Холливудын алдарт жүжигчин Леонардо де Каприотой цуг сансарт нисэх эрхийг дуудлагаар худалдсан байна. Канн хотын ойролцоо орших “Hotel du Cap-Eden-Roc” зочид буудалд болсон дуудлага худалдаагаар энэ эрхийг 700 мянган евро буюу нэг сая ам.доллараар худалджээ. Холливудын нэрт жүжигчин уг арга хэмжээнд өөрийн биеэр оролцсон байна. “Hotel du Cap-Eden-Roc” зочид буудалд дуудлага худалдааг зохион байгуулагчид нийт 38 сая ам.долларын орлого олсон бөгөөд энэ мөнгийг ХДХВ-ийн вирусийг судлах үйлсэд хандивлах юм.
Дэлхийд цуутай эрхмүүд эхнэрээсээ салахдаа дуулиан дэгдээж, шүүхээр заргалддаг түүхийг Оросын тэрбумтан Д.Рыболовлевыг ч тойрсонгүй. Тансаг зэрэглэлийн орд харшуудаас гадна Грект хоёр ч арал эзэмшдэг түүний хувьд хамгийн үнэтэй салалт боллоо. Учир нь Женев хотын шүүхээс гэргийд нь хөрөнгийнх нь тал хувийг өгөх шийдвэр гаргажээ. Д.Рыболовлев “Уралкалия, “Сильвинит” компаниудын хувьцааг эзэмшдэг. “Форбес” сэтгүүлд бичсэнээр 8.8 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгөтэй. Тэрээр Елена хэмээх бүсгүйтэй 24 жил хамтран амьдарсан боловч албан ёсоор батлуулаагүй аж. Швейцарийн хуулиар хамт амьдарч байх хугацаандаа олсон хөрөнгийг тэнцүү хуваах ёстой юм. Ийнхүү зургаан жил заргалдсаны эцэст Елена тэрбумтан нөхрийнхөө хөрөнгийн талыг, мөн 13 настай охиноо авахаар болжээ.
Харин Дмитрийн ууган охин дэлхийн хамгийн үнэтэй харшид амьдардаг гэдэг жагсаалтын хорьдугаарт бичигдсэн байдаг аж.
1995 онд Рыболовлёв нь эхнэр хүүхдийнхээ хамт Швейцарьт суурьшсан юм байна. Тэднийг салах болсонтой холбогдуулан Швейцарь, АНУ, Сингапур, Кипр, Виржиний арлууд дахь бүх үл хөдлөх хөрөнгийг нь битүүмжилжээ. Оросын тэрбумтан Д.Трампаас худалдан авсан харштайгаас гадна “Му Аnna” нэртэй дарвуулт онгоц, “Airbus A319”, “Dassault Falcon” онгоц зэргийг эзэмшдэг. Мөн Пикассо, Ван Гог нарын бүтээлүүд байдгаас гадна Киприйн банк, “Монако” хөлбөмбөгийн клубийн хувьцааг эзэмшигч юм. Д.Рыболовлев нь 2012 онд эхнэртэйгээ найрсгаар салахаар тохиролцжээ. Гэвч Д.Рыболовлев эцсийн мөчид гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард Елена Рыболовлеваг нөхрийнхөө сангаас 25 сая ам.долларын үнэтэй бөгж хулгайлсан гэх хэргээр саатуулсан байна. Гэвч Дмитрийн бөгжийг эзэмших эрхтэй гэх баримт нотолгоо гаргасны дагуу суллаж байжээ.
Католик шашны тэргүүн, Ромын пап Францискийн Ойрхи Дорнодын орнуудаар хийх айчлал эхэллээ. Тэрээр өчигдөр Иорданид хүрэлцэн очсон бөгөөд тус улсын хаан Абдалла II түүнийг хүлээн авч уулзсан байна. Үүний дараа Иордани дахь Сирийн дүрвэгсэдтэй уулзасан байна. Ромын пап мөн Израиль, Палестинд айлчлах юм. Энэ айлчлалын хамгийн гол зорилго шашин хоорондын харилцаа холбоог сайжруулах явдал аж.
Ю.Дэлгэр
Сомалигийн нийслэл Могадишо хот дахь парламентын байрны ойролцоо дэлбэрэлт болсоны улмаас ойролцоогоор 10 хүн амь үрэгдсэн байна. “Аш-Шабаб” хэмээн лалын бүлэгийнхэн уг алан хядах ажиллагааг зохион байгуулсан байна. Үд дунд парламентын байрны өмнө байсан машин дэлбэрч дараа нь буудалцаан болжээ. Хууль сахиулах байгууллагын ажилтнуудын ярьснаар машин дотор нь тэсрэх бөмбөг тавьсан гэнэ. Дэлбэрэлтийн улмаас парламентын хоёр гишүүн шархадсан байна. Харин байшин дотор байсан гишүүдийг яаралтай гаргаж аюулгүй газар аваачжээ.
Ю.ДЭЛГЭР
“Сониноор сайдыг, ялааг ч алж болдог” гэдэг үг зууны тэртээ хэрэгжиж байсан түүх цөөнгүй. Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Бодоог Ардын засгийн анхны Ерөнхий сайдын албыг хашаад хагас жил болоогүй байхад коминтерний алуурчид тэдний сургагч нар янз бүрээр оролдож эхэлжээ. Сонинд шүүмжлэх, худал гүтгэлэг тараах, өөр ажил санал болгох, шалтгаангүй буруутгах, намаас дарамтлах, зохиомол хэрэг үүсгэх, айлгах, сүрдүүлэх, ажлаасаа халагдах өргөдлийг өөрөөр нь бичүүлэх, өөрийгөө илчлэх, найз нөхдөө илчлэх, тагнах, янз бүрийн хүнээр элдэв бичиг, цаас өгүүлэх гээд төрөл бүрээр дарамталж ерөнхий сайдын ажлыг нь хийлгэхээ больжээ. Эхлээд “Уриа” сонин 1921 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар 10-наас эхлээд Ерөнхий сайд Бодоог шүүмжлэн элдэв өнгөөр гүтгэж гарав. “Монгол Америк хоёр улсын тухай” гэсэн гарчигтай том өгүүлэл нийтлэгдэв. Уг өгүүлэлд Бодоо сайд болбоос “хөрш” улсаасаа урваж хөрөнгөтний Америкийг санаархаж байна гээд гадаад бодлогын ийм алдаатай Ерөнхий сайдтай байж болохгүй” гэж зарлав. Бодоо АНУ-ын тагнуултай хоёроос гурван удаа уулзсан. Хөрөнгөтний улстай улс төрийн харилцаатай болж, худалдааны гэрээ хийж бүр Америк руу төлөөлөгч явуулах талаар ярилцсан байна. Хаалган Хүрээ хоёрын хооронд Америкийн худалдааны компанийн машиныг явуулах зөвшөөрөл өгсөн, алт олборлох эрхийг Америкт өгч эх нутгаа зарсан, Ерөнхий сайд Бодоог хэвлэлээр “ялт” хэмээн буруутгасан өгүүлэл гарчээ. Бодоо сайд хаалганд суух АНУ-ын Элчин сайд Сокобинтай олон удаа уулзсан нь ч үнэн, худалдааны гэрээ байгуулах санал тавьсан ч үнэн. АНУ-ыг Орос, Хятад, Япон болон дэлхийн бусад улстай дипломат харилцаа тогтооход зуучилж өгөх зэрэг олон асуудлыг ярилцаж байжээ.
Тун удалгүй МАН-ын “Уриа” сонинд Ардын засгийн Ерөнхий сайд “Богд хааны хишиг горилж явна” гэсэн доромжилсон өгүүлэл ч гарчээ. Уг өгүүлэлд “Ерөнхий сайд Бодоод Богд хаанаас хүрэн жинстэй малгай, эх дагинаас гайхамшигт хутга нэгийг шагнаж, Богдын багш Ёнзон хамба Бодоод баярын хадаг барьсан” гэж их л доромжлон шоолжээ.
Бодоо Ерөнхий сайдын тушаалд очсоноос хойш зэрэг жинс горилж, хэргэм тушаал хөөцөлдөх нь битгий хэл Манжийн хааны шагнасан ноёдын хэргэм зэргийг хэрэглүүлэхгүй болгосон Засгийн газрын тогтоол гарсныг ч мэдэлгүй ийм гүтгэлэг бичиж байгааг үзвэл их л холын хүн аягүй бол хилийн цаадах буриад хүн бичсэн буюу бичүүлсэн гэдэг нь хэнд ч ойлгогдоно.
Ерөнхий сайд Бодоо бээр жинс үл хадвал элдэв хэргийг чинь орхин одно гэж гурван настай хүүхэд шиг аягласныг Хүрээнд олон хүн түрхрэн ярьж байна гэж уг сонинд шүүмжилжээ.
Тус сонин Монгол Улсын Ерөнхий сайдыг цааш нь бичихдээ “Бодоо сайд болчимгүй журамгүйн харгайгаар, хөнгөмсөг хөдөлж, зүй бус хэрэг өдүүлж, тангарагт нөхөр Данзанг гөрдөж гүтгэжээ. Бодоогийн өдүүлсэн энэ мэт хэрэг явдал, аливаа дэлхий дахины тангарагт нөхдийн дунд гарах байтугай, хээрийн хулгай ийм хэргийг өдүүлэхгүй юм” гэх зэргээр зад шүүмжилжээ. Энэ өгүүллийг бичүүлсэн хүн нь намын дарга Данзан биш нь хэнд ч ойлгомжтой. Данзан бичүүлсэн бол Данзантайгаа тангараг тасарсан гэж бичихгүй. Гэхдээ энэ үед Ерөнхий сайд Бодоо, Ардын намын дарга Данзантайгаа муудчихаад байсан нь бас үнэн. Ер нь Бодоо, МАН-ын дарга гэгдээд байгаа Данзанд бүр эхнээсээ л хувьсгалт нууц бүлгэмийг нийлүүлж коминтерний төлөөлөгчид анхны хурал хийлгэхэд л таагүй ханддаг байсан юм. Харин одоогийн Бодоог оролдоод байгаа хэргийн эзэд бол Данзангаас арай дээгүүр байлаа. Хамгийн доод тал нь Буриадын Ринчино юм. Ринчино Ерөнхий сайд Бодоогийн зөвлөхөөр сар гаруй ажиллаад хөөгдсөн. Бодоо Ринчиног битгий эргэж ирээрэй гэж Орос руу нь явуулсан. Харин Ринчино Эрхүү орчихоод эргэж ирэхдээ коминтерний бүрэн эрхт төлөөлөгч болоод томорчихсон байв. Тэгээд Ардын намын дарга Данзангийн зөвлөх, цэргийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан байна. Ерөнхий сайд Бодоо МАН-ын дарга Данзан, жанжин Сүхбаатар нарыг тоохгүй мөртлөө, Богд хаан, Богд хааны дотнын хүмүүс, ялангуяа шашны зүтгэлтнүүдтэй намынхнаасаа илүү ойр ажиллаж байлаа. Тэгэхдээ “Уриа” сонин дээр бичээд байгаа шиг Богд хаанаас, малгайн жинс залаа ч гуйгаагүй Дондогдулам хатнаас бэлэг болон хутга аваагүй байжээ.
“Уриа” сонин “Намын суртлыг бузарлагч” гэсэн гарчигтай өгүүллээрээ Ерөнхий сайд Бодоогийн ажил хэргийн болон хувь хүний нэр хүндийг нэгмөсөн унагаж чадсан юм. Ажилчин тариачны улаан намын суртал нь шашны олон мяндагтан нарын суртлыг халан ардын эрхийг дээдлэх ёстой байтал Ерөнхий сайд Бодоо нь Дамбийжаа тэргүүтэй шарын шашны том лам нарт мөргөн гуйж намын суртлыг бузарлаж байна. Бодоо нь ардын намын суртлыг огоорч Америк зэрэг улсын намын сурталд дагаар орон намын суртлыг бузарлаж явна. Бодоо сайд нь хурлын лам шиг Богд хаан, хатан Дондогдулам нарын хормойд явж улаан баадантай зүйл барин уулзаж учирсан нь тоогүй гэх зэргээр гүтгэлгийн нийтлэлдээ өгүүлжээ. Ерөнхий сайдын зөвлөхөөсөө халагдаж коминтерний онц бүрэн эрхт болсон Ринчино Ерөнхий сайдыг “Уриа” сониндоо бичиж өс хонзонгоо авав. Тэр үед коминтерний алан хядагчдын гол арга нь л тухайн намын большевик сонин дээр төрийн томчуудын тухай шүүмжлэлт өгүүлэл гаргадаг. Дараа нь коминтерн тэр буруу сурталд идэгдсэн төрийн ажилтнаа шалгадаг хянадаг улмаар баривчилдаг байв. Баривчилсан төрийн өндөр албан тушаалтнаа наад зах нь цөллөгт явуулж цаад тал нь цаазалдаг байсан аж. Оросын аюулаас хамгаалахын энэ бохир технологи Ардын намын анхны долоо, Ерөнхий сайд Бодоо дээр ийнхүү туршигдаж, “амжилттай” хэрэгжжээ.
“Уриа” сонин дээр гарсан Бодоогийн эсрэг нийтлэлүүд нь цаг хугацааны хувьд Бодоо Ерөнхий сайдын албан тушаалаасаа татгалзах анхны өргөдөлтэй бараг ойролцоо гарсан байж магадгүй. Учир нь сонины нийтлэлд “жинс өгөхгүй бол албан тушаалыг чинь элдэв хэргийг чинь орхин одно гэж Бодоо сайд гурван настай хүүхэд шиг урваганаж байна” гэж шүүмжилсэн байдаг. Тэгэхээр сонины нийтлэлүүд Бодоог албан тушаалаасаа татгалзах өргөдлөө өгсөн үед юм уу, эсвэл тэр нийтлэлүүд хэвлэгдсэнээс хойш тун удалгүй Бодоо сайд төр намын албан тушаалаасаа халагдах өргөдлөө өгсөн байх магадлал байна. Тухайн үед сонин хэвлэлээр ганц сайдыг ч гэлтгүй олны танил болоод улс төр нийгмийн зүтгэлтнүүдийг дээрх байдлаар “алдаг” байдал түүх өдгөө ч гэсэн уламжлал ч гэмээр хэрэгжиж байгаа нь харамсалтай.
Увс аймгийн Баруун туруун сумын 10 жилийн дунд сургуулийн 1968 оны төгсөлт арвын А, Б гэсэн хоёр бүлэгтэй байж. 10-ын А-гийн багш нь Батмөнх. Таван охинтой, хорин бандитай, сурлагаараа тэргүүлдэг байсан тус ангийнхан сурагч ахуй үеэ дурсаж байна. “Охидынхоо салаа гэзэгнээс чангаагаад багшдаа мөн ч их загнуулдаг байж дээ” гэхүйд нөгөө нэг нь “Хагас сайнд болдог байсан бүжгийг ээ. Долоо хоног бүр бүжсээр байгаад бид сайн бүжиглэдэг болсон байна лээ шүү. Хожим амралтын газрын шилдэг бүжигчин болсон” гэсээр дурсамжаа хуучилсан юм.
Тус төгсөлтийнхөн хоёр бүлэгтэй байсан хэдий ч яг л нэг ангийнхан шиг ижилдэн дасчээ. Сурагч байхдаа, бас оюутан болоод авахуулсан зургийг нь харахад хоёр ангийнхан дандаа хамт. Манай, танай анги гэж хуваагдалгүй бид нэг төгсөлтийнхөн гэж л ярина. А бүлэг нь 26, Б нь 25-уулаа төгссөн мөртлөө бид 51-үүлээ төгссөн дөө гэх юм. Охид цөөн байхын учир нь долдугаар ангиа төгсөөд Техник мэргэжлийн сургуульд сурдаг байсантай холбоотой.
Баруун турууны дунд сургуульд Малчин, Тэс, Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан, Баруун туруун, Хяргас, Зүүнговь гэсэн Увсын зүүн сумын хүүхдүүд ирж суралцдаг байж. Ихэнх хүүхдүүд сургуулийнхаа дотуур байранд амьдарна. Өвөлдөө Туруун голынхоо мөсөн дээр өнжинө. Цана, тэшүүрээр ёстой нэг гулгах шиг болдог байжээ. Бүр хоккей тоглодог байсан тухайгаа ч дурсаж байна. Өдөр шөнөгүй мөсөн дээр чөлөөт цагаа өнгөрөөдөг байсан болохоор сайн сайн тэшүүрчид, цаначид төрөн гардаг байжээ. Увс аймгийн аварга шалгаруулах тэшүүр, цанын тэмцээн болохоор дандаа л Баруун турууныхан түрүүлчихдэг нь Туруун голын мөстэй холбоотой гэж дурслаа. Харин зундаа Туруун голынхоо усанд умбаж шумбан өдрийг бардаг байсан гэнэ.
Баруун туруун сум сангийн аж ахуйтай. Тиймээс дунд сургуулийн хүүхдүүд ажилд дайчлагдана. Бүр дөрөвдүгээр ангид байхаасаа л төмс, лууван гээд хүнсний ногоо хураах ажилд явдаг байжээ. Харин дунд ангид орсон хойноо тариалалтын комбайны хичээлд суудаг байсан байна. Баруун турууны сангийн аж ахуй улсдаа томд тооцогддог. 40 мянган га талбайд тариа тарьж баруун аймгуудыг гурилаар хангадаг. Тийм нүсэр сангийн аж ахуйд хийх ажил мундахгүй. Гар хөлийн үзүүрт зарагдах ажилд сурагчид л гүйнэ. Тэндээс ажил хийхийн амт шимийг мэдэрч эхэлжээ. Хавар үр тариа тарих, намар хүнсний ногоо хураах, наранцэцэгийн үр хураах гээд сурагчдад хийх ажил мундахгүй их.
1965 онд Ардын хувьсгалын 45 жилийн ойд зориулсан улсын хэмжээний уралдаанд 10-ын Б-гийн С.Доржсүрэн оролцжээ. Тэрээр нэрийг нь үл таних хүний бичсэн шүлгэнд өөрөө ая оруулан зохиогоод уралдаанд орж. Тэгсэн өнөөх дуу нь гуравдугаар байранд шалгарч сургуулийнхныхаа магнайг тэнийлгэсэн байгаа юм. Арван жилийн сурагч С.Доржсүрэнгийн ая оруулан зохиосон дууг өдгөө хүн бүр мэднэ дээ. Яагаав өнөө хүүхэд байхдаа дуулдаг байсан “Бөмбөг бөмбөг хөөрхөн дөө Бөмбөгөөр тоглох дуртай даа” гэдэг дуу шүү дээ. Тэр дууны үгийг С.Доржсүрэн яаж олж байснаа ч мартчихаж. Харин уг уралдаанд түүний дуутай өрсөлдөж тэргүүн байр эзэлсэн нь төрийн шагналт яруу найрагч Ч.Чимидийн үг, Норсонжавын ая “Дайчин нөхрийн дуу”. Хоёрдугаарт ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн үг, Батсүхийн ая “Алтан шар зам” шалгарч байсан түүхтэй. Ер нь Баруун турууны дунд сургууль дуу, хөгжмийн боловсролд их анхаардаг байж. Долоо хоног бүрийн бямба гаригт нийтийн бүжиг болно. Сургуулийн сурагчид бүгд оролцоно.
Гэхдээ голдуу ахлах ангийнхан бүжиглэнэ. Дөрөв, тавдугаар ангийн хүүхдүүд бүжиглэж байгаа хүмүүсийг тойрч суугаад хараад л байна. Ингээд найм, есдүгээр ангид орох үеэсээ бүжгийн талбайг доргитол эргэлдэж эхэлдэг ажээ. Тухайн үед сургууль маш гоё хөгжимтэй байсан болохоор бүжиг ч их гоё болно. Хавийн залуус сургуулийн бүжигт орно. Мал аж ахуйн машинт станцын харчуул ирээд бүжиглэнэ. Хөвгүүд ангийнхаа охидыг өнөө хэдээс харамлаад бөөн л юм болдог байж. Гаднаас ирсэн залуус жаахан охидыг бүжгэнд уриад, үг яриа өдөж хоргооход банди нар нь ангийнхаа охидыг өмөөрнө. Заримдаа бүр гар зөрүүлэх тохиолдол ч гардаг. Гэхдээ охидоо харамлалаа гээд өөрсдөө үерхье барья гэж гуйхгүй. Доод ангийнхаа охидыг л харна. Эсвэл нөгөө ангийнхаа охидод захиа бичнэ. Нэг удаа тус ангийн С.Цогсүрэн нөгөө ангийнхаа Оюунчимэг гэж охинд дурлаад захиа бичих болж. Тэр үед захиан дээр ямар л гоё үг байна, тэр бүгдийг бичдэг байжээ. Б.Явуухулан, Ц.Дамдинсүрэн нарын уран яруу үгтэй бүтээл туурвилыг уншиж байгаад л бичдэг байж. Эхлэлдээ заавал ч үгүй “Надаас чамд, навчнаас цэцгэнд” гэж ирээд л бичнэ. Түүнийгээ гурвалжин дугтуйнд эвхэж хийгээд өгдөг байжээ. Өгөхдөө ангийнхаа найзууддаа дайна. Өөрөө болохоор тээр хол очиж зогсчихоод захиаг минь өгч байна уу, үгүй юу гэж харуулдана. Хариуцлагатай даалгавар авсан найзууд нь ч гүйж очоод захиагаа өгч. Тэгээд хүлээгээд л байлаа. Байдаггүй шүү. Тэгсэн нэг өдөр гэрт ирээд мод хөрөөдөөд өгөөч гэж хэлж. Дотроо баахан горьдлого тээгээд яваад очтол нөгөө охины ээж нь сүүтэй цай чанаж өгөөд, хар шөл хийж өгсөн байна. Байр байдлыг нь ажаад байвал ер нь л их сайн хандаад байна гэнэ шүү. Харин захианы эзэн Оюунчимэг нь учиргүй инээд алдаад гүйгээд байж. Тэгэхээр нь дотроо баярлан нааштай байгаа юм байна гэж бодоод асуутал инээгээд л байж. Тэгсэн Оюунчимэг захиагаа орныхоо ширдэг доогуур хийгээд хадгалчихаж. Өнөөхийг ээж нь олж хараад уншчихгүй юу. С.Цогсүрэн, Оюунчимэг хоёрынх айл саахалт байсан болохоор захиаг нь уншчихаад учиргүй саймшраад байсан гэдэг. Харин хожим тэр тухай ярихаар Оюунчимэг нь “Би лав чамаас захиа аваагүй шүү” гэдэг юм билээ. Энэ мэтчилэн сурагч байх үеийн хөгтэй хөөртэй үйл явдал олон. Бас хүүхэд л болсон хойно багш нартаа загнуулах үе бишгүй тохиолдоно. Дотуур байрны охидоо эргүүлэх гэж яваад захирал болон ангийн багшдаа баригдах үе олон. Заримдаа ч аз таарч мултарч чадна. Ингэж сахилгагүйтэж байгаад баригдвал ангийн багш нь мод бариулаад хоёр гарыг нь дээш өргүүлэн зогсоодог байжээ. Ингэж шийтгүүлэхээр мод хөнгөн ч гар өвдөнө гэж жигтэйхэн. Тиймээс гараа чилээн самбарын өмнө зогсохгүйн тулд аль болох сахилга баттай, томоотой байхыг хичээж эхэлсэн байна.
Баруун турууны дунд сургуулийн багш нар дүндээ их хатуурхана. Барагтай бол онц тавихгүй. Хааяа нэг онц авбал ёстой нэг бөөн баяр болдог. Багш нар дүнгээ харамлахын хэрээр хүүхдүүд ч хичээлдээ шамдана. Эдний ангийн эвлэлийн үүрийн дарга Н.Тогтох 1968 оны 10 жилийн аймгийн математикийн олимпиадад хоёрдугаар байр эзлэхэд нь математикийн багш Буянхүү “Тогтох оо чамд ирээдүй байна. Чи өөрийнхөө зардлаар улсын олимпиадад оролцоход хол давхина шүү” гэж захисан гэнэ. Тэгэхээр нь багшийнхаа үгэнд омогшоод улсад очиж өрсөлджээ. Ингээд түүнтэй хамт явсан ангийн анд Батнасан улсад түрүүлж улсын олимпиадад түрүүлдэг нийслэлийн нэгдүгээр сургуулийн амжилтыг тасалж, улсын аварга болж байжээ. Ер нь жигдхэн сурлага сайтай хүүхдүүд байж. Арван жилээ дунд төгссөн хүүхдүүд хотод ирж элсэлтийн шалгалт өгөөд Монгол Улсын их сургуульд шууд тэнцэх жишээтэй. Арван жилийн сургуулиа төгсөхөд С.Цогсүрэн Эрхүүгийн улс ардын аж ахуйн дээд сургууль, Банчин Одиссейн Политехникийн дээд сургууль, Жавзал Кавказад эмийн сургууль, Лувсанцэрэн Украйнд, Баянжаргал Ленинградад сурахаар болж харийг зорьжээ. Харин бусад нь эх орондоо их, дээд сургуульд суралцсан байна. Сургуулиа төгсөөд ид хийж бүтээх насандаа салбар салбарт алдар нэрээ цуурайтуулсан сайчуул болж. Сурлагаараа ангийнхаа сор болж явсан М.Аюуш ШУА-ийн Физик, техникийн хүрээлэнд ажиллаж байлаа. Дэд эрдэмтний диссертаци бүтээл нь шууд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах хэмжээнд хүрэн хөөрч байтал гэнэтийн автын осолд орсон харамсалтай явдлыг ангийнхан нь голоо харлуулан дурсаж байв. М.Аюушийн дааж авч төгсгөсөн ангид нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж сурч байж. Тэрээр үе үе багшийгаа дурсан ярихыг ангийнхан нь сонсож тохой залган суралцаж байсан ангийнхаа хүүхдээр бахархдаг гэнэ. Мөн Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн захирлаар арав гаруй жил ажилласан А.Очир, “Новости Монголии” сонины эрхлэгч, доктор, профессор М.Баяртогтох, МУИС-д дөч гаруй жил багшилж буй доктор, профессор Б.Сайнжаргал, сумынхаа Засаг даргаар ажиллаж байсан Т.Даваасамбуу, Багануурын дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан С.Мягмар, Төрийн өмчийн хорооны даргын орон тооны бус зөвлөх, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найрагч С.Цогсүрэн гээд сайчуул олон. С.Цогсүрэн 10 гаруй кино хийсэн бөгөөд 2004 онд “Маршал Юмжаагийн Цэдэнбал” нэртэй таван ангит баримтат уран сайхны кино бүтээж 2008 онд төрийн шагналд нэр дэвшиж байжээ. Мөн 2012 онд “Жамбын Батмөнх” баримтат уран сайхны гурван ангит кино хийжээ.
1968 оны төгсөлтөөс нэгэн хос гэр бүл болж өрх гэрээ цогцлоосон нь 10-ын А-гийн Батжаргал, 10-ын Б-гийн Цэвэлмаа нар. Батжаргал аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн ерөнхий их эмч бол Цэвэлмаа мөн л аймгийнхаа Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байжээ.
Эдний төгсөлтийнхөн арван жилээ төгссөнөөс хойш ер нь л байнгын холбоотой. 1998 онд сургуулиа төгссөний 30 жилийн ой гэж уулзжээ. Тэрнээс хойш зав гарах бүрт яаж ийж байгаад л уулзах гэж мэрийдэг болж. Ихэнх нь хотод байдаг учраас хааяа нэг цаг болзон ресторанд, заримдаа нэгнийхээ гэрт цугладаг юм байна. Харин ингэж уулзахдаа 51 охид, хөвгүүдийг сурган хүмүүжүүлж, эрдэм боловсрол олгосон ангийн багш Батмөнх, түүхийн Цээсүрэн, захирал Цэвгээ, хичээлийн эрхлэгч Даваа, уран зохиолын Гомбожав, физикийн Жамбалсүрэн, химийн Чулуун, математикийн Дорлиг, шугам зургийн Маамуу, биологийн Сэрчмаа, анатомын Цэвэгдорж, биеийн тамирын Дашцэрэн, газарзүйн Бадамгарав, трактор комбайны хичээл заадаг инженер Цэрэннадмид багш нарынхаа ач тусыг байнга бодож дурсан санаж явдаг гэсэн шүү.
С.АЛТАН
“Кихот ноён” жүжгээрээ энэ жилийн “Гэгээн Муза” наадмын Гран при шагналыг хүртсэн Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатарыг энэ өдрийн зочноор онцолж байна. Хүн бүхэн түүнийг Монголын “урдаа барьдаг” найруулагч гэдэг. Урдаа барьдаг найруулагч маань одоогоос гучин жилийн өмнө Украины Киев хотын Театр урлагийн дээд сургуулийг кино, драмын найруулагч мэргэжлээр төгсчээ. Теле кино үйлдвэрт(‘хуучин нэрээр) туслах найруулагчаар хоёр жил ажиллаад дээрх сургуульд явсан байна. Киевийн сургуулиа төгсөөд Монголын радиод найруулагч, уран сайхны удирдагч, программын зөвлөлийн даргаар 1996 он хүртэл, 1999 оноос өнөөг хүртэл УДЭТ-т ажиллаж байгаа. Баатар найруулагчийн урын сангийн жүжгүүд дотор 1985 онд Б.Мөнхдорж гуайтай хамтран найруулсан “Гургалдайн дуут шөнө”, Г.Доржсамбуу гуайтай хамтран найруулсан “Гарваа” гэсэн хоёр жүжиг түүний тайзны анхны бүтээлүүд ажээ. Түүний найруулсан тавьсан үндэсний жүжгүүд дотор ерэн хэдэн онд хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байсан Д.Урианхай гуайн зохиол “Хүн бүгд би”, “Харанхуйд харагдахгүй” жүжгүүд, мөн “Далан худалч”, “Атга нөж”, “Ээж ээ”, “Ану хатан”, “Эхнэрээ зээлээч” зэрэг хорь гаруй жүжиг байна. “Кармен хүүхэн”, “Ганцхан алхахад уулзана”, “Садар эрийг номхотгосон нь”, “Цахлай”, “Хүйтэн сэнтий”, “Гавал сар”, “Амьгүй албат”, “Кихот ноён” зэрэг дэлхийн сонгодог болон гадаадын жүжгүүд байна. Б.Баатар найруулагч өнгөрсөн 2009 оны зургадугаар сарын 16-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, “Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн” цолоосоо татгалзаж байгаагаа мэдэгдэж дуулиан дэгдээж байв. Уг мэдэгдэл нь урлагийн салбарт ажиллагсдад төрийн одон, медалийг эмх замбараагүй хүртээж, “гавьяат” цолны үнэлэмж үгүй болсныг буруутгаж уран бүтээлчийнхээ байр суурийг илэрхийлсэн нэг содон хэлбэр байв. Тэрбээр Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэнээсээ хоёр жилийн дараа уг цолноос татгалзсан. Эл цол, тэмдгийг хүртэхдээ чин сэтгэлээсээ баярлаж байснаа хэвлэлийн хурал дээр хэлж байв. Харин сүүлдээ дуртай бүхэн “гавьяат” авдаг болчихсонд урлагийн үнэлэмж, уран бүтээлчдийн нэр төрийн өмнөөс эмзэглэж эсэргүүцэл илэрхийлсэн нь тэр байлаа. Мөн онд “Гэгээн Муза”-гаас Гран при авч, шагнал гардуулах ёслолын ажиллагаа өндөрлөхөд “Муза”-гийнхаа цомыг мартаад явчихсан. Музагаа мартсан хөгжилтэй явдал нь хэл аманд дуртай улсыг нэг хэсэгтээ л ярих юмтай болгож байв. Түүний урын санд “Радио жүжиг” гэх сонин төрөл радиод ажиллаж байх үеэс нь оржээ. Тэрбээр “Дэлгэцийн жүжиг хэлж байгаа санаагаа хүнд шууд тулгах маягтай нөлөөлж, үзэгчийн төсөөллийг дэлгэцээр хязгаарлачихдаг. Харин радио жүжиг хүнийг төсөөллийн хязгааргүй орон зайд хөтлөөд оруулчихдаг. Үүгээрээ радио жүжиг сайхан” гэж үздэг байна. Жүжгийн зохиол ховордов, жүжиг бичдэг хүн ховордлоо гэж найруулагчаар ажиллаж байгаа хүмүүс бүгд хэлдэг. Б.Баатар гуай нөхцөл байдлыг ингэж хардаг аж. Манайд жүжгээр мэргэшсэн зохиолч байхгүйн дээр байгаа зохиолчид нь мэргэшихийг ч хүсэхгүй байна гэж. Жүжгээр “өвчлөөд”, жинхэнэ бүтээл хийх хүн өнөөдөр алга гэж тэр үздэг аж. Бичиж байгаа хүмүүс нь тайз, дэлгэц хоёрын ялгааг олж харахгүй байгаа учраас олигтой кино, жүжиг гарахгүй байна гэж учир шалтгааныг тайлбарлажээ. Зохиол, театр, кино бүгд мэргэших ёстой гэсэн байр сууриа хааяа илэрхийлдэг Испанийн зохиолч Мигель де Сервантесийн зохиолоор бүтээсэн “Дон Кихот” жүжгээрээ хүртсэн “Гэгээн Муза”-гийн цомыг нь энэ жил хүү нь гардаж авсан. Тэр марталгүй авч харьсан байж таараа. Тэрбээр заримдаа өөртөө дургүй хүрдэг, дургүй хүрэх хүрэхдээ аймаар дургүй хүрдэг, маш их дотоод зөрчилтэй хүн гэж өөрийгөө нэгэнтээ тодорхойлсон байна лээ. Харин хүндэтгэлтэйгээр жүжгийг нь очиж үзэхдээ Баатар найруулагчид заримдаа аймаар дургүй хүрч, найруулагчтай маш ихээр зөрчилдөх үзэгчид бас цөөнгүй билээ.
Н.ПАГМА
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатартай ярилцлаа. Тэрбээр энэ сарын 20-21-ний өдрүүдэд Шанхай хотноо зохион байгуулагдсан Азид хамтын ажиллагааг бэхжүүлэх гишүүн орнуудын дээд хэмжээний IV бага хуралд оролцсон юм. Энэ үеэр түүнтэй уулзлаа.
-Урд хөрш рүүгээ бид визгүй зорчдог. Тиймээс манай иргэд гэмт хэрэгт холбогдох нь элбэг байдаг л даа. Ер нь хоёр улсын хооронд жилдээ хичнээн иргэн зорчиж байна вэ?
-Монгол Хятадын хооронд жилд дунджаар 1-1.2 сая хүн зорчиж байгаа. Иргэд арилжаа наймаа хийх, сурч, боловсрох гээд олон асуудлаар зорчдог. Тэнд 8000 орчим монгол оюутан дээд, дунд сургууль, коллежуудад суралцаж байна.
БНХАУ руу визгүй зорчдог болохоор манай иргэд гэмт хэргийн золиос болох, аваар осолд орох зэрэг асуудал гардаг нь үнэн. Одоогийн байдлаар Хятадын нутаг дэвсгэр дээр манай улсын 54 иргэн шүүхээс ял аваад биеэр эдэлж байна. Мөн 80 гаруй хүн саатуулагдан шалгагдаж байгаа.
