Categories
редакцийн-нийтлэл

Залуусынхаа ард нуугдсан хуучцуул нь шинэчлэл хийж чадахгүй

Ерөнхийлөгчийн сонгууль МАН-ын хувьд олон зүйлийг
илчилж өглөө. Цаанаа зо­долдож хэрэлдсэн ч хэдий­нээсээ олон түмний нүдэн дээр хамтдаа
маасайгаад сууж чаддаг хамт олонсог нам байлаа. Хэд хэдэн удаагийн сонгуульд дараалан
ялагд­сан нь харин тэдний үнэн нүүр царайг илчилж орхив. Шуудайнд хийсэн үхрийн
эвэр шиг л байлаа, сая болж өнгөрсөн сонгуулиар. Фрак­цууд нь тохирсон мэт хөдөл­сөнгүй.
Намын лиде­рүү­дийнх нь бараа ч харагд­сангүй. Эрх барьж байх үедээ албан ту­шаал
хуваалцаж болдог бай­сан бол одоо на­мын удирд­лагаас өөр булаа­цалдаад байх юм
тэдэнд үл­дээгүй. Өнгөрсөн сонгуулиар АН-ынхан нэр дэвшигчийнхээ төлөө олуулаа хөдөлсөн
бол МАН-д  нэр дэвшигчээ  уначи­хаасай гэж бодож байсан нь цөөнгүй байж.
Сонгууль, сонгуулиас хойшхи үйл явц үүнийг бэлээхэн олон нийтэд харуулаад өглөө.
МАН-аас нэр дэвшигч хувь хүнийхээ нэр хүндээр санал авсан гэ­хэд чамлахааргүй байсан.
Хэрэв нам нь үнэхээр сайн ажилласан бол үр дүн яагаа ч билээ. Аваргыг унагахаас
гадна Ө.Энхтүвшинг намын даргаас нь ховхолж унагах сонирхол байж. Тэртэй тэр­гүй
сонгуульд ялагдал хүлээ­вэл намын удирдлагатай хариуц­лага тооцох нь тодорхой бай­сан.
Ингээд л сонгууль ч дуус­лаа. Хүссэнээр нь нэр дэв­шигч нь уналаа. Булаацал­даад
байх албан тушаалгүй хоцорсон МАН-ын фракцууд хариуцлага тооцох нэрээр хэн нь дараагийн
намын дарга болох, хэн Удирдах зөвлө­лийн гишүүнээр сонгогдох, хэн нь намын нарийн
бичгийн даргын суудлыг авах вэ гэж хэмлэлдэж эхэллээ.

Б.Бат-Эрдэнээ ч унагачих­лаа, одоо Ө.Энхтүвшинг
энэ далимаар нь тонгорчих­вол өөрсдөө оронд суух до­тоод өрсөлдөөн энэ намд хүчээ
авлаа. Үүндээ намын­хаа амбицтай залуусыг тур­хир­чихлаа. Нам дагаж л ам­жилтад
хүрэх мөрөөдөлтэй байсан олон залууст  дараал­сан
ялагдал нь үнэндээ хүнд цохилт байлаа. Тиймээс ч  “Дараагийн үе та нар минь л намдаа шинэчлэл хийх
хэрэг­тэй” гэсэн ах нарынх нь  дөгөө­сөн зөвлөгөө
загатнасан га­зар нь маажаад өгөх нь тэр.   
Ингээд сэлэм эргүүлэх нь холгүй хэвлэлийн хурал зар­лаж, элдэв бичиг үйлдэн
гарын үсгээ зурцгаав. Мэдээж халаасандаа мөнгөтэй, цээ­жиндээ амбицтай хэдэн залуу
гарч ирээд чанга дуугарахаар   нам шинэчлэгдчихдэг
юм биш. Тэд Удирдах зөвлөлийг огцруулж, намын удирд­лага­тай хариуцлага тооцох,
ши­нэчлэлийн эсэргүүцэгчдийг намаас хөөж, 
цоо шинэ залуу үеийнхэн гарч ирвэл нам аврагдана хэмээн зарлав. Ахмад үеийнхнийг
залуу үеэр нь солиод л Ө.Энхтүв­шин­гийн оронд Н.Номтойбаяр ч юмуу, О.Содбилэг,
Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын  хэн нэгнийг
гаргаж тавихаар цоо шинэ МАН бий болох мэт ярьж байгаа нь хэтэрхий гэ­нэн ойлголт
юм. Хөгшнийг залуугаар солилоо гээд нэ­мэг­дэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар
өөрчлөг­дөхгүйтэй адил. Шинэчлэл яриад байгаа эдгээр залуус энэ намын буянаар өдий
зэрэгтэй яваа, тэр байтугай намын удирдлагын бүрэлдэ­хүүнд олон жил явсан нөхөд
харагдана лээ. Тэдний  дэв­шүүлээд байгаа
зүйлд нам шинэчлэчихээр зүйл нэг ч алга. Тэртэй тэргүй сонгуульд ялагдсан намын
удирдлага хариуцлага хүлээх нь тодор­хой шүү дээ. Бага хурлаа хийх нь тодорхой.
Үүнийг л улс­төржүүлсэн, цаг хугацааг нь наашлуулах гэсэн л арга шиг санагдлаа.
Намын шинэч­лэлийг энэ хэдэн залуус ч анх яриад гаргаад ирсэн юм биш. Өмнө нь хичнээн
ч удаа энэ нам шинэчлэгдэх гэж оролд­лоо. Бүтэлтэй болж байсан түүх үгүй. Харин
ч шинэчлэл ярьсан нөхдийн тэргүүлэгч нь ямар нэг албан тушаалд очоод  л дагуулж явсан нөхөд, намын шинэчлэл  хоёроо таг 
мартддаг байсан. Одоогийн энэ шинэчлэл яриад байгаа залуус ч шинэчлэл нэртэй
албан тушаал ашиг хонжоо хайгчдын хувь заяаг давтах гээд байна. МАН дүрэм, үзэл
баримтлал, үйл ажилла­гаа­ны, сэтгэлгээний, боловсон хүчний  бодлогын 
гээд  олон шинэчлэл хийх тухай ярьж
болох байсан.  Байдлыг ажиг­лах нь ээ яаж
ч өөрчлөх гээд шинэчлэгдэхгүй  нь тодорхой
байна. Угтаа одоо унагах гээд байгаа Ө.Энхтүвшин нь ч шинэчлэл ярьж гарч ирсэн шүү
дээ.

МАН-ын залуусын өнөөд­рийн дүр зураг хоёрдугаар
ээлжийнхэн хоолондоо ду­гаар­лаж байгаа мэт л хараг­даж байна. Сандал, ширээ­ний
хойноос хөөцөлдсөн л арга бололтой. Ард нь намын гол фракцуудын толгойлогч нар сууж
дохио зангаагаа­раа хөдөлгөж, чиглүүлж бай­гаа гэдгийг ч намын зарим нөхөд нь ил
цагаан хэлээд эхэллээ. Өөр нэг хэсэг нь залуучуудаа дэмжиж байна гэсэн битүү утгатай
үг хэлж байгаа нь ч бий. Үнэн чанартаа залууст зааварлагч, дэмжигч нь на­мын нөгөө
л хуучирсан арга барилтай, өнөөдрийн энэ байдалд хүргэхэд үүрэг ихтэй оролцсон нөхдүүд.
Өөрсдөө тэд  дуугарч болохгүй байна л даа.
Намын гишүүд нь тэр, нийгэм ч тэднийг хүлээн зөв­шөөрөхгүй. Тэгэхээр намын залуусаа
баг болгож ашиг­лаад өөрсдөө ард нь инээж суугаа. Харамсалтай нь эд­гээр залуус  нас нь залуу ч сэтгэлгээний хувьд аль хэ­дийнэ
хоцрогдчихсон байна. Шүүмжлэл хүлээж авах тэн­хээгүй, намынхаа төлөө бу­руу, зөвгүй
цээжээ дэлддэг, ийм л залуус энэ намын да­раа үеийнхэн болж хүмүүж­сэн. Тэднийг
сонгуулийн мар­гааш гэнэт ухаарч, шинэ хүн болчихсон гэдэгт итгэмгүй.

Улс төрөөс хол байгаа гэх У.Хүрэлсүхийг залуучуудын
энэ ажиллагаанд оролцоогүй гээд сандран мэдээлэл цацах болсон нь бас нэгийг хэлээд
байна. Улс төрд нэг орсон хүн гарч чаддаггүй гэж МАН-ын­хан өөрсдөө ярьдаг биз дээ.
У.Хүрэлсүх шиг гүнзгий орсон хүн улс төрөөс бүр гарна гэдэгт хэн итгэх юм. Дээрх
залуусын ард У.Хүрэлсүхээс гадна Ерөнхийлөгч асан Н.Ба­га­бандийн нэр ч дуул­дана
лээ. Хотын фракцын удирдлагууд ч байгаа гэнэ. Энэ мэдээлэл МАН-ынхнаас өөрсдөөс
нь гарч байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.

Ардын намд чадалтай залуучууд бийг үгүйсгэхгүй.  С.Бямбацогт, Ж.Сүхбаатар   Д.Цогтбаатар, О.Одбаяр  нар яагаад дуугарахгүй байна. Тэд намын шинэчлэл
хэрэг­тэйг үгүйсгэхгүй мөртлөө ши­нэчлэл ярьж буй залуус­тай­гаа яагаад хамтрахгүй
байна. Хүссэн ч яаж шинэчлэх учраа олохгүй, арга барил нь буруу байгааг л мэдэж
байгаа. Энэ янзаараа арай дөнгүүр гэх  дээрх
залуус ч сэтгэлгээний  хоцрогдолд орж, мөн
адил уусах вий.

Шинэ залуу үе гарч ирэх нь буруу биш. Улс төрийн
намд үе солигдох явц явагдаж л байдаг. Ялангуяа МАН-ын хувьд залуу үеэ гаргаж ирд­гийг
үгүйсгэх аргагүй. Гагцхүү тэр залуус нь хэний гар хөл болж байна гэдэг нь л сонин
байгаа юм. Нэгэнт шинэчлэл нэртэй хуучин аргаа хэрэглэх гэж байгаа бол энэ хол явах­гүй.
Ээлжит нэгэн улс төрийн жүжиг л болж хувирна. Орол­цон тоглогчдын заримынх нь дүр
өөрчлөгдсөнийг эс тооц­вол дэглэлт, үйл явдал, өр­нөл нь бараг л адил. Төгсгөл нь
ч тодорхой харагдаж бай­на. Эцэст нь энэ нам байд­гаараа л байна. МАН-ын залуус
авлигачдаа шахан зайлуулна гэж байна лээ. Өөрсдийг нь гар хөл болгоод байгаа нөхөд
ч тэдний л өрөөсөн шүү дээ. Залуусын шинэчлэлийн тухай яриа гарах­тай зэрэг  намын  дарга
хэн болох вэ гэдэг уралдаан зарласан мэт, хэвлэлүүдээр элдэв нэрс цуварсан.

МАН-ын өнөөдрийн до­рой­тол
намын нэрээ худал­даж амьдарч ирсэнтэй нь холбоотой. Ингэж амьдрагс­дын эхний ээлжийнхэн,  гол авторууд нь шоронд явсан бол,  дараагийн ээлжийнх нь илчлэгдэж эхлээд байна.
Муугаар бодоход одоогийн МАН эдгэршгүй өвчин тус­чихаад байна. Олон жил барилдсан
тамирчин цагаа болохоор үнэнтэй эвлэрч зодог тайлдаг шиг МАН-ын зодог тайлах цаг
болж. Яаж ч барилдаад энэ нам явцгүй болсон нь шинэ үеийнхнийх нь гаргаж тавиад
байгаа зүйлээс харагдлаа. Үеийн үед МАН-д шинэчлэл нэртэй ийм жүжиг тавигдаж л бай­сан.
Тэглээ гээд улам дорд­соноос сайжирсан нь үгүй. Гайхах юм энд огт алга. За­луусын
ард нуугдсан хууч­цуул нь шинэчлэл хийж чадахгүй гэдэгт эргэлзэхгүй байна.

