Categories
редакцийн-нийтлэл

Ай бороо

Урд шөнө Улаанбаатар
минь бүхэлдээ үүлэн дунд хоножээ. Нарны бүдэгхэн туяа үүл нэвтлэх гэж аргаа
барах мэтэд нийслэлд маань нэгэн өглөө айлсав. Өрхний оосор даган бороон дусал
газарт унахдаа өвсний толгойд бутрах нь байгалийн зөн юмсан уу. Модон хашааны
орой дээр хэсэг болжмор бороонд норсон өд сөдөө гөвөх нь нэн таатай. Тэдгээр
болжморууд өдөө дэрвийтэл гөвсөний дараа бөмбөг адил бөөрөнхий харагдах. Тэднийг
хүү минь барьж авах гэж аргаа бараад эргэж харах нь бага насыг минь
санагдуулах.

Зузаан үүлсийн хаяа
өргөх мэт нарны туяа үл мэдэгхэн гийх ахуйд хот бүхэлдээ сэрэх мэт. Хажуу
хашааны Тулгаа “Атар өргөө”-гийнхөө машиныг хэзээ ирэх бол хэмээн янжуур асаан,
том цагаан шүдээ ярзайтал инээгээд цагираглан гарах утаагаа үүлсийн зүг үлээнэ.
Энэ утаа үүл болохгүй.

Бороо хааяа нэг ширүүсч,
хааяа татрах нь хаврын тэнгэрийг санагдуулах. Өнөөдөр Г.Эрхэмбаяр аварга минь
Сэлэнгэдээ аварга цолныхоо найрыг хийж байгаа даа гэж бодох ахуйд наадмын
барилдаанууд нь эрхгүй нэг санаанд бууна. Хүү минь отгон аваргын зургийг хараад
“Аварга, аварга” хэмээн бувтнана. Тэгснээ “Хэний бөх вэ, монгол бөхөө” гээд
сумын заан ахынхаа малгайг толгойдоо хэлтгийдүүхэн тавиад тэрүүхэн хавьдаа дэвж
байгаад дүүгээ үнсэхээр чавхдана.

Борооны дуслыг алгандаа
тосох гэж хичээх бүр надаас зугтах мэт газарт яарна. Магадгүй өвсний үндэс
тэтээж, эргэн ууршаад бороо болон орох биз. Тэр үед нь харин алгандаа заавал
буулгана даа гэх атгаг юм шиг хирнээ хүүхдийн гэмээр бодол төрнө. Энэхэн мөчид
цагаа харвал өглөөний 07:30 минут. Хашаанаасаа гараад явахад өглөө бүр
Сонсголонгийн дэнжээс гүйж явдаг өнөө залуу гүйсээр яваа харагдав. Бид
биенийхээ нэрийг мэдэхгүй ч өглөөний мэндийг хамгийн түрүүн биедээ хэлдэг
болоод жил тойром хугацаа өнгөрчээ. Тэр залуу хэзээ эртийн танил шиг минь санагдах
болсоор уджээ. “Залуу, бороотой өдрийн мэндээ хө, өглөө бүр л таарах юм даа.
Амрах болоогүй юу” гээд бороон норсон нүүрээ бэлтгэлийн цамцныхаа ханцуйгаар
шуудраад авлаа. Газрын хэвгий даган урсах усыг харайн гарсаар автобусны буудалд
хүрлээ. 13-181 дугаартай автобусанд хичнээн ч удаа суусан юм бүү мэд. Автобусанд
Н.Энхбаярын тухай яриа хүн хүний ам дамжин ярих сонстоно. Надад бол цонх даган
урсах бороо, үүлсийн хэвлийгээс нарны туяа газарт хүрэх гэж тэмүүлэх
мэт, надад бороон дусал л сонин байлаа.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Д.Батсайхан: Нэг өдөрт 30 тэрбум байтугай нийлээд ч ийм хэмжээний мөнгө гадагшлаагүй

“Хадгаламж” бан­кийг “Төрийн
банк”-нд шил­жүүлээд арав хонох гэж байна. Энэ хуга­цаанд хуучин “Хадга­ламж” банкны
үйлчлүү­лэгчид хадгаламжийн мөнгөө их хэмжээгээр татаж авч байна гэсэн мэдээлэл
хэвлэлээр ца­­­­цагдсан. “Тө­рийн банк”-ны захирал Д.Бат­сайханаас энэ талаар тодрууллаа.

-“Хадгаламж” бан­кийг “Төрийн банк”-нд шил­жүү­лэх үйл
явц ямар шатандаа явж  байна вэ?

-“Хадгаламж” банкийг “Төрийн банк”
руу шил­жүүлэх үйл явц нэг хоно­гийн дотор хийгдэж дуус­сан. Долдугаар сарын
22-нд шийдвэр гарсан. Дол­дугаар сарын 23-ны өг­лөө 09.00 цаг гэхэд шил­жих эхний  алхмаа бид амжилттай хийсэн. Дол­дугаар сарын
23-ны 09.00 цагаас эх­лээд бүх нэгжүүд хэвийн үйл ажил­лагаан­даа ор­сон. Өнөөд­рийн
байдлаар ха­рилцагчдын зүгээс ямар нэгэн гомдол санал гар­сангүй. Бүх сал­бар нэг­жүүд
хэвийн ажиллаж байна.

-“Хадгаламж” банк­ны өмнө үзүүлж бай­сан бүх үйлчилгээ­нүүд
хэвийн явагдаж бай­гаа юу?

-Бүх үйлчилгээ хэвийн явж байна. Та аль сал­бараар, ямар ажилтнаар,
ямар нөхцлөөр үйлч­лүүл­дэг байсан яг тэр хэвээрээ байгаа.

-Зарим
сонин хэвлэлээр
Төрийн банкнаас их хэм­жээ­ний мөнгө гадагшиллаа гэсэн мэдээлэл гарч
байна.  Ганцхан өдөрт гэхэд 30 тэр­бум төгрөг гадагшиллаа,  нийтдээ 117
тэрбум төгрөг гарсан гэх тоо байна.
Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Тийм зүйл огт байхгүй. Зарим хэвлэлээр яриад
бай­гаа шиг өдөрт 30  тэрбум, нийтдээ 117
тэрбум төгрөг гадагшилсан юм алга. Шил­жих үйл явц эхэлснээс хойш­хи долоо хоногийн
хугацаанд гадагшилсан гэдэг ташаа мэдээ­лэл болохыг хариуц­лагатайгаар мэдэгдье.
Харин ч нэмэгдэх урсгал ихтэй бай­на. Өчигдөр л гэхэд 3.5 тэр­бум төгрөгийн хугацаатай
хадгаламж нэмэгдсэн байна.

“Хадгаламж” банкыг “Тө­рийн банк”-инд шилжүүлсэн
энэ цаг хугацаа нь өөрөө онцлогтой үе байлаа. Амралт, аялал зугаалгын цаг эхэлсэн,
зургаан аймаг, 40 гаруй сумдад томоохон ойн баяр наадмууд болж байна. Хичээ­лийн
шинэ жил, найр наад­мын бараа татан авалт эхэл­сэн зэрэг мөнгөн урсгал гадаг­шилж
буй цаг хугацаа юм.

Өмнөх жилүүдийн энэ цаг хугацаанд ч мөнгө гадагшилж
байсан. Гэвч “Хадгаламж” банкийг “Төрийн банк”-инд шил­жүүл­сэн эхний дөрвөн өдөр
гадагш­лах урсгал бай­сан бол сүү­лийн гурван өдөр хадгаламж шинээр нээгдэх, хадгалам­жийн
хэмжээ нэмэг­дэх урсгал идэвхитэй байна.

-Өмнөх жилийн өдийд гадагшилснаас их мөнгө гарч
байгаа  учраас хэвлэ­лүүд их тоо тавьж мэдээл­сэн
байж болох уу?

-Харин ч өмнөх жилийн мөн үед гадагшилсан урсгал­тай
харьцуулбал шилжилт эхэлсэн эхний дөрвөн өдрийн гадаг­шилж байгаа мөнгөн урсгалын
дундаж  хэмжээ нийт хадгаламжийн 0.6 хувиас
хэтрээгүй. Тэгэхээр энэ бол банкинд хэвийн л байдаг үзэгдэл. Банкинд гадагшлах,
дотогшлох урсгалыг нэг хувийн дотор байвал хэвийн гэж үздэг.

Ер нь иргэд, харилцагчид банкны шилжих процесст
их тайван, хүлээцтэй хандаж байна. Ганцхан статистик тоо хэлье. “Төрийн банк”-ны
лав­лах утаснаас мэдээлэл авсан иргэдийн тоо “Хадгаламж” банкийг нэгтгэс­ний маргааш
өдөр 1502 бай­сан бол түү­нээс хойших өдрүү­дэд 936, 126, 51, 48 болж эрс буурсан
байна.

-Та зарим хэвлэлээр байр сууриа илэрхийлсэн. Саяын
ярьсныг чинь сонсо­хоор өмнө нь таны өгсөн мэдээллээс өөр агуулгатай болоод байна
л даа. Хэвлэ­лүүд хэлснээс чинь зөрүү­тэйгээр мэдээлээд байна уу, эсвэл танай банк
болон таны зүгээс зөрөөтэй  мэдээ­­лэл өгөөд
байна уу?

-Олон хэвлэл надад хан­даж ярилцлага, мэдээлэл
авч байгаа. Манай банкны хувьд олон нийтэд нээлттэй ажил­лаж байна. Асуусан асуултад
нь хариулаад л явуулсан. Гэтэл зарим хэвлэл хэлсэн мэдээллийн агуулгыг гажуу­дуу­лах
юм уу, эсвэл утгыг нь өөрчлөх зэргээр нийтэлсэн тохиолдол ганц, хоёр удаа гарсан.
Хэвлэлийн эрх чөлөө биз дээ гэдэг үүднээс хүлээц­тэй, хүндэтгэлтэй хандаж байна.

-Та өмнө нь ХААН бан­кинд олон жил ажилласан,
банкийг удирдаж байсан туршлагатай хүн. “Төрийн банк”-инд нэгтгэсэн “Хад­га­­ламж”
банкны хувьд улс орон даяар олон салбартай­гаараа ХААН-тай төстэй. Ийм онцлогтой
банкийг удир­­дахад өөр менежмэнт шаарддаг уу?

-Улс орон
даяар салбар­тай банкийг удирдаад явна
гэдэг бол бас нэг өвөрмөц менежмент л дээ. 
Энэ өвөр­мөц менежмэнтээс авч үлд­сэн туршлага маань цаашдаа энэ банкийг
аваад явахад хэрэг болох  байх. Би гурав дахь
банкиндаа ажиллаж байна. Өмнө нь ХААН  банк­наас
гадна “Хас” банкинд ажил­лаж байсан.  Банкны
системд арав гаруй жил ажил­лас­ныхаа дийлэнх хувийг ХААН банкинд
ажил­ла­сан байдаг.
ХААН банкинд салбарын захирлаас нь эхлээд орлогч захирал хүртэл арван
жил ажилласан.
Энэ хугацаанд  гадны олон удирд­лагатай хамтарч
бай­сан. Жишээ нь Япон, Англи, Америк захиралтай хамт ажил­лаж байлаа.
Энэ гурван
орны банкны системийн туршлагаас бага сага ч гэсэн хуваалцсан. Намайг
“Төрийн банк”-ны
удирдлагаар томи­лох­доо энэ туршлагыг маань харгалзаж үзсэн болов уу
гэж боддог.
ХААН  банкийг 200 гаруйхан салбартай байхаас
нь эхлээд 500 гаруй салбар­тай болох хугацаанд бүх шат­ных нь 
удирдлагад ажил­ласан.  Мэдээж энэ туршлага маань цаашид “Төрийн
банк”-ийг
амжилттай удирдан ажил­лахад тус дэм болно байх.

-Өнөөдрийн “Төрийн банк­”-ны гол үйл ажилла­гаа
хаа­шаа чиглэж байна, таны хамгийн их анхаарч байгаа ажил юу вэ?

-Хувийн банк хоёр хянал­тын дор үйл ажиллагаа
явуул­­­даг. “Төрийн банк” най­маас есөн хяналтын дор үйл ажиллагаа явуулдгаараа
онц­­лог­­той. Тэр утгаараа “Төрийн банк”-ны үйл ажил­ла­гаа харьцангуй ил тод,
нээлт­тэй байдаг. Тэр хэрээ­рээ эрсд­­лээс ангид байдаг. Эрс­дэл бага байдаг гэсэн
үг. Ер нь “Төрийн банк”-ийг ашгийн төлөө гэхээсээ илүү үйлчил­гээнд анхаарлаа түл­хүү
хандуулна. Иргэдэд үйл­чилж байгаа санхүүгийн үйл­чил­гээг аль болох шуурхай, элдэв
чирэгдэлгүй байлгахад гол анхаарлаа хандуулж ажил­­ла­на. Мөн шинэлэг хэлбэ­рийн
үйлчилгээнүүд нэвтрүү­лэх чиглэлд анхаарч байна. Хоёр дахь анхаарлаа хандуу­лах
өнцөг бол эрс­дэлгүй сан­хүү­гийн үйлчилгээ. Аливаа үйлчилгээ  эрсдэлгүй, санаа зовох зүйлгүй байх ёстой. Ямар
нэг эрсдэлгүй­гээр сан­хүү­гийн үйлчилгээг хүргэхийн тулд “Төрийн банк” илүү хариуц­лагатай,
дүрэм жур­маа мөрдөн ажиллах шаард­­лагатай гэж үзэж бай­гаа. Дүрэм журмаа биелүүлж,
ягштал барьж ажиллах нь бидний чухал зорилт болж байна. Дүрэм журмаа бие­лүүлж,
хариуцлагатай ажил­лаж байгаа банк урт хуга­цаанд тогтвортой амжилтад хүрч чаддаг.

 

Ц.БААСАНСҮРЭН

 

 

Categories
редакцийн-нийтлэл

Р.Нямсүрэн: МАН иймэрхүү байдлаар ажлаа явуулаад байвал арчигдах болно

УИХ-ын гишүүн асан Р.Нямсүрэнтэй МАН-д өрнөөд
буй шинэчлэ­лийн талаар ярилцлаа.

 

-Намдаа үүсээд бай­гаа “Ши­нэчилье” хө­дөл­­гөө­ний
талаар ямар байр суурьтай байна вэ?

-МАХН одоо МАН нэртэй болчихсон. На­мын хувьд
шинэчлэл гэдэг 20 гаруй жил ярьж байна. Даанч дорвитой шинэчлэлийн хийгээд үр дүнд
хүрсэн нь алга. Ши­нэчлэл гэдэг нэ­рийн дор хийгдсэн зарим ажил харин ч эсрэгээ­рээ
сөрөг үр дагавар авчирч мэднэ.

-Ямар?

-Үүнийг би ямар учир­тай хэлсэн бэ гэхээр сүү­лийн
таван сонгуульд МАН ялагдал хүлээлээ. Эдгээр таван сонгуулийн үед ч шинэчлэлийн
та­лаар ярьж байлаа. Шинэчлэл хийж байсан уу гэвэл хийж байсан. Намынхаа нэрийг
хүртэл солиод амжсан. Энэ бүгд шинэчлэл нэрийн дор үр дүн болж чадсангүй. Тийм болохоор
өмнөх шинэчлэлүүд амжилтад хүрсэнгүй гэсэн бодолтой байна.

-“Шинэчилье” хө­дөл­гөөний залуусын талаар ямар
бодолтой байна вэ?

-Одоогийн залуус шинэчлэл гэдэг нэрийн дор намыг
сэргээх, хүчир­хэг­жүүлэх тухай бодлого зорилготой явааг хэвлэ­лээс л харах юм.
“Ши­нэчилье” хөдөлгөөний залуус шинэчлэл хийж болно оо. Гэхдээ ямар цаг үед, чухам
юуг нь шинэ­чилж, үр дүн нь юу байх вэ гэдгийг дүгнэсэн байх ёстой. Залуучуудын
хувьд ийм шинэчлэл хий­нэ гээд цаасан дээр буул­гасан эсэхийг нь мэдэхгүй бай­на.
Ер нь бол намыг шинэчлэн өөрчлөх, ард түмэнд нь ойртуулах, ард түмний тусын тулд
үйл ажиллагаа явуулдаг бол­гох хэрэгтэй. Уг үйл ажил­лагаа нь ард түмэнд ач тусаа
өгдөг байх нь зайлш­гүй хэрэгтэй бай­гаа. Тийм болохоор энэ шинэчлэл ус, агаар мэт
хэрэгтэй байгаа тул ши­нэч­лэлийг дэмжиж бай­на.

-Шинэчлэлийг дан ганц залуус хийх бус та бүгд
ч гэсэн үүнд орол­цож болохгүй гэж үү?

-Шинэчлэлийг хийнэ гээд дан ганц залуучууд л шуугиад
байна уу даа гэсэн зүйл анзаарагдаж байгаа юм. Хүн тө­рөлхт­ний жам ёсны нэгэн зүйл
бол өнгөрсөн, одоо, ирээ­дүй гэсэн гурван цагийн хэлхээс дээр тогтдог. Үүнийг улс
төр, нийгэм, хүн дээр аваад ирэхээр ахмад, дунд, залуу үеийн нэгдэл байх ёстой.
Уг гурван үеийн хэлхээ хол­боог хэр бүрдүүлж байгаа юм бүү мэд. Ахмадуу­дынхаа үгийг
сайн сон­сож, тэдний зөвлөгөөг авахгүйгээр нэг хэсэг за­луус сэтгэлийн хөөрлөөр
шинэчлэл хийнэ гээд бужигнуулаад эхэлбэл тооноо засах гээд гэрээ нураадгийн адил
зүйл болно. Тэгж алиа алдсан зүйл болгохгүйн тулд сайтар бодох л хэрэгтэй.

-Та төр түшилцэж яв­­сан хүний хувьд ши­нэчлэлийн
шуурганд нам хэрхэн найгах бол гэсэн эмзэглэл төрөх юм уу?

-Улс төрийн намуу­дын сөргөлдөөн бие бие­ийнхээ
дээр гарах гэсэн эрмэлзлэл бий болчи­хож. Нөгөө талаасаа бод­лого нь тэр юм уу олон
жилийн түүхтэй Ардын намыг бүр улс төрийн тавцангаас арччих юмсан гэсэн хү­сэлтэй
хувь хү­мүүс, улс төрийн хүчин, нийгмийн хэсэг бүлгүүд байгаа байх. “Шинэчи­лье”
хөдөл­гөө­ний залуус тиймэрхүү бодолтой хү­мүүс дээр ташуур нэмээд намаа үгүйсгэлийн
үгүйс­гэл болгоод алга болгох вий дээ гэсэн болгоомж­лол төрж байна. Түүнээс ши­нэчлэл
бол МАН-д юу юунаас илүү хэрэгтэй байгааг бүгд хараад сууж байгаа.

-Намын шинэчлэ­лийг хэрхэн хийвэл үр дүнд хүрэх
бол. Ми­хайлд бодол бий гэдэг шиг танд ч бодсон зүйл байгаа л байх?

-Тэдний хэвлэлд өг­сөн ярилцлагыг уншихад арай
л хөнгөн хийсвэр хандаад байна уу даа гэсэн бодол төрөх юм. Улсын баяр наадам болох
гээд ямар ч хүн улс төр сонирхохгүй байсан үед намын Бага хурал хуралдуулна гэж
зүтгэс­нээс харахад арай л ог­цом хандаад байгаа са­нагдлаа. Үүнийг эхлээд бодож
цэгнэж байх хөд­лөх хэрэгтэй. Өчигдрийн сонгуульд бид ялагдчих­лаа. Өнөө­дөр бид
намаа шинэчил­нэ гээд ухасхийн ордог ажил бол намын шинэч­лэл яавч биш.

-Залуучуудын зү­гээс ахмадуудынхаа санал хүсэлтийг
хэрхэн сонсож байна вэ?

-Би Даш-Ёндон дар­га­тай тааралдсан. Тэр хүний
ярьж байгааг сон­соход ер нь залуучууд уулзаж, санал бодлоо солилцсон гэж байна
лээ. “Шинэчилье” хөдөл­гөө­ний залуус намын лиде­рүүдтэй санал бодлоо хуваалцах
нь нэг хэрэг. Намын жирийн гишүүд ард иргэд, намынхаа тө­лөө бүх насаараа зүтгэж
яваа үй олон ахмад үеийнхэн, дунд үеийнхэн сонгууль болоход намын төлөө жинхэнэ
утгаараа гүйж явдаг. Хүмүүсийн хард­гаар нохойд барьдаг мод нь шахуу болчихсон хү­мүүс
бий. Намын анхан шатны үүрт байгаа хүмүүсээс санал бодлыг нь авч, тэдний дэмжлэг­тэйгээр
ажиллах ёстой.

-Намын анхан шат­ны үүрүүдийн санал жинхэнэ амьдрал
дун­даас гарсан санал гэж боддог. Гэтэл яагаад үүнийг тоолгүй цөөхүү­лээ шийдээд
бай­гаа юм бол?

-Сүүлийн үед намын анхан шатны байгуул­лагаас
нам хөндийрсөн байж магадгүй гэж надад бодогддог. Намын нэр сольсон асуудалд ч би
шүүмжлэлтэй ханддаг. Намын нэрийг солиход 99 хувь нь зөвшөөрсөн гээд намын нэрийг
соль­сон. Намын нэр солиход 99 хувь нь зөвшөөрөөгүй гэж бодож байгаа. 51 хувь нь
зөвшөөрсөн бол дээ­дийн заяа байж мэднэ. МАН иймэрхүү байдлаар ажлаа явуулаад байвал
арчигдах болно. Шинэч­лэл хийж байгаа залуус хамгийн гол нь энэ мэт алдааг орвон­гоор
нь өөрчлөх л шаард­лагатай байна.

Намын анхан шатны нэгжид ажиллаж байгаа гишүүдтэй
ойрхон байж санал бодлыг нь сонсож гэмээнэ жинхэнэ утгаараа шинэчлэл хийгдэнэ.

-МАН-ын таван удаа­гийн сонгуулийн ялаг­дал намаа
хүнд цохил­тод оруулсан. Үүний бурууг хэнээс нэхэх ёстой вэ?

-Энэ таван удаагийн сонгуулийн дараалсан ялагдал
намын Удирдах зөвлөлийн шийдвэрийн алдаанаас болсон гэж боддог. Намынхаа ан­хан,
дунд шатных­наа­саа хөндий явсны хар гай байхгүй юу. Намын хур­лууд ил тод нээлттэй,
хү­ний үг, саналыг сонссон хэлбэрээр хийгдэх нь багассан юм болов уу гэж боддог
боллоо. Гэхдээ намын Бага хурлын ги­шүү­дийн яриаг сонсож байхад энэ бүхэн илт мэдрэгдэж
байгаа. Сүү­лийн үед намын томоо­хон хуралд оролцоогүй болохоор сайн мэдэхгүй байна.

-МАН-ын удирдла­гууд өөрсдийн хүлээ­сэн үүрэг,
хийх ёстой ажлаа хэр биелүүлсэн гэж дүгнэж байна вэ?

-Би үүнийг дүгнэж хэ­лээд яахав. Тэртэй тэргүй
бодит байдал тодорхой хариултыг нь өгч байна. Таван удаагийн сонгуу­лийн ялагдал
тэдний ажлаа хэр сайн хийсний дүн юм. Тийм болохоор тэднийг ажлаа хийж ча­даа­гүй
гэж дүгнэхээс өөр арга алга. Удаа дараа­гийн ялагдлууд тэднийг ажлаа сайн хийсний
гавьяа гэж хэлэх үндэс байхгүй байгаа биз дээ.

-Таны яриаг сонсож байхад шинэчлэлийн залууст
шүүмжлэлтэй хандаж байгаа хэрнээ дэмжиж буй өнгө аяс анзаарагдлаа…

-Одоохондоо би тэд­ний байдлыг хараад л сууж байна.
Шинэчлэл хийж байна гээд юм бү­хэнд навсганаж, салба­ганан гүйдэг нас өнгөр­чээ.
Үр дүнг нь харж л байя.

 

Э.ЭНХБОЛД

Д.АМАРТҮВШИН

Categories
редакцийн-нийтлэл

Ажиа гэгээн: Бурхны шашны ном, сургааль, ерөөлийг монгол хэл рүү орчуулан уншдаг болох хэрэгтэй

Хөх
нуураас то­дор­сон Ажиа Гэ­гээн Мон­голд цусны хорт хав­дартай хүүх­дийн эмнэ­лэг
барьж бай­гаа юм. Долоон давхар энэ эмнэлгийг барихад нэлээд их мөн­гө орж байгаа
аж. Ажиа гэгээн эмнэлгийн аж­лаа хүлээж авахаар Мон­голд зочлоод бай­хад нь түүнтэй
ярилц­лаа. Тэрбээр АНУ-ын Индиана мужийн Блүү­мингтонд “Монгол-Түв­дийн соёлын төвийн
тэргүүнээр морилон суугаа билээ.

 

-Монголчууд таны хийж байгаа том бү­тээн байгуулалтыг талархан
хүлээж авч байна. Юуны учир ийм буянтай ажлыг эхлүүлэх болов?

-Би бол Хөх нуурын Дээд монголчуудаас га­ралтaй монгол хүн байна.
1998 онд АНУ-д очсон. Улс төрийн асуудлаас болж гарсан юм. Түвдэд улс төрийн асуудал
хэцүү байгааг мэдэж байгаа байх. Одоо АНУ-д амь­дарч байна. 2006 оноос эхлээд Монголдоо
айл­чилж байгаа. Монгол их сайхан шүү. Би бага­даа жирийн монгол мал­чин айлд төрсөн.

Хоёр настай байхдаа Гүмбум хийдэд очиж суусан юм. Монгол­чууд Утай,
Гүмбум гэж сонсож бай­сан байх. Утай, Гүмбум хоёр хийд тусдаа газар байдаг юм. Утай
бол Бээжингийн хажууд байдаг. Гүмбум хийд Түвдийн нутагт байгаа. Мон­голд ирэхэд
мэдээж надад сайхан санагддаг. Эртнээс би Монголд ямар нэг юм хийж өгөх юмсан гэж
бодож байсан юм. Шавь нартайгаа өнчин хүүхдүүдийн асрамжийн газар айлчилж байсан.  Тэгээд надаас 
эмнэлэг барьж өгөхийг хүссэн. Эхлээд эмнэлгээ Яармагт барихаар болсон ч тэнд
эмнэлэг барихад дэд бүтэц, халуун ус байхгүй гээд олон асуудал гарсан юм. Тэгээд
тэр үед Эрүүл мэндийн сайд байсан С.Ламбаа надад Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний
төвийн хашаанд эмнэлэг барих санал тавьсан. Тэнд хүүхдийн хавдар, цусны өвчлөл их
байдаг ч эмчилгээ оношлогоо бүрэн хийг­дэх­гүй, тулгамдсан асуудлынх нь нэг болоод
байгаа гэж тайлбар­ласан. Тэгээд тэнд эмнэлэг бари­хаар болсон юм. Өнгөрсөн жил
ирж эмнэлгийнхээ шавийг тавьсан. Энэ жил барилгын карказыг нь бариад дууссан байна.
Нийтдээ долоон давхар эмнэлэг баригдах юм. Эм­нэлэг маань хавдартай хүүхдэд зориулсан
50 ор,  нярай хүүхдийг эмчлэх 25 ортой. Нэг,
хоёр давхарт мэс заслын тасагтай гээд нэлээд том эмнэлэг болно. Ер нь ажил сайхан
бүтэж байна даа.

-Эмнэлэг барихад нэлээд их хэмжээний хөрөнгө зарцуулсан гэсэн.
Эмнэлэг барих зардлыг хаанаас яаж гаргаж байгаа юм бол?

-Цэвэр хандиваар барьж бай­гаа. Ямар ч байсан Монголынхоо ард түмэнд
буян хийе гэж бодож байсан. Би АНУ-д арваад жил ажиллаж амьдарлаа. АНУ-д байгаа
монголчууд намайг сайн мэддэг, ном, ерөөл уншаад өг гээд ирдэг байлаа. Ирсэн олон
түмний номын өргөлийг хадгалж хурааж байсан юм. Энэ мөнгө 300 мянган ам.дол­лар
болсон байсан. Тэгээд эмнэлэг барихад хөрөнгө орууллаа. Дээр нь олон сайхан сэтгэлтэй
хүмүүс хандив өгсөн. Нийтдээ дөрвөн сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт
хийгдэх эмнэлэг юм. Барилгын ажлыг гүйцэтгэж байгаа компанийн захирал миний шавь
байгаа юм. Энэ хүн надад их тус хүргэж байгаа. Дээр нь Монгол Улсын Засгийн газраас
мөнгө гаргасан. Гэхдээ улсаас мөнгө гаргаж байгаа учраас заавал тен­дер зарлах ёстой
байдаг юм бай­на. Тендер зарлахаар миний хийж байгаа ажилтай нийцэхгүй хэцүү асуудал
гарч байна. Би барилгын компанийн захиралд бүх ажлаа даатгаж эхлүүлчихээд байхад
одоо дахин тендер зарлаж барилгын компани сонгох болсон. Тэгж таа­рах­гүй л дээ.
Тиймээс улсаас өгсөн мөнгийг тоног төхөөрөмж авахад зарцуулахаар болоод байна. То­ног
төхөөрөмжийн нэг хэсгийг нь аваад тавьчихсан. Миний хувьд эмнэлэгтээ өөрийнхөө хөрөнгө
болон хандиваар эмнэлгийн тоног төхөөрөмж авч байгаа. Эмнэлэг барихад АНУ-д байгаа
монголчууд бүгдээрээ л сэтгэлээрээ хандив өгсөн. Бага гэлтгүй 10, 20 ам.дол­лар
сэтгэлээрээ өгч байсан ч хү­мүүс бий.  Үнэхээр
сайхан санагд­сан. Монголын ирээдүй хүүхдүүд шүү дээ. Ирээдүйнхээ төлөө мон­гол­чууд
анхаарал тавьж, тэдний­хээ төлөө ихийг хийж бүтээвэл бүх юм сайхан болно. Мөн миний
гаргасан “Цагийг бэлгэдэгч наран чөлөө” ном худалдаанд гарсан. Энэ номын орлогыг
мөн сайн үйлсэд зориулж эмнэлэг барихад хөрөнгө оруулж байна.

-Таны намтрыг асуумаар байна. Хятадад олон жил хүнд ажил хийж
хэлмэгдэж байсан тухай мэдээлэл байдаг. Энэ талаараа эргэн дурсвал?

-Миний намтрыг гурван хэсэгт хувааж болох юм. Намайг хоёр настай
байхад Гүмбум хийдийн эзэн лам ирээд Ажиа гэгээний наймдугаар дүр байна гээд Гүмбум
хийд рүү авч явсан юм. Ажиа гэдэг үгийг тайлбарлахад Монголын зарим нутгийнхан аавыгаа
Ажиа гэж авгайлан дууддаг шүү дээ. Ажиа гэдэг чинь аав гэсэн утгатай. Би 1950 онд
төрөөд 1952 онд Гүмбум хий­дэд суусан. Хоёр настай хүүхэд хийдэд суухад хэцүү шүү
дээ. Тиймээс ээж, аав маань хамт явсан даа. Би ах, дүү арван нэгүүлээ. Хийдэд суугаад
ном сурч, олон багштай болсон. Багш нар маань Түвд хэлтэй. Аав, ээж минь мон­голоор
ярьдаг бай­сан. 1958 онд юм байна, намайг найман настай байхад Хятадын Засгийн газраас улс төрийн хө­дөлгөөн хийсэн
юм. Манай Монголд 1937, 1938 онд гарсан хөдөлгөөнтэй адил тэнд сүм, хийдүүдийг хааж,
лам хуврагуу­дыг барьж, шоронд хорьж бай­лаа. Манай Гүмбумд хоёроос гурван мянган
хүн байсан. Тэр дотроос Монгол лам гэхэд л 
600 байсан юм. Их эрдэм мэдлэгтэй гэвш, маарамба гэх мэт мундаг цолтой хүмүүс
олон байсан. Тэд­ний барихыг нь бариад, нутаг руу буцаахыг нь буцаасан даа. Ер нь
цаг үе тун хэцүү байсан. Багш нарыг маань ч бүгдийг нь шоронд хорилоо. Очих газаргүй ганцаараа үлдсэн намайг нэгэн
настай лам хажуудаа авч  Хятадын сургуульд явуулсан. Хувцсыг маань
хайчилж форм болгож өмсүүлээд сургуульд явуулсан даа. Ээж, аавыг минь ч их зовоосон.
Тэр цагаас хойш ээж, аавыгаа хараагүй их удлаа. Аав минь шоронд хоригдож, тэндээ
өөд болсон. Зовлон жаргал яривал их урт түүх бий.

1966 онд Хятадын соёлын хувьс­гал эхэлсэн. Тэр үед байдал бүр ч хэцүү
болж бүх хийд сүмийг нурааж, бурхан, номыг шатааж, сүйтгэсэн. Лам хуварга хүнийг
хүний тооноос хасч, чөтгөр гэж дууддаг байлаа. Би тэр үед арай шоронд яваагүй. Ажил
хийж бай­сан. Эрх чөлөөгөө хасуулаад 16 жил тариа тарьж суусан даа. Тэ­гээд
1986 онд Хятадын улс төрийн асуудал өөрчлөгдөж, тайвширч сайхан болсон. Сүм хийдийг
дахин сэргээж, намайг дуудан Хөх нуурын мужийн Бурхны шашны тэргүү­нээр томилсон
юм. Хөх нуурын Бурхны шашны үйл ажиллагаа нь Хятадын Засгийн газраас хамаарч, тэднээс хараат байсан. Тэгээд 1990 онд
Гүмбум хийдийг дахин сэргээж, хуучнаасаа илүү сайхан болгосон.

-Тэгвэл ямар шалтгаанаар АНУ руу гарсан юм бэ?

-Гүмбум хийдэд сууж чадахаа байсан шалтгаан их учиртай. Ма­най Түвд,
Монголд гурван том Богд гэгээнтэн байдаг. Нэг нь Дээрхийн гэгээнтэн
Далай богд,
хоёрдугаар богд Ванчин богд, гуравдугаар Богд
нь Монголын нутгаас төрсөн Өндөр гэгээн байна даа. Энэ гурван богд Түвд,
Монголд
адилхан нэр хүнд­тэй байдаг. Түвдэд Далай богд, Ванчин богд байна. Далай
богд таалал
болоход Ванчин богдод бүх юмаа даатгах ёстой. Ванчин богд таалал болбол
Далай богдод
бүг­дийг хариуцан даатгах ёстой бай­сан. 1989 онд Ванчин богд гэнэтхэн
таалал болсон
юм. Хятадын Зас­гийн газраас  Ванчин богдын хойд дүрийг тодруулахаар
хөдөлсөн.
Уг нь бол Далай богд тодруулах ёстой юм л даа. Тэгэхэд Далай богд хэлж
байсан юм,
“Энэ бол шашны асуу­дал болохоос улс төрийн асуудал биш” гэж. Тэгээд ч
нэмэр болоогүй.
Хятадын Засгийн газраас Ванчин богдыг
өөрсдийнхөөрөө тодруул­сан. Өөрөөр хэлбэл, Ванчин богд хоёр төрсөн.
Хятадын Засгийн газраас нэг богд, Далай богдын тэмдэглэсэн
бас нэг богд байгаа юм. Тэгсэн Хятадын Засгийн
газ­раас Далай богдын тэмдэглэсэн
богдыг зургаан настай байхад нь ээж, аавтай нь хөөж, алга болгосон. Одоо
хүртэл  ямар нэг сураг гараа­гүй байгаа. Хятадын Засгийн газ­раас
тэмдэглэсэн богдыг ард
тү­мэн, олон нийт хүлээж авахгүй шүү дээ. Тэгээд энэ үед надад хүнд
даалгавар өгсөн
юм.  Намайг Зас­гийн газраас тэмдэглэсэн Ванчин богдын багш нь бол
гэсэн.
Энэ ачаа надад хүнд байсан. Тиймээс 1998 онд Бээжингээс жирийн хувцас
өмсөөд хар
нүдний шил зүүж, сахал ургуулаад, дөрвөн шавьтайгаа онгоцонд суугаад
явсан. Хил
дээр баригдах аюул байсан ч азаар гайгүй өнгөрсөн. Тэгээд Далай богдын
төлөөлөгчид
Вашинг­тоноос холбоо барьж, би АНУ-д цагаачилсан юм. Багадаа Далай
богдтой уулзаж
байсан л даа. Тэр үеэс хойш 40 жилийн дараа Далай богдтой уулзсан маань
энэ. Далай
богд Хятадын Засгийн газарт их нэртэй
шүү дээ. Их хурлын дарга байсан. Би ч бас их нэртэй байсан л даа.
Хятадуудтай муу
харьцаатай байхыг хүсээгүй. Тэдэнтэй холбоо барьж, ярилцан, найрамдах
арга байгаа
эсэхийг эрэлхийлсэн. Тэ­гээд тэнд байхдаа Хятадын Засгийн газарт захиа
бичсэн юм. Тэр үед Хятадын Ерөнхийлөгчид  захиа явуулахад хариу ирсэн.
Ерөн­хийлөгч “Та
яагаад мэдэгдэлгүй явсан юм бэ” гэж асуусан. Би ч хариу захиандаа
“Хятадын бурхны
шашин чөлөөгүй байсан учраас гарсан. Далай багш буцаад өөрийн нутагтаа
буувал би
очиж болно” гэж бичсэн юм. Үүнд маань хариу ирүүлээгүй. Харин “Та юунд
хэлэх­гүй
гараад явсан юм бэ. Бид танд их итгэж байсан шүү. Таныг нуу­цаар гарч
явсанд сэтгэл
дундуур байна. Дахин чимээгүй  хүрээд ирвэл
хуучин шигээ тэргүүнээрээ байж болно” гэсэн. 
Би тэнд дахиж очихгүй. Далай богдын асуудал, Түвдийн асуудал, Монголын
асуу­дал  хурцаар 
тавигдаж, хэцүү байгаа. Тиймээс би буцаж очихгүй гэдгээ хэлсэн. Энэ
цагаас
хойш одоо хүртэл холбоо бариагүй. Одоо АНУ-д суухдаа ийшээ тийшээ их явж
багшилдаг.
Энэ жил би Англи явсан. Тэнд их сургуульд багшилсан юм. АНУ-ын Индианад
багшилсан.
Хятадаас гарсанаас хойш Монголдоо ирэх боломжтой болсон учраас бас ирж
очиж байна.
Монгол орноос гадна төрсөн нутаг­таа
очих санаатай байгаа ч улс төрийн асуудлаас болоод боломж гарахгүй
байна. Далай
богдыг дагаад Энэтхэгт  гарч байсан учраас
Энэтхэгт боломжийнхоо хэрээр буян хийж байна даа. Тэнд эмнэлэг,
сургууль, сүм барьсан.

-Монголд бурхны шашнаас гадна маш олон шашин дэлгэрч, сүм хийдүүд
бий болж байна. Ялангуяа залуучууд Есүсийн шашинг их шүтдэг болсон. Энэ талаар та
ямар бодолтой явдаг вэ?

-Би 2006 онд Монголд ирэх­дээ сүм хийд хэд байгааг асууж байсан юм.
Төв Гандангаас гадна 130-140 хийд байна гэж байсан. Харин Христийн сүм 200  байдаг гэж байсан. Өнгөрсөн жил Монголд хуралд
суухаар ирэхдээ бас асуу­хад, Христийн сүм 600, бурхны шашны хийдийн тоо 100 болсон
байсан. Энэ асуудалд зарим наст­нууд санаа зовниж байна лээ. Янз бүрээр тайлбарлаж
байсан л даа. Хүн ямар шашин шүтэхээ өөрсдөө л шийднэ. Тулган шаардаж болох­гүй.
Монголд Христийн шашны сүм олон болж өргөжиж байгаа нь шалтгаантай. Тэд ядарсан
хүмүүст тусалж, хоол хувцас өгч, хичээл зааж байсан учраас хүмүүс сонир­хож байна.
Монголд бурхны шаш­ныг лам нар дэлгэрүүлж байдаг. Монгол лам нар түвдэд сурч, түвд
хэлээр ном уншдаг. Энэ нь асуудал болж байна уу даа гэж бодож байна. Түвд номыг
орчуулахгүй уншиж байгаагаас номын утга учир, мөн чанарыг монголчууд ойлгохгүй учраас
бурхны шашин, монголчуудын холбоо холдоод байна. Гэтэл Христийн шашинд Библийг пастерууд
нь монгол хэ­лээр хүнд ойлгомжтой тайлбарлаж байдаг шүү дээ. Нөгөө талаар пастерууд
нь хүмүүстэйгээ цуг дуулж, бүжиглэн нээлттэй харьцдаг. Харин хүмүүс лам нартай жирийн
хүнтэй харьцаж байгаа шигээ ярилцдаггүй, дээшээ морил хэмээн хүндэтгэн харьцдаг.
Уг нь  бурхны номыг зөвхөн лам нар уншдаггүй,
жирийн иргэд ч гэсэн эх хэлээрээ уншиж, тэр гүн ухаанд суралцан, сэтгэлдээ бясалгал
хийдэг болбол сайн байна. Сайн үйлийг тэр чи­нээ­гээр үйлдэж, хүн хүнээ хайрлах,
байгалиа хайрлаж хүндлэх сэт­гэлээр хандвал бүр сайхан болно. Одоо ч гэсэн Монголын
сүм хийд их сайхан цэвэр байна. Ганц бурх­ны номыг түвдээс монгол хэл рүү орчуулдаг
болбол олон нийт өөрс­дөө бясалгал хийж, бурхны номыг ойлгож уншдаг болох тэр цагт
илүү сайхан болно доо гэж бодож бай­на.

 

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

Бушуу туулай борвиндоо баастай

“Дуу аялж, салхи татуул­сан хэдэн
залуус МАН-ыг шинэчилнэ гэвэл нар баруу­наас гарна” гэж МАН-ын ги­шүүн, улс төр
судлаач Б.Бат­сайхан хэлжээ.  Яг үнэн. Энэ
хэдэн залуус байтугай нь намын шинэчлэл яриад ба­раагүй юм. Энэ намыг шинэч­лэх
гэж өчнөөн жигүүр, хө­дөлгөөн байгуулсан. Үнэ­нээсээ шинэчлэлийг хүссэн нь байсан
л байх. Тэдний зорилго дээр шинэчлэгчдийн удирдлагууд нь албан ту­шаал, эрх мэдэлд
очоод л нөгөө шинэчлэлийн талаарх мөрөөдөл нь талаар болдог байсан. Одоо МАН-д болоод
байгаа үйл явц, залуусынх нь шинэчлэх тухай яриа ч энэ л замаар явж гацах вий.

Морин дэл дээгүүр сэлэм эргүүлээд
хуучин үе рүүгээ хий хоосон нулимаад шинэч­лэл хийдэггүй юм. МАН шинэчлэгдэх ёстой
нь үнэн. Гэхдээ одоогийн залуусын яриад байгаа шиг шинэчлэг­дэнэ гэж байхгүй. МАН-ын
залуус эхлээд албан тушаа­лын амбицаа дарчих. Зүрх сэтгэлдээ жаахан ч гэсэн Монголоо
бод. Үнэн нүүр царай чинь нэг бүлэглэлийн гар хөл болсон хэдэн залуус хий хөөрчихсөн
юугаа шинэч­лэхээ ч мэдэхгүй яваад бай­гаагаас чинь харагдаж байна. Хуучин хэдээ
авч хаяад өөрс­дөө оронд нь заларчихвал энэ нам шинэчлэгдээд дараа­гийн сонгуульд
ялна гэвэл ёстой үлгэр. 

Залуусын намаа шинэчлэх тайлбар нь
“Та нар идэж ханасан бол бидний ашиг хүртэх цаг болсон” гэж хэлээд байгаатай адил
сон­сог­доод байна. Зүгээр л нэг хийрхэл. Мөнгөний зах амс­сан сахал нь ургаж гүйцээгүй
багацуул ямар ч учир шалт­гааны дараалалгүй шууд л “бууж өгөхийг” ах нараасаа шаардаад
байхаар тэд яаж та нарыг хүлээн зөвшөөрөх юм. Тэд та нарыг хүлээн зөвшөө­рөөгүй
байхад Монголын ард түмэн хүлээж авах уу. Намын шинэчлэлийн тухай хийрх­лийнхээ
оронд сайн сөрөг хүчин байхыг шаардаад суувал үнэнд ойр.

АН-ын хувьд ч өвөртөө МАХН-ын хэдийг
хийчихээд сөрөг хүчингүй мэт дураар авирлаж, өмнөх үеэ огт байх­гүй мэт, Монголын
түүх ард­чилалтай чацуу мэт авирлаж, бааварлаж байгаа. Яахав Ардын намынхныг бодвол
бас ч гэж юм хийгээд байгааг нь бол үгүйсгэхгүй. Гэхдээ л цөөнхийн зовлонг мэдэх
хэрнээ олонхийн дээрэнгүй авирыг сурчихаад зарим зүйлд чихгүй мэт өөрсдийн­хөөрөө
зүтгэж байна. Үүнд нь хяналт тавь л даа. Э.Бат-Үүл хотод овоо өнгө нэмж байгааг
мэдэвч, мөрөөдлөө биелүү­лэхийн тулд ард түмнээсээ асуулгүй Сүхбаатарын тал­байн
нэрийг өөрчилснийг эсэргүүцэж дуугар л даа. Д.Сүхбаатар танай нам бай­тугай Монголын
түүхэнд хамаатай хүн биз дээ. Энэ талаар Сүхбаатар аймгийн  уугуул гэсэндээ Р.Буд, амь­даа­гаараа Ж.Сүхбаатар
ги­шүүн л дуугарсан. Харин та хэд намдаа тийм л их хайртай бол МАН-ыг үүсгэн байгуу­лагч­дын
нэг энэ хүнийг үгүйс­гэж байгаа эрх баригчдын эсрэг ганц үг дуугарахгүй яасан юм.

МАН шинэлэгдэх хэрэг­тэй. Зүгээр ч
нэг шинэчлэгдэх биш, цоо шинэ нам бий болох ёстой.  Энэ чигээрээ явбал Монголыг хөгжүүлэх биш сүйрүүлнэ
гэдгийг өнгөрсөн цаг хугацаа хэлээд өглөө. Намын шинэчлэл гэж хөгш­нийг залуугаар,
хуучныг ши­нээр солихыг хэлэхгүй, үзэл баримтлал, дүрэм, онолын­хоо хувьд, ажлын
арга барил, зохион байгуулалт, сэтгэхүй­гээ ч өөрчлөх цаг болж. Зүү­ний үзэл баримтлалаа
дага­даг юм байгаа биз. Тэгвэл Социал демократ нам бол л доо. Монголд угаас АН,
МАН-аас  өөр том нам байхгүй. АН-ын хувьд
ч өнөөдөр иргэдээс авч байгаа нэмэх оноондоо ташуураад байх хэрэггүй. Өнөөдөр АН
хийж байгаа ажлаа сайн сайхан боллоо гэж хөөрцөглөхийн оронд хийж чадахгүй байгаа,
хийх ёстой ажлаа ярилцах цаг болсон. Үүн дээр сөрөг хүчин­тэйгээ хамтарч ажиллах
зүйлс ч бий. Улс орноо хөг­жүүлэхийн тулд томоохон шинэчлэл хийнэ гэвэл сөрөг хүчинтэйгээ
ярихаас өөр гарц­гүй. Тэд ч бас ард түмнээс сонгогдсон төлөөлөл.

МАН-ын удирдлагууд нь найр наадам,
бөх, морь, сур, аймаг, сумын ой, амралт гээд алга болчихсон хойгуур на­мын байрны
нэг хэсэг нь тоггүй болсон гэнэ. Энэ бол танай намын дотоод асуудал. Тийм л их намдаа
хайртай юм бол мөнгөө нийлүүлээд төл­чих л дөө. Энэ бол намын удирдлагаа шүүмжлэх
нэг их том шалтгаан биш. Чаддаг юм бол татан буулгаад буурин дээр нь шинэ нам байгуулчих.
Үнэхээр ингэж чадаад, үзэл баримтлалаа ямар байхыг тодорхой болгож, шинэ на­мын
дүрэмтэй, Монголын төлөө юу хийж чадахаа тодор­хойлчих юм бол намын ах нар чинь
байтугай ард түмэн та нарыг хүлээн зөв­шөөрнө. Шинэчлэлийн өр­гөөн­дөө намын гишүү­дийн­хээ
саналыг авч байгаа гэсэн. Намын удирдлагыг өөрчилье гэхээсээ  намын дүрэм, меха­низмаа өөрчилье гэсэн санал
давуу байна гэнэ лээ. Үүнийг бас бодолцох л хэрэгтэй.

Үнэн хэрэгтээ шинэчлэл ярьсан хэдэн
залууст намаа мэдээд өглөө гэхэд та нар дараа үеийн тэд нар л болж хувирна. Яаран
сандран Бага хурлаа хуралдуулахыг шаар­дах нь ямар зорилго агуулна вэ. Өөрийгөө
өөрчлөөгүй байж бүхэл бүтэн 90 жилийн түүхтэй нам өөрчлөнө гэдэг юу л бол. Бага
хурал хуралд­лаа гээд хуучин бүлэглэ­лүү­дийн гар хөл болсон хү­мүүс л байгаа. Тэд
фракц бүлэглэ­лийн удирдагчдаа л үйлчлэ­хээс та нарыг дагаад намир­чихна гэж байхгүй.  Тиймээс Их, Бага хурал хуралдаад ашиг авчрахгүй.
Яахав хэдэн хүн өөрчлөгдөнө л биз. Чана­рын ялгаагүй ийм шинэчлэл гэж байх уу. Дарга
удирдла­гаа сольсноор МАН шинэч­лэгддэг бол өдийд ёстой эн­хийн цагаан тагтаа болчихсон
байхгүй юу.  Тэглээ гээд МАН шинэчлэгдэх үү.
Мэдээж да­раалан сонгуульд ялагдал авчирсан намын дар­га өөрч­лөгдөх нь дамжиг­гүй.
Намын удирдлагын түвш­ний хүмүүс, Удирдах зөвлөл солигдлоо гээд шинэчлэл  мөн үү. Ингэж яаран хурал­дуулж хэдэн хүн солиод
бу­шуу туулай бор­виндоо баас­тай л үлдэнэ. Энэ олон удаа­гийн сонгуульд түүхэндээ
байхгүй ялагдал авчирсан хүмүүс та нарыг хашгирсан хашгираагүй со­лигдоно, муул­сан
муулаагүй өөрчлөг­дөнө. Та нартай, та наргүй болох л  ёстой үйл явц. Тэгээд ч энэ хэдэн залуус энэ том
намын бүх залуусыг тө­лөөлж чадаж байна уу гэдэг бас өөр зүйл. Бусад нь яагаад дууга­рахгүй
байна. МАН хэдэн жил албан тушаал, эрх мэдэлд ханаж, авлига хээл хахуулийн амтанд
орж ард түмнээсээ дэндүү холдсон. Сүүлдээ заалны, цаасны улс төр хийж, нийгмээсээ
тасар­сан л даа. Намын байран дахь улс тө­рөөсөө хальж нийгэм рүүгээ хар л даа.
Ялж, ялагдана гэдэг бол хаана ч байдаг л үзэгдэл. Ялагдал гэдгийг үхэл гэж хараад
байх нь зөв үү.

МАН-ын өнөөдрийн дүр зураг бол хаашаа нүүхээ мэдэхгүй, гэрийнхээ
унь, туур­га, багана, шалыг би, чи авна гэж хэрэлдэж байгаагаас өөрц­гүй харагдаж
байна.  МАН-ынхныг буурин дээрээ гэрээ хувааж
авах гэж булаа­цалдах зуур чинь АН гэдэг шинэ үеийн дарангуйлагч гарч ирэх гээд
л байна. Нэг нам дангаараа ийм их эрх мэ­дэлтэй байна гэдэг тийм сайн зүйл биш.
Үнэхээр шинэ юм хүсээд байгаа бол  хуучин
гэрээ булаацалдаж байхын оронд  өвлийг давахааргүй
хуучин муу гэрээ буулгаад   цэмцийсэн сайхан
цагаан гэрээ бариад ав л даа. Өөрчлөх, шинэчлэх буруу биш ч арга барил нь буруу
байна.

Categories
редакцийн-нийтлэл

Долларын ханш унаж, төгрөг хүчээ авна

Ам.долларын ханш сүү­лийн хэдэн өдөр
дараалан өссөн нь цаашдаа яах бол, төгрөг шалдаа буучих вий гэсэн болгоомжлолыг
иргэдэд төрүүлээд байна. “Найман шарга”-ын ханш энэ сарын 17-нд 8-10 төгрөг, уржигдар
гэхэд 7-9 төгрөгөөр  өсч, чен­жүүд “долларын
нийлүүлэлт бага байна” гэж толгой сэг­сэрцгээсэн болохоор  иргэд ингэж болгоомжлох нь  арга­гүй. Доллар чангарвал төгрөг суларна. Төгрөг
сулар­вал амьжиргаанд шууд нө­лөөлнө. Халаасан дахь хэд, өдөр тутмын амьдралд  нь илт нөлөө үзүүлэх дайны өөрч­лөлт гарвал хэн
ч гэсэн сандрах нь тодорхой. Өчиг­дөр үд дундын үед  “Найман шарга” валютын захынхан түр хугацаанд
арилжаагаа зогсоосон нь олон хүнд “Үнэ­хээр эвгүй зүйл болох юм биш байгаа” гэсэн
эргэлзээ тө­рүүлсэн. Гэхдээ хэдхэн ца­гийн дараа энэ зах дээр ам.долларын ханш эрс
унаж, байдал хэвийн байгааг баталсан.

“Найман шарга”-т ур­жигдар үдээс хойш
нэг ам.доллар 1520 байсан бол өчигдөр үдээс хойш ханш нь бараг 20 төгрөгөөр унасан
юм. “Найман шарга” валютын зах дээр нэг ам.доллар 1502 төгрөг болов. Тодруулж хэл­бэл
нэг өдрийн дотор ам.долларын ханш 18 төгрө­гөөр унасан гэсэн үг. Ам.дол­ларын ханш
цаашдаа ч энэ маягаараа уруудна гэж  эдийн
засагчид хэлж байна.

Гадуур ам.долларын ханш өссөнийг  хэд хэдэн шалтгаанаар тайлбарлаж буй. Гадаадын
хөрөнгө оруу­лалт эрс багассан гэж нэг хэсэг нь ярьж байхад өөрийн хө­рөнгө нь дутсан
“Хадгаламж”-ийг Төрийн банктай нийлүүл­сэн шийдвэр нөлөөллөө гэж нөгөө зарим нь
толгой сэгсэрч байна. За тэгээд зэс, алтны үнэ дэлхийн зах зээл дээр өндөр биш байгаа,
Хятадын зах зээл таагүй  хэ­вээрээ байгаа,
дэлхийн хө­рөнгийн зах зээл  нөгөө л янзаараа
муухан байгаа уч­раас… гэх мэт олон “учраас”-ыг ам  уралдан хэлцгээж байна. Мэдээж энэ олон “уч­раас”
нөлөөлж байгааг  үгүйс­гэхгүй. Гэхдээ тэгтлээ
айж сандра­хаар зүйл харагдахгүй байна. Ам.доллар өндрөө авч, монгол төгрөг газар
доогуур орчихоор хэмжээний нөлөө лав алга. Яагаад гэдгийг хэ­дэн шалтгаанаар тайлбар­лая.

Гадаадын хөрөнгө оруу­лалт буурлаа
гэж ярьж, бичиж байгаа. Өнөөдрийн статис­тикийг харахад баярлаж хөө­рөхөөр өндөр
үзүүлэлт ха­раг­дахгүй байгаа нь үнэн. Гэхдээ Оюу  толгой гэдэг аварга том мотор ажиллаад эхэлчихсэн
энэ үед гадаадын хөрөнгө оруулалт навс унана гэж ярих нь хэтэрхий гэнэн хэрэг.   Наад­мын өмнөхөн Оюу тол­гой зэсийн баяжмалаа
гар­гаад эхэлчихсэн. Одоо ч экс­порт нь хэвийн үргэлжилж байгаа. Экспортоо үргэлж­лүүл­сэн
шалтгааныг нь Зас­гийн газар баяжмал экспор­толсон мөнгө манай нэг банкаар дамжихаар
болсон учраас гэж тайлбарласан. Тэгэхээр зах зээл дэх ам.дол­ларын хэмжээ тэр хэрээр
өснө гэсэн үг. Ам.доллар их хэмжээгээр орж ирэх өөр нэг том шалтгаан бий. Оюу тол­гойн
ашгийн 80 хувийг авчрах гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа.
Гүний уурхайг бүтээн байгуулах мөнгө буюу Оюу толгойн хоёр дахь шатны санхүүжилт
удахгүй хийгдэнэ.  Гадны банк, санхүүгийн
бай­гууллагынхан “Оюу толгой” төслийн санхүүжилтэд дөр­вөн тэрбум ам.долларын санхүүжилт
өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн. “Рио”-гийн зүгээс дөрвөн тэрбум ам.долларыг зээлэхэд
бэлэн, улстөрөөс бусад  эрсдлийг өөртөө хүлээхэд
асуудалгүй гэж буй. Дөрвөн тэрбум ам.доллар гэдэг бол их мөнгө. Хоёр дахь санхүүжилт
хийг­дэж эхэллээ л бол өнөөдөр буучихлаа гэж сүрдээд буй гадаадын хөрөнгө оруулалт
өсөөд ирнэ.

Оюу толгой хоёр дахь сан­хүүжилтээ
хийгээд эхлэнгүүт энэ том төсөл дагасан хөрөн­гө оруулалт ч нэмэгдэж эхэл­нэ. Тодруулж
хэлбэл, Оюу толгойг дагаад гадаадын хө­рөнгө оруулалт өснө. Тэгэ­хээр ам.доллар
багасна, доллар олдохоо больж ханш нь өснө 
гэсэн асуудал гарах­гүй гээд ойлгочихож болно. Харин ч юу л байна доллар
байна гэцгээх цаг бараг ха­яанд  ирчихээд
байна.

Нэгдүгээр улиралд манай эдийн засаг
долоон хувь хүр­сэн, хоёрдугаар улирлаас 12 хувь болж өссөн дүнтэй гар­сан. Шинжээчид
энэ өсөлтийг оны сүүл хагаст ч үргэлжилнэ гэж байгаа. Гадаадын хөрөн­гө оруулалт
эрс нэмэгдэхийн бас нэг нотолгоо гэвэл энэ. 

Алт, зэс, нүүрсний үнийн уналт валютын
ханшид нө­лөөлсөн гэсэн тайлбар бий. Манайхаас экспортолдог гол нэрийн эрдэс, металлуудын
үнэ хөөрч баярлахаар өндөр биш байгаа нь үнэн. Гэхдээ валютын ханшид илт нө­лөөгөө
үзүүлэхээр уначи­хаад, бид ганц мөнгө олдог ашигт малтмалуудаа зарахаа больчихсон
юм байхгүй.  Алт­ны үнэ гэхэд л 1200 ам.дол­лар
хүртлээ уначихаад эргээд өсч байна. Өнөөдрийн байдлаар гэхэд л 100 ам.дол­лараар
өсчихөөд байгаа. Зэсийн хувьд ч өнгөлөг ирээ­дүй харагдаж байна. Энэ оны дөрөвдүгээр
сард 7202 болтлоо унасан зэсийн үнэ тавдугаар сараас 7228 болж аажимдаа өсч эхэлсэн.
“Ман­дал ассет менежмент” оны эцэс гэхэд нэг тонн зэс 7000-7950 ам.долларын хооронд
байна гэж таамагласан бол “Reuters” агентлаг 8818, Morgan Stanley  8755,
Credit Suisse 8113 ам.доллар байна гэж төсөөлсөн. Огцом биш ч аажмаар нэмэгдээд
явахыг энэ мэт жишээгээр хөнгөхөн нотолчихож болно. Нүүрсний хувьд Хятадын эдийн
засгаас шалтгаалаад үнэ, нийлүү­лэлт нь сайн биш байгаа ч тэгтлээ сөхөрчихөөгүй
бай­гаа. Цаг алдалгүй зөв бодлого хэрэгжүүлж чадвал нэгэнт нэмэгдчихээд байгаа нүүрс­ний
экспорт бүр ч хүчээ авах нь эргэлзээгүй.

Монголбанкны хувьд анхааралд нь байдаг  том зүйлийн нэг нь валютын зах. Ханшийн огцом
хэлбэлзэл үүсгэхгүйн тулд валютын дуудлага худалдаа зохиодог. Өөрөөр хэлбэл төв
банк дотоодын зах зээлд тогтмол оролцож байгаа. Мөн Монгол банк Засгийн газ­рын
үнэт цаасны арилжааг тогтмол хийж төгрөгийн ний­лүүлэл­тийг зохицуулдаг. Цаа­шид
ч шаардлагатай тохиол­долд ийм  арга хэмжээ
авах мая­гаар зохицуулалт хийнэ гэдгээ байнга л хэлдэг. Ингээд харахаар ноён доллар
гэ­дийж, төгрөгийг өмнөө сөгт­гөнө гэдэг үндэслэлгүй бол­гоомжлол юм.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Б.Батсайхан: Дуу аялж, салхи татуулсан хэдэн залуус МАН-ыг шинэчилнэ гэвэл нар баруунаас гарна

МАН-ын гишүүн, Улс төр судлаач
Б.Батсай­хантай ярилцлаа.

-Та МАН-ыг МАХН байхад намын ши­нэч­лэлийн
жигүүрт байсан. Одоо энэ чиг­лэлээрээ ажил­лаж байна уу?

-“Уламжлал, Шинэч­лэл-Ардчилал, Шударга
ёс” жигүүр гэж байхад хамгийн сүүлд дэд зохи­цуулагчаар ажиллаж бай­сан. Одоо ажиллаагүй.

-Тухайн үеийн жи­гүүрийн тэмцэл
үр дүнд хүрсэн үү?

-Эцсийн үр дүндээ хүрч чадаагүй. Үүнд
нө­лөөлсөн обьектив, субьек­тив олон хүчин зүйл бай­сан.

Юуны өмнө жигүү­рийг толгойлж байсан
хүмүүсийн улс төрийн эр зориг илт дутмаг, мохоо мөлгөр, үхээнц дорой байдал, хувийн
хэт өндөр ашиг сонирхол зэрэг шалт­гаанууд жигүүр зо­рилгоо биелүүлэхэд гол саад
болсон. Тууштай хэрэгжүүлж чадсан бол намаа шинэчилж өнөө­гийн нийгэмд тохирсон
үйл ажиллагаа явуулж чадах нам болгох олон сайхан санаа шийдлүүд байсан. Харамсалтай
нь энэ бүгд цаасан дээр л үлдэж дээ. Намын одоо­гийн дарга Ө.Энхтүвшин анх хэлсэн
ярьсандаа тууштай зогсож чадсан­сан бол тэр үед намын дарга болж шинэчлэл хэрэгжих
гол үүд хаалга нээгдэх байлаа. Ө.Энх­түв­шин энэ боломжоо УИХ-ын гишүүн, Боловс­ролын
сайдаар солиод жигүүрээ хаяад алга бол­сон. Шинэчлэх байр суу­ринаасаа урвасан.
Эн­дээс л жигүүр мордохын хазгай гэгч болж эхэлсэн дээ. Ер нь жигүүр байгуу­лахад
анх оролцсон 14 хүнээс М.Далайхүү гуай бо­лон бусад ганц нэг хү­нээс бусад нь шинэчлэл
гэдэг уриа лоозонгийн ард ал­бан тушаал авах хувийн эрх ашгаа нуусан хүмүүс байсныг
шууд хэ­лэх хэ­рэгтэй. Хөрөнгийн бирж муу ажиллаж бай­на, Р.Сод­хүүг солино гэсэн
яриаг сонсмогцоо “За жи­гүү­рийнхээн. Сү.Бат­бол­дын эсрэг тэм­цэлд босъё” гэж орилдог
Р.Содхүү, Оюу толгойн гэрээ буруу байна, жигүүр байр суу­риа илэрхийлэх ёстой гэхлээр
нүүр нь минчийж улайчихаад эсэр­гүүцээд байдаг Ши­вээ-Овоогийн нүүрсний дарга Балсан­дорж,
Орост явах консул нь удаад эх­лэхээр жигүүр хатуу мэ­дэгдэл гаргах хэрэгтэй гэж
чангараад л, чи хүлээж бай одоо удах­гүй гэхээр нь мэдэгдэл хэрэггүй юм шиг байна
гэж хэлдэг  Базархүү мэ­тийн хүмүүс шинэчлэ­лийн
гол саад тээгүүдийн нэг  байлаа. Ц.Нямдор­жийн
“Дорбинк­доно” буюу “Буудна” гэдэг үг энэ л хүмүүст зориу­­лагд­сан юм. Бид л жигүүрийн
нийт хүмүүст хамааруулж эсэр­гүүцээд байсан бо­ло­хоос биш Ц.Нямдор­жийн хэлсэн
үг үнэн бө­гөөд байгаа оносон бай­сан.

-Одоо МАН-ын ши­нэч­лэл хүчтэй
яриг­даж байгаа. Та МАН-ыг ши­нэчлэх энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Би өөрөө шинэчлэл гэдэг үгийг цөөнгүй
хэлсэн болоод ч тэр үү нэг их шинэ содон зүйл мэт сон­согдохгүй байгаа. Миний хувьд
энэ үгийг хэлээд байгаа бүрэлдэхүүнийг нь л хардаг. Эндээс л бүх асуудал тодорхой
шүү дээ.