-Хулгайн хэрэг газар авч байгаа тухай мэдээлэх юм?
-Сүүлийн жилүүдэд хулгайн хэрэгт холбогдох байдал нэлээд дэлгэрч байна. Өмнө зүгийн Шинжан, Шанхай, Гуанжоу гээд нүүх маягаар Бээжинд бүлэглэлүүд орж ирж байгаа.
-Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд БНХАУ-д монголчууд хар тамхины хэрэгт холбогдоогүй гэж дуулсан юм байна. Та үүнийг ямар ажлын үр дүн гэж харж байгаа вэ?
-Монголчууд хар тамхи худалдаалах, гэнэн итгэмтгий зангаасаа болж энэ хэргийн золиос болох явдал олонтаа тохиолдож байсан. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар хар тамхинд холбогдож байгаа хүмүүсийн асуудлаар хоёр жилийн өмнө зөвлөгөөн зохион байгуулсан юм. Уг арга хэмжээ олон нийтийн анхааралд маш сайн хүрснээр сүүлийн хоёр жилд хар тамхины хэрэг гараагүй.
-Одоо тус улсад хар тамхины хэргээр хичнээн хүн холбогдож, хэд нь ял аваад байгаа билээ. Нэлээд мандсан Дамдин болон Байгалмаа нарын хэрэг юу болсон бэ?
-БНХАУ-д 34 иргэн хар тамхины хэрэгт холбогдсон байгаа. Тав, зургаан иргэн цаазын ял авсан байсан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчөөс БНХАУ-ын өмнөх даргад захидал илгээж, тэдгээр иргэдийг цаазаар авахгүй байх талаар хандсан. Тиймээс цаазын ял авсан иргэдийн ялыг хэрэгжүүлээгүй байгаа. Дамдин, Байгалмаа нар цаазын ял сонсоод байсан. Дамдингийн ялыг бүх насаар хорих ял болгосон. Дараа нь хугацаатай ял болгож хөнгөлсөн. Байгалмаагийн хувьд бас цаазын ялтай байсныг нь 19 жилийн хорих ял болгосон байгаа.
-Байгалмааг хар тамхины хэрэгт орооцолдож, харийн шоронд амиа алдсан хэмээн зарим хэвлэлээр ташаа мэдээлж байсан. Одоо түүний биеийн байдал ямар байна. Эргэлт оруулдаг биз дээ?
-Бие нь тааруу байгаа. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Ар гэрийнхэн нь саяхан эргэж очсон. Эргэлтийг хамаагүй олон удаа оруулаад байдаггүй. Жилдээ ганц удаа оруулах зөвшөөрөлтэй байдаг.
-Ял эдэлж байгаа болон саатуулагдаж буй хүмүүс дээр ар гэрийнхэн нь очлоо гэхэд зардлыг нь яаж шийддэг вэ?
-Тэд өөрсдөө гаргана. ЭСЯ-ны зүгээс Бээжингээс өөр хотууд руу хэрэг түвэгт холбогдсон хүмүүсийнхээ асуудлаар очвол Иргэдэд туслах сангаас зардлыг нь гаргаж, шүүх хурал энэ тэрд нь оролцдог.
-Ялтан шилжүүлэх гэрээг УИХ-аар батлаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ асуудал ажил хэрэг болоход ямар бэрхшээл тулгараад байгаа юм бол?
-Ялтан шилжүүлэх хэлэлцээрт Монголын зүгээс хоёр жилийн өмнө гарын үсэг зураад УИХ-аас батлахын хувьд баталчихсан. Харин Хятадын тал үүнийг батлаагүй, жаахан сунжирч байгаа. Энэ зун БНХАУ-ын дарга Си Жиньпин манай улсад айлчилна. Энэ үеэр хэлэлцээрийг эцэслэн байгуулж батламжлах, харилцан хүчин төгөлдөр болгох асуудлыг шийдэх байх.
-Ялтан шилжүүлэх гэрээний нөхцөлд юу гэж тусгасан бэ?
-Хэдийгээр гэрээ хэлэлцээр эцэслэн батлагдаж, хүчин төгөлдөр болоогүй ч гэсэн ялтан шилжүүлж байгаа. Хятадын талаас манай гурав, дөрвөн хүнийг шилжүүлээд өгсөн. Тэд хөнгөн хэрэгт холбогдсон хүмүүс. Мөн хар тамхины хэрэгт холбогдсон хоёр эмэгтэйг шилжүүлж өгсөн. Тэдний биеийн байдал нь тааруу, эмнэлгийн зардал энэ тэр нь нэлээд түвэгтэй байсан бололтой. Тиймээс шилжүүлсэн байх.
Гэрээ хэрэгжээд эхэлбэл тухайн хүн үндсэн ялаа тодорхой хэмжээгээр эдэлсэн байх хэрэгтэй. Үлгэр жишээч зөв хүмүүжиж байгаа гэдгээ нотолсон тодорхой нөхцөлүүдийг хангаж байж шилжүүлэх юм. Үлдсэн ялыг нь эх оронд нь үргэлжлүүлэн эдлүүлэхээр зааж өгсөн байгаа л даа.Тэрнээс ялтан болгоныг шилжүүлэхгүй.
-Хорих ангиудад хүний эрх зөрчигдөж, улмаар амиа алдсан хэрэг Монголд хэд хэдэн удаа гарсан. Тус улсад ял эдэлж байгаа болон цагдан хоригдож буй хүмүүсийн хувьд эрх нь зөрчигдөж байна гэсэн гомдол ирж байна уу?
-Хятад улс энэ тал дээр дэгтэй, журам сайтай. Тийм асуудал гардаггүй. Манай ЭСЯ-наас тодорхой хуваарийн дагуу ялтнуудыг эргэж уулздаг. Тэднээс “Хүний эрх хэр зөрчигдөж байна, нөхцөл бололцоо ямар байна” гэхчилэн асууж лавладаг л даа. Одоохондоо ямар нэгэн гомдол хүлээж аваагүй байна. Харин Хятадын өмнөд хэсгээрээ халуун байдаг болохоор ийм нөхцөлд ял эдлэхэд хүндрэлтэй байдаг гэдэг. Тиймээс өөр сэрүүн газар ял эдлэх хүсэлт тавьдаг. Тэр дагуу асуудлыг тавьж, зарим ялтныг Өвөр Монгол руу шилжүүлсэн.
