ОХУ-ын Эрхүү мужид ойн түймэр гарсаны улмаас онц байдал тогтоожээ. Тус мужийн захирагч С.Ерошенко ийм шийдвэр гаргасан тухайгаа мэдэгдлээ. Эрхүүгийн Железногорске-Илимск, Дальний Нижнеилимске газруудад түймэр гарснаас хот, тосгодыг тэр чигээр нь үгүй хийх аюултай байгаа гэнэ. Тиймээс оршин суугчдийг нь яаралтай нүүлгэж шилжүүлсэн байна.
- Хамтарч ажиллаж байгаа гээд амаа үдүүлсэн, ус балгасан юм шиг дуугүй байх албагүй.
- АН-тай тэр гэрээг хийхээр төсөл маягийн юм боловсруулчихсан байтал ноорог нь алдагдаж, хэвлэлд гарсан л даа. Энэ ноорог манай намын ердөө гурван хүнд байсан. Хэн нь задалсныг хэзээ нэгэн цагт нам дотроо ярих байх.
- Н.Энхбаяр даргыг Ерөнхийлөгчийн албанаас буусны дараа НҮБ-д ажиллуулах тухай яригдаж байсан юм билээ.
- Тэр бол НҮБ-д ажиллах хэмжээний хүн мөн шүү дээ.
- Монголдоо болдоггүй гээд байгаа юм бол гадаадад яагаад ажиллуулж болохгүй юм гэсэн үүднээс санал болгож төсөлд тусгасан хэрэг.
- Аль нэгийнх нь ажил хэн нэгэнд нь таалагдахгүй бол огцруулах бичиг өгч гүйхээ больё гэж ярилцсан юм. Бид нэгэнт хамтарч ажиллаж байгаа бол хэн, хэн рүүгээ “чулуу” шидээд яахав, тууштай, хариуцлагатай байя гэсэн үүднээс санамж бичигт гарын үсэг зурсан юм.
- О.Баасанхүү гишүүний энэ үйлдлээс сургамж авч, хамтарч байгаа намууд хариуцлагатай байх ёстой юм байна гэдгийг ухамсарлаж, санамж бичиг гаргалаа л даа.
- О.Баасанхүү нэг их айхтар тохиролцоо хийгээд явах хүн биш. Эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт үзүүлэхээр Сөүлд очихдоо намынхаа дарга Н.Энхбаяртай уулзсан юм билээ.
- Сөрөг хүчнээ засагт урьж оруулаад, хяналтгүй болгож, МАНАН татуулаад ямархуу байдалд хүргэснийг олон түмэн сайн мэдэж байгаа.
- Хэрвээ шударга бус үйл ажиллагаа явуулбал харин ч бид жийгдэх биш хаяад явах чадвартай улс төрийн хүчин шүү.
- Сүүл хөхөж өсч, сүү ууж өтөлдөг ард түмэн Монголоос өөр байхгүй.
- Бид газар тариалан, мал аж ахуйгаа хөгжүүлж, хүнсний чиглэлийн үйлдвэрүүдийг дэмжвэл хөгжлийн гол тулгуур багана нь тэр болно.
- Оюу толгойн хөрөнгө оруулагчтай ойлголцож, аль аль талдаа ашигтайгаар асуудлыг шийдэхэд тодорхой ахиц гарч байгаа.
- Намайг Хөдөө аж ахуйн сайд байхад жилийн төсөв нь ердөө 11 тэрбум төгрөг байлаа. Гэтэл одоо зөвхөн нэг хүлэмжийн аж ахуйд ногдож байгаа мөнгө нь 13 тэрбум төгрөг болжээ.
- Дургүй ламыг дарж байж сахил хүртээвэл шал дордоно гэдэг дээ.Тиймээс Х.Баттулгын хүсэлтийг хүндэтгэж үзэх учиртай.
- Х.Анхбаяр гэдэг бизнесмэн залууг мэднэ. Тэр бол Монгол Улсын төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэж явсан Монгол Улсын баатар Нянтайсүрэнгийн ач хүү.
- Танай сонинд гарсан мэдээллээс харвал “Чи Тэрбишдагватай ямар холбоотой вэ” гэж байцаагаад байгаа юм билээ.Тэрнээс бид хоёрын дунд авлига болон хууль бус ямар ч зүйл байхгүй гэдгийг баттай хэлж чадна.
- Түүнийг эмнэлэгт хэвтье гэхээр зөвшөөрдөггүй гэж байгаа. Ингэж цаг алдаж байгаад түүнийг дараагийн Амарсайхан болгох гээд байгаа юм уу.
- “Наад АТГ чинь өөрөө авлигын газар болчих вий” гэж Засгийн газрын хурал дээр сануулж байсан хоёр сайдын нэг нь би. Нөгөө нь Хүрэлсүх.
- Засгийн газар хоорондын комиссын хүрээнд хий, нефтийн хоолой, төмөр зам, эрчим хүч, засмал замыг Оросоос Хятад руу тавихдаа Монголоор дайруулах асуудлыг ярьж байгаа.
- Оросоос нефтийн бүтээгдэхүүн авах хоолойг Хятад руу тавихдаа Монголоор дайруулах талаар саяхан Роснефтийн дарга манайд ирж яриад явлаа.
- Хэрвээ хийн хоолойг Монголын нутгаар дайруулбал секунд тутамд мөнгө орж байх болно.
Балкан үерт автсанаас Серби, Босни, Герцоговинд нийтдээ 44 хүн нас барсан тухай мэдээллээ. Нэлээд хэмжээний хохирол амссан тухайгаа өчигдөр мөн Хорват мэдэгдсэн юм. Өчигдөр ОХУ-ын Онцгой албанаас Серби руу аврах ажиллагаанд хэрэглэгдэх хэрэгсэл тоног төхөөрөмж бүхий хоёр онгоц Серби рүү илгээсэн билээ. Оросын аврагчид байгалийн гамшигт нүүрлээд буй газарт хүрэлцэн очсон даруйдаа 2000 хүнийг аварсан байна. Өнгөрсөн лхагва гаригаас Балканы нутагт тасралтгүй борооо орсноос үерт болж харсний нуралт үүсээд байгаа юм.
Ю.Дэлгэр
Хүн төрөлхтөн хэдэн мянганы турш олон ч зүйлийг нээн хөгжүүлсээр иржээ. Өнөөгийн өндөр барилгуудаас эхлээд тог цахилгаан, өдөр тутмын хүнс гээд хэрэглээ бүхэн байгалиас хүний нийгэм рүү шилжсэн бүтээлүүд. Гэхдээ шинэ санаа, шинэ бүтээл бүхэн төгс байсангүй. Зохион бүтээгчид нь хүртэл харамсч, амиа егүүтгэсэн бүтээлүүд ч цөөнгүй байдаг.