Categories
редакцийн-нийтлэл

Биелгээч хүүхдүүд хүйтэн шалан дээр унтан, бэлэн гоймон идэж байна

Сүхбаатарын тал­байд хэд хоногийн
өм­нөөс үндэснийхээ хувц­саар жигдэрсэн 5000 биел­гээч хүүхэд өглөө­гүүр болон үдээс
хойш­доо цугларч, гар хөлөө жигдрүүлэх хө­дөлгөөн хийх нь хэн бү­хэнд сонь­хон.
21 аймгаас ирсэн 5000 хүүхэд гэдэг бол их тоо. Ахлах ан­гийн болол­той тэдэн дун­даа
биеэр том нь бага­чуудынхаа гар хөлийг жигдрүүлж, хөдөл­гөөнөө цэвэр хийхийг сануулж,
зарим тохиол­долд өөрс­дөө ч хийж үзүүлнэ. Багш нар нь ч ам хуурайгүй байж “Чи наад
гараа жаа­хан дээш нь өргөөч, зүүн биш баруун хөлөө урдаа тавиач, тэр хоёрдугаар
эгнээний улаан дээлтэй хүү үймүү­лэхээ боль, ягаан тоор­цогтой охин гараа эгцээр
биш бага зэрэг махирал­дуулаад дээш өргө” гэх­чилэн занд­рах зааварч­лахыг зэрэг­цүүлнэ.
Өг­лөө­ний най­ман цагаас хойш хоёр цаг гаруй зог­соо зайгүй биел­гээний элдэв хөдөлгөөн
хийсэн хүүхдүүд халуунд но­зоо­рохын сацуу ядарч бай­гаа нь илт харагдана. Төд удалгүй
11.00 цаг болох­той зэрэгцэн хүүхдүүд хоёр хуваагдан нэг хэсэг нь Төв цэнгэлдэх
рүү, нөгөө нь байр­лаж буй сургууль руугаа хөдөл­­лөө. Тэгтэл нэг охин үе тэнгийнхнээсээ
хоцорч үл­дээд, Чингисийн хөшөөний шатан дээр уйлаад суугаад байх юм. Учир явдлыг
тод­руул­бал Баясгалан охин цүнх­­тэй хувцсаа гээчихэж. Ихэр татан уйлах тэрээр
“Шат­­­ны хажууханд тавьчих­сан юм. Дотор нь 
миний сольж өмсөх хувцас байсан юм” гэснээс өөрийг хэлсэнгүй. Дагуулж явсан
багш нь түүний ойр дотнынх нь бололтой нэгэн рүү залгаснаа “Бага насны хүүхдээ харж
хандах хүнгүй явуулдаг, та нар чинь яасан сонин хүмүүс вэ. Одоо байрлаж байгаа сургууль
дээр хурдан ир” гэв. Тэрээр Баясгаланд “Хэн нэг нь андуу­раад аваад явчихсан байлгүй.
Одоо битгий уйл” хэмээн аргадав.

 Энэ сарын таванд Дорно­говь аймгийн арав гаруй
су­маас 200 гаруй биелгээч хүүхэд ирсэн аж. Тэд Сонги­но­хайрхан дүүргийн 36 ду­гаар
сургууль дээр байрлаж байгаа бөгөөд тэдгээр хүүх­дүү­дийг ахалж таван багш хамт
иржээ. Хүүхдүүдийнх нь ихэнх нь хөнжил гудасгүй ирсэн бөгөөд биеийн тами­рын зааланд
нь матрас буюу сургалтанд хэрэглэгддэг хир­тэж урагдсан гудсан дээр хоног төөрүүлж
байгаа тухай­гаа Дорноговь аймгийн хоёр­ду­гаар сургуулийн нийгмийн ажилтан Д.Мөнгөнтуяа
хэл­сэн юм. Тэрээр “Бид Генни­сийн номонд бичигдэж дэл­хийн дээд амжилтыг тогтооно
гэж сэтгэгдэл маш өндөр ир­сэн ч биднийг засвар хийгдэж байгаа будаг нь ханхалж,
шороо тоос болсон сургуульд хоноглуулж, нэгдсэн дорви­той бэлтгэл сургуулилт ч хийх­гүй
байсаар хугацаа нь тул­чих­лаа. Хэрэв үнэхээр Мон­гол үндэснийхээ гайхамшгийг дэлхий
дахинд харуулъя гэж байгаа юм бол тэрхүү гай­хамшгийг нь өөрсдийн биеэр үзүүлэх
гэж байгаа хүүхдүү­дийн­хээ ходоодыг өлсгөөх­гүй, будгийнх нь үнэрт толгойг нь өвтгүүлэхгүй
тохилог бай­ранд хүлээгээд авч болно оо доо. Өдөрт хоёр удаа Гурвал­жин­гийн гүүрний
араас хотын төв рүү нийтийн тээврээр амьтны олон хүүхдийг элдэв осолд өртүүлчихэлгүй
авч ирнэ гэдэг амаргүй л байна” хэмээн санаа алдсан юм.

Энгэрээрээ дүүрэн одон медальтай,
нэг гартаа таягаа, нөгөө гараа охиндоо сугавч­луулсан өндөр настан зохион байгуулагчдын
зүг алхалж харагдав. 85 настай Т.Хор­лоо гуай энэхүү арга хэм­жээнд оролцохоор хоёр
мян­гаад км-ийн алс дахь Ховдын хязгаар нутгаас хоёр хоног автобусаар явж өнөө өглөө
(өчигдөр өглөө) хотод иржээ. Тэрээр хүүхдүүдийг бэлтгэл хийж байхад нь амжиж ирсэн­гүйдээ
сэтгэл гонсгор байсан хэдий ч үдээс хойш таван цагаас дахин цугларахыг мэдээд хөл
нь хөнгөрч “Хамаг монгол жороо”-гоо олноороо бүжиглээд тэр мундгуудыг бүртгэдэг
зүйлд нь бичигдчих юм бол эмээгийнх нь нар нь гарах нь 13 наснаасаа өтөл буурал
болтлоо биелсний минь хэрэг бүтэх нь тэр” хэ­мээн нэг чих нь л үл ялиг хатуурснаас
өөр хэлэх шана­лал, зовиурлах өвчингүй тэрээр захчин ардын биел­гээний хэсгээс сонирхуулав.

Гэтэл түүнийг зохион бай­гуу­лагчид
“Ховдынхныг Сүх­баатар дүүргийн зургадугаар сургууль дээр байрлуулж байгаа. Өнөөдөртөө
сургууль дээрээ очоод амарчих. Харин маргааш (өнөөдөр) талбай дээр өглөөний найман
цаг гэхэд бэлэн байгаарай гэж хэлтэл саяхан хөөрч баясан, хүүхэд мэт сэргэлэн цовоо
байсан тэрээр гэв гэнэт бод­ло­гошрон, санаа алдав. “Нас өндөр гараад эмээ нь буруу
зөрүү бодож байж магад. Гэхдээ ганцхан өдөр хүүхэд хөгшид нийлсэн мянга түмэн хүн
цуглаж, үйл хөдлөлөө нийлүүлнэ гэдэг миний са­наад л лав багтахгүй юм. Тэгээд ч
тэр олон хүүхдүүд дунд чинь “Хамаг Монгол жороо” биелгээг хийх нь бүү хэл хийж байгааг
нь ч хараа­гүй өчнөө хүүхдүүд байж таа­раа. Уг нь энэ олон жил хад­галж ирсэн биелгээгээ
жинхэ­нэ утгаар нь гайхамшиг бол­гон үр хойчдоо үлдээвэл би их баярлахсан. Ямар
ч л байсан эхлээд бүртгүүлдэг хэрэг ээ” гээд 
Төрийн ордны баруун хойно байрлах Түшээ дээд сургуулийн байр руу явав. Тус
байрны гуравду­гаар давхарт байрлах “Хөг­сүү” чуулгаас мандат буюу оролцогчийн үнэмлэхээ
авах юм байна.

Бүгчим агаад жижигхэн үүдний өрөөнд
нь орон нут­гаас ирсэн багш нар болон сурагчид багталцаж ядна. Мандатаа авах сүүлийн
өдөр хэмээн зарласан тул ийнхүү хөл хөдөлгөөн их байсан юм. Оролцогч хүүхдүүд биелгээ­нийхээ
хувцсыг үүдэнд сольж өмсөн, гэрэл зурагчны өрөө рүү орж нэг нэгээрээ зургаа авахуулж
байгаа харагдав. Мандатын үнэ зургаан мян­ган төгрөг бөгөөд үүнд нь дөрвөн хувь
цээж зураг, анг­ли монгол хэл дээрх бүртгэ­лийн хуудас, батламжийн үнэ зэрэг багтаж
байгаа аж. Үдээс өмнө тараагдсан мандатаа цээж зургийн хамт олгож байс­наа үдээс
хойш зураг­гүй­гээр олгосон юм. Гэрэл зургаа хэсэг хэсгээр нь гэрэл зургийн газарт
угааж байгаа тул орой­доо эсвэл маргааш өглөөдөө ирээд зургаа авчихаж болно хэмээн
зурагчин залуу учир­лаж байлаа.

Хөвсгөлийн Эрдэнэбул­ган сумаас ирсэн
арав гаруй хүүхдүүд 22 дугаар сургууль дээр байрлаж байгаа аж. Тэдний зарим нь болох
П.Бэр­цэцэг, Д.Нямжаргал, Н.Хонгорзул зэрэг охид хоорондоо “Надад хөнжил гудсаа
ав гэж хэлээгүй ш дээ. Өчигдөр Түвшээ эгчийн гуд­сан дээр, Булгаа ахын  дээ­лийг нөмөрч унтсан. Харин өнөө орой хоёулаа
хөнжлөө хувааж нөмрөөд унтъя. Тэгэх үү” гэтэл нөгөөх нь “Надтай 6-ийн “в”-ийн Халиунаа
унтана гэсэн. Бас хөнжил гудасгүй ирсэн гэсэн. Багталцвал гур­вуу­лаа л унтчихъя.
Харин чи бэлэн хоолноосоо хуваал­цана шүү. Миний мөнгө дуу­сах гэж байгаа” хэмээн
ярил­цана. Тэд ихэвчлэн хямдыг нь бодож бэлэн гоймон, хар талх­тай авч иддэг гэнэ.
Хэрэв гуанзанд орвол өдөрт арван мянган төгрөг өлхөн үрчихдэг гэнэ. Тэдний замын
зардлыг нь Аймгийнх нь Засаг дарга даасан бол хоол ундныхаа мөн­гийг өөрсдөө гаргаж
бай­гаа аж.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Даага

Үндэсний их баяр наадам өчигдөр эхэлсэн гэхэд болно. Учир нь Урианхай сурын
харвааны мэргэчүүд нумаа эвшээтэл татаж, сумаа зурхайд тоос манарган буулгаж
эхэлсэн. Жинхэнэ утгаараа монгол наадам ингэж л эхэлдэг. Харин 12-ны өдөр
дааганы уралдаанаар төгсдөг гэж болно. Анх удаа төрийн наадамд тоосоо өргөж буй
дааганууд сарвайтал хатираад ижийдээ ирдэг. Айдсын даваа өгсөж ирээд л ижийгээ
хайгаад хангитал янцгаахыг хараад өрөвдөх, хайрлах сэтгэл төрдөг. Хүй долоон
худгийн ногоон дэнжид хөөрхөн дааганууд ороод ирэхэд наадамчдын хөөр баяр дээд
цэгтээ тулдаг. Дааганы уралдаан соёолонгийн тоосонд даруулах хүсэлтэй хүмүүсээс
дутуугүй олныг өдөржин наранд уядаг. Төрийн наадмын алтан зурхайд савх шиг
нарийхан хөлөө арай ядан зөөн ирэх, шороонд булагдан ичингүйрэн ирэх унаачийг
харахад хайр хүрэм байдаг. Өөрийн буруугаас биш, дааганы буруугаас бус уяачийн
уялга муугаас баян ходоод болсон дааганы хүүхэд ичингүйрэн явааг харахад хүн
бүр “Энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү магнай болоорой” хэмээн ерөөдөг.

МУСГЗ, сэтгүүлч, яруу найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазар

“Эхийнхээ дууг сонссон

Исгэл даага сум юм билээ

Ингэдэг гэдгийг нь мэддэг

Хашир уяач нум юм билээ” хэмээн чанга яригч барин
баян ходоодын даага руу алхаж яваа наадмын дүр зураг өнөө хэр сэтгэлд тодхон
байна. Төрийн наадамд олонтаа айрагдсан алдарт “Одон улаан азарга”-ны нэгэн
сонирхолтой түүхийг хүргэе гэж бодлоо.