М.МӨНХЦЭЦЭГ
Монгол Улсад хүний эрх үнэхээр баталгаагүй байгаа нь харагдах боллоо. Хамгийн сүүлийн жишээ Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан. Гэмт хэрэг хийсэн нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байсан энэ хүн шоронд ямар өрөвдмөөр байдалд байсан нь өнөөдөр ил болж байна. Толгой нь өдөр шөнөгүй өвдөж, даралт нь 200 хүрч, зүрхний хэмнэл нь байнга алдагдаж байхад түүнийг шоронгийн эмнэлгийн хаалгаар ч шагайлгасангүй. Хорих 461 дүгээр анги буюу шинэ “Ганц худаг” нь агааржуулагч муу гэдгийг хариуцсан дарга нь сая олны өмнө хэллээ. Ийм орчин нөхцөлд аргаа барсан Д.Амарсайхан жаахан ч гэсэн салхи амьсгалж байхын тулд төрсөн ахыгаа “Та өдөр бүхэн над руу ирж байгаач” гэж гуйжээ. Ах нь дүүгийнхээ төлөө очиж байсан байна. Үүнийг анзаарсан шоронгийн хуяг, удирдлагууд уулзалтыг хязгаарлах аястай болоод ирэхээр Д.Амарсайхан агсан өмгөөлөгчийгөө өдөр бүхэн ирж байхыг гуйж, өмгөөлөгч нь боломжоороо очиж байжээ. Тэр хүн агааргүй өрөөнөөсөө гарч хэдэн минут агаар амьсгалахын тулд ямар их чармайж байсныг эндээс харж болно. Энэ бол 1937 оны их аллагын үеийн залхаан цээрлүүлэлтийн нэг хэлбэр гэж хэлж болохоор шахуу зүйл 21 дүгээр зууны ардчилсан Монголд эргээд сэргэчихсэн юм биш үү.
Баривчилгаа үнэндээ зогсохгүй байна. Сүүлийн хоёр жил үргэлжилж байна. Яасан ч барьж дуусдаггүй юм. Даваа гаригийн өглөө ажилдаа ирээд тийм л мэдээ эхлээд сонсдог боллоо. Түрүүчийн долоо хоногт Дундговийн дарга нарыг барьжээ, энэ долоо хоногт нь Төмөр замынхныг, өчигдөр Гашуун сухайтын боомтын дарга нарыг ачсан байна шүү гэх яриа тасралтгүй цувах. 1937 оны их хэлмэгдүүлэлтээр Монгол Улсад тухайн үед байсан 13 аймгийн даргын 11-ийг нь буудан алж, үлдсэн хоёрыг нь 10 жил шоронд хатаасан юм. Баригдаагүй цэргийн дарга, сайд, бусад удирдах албаны хүмүүс байгаагүй. Тэгвэл өнөөдрийн байдлаар албан бус тоогоор төрд алба хашиж байсан, бизнес эрхэлж байсан нийт 1400 орчим хүн Монголын шоронгуудад муугаа үзэж байна. Өнөөдөртөө бол МАН-ын 461 дүгээр үүр гэж нэрлэж болно. Цаашид салхи яаж ч эргэж болно. Ардын хувьсгал хүүхдүүдээ “идэж” эхэллээ гэсэн үг “Нүүдэл суудал” дээр байдаг юм. Ардчилсан хувьсгал арай хүүхдүүдээ “идэх”-гүй байлгүй дээ гэж.
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаан дээр Лу.Болд гишүүн юу хэлчихэв, харцгаая “… өнөөдөр Монгол Улсад цаазаар авахаас жаахан цааргалчихсан байгаа ч шоронд нь хүний амь нас эрсэдсээр байна. Дээхнэ үед Монголд цаазаар авах ял байсан байгаагүй шоронд орно гэдэг цаазлуулснаас дор гэж яригддаг байсан. ШШГЕГ-ынхан нас барсан тохиолдлыг ноцтой учрал гэж байна. Монгол Улсын хувьд энэ нь эмгэнэл байхгүй юу. Ар гэрийнхэнд нь асуудал яаж тусах нь ойлгомжтой биз дээ. Тэр дундаа гэм буруутай нь тогтоогдоогүй үед ийм үйл явдал болсон нь бид хаашаа яваад байна вэ гэж асуухад хүргэж байна. Тарчлааж, тартагт нь тулгаж байж хэргийг нь хүлээлгэдэг энэ замаасаа хэзээ гарах юм. Миний нэг танилыг хэвтэрт байхад нь АТГ-ынхан дуудсан гэж байгаа. “Би хэвтэрт байна” гэж хариулж дуусаагүй байхад нь шоронд хийнэ гэж сүрдүүлсэн байна билээ. Ийм айдсын төлөө бид 20 гаруй жил ажиллаагүй. НАХЯам дуртай хүндээ дуртай хэрэг тулгадаг байсан. НАХЯамтай ижил байна. Ренчин гуайг “70 настай хүнд даруулга хэрэгтэй” гэж бичээд нийгэмд хэн ч биш болгож байсан. Нас барахад нь оршуулах хүн олдоогүй. Манай аав очиж жинхэнээсээ уйлсан гэдэг шалтгаанаар сэрдэгдэж байсан юм.
Өнөөдөр яаж байна гэхээр хэн нэгнийг хэрэгт тулгахдаа эхлээд хэвлэл мэдээллээр гутаан доромжилж, хэн ч биш болгон нийгэмд муухай харагдуулсныхаа дараа баривчилж, байцааж шүүж байна. Нийгмийн сэтгэл зүйд тухайн хүнийг авлигач хэмээн хүчээр ойлгуулж байгаад дараа нь баривчилдаг аргатай болж. Шинэ НАХЯ-ыг бий болгох гэж байгаа бол хуулийнхан та бүхэн үнэнээ хэл. УИХ-ын гишүүд бид айхгүй шүү. Яаж ч оролдож болно. Биднээс юм гарахгүй л дээ, гэхдээ та нар зохиогоод гаргадаг” гэж хэллээ. “… Эхлээд хэвлэл мэдээллийн байгууллагуудад тухайн хүнийхээ мэдээллийг өгч хар пиар хийлгэдэг, дараа нь барьдаг… УИХ-ын гишүүд бид та нараас айхгүй шүү… биднээс юу ч гарахгүй, гэхдээ та нар гаргадаг”. Эдгээр үгс ноцтой сонсогдож байгаа биз. Сэтгүүлч бид нар гар хөл нь болж, тэдэнд их дэм болж байгааг хэллээ. Сэтгүүлч бидний баян, хөрөнгө чинээтэй хүмүүсийг үзэн яддаг байдал тэдэнд их дэм болж байгаа юм байна. Тэр муу дарга, энэ муу баян хэмээн бичдэг, нэвтрүүлдэг маань эргээд олон хүнийг шоронд хатаах өдөөлт болжээ. Социализмын үед сэтгүүлчид эрх баригчдад таалагдаагүй хүмүүсийг доош нь хийж бичихдээ гаргууд байж, 60, 70-аад оны сэхээтний төөрөгдөл нэртэй хэлмэгдүүлэлтийн гол гар хөл нь болцгоож байсан нь түүхэн үнэн юм. Хүнийг яаж үзэшгүй муухай дайсан болгож харагдуулах, хүний тооноос хасч, нийгмийн илүүдэл болгож, орох байх газаргүй болтол нь сониноор бичиж дарамтлан тухайн үеийн эрх баригчдын “бууны ноход” болж байсныг түүх гэрчилнэ. Зөвхөн Лоохуузын хэргээс харахад л алган дээр байгаа мэт харагддаг. Лоохууз, Сурмаажав, Нямбуу нарын 200 гаруй сэхээтнийг хэлмэгдүүлэн ажлаас нь халж, хөхөө өвлийн хүйтнээр хөдөө буйд сумдад нутаг заан суулгасан.