Автомат буу, атомын бөмбөг гээд бүтээгдээгүй бол энэ дэлхий дээр илүү сайхан байх тохиолдлуудыг нэрлэвэл цөөнгүй юм. Энэ жагсаалтад мэдээж архи орно. Архийг хүн төрөлхтөн чулуун зэвсгийн үеэс төмөр, хүрэл зэвсгийн шатанд ахисан даруйдаа нээн илрүүлсэн гэдэг. Бараг хоолоо олигтойхон болгоод идчих чадамжгүй нөхдүүд улаан буудайг нэрж сархад үйлдвэрлэн согтуурч “солиордог” байсан байгаа юм. Нэг ёсондоо гурил идэхийн тулд бус согтуурахын тулд улаан буудайг тариалдаг байж, бидний дээд өвөг. Архи гэдэг ундаа араасаа хар барааныг дагуулдаг гэдгийг олж нээсэн хүмүүс нь тухайн үедээ мэдээгүй байж таарна. Тэгэхээр архи, архины хэрэглээ хүнтэй хамт төрөөгүй, төрмөл биш учраас таслан зогсоож болох тал бас байна. Үүнийг хувь хүний ухамсраар шийдэх боломжтойг олон ч эрдэмтэн хэлдгийг л хэрэгжүүлчих хэрэгтэй байгаа юм. Хүн бүр үүнийг ухамсарлаж ойлговол улмаар бидний хэрэглээний жагсаалтаас хасагдах боломж байгааг ч олж харах хэрэгтэй. Нэг ёсондоо өвөг дээдсийнхээ алдааг засч хүний нийгэмд ямар ч хэрэггүй атомын бөмбөг, автомат буу, архи, тамхинаас татгалзах боломж зөвхөн бидэнд л байгаа.
Л.Мөнхтөр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 20-21-нд БНХАУ-ын Шанхай хотноо эхлэх Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал /АХАИББХ/-ын IV дээд хэмжээний уулзалтад оролцох юм байна. Хурлын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр хөрш орны төрийн тэргүүнүүдтэй уулзах аж. БНХАУ-ын дарга Си Жинпинтэй өнөөдөр уулзах нь. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй маргааш уулзана.
АХАИББХ хуралдуулах санаачилгыг Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 1992 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганы үеэр анх дэвшүүлж байсан юм. Азийн 24 улс гишүүнээр нь ажиллаж байна. АХАИББХ-ын Нарийн бичгийн дарга нарын газар нь Казахстаны Алматы хотод байрладаг аж. Манай улс уг бага хурлын анхны уулзалтаас эхлэн оролцож байна. 2001 оны зургадугаар сард гишүүнээр нэгдэн орж байжээ.
Дэлхийн өндөр хөгжилтэй олон оронд иргэд гарцгүй газраар зам хөндлөн гараад байвал маргааш нь тухайн цэгт явган хүний гарам хийчихдэг. Харин манайд…
Эдийн засгийн хүнд байдлаас гарах олон арга чаргыг төрийн түшээд эрэлхийлж байна. Магадгүй манай улс казиногийн бизнестэй байсан бол эдийн засаг өнөөдрийнх шиг туйлдахгүй байсан ч юм бил үү. Ийм бодолтой олон хүн бий. Улс төрөөс хараат бус, энэхүү утаагүй үйлдвэрлэл улсад орж ирэх валютын урсгалыг эрчимжүүлэх нь лавтай.
Барууны орнуудад олон жил казиногийн диллерээр ажиллаж байгаад эх орондоо ирсэн мэргэжилтнүүдийг уншигч тантай уулзуулж байна. Тэднийг Б.Баясгалан, Д.Мөнхзул, В.Чулуунцэцэг гэдэг юм.
-Та нар хаанахын казинод хичнээн жил ажилласан бэ. Эх орондоо хэзээ ирцгээв. Одоо ямар ажил эрхэлж байна?
-Б.Баясгалан: Анх 1997 онд Монголд казино байгуулагдаж, бидний хэдэн залуус дилерээр ажиллаж байлаа. Тухайн үед Англиас мэргэжилтэн ирж, хичээл заасан юм. Ингээд “Чингис” зочид буудлын нэг давхарт ажиллаж байсан казино жил орчмын дараа үүдээ барьсан шүү дээ. Харин биднийг багш маань Чех Германы хил дээр байгуулсан казинодоо ажиллахыг урьсан. Монголоос 60 гаруй залуу тэнд очиж ажилласан. Зарим нь эх орондоо ирчихсэн байгаа. Одоо дор бүрнээ хувийн бизнес эрхэлдэг. Эдийн засгийн энэ уруудаж байгаа байдал бизнесийн салбарынханд үнэхээр хүнд тусч байгаа. Тиймээс Монголд казинотой болчихвол маш хурдан хугацаанд хөгжих боломж бий.
-В.Чулуунцэцэг: Биднийг анх очиж ажиллахад эзгүй шахам байсан газар богино хугацаанд барилга байгууламжаар дүүрч, хөгжсөн л дөө. Одоо ч Чех Германы хил дээр болон өөр бусад оронд казинод ажиллаж буй монголчууд олон байгаа. Тэдэнд эх орондоо ирэх хүсэл тэмүүлэл нь их бий. Гэвч ажлын байр байхгүй болохоор ирж чаддаггүй. Тэндээ өндөр цалинтай казинодоо ажиллах сонирхолтой байдаг л даа. Хэрэв Монголд казино байгуулагдвал дуртайяа ирэхэд бэлэн шүү гэцгээдэг.
-Д.Мөнхзул: Би АНУ-ын Карнавал хөлөг онгоцон дээрх казинод ажиллаж байсан. Тэнд ажиллаж байгаа хүнийх нь тоо 1200 бол 3500 гаруй хүн үйлчлүүлдэг. Хөлөг онгоцон дээр ресторан, зочид буудал, үзвэр үйлчилгээ гээд бүгд бий. Дэлхийг тойроод явдаг. Манайхаар хоёр жижиг сум нүүгээд байна гэсэн үг. Зогсоолоос 3-5 км-ийн зайд бүх үйл ажиллагаа автоматаар зогсдог хуультай. Хөлөг онгоц буудаллах газруудад том том брэндийн дэлгүүрүүд, худалдаа үйлчилгээ цэцэглэсэн байдаг. Хөлөг онгоцноос тэр олон үйлчлүүлэгч буугаад мэдээж шопинг хийнэ шүү дээ. Ингээд орой нь хөлөг онгоц хөдөлж, портноос таван метр холдонгуут казиногийнх нь үйл ажиллагаа эхэлдэг. Нэг ёсондоо тэр улсын хилээс гарангуут ажил эхэлнэ. Миний хувьд Карнавал дээр 5-6 сарын гэрээтэй ажилладаг байлаа.
Энэ хугацаанд дэлхийг тойрон аялчихаад хоёр сар амардаг байсан. Тэр ажил маш өндөр цалинтай, хангамж сайтай, надад их таалагддаг байсан юм. Гэвч хичнээн удаан хүний нутагт ажиллаж, амьдрах юм бэ гээд эх орондоо ирсэн. Одоо тэнд бидний нэг найз ажиллаж байгаа. АНУ-д казино тоглуулдаг маш олон хөлөг онгоц байдаг.
-Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн төлөвлөгөөг саяхан батлахдаа Казиногийн хууль санаачлах тухай тусгасан. Хэрэв казино байгуулах хууль эрх зүйн орчин бүрдчихвэл байрлалын хувьд хаана байсан нь тохиромжтой вэ?
-Б.Баясгалан: Зарим хүн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх үүднээс Буйр нуур дээр байгуулах нь зүйтэй гэж үздэг. Эсвэл хил дагуу ч юм уу гэдэг. Миний бодлоор Алтанбулагийн хил дээр казино байгуулаад дэмий. Оросууд тийм ч их орж ирж тоглоод байхгүй. Хамгийн түрүүнд Замын-Үүдэд байгуулсан нь дээр. Замын-Үүд чөлөөт бүс болж өргөжих учраас тэнд казино байгуулбал бүс нутгийн хувьд тохиромжтой.
-В.Чулуунцэцэг: 1997 онд казино байгуулагдахад хамгийн гоё орчин бүрдэж чадаж байсан. Монголд мөнгөтэй, дипломатууд орж ирж тоглодог байлаа.
-Б.Баясгалан: Тэр жил Кувейтийн шейх баахан бие төлөөлөгчидтэйгээ ирсэн юм. Шейхийг дагалдан явж байсан хүмүүс казино тоглож, Монголд маш их мөнгө үлдээсэн жишээ байна. Манай улс казинотой болчихвол дэд бүтэц нь хамгийн түрүүнд хөгжих боломжтой.
Д.Мөнхзул: Яг үнэндээ Монголд жуулчид ирээд үзэж харах юм байдаггүй шүү дээ. Гадаадын тэр их мөнгөтэй хүмүүс очсон газар болгондоо казино тоглож кайф авдаг. Тэгэхээр манайд казино байгуулсан нь яаж ч бодсон ашигтай.
-Монгол Улсаас хоёр мянган км-ийн радиуст казино байдаггүй юм билээ. Тэгэхээр жуулчдаас гадна тоглогчид их ирэх байх…
-Б.Баясгалан: Казино өөрөө энтертаймент бизнес. Одоо манай хот метротой болох зорилт тавьж байгаа. Тиймээс метро санхүүжүүлэх мөнгө босгож болно. Хүүхдийн паркийг жинхэнэ диснейлэнд шиг болгох боломжтой. Хонконгт гэхэд хүүхдийн паркаа казиногийн орлогоор байгуулсан байдаг. Казиногийн тоглогчдын 50 хувь нь хятадууд байдаг. Яг хажууханд маань том зах зээл байна гэсэн үг. Тиймээс манай улс казинотой болчихвол ашигтай.
-Д.Мөнхзул: Хэрэв арав гаруй жилийн өмнө манайд казино ажилладгаараа ажиллаж байсан бол улс орон маань өнөөдрийнх шиг ийм эдийн засгийн хүнд байдалд орчихгүй байсан ч юм билүү. Маш сайхан хөгжчихсөн байх нь ойлгомжтой.
-В.Чулуунцэцэг: Манай төрийн томчууд цаг нь болохоор казино байгуулна гэсээр өдий хүрлээ. Тэр цаг нь хэзээ ирнэ гэж. Америкчууд гэхэд XVIII зуунд казино байгуулсан. Тэд цаг нь ирчихлээ гээд гэнэт энэ бизнесийг эхлүүлчихээгүй шүү дээ.
-Казиногийн талаар тэр орчинд нь очиж үзээгүй хүмүүс буруу ойлголттой байдаг шүү дээ. Олон жил дотор нь ажилласан та бүхэн энэ тухай үнэнийг хэлэх байх?
-В.Чулуунцэцэг: “Казино бол хар мөртэй. Тэнд архидалт, биеэ үнэлэлт байдаг. Казино бол бузар булай” гэсэн нийтлэг ойлголт байдаг. Тийм биш шүү дээ. Хүмүүс мэдэхгүй юмныхаа дайсан байдаг. Казиногийн тоглогчид архи уудаггүй. Харин казинод орж тоглоод, тэр сайхан зүйлийг нь мэдэрсэн хүмүүс тэс ондоо ойлголттой байдаг. Тийшээ халамцуу хүнийг огт оруулдаггүй.
-Б.Баясгалан: Эрчүүд нь жентельмэн хувцаслаж, бүсгүйчүүд нь гоо сайхнаа гайхуулсан тансаг бүхнийг цогцлоосон тийм л ганган дэгжин байдаг. Хамгийн боловсон бизнес юм.
-Ингэхэд казино ямар үр өгөөжтэй бизнес вэ. Манай улсад хууль эрх зүйн орчин бүрдчихвэл хэдий хугацаанд ашгаа өгөх бол?
-Б.Баясгалан: Сингапур, Макао, Өмнөд Солонгос хурдан хөгжихөд казиногийн бизнес тодорхой түвшинд нөлөөлсөн. Манай улсад өнөөдөр хууль батлагдвал маргааш үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Монголын дээгүүр Хятад, Японы гээд сул мөнгө нисээд байна. Үүнийг буулгаж, Монголдоо авч үлдэх ёстой. Бид бол тэр технологийг эзэмшсэн залуус байгаа юм.
-В.Чулуунцэцэг: Казинотой болчихвол адаглаад л 1500 хүний ажлын байр бий болно. Нэг дор маш олон хүн Монголд ирэх болохоор онгоцны нислэг нэмэгдэнэ. Тэрийгээ дагаад үзвэр үйлчилгээ, худалдаа наймаа хүртэл цэцэглэнэ. Нэг хүн багаар бодоход Монголд 10-20 мянган ам.доллар үлдээнэ. Японд гэхэд энэ бизнесийн ашиг орлогыг аль хэдийнээ тооцоолоод казино байгуулах хуулиа баталчихлаа.
-Д.Мөнхзул: Казино маш онцгой татвартай. 70-80 хувийг тухайн улс нь авдаг. Манайд казино ганцхан жил ажилласан. Казино ажилласан тэр жил буюу 1997 онд хамгийн өдөр татвар төлсөн байгууллагаар казино шалгарч байсан. Яаж ч бодсон казино эдийн засагт нэмэртэй. Монголд ирээд, валютаа солиулаад манай нутаг дэвсгэр дээр л тоглоно. Ингэснээр валютын энэ галзуурлыг дарж өгнө.
-Эрсдэлгүй бизнес гэж байхгүй. Тэгэхээр казино ямар эрсдэлтэй вэ?
-Б.Баясгалан: Казиног ажиллуулах үндэсний мэргэжилтэн, менежерүүд байхгүй тохиолдолд гадныханд хамаг ашиг орлогоо алдах аюултай. Харин азаар манай улсад өнгөрсөн 20 жилийн хугацаанд мэргэжлийн боловсон хүчин хангалттай бий болсон. Эдгээр боловсон хүчин бүгд гадаадад ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаа.Өөр нэг эрсдэл нь хүмүүс казинод донтож, хамаг юмаа өгөөд туучихдаг. Тэгэхээр энэ мэт сөрөг талыг хуулиар зохицуулж өгөх хэрэгтэй л дээ. Тухайлбал, орон орны Казиногийн хуулийг судлаад харахад төрийн албан хаагчид болоод 40 нас хүрээгүй бол казинод орж болохгүй гэх зэрэг заалтуудыг тусгасан байдаг. 20 насныхан бие даан ажил хийж, мөнгө олох нь байтугай аав ээжийнхээ мөнгөөр суралцаж байдаг нас шүү дээ. Тиймээс өөрсдөө мөнгө олдог, ухамсар суусан үедээ, тийм насандаа казино тоглож болно гэж хуулиар зохицуулдаг юм билээ. Хэрэв манайх казинотой болчихвол монголчууддаа квот тогтоогоод өгчих хэрэгтэй.
–Манайх казиногүй болохоор мөнгөтэй хүмүүс гадагшаа явж тоглодог. Тэгэхээр манай улсад казиногийн эрх зүйн орчин бүрдчихвэл монголчуудыгаа оруулдаг байх ёстой санагддаг…
-Б.Баясгалан: Ер нь хэн дуртай нь казинод ороод байж болохгүй. Манайхны амьдрал ямар билээ дээ. Орон байраа барьцаанд тавиад тоглочих вий гэсэн эрсдлээс болгоомжилж байгаа юм. Нийгэмд байр сууриа олчихсон, бизнес эрхэлж байгаа хүмүүс орох нь бол нээлттэй байхаар хуульчилбал зүгээр болов уу.
-В.Чулуунцэцэг: Сингапурын казинод гэхэд ар гэрээс нь гомдол ирвэл тэр хүнийг бүх насаар нь казинод тоглох эрхийг нь хасах хуультай. Иймэрхүү хамгаалалт байж болно.
Б.Баясгалан: Казиногийн үүдэнд нь хар дансанд оруулж болохгүй хүнийхээ нэрийг бичсэн байдаг юм.
-Д.Мөнхзул: Улс улсын казино өөр л дөө. АНУ-д гэхэд сэтгэхүй нь өөр байдаг юм билээ. Тэнд 18 болон 21-ээс дээш насныхан тоглож болох насны хязгаартай. Хүүхдүүд нь насанд хүрэхийг тэсэн ядан хүлээдэг. Тэгээд аав ээж нь хүүхдүүддээ гоё юм зааж өгч байгаа юм шиг дагуулж ирээд зааж сургадаг.
Б.Баясгалан: Энэ бол ирээдүйн эрсдлээс сэргийлж байгаа нэг арга. Хятад хүний нэг соёл бол мөрийтэй тоглож сурах байдаг гэнэ л дээ. Монгол эр хүн морь унаж сурсан байхтай адил. Монголд бол асуудлыг Монголынхоо уламжлал соёл талаа барих нь зөв байх. Энэ утгаараа гэвэл бид Монголчуудаа казинод тоглуулах гэхээсээ илүү гадаадын баячуулд казиногийн үйлчилгээ үзүүлэх талаас нь илүү харж байгаа.
-Манай улсад казиногийн хууль батлагдчихлаа гэхэд лицензийн асуудал үүснэ. Ер нь бусад орны туршлагаас харахад казино төрд байсан нь дээр үү, эсвэл гадны хөрөнгө оруулагч байх шаардлагатай юу?
-Д.Мөнхзул: Хэрэв гадныхан их хувь эзэмшвэл Монголд орж ирэх мөнгө буцаад л гараад явчихна. Бараг төрийн өмчит 51 хувь байх ёстой болов уу. Дараа нь үндэсний казиногийн салбар хөл дээрээ босоод ирвэл илүү хувийг үндэсний бизнес эрхлэгч нартаа тэр хувьцаагаа улс нь зарах уу, хадгалж үлдэх үү, улсын асуудал. Хамгийн гол нь улс нь хяналтаа сайн тавих чадамжтай байх ёстой.
-Б.Баясгалан: Германд бол төр нь гол хяналтын хувиа эзэмшдэг. Лас Вегаст хувийн хэвшлийнхэн илүү их хувь эзэмшдэг хувилбарууд бий л дээ. Солонгост зарим хувийг улс нь эзэмшдэг. Монголын хувьд гадны хөрөнгө оруулалт 15-20 хувиас илүү байх ёсгүй гэж үздэг. Хятад юм уу, Орос зэрэг орнуудад хувь эзэмшүүлэхийг бид эсэргүүцэж байна. Харин гуравдагч орнуудаас байж болж байна. Учир нь хөрш орнууд казиногийн лиценз эзэмших нь цаашдаа манай улсын дотоод хэрэгт олон талаас нөлөөлөх эрсдэл үүсэх магадлалтай.
-В.Чулуунцэцэг: Германд казино нь улсынх болчихсон. Тэнд казино байгуулж байсан хүмүүс дандаа Чех гээд европын казиногийн хуультай орнууд руу ороод ирсэн. Тэгээд хээл хахууль их болсон. Манай монголчууд авлига авч, тэрүүгээрээ сайхан амьдардаг улстөрчид олонтой шүү дээ.
-Монголд казино байгуулчихлаа гэхэд мэргэжилтнүүдийг хэн бэлтгэх вэ?
-Б.Баясгалан: Бидний хувьд Бирм, Чех, Монголд багшилж байсан. Сургалт явуулж байсан. Менежмент талдаа бид казиног босгож дөнгөнө. Гадаад болон дотооддоо казиногийн чиглэлээр ажиллаж байсан 300 гаруй боловсон хүчин бий. Тэд Монголд казинотой болбол дуртайяа эх орондоо ирцгээхэд бэлэн. Гэтэл ажлын байргүй болохоор гацчихаад байгаа. Үндэсний боловсон хүчин бид казиногийн бизнесийг олон усын стандартын дагуу ажиллуулах гол баталгаа болж чадна. Үндэсний мэргэжлийн боловсон хүчин байхгүй тохиолдолд энэ бизнесийг эрхлэхэд аюултай гэдгийг дахин хэлье.
-Казиногийн бизнес эрхэлдэг улс орнуудын ашиг орлогыг сонирхуулахгүй юу. Мөн манай улсад ямар ашиг харагдаж байна вэ?
-Б.Баясгалан: Дэлхийн улс орнуудын казиногийн салбараас олж буй орлого жил ирэх тусам нэгэгдэж байгаа. Энэ үзүүлэлтээрээ хамгийн их ашиг олсон казино сүүлийн үед Макаогийнх болж байгаа. Макаогийн жилийн орлого 38-40 тэрбум доллар хүрсэн тухай уншиж байсан. Монголын хувьд гэвэл Казиногийн бизнес хөгжлүүлснээс хойш 2018 онд гэхэд улсын төсвийн тав, 2025 онд 10, 2032 онд 20 хувийг тус тус бүрдүүлэх боломжтой болно. Улсын төсвийн 20 хувийг бүрдүүлэгч энэ салбарыг бий болгоход хамгийн гол нь улсаас их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдахгүй. Үүнийг л улс төрч, эдийн засагчид ойлгоосой гэж хүсэж байна. Казино бол мэргэжлийн боловсон хүчин, хууль эрх зүйн зөв орчин хоёр л байхад өөрөө хөгждөг бизнес. Учир нь энэ салбарт хөрөнгө оруулах бизнесменүүд манай Монгол болон олон улсад хангалттай бий.
М.МӨНХЦЭЦЭГ
Элсэлтийн чанарыг сайжруулах зорилгоор 2014-2015 оны хичээлийн жилд өмчийн хэлбэр харгалзахгүй их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх үндэсний хэмжээний босго /хэмжээст/ оноог тухайн бакалаврын хөтөлбөрт элсэхэд шаардлагатай шалгалт тус бүрт 400 байхаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал гарчээ.
Энэхүү босго оноог тогтоохдоо өнгөрсөн жилүүдэд их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлсэн байдалд Боловсролын үнэлгээний төвөөс хийсэн судалгааг үндэслэсэн байна. Боловсролын үнэлгээний төв нь 2005 оноос хойш улсын хэмжээнд нэгдсэн байдлаар элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулахдаа үнэлгээний олон улсын туршлагыг хэрэгжүүлж, хэмжээст онооны ойлголтыг оруулж ирсэн бөгөөд түүн дээр үндэслэн элсэгчдийн шалгалтын онооны жагсаалтыг гаргажээ. Босго онооны 50 хувьтай тэнцэх гүйцэтгэл нь 450 оноотой тэнцэж байгаа боловч энэ хичээлийн жилийн хувьд босго онооны хэмжээг тогтоохдоо өнгөрсөн оны элсэлтийн судалгааг үндэслэн 85 хувь нь элсэх боломжтой байхаар тооцож 400 гэсэн босго тоог гаргасан байна. Тодруулбал элсэгч та хийх ёстой ажлынхаа 50 хувийг хийсэн байхад л 400 оноо авч их, дээд сургууль, коллежид элсэх эрхээ олж авлаа гэсэн үг.
Өнөөдрийн практикаас харахад сургуулиуд хэдийгээр элсэлтийн журамдаа босго оноо тавьдагч түүнийгээ мөрддөггүй, чөлөөтэй элсүүлсээр ирсэн. Энэ нь чанаргүй элсэгчдийн тоог жилээс жилд нэмэгдүүлж эргээд нийгэмд дипломтой ажилгүйчүүдийн эгнээг нэмэгдүүлэх сөрөг тал үүсгээд байгаа юм. Тиймээс чанартай мэргэжилтэн бэлтгэх нэг чухал эх сурвалж нь элсэгчдийн чанар сайн байх явдал юм. Ийм нөхцөл байдлыг тооцож үндэсний хэмжээнд босго оноо тавьж, мөрдүүлэх нь зүйтэй гэж БШУЯ-наас үзжээ.
Босго оноог жил бүр шинэчлэн тогтоож болох бөгөөд өмнөх жилийн шалгалтын материалыг харьцуулан судалж, онооны хэмжээг өөрчлөх замаар уян хатан зохицуулалт хийх боломжтой гэдгийг албаны хүмүүс хэлж байна.
Барилгын техникумын зураг зүйн анхны ангийнхныг “Нэг ангийнхан” буландаа урилаа. Монголд газрын зураг зурдаг дунд мэргэжлийн тавь орчим хүмүүс байдгийн тал нь эдний ангийнхан. Барилгын техникум зураг зүйн гэсэн ангиар ердөө хоёрхон удаа элсэлт авсан юм билээ. 16 настай охид, хөвгүүд нэг ангид цугласнаас хойш 30 жил өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл дотно найзууд хэвээрээ үлджээ.
Төгсөлтийнхөө хорин жилийн ойгоор уулзсанаас хойш амьдралынхаа баярлах, гуних онцгой агшин бүрээ хуваалцдаг болж. Хотод амьдардаг хэд нь сав л хийвэл уулздаг гэж байгаа. Арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн нэгэндээ баяр хүргэх гэж сандарч яваад таксинд шинэ оноо гаргасан түүх ч эдний ангийнханд бий аж. Барилгын техникумын зураг зүйн анхны ангийнхнаас Дагвадорж, Ичинхорлоо, Баянжаргал, Баяржаргал нартай уулзаж дурсамж сөхлөө.
