Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын иргэн Ю.Н.Кручкиныг “Алтан гадас” одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өгөв. Монгол Улс, ОХУ-ын хооронд найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласныг нь өндрөөр үнэлж монгол судлаач Юрий Николаевич Кручкиныг “Алтан гадас” одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн зарлигт тэмдэглэсэн байна.
Шагнал гардуулах үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Хоёр орны харилцаа болон монгол судлалыг хөгжүүлэх, түүх, соёлыг сэргээх, боловсон хүчин бэлтгэх чиглэлээр олон жил ажилласан хувь нэмрээ үнэлүүлж төрийн одонгоор шагнагдсанд баяр хүргэе. Шагналыг Ялалтын баярын өмнөхөн гардуулж байна. Монголчууд ч ялалтын өдрийг ойртуулахад оролцсон нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Танд Ялалтын баярын мэнд хүргэж цаашдын тань ажилд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ.
Үүний дараа монгол судлаач Юрий Николаевич Кручкинтай товч ярилцав.
-Танд Ялалтын баярын мэнд хүргэе. Таныг Аюур гэдэг нэрээр монголчууд сайн мэднэ. Монгол судлалын чиглэлээр ямар бүтээл туурвиж байгаа талаараа танилцуулна уу?
-Юуны өмнө Ялалтын баярын өмнөхөн Монгол төрийн одон хүртсэндээ баяртай байна. Их баярлалаа. Ирэх зун Монгол, Оросын харилцаанд том том үйл явдлууд тохионо. Халх голын ялалтын 75 жилийн ой болно. Маргааш Ялалтын баяр тохиох гэж байна.
Би монгол судлалаар 20 гаруй жил ажиллаж байна. Миний гол бүтээл гэвэл Монголын тухай нэвтэрхий толь бичиг юм. Үүнийгээ шинэчилж байгаа. Хамгийн сүүлд Орос-Монгол, Монгол-Орос толь бичиг шинээр бичиж хэвлүүлсэн. Монголын нутаг дэвсгэрээс цэрэгт мордож, Эх орны аугаа их дайнд оролцсон орос, буриад, монгол 3000 хүний тухай баримтат ном бичлээ. Цаашдаа кино хийх бодолтой байна.
Өнөөдөр Санкт-Петербургээс миний найз нар ирж байгаа. Максим Леонидов, “Секрет” хамтлаг ирнэ. Ирэх бямба гаригт UB паласт маш том тоглолт хийх гэж байна.
-Монгол судлалын чиглэлээр та хэчнээн бүтээл туурвисан бэ?
-Нийт 60 гаруй ном бий. Орчуулсан олон бүтээлтэй. Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын “Тэнгэрийн цаг”, судлаач Болдын “АНУ ба Монголын тусгаар тогтнол”, яруу найрагч Батрэгзэдмаагийн бүтээлүүд зэргийг орос хэл рүү орчуулсан гэв.
Мөн Турк улсын иргэн, “Эмпати-Ертөнц” ХХК-ийн захирал Т.Карабулут, дэд захирал В.Акчай, Улаанбаатар дахь Монгол-Туркийн хамтарсан сургуулийн захирал С.Мехмет нарыг боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулан өгөв гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ.