Categories
мэдээ нийгэм

Нарантуулд худалдаалдаг тоглоомнууд шаардлага хангахгүй байна

Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын байцаагчид Нарантуул худалдааны төвд зарж байгаа хүүхдийн тоглоомнуудыг баталгаагүй, шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гаргажээ.  0-3 настай хүүхэд тоглохыг хориглоно гэсэн тайлбартай шажигнадаг тоглоом, будгийн тогтворжилт муу тоглоом, хүүхдийн нүд рүү нь бууддаг гэх зэрэг аюулгүй байдлыг зөрчсөн тогтлоомнуудыг  тус төвд худалдаалж байгаа аж. Мөн  нярайн шажигнадаг тоглоомын дуу стандартаас чанга гэсэн зөрчил ч илэрсэн байна. Ийм чанга дуутай тоглоом хүүхдийн сонсголд нөлөөлдөг байна. 

Categories
гадаад мэдээ

Дэлхийн эрүүл мэндийн ассамблей эхэллээ

Дэлхийн эрүүл мэндийн 67 дугаар ассамблей Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо өчигдөр эхэллээ.

Гишүүн 194 улсын төлөөлөгч нараас гадна НҮБ-ын бусад төрөлжсөн агентлагууд, олон улсын төрийн бус байгууллагууд болон ажиглагчдаас бүрдсэн 3000 гаруй төлөөлөгчид энэ удаагийн ассамблейд оролцож байгаа ажээ. Энэ жилийн хувьд нэгдсэн чуулганы хэлэлцүүлэг “Уур амьсгал ба эрүүл мэнд” гэсэн үндсэн сэдэвтэй байх бөгөөд улс орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нар эл сэдвээр үг хэлэх аж.

 Ассамблей дэгийн дагуу Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нарыг сонгосноор эхэлсэн байна. Энэ жилийн 67 дугаар ассамблейн Ерөнхийлөгчөөр Кубын Нийгмийн эрүүл мэндийн сайд Др.Роберто Моралес Охедаг сонгосон бол үлдсэн таван бүсийн төлөөлөл болох Фижи, Бахрейн, Литви, Конго, Шри Ланка улсаас тус тус Дэд ерөнхийлөгч нарыг сонгосон байна. Харин ассамблейн А хорооны даргаар Австрали улс, Б хорооны даргаар Уганда улсын төлөөлөгч сонгогджээ.

 Дэлхийн эрүүл мэндийн 67 дугаар ассамблей тавдугаар сарын 24-ний өдрийг дуустал үргэлжлэх ба дээрх чуулганд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Эрүүл мэндийн сайд Др. Н.Удвал, Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэр нар оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Хотын мэр Э.Бат-Үүл швед автобусыг “балиашиглана”

Үндэсний үйлдвэрлэгчид Э.Бат-Үүл даргын Шведийн Элчин сайдтай уулзсан мэдээг үзвэл  урам хугарахаар юм.   Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Шведийн вант улсаас Бээжин хотод суугаа элчин сайд Ларс Петер Фреденийг хүлээн авч уулзахдаа Улаанбаатар хотын нийтийн тээвэрт хамтран ажиллах санал солилцсон байна. Уулзалтын үеэр Э.Бат-Үүл “Улаанбаатар хотын нийтийн тээвэрт Шведийн “Сканий” үйлдвэрийн автобусыг нийлүүлэх хүсэлтийг дэмжиж байгаа”-гаа илэрхийлжээ. Тэрээр нийслэлийн нийтийн тээвэр экологи, чанарын шаардлага хангасан 2500 автобусаар  бүтэн парк шинэчлэлт хийх шаардлагатай байгаа бөгөөд ашиглалтын үйл ажиллагааг хариуцах, урт хугацааны  худалдан авалт хийх хүсэлтэй байна. Мөн бүс нутгаа “Аялал жуулчлалын төв” болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа тул аялал жуулчлалын тээвэрт ч мөн ая тухтай автобус хэрэгтэй тул угсрах жижиг үйлдвэрийг Монголд барих саналтай байгаагаа хэлсэн аж.  Түүгээр ч барахгүй санхүүжилтийг жил бүр батлагдсан төсвөөсөө төлөөд явах боломж байгаа эсэхийг лавласан байна.  “Сканиа” компанийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Матиас Алин “Сканий” үйлдвэрийн автобус нь  тав тухтай, дулаан, агааржуулалтын системийг  шийдсэн, евро стандартыг хангасан үзүүлэлттэй гэж онцлоод, санхүүжилтийн хувьд Шведийн үндэсний бүтээгдэхүүний экспортыг дэмжиж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой Засгийн газрын 2 байгууллага ажилладаг. Тэдгээр байгууллагуудаар дамжуулан урт хугацааны бага хүүтэй зээлээр автобус нийлүүлэх боломжтой” гэжээ. Монголд угсарч байгаа “Экобус”   евро стандартын шаардлага хангасан, агаар бохирдуулдаггүй гэдгийг хотын дарга сонссон болов уу.  Хотын дарга  гадаад автобус балиашигладаг ч, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих байлгүй дээ.