Галшар сумын нэрт уяач “Монхор” хочит
Н.Халтар гуай нутгаасаа баруун урд Дорноговь аймгийн нутагт нэгэн өвөл адуугаа
оторложээ. Отрын адууны  ойролцоо урд чигийн ганц хүүтэй баян айл өвөлжиж
байсан тул тэднийхээр орж танилцжээ. Халтар гуайгаас тэр айлын ганц хүү нь
азарга тавих даага өгөөч гэж гуйдаг байжээ. Халтар гуай ч тэг, тэг л гэдэг
гэнэ. Хавар ойртож Халтар гуай нэг буухдаа “За бид маргааш адуугаа хөдөлгөөд
цааш хөдөлнө, хүү минь даага ав” гэжээ

Хүү Халтар гуайг мордсоны дараа нутгийн сайн уяач Пунцагийн Шагдарынд очиж
“Халтар гуай намайг даага ав гэлээ. Маргааш буцах гэнэ” гэхэд П.Шагдар “Чи
манайд байж бай, хамт очиж болохгүй, би очоод ирье” гээд явж гэнэ. Уяач Шагдар
адуун дээр очиход Халтар гуай сууж байна гэнэ. Мэнд усаа мэдэлцээд Шагдар “Урд
шөнө чөдөртэй морь алга болжээ. Танай адуу буцах гэнэ. Дагаад яваад өгч мэднэ
гээд шогшиж явна” гэжээ. Ингээд хоёр өвгөн адуун дотуур нилээд явж байснаа,
хайж явсан адуугаа үзэгдвэл дөхүүлж өгөөрэй гэж хэлээд буцжээ.  Буцаж
ирээд хүүд “За хө, жижиг цагаан азаргатай адуунд өнчин болов уу гэмээр бор даага
бий. Түүнийг ав. Халтар өгөх болов уу, яадаг бол. Харин чи эндээс гараад шууд
очиж болохгүй. Тойрч давхиад цаад талаас нь очоорой. Надтай уулзсан гэж хэлж
болохгүй шүү” гэж захижээ.

Нөгөө хүү тойрч давхисаар цаад талаас нь давхин ирж “За Халтар гуай даагаа авах
гэж ирлээ” гэхэд: – За хүү минь энд олон сайхан даага бий. Сүүтэй ч даага бий,
харж байгаад ав” гэж гэнэ. Мань залуу адуун дотуур явж явж, нөгөө Шагдар
өвгөний хэлсэн азаргатай адуу мөн болов уу гэмээр адуунд бор даага байхаар нь:
– Халтар  гуай бор даагыг авъя гэж хэлжээ. Гэтэл уяач Халтар “Хн. Энэ олон
буян дотроос адууны нэр хорлох нь уу. Чи өчнөөн сайхан даага байхад очиж очиж
ийм муу даага аваад байхдаа яадаг юм бэ? Өгөхгүй!” гэнгүүтэй эргэхдээ “Шагдар
нохой л салгалж явсан хэлээ биз!” гэчихээд л адуугаа хөөгөөд явчихжээ.

Тэр залууг морь танихгүй гэдгийг Халтар уяач сайн мэдэж байжээ. Харин
өнөөх  бор даага нь  алдарт “Одон улаан” азарга болсон
гэдэг.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Төрийн албаны зөвлөлийн ажилд сайд юуны учир оролцох болов?

Эмнэлгүүдийн дарга нарыг томилох сонгон шалгаруулалт
өчигдөр болох ёстой байв. Төрийн албаны зөвлөлөөс ал­бан ёсоор  энэ өдөр сон­гон шалгаруулах хуга­цааг товлосон
байж.    Халд­варт өвчин суд­лалын үндэсний
төв, Гэм­тэл согог судлалын үн­дэс­ний төв, Хавдар суд­лалын үндэсний төв, Цус сэлбэлт
судлалын үнд­сэний төв, Эмгэг суд­ла­лын үндэсний төв, Хүүх­дийн төв сувилал гэсэн
үндэсний зургаан лав­ла­гааны төвийн дарга на­рын томилгоо бүтэлгүйт­сэн гэхэд болно.
Хуу­лийн­хаа дагуу дээрх эм­нэлгийн дарга нарын сон­­гон шалагуурлалт өн­гөрсөн
зургадугаар са­рын 13-ны өдөр зарлаг­даж, энэ сарын 5-нд шал­галт авна гэж тогтжээ.
Тэгтэл Төрийн албаны салбар зөвлөлийн уг ажилд Н.Удвал  сайд орол­цож, хүчээр болиул­сан байна. Харин
Төрийн албаны салбар зөвлөл хуулиа баримталж, сон­гон шалгаруулалтыг явуулна гэж
зүтгэжээ. “Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар ингэж хуулийн
хугацаанд нь сонгон шалгаруулалт явуулах шийдвэр гарга­сан нь хууль зөрчсөн үйл­дэл”
хэмээн Монгол Улсын  хүний гавьяат  эмч Л.Жам­балжав өчигдөр сэтгүүлч­дэд мэдээлэл
хийлээ.   

Тэрбээр “Өнөөдөр  эрүүл  мэндийн  салбарт  
бэлтгэгдсэн мэргэжилт­нүүдээ сайн мэддэгийн  хувьд салбарын сайд  эм­нэл­гүүдээ хэнээр удир­дуу­лахаа сонгох,  тэдэнд 
сайдын зөвлөлөөрөө хэ­лэлцэж үүрэг даалгавар өгөх бүрэн боломжтой бөгөөд
эрхтэй  юм. Гэтэл  Төрийн албаны зөвлө­лөөс  журам  гаргаж  Төрийн албаны салбар   зөвлөлөөр 
сонгон  шалга­руулалт явуулах ажил
хийж байгаа боловч хууль зөрчих  явдал  гарч   байна.

Эрүүл  мэндийн  яамны  дэргэ­дэх  Төрийн албаны салбар зөв­лөл хууль зөрчиж байгаа
нь түүнийг толгойлж байгаа салбар  зөвлө­лийн
дарга Ж.Хатанбаатар­тай холбоотой. Саяхан Эрүүл 
мэндийн яамны харьяа хэдэн эмнэл­гийн дарга нарын сонгон  шалгаруу­лалтыг зарлаж, энэ сарын 4-ний орой шалгалт
авах  хугацаа  хойш­логд­сон тухай ажил  тарснаас хойш сонгонд оролцогч­дод  мэдэгдсэн. Маргааш өглөө нь 8.30  цагт энэ 
мэдэгдэгдлээ  албан  ёсоор  бич­гээр
ав гэсээр атал 5-ны өглөө шууд Төрийн албаны зөвлөлөөс орол­цогч­дыг  цуглуулж, 
шалгалт авахуу­ла­хаар тулгасан  байна.
Зүй нь салбар зөвлөл эрхийнхээ  хэм­жээнд
оролцогчдын материалд дүгнэлт хийж  шаард­лага  хангасан 
хүмүүсийг шалгал­танд оруулах болсноо албан  ёсоор  мэдэгдэж  шалгалтын ца­гийг тогтоож, салбар зөвлөл өөрсдөө
авах ёстой. Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалт явуулж  бай­гаад хяналт тавих зөвлөгөө  өгөх  үүрэг­тэй.
Гэтэл Төрийн албаны  зөвлөл ажлын байран дээрээ  дуудаж шууд өөрсдөө зохион  бай­гуулж шалгалт авах нь төрийн  албаны хууль болон холбогдох  журмыг зөрчиж 
байна. 

Болж буй үйл явдлын талаар уншигчдадаа тэнцвэрт
мэдээлэл хүргэх үүднээс холбогдох эрх бүхий байгууллагууд, эх сурвалжуудаас дараахь
мэдээллийг авлаа. Эрүүл мэндийн сайд Н.Удвал Төрийн албаны зөвлөлд Ж.Хатанбаатарыг
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөө­лөх асуудлыг Засгийн газарт
тавь­сан учир сонгон шалгаруулалтыг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Харин Төрийн
албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалтыг хойшлуу­лах боломжгүй гэж албан ёсоор мэдэгджээ.
Гэтэл энэ сарын 4-ний орой ажлын цаг дууссаны дараа Сонгон шалгаруулалтыг зохион
байгуулах комиссын дарга Д.Оюунцэ­цэг Төрийн албаны зөв­лөлд хандан “Эрүүл мэндийн
сайд Н.Удвал сонгон шалгаруулалтыг хойшлуул гэж мэдэгдсэн. Тиймээс сонгон шалгаруулалтыг
явуулах боломжгүй. Би комиссын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэл­тээ гаргаж
байна” гэжээ. Ингээд энэ тухайгаа 22 цагийн орчим сонгон шалгаруулалтад орох хүмүүс
рүү утсаар хэлсэн гэнэ. Харин Төрийн албаны зөвлөлөөс Сонгон шалга­руулалтад орох
хүмүүс рүү утасдан 8.30 цагт ирж шалгалтаа өгөхийг мэдэгджээ. Өчигдөр өглөө Төрийн
албаны зөвлөлийн төв байранд сонгон шалгаруулалтад бүртгүүл­сэн нийт 15 хүн ирсэн
байна. Нөх­цөл байдал ийм болсон учраас Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Ж.Хатанбаатар
Төрийн ал­бан зөвлөлийн гишүүдтэй хамтран шуурхай хуралдаан зохион бай­гуулж тэдний
саналыг авчээ. Бүрт­гүүлсэн иргэд 100 хувийн саналаар шалгалтаа товлосон хугацаандаа
өгөх хүсэлтэйгээ илэрхийлжээ. Иймд сонгон шалгаруулалтыг товло­сон хугацаанд нь
явуулахаар комиссын бүрэлдэхүүнийг шинэч­лэн баталсан байна.

Хуулиараа бол тухайн салба­рын сайд хийгээд Төрийн
нарийн бичгийн дарга хэн байхаас үл хамаарч сонгон шалгаруулалтыг явуулж, лавлагаа
төвүүдийг эзэн­тэй болгох шаардлагатай гэнэ. Төрийн албаны үйл ажиллагааг явуулахад
улс төрийн албан тушаал­тан буюу салбарын сайд хориг тавих эрхгүй гэдгийг учир мэдэх
хүмүүс ярьж байна лээ. Нөгөөтэйгүүр Төрийн нарийн бич­гийн даргыг үүрэгт ажлаас
нь чөлөөлөх асуудлыг салбарын сайд нь Засгийн газарт хүсэлт гаргах эрх байдаггүй
аж. Төрийн албаны зөвлөлийн ажилд Н.Удвал сайд биечлэн оролцох нь хуулинд нийцэхгүй
үйлдэл бөгөөд цаана нь ашиг сонирхлын зөрчил харагдаж байгааг Эрүүл мэндийн яамныхан
онцолж байсан юм. Ямартай ч сонгон шалгаруулалтанд дураа­раа оролцох гэж зүтгээд
байгаа сайдыг хууль зөрчиж байна гэснээс болж Төрийн нарийн бичгийн даргатайгаа
хамтарч ажиллаж чадахгүй хэмээн Н.Удвал сайд Ерөнхий сайдад бичиг хүргүүлсэн гэнэ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Бутан

Бутан хэмээх амар амгалангийн орон гэлтэй улс төдийлөн олны анхааралд
өртөөд байдаггүй байлаа. Гэтэл хөрш Хятад улсынх нь  Ардын чөлөөлөх арми хил залгаа  Бутан руу цэргээ оруулж, гурван газарт
байршуулж, тугаа хатгасан юм байх. 
Энэтхэгийн хэвлэлүүд анх энэ тухай мэдээлсэн.   Харин дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн
байгууллагууд  огт дуугарахгүй байгаа ч
Монголын хэвлэлийнхэн энэ тухай мэдээллийг түгээгээд эхэллээ. Манайхан үүнд
ингэтлээ анхаарал хандуулж байгаа нь бас учиртай. Бутан хойд талаараа БНХАУ-тай,
өмнөд хэсгээрээ Энэтхэгтэй хил залгадаг, далайд гарцгүй орон.   Манайх ч 
Бутантай адил газар нутгийн хувьд 
хойд талаараа ОХУ, өмнөд хэсгээрээ 
Хятадтай хил залгадаг,  далайд
гарцгүй.  Тиймээс л манайхны анхаарлыг
энэ мэдээлэл өөрийн эрхгүй татаад байгаа бололтой.  Юуны түрүүнд Бутаны тухай товч өгүүлье.  Түвдэд хавчигдсан лам Агваан Намжил 1616
онд  салангид жижиг улсуудыг нэгтгэн улс
болгосноор Бутан улсын үндэс суурь тавигдсан гэдэг. 1910 онд Британид хүлээн
зөвшөөрөгдөж, холбоотон болсноор тусгаар улс болсон гэх юм билээ.  Улсын нийслэл нь Тхимпху  хот. Олон хэлээр ярьдаг ч албан ёсны хэл нь
жонха. Хүн амын ихэнх хувь нь хөдөө аж ахуй эрхэлдэг. Үндсэн хуультай, хаант улс.
Их л амар амгалан улс байдаг учраас аз жаргалын индексээрээ дэлхийд тэргүүн
эгнээнд жагссан байсан.  Гэхдээ туйлын
ядуу. Газар тариалан, гар урлал зэргээсээ орлого олдог гэхээр ойлгомжтой
биз.   Гэхдээ хадан завсар хавчуулагдсан
халиуны зулзага шиг л хоёр хөршийнхөө ая эвийг олох гэж иржээ. Харин 1971 онд
НҮБ-д элссэн байна. Тиймээс ч одоо үүсээд байгаа байдалд анхаарал
хандуулахыг  хүсч, НҮБ-д захидал
илгээгээд байгаа юм.  Манай улстай
газарзүйн байрлалын хувьд   ижил энэ улс
руу хойд хөрш нь  буюу манай урд хөрш
БНХАУ довтолсон гэх мэдээлэл мэдээж манайхны анхаарлыг өөрийн эрхгүй татаж
байгаа.     

     Хятадын тал тус улсад хэд хэдэн
газар цэргийн баазаа байрлуулахаас гадна 
түлш тээвэрлэж явсан гэх мэдээлэл бий. Бутан,  Хятад хоёр 470 км үргэлжлэх хилээр
зааглагддаг аж. Мөн зарим газар нь аль улсынх нь тодорхойгүй маргаантай явсаар
ирж. Энэ байдал нь хөрш хүчирхэг гүрэнд нь олз болсон биз. Мөн Бутаны газар
нутгийнх нь хэмжээ ч өмнөхөөсөө хамаагүй багассан байна.  Хил тогтоох сунжирсан байдлыг  хөрш улс нь ашиглаж,  тус улс руу цэрэг армиа нэвтрүүлж,  байршуулсан аж. Хамгийн хачирхалтай нь
өнгөрсөн онд тус улсын нутагт 
цэргүүдээ  байршуулж байгаад тэр
газар нутгийг нь өөрийн эзэмшлийн газар гэж зарласан байна.    Бараг л цэрэггүй гэж хэлэгдэхээр Бутан улс
батлан хамгаалах салбар нь төдийлөн бэхжээгүй, бөгөөд хэдэн сая цэрэгтэй
Хятадын армийн өөдөөс юу хийж чадах билээ. Харин Хятадын тал Бутанд цэрэг
оруулснаа тус улсад байгаа хятад ажилчдын эрхэнд халдсан учраас тэднийгээ  хамгаалах гэж оруулсан гэсэн хачирхалтай
тайлбар хийж байгаа гэсэн албан бус мэдээлэл байна. Харин Хятадын тал бол
үүнийг үгүйсгэж байгаа. Ямартай ч байдал ямар байгаа, аль мэдээлэл нь үнэн
болохыг цаг хугацаа харуулна биз ээ.

Categories
редакцийн-нийтлэл

Авлигажсан намыг тарааж, алдааны нь золиос хүнээ аваръя

Сонгуульд ялагдсан МАН-ын­хан шинэчлэлийн
тухай өөд уруу­гүй ярьцгааж байна. Дарга нараа солиод, дараагийн хэдэн хүмүүс удирдлагад
гарч ирээд энэ нам шинэчлэгдэж чадах болов уу.

Дотор нь байдаг тулхтай гишүүд нь
ч энэ боломжгүй дээ, зөвхөн дахин хуваарилалтыг л ярьж бай­гаа болохоос ер гаруй
жилийн түүхтэй энэ намд бодит өөрчлөлт авчрахгүй гэлцэж байгаа юм. Гэх­дээ тэд яаж
өөрчлөх талаар ч сайн мэдэхгүйгээ хэлж байна. Энэ намын гишүүдийн цөөнгүй хүмүү­сийн
сэтгэлд намын шинэчлэлээс илүүтэй дээлээ нөмөрчихөлгүй яаж үлдэх вэ гэсэн бодол
эргэлдэж байгаа нь худлаагүй. Өнгөрсөн сонгуулиар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ алдаа
эндүүтэй ажилласан МАН-ын гишүүдийнхээ өмнө онгой­чихоод байгаа хаалгыг хаах гэж
оролдож үзээд барсангүй. Хэрэв тэр ялсан бол энэ намынхны дунд бий болоод буй их
айдас хүйдэс багасах байсан биз. Нийгэмд бай­гаа янз бүрийн уур амьсгалыг анирдвал
“Авлигачдыг зайлуулах нь зөв, Ардын намынхныг шоронд хийх нь зөв”, “Ардчилсан намын
авлигачдыг адилхан хийх хэрэг­тэй”, “МАН, АН гэлтгүй бүгдийг нь шоронд хатаа”,
“МАН-ынхан хэзээ нэгэн цагт ялж л таарна. Тэр үедээ АН-д хариуг нь өгнө дөө” гээд
дуу дуугаа авалцаад ярьж өгч байна аа. Үнэнийг хэлэхэд айдас хүйдэс, өс хонзон хэзээ
хэзээнээс илүүтэй мэдрэгдэж байна. Бас албан тушаа­лаа авч идэхийн боломж гэж ойлгож
ирсэн хүмүүст ч хатуу сургамж өгч байна. Мэдээж, энэ бол сайн хэрэг. Харин сайныг
дагаад ирж байгаа муу зүйл бол цөөхөн монгол тал тамцаг болтлоо хуваагдаж байгаа
явдал.

Одоогийн улс төрийн үйл явд­лыг өнгөцөөр
зураглавал МАН-ын урт гартай нөхдийг ар араас нь ял үүрүүлж, АН-аас бас хэдийг өшиг­лөнө.
МАН шинэчлэл нэрээр дараагийн удирдлагуудаа угтаж, өнөө хэд нь АН-ын Засгийн газрыг
унагахаар өөрсөдтэй нь хуйвал­даад эхэлнэ. Уг нь Засгийн газрууд дунджаар 50 орчим
хувийн рей­тингтэй байж ирсэн жишиг байдаг. Харин сүүлийн үеийн судалгаа­гаар Н.Алтанхуягийн
Засгийн газар 60 гаруй хувийн рейтингтэй байгаа гэсэн. Сонгогчид шүүмжлэхийн зэрэгцээ
ажиллаад байна, болоод байна гэж үзэж байгааг улс төрийн хүрээнийхэн өөрсдийн шүүлтүү­рээ­рээ
л харна. Эрх ашиг өөрт нь яаж тусч байна, түүгээрээ л зөв бурууг дүгнэдэг зан эдний
ертөн­цөд бий. Нэг удаа засаг унавал дараагийнхыг нөгөө хэд нь, түүний дараагийнхыг
энэ хэд нь гэж хандвал тэр тоолонд нь МАН, МАХН ээлжилж тоглолт хийгээд явж өгнө.
Энэ бол монголчууд бидний туулж ирсэн зам болохоор хэн хүнгүй гадарлацгааж байна.
Үүн­тэй зэрэгцээд шорон руу явуулах гэмт хэрэгтнүүдийн цуваа үргэлж­лээд байвал
байдал яах нь бүр ч ойлгомжтой. Авлига авч, албан тушаалаа хэтрүүлсэн хүмүүсийг
зөвтгөх гээгүй ч илүү том эрх ашгаа харвал цөөхөн монголчууд хоорон­доо хэмлэлдмээргүй
байна. Мон­гол­чууд бид хэд билээ, тэдэн дун­даа мэргэшиж боловсорсон нь хэд байхав.
Ямар ч нийгэмд хүн  хам­гийн үнэт капитал.
Тэр дундаа боловсорч туршлагажсан мэргэ­жилтнүүд шижир эрдэнэ. Ажил хийж байх үедээ
авлига авч алдаа гаргасан гээд тэр сэхээтнүүдээ аавынх руу ачаад байвал миний Монгол
Улсад дэндүү хохиролтой санагдаж байна. Улс төрийн хэл­мэг­дүүлэлтийн үед Монголын
тол­гой сэхээтэн, ном үзэж тархины сэвтээ нь арилсан хувраг, хувил­гаад, улс төр,
соёлын салбарын тэргүүн эгнээнд түүчээлж явсан хүмүүсээ бүгдийг нь хядаад дуус­сан.
Тэгээд хэдэн жилээр бид хойшоо суув. Тийм бүхэл бүтэн үеүдийг бэлтгэх ямар хугацааг
бид алдсан билээ. Тухайн цаг үед гадны гар хөл, бодлогоор хийгдэж байсан энэ алдааг
шинэ цагт бид өөрсдөө давтах ёсгүй. Түүний тулд өвөрмөц ууч зангаар цагаан захт­нуудыг
өршөөе. Ажил хийж байгаа хүн алдаа гаргадаг, авч идэх боломж нь байвал ухамсар заан
үлдэж хоцрох хүн тун ховор. Энэ бол хүний төрөлх зангуудын нэг. Ардчилсан тогтолцоонд
шилжсэн түүхэн замналтай зэрэгцээд алдаа, онооны замыг бүгд л туулж ирлээ. Нам дагасан
бодлого, нам шүтсэн тогтолцоо өнөөдрийн энэ бүгдийг бий болгожээ. Өнгөрсөн 24 жилийн
19-д нь төрийн эрхийг мэдэж, хэмжээгүй эрх мэдэлтэй байсан МАН-ынхан даахын хэрээрээ
л авч идэхийн үлгэрийг үзүүлж. Хэрэв АН-ынханд ийм боломж нь байсан бол бас л тэгэх
байсан биз. Тэгэ­хээр бид авдаг иддэг боломжийг тогтолцоогоороо хааж өгөөгүй байж,
өнөөдөр сэхээтнүүдээ цувуу­лан шорон руу илгээгээд баймгүй байна. Дараа нь дахиад
хэдэн жил өнгөрөхөд өнөөдөр эрх мэдэлтэй байсан хэсэг шорон руу гээд эх захгүй өс
хонзонгийн урсгал хөврөх.