-Шинэчлэл ярьж бай­­­гаа залуусыг
шүүмж­­лэх хүн олон бий. Намаа шинэ­чил­нэ гэж ярьж байгаа энэ нөх­дийн цаана өөр
хүмүүс байна уу. Тухайл­бал, У.Хүрэл­сүх бай­гаа гэх ч мэ­дээлэл бий…

-Шинэчлэл ярьсан бол­гон шинэчлэгч
бол­доггүй гэдэг нь бидний сургамжаас тодорхой ха­рагдах болов уу. Дан за­луучууд
өөрчилнө гэвэл хэт өрөөсгөл болно. Энд гурван цагийн хэлхээ ал­га. МАН бол гурав
дөрөв­хөн хүн суулгаад сэ­лүүр­дэж байгаа модон завь биш. Ийм завинд гарсан ганц
нэг цоорхойг бол залуучууд яаж ийж бай­гаад бөглөж чадах байх л даа. МАН бол ийм
зави­ны дэргэд “Титаник” хөлөг шүү дээ. Ийм хөл­гийг дуу аялж, салхи  та­туулсан хэдэн залуус засчихна гэвэл өнөө нар
баруунаас гарна гэдэгтэй л адил болох байх. Тэгээд ч эд­гээр залуусын зарим нь биднийг
ид шинэчлэл ярьж байх үед эсрэг бай­сан дарга нараа дагаад гүйдэг байсан хүүх­­дүүд
байна лээ. У.Хүрэлсүхийн хувьд улс төрөөс гарсан нарийн шалтгааныг нь би мэдэхгүй.
Гэхдээ улс тө­рөөс явсныг нь зөв гэж үзэж байгаа. Түүнд нам хангалттай ачааг үүрүүл­сэн.
Харин тэр ачаагаа эцсийн цэгт нь хүргэж чадаагүй. Даагаагүй ачаа­гаа дахин өргөх
гэж зүтгэхгүй байлгүй дээ. МАН-ын  шинэчлэлд
хэн нэгэн хувь хүн биш ши­нэчлэлийн үзэл санааг тууштай тээж чадах хү­чирхэг баг,
алсыг харсан концепци хэрэгтэй байна.

-Таван удаагийн сон­гуульд дараалан
ялагд­сан одоогийн МАН та­тан буугдаж, цус сэл­бэлт хийх хэ­рэгтэй гэж үзэж байна
уу?

-Миний хувьд зарим­даа хатуухан хэлчихдэг
л дээ. Татан буугдана аа гэх нь капитализмын дээд шат бол империализм гэдэг шиг
бүх юм шавхаг­даж дуусаад л хийгдэх ажил болов уу. МАН-ын өнөө­гийн байдал энэ ша­танд
тун ойрхон байна. Бай­дал тун баргар бай­гаа. Миний харж байгаа­гаар намаа аврах
цөөхөн гарц үлдэж.

-Таныхаар намаа аврах ямар гаргалгаа
байна гэж?

-Нийт намын дотор намынхаа хувь заяаны
талаар нээлттэй хэлэл­цүүлэг хийх явдал юм. Гишүүдийнхээ үгийг янз бүрийн нэмэр
хачиргүй­гээр сонсож намын нэр сольдог шигээ мушгин гуйвуулахгүй бол эндээс ямар
нэгэн гарц гарч ирэх ёстой. Тэгэхдээ ийм арга хэмжээ явуулах эсэх нь одоогийн удирдлагаас
хамаарах  учир бас л эргэлзээтэй. Түүнээс
биш их, бага хурал хурал­даад өөрчилнө гэж байх­гүй. Бид ч цагтаа ингэж л шаардаж
байсан.

-Шинэчлэл ярьж бай­­гаа залуусыг
удир­дах албан ту­шаал го­рилж байгаа гэх юм би­лээ. Улс­төрчийн хувьд та үүнийг
яаж харж бай­гаа вэ?

-Би түрүүн дан залуу­чууд шинэчлэл
хийнэ гэвэл бүтэхгүй гэж хэлсэн. Тэдэнд оргилуун сэтгэл, мөрөөдөл байж болно. Зөвхөн
үүгээр хол явах­гүй. Дунд, ахмад үе нь хаана байна. Улс төрд орж л байгаа бол шинэч­лэл
гэж ярихын зэрэгцээ хажууд суугаа нөхрөө таних нь хамгийн чухал. Би эдгээр залуусын
ганц нэгтэй ярилцаж байхдаа энэ үгийг хэлэхэд нээрээ тийм байна шүү, зарим нэг хүн
тодорхойгүй бай­гаа гэж хэлж байгаа юм .

-МАН-ын удирд­ла­гыг сольсноор
“сэ­хээ­ний тасгаас”  гарч чадах болов уу?

-Одоо байгаа Ө.Энх­түв­шинг өөр нэг
Энхтүв­шингээр солиод чанарын ялгаа гарахгүй. Манай намынхан хэн нэгэн ли­дер л
ирж аврах юм шиг, тэр ид шидтэн нь хэзээ хаанаас ирэх юм бол гэ­сэн л хүлээлттэй
хү­мүүс байна. Намыг яагаад ганц дарга биш шинэч­лэлийн төлөө үнэнхүү зөв сэтгэл­тэй
баг удирдаж болохгүй гэж. Ийм цоо шинэ хэл­бэрийг зоригтой гаргаж ирье л дээ. Чингэс
хааны үед нэг армийг нэгэн зэрэг хэд хэдэн жан­жин удирдан ялалт бай­гуулж байсан
практик бий шүү дээ. Гэхдээ одоогийн Удирдах зөв­лө­лийн хэл­бэ­рээр биш л дээ.

-МАН шинэчлэл хий­вэл удирдлагуудаа
со­лих нь гарцаагүй. МАН-ын шинэ дар­гын суу­далд М.Энх­болдын нэр явж бай­гаа.
Тэр хүн на­мын дарга болбол МАН-ын шинэчлэл болж чадах уу?

-Дарга солигдох бүрт нам шинэчлэгдэн
өөрч­лөгд­дөг бол бид өнөөдөр ийм зүйл яриад суухгүй нь ойлгомжтой. М.Энх­бол­дын
хувьд шулуухан хэлье. Улс төрийн цаг нь дуусчихсан хүн. Намаас холхон бай гэж хэлмээр
байна. Намын дарга байж үзсэн. Энэ хүний үед намын нэр хүнд ша­лаар нэг хөглөрч
байсныг бид мартаагүй байна. Намын дарга хүнд байх гол шинж чанаруудын нэг бол шуурхай,
улс төрийн мэдрэмжтэй байх явдал. М.Энхболдод ийм чанар огт байдаггүй. Дээр нь хотын
дарга байхдаа Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн бодлогыг үндсээр нь устгаж сөнөө­сөн
хүн. Бид орой болгон хүүхэд, хөгшдийн газрыг булаалаа гэсэн хэрүүл маргааныг мэдээ
болго­ноор үздэг байсан. Үүний уршгаар Нийслэл хот маань өнөөдөр төөрдөг байшин
шиг холион бан­тан болсон. М.Энхболд бол намын болоод аж ахуйн ажил хийж чадах­гүй
хүн. Одоо байгаа ху­гацаагаа дуусгаад улс төр рүү дахин бүү зүглэ гэж хэлмээр байна.
Морь мал уяхаас өгсүүлээд түүнд ажил мундахгүй дээ.

-Намынхаа бага ху­рал, их хуралд
на­мын гишүүд дэм­жигч­дийн саналыг оруулахаар Тус­гаар тогтнолын орд­ны өмнө “Шинэчлэлийн
өргөө” нэртэй санал авах гэр ажиллуулж байгаа. Гишүүдийн са­нал намын шинэч­лэлд
нөлөөлөх бо­лов уу?

-Бид ч цагтаа 407, 417 гээд л олон
өрөө дамжин конторлож байсан. Кон­тор­лох, гэр барих нэг хэ­рэг. Харин хөдлөхгүй
бай­гаа юмыг яаж хөдөлгөөнд оруулах вэ гэдэг л одоо гол асуудал болчихоод байна.
Намын нэрийг солихгүй гэж нийт ги­шүү­дийн 90 гаруй хувь нь хэлээд байхад энэ тоог
соль гэсэн хүмүүсийн тоо болгон улаан цайм муш­гин танилцуулж намын нэр сольсон.
Үүнийхээ горыг одоо ид амсаж бай­на даа.

-МАН таван удаагийн сонгуульд дараалан
ялагдлаа. Намын удирд­­лагуудын ар­чаа­гүй байдалтай холбон тайлбарлаж байна. Та­ныхаар
Ерөн­хийлөг­чийн сон­гуу­лийг хэрхэн дүгнэх вэ. Намын ли­дерүүд дуу­гар­сан­­гүй
гэх шүүмж­лэл бий?

-Намын ажлын гол хэмжүүр бол сонгууль.
Сонгуульд ялагдана гэж орохгүй нь тодорхой. Тав дараалан ялагдана гэдэг бол хэтрэхийн
дээдээр хэтэрсэн гэсэн үг. “Шаварт унасан шарын эзэн” гэдэг шиг намын удирдлага
бүх бурууг шууд хүлээх ёстой. Энэ бол аль ч намын амьдралд байдаг практик. Намаа
тав да­раа­луулан шалны тоос арчигч болгочихсон на­мын удирдлага айраг ца­гаа эргүүлсэн
шиг өдийд яаж амарч чадаж байна аа. Ө.Энхтүвшин худлаа үнэн ч гэсэн цагтаа ши­нэчлэл
гэж ярьж явсан хүний хувьд ичих хэрэг­тэй. Түүнд одоо намын тусын тулд хийх ганц
л буянтай ажил үлдсэн бай­на. Намын удирд­лагыг шахаж шаардсанд нь бус зөв хүмүүст
нь үлдээх. Ажил цэгцэртэл Б.Даш-Ёндон гуайд өгөө­сэй гэж хүсэж байна. Тэрбээр энэ
том намыг цаашид аваад явчих ба­гийг бүрдүүлчих болов уу. Энэ хүнд тийм чадал ч
бий, сэтгэл ч бий.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Ш.Батхүү: Миний хийсэн хамгийн том алдаа бол “Монгол газар”-тай орооцолдсон явдал

“Жаст”-ын Ш.Бат­хүү өчигдөр
сэтгүүлч­дэд мэдээлэл хийсэн юм. Тэрээр сүүлийн үед өрнөөд буй олон асуу­далд байр
суу­риа илэр­хийллээ. Хэв­лэлийн хурлын үеэр түүний юу ярьсныг хүргэж байна.

“Жаст” группын мэ­дэлд байсан “Хадгаламж”
банкийг Төрийн банктай нэгтгэх болсон талаарх бодитой мэдээллийг өгөх гэсэн юм.
Тэгээд ч өчиг­дөр (уржигдар) “Хадга­ламж” болон Төрийн банкны балансыг нэгтгэж
“Хадгаламж” банкны харил­цагч, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгө баталгаажин, эрсдэлээс
хамгаалагдсан учир ал­бан ёсны мэдэгдэл хийж байна. Энд хоёр зүйлийг тодотгож хэлмээр
байна.

Нэгдүгээрт, “Хадга­ламж” банкийг өмнө
нь ямархуу байдалтай бай­хад нь 2009 онд бид өөрийн эзэмшилдээ авч, эцэст нь Төрийн
банкинд хүлээлгэж өгсөн гэд­гийг хэлэх нь зүйтэй байх. “Хадгаламж” банк бол хамгийн
сүүлд хувьчлагд­сан төрийн банк. Оросын компаниуд “Хадгаламж” банкийг хувьчилж авсан
хэдий ч тус банкны ажил­чид 14 тэрбум гаруй төг­рөг хулгайлсан хэрэг гар­сан.

Үүнээс үүдэн Төрийн өмчийн хороо,
хувьчилж авсан Оросын компаниу­дын хооронд маргаан дэгдэж, улмаар банкны үйл ажиллагаа
хоёр жилийн турш зогсонги байдалтай байсан. 2008 оны сүүлчээр “Хадга­ламж” банкийг
худалдаж авах саналыг манайд ирүүлсэн. Тухайн үед “Хадгаламж” банк нийт 80-аад  тэрбумын 
төгрө­гийн активтай 40-өөд салбартай, 200 гаруй ажиллагсадтайгаас гад­на
өөрийн хөрөнгөгүй бай­сан. Хэрэв та бүхэн санаж байгаа бол салба­руудын ихэнх нь
байрны нэг дав­харт байрлах, орон сууц­ны төлбөр ав­даг кассууд л байсан. Энэ бол
орчин үеийн банк хэмээх ойл­голтоос ихээ­хэн зөрүүтэй гэдэг нь мэдээж. “Жаст” групп
2009 оны гуравду­гаар сарын 31-нд “Хадга­ламж” банкийг эзэмшил­дээ авсны дараахан
буюу дөрөвдүгээр сарын 23-нд Монголбанк зээ­лийн ангилал хийснээр тус банк өөрийн
хөрөн­гөгүй болсон. “Хадга­ламж” банкинд 170 тэр­бумын активтай байсан хэдий ч
90 тэрбум нь ча­наргүй актив буюу эр­гэж төлөгдөх найдваргүй зээл байсан. Ийнхүү
“Жаст” группээс 33 тэрбум төг­рөгийг дүрмийн санд нь нэмж байрлуулан 2009 оны сүүлч
гэхэд тус банк­ны актив 200 тэрбум төг­рөгт хүрч банкны бүх үзүүлэлтийг хангасан
бай­сан. Үүний дараа­гаар 2010 оны гуравду­гаар сарын 26-нд дам­пуур­лын ирмэгт
ирчихсэн “Монгол шуудан” банкийг авсан.

Ингээд “Хадга­ламж”, “Мон­гол шуудан”
банкуу­дыг нэгтгэхэд нийт 360 тэрбумын төгрөгийн акти­вын 170 тэрбум нь чанар­гүй
актив байсан. “Хадга­ламж” банкны га­раа ин­гэж л эхэлсэн. “Мон­гол шуудан” банк
ч мөн төл­бөрийн чадвар­гүй болж, зээлийн анги­лал хийхэд өөрийн хө­рөнгө нь хасах
буюу ал­дагдалтай гар­сан. Тий­мээс
27 тэрбумын хөрөн­­гө оруулалт хийж дүр­мийн санг нь 60 тэрбумд хүр­гэ­сэн. Хэрэв
тухайн үед ма­най компани энэ хоёр бан­кны дүрмийн санг өөрийн хөрөн­гөө­рөө нэмэгдүүлээгүй
бол 360 тэрбум төгрөгийн хадга­ламж эзэмшигч, харил­цагч­дын мөнгө эрсдэлд орж,
ачаа нь улсын нуруун дээр  ирэх байсан. Өөрөөр
хэлбэл 360 тэрбум төгрөгийн эрсдлийг “Жаст” групп улсын төсвөөс нэг ч төгрөг гаргуу­лалгүй
өөрийн хөрөнгөөр үүрч гарсан гэсэн үг.

 

МОНГОЛБАНКНЫ СИСТЕМД
БАЙГААГҮЙ ИХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ “ХАДГАЛАМЖ”-Д ХИЙСЭН

Ер нь банкны алдагдал­гүй,
тогтвортой ажиллах үн­дэс нь өөрийн хөрөнгө бай­даг. Өөрийн хөрөнгө гэдгийг энгийнээр
хэлбэл банк 1000 төгрөгийн зээл өглөө гэхэд 140 төгрөгийг нь өөрийн хөрөн­­гөөс,
үлдсэн 860 төгрө­гийг харилцагчдаасаа татан төвлөрүүлсэн хөрөнгө гарга­хыг хэлээд
байгаа юм. Өөрийн хөрөн­гөний дутаг­далд орно гэдэг зээлээ өсгөж чадахгүй болно
гэсэн үг. Бан­кууд өөрийн хөрөнгөөр дүр­мийн сангаа нэмэгдүүлж явах ёстой байдаг
бол “Хадга­ламж” банк­ны хувьд энэ бо­ломж байгаа­гүй. Банк томорч өргөжөөд ирсэн
үед өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх зүй ёсны шаард­лага урган гарч ирсэн. Тэр үед нь
“Жаст” группээс дахин 84 тэрбумын хөрөнгө оруулалт хийчихсэн учраас нэмж хөрөн­гө
оруулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн.

Гадны хөрөн­гө оруулагч­дад
хүсэлт тавихад хүлээж авсан хэдий ч Монголбанкны баримталж буй бодлоготой нийцэхгүй
байсан. Дотоодын хөрөнгө оруулаг­чид олдсон ч шалгуурыг нь хангаагүй учраас хадгаламж
эзэмшигч харилцагчдын хөрөн­­гийг эрс­дэлд оруулах­гүйн тулд Мон­голбанктай нэгтгэсэн.
Учир нь тус банкийг хувьчилж авах үед 170 тэр­бу­мын алдагдал­тай­гаас гадна их
хэмжээний чанаргүй актив­тай байсан тул байнга алдаг­дал­тай ажиллаж ирсэн. Ха­рин
Монгол банк­наас “Хадга­ламж” банкны төлбөрийн чадвар 2011 оноос муудсан хэмээн
ташаа мэдэгдэл хий­сэн. “Хадга­ламж”, “Монгол шуудан” бан­кийг нэгтгэн, сан­хүү­гийн
хувьд эрүүлжүүлэх ажлыг “Хадга­ламж” банк дан­гаар 2010 оноос хийсээр ирсэн. Тийм
учраас л манай групп Монго­лын банкны сис­темд хэзээ ч байгаагүй их хэмжээний буюу
84 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулал­тыг “Хадгаламж” бан­кинд хий­сэн.