Зураг зүйн анхны ангид нийслэл хот, хөдөөгийн сумдаас найман хүү, 17 охин цуглажээ. Барилгын коллеж хэрнээ барилгатай огт хамаагүй тэс хөндлөн мэргэжлээр төгсөцгөөсөн нэг ангийнхан гэдгээрээ тэд сургуулийнхнаасаа онцгойрдог. Тэгсэн мөртлөө зуны ажлаараа барилгын ажилд дайчлагддаг байж. Тэд газрын зураг, атлас хийх чиглэлээр суралцсан гэсэн. Газрын зураг дээр хараа муутай хүнд бол бараг уншигдахааргүй жижигхэн үсгээр гол мөрөн, аймаг, сумын нэрийг бичсэн байдаг даа. Тэр үед одоогийнх шиг компьютер гэж байх биш, Говь-Алтай аймгийн нэрийг гэхэд л үсэг үсгээр нь нямбайлан өрнө. Өнөө жижигхэн үсгүүдээ тусгай чимхүүрээр нэг бүрчлэн чимхэж ирээд наана гэдэг амаргүй ажил байсан бололтой.
Тэр үед хэвлэх үйлдвэр өнгөтөөр биш хар цагаанаар хэвлэдэг учраас газрын зургаа өнгөөр ялгаж будах ажлыг хүртэл газрын зургийн зураачид хийдэг байж. Орос усан будгаар чанартай ватум цаасан дээр бийрээ амандаа хүлхэж байгаад л ус мөрнийг цэнхрээр, аймгуудыг өнгөөр ялган зурж өгдөг байж. Элстэй газрыг гэхэд л элснийх нь ширхэг нэг бүрийг цэглэн зурж хийдэг байсан гэнэ. Зураг зүйнхэн дипломын ажлаа томоо гэгчийн газрын зургууд хийж хамгаалжээ. Ичинхорлоо гэхэд Африк тивийн газрын зураг хийж дипломоо хамгаалж байж.
Оюутан охидын төрсөн өдрийн бэлэг нь 45-ын хүүхэлдэй
Эдний ангийнхан нэг нэгнийхээ төрсөн өдрийг алгасалгүй тэмдэглэдэг байснаа ам уралдуулан ярив. Стипенд буусан үед хэн нэгнийх нь төрсөн өдөр болбол хүүхдийн зуугийн хажуугийн “Солонго” ресторанд орж тэмдэглэдэг байж. Ер нь ихэнхдээ л ангидаа цуглаад төрсөн өдрийн эзэнд бэлэг өгч, дараа нь патиараа татуулдаг байжээ. Оюутан охидын бэлэг нь ямар ч сонголтгүй. 45 төгрөгөөр зардаг орос кукла. Хэвтүүлэхээр унтдаг, босгохоор дугариг цэнхэр нүдээ нээдэг хүүхэлдэйнээс өөр гоё бэлэг байгаагүй гэнэ. Охид бэлгэнд авсан хүүхэлдэйгээ орон дээрээ сувинер маягаар тавьчихаад элдэв өнгийн хувцсаар гоёдог байснаа дурсав. Баяржаргал төрсөн өдрийнхөө зургийг аваад ирчихэж. Хүүхэлдэйгээ тэвэрч байгаад найзуудтайгаа авахуулсан зургаа нандигнаж явдаг гэнэ.
Зураг зүйн ангийн охид метрийн эрээн даавуу авч складтай юбка хийгээд өмсчихдөг байсан гэж байгаа. Тэр дундаа Ичинхорлоо, Баянжаргал, Баяржаргал, Ганхуяг нар янз бүрийн өнгө, загвараар урлан гоёдог байж. Стипенд буухаар хувцас авахдаа мөн л ижил загвартайг авчихдаг байсан гэнэ. Ичинхорлоо ”Сонголт байхгүй болохоор аль гоё харагдсаныг нь гээд сонгохоор бүгдээрээ нэг загварын хувцас авчихна. Ямар сайндаа нэг удаа Бүргэд багшийн хичээл дээр хоцорч орж ирсэн Баяржаргал, Баянжаргал, Жавзандулам гурав цугаараа улаан трико өмсчихсөн байж билээ. Бүргэд багш их хатуу, бас их шооч хүн байсан юм. Өнөө гурвыг чинь нухацтай гэгч нь харж мушилзаад самбарын өмнө хичээл завсарлах хүртэл зогсоочихож билээ” гэж хэлээд тас тас хөхрөв. Тэр үед их завсарлагаа 45 минут үргэлжилдэг байжээ. Ангиа төлөөлж ирсэн дөрөв Гандангийн дэлгүүрийн хажуугийн цайны газрын хямдхан амттай хоол авч идэх гэж завсарлагаанаараа гүйлддэг байснаа ярив. Хичээлээс хоцрох ихэнх шалтгаан нь Гандангийн гуанз байжээ.
Эдний ангийн багшийг Сэнгээ гэдэг юм байна. Бүгдээрээ л багшдаа ам сайтай юм. Багшийн хэлсэн үг ангийнханд нь хууль байсан гэнэ. “Тэнгис” кино театрын эсрэг талын өндөр цэнхэр байр, нэгдүгээр хорооллын гурван өндрийг бариулсан зөвлөх инженер хүн аж. Наанаа хатуу ч гэсэн буулт нь зөөлөн, ангийнхныхаа төлөө сэтгэлээсээ зүтгэж чаддаг байсан багштайгаа тэд өнөөдөр ч холбоотой байдаг гэсэн. Тэр үед дотуур байранд орно гэдэг амаргүй даваа байж. Ичинхорлоо гэхэд л ангийнхаа багшийнд амьдардаг байжээ. Хүүхдийг нь цэцэрлэгээс авах, хоол хийх л ажилтай, бусад үед хичээлээ хийгээд л суудаг оюутан байж. Дагвадорж нутгийнхаа ахынхаас хичээлдээ явдаг байснаа дурсав.