Төрийн албыг хаших хүмүүсийг зүгээр гудамжнаас авчраад томил­чихдоггүй.
Шалгарсан шүүгдсэн хүмүүс энэ албанд тохоогддог байж таарна. Ар гэрийнхээ амьдралаа
аваад явчихаж дөнгөхгүй эр ардын амьдрал яриад суудаггүй гэж бод­дог. Бас төрийн
алба гэдэг нь аяандаа тэр хүнийг сургаж, боловс­руулж бэлтгэж өгдөг. Монгол төрийн
төлөө, монголчуудын төлөө ажиллах боловсон хүчин болгож бэлтгэж байдаг. Гэтэл тэр
хүмүүсээ ашиглах цаг дээр нь ашиглахгүй бол яах юм бэ. Дахин хэлэхэд Монголд байгаа
улс төрийн намын тогтолцоо нь өнөөдрийн суурийг бэлтгэсэн юм. Тэгээд ч хэрэг хийсэн
хэн нэгэнд хариуцлага тооцмоор байгаа бол гишүүдтэй нь биш намтай тооцъё л доо.
МАН бол  нэгэнт түүхэн үүргээ гүйцэтгэсэн
нам. Дэлхий даяараа коммунист тогтолцооноос салж, хуучны намуудаа татан буулгаж
байхад үлдсэн цөөхөн намын нэг. Ихэнх намууд татан буугдаж, тухайн намын гишүүд
нь шинээр эвлэлдэн нэгдэж зохион байгуулалтад орсон жишээ олон бий. Намын цаана
хүмүүс л байдаг, тэд хэвээр байхад татан буулгах бас шинээр өөр нэрээр нам байгуулахад
ялгаа юу байна гэж маргах хүн ч гарч магад­гүй. Гэхдээ нам бол хатуу үзэл баримтлал,
хатуу дүрэм журмаар явдаг учраас хуучны энэ малгай нь гишүүдээ өөрчлөгдөж, шинэчлэг­дэхэд
ямагт гай болсоор ирдэг юм. Хуучин МАХН-ынхан нэрээ сольж үүнийг өөрчлөх гэж үзсэн
ч тусыг эс олов. БНСУ-д Ханнара нам нэрээ сольж Саэнури болгосноор парламентад олонхи
болж, бүр эмэгтэй хүнийг төрийн тэргүүн болгочихоод байгаа амжилт бий. Харин манайд
ах намын хувьд нэрээ сольсон ч дараалсан олон ялагдлыг хүлээснээрээ нэрээ мянга
солиод нэмэргүй, татан буугдах цаг болсныг л баталсан юм. Намаа татан буулгаад буурин
дээрээ тэр бүрэлдэхүүнээрээ дараагийн шинэ намаа байгуулна уу, задрал нэгд­лээ хийнэ
үү хамаа алга. Тухайн цагтаа оросуудын ашиг сонирх­лоор бий болсон энэ нам хязгаар­таа
тулсан мэт. Хамгийн гол нь улс төр, эдийн засгийн сэдлээр монгол­чууд нэгнээ хорьдог
байдлыг болиул­маар байна. Могой ороосон хутгыг шуун дээр шивчихсэн эрүү­гийн хэрэгтнүүдэд
Өршөөлийн хууль баталж болдог юм чинь цагаан захтнуудад зориулсан Өршөөлийн хуулийг
баталж яагаад болдоггүй юм. Улсад учруулсан хохирол мөнгийг нь төлүүлээд, улс төрд
дахин орохгүй гэсэн хариуц­лага хүлээлгээд, харин шорон руу илгээхийг болих хэрэгтэй.
Эрх мэдэл эдэлж байвал идэх уух ёстой гэсэн буруу хэвшлийг залгамж­луулж ирсэн МАН-ын
үе, үеийн дарга нар болох Н.Багабанди, Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр, Сү.Батболд,
У.Хүрэлсүх гээд бүхий л дарга даамлуудыг улс төрд тэдэн жилээр оруулж ирэхгүй гэсэн
ёс суртахууны хариуцлага үүрүүлсэн ч болохгүй зүйлгүй. Тэд ч том эрх ашгийн төлөө
өөрсдийн эрсдлийг тоохгүй биз. Тэгэхгүй бол идсэн уусан гээд нэг хэсэг нь шоронд
тэдний хамтрагчид, хамаатан ах дүүс нь бөөн гомдол цөхрөл, өс хонзон. Дараа нь гарвал
нөгөө хэдийгээ хийнэ. Ингэснээр цөөхөн монголчууд маань хоорондоо хөлөө жийлцсээр
хожсон ч зүйлгүй харийнхны өгөөш болж дуусна. Насаараа төрийн албанд зүтгэсэн Т.Билэгт
гуайг хар л даа. Нам дагаж, дарга шүтсэн тогтолцоо нь энэ хүнийг алдахад хүргэсэн
байж болох юм. Тэглээ гээд насны бөг­сөнд хүний газар нуугдаж, эх оронд нь түүнийг
“Интерпол”-оор хайж байгаагаа зарлаж бас гадаадаас орогнол хүссэнийг мэдэгдээд.
Харин удтал нам гүм байсан тэрээр гэмт хэрэг хийсэн гэж байхад дуугүй байсан мөртлөө
хүний нутгаас орогнол хүссэн гэдгийг тэвчилгүй хэл дуулгаж байгааг нь харахад дэндүү
өрөвдмөөр байна. Ямар ч аюултай гэмт хэрэгтэн гэдгээс илүү эх орондоо үнэнч нэгнээрээ
үлдэ­хийг тэр хүсч. Монголчууд бид л нэгийгээ өрөвдөж, нэгэндээ өршөөнгүй ууч хандахгүй
бол хэн биднийг тэгж өрөвдөх юм бэ. Ажил хийж байсан хүн алддаг, юу ч хийж бүтээгээгүй
хүний гар, нэр цэвэр байдгийг бид гадарлахтайгаа бол­сон. Одоо алдаа оноогоо хамтдаа
дэнсэлж, нам болж талцаж нэгийгээ үзэн ядаж, өс зангидалгүй ураг­шилцгаая. Хүний
нийгэмд хамгийн үнэт капитал нь хүн өөрөө. Тэр дундаа Монгол шиг цөөхөн хүн амтай
оронд.  Ийм л учир авлигаж­сан алив намыг
тараагаад, алдаа­ны нь золиос болсон хүнээ л аваръя.

Categories
редакцийн-нийтлэл

Найрах уу, барилдах уу, зодолдох уу

Монгол төрийн үндэсний их баяр наадам зургаа хоногийн дараа болно. Уг
баяртаа хэзээнээс ач холбогдол өгч ирсэн манайхан гялайж, гялтайна гэсэн
бүхнээрээ бүлтийтэл гоёод ирдэг. Өдөржин Хүй долоон худагт морь үзэж шороонд даруулна гэсэн ч гоёоноосоо салахгүй. Бүтэн хоёр
өдөр бөх үзнэ гэдэг хэрнээ дээлнээсээ салдаггүй тийм л ард түмэн. Сүүлийн үед харин сур болон
хурдан морьдын уралдаан үзэгчдийн тоо эрс нэмэгдэх болсон гэнэ. Учир нь
үндэсний бөх сонирхогчид наадмын нээлт хараад хэн гэдэг бөхчүүд барилдахыг
ерөнхийдөө баримжаалаад наадмын талбайгаас буцдаг болжээ. Тэгэхгүй бол сүүлийн
жилүүдэд найраа, бөхчүүдийн хоорондох маргаанаас болж үзэгчид тэднээс дөлөх
болсон аж. Тэр бүү хэл нүднийх нь өмнө ирчихээд том хар цүнх савчуулсан нэг
нөхөр “За болжээ. Тоо ёсоороо биз дээ” гээд яваад өгнө. Энэ мэтчилэн наадмын
найраа ил цагаандаа гарсан. Энэ жилийн аймгийн арслан 40-50 сая, улсын начин
цолонд хүрэхэд 200-300 сая төгрөг хэрэг болох тухай яриа гарсан байна лээ. Өнөө
жил өөрийн хүчээр тав давсан ганц, хоёр бөх начин цолны босго давах магадлалтай бол үлдсэн нь
томоохон мөнгөтэй компанийн нэр дээр барилддаг бол начин цолтны бүлд багтана. Харин
Өсөхөө аварга “жижиг” Сүхбатад “карате” хийснээс хойш зодоонтой барилдаан
хөгжиж эхэлсэн. Их, бага барилдаануудын үеэр үзэгчдийг талцуулсан зодоонтой
барилдаан үе үе гарах болсон нь өнөө жудагтай эрс барилддаг гэдэг үг ул болсныг
бэлхнээ илтгэнэ. Илт зодолдохгүй юм аа гэхэд тахим өгч авалцахдаа тохойдно,
өвдөглөнө гээд анзаарагдах зүйл их. Хортой шартай аймгийн цолтнууд сумогийн “цуппари” мэхнээс дутуугүй бие биенээ цохиж, хавирах нэрээр өшиглөж байх юм. Юу
ч мэдэхгүй тэнэг хүмүүс авч ирээд суулгасан мэт авир гаргаж өнөө үзэгчдийг
өөрсдийнхөө маргаанд уруу татан оролцуулж талцуулан бараг л зодолдуулах дөхнө. Үндэсний
бөхийг хөгжиж байна л гэдэг. Угтаа үндэсний бөхөд зодооны урлаг түлхүү хөгжих
болсон билээ.

Саяхан Бүх цэргийн баяр наадам боллоо. Уг наадамд аймаг, цэргийн болон
сумын цолтой 256 бөх барилдав. Наадмын өмнөх томоохон сорилго хэмээн хүмүүс
бөхийн өргөөнд дүүрэн цугласан байлаа. Барилдаанууд ч ид хаваа үзүүлэн сайхан
болсон. Харин их шөвөгт шалгарсан Говь-Алтай аймгийн Цогт сумын уугуул аймгийн
арслан Л.Цэрэнтогтох, аймгийн заан Б.Бадамсүрэнтэй учраа тааран барилдсан.
Тэдний хувьд улсын өндөр цолонд зүтгэх учир мэдээж ганц даваа ч гэсэн тунаанаас
гарахад нь хэрэг болно. Цолны төлөөх ширүүхэн тулааны дүнд арслан, зааны
барилдаан зодоон болсон. Аймгийн арслан Л.Цэрэнтогтох аймгийн заан
Б.Бадамсүрэнгийн хамраас цус гаргаж түүний дараа төд удалгүй шанаа руу цохиод
авав. Үзэгчид ч “Болиоч ээ, чи зайл” хэмээн дургүйцлээ
илэрхийлсэн. Харин “Монгол хүн монжоо алддаггүй” гэсэн шиг аймгийн заан хавирах
мэх хийх нэрээр өшиглөөд авахаа мартсангүй. Цэргийн арслан цолны төлөө ингэж
үхэлдэж байгаа юм чинь улсын цолонд хүрэхийн тулд эд юу ч хийж магадгүй нь гэж
байсан юм.

Э.Энхболд

Categories
редакцийн-нийтлэл

Иргэд газраа чөлөөлөхийн тулд тэрбум, тэрбумаар нь мөнгө нэхээгүй гэв

Шинэ станц энд баригдана

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт “Амгалан” дулаа­ны
станцыг барихаар болсон. Уг станцыг тус дүүргийн “Ус-15” бага оврын станцын суурин
дээр барихаар Нийслэ­лийн Засаг дарга, БНХАУ-ын “CMEC” компанийн удирдлагууд гэрээнд
гарын үсэг зуржээ. Үүний дагуу хуучин станцыг буулгачихаад байгаа юм.

Улаанбаатар хотын зүүн бүсэд баригдах энэ станц
300 МВт-ын хүчин чадалтай, 20 мянган айлыг дулаанаар хангах боломжтой. Энэ оны эцэст
станцын эхний хэсэг ашиглалтад орох төлөвлөгөөтэй.

Гэтэл уг ажил урагш­лах­гүй байгаа аж. Дулааны станцыг барих барилгын
зурагт заасан газарт буй айлууд газраа чөлөөлж өгөхгүй байгаа бөгөөд зарим нь дөрөв,
зургаан тэрбум төгрөг нэхэж байгаа тухай мэдээ­лэл гарсан юм. Энэ талаар сурвалжлахаар
станц баригдах газар буюу Баянзүрх дүүргийн наймдугаар хороо, Ус-15 гэх хэсэгт очлоо.
Хашаа, байшин нь газарт оро­хоор болсон хорь гаруй айл байна. Эндхийн оршин суугчдын
төлөө­лөг­чидтэй уулзлаа.

Өнгөрсөн цагаан сарын дараа­наас энэ хавийн айлуудад
газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас иржээ.

Оршин суугчид амьдарч байгаа газарт нь улсын онцгой
обьект баригдах гэж буйг дуулаад “Улс ажлаа хийж байхад саад болоод яах вэ. Газраа
чөлөөлье” гэж санал нэгджээ. Холбогдох хүмүүс нь энэ хавийнхны хашааны газрыг метр
квадратыг нь 13200 төгрөгөөр үнэлнэ гэжээ. Үүнийг оршин сууг­чид хүлээн зөвшөөрөөгүй
аж. Энэ хавийн айлуудын хашааны газрын хэмжээ 0.7 га-даа хүрэхгүй түүнээс бага гэнэ.
Тэгээд тэр жаахан газраа метр квадратыг нь 13200 төгрөгөөр үнэлж тав, зургаан саяар
зарчи­хаад өөр газар очиж хашааны газар авах гэхээр тоймгүй их үнэтэй байгаа гэнэ.
Ингээд иргэд газрын үнэлгээгээ нэмүүлэх талаар хотын захиргааны холбогдох алба,
газ­раар нь олон дахин орж ярилцсаны эцэст метр квадратыг нь 100 мянган төгрөгөөр
үнэлүүлэхээр болж.

Газарт орсон айлууд дунд дэл­гүүр хоршоо ажиллуулдаг,
үйлд­вэрлэл явуулдаг хэд хэдэн өрх байгаагаас гадна барилгын сэнд­вичэн хавтан,
архины үйлдвэр энд байрладаг юм байна. Сэндвичэн хавтангийн үйлдвэр нь дэргэдээ
ажилчдынхаа гурван давхар тоос­гон орон сууцтай. Хөл дээрээ дөнгөж зогсч байгаа
үйлдвэр юм байна. Мөн эндхийнхний ихэнх айл нь хашаандаа байшин барьж, зарим нь
байшин барихаар материа­лаа зэхчихсэн байж.

Оршин суугчид “Сүүлийн үед зарим мэдээллийн хэрэгслээр
“Амгалан” станцыг барих ажилд биднийг саад болж байгаа мэтээр ярьж байна. Энэ бол
худлаа шүү. Холбогдох хүмүүс нь газрын асууд­лаар бидэнтэй ганц ч удаа ирж уулзаагүй.
Бид л өөрсдөө нэгдээд санал санаачилга гаргаад газраа чөлөөлөх гээд гүйгээд байна.
Газ­раа чөлөөлөхөд бэлэн байна. Гэхдээ бидэнд зах зээлийн бодит үнэлгээтэй, биднийг
хохироохгүй­гээр асуудлыг шийдэж өгөх тийм хэмжээний мөнгө хэрэгтэй” гэцгээж байлаа.

Иргэд өдгөө тохи­ролцсоны дагуу мөнгөө хүлээгээд
өнөөдрийг хүргэсэн байна. “Өнөө­дөр нүүчих юм болов уу. Эсвэл маргааш нүүчих ч юм
билүү” гээд гэрээ нимгэлж ч чадахгүй, байшин­гаа үргэлжлүүлж барьж чадахгүй хүлээж
байгаа айлууд байгаа олон. 

Эндхийн оршин суугч Б.Баа­тархүү ингэж ярилаа.
“Биднийг дөрвөн тэрбум нэхээд нүүхгүй байгаа гэсэн яриа гарсан байна лээ. Энэ бол
цуурхал гэдгийг хэлье. Үнэндээ манай энэ хавийн айлууд дунд тэрбум төгрөгийн үнэ
хүрэх хөрөнгөтэй айл ганц ч байхгүй. Манай газрыг өнгөрсөн намар нэг хүн 50 саяар
авах санал гаргаж байсан. Би байшингаа барих гээд бүх юмаа бэлдчихсэн байсан болохоор
зараагүй. Манай урд хөрш хашаа байшингаа өнгөрсөн намар 60 саяар зараад явчихсан.
Бид газраа чөлөөлөхөд бэлэн байна. Эндээс нүүхэд шууд очоод орчих байр хэрэгтэй.
Тэгэхгүй ашиглалтад ороогүй, тэр байтугай ор байхгүй байранд хүртэл оруул­на гэж
яриад байгаа. Манай энэ хавийн ихэнх айлууд 50-60 сая төгрөгөөр л газраа чөлөөлнө
гэсэн тооцоо гаргачихаад байгаа. Харин энд үйл ажиллагаагаа явуулдаг үйлдвэрүүд
яах юм бол. Ямартай ч сэндвичийн үйлдвэр ид ажиллаж, үйл ажиллагаа нь жигдэрч ажилч­дадаа
зориулсан гурван давхар орон сууц хүртэл барьчихаад байсан” гэлээ.

Станц баригдах газрын араар дулааны шугам явсан
бол газар доогуураа цэвэр усны шугамтай. Иргэд өмчилж авсан газартаа цаашид суурьшаад
хаус барьж, дулаан, цэвэр усанд холбох төлөв­лөгөөтэй байж. Онцгой обьект барихаар
болсон нь тэдний төлөв­лөгөөг өөрчилсөн байна. Эндхийн иргэд зарын сонин өдөр бүр
ша­гайж боломжийн үнэтэй байшин, үгүй ядаж гайгүй үнээр хашаа авчих санаатай судалдаг
болсон гэнэ.

Э.Цэцэгням гэх эндхийн оршин суугч “Бидэнд Нисэхэд
байгаа байранд орох санал тавьсан ч дургүйцсэн гэж телевизээр худлаа мэдээлэл гарсан.
Бидний хэнтэй ч ийм зүйл яриагүй. Хүмүүс нь бидэнтэй ганц ч ирж уулзаагүй мөртлөө
иймэрхүү худал зүйл яриад байгаа нь сонин юм. Манайх энд арав гаруй жил амьдарч
байна. Би өнгөрсөн хавар нярайлсан. Хуучин станцыг буулгах үеэр энд ямар байдалтай
байсан гэж сана­на. Бид хоёр сарын хугацаанд бүтэн нойртой хоноогүй. Нялх биетэй
болохоор их ядарсан. Тэгээд энэ байдлаар үргэлжилбэл бидний амгалан тайван байдалд
амьдрах нөхцөл алдагдах нь гээд аргаа бараад нүүхээр шийдсэн. Гэтэл Нийслэлийн төрийн
өмчийн харилцааны газрынхан тохиролц­соны дагуу товлосон хугацаандаа мөнгөө өгөхгүй
биднийг хүлээлгийн байдалд оруулчихаад байна” гэлээ. Харин энд үйл ажиллагаа явуулдаг
үйлдвэр, аж ахуйн нэгжүүд ямар нэгэн тохироонд хүрээгүй байна.

Наадмын дараа намар. Наа­дам өнгөрөнгүүт л өвөлжилтийн
асуудал яригдаж эхэлдэг. Хүүх­дүүдийн сургууль соёлыг цэгцлэх их ажил эхлэхээс өмнө
нүүвэл нүүгээд асуудлаа эртхэн шийдэх хүсэлтэй байгаагаа иргэд ярьж байлаа.

Эндхийнхэн хэрвээ эндээсээ нүүвэл хаана очих вэ
гээд дор бүрнээ л юм бодож байгаа аж. Зарын дагуу очихоор Баянзүрхийн товчооноос
цаашхи хашааны газар 160 сая, “Их засаг” сургуулийн орчимд хашаа байшин 300 сая
төгрөгийн үнэтэй байна гэж өөрс­дийн очиж сонирхсон хашаа, газар, байшингаа ярьцгаалаа.

Иргэд энэ асуудлыг яаралтай шийдэж өгөхийг хүсч,
нэг талдаа гарахыг хүсч байгаа юм байна. Хэрвээ мөнгө төгрөгийг нь шийдэж өгч чадахгүй
бол бэлэн баригд­чихсан байр саванд орох хүсэлтэй байгаа аж. Түүнээс биш хэдэн тэрбумаар
мөнгө нэхсэн зүйл байхгүй гэцгээж байлаа.

Д.САРУУЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Египетийн огцорсон Ерөнхийлөгчийг хамгаалалтад авчээ

Пүрэв гаригт шилжих шөнөө
Египетийн Ерөнхийлөгч М.Мурсиг огцруулан 
хамгаалалтад авсан талаар төрийн тэргүүнээ дэмжигч “Лалын ахан дүүс”
хөдөлгөөнийхөн албан ёсоор мэдэгдсэн байна. Түүний хамт Ерөнхийлөгчийн  зөвлөх Эссам аль-Хаддадыг бас хамгаалалтад
авчээ. Египетийн Ерөнхийлөгчийг баривчилсан талаарх мэдээллийг тус улсын хууль
сахиулах байгууллагынхан мөн батлав. М.Мурсиг одоогоор цэргийн тагнуулын мэдэлд
байдаг нутаг дэвсгэрийн нэг обьектод хорьж байгаа гэх. Эрх баригч  “Лалын ахан дүүс” -ийн мэдээлснээр М.Мурси
болон зөвлөхийг нь гэрийн хорионд оруулсан гэжээ. Урьд нь мөн эрх баригч намын
300 гаруй гишүүнийг баривчилсан талаар мэдээлж байлаа. Долдугаар сарын 3-нд
Египетийн Батлан хамгаалахын сайд Абдель-Фаттах аль-Сиси телевизээр хандан үг
хэлэхдээ М.Мурсиг албан тушаалаас нь огцруулсныг албан ёсоор мэдээлсэн аж.

Зургадугаар
сарын 30-нд М.Мурсиг огцрохыг шаардан олныг хамарсан жагсаал Египет даяар
болсны дараа арми нь ийнхүү төрийн тэргүүнээ огцруулсан байна. М.Мурси  суудлаасаа огцрох хүртэл хууль ёсны Ерөнхийлөгч
хэвээр байх болно гэдгээ мэдэгдэж байсан. Тэрээр ард иргэддээ хандан бүрэн
эрхийн хугацаа нь  дуусгавар болтол
хамгаалахыг уриалж байсан юм. Харин ийнхүү түүнийг огцруулсныг “Лалын ахан
дүүс” хөдөлгөөнийхөн цэргийн эргэлт боллоо хэмээн үзэж байна. Египетийн
армийнхан М.Мурсийн оронд Үндсэн хуулийн цэцийн дарга Адли Мансурыг түр
хугацаагаар томилжээ.

Д.Цэрэндолгор

Categories
редакцийн-нийтлэл

Н.Багабанди, Н.Энхбаяр хоёрын эхэлсэн хэрүүл эцэстээ МАН-ыг ийм байдалд орууллаа

-БИД ИХ ХУРЛААРАА НАМЫГ 
ТӨДИЙГҮЙ  МОНГОЛЫН НИЙГМИЙГ
ШИНЭЧЛЭХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭХ ЁСТОЙ-

МАН-ын Хяналтын хо­рооны
гишүүн Л.Одон­чи­мэд­тэй на­мын шинэчлэл, саяхан болж өнгөрсөн Ерөн­хийлөгчийн
сонгуулийн талаар ярилцлаа.
  

-Ерөнхийлөгчийн сон­­гууль
болж өнгөр­лөө. Таныг Б.Бат-Эр­дэ­нэ аваргын сон­гуулийн багт орж ажилла­сан
гэж дуулсан. Энэ жи­лийн сонгуулийн онцлог гэ­вэл юу хэлмээр байна?

-Ц.Элбэгдорж өнөө­дөр төр барьж байгаа Ерөнхий­лөгч шиг
байя, Б.Бат-Эрдэнэ аварга боло­хоор жудагтай байж үнэн чанараа үзье гэсэн
бодлоготой өрсөлдлөө гэж харагдсан. Дорно да­хи­ны Даогийн сургаа­лаар бол али­ваа
хүчдэл өөрөө хүчдэлийг үүсгэнэ гэж үздэг. Б.Бат-Эр­дэнэ аварга өрсөлдөгчийн
үнэм­лэхээ авахдаа л хэл ам хэрүүл шуугиангүй шударга сайхан өрсөлдье гэж уриал­сан.

Тэр бол аваргын мөн чанар юм.
Нөгөө талаар төр, төрийн хяналтын бүх эрхийг барьж байгаа АН-ын өрсөл­дөгчийн
эсрэг хар пиар хийх гэдэг “салхины өөдөөс сарих­тай” адил гэдгийг тооцсон
хэрэг. Ерөнхийдөө сонгууль тун амгалан тайван боллоо. Ц.Элбэгдорж ард түмний
тав­ны нэг, сонгуулийн насныхны гуравны нэгийн саналаар Ерөнхийлөгч болж байна.
Цаашид хуульд өөрчлөлт оруулахгүй бол ард түмнээс сонгогдоно гэдэг утга чанараа
алдах юм байна. Аварга бол ард түмний хайр хүндлэлийн хэмжээгээр санал авлаа.
Ийм хүчтэй өрсөлдөгчтэй, өөрийн намын суурь оноо гэж байх­гүйтэй адил байхад
ялснаас өөрцгүй. Ер нь аварга тулдаа л 40 гарсан хувийн санал авлаа гэж хүн
бүхэн хэлж байгаа юм. Сон­гуулийн явцад манай намын­хан дотроос илэрсэн ноцтой
хэргүүд авар­гын хөлөөс тугалга уясан мэт чангаасан. Н.Удвалын хувьд анх удаа
эмэгтэй хүн, тэгээд эмч хүн нэр дэвшлээ. Ер нь эмч на­рын мэдлэг боловсрол ямар
байдаг юм бэ гэдгийг Н.Удвал харуулж чадсан. Одоогийн­хоо ерөнхийлөгчид санаж
сэдэж, ярьж хэлж байсан зүйлээ үргэлжлүүлэх боломж олгох нь ашигтай гэсэн үзэл
санааг сонгогчид илүү дэмж­лээ гэж бодогдсон. Аварга харин өөрийнхөө үнэлэмжийг
тогтоож мэдсэн нь улстөр­чийн хувьд цааш­дын зам мөрөө тодруулсан чухал алхам
боллоо.

-Танай намынхан их амархан
ялагдлаа хүлээж, “цагаан туг” өргөчих шиг болсон. Сонгууль шударга болсон гэж
үзжээ дээ?

-Ерөнхийлөгчийн сон­гууль гэдэг
хувь хүн өрсөлд­дөг, тэгсэн мөртлөө заавал аль нэг намаас нэр дэвшдэг
онцлогтой. Аварга бол яг л бөх шиг тахимаа өгч, Элбэгээд баяр хүргэсэн. Харин
сонгуу­лийн үр дүнгийн талаар улс төрийн ямар нэгэн үйл ажил­лагаа явуулах нь
намын асуудал. Манай намын дарга нар “За за яамай, ашгүй хоёр яс хагацлаа”
гэсэн шиг л хандсан. Цаана нь хугацаа байсан бол өөр хэн нэгнийг, магадгүй
өөрсдийгөө ч бал­лаж мэдэх нь гэж айж эмээсэн юм шиг л харагдсан.

-Юу гэсэн үг вэ.  Өрсөл­дөгч намынхантайгаа то­хирсон гэх гээд
байна уу?

-За харин түүнийг чинь мэдэхгүй
юм байна. Би бол Ж.Сүхбаатар, Ш.Раднаасэд хоёртой л ойрхон ажилла­сан. Тэд
харин өөрсдийн чадах бүхнээ л хийж байсан. Хардах эрх гэж бий. Гэвч баримтгүй
хардлага аюултай. 

-Гэхдээ хэвлэл мэдээл­лээр  хар пиар гэмээр зүйл гараад л байсан биш үү?

-Өө сэв хайвал өндөгнөөс ч олж
болно. Хэвлэлийнхэн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч­тэй холбоотой зүйлийг нийт­лэ­­хээс
бэргээд, аваргыг муу­лах сэдэв олдохгүй болохоор бөх хүнээр төр бариулах нь зөв
үү гэсэн асуултыг тойрч эргэлдсээр өнгөрсөн. Харин хөндлөнгийн жижиг сажиг
жиргээчид хорлонтой санаа шидэж, байдлыг хурцатгаж олз хайсан хярс шиг гүйлдэж
байсан. Чоно борооноор гэ­дэг шиг сонгуулиар жаахан юм олж сурсан тэд харин
орлого муутай өнгөрөв бо­лол­той. Шинэ хууль сайн хэрэгжсэн гэж бодож байна.

-МАН-аас ч бас  өрсөл­дөг­чийнхөө эсрэг хар мэ­дээ
материалууд явуулаад  байсан санагдана….

-Түрүүчийн сонгуулиас сур­гамж
авсан биз дээ. Нэ­лээд ноцтой гэмээр баримт худал­дах гэсэн зарим нөх­дийг
буцааж байгаа ажиглагд­сан. Сонгууль л болсон хойно яаж зүгээр байхав дээ. Жаа­хан
чимхэж шоглосон мате­риа­лууд гарч байгаа харагд­сан. Хар машинтай уралдаж бай­гаа
хөөрхөн шторкыг санаж байна. Ноцтой юм байгаагүй шүү дээ. Нэлээд үндэслэлтэй
гэмээр материал тавья гэхээр хэн нь ч юм нэг 
том дарга нь татгалзаад байсан. Ер нь хурцатгахгүй байх бодлого
давамгайлсан шүү. 

-Ингэхэд МАХН-аас нэр дэвшигч
Н.Удвал  энэ сонгуульд хэр өрсөл­дөгч
байж чадав?

-Энд ойлгож ядаад байх зүйл
байхгүй. Төрийн бүх өндөрлөгт ажилласан, одоо­гоор бидний мэдэх удирдагч­даас
хамгийн их зүйл хийж бүтээсэн Н.Энхбаяр гэдэг хүнд МАН-ын удирдлага хэр­хэн
хандсаныг мэдэхгүй хүн байхгүй.  Тэр
хүнийг гомдоос­ныхоо горыг амсаж 2012 оны УИХ-ын, саяын Ерөнхийлөг­чийн
сонгуулиар   МАН ялагд­лаа. Саяын
сонгуулийн нэг онцлог бол МАН, АН гэдэг хоёр томоохон улс төрийн хүчинд
хуваагдан талцаж бүх жижгүүд нь хэн нь хэн бэ гэдгээ харуулсан явдал юм. Улс
төр гэдэг үнэхээр учир нь олдох­гүй адармаатай эд. М.Энх­сайхан, Б.Жаргалсайхан
хоёр гэхэд л Н.Энхбаяр руу гүйж байснаа болиод Элбэ­гээг дэмжиж харагдсан.
Нөгөө их уул уурхай, газар шороо ярьдаг Ногоон намынхан Б.Бат-Эрдэнийн эсрэг
зогсож байх жишээтэй. Амьдрах арга байнга өөрчлөгддөг юм хойно доо. Ер нь
сонгуулиар л хү­мүүс танигддаг. Н.Удвалын тухайд Монголын зарим эрчүүдээс илүү
жудагтай улс төрч гэдгээ харуулсан.

-Та энэ санаагаараа чухам юу
хэлээд байгаа юм?

-Бяруу бух дагаж бэлчээрт хүрнэ
гэдэг шиг Н.Энхбаяр даргыг дагаж хоолондоо хүр­сэн “Ху” гаралтай намын эрчүүд
яасан билээ. Бүгд түүнээс нүүр буруулсан нь үнэн биз дээ. Д.Тэрбишдагва,
Ч.Улаан, Г.Шийлэгдамба нар л Н.Энхбаярт үнэнч үлдсэн. Эмэгтэйгээс Н.Уд­вал. Тэд
намын шинэчлэлийн төлөө явсан нөхдөө үгүйсгэж, Н.Энхбаярыг дэндүү гомдоо­сон
МАН-ын удирдлагаас хариугаа авлаа. Манайхан Н.Энхбаяр даргын үйл явд­лаас
сургамж авч эв нэгдэл­тэй болж чадсан бол сүүл­чийн хоёр сонгуульд ялагдах­гүй
байсан.

-Саяын сонгуульд нам нь
олигтой ажиллаагүй, аварга нэр хүндээрээ л 40 гаруй хувийн санал авлаа гэж ярих
хүн олон байна. Та үүнтэй санал нийлэх үү?

– Би, УИХ-ын гишүүн асан
Товуусүрэн, Бөхийн холбоо­ны Нямдорж, Данзан нартай хамт аваргын штабт ажилла­сан.
Бас зохиолч Б.Догмид бид хоёр Дорноговь, Говьсүм­бэрт явж ажилласан. Манай
намаас АИХ-ын депутат, УИХ-ын гишүүн байсан хү­мүүстэй ажилласан. Бөх хүн
өрсөлдөгчөө хаяна гэж ба­рилддаг шиг ялна гэж л өр­сөлдсөн. Нам хоёр (гурав,
дөрөв гэж хэлж ч болно) ху­ваагдаагүй, Н.Уд­вал орж өрсөлдөөгүйсэн бол аварга
ялах магадлал бай­сан. Би сонгуульд ялбал дуугүй өнгөрье, ялагдвал намын
удирдлагаас өө сэв хайя гэж бодож тэнд ажил­ласан юм биш. Харин сонгуу­лийн
эхэнд, энэ удаагийн сонгуульд ялах нь 2016 оны ялалтын эхлэл болно, ялагд­вал
МАН-ын  Монголын ний­гэмд эзлэх байр
суурь эрс унана гэдгийг цөмд нь хэлж, сонинд ярилцлага өгсөн. ТV8 телевизээр
Ш.Гунгаадорж гуай бид хоёр маш тодорхой ярьсан. Пиарын талаар маш тодорхой
саналууд хэлсэн. Дарга нар зөвшөөрөхгүй байна, мөнгө алга байна гэсээр
өнгөрөөсөн. 

-МАН-ын лидерүүд нэр дэвшигчээ
яагаад дэмж­сэнгүй вэ?

-Манай намын удирдла­гуудын
хувийн нэр хүнд нө­лөөлсөнгүй. Ө.Энхтүвшин дарга Хөвсгөлдөө, Г.Зандан­шатар
Баянхонгортоо очоод нэмэр болсонгүй. Мөн манай намаас хоолонд хүрсэн нөхөд хүн
чанараа байг гэхэд эр хүний жудаг гэдгийг март­сан мэт харагдлаа. Намын дарга
нь нэр дэвшсэн бол яах байсныг бүү мэд. Ердийн нэг гишүүн нэр дэвшсэн боло­хоор
өмнө нь сонгуулийн үед нам дээгүүр бүчээд, мөнгө барьж гүйгээд байдаг нөхөд
үзэгдэхгүй болсныг хараад би үүнийг хэлж бай­на. УИХ-ын гишүүн, намын лидер,
сайд дарга, агентла­гийн дарга асан хүмүүсээс тоотой хэдхэн хүн л түүгээр
харагдсан. Орчин үеийн хэ­лээр “но”-той хүмүүс бол сураг ч байхгүй. УИХ-ын
гишүүд аймагтаа, дүүрэгтээ очиж ажилладаг байсан. Энэ удаа ихэнх нь ажиллаагүй,
зарим нь ажилласан ч үр дүнд хү­рээгүй. Харин Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан,
Ж.Сүхбаа­тар нарыг очсон газар нь сайн хүлээн авч байсан. Юм хийе гэхлээр
өөдөөс мөнгө байхгүй гэдэг үг сонсоно. Орон нутагт хүн ам ихтэй хот сууринд хүн
томилж явуулъя гэхээр мөнгө байхгүй гэнэ. Сонинууд өөдөөс түрүүчийн сонгуулийн
авалгаа нэхнэ. Бас манай намыг дэмждэг компаниудын дансыг хянаад байна гэж
хүүхэд хуурах мэт юм ярина. Энэ онд Ерөнхий­лөгчийн сонгууль болно гэдгийг
мэдсээр байж яагаад санхүүгээ бэхжүүлэх ажил хийгээгүй юм бэ. Энэ бол манай нам
“Тарваганы ман­гас” хочит Пьерт хамаг мөнгөө алдаад Парижийн коммун ялагдсан
түүхтэй төстэй мэт санагдсан.

Манай нам дээд талдаа л нэр хүнд
нь унаснаас биш, орон нутагт бол гишүүд, дэм­жигчид маань их юм хүлээж байгааг
харлаа. Тэгэхлээр анхнаасаа суурь нь зөв ба­рил­гыг засч болдог шиг тийм ээлжит
засвар ши­нэчлэл хэ­рэгтэй байна. Мон­голын ний­гэмд намчирхсан талцал ха­гарал
ямар их газар авсныг, бас мөнгө л байвал хэнийг ч худалдахад бэлэн гэдгийг
харлаа. Мөөеө, Бая­наа хоёр Б.Бат-Эрдэнийн эсрэг пиар хийж байгааг ард түмэн юу
гэж ойлгосон бол. Хамгийн их жудагтай хүмүүс бол бөх гэж яриад явдаг, нөгөө
хоёр нь өөр юм харуулж суудаг. Бас урла­гийн­хан, нэртэй төртэй олон уран
бүтээлчид мөнгө­ний төлөө алиагаа алдахыг хар­лаа. Эмгэнэлтэй ч юм шиг,
инээдтэй ч юм шиг. Дээр нь намуудын мөрийн хөтөлбө­рийг сонирхож байгаа хүн ер
нь алга. Хүрэн, ягаан, улаан өнгө нэг л туяатай байдаг шиг жижигхэн энэ улсад
бүх юм ойлгомжтой болохоор нэг л юмыг өөр өөрөөр амласаар байгаад улиг болчихож.
Үүнийг бүх намууд бодож үзэх хэрэгтэй болжээ.

-Талцал чинь танай нам дотор
илүү их байгаа юм биш үү?

-Бүх зүйл өөрчлөгдөж хувьсдаг.
Гэхдээ сайн тал руугаа л байх учиртай. Яруу найрагч М.Цэдэндорж асан “Болно,
болно, болохгүй юм гэж байхгүй” гэж нэг гоё шүлэг бичсэн. Хуучнаар, МАХН л энэ
улс орныг хөгжүүлж чадна гэсэн итгэл жирийн иргэдийн  сэтгэлд бат хоногшсон бай­сан үе бий. Өнөөдөр
манай намд жирийн ард байтугай гишүүд нь энэ итгэл үнэмшлээ алдахад хүрч байна.
Эрх тушаал бол эд хөрөнгөтэй болох зам. Эд хөрөнгөтэй болбол эрх тушаалаа эргүү­лээд
худалдаж авна. Тиймээс эрх мэдэлд хүрэхийн төлөө аль нэг лидерийг дагах хэрэг­тэй.
Энэ бүхэн бол улстөрч­дийн өнгө. Үүнээс болоод улс төрийн намууд, намаа дагаад
төр өөрөө авлигачид, олигар­хийн бүлэглэлүүд болж ху­ваагдаж ирсэн. Олигархиуд
хоёр том намд аль алинд нь бий. Улс төрийн намууд улс орноо хөгжүүлэх арга зам,
үзэл бодлоороо зөрж хэрэл­дээд хагарч бутарч байгаа бол сайн хэрэг. Тэр бол хөг­жилд
хөтөлнө. Харамсалтай нь эрх мэдэл, эд мөнгө, газ­рын баялгаа булаацалдаад яс
хэмлэлдэх нохой шиг уралц­саар улс орны хөгжил хоцорч, ард түмэн хохирч байна.
Төрөөс төрсөн тэр­бум­тан гэж нэг нэр томьёо гарч ирсэн. Гүрж улсад тэд­ний­гээ
цөмийг шалгаад, өмч хөрөнгийнх нь эх үүсвэрийг тогтоогоод, хураахыг нь ху­рааж,
үлдээхийг нь үлдээсэн гэдэг. Ц.Элбэгдорж Ерөнхий­лөгч МАН-ын авлигачдыг илч­лээд
эхэлсэн шигээ аль али­ныг нь адилхан уудалбал жинхэнэ баатар болно. Хэр­хэхийг
цаг хугацаа харуулна биз ээ. Гэхдээ УИХ, Засгийн газартаа байгаа авлигачдыг
цэвэрлэж чадахгүй бол, өвч­ний өтгөн шингэнийг зөөгөөд ар гэ­рийнхнээс нь таван
төг­рөг авч байгаа асрагчтай яриад хэ­рэггүй юм. Ц.Элбэг­доржийн авлигатай
тэмцэж эхэлснийг хараад айж сан­дарсан манай зарим хүмүүс сонгуулийн үед нэр
дэвшиг­чийнхээ эсрэг пиар хийгээд давхиж явааг хараад өрөв­дөж суулаа.

-Танай намын хэсэг залуус
намаа шинэчилнэ, дарга нараа зайлуулна гэж яваа бололтой. Та ч бас нэг үе намаа
шинэчилнэ гэж явсан санагдана?

-Шуудхан хэлье. Н.Бага­банди,
Н.Энхбаяр хоёрын 2000 онд эхэлсэн хэрүүл эцэстээ МАН-ыг ийм байдалд орууллаа.
Н.Багабандийг дэмжигчид эцэстээ Н.Энхбая­рыг шоронд хийж, санааг нь
гүйцэлдүүлсэн. Энэ хоёрын тэмцэл дундуур гурав дахь, дөрөв дэх талцал үүсгэсэн
нөхөд, Нийслэлийн фракц гэгч М.Энхболдтон, Т.Бадам­жунайтангууд энэ намаар тог­лох
шиг боллоо. “Жигүүр”, “Элс­ний 13” гарч ирээд тэд­нийг нэг зайлуулсан ч, манай
талын лидерүүдийг худалдаж авс­наар “Конец фильма” бол­сон. Э.Бат-Үүл гарч ирж
Нийс­­лэ­лийн фрак­цыг дарсан ч тэд­ний балаг хэвээрээ бай­на. Т.Бадамжу­най
сонгуу­лийн санхүүг хариуцаж бай­хад хэн түүнд мөнгө өгөх юм бэ. “Чи өөрөө тэр
авлигын мөнгөө гаргахгүй юу” гэж түүнд хэлж байгаа юм чинь. Тэгэхлээр манай
намд ши­нэч­лэл гэхээ­сээ илүү их цэвэрлэгээ хэрэг­тэй болсон. Хорхойтсон шү­дийг
түр хуга­цаанд ломбо­дож цаг алдса­наас аваад хаясан нь дээр байдаг.

-Одоо тэгээд танай нам яаж
шинэчлэгдэх ёстой гэж та бодож байна?

-Хөрс, үр, чийг, нар бай­хад
ногоо ургана. Хөрс нь гишүүд, үр нь залуучууд, чийг нь нэг үзэл баримтлал, нар
нь энэ намыг үүсгэсэн, өдий болтол авч явсан ахмадууд, бүх насаараа шударга
явсан эрдэмтэн мэргэд юм. Хогийн ургамлаа байнга цэвэрлэж байгаагүйгээс тариа
ногоогоо идүүлдэг биз. Намд гай түйт­гэр болсон бүх хүмүүс У.Хү­рэлсүх шиг эр
зориг гаргаад хурдан зайлах хэрэгтэй. Тэд цөм баяжсан болохоор одоо цэвэрхэн
зайлах аргаа хайж байгаа юм. Намыг хагалсан, бутаргасан, нэр хүндгүй бол­госон
бүх нөхдийг, хот, дүү­рэг, аймаг, сумын түвшинд одоо мөрдөж байгаа дүр­мийнхээ
дагуу зайлуулах хэ­рэгтэй. Энэ бол ганцхан ми­ний үг биш, шударга гишүүд,
дэмжигчид, ерөөсөө шударга ёсыг эрхэмлэдэг ард түмний үг. Намын төв аппарат
гэдэг ямар ч чадваргүй хүмүүсийн бөөгнөрлийг ч цэвэрлэх хэ­рэгтэй. Шударга
гишүүдийн мөнгөөр олон хүн тэжээх шаард­лага байхгүй. Тэнд фракцуудын
төлөөллөөс бүрд­­­сэн авлигачдын гар хөлүүд хувалз шиг шигдсэн байна.
Залуучууддаа итгэл өгч, зөв залах ухаан хэрэгтэй. Намыг ийм байдалд хүргэсэн
хүмүүс зугтаж байхад залуу­чууд ингэж хөдлөх нь сайн хэрэг. Аваргын хэлдгээр
нэр, сэтгэл, гар цэвэр хүмүүсийг оруулж ирэх хэрэгтэй. Намын ажлыг мөнгөөр биш,
сэтгэ­лээр хийдэг юм. Сэтгэл бай­хад цөөднө гэж үгүй. Хоосон тоонд хууртаж
суухаа болих хэрэгтэй. УИХ-д жагсаалтаар орж ирсэн, нэр хүндээ бар­сан,
парламентыг хоргодох байр болгосон зарим нөхөд ч өөрсдөө зайлбал намын нэр хүнд
өснө. Оюун санаа хуучирдаггүйг саяны сонгуу­лиар Ц.Балхаажав гуай, Ш.Гунгаадорж
гуай гээд олон ахмадаас харлаа. Нөгөөх нам дагасан ТББ-ууд хаачсан бэ. АН-ынхны
LIKE шиг арга хэмжээ хийсэн үү. Тэдний оюун санаа хаачив. Тэднийг мөнгөөр
тэтгэдэг хүмүүс нь хаачив гээд яривал их зүйл бий.

-Танай нам улам л хүч нь
сулраад байгааг, иргэдийн итгэл энэ намд алдарсныг сонгуулийн үр дүнгүүд ха­руулаад
байна.  Эрх барьж байх үеийн алдаанууд ч
эхнээсээ аваад ил болж байна.  Баахан хүн
авлигын хэргээр баригдлаа. Дээр нь Лениний музейг өөрийнх гэж зүтгээд амжилт  олол­гүй 
алдсан. Одоо цааш нь юу болдог бол?

-Одоо намын төв байр, цаашлаад
аймаг, дүүргийн намын байрны асуудлыг яри­хыг байг гэхгүй. Тэгээд намыг
гишүүнчлэлгүй болгох тухай ярьж байна. Үүний эсрэг хэн дуугарав. Оюу толгой,
Таван толгойн гэрээ хийх, хар ма­шинаар санал тоолох, нэг тойрогт хоорондоо
өрсөлдөх, болгосон хууль гаргах, тө­рийн албан хаагчдыг намаас түдгэлзүүлэх
хууль батлахад манайхан хаана нь байсан юм бэ. Өөрсдөө тойргоосоо гарч ирэх
ухаан сийлж л суус­наас биш, цаад намын хувь заяаг тэд мартсан юм. Өөрс­дөө
хамт сууж баталсан хуу­лиа муулаад байдаг, Хамтар­сан Засгийн газрын үед хий­сэн
ажлаа хамгаалж чад­даггүй ийм үхээнц байдал яагаад бий болов. Н.Энх­баярыг
Ерөнхийлөгчийн сон­гуульд унагаад, шоронд хий­гээд МАН юу хожив. Манай нам
үнэхээр 220 мянган ги­шүүнтэй юм бол саяын сон­гуулиар нэг хүн гурван дэм­жигч
дагуулж санал өгүүлэхэд л ялах байсан. Бид тийм уриа гаргасан. Олон аймаг,
хотын дүүрэгт нам нь сайн зохион байгуулж чадсангүй. Ер нь гишүүний тоо үнэн юм
уу гэж бодож явна. Нүүр нүүрээ харж суугаад үнэнийг ярьж, үгээ олоод явж
чадахаа боль­сон бол юуных нь журмын нөхөд байх билээ. Гишүүдийн 20 хувь нь
“Үнэн” сониноо захиалдаг, бүгд хандиваа өгдөг байхад л мөнгөний гачаалгүй
ажиллаж болно.

-Одоо тэгээд сонгуу­лийн
дүнгээ ярина, их хур­лаа зарлана гэж байгаа юм уу?

-Манай нам сүүлийн гур­ван
сонгуулийн дүнгээ ярьж чадаагүй. Наадам толгойд эргэлдсэн үед сонгуулийн дүн
яриад ямар ч нэмэргүй. Харин сонгуульд ялагдуулсан ли­дерүүд хурдхан ярилцсан
болоод энэ зун сайхан амаръя гэж бодож байж ма­гад­гүй. Ер нь одоогийн Бага
хурлын бүрэлдэхүүнээр оновч­той шийдвэр гаргана гэдэгт эргэлзэж байна. Их
хурлын тухайд тун сайн бэлт­гэх хэрэгтэй. Үзэл онол ямар байх вэ, мөрийн
хөтөлбөр хаана байна, дүрмээ яаж өөрчлөх вэ гээд олон асуудал шийдэх ёстой.
Зохион бай­гуулалт, боловсон хүчний бодлогоо яаж шинэчлэх гэдэг нь чухал. Үзэл
онолгүй нам бол шүншиггүй бурхантай төстэй. Намууд уралдаж ам­ласаар байгаад
одоо амлах юмаа дууссан. Намууд бүгд худалч нэртэй. Сонгуульд оролцдог идэвх он
дараалан буурч одоо улс даяар 63 зарим аймагт 51 хувь болж байгааг юу гэж үзэх
вэ. Үнэн юмыг зоригтой хэлж, түүний­гээ ард түмэнд ойлгуулж, шантралгүй туулж
гардаг, ард түмнээ ажил хийж, аж амьд­ралаа өөд татдаг болгох нам хаана байна.
Их хурлаараа энэ бүхнийг шийдвэрлэх ёс­той. Одоогийн их хурлаар зөвхөн МАН-ын
төдийгүй Монголын нийгмийн шинэч­лэ­лийн асуудлыг авч хэлэл­цэх ёстой. Ийм
түүхэн үүрэг ногдож байгаа юм.

Их хурал хийхээсээ өмнө эрдэмтэд, эдийн засагчдаа сайн
сонсох хэрэгтэй. “Хөг­жилд хурдан хүрэх монгол зам”-ыг манай нам тодор­хой­лох
хэрэгтэй. Гадны нө­лөөнөөс гарах, нэг ёсондоо гадныхныг аажмаар цэвэрлэх замыг
хайх хэрэгтэй. Өнөөд­рийн Монгол орныг зүйрлэж хэлбэл Үндэсний хувцастай,
америк сэтгэлгээтэй, хятад идэштэй, орос унаатай, со­лонгос хадамтай, япон найз­тай
нэг их том хоосон түрийвч өвөртөлсөн цээж баян шиг л харагдаж байгаа юм. Бид
зөв зүг рүүгээ, буруу замаар явж байгаа юм.