Нэгэнт ийм их хэмжээ­ний
хөрөнгө оруулалт хий­чих­сэн учраас дахин хөрөнгөнөөс оруулах боломжгүйгээ илэр­хийл­сэн
учраас Төрийн банк­тай нэгтгэхээр болсон. Ингэж байж тус банкинд итгэн мөн­гөө хадгалуулсан
болон харил­­цагчдын мөнгийг эрсд­лээс хамгаалсан гэсэн үг.

 

ТӨРИЙН БАНК АРИЛГАСАН
СОНГИНО ШИГ БАНК АВЧ БАЙГАА

“Хадгаламж” банк дам­пуурч
байгаа учраас Төрийн банктай нэгтгэлээ гэдэг нь ор үндэсгүй болохыг нотлоё л доо.
Дампуурна гэдэг нь төл­бө­рөө хийж чадахгүй болохыг хэлдэг. Тэгвэл “Хадгаламж” банк
Төрийн банктай нэгдэх­дээ 1.1 их наяд төгрөгийн актив шилжүүлж, Монгол­бан­кин дахь
нөөцийн дансанд 200 тэрбум төгрөг нь байр­шиж байна. Салбаруудад бэлнээр 150 тэрбумаас
гадна 50 гаруй тэрбумын Засгийн газрын болоод Монголбанк­ны үнэт цаас байршиж бай­сан.
Тэр бүү хэл “Хадгаламж” банкны актив 2009 онтой харьцуулахад 12 дахин өссөн бөгөөд
эхний шаардлагаар бүх харилцагчдын төлбөрийг гаргах боломжтой байсан. Энэ нь “Хадгаламж”
банкин дахь хадгаламж эзэмшигч, харилцагчдын хөрөнгө эрс­дэлд ороогүй гэдгийг давхар
баталгаажуулж байгаа хэрэг.

Энд чанаргүй зээлийн
асууд­лыг ярих нь зүйтэй бо­лов уу. Гадуур “Батхүү гэгч нөхөр “Хадгаламж” банкнаас
өөрийн компаниудаар дам­жуу­лан 160 тэрбум төгрөгийн зээл авчихаад эргэж төлөөгүй
болохоор “Хадгаламж” банк дампуурч байна” гэсэн ор үндэсгүй яриа гарсан. Тэр чанаргүй
160 тэрбум дотор 60 гаруй тэрбум нь хоёр, гурван банк дампууруулсан “Олон овоот”
компанийн зээлийг “Зоос”, “Анод”-оос шилжүүлж авчирсан хөрөнгө. Түүнээс гадна “Хадгаламж”
банкнаас Засгийн газрын мах болон шатахууны хөтөлбөрт оролц­дог компаниуд зээл авсан.
Зарим хэвлэл мэ­дээл­лийн байгууллагуудын хэлээд бай­гаа шиг нууцаар тэдэнд өгөө­гүй.
Энэ зээлийн хугацаа нь болоогүй, хэрэг­жээд явж бай­гаа тул эргэж төлөгдөхгүй гэдэг
бол ор үндэс­гүй.

“Хадгаламж” гэдэг
улсын хэмжээнд сүлжээтэй, шилдэг менежменттэй, 600 гаруй тэрбум эрүүл зээлтэй,
3300 ажиллагсадтай, үйлчилгээ­ний доголдолгүй, төлбөрийн бүрэн чадвартай банкийг
Төрийн банкинд нэгтгэлээ. Төрийн банкныхан “Арилга­сан сонгино” шиг банк авч байгаа
шүү. Учир нь эрсдэл­тэй бүх зээлийг банкны дүр­мийн сангаар хаасан учраас их өрийг
улсын хөрөнгөөр дарсан, улс хохирсон гэдэг нь ор үндэсгүй. Төрийн банкинд “Хадгаламж”
банкийг нэгтгэнэ гэдэг маань өөрөөс нь гурав, дөрөв дахин том банкийг нэгт­­гэж
байна гэсэн үг. Энэ хугацаанд “Хадгаламж” бан­кинд 84 тэрбумын хөрөнгө оруулалт
хийснээс гадна, 40-өөд тэрбумын алдагдлыг бараг­­дуулсан. Миний эрхэл­дэг бизнес
энэ их хөрөнгийг гаргаж чадахгүй тул “Стан­дарт” банкнаас авсан зээ­лийн­хээ 97
сая долларыг “Хадгаламж” банкны дүрмийн санг нэмэгдүүлэх, үйл ажил­ла­гааг нь шинэчлэхэд
зар­цуул­сан.

БИ БИЗНЕСМЕН БИШ
ЖИРИЙН ИРГЭН БОЛЛОО

Өчигдрөөс (уржигдраас)
эхлэн би бизнесмэн бус жирийн иргэн болсон. Банкаа Төрийн банкинд тушаасан, “Жаст
ойл” компаниа “Магнай трейд”-д банкны зээлийг нь төлүүлөх нөхцөлтэйгөөр өгчих­­сөн.
“Жаст Агро” компа­ниа татан буулгаад 11 үйлд­вэ­рийг нь “Хадгаламж” банк­ны гүйцэтгэл
хангуулах үүрэгт өгчихсөн. “Олон Овоот” ком­па­ниа хамтрагч болох Г.Алтанд шилжүүлчихсэн.
Би энэ бүхнийг бий болгохын тулд өдөрт 12-14 цаг ажиллаж ирсэн. 1991 оноос хойш
ин­гэж зүтгэсний хүчинд 5000 хүнийг ажлын байраар ханга­сан юм шүү.

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР
БАТАЛГАА ГАРГАСАН Ч ХОХИРООГҮЙ

Манай компани
2008 онд “Стандарт” банкнаас 20 сая долларын зээл авахын тулд “Эрдэнэт” үйлдвэрээс
батал­гаа гаргуулсан нь үнэн. Ту­хайн үеийн “Эрдэнэт” үйлдвэ­рийн хоёр талын дарга
нар зээлийн батлан даагч болох хүсэлт гаргасныг хуулийн дагуу хянаж шалгаад, бо­ломж­­той
бол хуулийн батал­­гааг нь гаргаад өгчих гэх цохолт хийж өгсөн. Гэхдээ авсан зээлээ
хугацаанд нь төлөөд барагдуулчихсан тул “Эрдэнэт” үйлдвэр Ш.Батхүү­гийн өмнөөс зээлийг
нь төлөөд, алдагдалд орчихсон зүйлгүй. Манай компани “Эрдэ­­нэт” үйлдвэрт 1997 оноос
шатахуун нийлүүлж, цахилгааныг нь хангаж өгдөг учраас надад баталгаа гар­гаж өгсөн.
Сүүлд авсан зээ­лүү­дийн 97 сая ам.доллар нь “Хадгаламж” банкинд орсон.

ЗЭЭЛЭЭ ЗОРИУЛАЛТЫН
ДАГУУ АШИГЛААГҮЙ НЬ МИНИЙ АЛДАА

“Стандарт” банкнаас
хэд хэдэн удаа зээл авсан. Одоо хүртэл “Стандарт” банкинд төлөх ёстой зээл бий.
Зээлээ зориулалтын дагуу ашиглаа­гүй буюу “Хадгаламж” банк болон Олон Овоотын төсөл
зэрэгт хөрөнгө оруулсан. Уг нь би энэ зээлээ зэсийн баяжма­лын наймаандаа зарцуулах
гэж авсан. Өөрөөр хэлбэл зээлийнхээ тодорхой хэсгийг  зориулалтын бус ашигласан. “Хадгаламж” банк болон
Олон овоотын үйл ажиллагаа амжилттай явна гэдэгт итгэж байсан учраас хувийн батлан
даалт гаргаж зээлээ авсан. Ашигт малтмалын газраас Олон овоотын “А” лицензэн дээр
18.5 тоннын алт нөөц­тэй, Ц.Мянганбаяр захирал ч 25 тонн байгаа гээд баталгаа гаргаад
өгчихсөн. Бид хоёр жил Олон Овоотыг ухсан. Одоо тэр газарт ихээр бодо­ход гурван
тонн л алттай болох дүгнэлт гарсан. Олон Овоотын асуудал ч хууль хяналтынханд шилжих
байх. Нэг талаас ашигт малтмалын шинэ хүмүүс нь “Батхүү энд байх ёстой 20-иод тонн
алт хаана байна” гэхэд нөгөө талаас “Алтаа олборлож зээ­лээ төлөөч ээ” гээд байдаг.
Учир нь яагаад улсын фондод бүртгэгдэж, ашигт малтмалын нөөцийн газраас баталсан
нөөц ингэж дутсан гэдэг нь сонин. Өнгөрсөн оны тайлан­гаар Олон Овоот 97 тэрбумын
алдагдалтай ажилласан. Хараат бус өндөр зэрэглэ­лийн шинжээчдээр хувийн зардлаар
нөөцийг тогтоолго­ход 18.5 тонн байх ёстой газар дээр дөрөв ч хүрэхгүй тонн алттай
гэж батлагдаж байх шиг байна.

Зээлээ зориулалтын
бус ашигласнаас төлбөр дутсан, хугацаа хэтэрсэн, хоёроос гурван сарын хүүгийн зөр­чилд
орсон. Хэрэв Олон овоо­тын төсөл амжилттай болж, банкаа шинэ хөрөнгө оруу­лагч­дад
зарчихсан бол энэ бүх зээл төлөгдчих байсан.

“Стандарт” банкинд
120 гаруй сая ам.долларын зээл үлдэж байгаа. Монголчуудын хэлдгээр амьд хүн аргатай
гэдэг шиг арга нь олдох байл­гүй дээ.

БИ АЛЬ Ч НАМЫН
ГИШҮҮН БИШ

Би аль ч намын гишүүн
биш. Бизнесийг жинхэнэ ут­гаар нь хийе гэвэл улс төрөөс ангид байх ёстой гэж бод­дог.
Тиймээс “Хадгаламж” банкны асуудал дээр төрөөс ямар нэгэн дарамт ирээгүй юм шүү.
Ийм их хэмжээний актив­тай, олон мянган ажиллаг­сад­тай банкийг хоёр талаас 200
га­руй хүн ажиллаад нэг өдрийн дотор амжилттай нэгтгэсэн.

“Хадгаламж”, “Монгол
шуу­­дан” банкуудыг авсны дараагаар байдал ийм хүнд байхыг тооцоогүй нь миний судалгааны
алдаа л даа.

“Зоос” банкийг дампуура­хад
“Монгол газар” компа­нийн зээл голлох үүрэг гүй­цэт­гэ­сэн. “Анод” банкийг дам­пуу­рахад
ч “Монгол газар”-ын оролцоо байсан. Олон Овоо­тын уурхайг эзэмших болсон нь “Монгол
газар” компанийн харьяа компаниуд манайхаас авсан шатахууныхаа төлбө­рийг барагдуулахгүй,
10 гаруй тэрбумын өртэй болчи­хоор нь бизнест нь авлагын­хаа хэмжээнд оролцсон.
Ту­хайн үед “Анод”, “Зоос” банк­ны­хантай уулзахад “Мянган­баяр баахан зээл авчихсан.
Зээлээ “Голден санс” компа­ниас зээл авахаараа төлнө гээд таг чиг” гэсэн. Тэгээд
ч тэдгээр зээл нь ямар нэгэн барьцаагүй байсан. Учир нь “Зоос”, “Анод” банкинд бай­сан
хоёр гурван “А” лицен­зийг “Голден санс”-д өгчих­сөн. “Зоос” банкнаас 60-аад тэрбумын
зээл авсан хэрнээ барьцаагүй. “Монгол газар” нь “Голден санс”-аасаа зээ­лээ аваад
өрөө төлөлгүй, өөр үйл ажиллагаанд зарцуул­чих­сан байсан. “Монгол га­зар” компаниас
180 гаруй тэрбумын авлагатай банк, байгууллагууд нь мөнгөө авч чадахгүй байхад
10 гаруй тэрбум төгрөгийн авлагатай “Голден санс” барьцаатай, үндсэн зээлээ хүүгийн
хамт авахаас гадна торгуулиа авдаг учраас барьцаагаа дундын өмч болгох саналыг тавихад
хүлээж аваагүй. “Гол­ден санс” нь эдгээр лицен­зийг хууль бусаар эзэмшил­дээ шилжүүлсэн
байсан учраас 13 лицензийг авч санхүүгийн байдал нь хүндэр­чих­сэн “Зоос”, “Анод”,
“Го­ломт”, “Хадгаламж”, “Монгол шуудан”, “Капитрон” банкнуу­дын дундын өмчид шилжүүл­чихсэн.
Миний хийсэн хам­гийн том алдаа бол “Монгол газар” компанитай  орооцолд­сон явдал л гэж бодож байна.

Тэмдэглэсэн

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
редакцийн-нийтлэл

Гавьяат жүжигчин Д.Гүрсэд: Даян хааны дүрд намайг биш Сүххуягийг тоглуулсан нь зөв болсон

“Мандухай сэцэн хатан” ки­но­ны Баянмөнх жонон,
“Гэрлэж амжаагүй явна” киноны Энхээ, “Говийн зэрэглээ” киноны нисгэгч зэрэг олон
сайхан уран бүтээлд дүрээ мөнхөлсөн Д.Гүр­сэд жүжигчин Үндэсний их баяр наадмаар
Монгол Улсын гавьяат жүжигчин гэх эрхэм алдрыг хүртсэн билээ. Ингээд түүнтэй ярилцсанаа
хүргэе.

-Юуны өмнө таньд баяр хүр­гэе. Гавьяатынхаа найрыг
хэзээ хийх гэж байна даа?

-Баярлалаа. Олон жил урла­гийн салбар, тэр дундаа
кино урлагт дурлаж үлдсэний минь буян хишиг гэж бодож байгаа. Одоохон­доо зураг
авалттай, завгүй байгаа болохоор намар аравдугаар са­раас гавьяатынхаа найрыг хийх
бодолтой байна.

-Киноны зураг авалт уу?

-Онцгой байдлын ерөнхий га­зар­тай хамтарч байгалиа
хамгаа­лах сэдэв бүхий баримтат киноны зураг авалтад гараад байна. Дараа нь бас
нэг киноны зураганд гарах төлөвлөгөөтэй. TV5 телевизээс санаачилсан 25 анги­тай
кинонд тоглоно гээд зуны улирлыг завгүй л өнгөрөөх нь шиг байна.  Ер нь он гарсаар зүгээр суусангүй.

 -“Хувь
тавилангийн ээдрээ” олон ангит кинонд төрсөн ахтай­гаа тоглосон байх аа?

-Тийм ээ. Би эхээс тавуулаа, хамгийн бага нь.
Бүгд эрчүүд.  Хамгийн бага ах маань найруулагч,
жүжигчин Жигжиджав гээд надтай адилхан урлагийн хүн бий. Уншиг­чид “Цагаан дуганын
гэгээ”-д тог­лос­ноор нь андахгүй байх. Саяхан цацагдсан “Хувь тавилангийн ээд­рээ”
олон ангит кинонд бид хамт­даа тоглосон.

-Эцэг, эх тань аль нутгийн хүмүүс вэ? 

-Миний ээжийг Эвшин, аавыг маань Далхсүрэн гэдэг.
Завхан аймгийн уугуул хүмүүс байсан. Аав маань насаараа цэргийн газар ажилласан
их сайхан хүн. Аав цагтаа анхны нэгдлийн орлогч дарга явсан гэсэн. Нэг сонин юм
хэлэхэд манайд аав бид хоёроос бусад нь цэргийн алба хааж үзээ­гүй. Аав Дорнодын
Халх гол, Баян­тү­мэнд тулалдаж явсан дайны үеийн цэрэг. Тиймээс би ааваараа бахархдаг.
Би ч гэсэн  Дорнодын Матад суман дахь агаараас
эсэр­гүүцэн хамгаалах ангийн локотар­чин, ахлах түрүүч цолтой хүн ш дээ. Харин ээж
маань маш сайхан хоол хийдэг тогооч хүн байлаа.