Гуравдугаар курсээ төгсөөд цэрэгт мордсон дөрөв
Зураг зүйн ангийн дөрвөн хүү ангийнхантайгаа хамт төгсөөгүй, зураг зүйгээсээ огт өөр мэргэжлээр сургуулиа дүүргэжээ. Гуравдугаар курсээ төгсөх үеэр нь Дагвадорж, Энхбаатар, Гантулга, Гэрэлчулуун дөрөвт цэргийн зарлан ирж. Хорооллын дөчдүгээр сургууль дээр очоод шалгуулангуутаа л тэнцчихэж. Зураг зүйн ангийн гуравдугаар курс гэж хэчнээн тайлбарлаад ч тусыг олоогүй гэнэ. Цэрэгт татлагынхан нэг ангийн хөвгүүдэд “Та нарыг ирэхэд анги чинь байж л байна. Эргэж ирээд орохгүй юу. За одоо гараад ойр дотнын хүмүүстэйгээ уулз. 15 минутын хугацаа л байгаа шүү” гэжээ. Ингээд л ангийнхантайгаа Гандангийн хажууд зогсч байсан автобусны наана зургаа авхуулаад цэрэгт морджээ. Ангийн хөвгүүдээ цэрэгт үдсэн өнөө хэд нь шөнөдөө такси хөлсөлж өглөө нь хуушуур, чихэр, жигнэмэгтэй эргэж байж. Гэнэт л цэрэгт ачигдсан оюутан цэргүүд гурван жилийн дараа халагдаж ирээд зураг зүйн ангидаа үргэлжлүүлэн сурах гэтэл анги нь татан буугдчихсан байсан аж. Дагвадорж гэхэд л геодезийн дөрөвдүгээр курст элсч шинэ мэргэжлийнхээ учрыг олохгүй байсаар төгсчээ. Зарим нь бүр геофизик гээд огт өөр мэргэжил эзэмшсэн байна. Халагдсан цэргүүд хэдхэн сар суралцаад л шинэ мэргэжлээр төгссөн гэж байгаа.
Орос хувцсанд зардаг сарын стипенд
Зураг зүйн ангийн оюутнууд сардаа 180 төгрөгийн цалинтай. Цалингаа буунгуут байранд байдаг хэд нь багахан хэсгийг нь нийлүүлж хүнсээ базаагаад гоё хувцасны эрэлд гардаг байснаа ярьцгаав. Охид Шар хадны орос дэлгүүрээс гутал их авдаг байжээ. Сансарын орос дэлгүүрт тусгай эрхтэй хүмүүс ордог ч тэр дэлгүүрийн барааг дамлаж зардаг эмэгтэйгээс ахиу үнээр хувцас авчихдаг байж. Эдний ангийн Дагвадорж бүр дамаар авсан хувцсаа дамлаж зардаг байснаа ярьсан чинь охид нь гайхаад жигтэйхэн. Баянжаргал “Чи тийм айхтар дамчин байсан юм уу” гээд том харж байна. “Тэгэлгүй яадаг юм, би гайгүй наймаачин байсан шүү. Оросын “Кузбак” гэдэг куртикийг 120 төгрөгөөр аваад 250 төгрөгөөр зардаг байсан. Олддоггүй ховрын бараа болохоор хүмүүс тэр дор нь авна. 20 төгрөгийн пүүзийг 60 төгрөгөөр зардаг байлаа. Нэг удаа их дэлгүүр дээр гурван куртик авч очоод хоёрыг нь зарчихаад зогсч байтал энгийн хувцастай ах хүрээд ирдэг юм байна. Ах нь наадахыг чинь авъя наашаа ороод ир гээд нэг өрөө рүү дагуулаад орчихлоо. Гэтэл нөгөө хүн чинь эдийн засгийн байцаагч болж таарсан. Халаасанд байсан 850 төгрөгөө куртиктэйгээ хураалгачихдаг байгаа. Таньдаг хүнээрээ дамжуулан 50 төгрөгийн авлига өгүүлж байж хураалгасан юмнуудаа буцааж авсан шүү” гэж хэлээд хөгжилтэй инээлээ. Мань эр үл хөдлөх хөрөнгийн наймаа ч хийж явжээ. 1000 төгрөгөөр хашаа байшин худалдаж аваад 1050 төгрөгөөр зарж байснаа ярихад охид нь мөн л өөд өөдөөсөө гайхангуй харж инээцгээв.
Улаан хамгаалагч хөвгүүд
Говь-Алтайн Чандмань суманд зуны ажлаар очсон охид нэг нууцыг бүр хожим нь мэджээ. Хөдөө, гадаа хаана ч очсон шүгэлдэж, чулуу шидээд амраадаггүй сумын залуусын ааш авирын талаар дээд ангийн эгч нараасаа сонссон охид “Хөөх энэ Говь-Алтайн залуус чинь ямар соёлтой дажгүй юм бэ” гэж өөр зуураа ярьцгаадаг байсан гэнэ. Яг үнэндээ хотын охидтой уулзана гээд хүрээд ирдэг залуустай ангийнх нь хөвгүүд нүүр тулдаг байж. Уулзуулахгүй гэж үзэлцэж, заримдаа бүр зодоон цохиондоо тулж байж явуулдаг байснаа бүр хожим нь охиддоо хэлжээ. Ямар сайндаа л Дагвадорж “Бид чинь ангийнхаа охидыг дөрөв төгстөл нь хүнтэй суулгаагүй. Манай ангийн Бат-Өлзий геодезийн ангийн цэргээс халагдаж ирсэн залуутай үерхэж эхэлдэг юм байна. Анхандаа өнөөхийг нь хавьтуулахгүй, цэргээс ирсэн том залууг хамжиж байгаад нударганы амт үзүүлээд явуулчихдаг байлаа. Тэр хоёр маань өнөөг хүртэл ханилж, сайхан амьдарч байгаа” гэхэв. Эдний ангийн охидоос Уранмандах л тайрмал үстэй бусад нь салаа гэзэгтэй ангидаа цуглажээ. Харин Говь-Алтайд очихдоо ихэнх нь үсээ тайрчихаж. Хөвгүүд нь “Үсээ тайрсан охинд 100 грамм гучийн чихэр өгнө” гэж хэлээд тайруулсан гэнэ. Тэр үед гучийн, 24-ийн чихэр л хамгийн тансагтаа ордог байжээ. “Чихрэнд болоод үсээ тайрсан нь үнэн шүү. Тэр үед нархамба, нандин чавга хааяа л үзэгддэг байлаа. Хачин амттай санагдахыг нь яана” гэж Баяржаргал ярив.
Дипломат цүнхтэй хүүхдүүд
Зураг зүйн ангийнхан бусад оюутнуудаас өөр цүнх барьдаг байж. Тэр үеийн дарга нарын барьдаг дипломат цүнхээр жигдрээд хотын гудамжаар алхахаар үеийнхэн нь гайхан хардаг байсан гэнэ. Дипломат цүнхэндээ дэвтэр биш бичгийн цаас, ватум, бийр энэ тэр л байнга хийгээстэй. Хичээлээ тарж дипломат цүнхээ бариад цусны төв дээр цөөнгүй удаа очсоноо дурсав. Цусаа өгөхөөр дөчин мянгатын баншны кафед нэг, хоёрдугаар хоол идэх таван төгрөгийн талон, 24-ийн хоёр чихэр өгдөг болохоор тэр үеийн оюутнууд цусаа их өгдөг байжээ.
