Categories
мэдээ улс-төр

В.Путин манай Ерөнхийлөгчийг ОХУ-д айлчлахыг урилаа

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтэй уулзлаа. В.В.Путин Монгол, Орос хоёр улс он удаан жилийн уламжлалт түүхэн харилцаатай явж ирснийг уулзалтын эхэнд дурдав. Тэрбээр хоёр орны харилцааны цаашдын ирээдүйг өөдрөгөөр харж буй гэдгээ тодотгон хэлсэн юм.
Хоёр улсын эртний уламжлалт харилцааны нэгэн илрэл болох Халхын голын байлдааны 75 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Уг арга хэмжээг наймдугаар сард тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгааг В.Путин онцоллоо. “Гэхдээ манай хоёр орон цаашид хэрхэн харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх вэ, эдийн засгийн бүтцээ хэрхэн харилцан ашигтай өөрчлөх вэ гэдэг дээр бидэнд ярилцах зүйл бий” гэж тэрбээр нэмж хэллээ. 


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хэд хэдэн сэдвийн хүрээнд санал солилцсон юм. Тухайлбал, төмөр замын транзит тээвэр, Халхын голын ялалтын ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх, мөн хоёр орны иргэдийн харилцан зорчих визний хөнгөлөлтийн талаар ярилцах хүсэлтэй байгаагаа онцлон дурдлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс бол БНХАУ болон ОХУ-ын дунд оршдог. Газар зүйн ийм байршилтайн хувьд Монголоор дайран өнгөрөх төмөр замын тээвэр онцгой ач холбогдолтой. Харилцан ашигтай, бас хамгийн боломжит хувилбараар төмөр замын тээврийг хөгжүүлэх хүсэлтэй байгаа. Үүнтэй уялдан транзит тээврийн асуудлаар ОХУ-БНХАУ-Монгол гэсэн гурван талын, мөн ОХУ-Монгол гэсэн хоёр талын идэвхтэй яриа хэлэлцээ чухал ач холбогдолтой. Төмөр зам, транзит тээврийн асуудал нь хоёр улсын эрх ашигтай холбоотой, стратегийн асуудал юм” гэлээ. Тэрбээр үргэлжлүүлээд “Ирэх наймдугаар сард Халхын голынялалтын 75 жилийн ой тохионо. Энэ бол бидний хамтын ялалт. Тиймээс түүхт ойг хамтран тэмдэглэх хүсэлтэй байна” гээд ойн баярт хүрэлцэн ирж оролцохыг урьж байгаагаа Ерөнхийлөгч В.Путинд уламжиллаа. Мөн төмөр замын транзит тээврийн асуудлаар гурван талын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион явуулах саналтай байгаагаа Ерөнхийлөгчийн илэрхийлсэн юм. Түүний санал болгож байгаа асуудлуудыг ОХУ-ын тал хүлээн авч харилцан ярилцах, хамтран ажиллахад бэлэн байгаагаа дуулгав. Мөн В.В.Путин өөрийнхөө зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг ОХУ-д айлчлахыг урилаа. 


Хоёр улсын төрийн тэргүүний уулзалт 30 гаруй минут үргэлжлэв. Тэдний хөндсөн асуудлуудыг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн  Санкт-Петербургт хийх  уулзалтаар үргэлжлүүлэн ярилцахаар боллоо. Засгийн газрын тэргүүн энэ бямба гаригт В.Путинтай уулзах юм.

Categories
булангууд мэдээ томилолт

Гурван улсын хил дээрх Эрээнцавын эвдэрхий вокзал

Эрээнцавын өртөөн дээ­рээс галт тэрэг Баянтүмэнгийн өртөө буюу Дорнод аймгийн төв рүү  хөдлөх гэж  байхад очлоо. Галт тэрэгний зүтгүүрийн араас суудлын хоёр, ачааны нэг вагон залгажээ. Аймгийн төв орох гэж байгаа сумын иргэд ачаа бараагаа барьсаар зүүн Эрээнцавын өртөөн дээр ирцгээж байв. Галт тэрэгний үйлчлэгч эмэгтэй “Та нар бараг л гэрээ нүүлгэчих юм. Хүн суулгадаг болохоос ачаа тээвэрлэдэг юм уу” гээд л загнах юм. Вагон руу ачаа бараагаа зөөж байгаа иргэд түүний хэлж байгааг тоож байгаа шинж ер алга.
Хайрцаг, шуудай, цүнхтэй, аймгийн төвд амьдардаг хүүхдэдээ гэрийн тавилга гэх мэт зүйлс оруулсаар байв. Төмөр замын дэр модыг солих ажил хийсэн болохоор галт тэрэг арав гаруй хоног яваагүй гэнэ. Үүнээс болж аймаг явах гэсэн иргэд олон болж өртөөний тэр хавийн хөл хөдөлгөөн ихэсчээ. Эрээн­цаваас аймгийн төв ороход 4500 төгрөгөөр билет авдаг байна. 13:00 цагт хөдлөөд 270 гаруй километр газрыг есөн цаг туулаад очдог ажээ. Харин машинаар явахад хо­рин мянган төгрөгийн замын зардал төлөөд долоон цаг орчим явна. Зам гэж авах юм байхгүй. Дэржигнэсэн замаар 40 километр цагийн хурдтай явж байсан. Оросууд Эрээнцаваас аймгийн төв рүү явах­даа “Согтуу монголчуудын гар­гасан мурилзсан зам” хэмээн шоолж ярьдаг гэнэ.  Чойбалсан орох зорчигчид дунд ачаа багатай хоёр эмэг­тэй зогсож байв. Тэд уйлал­даад л байх юм. Орос руу урд хөршийн бараа зөөдөг гэнэ. Тэгсэн Оросын хилийн боомтынхон гадаад паспорт дээр нь хар тамга дараад явуулчихаж. Хар тамга дарах болсон шалтгаан нь жил гаруйн өмнө Боорз хотод машинтай явж байгаад хурд хэтрүүлсэн гэх шалтгаанаар торгуулж байсан гэнэ. Үүнээс болоод  хар тамга дарчихжээ. Ойрын хэдэн жилдээ хойд хөрш рүү зүглэхгүй болж хил давуулан хувцас худалдаалах бизнес нь талаар өнгөрчээ. Аймгийн төв орж гурав хоноод эргээд хил гарах гэж байсан аж.

