгааг анзааралгүй явсаар.  Цаг эрт бага үдийн алдад болохоор газар хороохоос өөр аргагүй. Замд бороонд норсон гөрөөс хэд хэдээрээ тааралдсаар. Ийн явсаар цаг дараагийнхаа буудаллах газар ирлээ. Тэнд нэг хоноод өглөө эрт гэртээ дэрвээд хүрчих ажээ. Бороо хэдэн өдөр орвол энэ хавьд явж болохооргүй намагтай болчихдог юм билээ.  Тэнгэр даваа хэмээх газрын агуй шиг хадны нөмөрт буудаллаа. Норсон хувцсаа тайлаад гал түлэх аргагүй болохоор хоол цай хийж идэлгүй унтахаар ярилцав. Бороо орсон хэ­вээ­рээ. Хонин нугад УИХ-ын гишүүдээс эхлээд үе үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч нар энд ирдэг гэнэ. Тэрбээр “Н.Багабанди Ерөнхийлөгч бид хоёр хамт загас барьдаг. Бүр архи дарс хувааж уугаад өдөржин голын захад өнж­сөн. Хамгаалагч нар нь надад уурлаад л байх шиг байдаг юм. Тэрийг би тоохгүй. Хамт архи ууж халамцаад элдэв янзын юм ярина. Цаадах чинь их хээгүй гүдэсхэн эр хүн гэж ойлгодог” гээд ярих. Бас том том компанийн захирлууд гэрийнх нь ойролцоо ирээд загас бариад буцдаг аж.  Битүү балар ой дундах буйд амьдрал амар тайван байх ажээ.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Ё.Отгонбаяр 230 сая төгрөг өгөхийг шаардсан авлигын хэрэг буюу Х.Цогнойжамц, А.Чинбат гэж хэн бэ?

Х.ЦОГНОЙЖАМЦ: ЯМАР НЭГЭН ТАЙЛБАР ӨГӨХ  ШААРДЛАГАГҮЙ. БОЛДОГ
ЮМ БОЛООД Л ӨНГӨРНӨ БИЗ-

 Түрүүч нь ¹ 152 (4479) дугаарт

УИХ-ын гишүүн Ё.От­гон­баяр БСШУ-ны сайд байхдаа 230 сая төг­рөгийн авлига нэхсэн дуулиант хэргийн хохи­рогч болоод буй Х.Цог­ной­жамц хэн болохыг ун­шигч танд үргэлжлүүлэн хүргэе. Тэрбээр Налай­хын унаган хүүхэд юм байна. Өөрийн төрж, өс­сөн нутагтаа сургууль барьж, бүтээн байгуулалт  хийсэн Х.Цогнойжамц улстөрчийн шантаажид орж, рекэтлүүлсэн нэгэн. Түүнийг барилга барьдаг гэхээс илүүтэйгээр ал­дарт уяач гэдгээр нь на­лайхчууд андахгүй юм билээ. Х.Цогнойжамцын хувьд Налайхын 119 дү­гээр сургуулийг барихаас өмнө хэд хэдэн барилга барьжээ. Тухайлбал, “Ти­тэм” захыг барьж ашиг­лал­тад оруулсан юм бай­на. УИХ-ын гишүүн Ё.От­гонбаярын авлигын хэр­гийг илчилсэн 119 дү­гээр сургуулийг зорилоо. Гур­ван давхар уг шар барил­га орчин үеийн стан­дар­тыг бүрэн ханга­сан сур­гууль болж чад­жээ. Шинэ сургууль гэсэн­дээ гаднах талбай, анги танхимын доторх тохи­жилт зэрэг нь арай өөр байв.

Мөн бүрэн камерын хяналт­тай аж. Энэ сургуулийг Х.Цогнойжамц барьсан гэдгийг хүн бүр андахгүй юм.

  Ё.ОТГОНБАЯР СУРГУУЛЬ БАРЬСНЫ ХАРИУД АВЛИГА НЭХДЭГ НЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ

Х.Цогнойжамцын багын найз гэх Д.Отгонбаяртай уулзлаа. Тэрбээр 119 дүгээр сургуулийн барилга баригдахаас эхлээд өнөөдрийг хүртэл тус сур­гуульд ажиллаж буй юм байна. Тэрбээр сантехникч хийдэг аж.

 Та Х.Цогнойжамц гэдэг хү­нийг хэдийнээс мэдэх вэ?

-Энэ
хүнийг эртнээс мэднэ. Бид багын найзууд. Нэгдүгээр ангиасаа эхлээд өдий хүртэл нөхөрлөж явна. Хоорондоо холбоотой ч байдаг.

Налайхын аль сургуулийг та хоёр төгссөн юм бэ?

-Налайхын  нэгдүгээр арван жилийг бид хамтдаа төгссөн. Х.Цог­нойжамц 1979 оноос хот руу шилж­сэн. Түүнээс өмнө Налайхад бай­сан хүн.