Марзан Бадраа, солгой Ганхуяг…
Эдний ангийнхны төлөөлөл болж цугласан дөрөв ангийнхныхаа монтажийг харж байгаад тэрийгээ оруулахгүй бол гомдоно, энийгээ ч ярихгүй бол болохгүй гэж ирээд ангийнхнаа баахан ярив. Бадраа гээд Хөвсгөлөөс ирсэн дархад хүүгийн тухай бүгд л “Зүгээр ярьж байгаа нь хүртэл бөөн инээд шүү” гэж ам нийлүүлцгээнэ. Цагийн зүү арван хоёр дээр гозойж байна гэхийг “цагийн зүү зургаа дээр унжиж байна” гэж ирээд л үг хэлэх бүртээ ангийнхнаа инээлгэдэг нөхөр гэнэ. Анх ирээд нэг жил дуугүй л яваад байж. Нэгдүгээр курсээ төгсөх үедээ хэлэмгий, марзан нь дэндээд ирэхэд ангийнхан нь “Чи яагаад дуугүй яваад байсан юм бэ” гэж асуухад “Анх та нарын яриад байгаа үгний заримыг нь ойлгодоггүй байсан юм аа. Тэгээд л ярихаасаа санаа зовоод байсан хэрэг. Одоо сурсан юм чинь ярилгүй яадаг юм” гэж хариулж байжээ. Бадраа төгсөөд л нутагтаа очиж мал хариулсан гэнэ. Малчин эр эхнэртээ байсгээд л “Би залуу цагтаа ганцхан удаа хотод очиж сураад насны хэдэн найзтай болсондоо баярладаг” гэж олзуурхан ярьдаг гэсэн. Эдний ангийн хотын ганц хүү нь Мөнхбаатар. Хамба хилэн хүрмийг өнгө өнгөөр нь өмсдөг дэгжин хүү байж. “Байнга л судалтай улаан цамц ижилсүүлдэг Цэенхүү, Ганхуяг хоёр энэ байна”, “Баяржаргал, Баянжаргал хоёр бас байнга цуг явна, бас л хувцсаа ижилсүүлээд өмсчихдөг байсан юм”, “Энэ манай Пүрэвдорж, охиддоо эрхэлдэг гэж шоолуулдаг ганц хүү, одоо ч эрхэлсэн хэвээрээ” гэж ирээд эдний ангийхны зураг бүрийг хөгжилтэй тайлбартайгаар сонирхлоо. Гантулга солгой гараараа бичнэ, хачин гоё зурна, Энхбаатар бас зурна, элэглэнэ, Занданхүү намбатай, намжиртай, Гэрэлчулуун номонд дуртай гээд ангийнхны тухай дурсамж бараг цаг гаруй үргэлжилсэн.
Багшийнхаа найзынд тэмдэглэсэн хонхны баяр
Хонхны баярын зургаа сонирхуулав. Тэр үеийн оюутнууд төгсөлтийн баяраа аль гайгүй гэсэн хувцсаа шилж өмсөөд л сургуулийнхаа биеийн тамирын зааланд тэмдэглэчихдэг байж. Ангиудаас урлагийн номер сонирхуулна, тараад ундаа ууж, торт идээд л баяр дуусдаг байсан гэнэ. Ангидаа тортоо идэх гэтэл сургуулийнх нь захирал зөвшөөрөөгүй учраас багшийнхаа найзын гэрт очиж амттанаа хувааж идэж, өдөржин ярьж хөөрч, тоглож байгаад зүг бүр тийшээ салцгаажээ. Зураг зүйн ангийнхан Геодези зураг зүйн газарт ажиллах ганцхан сонголттой. Эдний ангиас төгсөөд шууд мэргэжлээрээ ажилласан хэд хэдэн хүүхэд бий гэнэ. Уранмандах, Баяржаргал хоёр геофизикээр хэсэг ажиллажээ. Бат-Өлзий, Санжмаа, Гэгээнтуяа, Баянжаргал нар геодезид ажиллаж байхдаа хилийн шинэчилсэн зураглалд явж байжээ. Зарим нь хүсэлтээрээ орон нутаг руугаа буцаж жижиг экспедицэд ажиллах зэргээр нэг хэсэгтээ л мэргэжилдээ үнэнч байцгааж. Зах зээлд шилжсэнээс хойш мэргэжлээрээ ажиллах боломж, нөхцөл алга болж дор бүрнээ амьдралын мөрөө хөөцгөөжээ. Ангийн дарга Ганхуяг барилгын компанийн захирал, Заяа зургийн мэргэжлээрээ Ховдод их сургуулийн багш, Баяржаргал Засгийн газрын ордонд зохицуулагч, Гэгээнтуяа төмөр замд нярав, Мөнхбаатар Солонгост гэр бүлээрээ амьдардаг гээд тус тусдаа сайхан амьдарцгааж яваа аж. Хувиараа бизнес эрхэлж буй хүмүүс олон гэнэ. Сонирхуулж хэлэхэд зураг зүйн ангийнхан монтажаа өөрсдөө хийсэн юм байна. Хөвгүүд нь дармалаар хачин гоё бичнэ, зурахдаа ч жигд сайн байсан учраас монтажныхаа элдэв чимэглэлийг урлажээ. Багш нь монтажин дээр урилгын үг, хүүхдүүдийнхээ нэрсийг бичсэн аж. Ирэх сарын 15-нд Зураг зүйн ангийн төгсөлтийн гучин жилийн ой болох юм байна. Тэд сүүлийн жилүүдэд уулзаж амжаагүй Баян-Өлгийн Булган суманд амьдардаг Гэрэлчулуун, Баян-Өлгийн Ногооннуур суманд байгаа Рань, Өвөрхангайн Чимгээ, Багануурын Жавзандулам, Увсын Цэнд-Аюуш, Ховдын Хүдэрбор нарыгаа манай сониноор дамжуулан ойн уулзалтандаа урьсан юм.
Ц.Баасансүрэн
БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотноо орон сууцны байшин нурсан байна. Тус улсын мэдээллийн агентлагаас энэ тухай уламжилсан боловч чухам хичнээн хүн амь үрэгдэж, гэмтэл авсан тухай дурдсангүй. Харин Өмнөд Солонгосын талаас мэдээлснээр баригдаж хараахан дуусаагүй байсан бөгөөд 100 айл нүүгээд орчихсон байсан гэнэ. Ямар ч байсан аврах ажиллагаа өчигдөр дууссан байна. Энэ хэргийн хариуцлагыг БНАСАУ-ын Ардын аюулгүй байдлыг хариуцсан сайд Чхве Пу Ир хүлээхээр болжээ.
Ю.Дэлгэр