Манжуураар арав гаруй сая төгрөгийн хувцас транзит тээврээр ирж байжээ. Тэгсэн хар тамга даруулаад хүнд байдалтай буцаж байгаа нь энэ аж. Ийн 13:00 цаг болох гэж байхад галт тэрэг дуут дохиогоо хангинуулаад хөдөллөө. Өртөөн дээр үлд­­сэн хүмүүс тал тал тий­шээгээ таран одов. Зүүн Эрээнцавын тэр хавиар нам гүм, хаа нэгтээ морьтой, мотоцикльтой хүн явахаас өөр хөл хөдөлгөөн байхгүй. Сумын төв дээрээс хилийн цаадах тосгоны иргэдийн чангаар дуулах, хоорондоо ярих, тахиа донгодох нь тод сонсогдох ажээ. Монголын зүүн хойд хязгаар Монгол, Орос, Хятад улсын хилийн заагт орших  Дорнод аймгийн Чулуунхороот сумаас бэлтгэ­сэн сурвалжлагаа дээрх үйл явдлаас эхэлж байна. Томилолтын сурвалжлагаа эндээс эхэлсэн нь сумын хөл хөдөлгөөн болдог ганц газар нь болохоор тэр. Эрээнцавын өртөө гэх хаягтай жижигхэн цагаан байшин бий. Гадна талыг нь цагаанаар шохойдоод хэрэндээ л өөд нь татдаг бололтой юм. Гэвч цагийн эрхээр хуучирч мууджээ. Вокзалын ажилчдын амь­дардаг байшингууд ч эхнээсээ нурж эхэлсэн байна.
Энэ сумыг Чулуунхороот гэхээсээ илүүтэй Эрээнцав гэж хүмүүс нэршээд сурчих­сан. Бусад сумдаас ялга­рах онцлог нь гурван улсын хилийн заагт, торгон хил дээр байдаг. Оросын хилийн торноос ердөө 300 метрийн зайтай байдаг юм. Харин урд хөршийн  хилээс 70 орчим километрийн зайтай. Эрээнцав өртөөний төмөр  80 гаруй километр яваад л Боорз гэх 35 мянган хүн амтай хотод очино. Боорз хотод Хятад, Оросыг холбосон төмөр зам бий. Өөрөөр хэлбэл Зүүн Азийг Дорнод Сибирь цаашлаад Европ тивтэй хол­босон төмөр зам Монголын хилээс 80 километрийн цаана байна гэсэн үг. Боорз хотоос  өмнөд зүг рүү явах төмөр зам урд хөршийн хилээр гарч Хайлаар, Харбин, Манжуур зэрэг хотуудаар дайрч явсаар хоёр салаалдаг байна. Нэг нь Хятад улсын урд хэсэг рүү. Нөгөөх нь хойд Солонгосын хил рүү буюу Пхеньян хоттой холбогдоно. Төмөр замын төгсгөлд томоохон хэд хэ­дэн усан боомт бий. Усан боомтоор хоёр Солонгос улс төдийгүй Япон улс ачаа бараагаар зорчдог байна. Эрээнцавын өртөөнөөс Зүүн Азийн орнууд руу ингэж холбогдох гарц харагдах ажээ. Харин Боорз хотоос баруун хойшоо явсан төмөр зам сая гаруй хүн амтай Чита муж,  Улаан-Үд, Москва, тэндээсээ цаашаа Европын орнууд руу холбогддог. Эрээн­цавын сангийн аж ахуй байх үед улсын фондын өвсийг эндээс бэлтгэдэг байжээ. Хадсан өвсөө баруун аймгийн малчдад хүргэх гэж  газраар явах гэхээр цаг хугацаа алддаг. Унаа тэрэг, бензин тосноос авахуулаад  асуудал олон байсан гэнэ. Харин Чойбалсан хотоос хөдөлсөн галт тэрэг Эрээнцаваас өвс ачаад хил гарч Чита муж ороод тэндээсээ Улаан-Үд хүрээд Алтанбулагийн боомтоор эргэн улсынхаа хилээр орж ирэн баруун айм­гууд руу өвсөө тараадаг байжээ. Ийм л Ази, Европыг холбосон төмөр замын зангилаан дээр Эрээнцавын өртөө оршин байна.
Эрээнцав өртөө гэж ёотон  шиг дөрвөлжин цагаан байшинд төмөр замын хэдэн ажилчид сууж байна. Эндээс  ачаа тээврийн хувьд маш хямд зардлаар аймгийн төв рүү явдаг байна. Нэг вагонд 60 гаруй тонныг ачдаг байна. 60 тонн ачааг 300 мянган төгрөгөөр ачиж аймгийн төв оруулдаг гэдгийг Эрээнцав өртөөний ажилчид хэлж байна лээ. Хилээр ачаа тээвэрлэх боломжтой гэсэн. Гэхдээ Монголоос Орос руу ачаа гаргадаг хүн байхгүй аж. Харин Оросоос энэ боомтоор зүүн гурван аймгийн хэрэгцээг хангах шатахуун орж ирдэг байна. Үүнээс өөр хөл хөдөлгөөн огт байхгүй гэсэн. Төмөр замын ажилчид вагон явчих юм бол хийх ажилгүй шахам суудаг. 1930-1990 он хүртэл Эрээнцав боомт хөл хөдөлгөөнд дарагдсан газар байжээ. Оросууд энэ төмөр замыг бидэнд барьж өгсөн түүхтэй. Соловьевск-Эрээнцав-Баянтүмэний өр­гөн царигийн 238 километр төмөр замыг барьж байсан түүх нь Халх голын дайнтай шууд холбоотой юм. Түүхэнд зарлаагүй дайн нэрээр үлдсэн Халх голын дайнд Японы цэргийн 50 гаруй мянган хүн, Монгол, Зөвлөлтийн 18,5 мянган хүн амь насаа алдсан ширүүн тулаан болсон хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тулааны үед хэрэглэгдсэн бүх буу, зэвсэг, техникүүдийг энэ замаар зөөсөн аж. Анх Японы түрэмгийлэгчдийн эсрэг хүчээ зузаатгахын тулд яаралтай ачаа тээвэрлэхэд эхний ээлжинд гурван мянга гаруй танк, пулемёт гэх зэрэг техник, мянга гаруй автоцистерн хэрэгтэй гэх мэт тооцоог гаргаж цэргийн анги, дивизийн өдөр тутмын хэрэглээг тасралт­гүй хан­гах ачаа тээвэр, анги сал­­барын ажилтнууд, байл­дагчдыг тээвэрлэхийн тулд энэхүү төмөр замыг 1939 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулж байжээ. Буу зэвсэг, тоног төхөөрөмж цэрэг, хоол хүнс гээд хойд хөршөөс ирсэн бүх зүйлс энэ боомтоор дамжин төмөр замаар ирдэг байсан талаар нутгийн иргэд ярих юм. Халхголын дайн дууссанаас хойш Эрээнцавын сангийн аж ахуй байгуулагдаж атар газрыг хагалж тариа тарих ажил энд өрнөсөн байдаг. Газар тариалангийн бүх тех­­никүүд энэ боомтоор ирж байжээ. Эрээнцавын боомтоор Оросоос нарийн ноост хонийг олон мянгаар оруулж ирж байжээ.
Энэ мэтээр төмөр замыг ашигладаг байж. Харин 1990 оноос хойш долоо хоногт хоёр удаа галт тэрэг явахаас өөр хөдөлгөөнгүй байна.
Эрээнцаваас явсан төмөр зам Чойбалсан хот хүрээд л төгсөнө. Аймгийн төв хүр­тэлх мухар замтай гэсэн үг. Энэ мухар төмөр замыг цааш үргэлжлүүлж Улаанбаатар хотын төмөр замтай холбочих юм бол Зүүн өмнөд Азийн зах зээлийг холбосон төмөр зам энд байна. Хэрэв энэ зам ашиглалтад орчих юм бол Япон, Солонгос зэрэг 200-300 гаруй сая хүн амтай Зүүн хойд Азийн орнуудын зах зээлийн үүд хаалга манай оронд цэлий­­тэл  нээгдэж байна гэсэн үг юм. Монголоос уул уурхайн бүх л баялгийг Хятадын зах зээлээс хамааралгүй дэлхийн зах зээлд нийлүүлэх боломж энд харагдаж байна. Мөн Зүүн Азийн орнуудаас машин, техник, тоног төхөөрөмжөөс авахуулаад нефть гээд бүх зүйлсийг маш хямд үнээр оруулж ирэх боломж бай­на. Үүнийг манайхан огт анзаа­рахгүй байсаар өдий олон жилийн нүүрийг үзэж байна. Монгол Улсыг хөгжилд авчрах гарц бүхий төмөр зам хэзээ ашиглах нь тодорхойгүй олон жилийн нүүрийг үзжээ. Уг нь энэ төмөр замыг ашиглах талаар нэлээд ажил өрнөсөн боловч одоо таг зогсчээ. Сайншанд-Чойбалсанг хол­босон төмөр зам барих ажил 2011 онд эхэлсэн. Нэг км өргөн царигтай төмөр зам барихад ойролцоогоор 2.2-2.5 сая ам.доллар зарцуулах шаардлагатай гэсэн тооцоог гаргасан байдаг. Хэдийгээр их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй ч энэ замыг барьснаар манай улс олон улсын зах зээлд өрсөлдөх чадамж, нэмүү өртөгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нээгдэх талаар холбогдох хүмүүс ярьж байсан. Манай улс жилд 60 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох тоо­цоо гаргаад байгаа. Үүнийг машины тэвшээр зөөгөөд байх нь хэцүү. Тиймээс төмөр зам зайлшгүй хэрэгтэй. Тэгэхээр энэ төмөр зам ашиглалтад орвол 60 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүний ихэнх хувийг тээвэрлэх нь гарцаагүй. Дорнын тал нутаг өрнийг холбо­сон хамгийн дөт төмөр замыг холбох ажил баригдах эсэх нь одоогоор эргэлзээтэй байна.
Энэ талаар Чулуунхороот сумын Засаг дарга З.Гэрэлт-Од “Хэдийгээр манай сум хөгжил муу ч гэсэн хүнд хэцүү үеэ даван туулсан гэхэд бол­но. 1990 оноос хойш сумын иргэдийн амьдрал хүнд байсан нь үнэн. Тэр байдлаасаа бид гарч эхэлж байна. Харин одоо Чулуунхороот сум хэрхэн хөгжих вэ гэсэн асуудал байгаа юм. Чулуунхороот сумыг Монгол Улсын хөгжлийн цэг дээр оршин байгаа сум гэж ойлгодог. Сайншандыг Дорнод аймгийн төвтэй холбох төмөр зам барих ажил уг нь эхэлж байсан юм. Гэтэл ажил нь зогсоод байгаа гэж сонссон. Бид хурдхан шиг л ашиглалтад ороод манай боомтоор галт тэрэг гардаг болоосой гэж хүсэх юм. Хэрэв төмөр зам холбогдоод ачаа тээврийн галт тэрэг яваад эхэлбэл манай сумынхныг амьдрал ч дагаад хөгжинө. Эндээс 80 хүрэхгүй километрийн цаана хоёр улсыг холбосон төмөр зам байна. Тэр замаар уул уурхайн олборлосон нүүрс зэргээ гаргаж болно. Мөн эргүүлээд Япон, Солонгос зэрэг улсаас автомашин болон бусад зүйлсийг тээвэрлэж болно. Аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбочих юм бол мөн л хоёр улсыг холбосон хурдны зам энүүхэн хойно хилийн цаана байна. Автомашины тээврээр биш галт тэрэгний тээврээр уул уурхайн бүтээгдэхүүнээ гаргаж чадвал бид дэлхийн зах зээлд өрсөлдөж чадна” хэмээн ярьж байна лээ.    