Categories
гадаад мэдээ

Тайландын арми дайны онц байдал зарлав

Тайландад хэдэн сарын турш улс төрийн эмх замбараагүй байдал үргэлжилж байгаа. Үүний хариу болгож тус улсын арми дайны онц байдал зарлав.  Армийн удирдлагууд дайны онц байдал зарласнаа  “Улс оронд эмх журам тогтоох зорилготой. Бид төрийн эргэлт хийгээгүй” гэж  тайлбарлаж байна. Армийн удирдлагууд дайны онц байдал зарлахаа Засгийн газарт мэдэгдээгүй гэж тус улсын удирдлагууд мэдэгджээ. Армийн хэвлэлийн төлөөлөгч “Бүх юм урьдын хэвээр байгаа бөгөөд Арми зөвхөн улс орны аюулгүй байдлын асуудлыг хяналтандаа авсан. Засгийн газар төрийн эрхийг хэвээр барьж байгаа” гэж мэдэгджээ. Цэргүүд телевизүүдийг хяналтандаа авсан байна. 

Categories
мэдээ нийгэм

Туулын дагуу баригдаж байгаа хурдны замын ажил үргэлжлэх нь

АН-ын бүлгийн өчигдрийн хуралд Нийслэлийн удирдлагууд оролцож, мэдээлэл хийжээ. Тэд 2014 онд нийслэлд хийгдэх ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг АН-ын бүлгийн гишүүдэд өгсөн байна. АН-ын бүлгээс нийслэл хотод хийгдэж буй ажлуудыг эрчимтэй явагдаж байгааг сайшаагаад цаашид хийж гүйцэтгэх ажлуудад нь чиглэл өгсөн аж. 

Бүлгээс нийслэлийн удирдлагуудад  хотод бизнесийн таатай орчныг бий болгох. төрийн дарамт, шахалтыг багасгах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх чиг өгчээ.  “Гудамж” төслийн ажлыг үргэлжлүүлэн хийх ёстой гэж үзсэн байна. Шаардагдах хөрөнгө, мөнгийг Эдийн засгийн хөгжлийн яамнаас гаргаж өгөхийг Н.Батбаяр сайдад даалгасан байна. Жишээ нь Туул голын зам дагуух хурдны замын ажлыг даруй эхлүүлэх ёстой гэж үзжээ. 

Categories
мэдээ нийгэм

Уул уурхайн ассоциаци шинэ ерөнхийлөгчөө сонгоно

Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгч Д.Дамба удахгүй ажлаа өгөх нь. Энэ сарын 28-нд болох ассоциацийн бүх гишүүдийн ээлжит бус чуулганаар дараагийн ерөнхийлөгчийг сонгохоор товложээ. Хуралдааны үеэр ассоциацийн тэргүүн  өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа тайлагнана.  Тайлангийн дараа шинэ Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болох нь.  Ээлжит бус чуулган энэ сарын 28-нд “Блю Скай” цогцолборт болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн татвар хураалт энэ сарыг дуустал үргэлжилнэ

Нийслэлийн хэмжээнд автотээрийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажил үргэлжилж байна. 

Татвар, төлбөр хураах ажлын эхний шат тавдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх бол татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг 2014 оны 06 дугаар сарын 10–наас эхлэн 06 дугаар сарын 24-ны хооронд зохион байгуулна. 

Тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг  иргэдэд аль болох хүндрэл учруулахгүйгээр дүүргүүдийн татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан зохион байгуулж байгаа юм.  Дүүргийн оношилгооны төв болон татвар хураах нэг цэгийн үйлчилгээ ажлын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд амралтын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд ажиллаж байна.  Энэ сарын 1-нээс эхлэн нэг цэгийн үйлчилгээний тоог нэмж нийт 25 байршилд татвар, төлбөр хураах үйл ажиллагааг зохион байгуулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Categories
гадаад мэдээ

Фейсбүүк энэ оны сүүлээр Хятадад салбар нээнэ

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй нийгмийн сүлжээний фейсбүүк БНХАУ-д борлуулалтын салбараа нээхээр төлөвлөж байгаа аж.  Фейсбүүк БНХАУ-д хязгаарлагдмал байдлаар ашиглагддаг юм. Гэвч  орон нутгийн зар сурталчилгааны байгууллагуудтай хамтран ажиллахын тулд тус компанийн зүгээс ийм шийдвэр гаргахаар болжээ. 

 Фейсбүүкийн борлуулалтын салбар энэ оны сүүлчээр Бээжингийн бизнесийн дүүрэгт нээгдэж магадгүй гэсэн мэдээлэл ч байнаэ. 

 Тус компани БНХАУ дахь үйл ажиллагаагаа илүү нээлттэй болгох хүрээнд өнгөрсөн есдүгээр сард тус улсын Засгийн газрын төлөөлөлтэй хоригийн талаар ярилцжээ.

Фейсбүүкийн хувь нийлүүлэгчдийн нэгдлийн дэд тэргүүн Воган Смит  “Бид Хятадад нэвтрэх боломжуудыг судалж байна. Гэхдээ яг хэзээ салбараа нээх талаар тодорхойгүй байгаа” хэмээн “Ройтерс”-т ярилцлага өгөхдөө онцолжээ. 

Categories
мэдээ нийгэм

Гарал үүсэл нь тодорхойгүй 504 кг нунтаг бодис оруулж ирэхийг завджээ

ХХЕГ-ын Хилийн тагнуулын газарт Дорноговь аймаг дахь Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар эд зүйл нэвтрүүлж болзошгүй гэх мэдээлэл ирсэн байна. Энэ сарын 16-ны өдөр БНХАУ-ын талаас нэвтэрсэн  57-17 ДГО улсын дугаартай ХОВО маркийн автомашинд хилчид  нарийвчилсан үзлэг шалгалт хийжээ.  Шалгалтаар барилгын материалын зориулалтын цавуу, ургамал хамгааллын зориулалтаар ашигладаг гэх нэр, гарал үүсэл нь тодорхойгүй хуурай нунтаг бодис 43 хайрцаг /504 кг/, цагаан хуванцар савлагаатай нэр шошгогүй, шингэн, хурц үнэртэй химийн бодис 1000 хайрцаг буюу 1000 ширхэг, ургамалын үр гэх хоёр төрлийн нийт 148 шуудай эд зүйлийг гаалийн бүрдүүлэлтэнд тусгалгүйгээр тээврийн хэрэгслийн ачаан доор нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн байна. Замын-Үүдийн дахь Хилийн 0108 дугаар ангийн Хилийн тагнуулын тасгийн илрүүлсэн дээрх ачааг Монгол Улсын иргэн Г.Багахүү хүлээн авч, гаалийн бүрдүүлэлтэнд тусгалгүй нуун оруулж ирсэн гэнэ. 

Categories
мэдээ соёл-урлаг

“Улаан пальто” маргааш нээлтээ хийнэ

Б.Шүүдэрцэцэгийн “Улаан пальто” өгүүллэгээс сэдэвлэн зохиолыг нь бичсэн “Улаан пальто” кино энэ сарын 21-нд буюу маргааш нээлтээ хийх гэж байна.  “Улаан пальто” киноны гол дүрд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин О.Долгор, хөтлөгч, жүжигчин Т.Өөдөө, ЗГХЭГ-ын дарга МУ-ын сайд Ч.Сайханбилэгийн гэргий топ модель О.Байгаль нарын бүсгүйчүүд тогложээ.  Эх үрийн нандин холбоо, хүнлэг нандин сэтгэл, хүний сүнс төрөл сэлгэн эргэн төрдөг тухай өвөрмөц сэдэвтэй “Улаан пальто” кино аз жаргалтай төгсгөлтэй, хүүхдийн эрхийг хөндсөн зэргээрээ гэр бүлээрээ үзэх дуртай кино болсон ажээ. Сонирхуулахад “Улаан пальто”-ны хөгжмийг гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших бичсэн бол киноны гол дүр Номин охины дуулдаг “Би хүүхэлдэй” дууг Гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэгийн охин С.Номин-Эрдэнэ дуулсан байна.