-Та Сэлэнгэ аймагт нэг хэсэг ажиллаж амьдарсан.
Зарим хү­мүүс ярихдаа таныг фактлаад Сэлэнгэ рүү хуваарилагдсан гэж ярих юм билээ.
Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Мэр сэр хүмүүс тэгж ярьдаг байсан. Үнэндээ бол
худлаа. Тэр үед би Улсын хүүхэлдэйн театрт найруулагчаар ажиллаж байлаа. Гэтэл Сэлэнгэ
аймагт “Долгио” чуулга байуулагдаж даргаар нь МУГЖ Баадайжав гуай очсон байж л дээ.
Тэгээд намайг чуулгынхаа найруулагчаар ажиллуулах хүсэл­тийг яаманд гаргаж намайг
явуу­лахаар болсон тухай мэдэгдсэн. Яг тэр үед гэр бүлийн маань хүний бие тааруу,
хүн хард үзүүлэхээр төрсөн нутагт нь аваач гээд байсан боло­хоор тэр саналыг үг
дуугүй хүлээж авсан.

-Сэлэнгэд байхдаа та ямар ямар уран бүтээл хийсэн
бэ?

-Намайг Сэлэнгэд найруулаг­чаар очиход хүнд байсан.
Зах зээлийн давалгааны үеэр хөдөө битгий хэл хотын томоохон чуулга хүртэл хаалгаа
барьж байсан үе. Аймгийн театрт урлагтаа үнэнч цөөн хэдэн уран бүтээлч л үлдсэн.
Үүний ачаар чуулга маань эргэж сэргэсэн. Тус аймагт 10 гаруй жил ажиллахдаа урлаг,
соёл, утга зо­хиолын арга хэмжээг найруулсан. 
Мөн олон ч “Морин эрдэнийн дуулал”, ардын дууны концерт, Өргөн Сэлэнгийн
дуулал зэргийг найруулан тавьсан. Өргөн Сэлэн­гийн дуулал бол Монголын хам­гийн анхны шашин урлагийн наа­дам.
Цам харайх, гал тахих зэрэг шашны бүхий л зан үйлийг нэгтгэн гаргаж чадсан тоглолт
болсон.

-Хуучны сор болсон ихэнх кинонд та дүрээ мөнхөлсөн.
Ер нь кино урлагт зүтгэснээс хойш хичнээн дүр бүтээгээд байна. Тоолж үзсэн үү?

-“Мандухай сэцэн хатан”, “Саруул талын ерөөл”,
“Говийн зэрэглээ”, “Их авхай”, “Ширүүн тулааны өмнө”, “Унаган хайр”, “Төрийн сүлд
өршөө” гээд 150 орчим уран бүтээлд дүр бүтээсэн байх юм. Үүнд богино хэмжээний кино
бүтээлүүд ч орж байгаа.

-“Мандухай сэцэн хатан” киноны найруулагч танд
Бат­мөнх даян хааны дүр өгчихөөд Баянмөнх жононгийн дүрд тог­луулсан гэдэг юм билээ.
Тухайн үед шаралхаж, дургүй чинь хүрч байв уу?

-Уг түүхэн кино 11 сая төгрөгөөр бүтсэн томоохон
уран бүтээл. 1986 оны 11 сая төгрөг бол их мөнгө шүү дээ. Уран бүтээлчдийн багт
гэхэд л 5000 орчим хүн ажилласан. Ийм том уран бүтээлийг хийхэд цаг хугацаа, ачаалал
гээд хөлс, хүч их шаардсан. Тиймээс найруулагчийн бие чилээрхэж Балжинням найруу­лагчид
халаагаа өгсөн. Тэгтэл зураг авалт аль хэдийнэ эхэл­чихсэн байтал Балжинням най­руулагч
зарим дүрд өөрчлөлт оруулж намайг Батмөнх даян хаа­ны дүрд тохирохгүй байна гээд
Сүххуягийг хуваарилж, намайг Баянмөнх жононгийн дүрийг бүтээ гэсэн. Хүмүүс их гайхсан
ч тухайн дүрийг хэнд өгөх нь найруулагчийн эрх учраас шийдвэрийг дагаж ажилласан.
Энэ нь маш зөв сонголт байж гэж би одоо боддог. Тэр үед Сүххуяг нарийхан, гонзгой
залуу, би болохоор биерхүү 90 кг жинтэй байсан юм. Балжинням найруу­лагчтай би өмнө
нь “Саруул талын ерөөл”, “Гэрлэж амжаагүй явна”, “Говийн зэрэглээ” кинонд хамтарч
ажиллаж байсан болохоор би түүний зөв гэж бодсон. Магадгүй би Батмөнх даян хаан
тоглосон бол ширүүн, омогтой зан надаас гарах ч үгүй байсан юм билүү. Мандуул хаан
чинь бас догшин хүн ш дээ. “Чи өөрөө өрмөө идээд хусмаа надад өгөөд байгаа юм биш
биз” гэж хэлдэг хэсэгт жонон дүрс гээд уурлаад босоод ирсэн бол гал авалцах байсан
биз дээ. Гэх мэт Балжинням найруулагч тухайн жүжигчнийхээ төлөв байдлыг сайн мэддэг
хүн. Тиймээс би ерөөсөө муу санаж явдаггүй. Зуурсан гури­лаар тогооч юу хийхээ мэддэг
шиг найруулагч хүн тухайн уран бү­тээлийг яаж босгохоо мэддэг.

-“Саруул талын ерөөл” кино­ны Нацагдоржийн дүргүйгээр
таны залуу насыг дурсахгүй байхын аргагүй. Энэ тухай дур­сахгүй юу?

-Тэр үед би чинь цэл залуухан, бага ч байсан.
Тухайн үед Нацаг­доржийн дүрийг бүтээх болсондоо  баярлахын хажуугаар больдог ч юм билүү гэсэн айдас
төрсөн.

-Яагаад?

-Нацагдорж мундаг боловс­ролтой сэхээтэн хүн.
Эх орныхоо төлөө бүхий л сэтгэл зүрхээ зо­риулж явсан мундаг түүхэн, бид­нээс алслагдсан  дүр. Ялангуяа түүний ойр орчимд хамаатан садан
гээд байхаар хүн ховор. Хэн ч түүнийг ийм араншинтай гээд дүрс­лээд хэлээд өгчихөж
чадахгүй. Гэтэл тийм дүрийг үзэгчдийн сэт­гэлд мөнхлөх үүрэг надад оногдож байна
шүү дээ. Тиймээс жаахан бэргэж байсан. Гэхдээ найз, нөх­дийнхөө зөвлөснөөр энэ дүрийг
бүтээж чадна гэсэн итгэл төрсөн. Нацагдорж маш цэвэрч, өглөө ажилдаа явахдаа гэрээсээ
монгол дээлтэй гараад цайныхаа цагаар гэртээ ирэхдээ хятад хувцастай, орой нь бүжгэнд
европ хувцастай ирдэг нямбай хүн байсан юм би­лээ.

Тэр бүү хэл, Нацагдоржийг ирээ­гүй тохиолдолд
бүжиг эхэл­дэггүй байсан юм билээ. Түүнийг улс төрийн шалтгаанаар хэлмэг­дүүлэх
бодлого нэн эртнээс төлөвлөгдөж байсан юм шиг санагддаг. Эх­нэрийг нь хүртэл гурван
жил шо­ронд хоригдоод гарч ирэхэд нь хятадууд хар тамхинд оруулж, гэмт хэрэгтэн
болгоод шоронд хорьсон байдаг. Яагаад гэхээр эхнэр Паг­мадулам нь мөн л гадаадад
бо­ловсрол эзэмшсэн нөхрийнхөө үйл хэрэгт нөлөөлдөг сэхээтэн хүн байсан учраас хятадууд
нөхрөөс нь холдуулж авч суусан байгаа юм. Энэ байдлыг л хүмүүст харуулах зорилготой
кино л доо.

-“Говийн зэрэглээ” кинонд тоглосон ихэнх жүжигчид
өөд болсон. Үүнтэй холбоотой яриа олны дунд байдаг. Энэ үнэн үү?

-Худлаа. Энэ яриа яаж тарх­саныг би мэдэхгүй.

-“Говийн зэрэглээ”-гийн нис­гэгч онгоцоо чадмаг
жолоодож харагддаг. Хэр хурдан сурсан бэ?

-Яахав, бага зэрэг дад­лагаж­сан. Хажууд нэгдүгээр
нисгэгч, би хоёрдугаар нисгэгчийн суудалд сууна. Миний зургийг авахын тулд нэгдүгээр
нисгэгчийн суудал дээр оператор суугаад зураг авах ёстой. Тэр үед яах аргагүй жолоон
дээр сууна. Энэ үеэр жаахан дадлага суусных ч юм уу, кино дууссаны дараа Сумхүү
найруулагч “Би нисэх дуртай” киноны хоёрдугаар нисгэгчээр намайг авсан юм. Тэнд
бол бүр овоо, агаарт жолоо аваад явчихдаг болсон. Харин бууж чад­даггүй байсан.
Онгоц сэнсээрээ газар хатгах гээд буулт хийхэд хүндрэлтэй л дээ.

-“Говийн зэрэглээ”-д дандаа тухайн үеийн сор болсон
уран бүтээлч тоглосон байдаг. Яаж энэ хүмүүсийг бүрдүүлсэн нь сонин байна?

-Цэвээнравдан маань хэлмэг­дүүлэлтийн үед Дундговийн
хөдөө суманд хоёр жил клубын даргаар ажилласан. 1980 онд хот руу татаг­даж театрт
ирсэн юм. Тэр үед Эрдэнэтогтох бид нар сургуулиа төгсөөд театрт дөнгөж жүжигчнээр
ирж байсан үе. Доржсамбуу маань Багшийн дээдийн Кино, драмын ангид багшаар ажиллаж
байсан. Ингэж бид нэг дор бөөгнөж, нэг уран бүтээлд хамтарч ажиллах гараа эхэлсэн
дээ. Цэвээнравдан бол их хошин, мэдрэмжтэй, мундаг уран бүтээлч байлаа. Монголын
хошин урлагийн нэлээн том тө­лөөлөгч шүү дээ. Доржсамбуу бол мундаг найруулагч.
Дэлхийн сон­годгуудаас, тухайлбал “Нора”-г Монголын тайзнаа анх тавьсан хүн. Тэгсэн
хэрнээ дүрд ордог. Кинон дээр Арслан Хашхүү захир­лыг модонд хүлж хонуулчихаад,
Номинд загнуулаад холбооноос гараад явж байгаа хэсэг байдаг даа. Тэр зургийг авах
үед Доржсамбуу “Дугуйгаа өшиглөчихвөл хөлөө хугалчих байх даа” гэснээ “Өө, энэ хувинг
энд тавьчихъя. Хувинд л уураа гаргасан хүн байгаа биз” гэх жишээтэй. Харин манай
Оюун­цэцэг их чамбай, чадвартай жүжиг­чин байсан.

-Эрдэнэтогтох жүжигчин одоо хаана юу хийж байгаа
вэ?

-Ойрд холбоо тогтоосонгүй. Хотод л амьдарч байгаа
гэж сонс­сон.

-Та нар сайхан найзууд явсан биз?

-Тэгэлгүй яахав. 1987 оноос Монгол телевизийн
шууд эфирт ордог байлаа. Нэг нэг том найраг­лалтай шууд л орж уншина. Тухайн үед гацах эрх байхгүй. Одоогийнх
шиг ямар сүүлд нь таслаад мон­тажлана гэх юм биш. Ээлжит нэвт­рүүлгээс буугаад одоогийн
UBS телевизийн байранд зурагт үзэж байгаад гартал Эрдэнэтогтох маань шилэн хаалга
нэвт мөргөж гараад эрүүгээ, духаа зүсчихсэн. Телевиз үзэх гээд гэрлээ унт­раа­гаад
өрөө бүдэгхэн байсан болоод тэр шилэн хаалгыг хараагүй хэрэг. Ер нь энэ мэт инээдтэй
зүйл олон болно. Цэвээнравдан, “Гарьд маг­най” киноны  молиго Очирт тогло­дог Алтангэрэл, Эрдэнэтогтох,
Доржсамбуу жүжигчин гээд бид хэд үнэхээр сайхан найзууд явлаа. Нэг нь өнөөдөр гэр
барина гэвэл очоод тусалдаг. Нүүрс, модыг нь очоод буулгаад өгдөг тийм л сайхан
нөхөд байсан даа. Хааяа жаргал зовлонгоо хуваалцаж ярилцангаа уучихна. Тэрнээс биш
өнөөгийн залуус шиг нэвт архидалт ямар болох биш. Одоо ихэнх нь л бур­ханы оронд
очсон болохоор хааяа хөөрөлдөх хүнгүй сэтгэл нэг л эзгүйрээд, цээж харанхуйлаад
явчихдаг. Аргаа барахдаа хуучны хэдэн киногоо ээлжлэн тавьж үзэж тэднийгээ харж
сэтгэлээ онгойлгох юм даа.

-Таны хувьд гавьяатын цол оройтсон юм шиг санагддаг
уу?

-Яахав төрийн минь буян, урлаг, түмэн олны минь
хайр ивээл харж үзлээ. Миний хувьд аль хэдэн жилийн өмнө хүртэх ёстой байсан юм
гэж хэлэх дургүй. Мэдээж битүүхэн гордлого бол байсан.

-Гавьяатын цолыг юу дагадаг юм бол?

-Сар бүр 150 мянган төгрөг авах юм билээ.

-Таныг залуудаа их сайхан залуу байсан гэж хүмүүс
ярьдаг. Хүүхнүүд араас чинь хэр гүйдэг байв?

-Залуудаа бусдын л адил уран бүтээлд хорхойсч,
уран бүтээлээр хөглөгдөж явдаг байлаа. Яахав хөдөө кино зурагт яваад ирэхэд миний
хаяг дээр зөндөө захиа ирчихсэн байдаг байсан.

-Захианд нь хариу бичиж байв уу?

-Үгүй ээ. Хүний юм бол хүний л юм байдаг гэгчээр
амьдралын ханиа сонгочихсон гэр бүлтэй болсон хүн чинь хажуудахаа яалаа гэж гомдоохыг
хүсэхэв. Захиа ирс­нийг нь хараад л өнгөрдөг байсан.

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Х.Бат-Учрал: Монголд олсон орлого Монголдоо л шингэж байж бид хөгжиж урагшилна

Нэг үеэ бодвол мон­гол­чууд
олон зүйлээ өөрсдөө хийж чаддаг болжээ. Үндэс­ний үйлд­вэрлэлээ дэмжинэ гэж ярьдгийг
бодит амьд­рал дээр нэг үндэсний ком­пани үндэснийхээ нөгөө компанийн бараа бүтээгдэ­хүүнийг
ху­дал­­дан авах за­маар хэрэгжүүлдэг болж. Бас гадныхан хэдийнэ эзэлж авсан зах
зээ­лийг бага, багаар өөрс­дийнх бол­гох арга за­мыг эрэлхийл­дэг бол­жээ. Ийм нэгэн
бо­дол санаатай залуу захир­лыг “Шинэ цагийн Мон­гол” булан­гийн­хаа зочноор ури­лаа.
Залуу сео Х.Бат-Учрал бол бетон зуурмаг, бетон эд­лэлийн үйлдвэр­лэлийн сал­барт
хүч сорьж яваа үндэс­ний хөрөнгө оруу­лалттай компаниудын нэг “Про­со­лид Стандарт”
ХХК-ийн гүйцэтгэх захир­лаар ажилладаг юм.

-Барилга байшин­гийн тулгуур болдог
бе­тон зуур­магаа монгол­чууд өөрсдөө хийхгүй байна, гадныхан энэ салбарт хүч түрэн
орж ирсэн нь Үндэсний аюул­гүй байдалд ч сөр­гөөр нөлөө­лөх талтай гэж саяхан бол­тол
яригддаг байсан. Танай салбарт хаана­хын хө­рөнгө оруулалт­тай ком­па­ниуд давам­гайлдаг
юм бэ?

-Ер нь ямар ч улс орны хувьд барилгын
салбар тэр дундаа бетон зуурмаг, барил­гын бат бэх, даац, чанар, аюулгүй байдалд
их ан­хаар­даг. Манай улсын хувьд ба­рилгын
салбарт тэр дун­даа бетон зуурмагийн үйлд­вэрүү­дийн дийлэнхийг нь Солон­гос, Хятадын
хөрөнгө оруу­лалттай компаниуд үйлдвэр­лэж байна. Харин сүүлийн үед Монголын ком­па­­ниуд
энэ салбарт хүч түрэн орж ирж байгаа. Иргэдийнхээ аюулгүй амар тайван аж тө­рөх
батал­гаа болох энэ чухал салбарт монголчууд бид өөрс­дөө зүтгэл гарган орол­цож,
тө­рөөс ч бодлогоороо дотоо­дынхоо компаниудыг дэмжин ажиллаж байна. 

Өмнө нь бетон зуурмаг үйлдвэрлэдэг
гол компаниуд нь дандаа гадны хөрөнгө оруулалттай компаниуд байс­наа бодвол дотоодын
хөрөн­гө оруулалттай компаниуд бас ч гэж нэмэгдэж байна. Гэхдээ зах зээлд хөлөө
ол­чих­сон тэдгээр компаниудтай харьцуулахад бид бага багаар ахисаар л явна.

-Танай компани байгуу­лагдаад удаагүй
байх аа. Гадны хөрөнгө оруулалт­тай том компаниудтай өр­сөлдөхөд амаргүй л байдаг
байх?

-Манай “Просолид стан­дарт” ХХК байгуулагдаад
удаагүй л дээ. Үйлдвэр маань ашиглалтад ороод жил л болох гэж байна. Гэхдээ мон­голчууд
өөрсдөө үндэсний аюулгүй байдлын хэмжээнд анхаарч үзэхээс аргагүй энэ чухал салбартаа
гар бие орол­цох нь зөв гэдэг үүднээс дотоодын хөрөнгө оруулаг­чид хамтарч байгуулсан
ком­пани юм. Манайх бетон зуур­маг, бетон эдлэлийн үйлдвэр­лэл, барилга угсралт,
барил­гын материалын үйлдвэрлэ­лийн чиглэлээр үйл ажилла­гаа явуулахаар байгуулагд­сан
компани. Мэдээж, ихээ­хэн хөрөнгө оруулалт хийг­дэж бас зах зээлд хөлөө ол­чих­сон
тэдгээр компаниудтай өрсөлдөхөд амаргүй. Гэхдээ монголчууд бид өөрсдөө бетон зуурмагаа
үйлдвэрлэж цутгадаг байх ёстой, монгол­чууд бид нэгнийхээ бизнесийг дэмжиж, хамтран
ажиллаж байж үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлнэ гэдэг том зорилго­той байгуулагдсан
учраас зам зуурын бэрхшээлийг тоохгүй л зүтгэж явна даа.

Бидний уриа бол “Эх орон­доо ихийг
бүтээе” гэж байгаа. Энэ уриа маань ол­ныг нуршилгүй гол зорилго, утга санааг маань
илэрхийлнэ гэж бодож байна. Бид зорил­гоо “Хөгжигч хүний нөөцийг эрхэм болгон хэрэглэгчдэдээ
чанартай бүтээгдэхүүн, үйл­чилгээг найдвартай хүргэж салбартаа үндэсний тэргүү­лэгч
компани болох” гэж тавьсан юм.

Ер нь болж өгвөл бүхий л салбарт үндэсний
компаниуд л тэргүүлэгч нь болох ёстой. Тэгж байж л бид хөгжинө. Ялангуяа гадны хөрөнгө
оруу­лалт харьцангуй багасч байгаа өнөө үед Монголд олсон орлого Монголдоо л шингэж
байж бид хөгжиж урагшилна гэж би бодож явдаг.

-Өөрөө чухам ямар мэргэжлийн хүн
бэ. Аль сургуулийг төгссөн бэ?

-Би МУИС-ийн газрын эдийн засаг, кадастрын
ан­гийг төгсч, бас МУИС-ийн Эдийн засгийн сургуульд магистраа хамгаалсан. Хэ­дий­гээр
барилгын салбарын хүн биш ч магадгүй энэ цаг үед маш чухалд тооцогдох энэ салбарт
өөрийн хүсэл сонирхлоор хүч сориод явж байна даа. Миний хувьд үн­дэсний үйлдвэрлэлээ
хөг­жүүлж монголчууд өөрсдөө зах зээлдээ эзэн нь болж явах ёстой гэж бодож явдаг.
Харин энэ бодол санаа маань яг энэ салбарт, удирдаж байгаа компанийн маань үйл хэргээр
ил болох учраас өөрийнхөө тухай гэхээс компанийн үйл хэргээ яривал тодорхой бол­но.
Энэ бүхнийг гүйцэлдүү­лэхэд манай компанийн гар сэтгэл нийлсэн мэргэжлийн ажилтнуудгүйгээр
төсөөлө­хөд бэрх л дээ.

-Ажилтнууд гэснээс хамт олныхоо
талаар дурд­вал?

-Манай компани байгуу­лагдаж үйл ажиллагаа
явуулж эхэлснээр 30 гаруй хүнийг ажлын байраар хангасан. Эдгээр ажлын байранд ганц
ч гадаад ажилтан ажил­луулаагүй. Бид багаа монгол ажилчид тэр дундаа тодор­хой ажлын
туршлагатай ин­женер, техникийн ажилтнуу­даас бүрдүүлсэн. Манай ком­панид барилгын
материал үйлдвэрлэлийн техникийн ухааны магистр, мэргэшсэн инженер зэрэгтэй хүмүүс,
лаборант-технологич инже­нер, механик инженер, ца­хилгааны инженер, хөдөлмө­рийн
аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер гээд инженер техникийн ажилчдаас бүрд­сэн чадварлаг
хамт олон ажилладаг. Мөн гүйцэтгэх захирлын дэргэд удирдлага болон инженер техникийн
ажилтнуудаас бүрдсэн хө­дөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл ажиллаж компанийн
үйлдвэрлэл, үйл­чилгээний ажилд хөдөлмө­рийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг
цогц байд­лаар шийдвэрлэн ажилладаг юм.

-Барилгын салбар хам­гийн түргэн
хөгжиж байгаа салбар гэх боловч сайн, муу нь хамтдаа л явж байх шиг санагддаг. Гэхдээ
дэвшил­тэт технологиуд бага ба­гаар нэмэгдсээр байгаа нь ажиглагдаж байна. Манай­хан
нэг хэсэг каркасаа цутгаад тоосго, блокоор голдуу завсар хоорондын өрлөг, дүүргэлт
хийдэг байсан бол одоо аль болох бүрэн цутгамалаар хийхийг эрмэлздэг болоо юу даа?

-Тийм ээ. Нэг хэсэг хагас цутгамал
буюу хөнгөн блокон өрлөгтэй барилга ихээр баригдаж байсан бол одоо цутгамал төмөр
бетон каркас бүхий барилгын дэвшилтэт технологи өргөн нэвтэрч бай­на. Тийм учраас
барилгын даацын бетон, төмөр бетон бүтээцийг чанартай нийлүү­лэх манайх шиг бетон
зуур­магийн үйлдвэрийн үүрэг хариуцлага ч илүү өндөрсөж байгаа хэрэг. Мэдээж, энэ
нь барилгын чанарт шууд нө­лөөлнө. Хэдийгээр хуучнаа­саа зардлын хувьд өсч бай­гаа
ч манай барилгын сал­барт технологийн дэвшлийг авчирч байгаа гэж болно л доо. Энэ
нь эргээд барилгын чанар, насжилтад шууд нө­лөөлдөг, хүний эрүүл, аюул­гүй орчинд
амьдрах нөхцө­лийг бүрдүүлж өгдгөөрөө давуу талтай юм.

-Та сая барилгын бат бэх чанар
бетон зуурмагтай шууд холбоотой байдаг гэж ярилаа. Түүхий эдийн хувьд бетон зуурмагт
ямар, ямар материал ордог вэ. Олдоц хэр байх вэ?

-Элс, хайрга, цемент бас нэмэлт бодисууд
зэрэг байдаг л даа. Бетон зуурмагийн гол түүхий эд нь цемент гэдгийг хүмүүс мэднэ.
Үндэсний ком­паниуд бетон зуурмагаа үйлдвэрлэдэг болж байгаа нь нэг дэвшил ч одоо
аль болох үндэсний бүтээгдэхүүнээрээ хийдэг болоосой гэж би бод­дог юм. Үнэндээ
манай дотоо­дын хэрэгцээг үндэсний цементийн компаниуд ний­лүүлж амжихгүй байгаа
учраас бид урд хөршөөсөө авахаас аргагүйд хүрч байна л даа. Бидний яриад байгаа
үндэсний аюулгүй байдал талаасаа харвал уг нь гад­наас авмааргүй байгаа юм. Гэхдээ
нэг үеэ бодвол гэрэл гэгээтэй олон сайхан мэдээ дуулдах болсон. Үндэсний томоохон
компаниуд цемен­тийн үйлдвэр байгуулах ажил­даа орчихоод байгаад бид баяртай суугаа.
Одоо “Монполимет”, “МАК” гээд манай үндэсний том компа­ниудын үйлдвэрлэх цемент
ямар үнэ өртөгтэй гарч ирэх бол гэж хүлээж байна. Гэхдээ дотоодын томоохон үйлдвэр­лэгчдийнх
шиг үнэтэй бай­гаад байвал хэдийгээр үндэс­ний компаниа дэмжмээр бай­гаа ч бас бэрхшээл
үүсэхийг нуух аргагүй. Уг нь бидний бетон зуурмагийн үйлдвэ­рүүд мөнгөө Хятад руу
биш нутагтаа үлдээх хүсэл их бай­даг юм. Гэвч эндэхийн цемент нь урдаас худалдаж
аваад тээвэрлэж авчрах өртгөөс өндөр байгаад байвал алийг авах вэ гэдгээ бид бодож
л таарна аа даа. Гэхдээ ши­нээр нээгдэх үйлдвэрүүдэд бид асар их найдвар тавьж байгаа.
Бидний гаднаас ав­даг үнийн багцаанд цементээ нийлүүлэх болов уу гэсэн хүлээлт байна.

Таны хэлж байгаа нэ­гийгээ дэмжиж
байж хамт­даа урагшилна гэдэг их сайхан санагдаж байна л даа. Ийм компаниуд, ийм
залуус олон байгаасай гэж бодож байна шүү?

-Манайхан нэг үеэ бодвол өөр болсон
шүү дээ. Гадаа­дын хөрөнгө оруулалттай компани, дотоодын хөрөнгө оруулалттай компани
байвал үндэснийхийгээ дэмжих жи­шээтэй. Барилгын салбарт энэ байдал илүү мэдрэгдэж
байгаа. Бүр хэд хэдэн барил­гын компаниуд нэгдэж барил­гын корпораци болж хамтран
ажиллах болсон. Бидний хувьд албан ёсоор нэгдэж ороогүй ч үйл хэргээрээ тэд­нийгээ
дэмжээд л явж байгаа.

-Барилгын материалыг монголчууд
өөрсдөө үйлд­вэрлэхийг дэмжих нь зүй­тэй гэж Засгийн газраас тусгайлан хөтөлбөр
гарга­сан байх аа?

-Тийм ээ. “Монгол Улсын Үндэсний аюулгүй
байдлын үзэл баримтлал”, “Монгол Улсын хөгжлийн үзэл баримт­лал”, “Барилгын материалын
үйлдвэрлэлийг 2007-2015 онд хөгжүүлэх мастер төлөв­лөгөө” болон “Шинэ бүтээн байгуулалт”
дунд хугацааны зорилтот хөтөлбөр зэрэг бод­логын баримт бичигт тулгуур­лан хөтөлбөр
боловсруулсан байдаг. Монгол Улсын хэм­жээнд хийгдэх бүтээн байгуу­лалт, барилгажилтын
ажлыг олон улсын стандартын шаардлагад нийцсэн эх орны үйлдвэрийн, гол нэр төрлийн
барилгын материалаар хан­гах, ийм төрлийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин, барил­гын
материалын үйлдвэрлэ­лийг хөгжүүлэх зорилготой хөтөлбөр л дөө. Нэгэнт төр засгаас
бодлогоо гаргачих­сан, бизнес эрхлэгч бидний хувьд өөрсдөө хийх шаард­лага зорилгоо
ойлгочихсон болохоор энэ салбар дорх­ноо хөгжинө гэж итгэж явдаг шүү.

-Бетон зуурмагийн чанар бол барилгын
чанарт шууд нөлөөлж таарна. Хэр бат бөх болсныг яаж шал­гаж мэддэг юм бэ. Нарийн
лабораториор тодорхойлно биз?

-Бетон зуурмаг нарийн технологиор
хийгддэг. Эн­гийн ойлголтоор шороо уч­раас шороо тоос хамаагүй гэж үзэж болдоггүй.
Бетон зуур­магийн чанарт тоос шороо нөлөөлж байдаг учраас агуу­лахын цэвэрлэгээнээс
эхлээд анхаарах зүйлүүд бий. Хүнс­ний үйлдвэртэй адилтгахгүй ч чанартай бүтээгдэхүүн
хийе гэвэл стандартыг өндөр түв­шинд барихаас аргагүй. Тиймээс бид түүхий эдийн
агуулахаа бетон хучилттай болгож, машин техникийн угаалгын хэсэг зэргээ тус­гайлан
засч тохижуулсан. Сайн чанарын түүхий эдийг сонгож авахаас л ажил эхэл­нэ шүү дээ.
Манай компани хяналтын иж бүрэн төхөө­рөмж бүхий лабораторитой л доо. Гол түүхий
эд болох цемент, элс, хайрганы чана­рыг тогтмол шалгаж, бүтээг­дэхүүн болоод гарахаар
нь бас байнгын туршилт сорилт явагдаж байдаг. Элсний чийг­лэг, ширхэглэлийн бүрэлдэ­хүүн,
элсэн дэх хайргын хэм­жээ, хайрганы нимгэн үзүүр­лэг хэсэг, элэгдэх чанар, це­ментийн
барьцалдаж эхлэх, дуусах хугацаа, шахалт гулзайлтын бат бэх гээд өч төчнөөн нарийн
шалгуур бий. Бетон зуурмаг дээр гэхэд л конусын суулт, агаарын агуу­ламж, бетоны
температур гээд хянах зүйл их бий. Зөвхөн бид өөрсдийн лабораториор чана­рын баталгаагаа
гаргаад байдаггүй бусад итгэмжлэгд­сэн лабориторид тогтмол ху­га­цаанд шалгуулж,
чанараа баталгаажуулж байдаг юм.

Бетон зуурмаг гурав хо­ног­тойдоо
30-50, долоо хо­ног­тойдоо 50-80, 28 хоног­тойдоо 80-100 хувийн бат бэхийг авсан
байх ёстой байдаг. Бид бүхий л нийлүүлж буй бетон зуурмагтаа албан ёсны гэрчилгээ
дагалдуулж, бетоноо цутгахдаа анхаарах мэдээлэл, хэрхэн арчлах, шаардлагатай тохиолдолд
хэв хашмалаа хэдэн цагийн дараа задлах, халуун хуурай нөхцөлд хэрхэн цутгах гээд
дагалдах зөвлөгөөг нь хэрэг­лэгч, захиалагчдадаа өгч байдаг.

-Танай компанийн “бүтээл” хаана
ямар бүтээн байгуулалт болж байна вэ?

-Одоо ид хийгдэж байгааг нь жишээлэхэд
СХД-т бариг­даж байгаа 240 айлын орон сууцны барилгын ажлыг нэр­лэж болно. СХД-ийн
ЗДТГ-ын захиалгаар “Номтын ам” компанийн гүйцэтгэж байгаа бүрэн цутгамал барилга
л даа. Төрийн албан хаагчдыг хямд өртгөөр орон сууцтай болгох уг төсөлд бид хамтран
оролцож байна. Өнөөдөр бүрэн цутгамал байрны нэг м/кв-ын үнэ 1.8 саяас л эхэлж байгаа
шүү дээ. Харин уг барилгын хувьд арай хямд өртөгтэй. Өмнө нь ярьсан дээр тодруулж
хэлэхэд бид хэрэг­лэгчийн захиалгын да­гуу стан­дартын шаардлага хан­га­сан БМ100-500
мар­кийн бетон зуурмагийг орц нор­мын дагуу, тухайн захиа­лаг­чийн хүсэлтийг харгалзан
цаг уурын байдалд тохируу­лан үйлдвэрлэж хэрэглэгчдэд 24 цаг тасралтгүй, түргэн
шуурхай нийлүүлдэг.

Түүнчлэн барилгын тал­байд хяналт
тавьж ажиллах боломжийг бүрдүүлэн хэрэг­лэгч, захиалагчийн сэтгэл ханамжийг дээд
зэргээр хан­ган ажиллахыг хичээдэг. Ер нь ойрын үед цахилгааны саатал их гар­даг
болсон уч­раас бид өөрс­дийн нөөц болом­жийг ашиг­лан нэмэгдэл эх үүсвэрийн асуудлыг
шийд­вэрлэж ди­зель генератор суурилуулж холболт хийсэн нь энэхүү эрсдлээс бүрэн
хамгаалж чадсан.

Энэ мэт бидний хийж байгаа, хийхээр
төлөвлөсөн олон ажил байгаа. Манайх салбартаа шинэ компани ч үндэсний аюулгүй байдлын
хэмжээнд анхаарагдах энэ салбарт дотоодын хөрөнгө оруулалттай компани гэгдэж, том
зорилго тавиад ажиллаж байгаа маань бидний бахар­хал гэж хэлмээр байна даа.

Э.ЭНЭРЭЛ