Үргэлжлэл бий
Э.ХҮРЭЛБААТАР
 

Categories
мэдээ нийгэм

“Тэнгри холдинг”-ийн Х.Анхбаяр нарын хэргийг шүүх хурал болж байна

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр их хэмжээний мөнгө угаасан, авлига өгсөн, авсан хэрэгт шүүгдэгчээр татагдсан Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан, “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр нарын дөрвөн хүний хэргийг шүүх хурал өнөөдөр болж байна.
Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газраас Д.Амарсайхан нарын дөрвөн хүнд Эрүүгийн хуулийн 166.2, 268.2, 269.1-д заасан зүйл ангиудаар буюу онц их хэмжээний мөнгө угаасан, хээл хахууль өгсөн, авсан хэрэгт буруутгасан хавтаст хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тус шүүхийн эх сурвалжийн мэдээлснээр “Хэргийн нэг шүүгчдэгч амь насаа алдсан тул хэргийг нээлттэй хэлэлцэх эсэх, хэргийг түр түдгэлзүүлэх, тусгаарлах эсэхийг хэлэлцэж байна. Шүүгдэгчдийн нэг нас барсан тохиолдолд хэргийг нь тусгаарладаг. Гэхдээ энэ асуудлыг хараахан шийдвэрлээгүй байна” гэв.

Categories
мэдээ цаг-үе

О.Эрдэнэбулган: Хөрөнгө оруулагчдын сонирхол илт сэргэж байна


Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулгантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт буурснаас үүдэж энэ салбарт үйл ажиллагаа явуул­даг 1000 гаруй компанийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байна гэсэн мэдээлэл байна. Үнэхээр нөхцөл байдал хүндхэн байнаа даа?
-2013 онд гадаадын хөрөнгө оруулалт буурсан тал бий.
Хөрөнгө оруулалт буурахад олон хүчин зүйлс нөлөөлсөн. Дэлхийн эдийн засгийн сул байдал, Евро бүсийн эдийн засгийн хямрал, хөрөнгийн зах зээл дээрх компаниудын үнэлгээ буурсан нь олон улсад хөрөнгө оруулагчдыг түгшээж, хүлээлтийг  бий  болгосныг  хүн бүр мэдэж байгаа. Дотоодод бол өмнөх УИХ, ЗГ-аас баталсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль, Урт нэртэй хууль зэрэг  гэнэтийн хуулиуд батлагдаж гадаадын хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэж байсан олон хүчин зүйл байсан. Гэхдээ саяхан УИХ-аар баталсан Хөрөнгө оруулалтын тухай хууль болон хөрөнгө оруулалтыг дэмжихээр Засгийн газраас авч хэрэгжүүлж  байгаа арга хэмжээнүүдийн үр дүн эхнээсээ харагдаж эхэлж байна гэж үзэж байна. Хөрөнгө оруулагчдын хандлага ч нааштайгаар эргэж эхэлж байна. Үүний жишээ энэ онд Оюу Толгойн далд уурхайн санхүүжилтийг тооцохгүйгээр  манай геологи,уул уурхайн салбарт 850 тэрбум төгрөг, газрын тосны салбарт ойролцоогоор 1,2 тэрбум төгрөг нийтдээ 2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Ер нь бол гадаадын хөрөнгө оруулалт 2012-2013 онд буурсан шалтгаан бол ойлгомжтой. Тухайн ашигт малтмалын зах зээл  дээрх үнэ  буурахаар тэр салбар хийгдэх хөрөнгө оруулалт буурдаг. 2012 оныг 2013 онтой харьцуулахад манай гол нэрийн экспортын хувь 4-40 гаруй хувиар унасан. Тухайлбал нүүрсний үнэ 42.3 хувиар. Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт 2012 оноор дууссан. Оюутолгой төсөлд 2011, 2013 онд жилд дунджаар 2 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж байсан бол 2013 онд 100 гаруйхан сая ам.доллар болж анхны хөрөнгө оруулалт дууссан. Дараагийн далд уурхайн хөрөнгө оруулалтын тухайд хөрөнгө оруулагч нэг их яарахгуй байгаа. Энэ төслийн бутээн байгуулалт, санхүүжилттэй холбоотой бух эрх хөрөнгө оруулагчид байгаа.Уул уурхайн яам, ЗГ дэмжиж байгаа гэдгээ хэлсэн байгаа. Хөрөнгө оруулалт буурахад нөлөөлсөн бас нэг том шалтгаан бол. 2012 оны сонгуулийн өмнө баталсан зарим хууль, сонгуулийн үеэр ЗГ- с гаргасан шийдвэр. Өөрөөр хэлбэл эдгээрээс болж хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин тогтворгүй гэдэг нэртэй болсон. Шүүхээс цуцалсан  106 тусгай зөвшөөрөл, урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх ЗГ- ын 2012 оны 6 сарын тогтоол. Төр өөрөө тусгай зөвшөөрөл өгчихөөд хөрөнгө оруулалт хийчихээр нь дахиж хууль гаргаж хүчингүй болгож тэднийг хохироогоод хохирлыг барагдуулахгуй болохоор хөрөнгө оруулагчид итгэнэ гэж үү. Эдгээр эрх зүйн шийдвэрээс болж 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт ур дүнгүй зогсож, цаашид хийгдэх тэрбум, тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэхгүй боломжгүй болсон байх аа.
-Д.Ганхуяг сайд ч тэр та ч тэр их л өөдрөг зүйл ярих юм. Гэтэл эдийн засаг хямарч байгаа талаар байнга л яригдсаар байгаа. Эсвэл танай салбарт итгэл төрөх үзүүлэлтүүд харагдаад байгаа юм уу?
-Энэ оны эхний улирлын статистик мэдээллийг харахад тодорхой эерэг үзүүлэлтүүд гарч байна. 2014 оны эхний улирлын байдлаар гадаадын хөрөнгө оруулалт 540 сая ам.доллар болсон байна. Уул уурхайн салбарын аж үйлдвэрийн өсөлт 20 гаруй хувиар, экспортын хэмжээ мөн оныхоос 20 орчим хувиар нэмэгдсэн байна. Гадаад худалдааны алдагдал буурч байгаа нь нийт эдийн засагт эерэг нөлөө үзүүлж эхэлж байна. Манай улсын нийт экспортын 90 орчим хувийг уул уурхайн салбар дангаар бүрдүүлдэг. Энэ өсөлтөд зэс, түүхий газрын тосны үйлдвэрлэл, экспорт нэмэгдсэн нь нөлөөлсөн. Хэдийгээр манай уул уурхайн салбарын экспортын голлох түүхий эдийн үнэ буурсан ч гэсэн нүүрсний экспортын биет хэмжээ өмнөх оныхоос өссөн.  Өнөөдрийн байдлаар 6 сая орчим тонн нүүрс экспортлоод байна. Энэ онд 31 сая тонн нүүрс экспортлох  зорилт тавьсан.Үүнийгээ биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Төмрийн хүдрийн экспортын гол зах зээл болох өмнөд хөршид энэ түүхий эдийн үнэ 40-50 хувиар унасан нь компаниудад дарамт учруулж байна. Гэхдээ төмрийн хүдрийн экспортыг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа.
-Гэхдээ л  сонин хэвлэлд таны хэлж байгаагийн эсрэг зүйл бичиж байна. Ялангуяа хөрөнгө оруулалт буурсан нь уул уурхайн салбарын алдаатай бодлогын уршиг гэж дүгнэж  байгаа?
-Би санал нийлэхгүй байна. Гэхдээ энэ салбарт бүх зүйл 100 хувь болж бүтэж байгаа гэж  бас хэлмээргүй байна. Бид бас олон сорилт, бэрхшээлтэй тулгарч байгаа, гэсэн ч энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй нийт оролцогч нартайгаа хамт шийдээд явах болно. Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч. Энэ салбарын өсөлт нь ДНБ-ий 7,3 хувийн өсөлтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр  байна. 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ, Засгийн газар нь энэ салбарыг дэмжсэн олон чухал бодлого гаргаж, энэ салбарын үйл ажиллагааг ил тод, нээлттэй, хариуцлагатай байх чиглэлээр ажил хийж байгаа. Шинэчлэлийн Засгийн газар, Уул уурхайн яамны зүгээс энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжихэд бодлогоо чиглүүлж ирсэн. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, бүтээн байгуулалтыг дэмжих үүднээс Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг УИХ-аар  батлуулсан. Асуудлыг хамтдаа шийдээд цаашаа явахын тулд  бид уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй бүх талын төлөөллүүдтэй нягт хамтран ажиллаж байгаа.
-Хөрөнгө оруулагчид ер нь юу хүсэж байна.  Төрөөс гаргаж буй хууль тогтоомж, шийдвэр нь тэдний хүлээлтэд нийцэхгүй байгаатай энэ бүхнийг холбож ойлгож болох уу?
-Хөрөнгө оруулагчид хууль, дүрэм ийм тийм байна гэхээсээ илүү тодорхой, урт хугацаанд тогтвортой, ил тод эрхзуйн орчныг  хүсэж байгаа. Тэдэнд ойлгомжтой тогтвортой “тоглоомын дүрэм” л хэрэгтэй.
-Олон улсын нөлөө бүхий сонин “Financial times”-д Уул уурхайн сайд Д.Ганхуягийг “dickhead” буюу тэнэг толгой гэж доромжиллоо гэсэн мэдээлэл гарсан. Салбарын тань сайдыг дэлхий нийт үнэхээр ингэж үнэлж байгаа хэрэг үү?
-“Financial times” сонинд ийм мэдээлэл гараагүй л дээ. Энэ асуудлаар манай яамны зүгээс “Financial times” сонинд албан ёсоор хандсан. Энэ сонины газраас манай яаманд хандаж хувь хүний блог байсан, манай сонинд ийм зүйлнийтлэгдээгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Энэ мэдээллийг нийтэлсэн Монголын зарим сайтууд буруу мэдээлэл гаргасандаа залруулга хийсэн. Харин ч Д.Ганхуяг сайд Канад улсад болсон Олон улсын хөрөнгө оруулалтын чуулганы /PDAC/ үеэр Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх хууль эрх зүйн таатай орчин бүрдэж байгаа талаар маш дэлгэрэнгүй танилцуулж, хөрөнгө оруулагчдад эерэг ойлголт төрүүлж чадсан.
-Сайд нарын давхар дээлийг тайлах асуудлыг УИХ-аар хэлэлцсэн ч бүдэрсэн. Гэвч зарим нэг сайд өөрийнхөө хүсэлтээр сайдынхаа суудлаас буулаа. Сайд нарын давхар дээлийг тайлах асуудал хэсэгтээ л намжихгүй нь бололтой. Давхар дээлээ нэн яаралтай тайлах ёстой сайд нарын тоонд Уул уурхайн сайдыг багтаасан байна билээ?
-Уул уурхайн салбарыг улс төржүүлэхгүй байх ёстой. Үүнд хэвлэл мэдээллийнхэн та бүхнийг ч анхааралтай хандаасай гэж хүсэж байна.  
-Энэ асуултыг асуусны шалтгаан нь Д.Ганхуяг сайд давхар дээлээ тайлснаар таныг дараагийн Уул уурхайн сайд болох магадлалтай хүмүүсийн жагсаалтад багтаасан байсантай холбоотой юм л даа?
-Монгол Улсын уул уурхайн салбарыг Д.Ганхуяг сайд удирдаж байгаа. Уул уурхайн яам байгуулагдсан цагаас хойш Д.Ганхуяг сайд бид хоёр гар нийлж ажиллаж  байна. Энэ хугацаанд бодлогын баримт бичиг, салбарын хууль эрхзүйн шинэчлэл гээд олон зүйлээ тодорхой болгохоор бид хамтдаа нойр хоолгүй ажилласан. Асуудлаа  ойлгосон ажлаа мэддэг баг бүрдсэн. Одоо бол ажиллах л цаг.  Биднийг цаг хугацаа хүлээхгүй шүү дээ. Хоосон улстөржилтөөс бид юу ч хожихгүй .Одоо Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны тухай хуулийг УИХ баталчихвал, энэ салбарын эрх зүйн орчин эргээд урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой, өрсөлдөх чадвартай болно. Ер нь хөрөнгө оруулагчдын сонирхол илт сэргэж байна.
-УИХ-аар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруу­лах хуулийн төслийг хэлэлцүүлж байна. Гэвч энэ хуулийн төсөлтэй хол­боотой санал шүүмжлэл их байна. Тухайлбал УИХ дээр хэлэлцүүлгийн шатанд явж буй Стратегийн ач холбогдол бүхий ордод нэмж хамруулах долоон ордыг энэ хуульд хамааруулсан асууудал хөндөгдөөд байгаа. Ингэсэнээр Засгийн газар өөрийн хувь оролцоон дээр бусадтай наймаа тохиролцоо хийх боломж нь нээгдэж байна гэсэн зүйлийг  УИХ дахь МАН-ын бүлгийнхэн тавьж байгаа?
-Долоон ордыг стратегийн ордод хамааруулах асуудал бол одоогийн энэ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй огт холбоогүйгээр өнгөрсөн онд буюу 2013 оны 5 сарын 31-д УИХ-д өргөн баригдсан. Уг төсөлд  одоогоор хучинтэй байгаа хуульд зааснаар стратегийн ордын шалгуурыг хангасан,  мөн компани нь өөрөө хүсэлт гаргасан 7 ордыг хамруулахаар тусгасан байдаг. Саяхан уг асуудлыг Засгийн газар эргүүлэн татсан. Учир нь энэ асуудлыг 2014 оны 1 дүгээр сард батлагдсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигтэй уялдуулах шаардлага бий болсон. Эдгээр ордоос газрын ховор элементийн ордуудыг хууль батлагдтал хүлээж, нэгэнт орон нутаг нь Хөшөөтийн нүүрсний ордын стратегийн ордод хамруулья гэсэн саналаасаа татгалзсан учир энэ саналынх дагуу шийдвэрлэж, компани нь хамруулах хүсэлтэй байгаа Гачуурт зэрэг 2 ордыг стратегийн ордод хамруулах УИХ- ын тогтоолыг төслийг бэлтгэж байна.

Б.НЯМ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН захлаад гэдийчихлээ, одоо хөрөнгө оруулалтыг мөрөөдөөд ч хэрэггүй

МАН буюу хуучин МАХН завсарлага авах, шинэчлэлийг улдан чангаахдаа алдартай. Энэ тэдний гэм биш зан л даа. Эд нар  хуучин яаж завсарлага авч байсныг эргэн саная. Улсын бага хурлын дэд даргаар Ц.Элбэгдоржийг нэр дэвшүүлэхэд одоогийн энэ МАН Н.Багабандийг сөргүүлж дэвшүүлээд гурван сар ажил хийлгээгүй. Тэрнээс болж хуульд өөрчлөлт оруулж байж бүлэг бүрээс дэд даргатай байхаар заалт оруулсан. Үндсэн хууль баталж байхад мал төрийн хамгаалалтад байна гэдгийг хэлэлцэхэд хэд хоног уяв.   Малыг малчдад, орон сууцыг иргэдэд, иргэн бүр  гадаад паспорттой болох асуудлыг хэлэлцэхэд мөн л  гацааж байв.  
1996-2000 онд АН эрх барьж байхад ер ажил хийлгээгүй. Бараг л санаачилсан хууль болгоныг нь гацаадаг байсан. Эсвэл өөрсдийн саналыг тулгаж барьцаалддаг.  Одоогийн МАН тэр дөрвөн жилд дөрвөн удаа засаг унагаж, улс төр хийхээс өөр ажил хийгээгүй. АН-ынхныг ч ажил хийлгээгүй. УИХ-ын дэд даргад Р.Гончигдоржийг дэвшүүлэхэд мөн л завсарлага авсан. Ерөнхий сайдад Да.Ганболдыг дэвшүүлэхэд долоон удаа буцааж байлаа. Гурав,  дөрвөн сар ажил уяж үүнийх нь үр дүнд төсөв цалингаа тавьж чадахаа байж, орлон гүйцэтгэгчтэй өчнөөн удаж, ард түмэн амаараа шороо үмхэж элгээрээ хэвтсэн. Энэ хэнд ашигтай байв. Зөвхөн энэ намд ашигтай байсан биз. Үүнийг Ц.Элбэгдорж “АН ялсан нэртэй боловч улс төрийн гянданд  өнгөрүүлсэн дөрвөн жил” гэж хэлж байсан. Дөрвөн Засгийн газрын нүүр үзэж, завсарлагыг хүссэн хугацаагаараа авдаг байсан даа. Харин сүүлд энэ утгагүй байдалд бага ч болов хаалт хийх гэж ажлын таван өдөр л завсарлага авч болохоор хуульчилсан.  МАН 1996-2000 онд эхэндээ завсарлага авч ажил хийлгэхгүй байсан бол сүүлдээ АН-ын урвагчид буюу Элсний 13-тай дөрөө харшуулж засаг унагах л тоглолт хийдэг болж билээ. Бусад нь тэдэнд үнэндээ ямар ч хамаагүй байв. Тэр тусмаа улс орон  яах нь ямар ч хамаагүй, зөвхөн улс төр хийх нь чухал байсан юм.  Энэ дөрвөн жилд  АН эрх барьж байгаа нэртэй ямар ч асуудал шийдэж чадахгүй нь. Ер нь бол шийдүүлэхгүй нь л дээ, сөрөг хүчин нь. Тэртээх  дөрвөн жил улс төрийн гянданд байлгаснаас болж  дараагийн сонгуулиар АН цэвэр ялагдал амсч,   Л.Гүндалай л  парламентад намаасаа ганцаар суухдаа  өөрийг нь хэн ч сонсохгүй болохоор цаасан дээр үгээ бичиж, УИХ-ын дэд дарга хойноос нь муур, хулгана болж байж, барьсан цаасыг нь урж хаяж байлаа.  
    АН-ын ялагдал дүүрч. Улс орон элгээрээ мөлхсөн. Энэ үед Н.Энхбаярын хаанчлалын үе эхлэв. Яг энэн шигээ эдийн засгийг эрчимжүүлэх  зуу хоног гэж ярьж байгаад МАН-ынхан гэнэт арав хоног болгож оруулж ирж тулгаад  захалчихлаа. Үүнээс болж төр засгийн үйл ажиллагаа арав хоногийн дараа зогсоно. Энэ МАН-ынхны улс төр.  Хэний ч мэдээжийн юу гэж эдийн засаг арав хоногийн дотор өргөс авахын дайтай сайжрахав. Тиймээс энэ засаг унана.  Эрхбиш орлон гүйцэтгэгчтэй хэсэг хугацааг авах биз. Үүнд МАН баярлана. Ард түмэн хохирно. Ирэх жилийн ес эхэлтэл дахиад засаг байгуулах нүсэр ажил өрнөнө. МАН-ын шаардлага дотор энэ засгийн хийж чадахгүй, боломжгүй  зүйлийг тусгасан байна лээ. Ханшийг  Засгийн газар биш УИХ л Монгол банкныхнаа дуудаад шийдэх асуудал. Удирдлагыг нь эндээс л сонгодог. МАН өнөөдөр УИХ-ын тэн хагасыг шахам бүрдүүлчихээд бурууг засагт өгөөд сууж байгаа нь хачин шүү. МАН-ынхан эдийн засаг муу, улс орон хэцүүдэж,  улс амьтан уурлаж бухимдаж байвал баярлаад байх шинжтэй. Ардчилсан нам, эрх баригчид  л муу гэж хэлбэл тэр улс орон хэцүүдэх ч МАН-д ёстой пад алга. Ингээд засаг унах нь тодорхой болох нь. МАН-ын  шаардлагыг биелүүлэх гэж  ямар ч шидтэй бирд гарч ирээд ч арав хоногт  эдийн засаг сайжрахгүй. Н.Алтанхуяг яаж ч мяндсан ухаан гаргаад хүчрэхгүй. Долларын ханш энэ янзаараа 2000 давахад хөрөнгө оруулалт бүхэлдээ зогсоно. Үүний нэг дохио нь Ашигт малтмалын хуулийг унагасан явдал. Хөрөнгө  оруулагчдын ганц найдвар тавьж байсан, хонгилын үзүүр дэх гэрэл энэ байлаа. Хөрөнгө оруулагчид Монголд дургүйдээ, сонирхохгүй бай­гаадаа нүүр буруулсан юм биш. Монголын засаг төр тогтворгүй, хууль нь хэзээ яаж ч өөрчлөгддөг уч­раас болгоомжилдог, нүүр буруулдаг. Яг энэ болгоомжлолыг улам баталж, хамгийн их сонирхож байгаа хуулийг нь унагаж, төрийг тогтворгүй болгож орхилоо. Хөрөнгө оруулагчид нүүрээ буруулахаар эдийн засаг өөдлөхгүй.
МАН-ынхны ийм улс тө­рийн шантаажаас болж энэ зуны бүх бүтээн байгуулалт зогсоно. Өнөөдрийг хүртэл хийсэн улс төр нь  Засгийн газрыг ажиллуулах боломж олгосонгүй. МАН-ынхан юу­наас болж гэдийж захлав. Гол нь АН МАХН-тай гэрээ байгуулснаас болж дургүйцэв. АН-ын МАХН-тай гэрээ байгуулахад  дургүйцсэн АН-ын зарим хүчнүүд ч үүнд  нэгдээ биз.  Ингээд нөгөө зуу хоногийн мөрөөдөл өнгөрөх шиг болов.
Эх орноо ингэж хорлохоо боливол яасан юм. Ард түмэн  та нарыг мэдэж байгаа шүү дээ, МАН-ынхаан. Эхний удаа Монголыг ядууруулж засаг барьсан. Одоо харин ард түмэн та нарыг уучлах уу. Өнгөрсөн нэгдүгээр сард Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах болоход ажлын тав хоног завсарлага авсан. Царцаасан барилгуудад хийсэн аудитын шалгалт хийх үеэр бас л олон хоногийн завсарлага аваад л алга болсон. Ердөө л ажил хийлгэхгүй арга сэдэж, ирэх сонгуульд АН юу ч хийгээгүй гэж хэлээд сууж байх гэж л ингэж байна. Сүүлдээ МАН-ынхан АН-ын гал тогоонд орж, дотоод асуудалд  хутгалдах болов. Өөрсдөө болохоор УИХ-ын гишүүнийг сайдын албатай давхар хашиж болоод байдаг, Ардчилсан нам эрх барихаар болохоо байчихлаа гээд завсарлага авдаг. Х.Тэмүүжин сайдын асуудлыг хэлэлцэхэд ч завсарлага авлаа л гэсэн. Ингэж ажил гацаачихаад дараа нь эрх баригчид юу ч хийгээгүй, бүтээгээгүй гээд л сууна. Түүх  давтагдахаараа эмгэнэл болдог. 1996-2000 давтагдах шинжиндээ орлоо. Яг л тэр түүхийг давтахаар МАН улайрч эхлэв.

Categories
мэдээ нийгэм

Railbus Толгойтоос Амгалан хүрэхдээ найман байршилд зогсоно

Хотын захиргаа “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгтэй хамтран төмөр замын RAILBUS-ыг Амгалан-Толгойтын чиглэлд ирэх сарын 6-наас эхлэн үйлчилгээнд оруулахаар  төлөвлөөд байгаа. Энэ “Railbus” нь  136 хүний суудалтай, 150-200 хүн зорчих боломжтой, нэг замтай үед өдөрт гурван  удаа, хос замтай үед өдөрт зургаан  удаа 100 км/цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих юм. Төлөвлөж байгаагаар өглөө, өдөр, орой нийт 5 удаагийн тээвэрлэлт хийж Толгойтоос Амгалан хүрэхдээ Таваншар, Барс-2 захын зүүн тал,  Вокзал, Дундгол, Нарантуул, Улаанхуран гэсэн байршлуудад зогсоно. Зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Railbuss-ийн шинээр байгуулж байгаа зогсоолуудад явган зам, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэлээ тохижилтын ажлыг цогцоор нь хийж эхлээд байгаа юм. Мөн Улаанбаатар төмөр зам өөрсдийн зардлаар Толгойт Амгалан хоорондын төмөр замын аюултай бүсийг хашаажуулж, төмөр зам орчмын хорооллыг дуу чимээнээс тусгаарлах ажлыг хийх аж.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Нууц гэж байхаа больжээ

Барьж байгаа утаснаас эхлээд энэ дэлхий дээрх юм бүхэн ухаалаг болж байна. Мэдээж амьдарч буй нийгэм, эдэлж хэрэглэж байгаа эд юмс хүртэл  ухаалаг болоод байвал  сайхан. Гэвч сайны хажуугаар саар байдаг хүний хорвоо хойно. Ямар нэгэн дутагдал ямагт дагадаг жамтай аж. Яагаад гэвэл нийгэм, эд юмс ухаажих тусам нууц юм гэж байхаа больдог юм уу даа.
Саяхан нэг бүсгүй ярьж байна. Фейсбүүкийнхээ хаягийг хичнээн өөрчлөвч хартай найз залуу нь хэзээд хакердаад олчихдог гэнэ. Шальтай хардахаар зүйл байхгүй ч харааж, зүхээд амар заяаг нь үзүүлдэггүй болсон байна. Гэх мэтчилэн интернэт ертөнцтэй холбоотой хачирхалтай зүйлүүд энэ нийгэмд дүүрэн байна. Ер нь тэгээд бусдын фейсбүүк, твиттер, мессенжерт нэвтэрдэг нууц код гэдэг чинь цагдаа, хүчнийхэнд битгий хэл энгийн иргэдэд юу ч биш болсон цаг бололтой.  Нөхөртэй нь учир ургуулсан эмэгтэйн фейсбүүкийн нууц кодыг хакердаж, бусадтай юу бичилцсэнийг нь олж аваад твиттерээр тарааж, нүүрийг нь ч “шарж” байх шиг. Эхнэртэйгээ муудалцвал тэр даруй интернэтэд хэрүүлээ  бичээд тавьчихаж ч байх шиг.  Ингээд бодохоор энэ ертөнцөд нууц гэж зүйл байхаа больжээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ эдийн-засаг

Тэрбумын хөрөнгөтэй Засаг дарга төсвийн мөнгөөр байр авчээ

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг 2013 оны төсвийг тодотгохдоо шинэчлэл хийж, тансаглалыг танасан хэмээн онцолсон. Гэсэн ч энэ үед засаг ноёд хэрхэн тансаглаж байсны  жишээг иш татах гэсэн юм. Дархан-Уул аймгийн  Засаг дарга С.Насанбат төсвийн мөнгөнөөс 70 сая төгрөг гаргуулан, дөрвөн өрөө орон сууц Дарханы төвд авсан байна.  Мөн ондоо тэрбээр албан хэрэгцээндээ машин худалдаж авахад зориулан 153  сая төгрөгийг гаргуулахаар татвар төлөгчдийн халаас руу гараа шургуулав.  Дархан-Уул аймгийн иргэн О.Гэрэлмаа  Засаг даргаа дээрх шалтгаанаар  Авлигатай тэмцэх газарт өгсөн юм билээ.
Авлигатай тэмцэх газраас иргэн О.Гэрэлмаад ирүүлсэн хариудаа “Танаас гаргасан гэмт хэргийн шинжтэй мэдээллийг хянан үзэх явцад С.Насанбат… нь албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан хэтрүүлэх, хээл хахууль өгөх авах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байх тул таны гаргасан мэдээлэлд … эрүүгийн хэрэг үүсгэхээс  татгалзав” гэжээ.  Хуулийн хүрээнд үйлдэгдсэн дээрх тансаглал АТГ-т хэрэг үүсгэх шалтгаан болохгүй байж болох ч эдийн засгийн хямралд өртөж, өрхийн төсөвтөө өдөр бүр таналт хийж, хэрэглээгээ хасч байгаа жирийн иргэний хувьд хүлээн зөвшөөрөх аргагүй жишиг.
Албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг нийтэд цацагдсаны дараа хэвлэлийнхэн тэрбумтан Засаг дарга нарыг зарласан агаад Дарханы Засаг дарга айргийн тавд жагссан билээ.  С.Насанбат дарга өрхийн төсвөөсөө нэг их танахгүйгээр хадгаламжийн дансан дахь 379 сая 178 мянган төгрөгөөсөө   байр авчих бэлтэй эр. Гэсэн ч тэр ядуу  төсвөөсөө  орон сууцныхаа үнийг гаргуулахаас санаа  зовсонгүй.  Ингэхэд Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг төсвийн тансаглалыг танах тухай PR-дахын өмнө тэрбумтнуудад хуулийн хүрээнд тансаглах боломж олгосоор буй Засгийн газрын элдэв хуучирсан тогтоолуудаа эргэж хармаар юм.
Төрийн алба хашиж байгаа албан тушаалтнуудыг төр байраар хангаж болно л доо. Хэрэв С.Насанбатын оронд хэн нэгэн багш, эмч, зохиолч байсан бол төрийн мөнгөөр байр авч өгөхөд хачирхах юмгүй. Харин С.Насанбат төсвийн мөнгийг хэмнэсэн бол  ёс зүйтэй харагдах л байсан.
Засаг даргад автомашин худалдаж авахдаа гул барьсан Засгийн газрын тогтоол байдаг нь  2011 оных. Харшил хөдлөхөөр шог заалт энд бас байна аа. Засгийн газрын 233 дугаар тогтоолд  “Төр засгийн үйлчилгээний  авто баазын  талаар авах зарим арга хэмжээний тухай”  тогтоолын дөрөвдүгээрт  Засгийн газрын гишүүн болон  түүнтэй адилтгах албан тушаалтны хэрэгцээнд  үйлчилж байгаа  автомашины нормыг 100 мянган км-ээр тогтоож, дөрвөн жил тутам шинэчлэх арга хэмжээ авч байсугай” гэжээ.  Нийтийн тээврийн автобус 12 жил “гүйх” стандарттай байдаг.   Засаг дарга нар ямар саранпай юм унав л  гэж. Өмнөх даргынх нь машин боломжийн унаа  байсан нь тодорхой. Гэтэл дарга нар дөрвөн жил тутам машинаа сольж тансаглах нь төсвийн мөнгийг үрэлгэн зарцуулж буйн тод жишээ. Тэдний машиныг дөрвөн жил тутам сольдоггүй бол нийслэлийн нийтийн тээврийн хөгшин автобуснуудыг шинэчлэх  хэмжээний мөнгө хэмнэгдэх л байлаа. Ядаж байхад  дарга нар хямдхан тэрэг сонгох биш. Зах зээлийн ханшаас дээгүүр үнээр л машинтай болно шүү дээ.
Дархан-Уул аймагт ийнхүү тэрбумтан Засаг ноёноо татвар төлөгчдийн мөнгөөр эрхлүүлж байхад аудитын газар нь хориглосонгүй.  Аймгийн иргэдийн хурлын  төлөөлөгчид нь ч төсвийн мөнгийг хэмнэх талаар сануулсангүй.  Дарханд МАН ээлж халаагүй засаг барьсан болохоор  албан тушаалтны хэргийн  мэдээлэл  дарагдаад өнгөрөх нь олонтаа.    Дархан-Уул аймагт төрийн данснаас 430 сая төгрөг  шамшигдуулсан хэрэг гарч байхад  дарханчууд бараг л мэдээгүй өнгөрсөн. Орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдээр  энэ хэргийн шүүх ажиллагааг дурдаа ч үгүй.  Д.Хаянхярваа гишүүнийг Засаг дарга байх үед тус аймгийн  Төрийн сангийн даргаар ажиллаж байсан Э.Наранбаатар, аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Д.Нямхүү нар төсвийн мөнгийг завшиж, энэ хэрэгтээ аймгийн цэцэрлэг, сургуулийн эрхлэгчид, нягтлан бодох нарыг  хутгах дөхсөн билээ.  С.Насанбатын хуулийн хүрээн дэх тансаглалын зах зухаас дурдахад л ийм. Илүү ноцтой хэрэг гарсан ч байсан олон нийт хэзээ хойно мэдэх байх даа.
Иймэрхүү нөхцөлд иргэний аудит  найдвар төрүүлнэ.  Шилэн данстай хамт иргэдийн аудит гэсэн нэр томъёо Монголын нийгэмд орж ирсэн юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шилэн дансны тухай хууль оруулж ирэхэд УИХ  дургүйд хүчгүй гэдэг шиг л юм болсон.  Шилэн данс  гэж юу байдаг юм гэх мэтээр Ц.Нямдорж мэтийн хашрууд нь гоочлоод, хуулийн төслийг нь буцаачихсан. Шилэн данстай болсноор төсвөөс санхүүждэг  төрийн байгууллага, орон нутгийн өмчит  аж ахуйн нэгжийн төсөв, орлого зарлага нь бүгд  нээлттэй болох юм. Төсвийн гүйлгээ хийсний дараа 72 цагийн дотор  төсвийн мөнгө хаана юунд орсныг хүссэн хэн бүхэн тухайн байгууллагын цахим хаягаар орж “Шилэн данс” хэсгээс хардаг болох хуулийн төсөл яваа.  Мэдээллээ хугацаанд нь тавиагүй албан тушаалтныг ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авах юм билээ. Албан тушаалтнуудын тансаглалд цэг тавих хуулийн орчин үгүйлэгдэж байна. Уг нь тэд хуулийн хүрээнд ч тансаглах эрхгүй шүү дээ.

Б.Янжмаа  

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкны нийт хөрөнгө дөрвөн их наядаар хэмжигдэж байна

Хөгжлийн банк   гурван жилийн ойгоо тэмдэглэж байгаа билээ.  Одоогийн байдлаар “Чингис” бонд болон банкны өөрийн эх үүсвэрээс аймгийн төвүүдийг автозамтай холбох төсөл, нийслэлийн инженерийн шугам, дэд бүтцийн төсөл, “Гудамж”, “Шинэ төмөр зам” “Тавантолгойн цахилгаан станц”,  Байшин үйлдвэрлэх комбинат, Эгийн голын усан цахилгаан станц, ноос, ноолуур, сүү, оёмол бүтээгдэхүүн, хүлэмжийн аж ахуй зэрэг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжих, дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг дээшлүүлэх, “Яармагийн орон сууцны хороолол”, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн өргөтгөл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эргэлтийн хөрөнгийн зээл, Сайншандын аж үйлдвэрийн парк   зэрэг улс орны эдийн засагт ач холбогдолтой томоохон төслүүдэд санхүүжилт олгожээ. Харин “Самурай” бондын хөрөнгө болон “Чингис” бондын эх үүсвэрээс  хуваарилагдаагүй үлдсэн хөрөнгөөр Монгол Улсын Засгийн газраас зарлан шалгаруулаад буй “Үйлдвэржилтийг дэмжих 888” төслийг санхүүжүүлэхээр бэлтгэл хангаж байгаа аж.  Хөгжлийн банк нь 2011 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар ердөө 0.08 их наяд төгрөгийн хөрөнгөтэй байсан бол  өдгөө нийт хөрөнгө нь 4.51 их наяд төгрөгөөр хэмжигдэх болжээ. Үүнээс зээлийн үлдэгдэл 2.56 их наяд төгрөг байгаа аж.Тус банк анх байгуулагдсан жилдээ 0.7 тэрбум төгрөг, 2012 онд 4.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол 2013 онд 35.2 тэрбум төгрөг, 2014 оны эхний дөрвөн сарын байдлаар 20.8 тэрбум төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллаж эхэлсэн аж. 

Categories
мэдээ нийгэм

“Монголын эрчим хүч-2014” нөгөөдөр болно

“Монголын Эрчим хүч- 2014” олон улсын хурал, үзэсгэлэн тавдугаар сарын 22-24-ний өдрүүдэд болно. Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв, Эрчим корпораци хамтран зохион байгуулж байгаа энэ үйл ажиллагааны олон улсын хурал нь Туушин зочид буудалд болох нь. Энэ талаар салбарын  яамнаас нь  өнөөдөр мэдээлсэн юм. Олон улсын хуралд ОХУ, Хятад, БНСУ, Япон, Дани, Франц, Тайланд, Их Британи, АНУ, Герман, Белги, Чех, Латви зэрэг 13 орны төлөөлөгч оролцож Монголын эрчим хүчний бодлого төлөвлөлт, салбарын өрсөлдөөн, үнэ тарифын бодлого, шинэ болон сэргээгдэх эх үүсвэрүүд, хэмнэлт ба шинэ технологи, агаарын бохирдлыг бууруулахад эрчим хүчний салбарын оруулах хувь нэмэр гэсэн үндсэн зургаан сэдвийн асуудлыг хөндөж ярилцах юм байна. 

Энэ удаагийн “Монголын эрчим хүч- 2014” олон улсын хурал, үзэсгэлэн нь “Бүтээн байгуулалт- шинэ боломж” уриан дор болох гэнэ.  Энэ чиглэлд хийгдэж байгаа шинэ ажлуудын тухай болон учирч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлын талаар тодорхой ярилцах аж. Эрчим хүчний салбарт хийгдэх төсөл, хөтөлбөрүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарыг татах, шинэ техник технологитой танимлцах, инновацийг таниулан нэвтрүүлэх, мэдээлэл туршлагаа солилцох, эрчим хүчний салбарт Монгол Улсын өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд харилцан ашигтай хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх нь хурлын ач холбогдол гэж зохион байгуулагчид нь онцолж байна.