Х.Цогнойжамц ямар мэргэ­жилтэй вэ?

-Арван
жилээ төгсөөд Барилгын техникум төгс­сөн санаг­даж байна. Эхнэр нь  гадаад до­тоод явж наймаа эрхлээд сүүлдээ барилгын салбарт орсон. Анх Налайхын цэргийн барилгын ангид жолооч хийж байсан. Дараа нь  Польшоос машин оруулж ирдэг байсан. Тэд машин тэрэгний най­маа хийж байгаад барилгын ком­панитай болсон. “Тавин лан” ком­пани Х.Цогнойжамцынх. Одоо эхнэрийнх нь дүүгийн нэр дээр болсон байна лээ. Сая сургууль хүлээлгэж өгөх үеэр дүү Оюунчимэг нь ирж байсан. Тэгэхээр нь би компаниа шилжүүлж гэж ойлгосон. Хэд хэдэн газар барилга барьж ашиглалтад оруулсан хүн шүү. Барилгын компанитай болчихоод Тээврийн товчооны ардхан талд анх “Титэм” захыг барьсан. Түүнээс хойш барилгын салбарт хүч үзэх болсон. 

Өөр ямар барилга барьсан юм бол?

– Бид
найз нөхөд учраас тэр болгон ажил яриад байдаггүй. Хааяа арван жилийнхэнтэйгээ уулзах болохоор таарч хууч хөөрч амьдрал ахуйгаа ярьдаг. Миний ойлгосноор хүмүүстэй нийлж ба­рилга бариад байгаа сураг дуулд­даг л байсан. Ер нь манай Х.Цог­ной­жамц багын гүйлгээ ухаан сай­тай, хөдөлгөөнтэй хүүхэд байсан.

Найзынх нь хувьд Х.Цог­нойжамц гуайг хэр эр хүн гэж боддог вэ. Хүн чанарынх нь тухайд…?

-Манай
Х.Цогнойжамц эр хү­ний­хээ хувьд дажгүй. Дуу цөөтэй, хөдөлмөрч, найз нөхдөдөө ээлтэй нэгэн. Би энэ сургуулийн барилгын ажил эхлэхээс өмнө ерөнхий боловс­ролын 48 дугаар сургуульд ажиллаж байсан юм. Х.Цогной­жамц намайг дуудаад энэ сургуу­лийн барилгын ажлыг ерөнхийд нь хянаж бай гэж хэлсэн. Тэгээд би энд ирсэн. Барилга баригдаж эхлэхэд цахилгаанчин хийж байсан. Сур­гууль ашиглалтад орсноос хойш  сантехникч хийхийн зэрэгцээ нэг ээлжийнх нь жижүүрээр ажиллаж байна.

Хэдэн хүүхэдтэй вэ. Налай­хад үр хүүхдээс нь бий юү?

-Тэднийх
гурван хүүхэдтэй. Тэд нь том болоод  бүгд гэр бүлтэй болж тусдаа гарсан. Налайхад эхнэ­рийнх нь хамаатны ганц нэг хүмүүс л бий. Эгч нь гээд нэг эмэгтэй байдаг. 53 дугаар байранд амьдар­даг юм билээ.

Энэ сургуулийн барилгыг ер нь ямар хүмүүс барьсан бэ?

-Цэргийн
ангиас 20 гаруй цэрэг дайчилсан. Бусад нь “Тавин лан” компанийн ажилчид. Дээрээс нь  Налайхын зарим иргэдийг хөл­сөөр ажиллуулж байж энэ барилга боссон. Квадрат метрээр  нь тодор­хой үнэ тогтоогоод ажилласан хүмүүсийг цалинжуулж байсан. Х.Цогнойжамц энэ сургуулийн суурийг нь худалдаж авсан юм. Дээхнэ үед орос ах нарыг байхад баригдаж байгаад явахад нь бал­гас болсон газар. Х.Цогнойжам­цаас өмнө хоёр, гурван хүний гар дамжсан юм билээ. Хүмүүс хамаг юмыг нь хагалж, хэмхчээд балгас болгочихсон. Харин Х.Цогнойжамц зөвхөн карказ байхад нь худалдаж аваад ийм сайхан сургууль босго­сон доо.

БСШУын сайд асан Ё.От­гонбаяр бусдыг дарамталсан гэх мэдээ­лэл га­раад байгаа. Энэ талаар сурвал­жилж буй юм?

-Аан,
тэр талаар би сонссон. Аймар юм болсон шиг байна лээ. Тэр талаар надад Х.Цогнойжамц хэлээгүй л дээ. Нэг удаа “Барилга хүлээж авахгүй байна. Сургуулийн  цахилгаан, дулааныг холбосноос болж сар болгон их мөнгө төлж байна. Надаар яалгах гээд байгаа юм бол доо” гээд  уурсангуй хэлж байсан. Би бодохдоо ажилд нь жаахан саад гарч л гэж ойлгосон. Сонин хэвлэлээр яригдаж, бичиг­дээд байгаа шиг зүйл болсон гэж бодоогүй л дээ.

Ё.Отгонбаяртай Х.Цогной­жамц гуай ямар холбоотой бай­сан юм бол. Энэ талаар танд мэдэж буй зүйл бий юу?

-Тэд
хоорондоо ямар харилцаа холбоотойг мэдэхгүй. Манай хүн өөрийнхөө хөрөнгөөр сургууль бариад өгч байхад Ё.Отгонбаяр ингэж оролдох муухай. Ё.Отгон­баяр сургууль барьсны хариуд авлига нэхдэг нь юу гэсэн үг вэ. Сургууль хүлээж авах мөнгө ямар тэр хүний хармаанаас гарч байгаа биш. Улсаас гарч байгаа  биз дээ. 119 дүгээр сургууль өнгөрсөн сон­гуулиар баригдсан барилга шүү дээ. Ер нь сургууль дутмаг гээд байдаг. Тэгтэл манай холбогдох албаныхан өөрсдөө сургууль захиалж бариулчихаад дараа нь мөнгө нэхэж дарамтлан идэх гэдэг юм шиг байгаа юм. Их муухай зүйл л сонслоо.

Сургуулийг Улсын комисс хүлээж авахад яамнаас ямар хүмүүс ирсэн бэ?

-Их
олон л хүн ирсэн. Хэн нь яамных, хэн нь Улсын комиссоос, хэн нь нийслэлийн боловсролын газраас ирсэн гэдгийг би яаж мэдэх вэ дээ.

Х.Цогнойжамц гуай өөр компанитай юу?

-Байхгүй
ээ. “Тавин лан” ком­па­ниа дүүдээ шилжүүлсэн юм шиг байна лээ. Сургуулийн барилга хүлээлгэж өгөхөд дүү нь захирал гээд гарын үсэг зурж байсан.

Тэрбээр барилгын бизнес эрхлэхээс гадна морь уядаг гэх юм билээ. Хичнээн хурдны морьтой вэ?

– Морьд
нь гайгүй давхидаг шүү. Долоо, найман ажнай хүлгүүд байдаг байх.

Морио хаагуур уядаг вэ?

-Хүй
долоон худаг хавьд уях сураг гарч байсан. Энэ асуудлаас болж наадамд оролцож чадах юм уу, үгүй юу бүү мэд. Өнгөрсөн жил улсын наадамд оролцоогүй. Дан­даа хөдөө орон нутгаар явж  морь­доо уралдуулсан гэж ярьж байв.

  Х.ЦОГНОЙЖАМЦ ГЭЖ ХЭН БЭ?

Аймгийн алдарт уяач цолтой Х.Цогной­жамц нь Монголын шигш­мэл хур­дан морьдын “ИХ ХУРД” уралдаа­наас хишиг хүртсэн хий­морь­той уяач. Тэрээр 1996 оноос эхлэн хурдан хүлгүүд сойж 1998 онд Жанчив­лангийн ойд даага нь хурдалж анхны айр­гаа хүртэж бай­сан түүх­тэй. Хойтон жил нь буюу 1999 оны АХ-ын 78 жилийн ойгоор Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Ган­пүрэвийн унаган хонгор даага айргийн гуравт хурдалж, давхар уяагаар Баян­хон­гор айм­гийн Ламын гэгээний 360 жилийн ойд түрүүлсэн аж. Баянхон­горын дан­шигт даага нь түрүүлээд зогсох­гүй шүдлэн хонгор үрээгээ аман хүзүү­дүүлж, ганзага дүүрэн наад­сан бол 2004 онд Сүхбаатар айм­гийн Асгат сумын М.Ооёогийн унаган хул морь “Их хурд-III” урал­даанд айрагдаж, 2007 оны улсын их баяр наадамд айрагджээ. Хой­тон жил нь буюу 2008 онд Заамарын төвийн бүсийн даншигт хүрэн азар­гаа айргийн дөрөвт хурдлуулсан тэрээр ийнхүү улс бүсийн наадмын нэг түрүү таван айргийн эзэн бол­жээ.

Х.Цогнойжамцын гэрийг нэхэн сурвалжилж олсон боловч гэр нь эзгүй байлаа. Түүний  гар утас руу залгатал “Хил гарах гээд Замын-Үүдэд байна. Та нарт ямар нэгэн тайлбар өгөх  шаардлагагүй. Бол­дог юм болоод л өнгөрнө биз” хэмээн тэрбээр хариулсан юм.

Үргэлжлэл бий

  Г.ЯЛГУУН

М.МӨНХЦЭЦЭГ