Тэдний дийлэнх нь га¬даадад боловсрол эзэмшсэн, үндэсний сэхээтнүүд байсныг тэр үеийн сэтгүүлчдийн цөөнгүй нь “Муу эсэргүүнүүд” хэмээн цоллож, нэр төр дээр нь дэвслэн бичиж байлаа. Баримт нь тухайн үеийн сонин хэвлэлийн шарласан хуудаснаа үлджээ. Яг үүн лүгээ өнөөдөр хэрэг хийсэн нь огтхон ч тогтоогдоогүй хэдэн зуун сэхээтнийг, баялаг бүтээж буй өчнөөн олон бизнесменүүдийг шоронд хоёр жилээр хорьж, байцаалт авсан нэрээр тамлаж байхад манай сэтгүүлчид юу ч бодохгүйгээр тэднийг авлигач, луйварчнаар дуудан дээрээс нь дэвслэн бичсээр байгаа нь эмгэнэлтэй.
Саяхан Германаас ирсэн нэгэн хөрөнгө оруулагч Монголд байгуулсан бүх гэрээгээ цуцлаад буцлаа. Яасан гэхээр манай улсад 20 саяас дээш гүйлгээг хууль хяналтынхан шалгадаг хуультай болсон. 60 нас хүртлээ бизнес хийж хөл дээрээ зогсохдоо, нэг ч удаа хуулийн байгууллагын хаалга татаж үзээгүй герман нөхөр Монголд хөрөнгө оруулах гэсэн биш хүчний байгууллагынханд дуудагдаж, байцаалт өгсөн нь нэр төрд нь бүдүүлгээр халдсан, байж болшгүй үйлдэл болжээ. Ийм дайсагнасан, хүмүүсийн ул шагайсан хуультай байж элэнцгийнх нь гадны хөрөнгө оруулалт татах вэ. Монголчуудаасаа халиад хуулийн хүрээнд бизнесээ явуулах гэсэн гадныхныг хүртэл өнөө шорондоо хийх нь байна шүү дээ.
Лу.Болд гишүүний “УИХ-ын ги¬шүүд бид айхгүй шүү. Яаж ч оролдож болно. Биднээс юм гарахгүй л дээ, гэхдээ та нар гаргадаг” гэсэн үгийн цаана юу агуулна вэ. Монгол хүмүүс чинь том жижиггүй, нийтээрээ айдас хүйдэст автчихсан байгаа юм биш үү. Энэ чинь 1937 оны аймшигт үзэгдэл биш үү.
Монголд өнөөдөр шо¬ронгоос их юм алга. Уламжилж ирсэн айхавтар “юм” монголчуудаас салахгүй байна. Манжийн үед ч манайх “Батцагаан” гэх мэт том шорон гяндантай байж иргэдээ дүүргэж байсан. Хаа байсан Манжийн үеэс ийнхүү эхтэй 200, 300 жилийн түүхтэй аймшигт харанхуй шоронгуудаас монголчууд бага ч болтугай салах боломж нь өнөөдөр ид яригдаж буй Гэмт хэргийн тухай хууль юм. Энэ хууль жаахан найдвар төрүүлж, гэрэл гэгээ болж мэдэх нь. Энэ хууль батлагдсанаар 3000 орчим хүн суллагдана гэж байгаа. Угаасаа хуучин Эрүүгийн тухай хууль нь мөн чанараараа социалист нийгэмд зориулагдсан хууль юм. Нийгэм нь өөрчлөгдчихөөд байхад хуулийн зарчим нь хуучин нийгмийнхээрээ явж ирсэн нь мөн ч их гай тарилаа. Дэлхийн ертөнц тэр чигээрээ хөгжил өөд явж байна. Манайх ч мөн адил. Ийм цаг үед ирээдүйд халагдаж үгүй болох дэлхийн 10 технологийн нэгд шорон гяндан орсон. Ийм байхад Монгол Улс шорон гяндан шинээр барьж, түүндээ тэрбумаар хөрөнгө зарцуулдаг.
Сүүлийн үеийн үйл явдлаас харж байхад шүүх засаглал байх шаардлага байгаа юм уу гэж бодогдохоор байна. Уг нь бол шүүхээр л гэмт хэрэгтэн гэж тогтоогддог, тэгээд ял аваад шоронд явдаг. Гэтэл өнөөдөр Монголд шүүхтэй, шүүхгүй сэжигтэн гэсэн нэрээр хоёр жил хорьчихдог хууль үйлчилж байна. Шүүхийн хэрэгцээ огтхон ч байхгүй байгаа биз дээ. Шүүхийн тогтоолгүйгээр хоёр жил шоронд суусан тэр хүн бүх бизнесээ дуусгаад, эрүүл мэндээрээ бүрэн хохирч, өвчний үүр уурхай болоод, нэр төрөө шороонд хутгаж, сэтгэл санаагаар бүрэн унадаг нь 20 жил шоронд суусан хүнтэй ав адилхан болж байгаа юм.
Шүүгч, прокурор, цагдаа гэсэн хүний адаг, шаарууд шавчихсан болоод ингэж байгаа юм гэхэд бас хаашаа ч юм. Ерөөсөө хууль нь ийм хөгийн, цаг үеэсээ хоцорсон, соц үеийн шинж чанараа хадгалсан хэвээр байгаад юм. Ард түмнээ шоронгоор дүүргэх зориулалт бүхий хуультай, хүний эрхийг асар их зөрчиж, уландаа гишгэсэн, соц нийгмийн үеийн хууль үйлчилж байхад ямарч хөгжил, шинэчлэл яриад хэрэггүй. Тийм болохоор энэ хуулийг солих цаг нь нэгэнт болжээ. Гэтэл бас энэ хуулийг хамгаалж, хуулийн шинэчлэлийг сөрж байгаа хүмүүс харагдаж байна. Энэ нь яах вэ, өөрийнх нь хийсэн ажил үр дүнгүй болохыг хараад дургүйцдэг нь хүн төрөлхтөнд байдаг ойрын зайн зан чанар мөн юм. Ямарч цаг үед байсан хүний богинохон бодол. Яваандаа гайгүй болчихно. Юуны өмнө социалист үеийн энэхүү аймшигтай хуулиасаа даруй салцгаая. Ингэж чадвал их л олон үйл хэрэг зөв голдиролоороо явна даа.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав таалал төгсч, Монголын урлагт нөхөж баршгүй хүнд гарз тохилоо. Талийгаачийн ах дүү, төрөл төрөгсөд, түүнийг хүндлэн дээдэлж, авьяас билэгийг нь хайрлаж ирсэн бүхэнд гүн эмгэнэл илэрхийлье.
Нэрт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав 1926 оны зургадугаар сарын 1-нд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Зүүн хашаатын яндаг худаг гэдэг газар төржээ. Тэрээр Москва хотын П.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн Дээд сургуулийг найрал дууны удирдаач, Хөгжмийн зохиолч мэргэжлээр суралцан төгсч, 1960-1963 онд Улсын Хөгжимт Драмын Театрт найрал дууны багш, 1963 -1975 онд УДБЭТ-н Уран сайхны удирдагч, 1975 оноос УАДБЭЧ -ын Дарга, 2004 он хүртэл тус чуулгын зөвлөхөөр ажилласан байна.
Хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт, Ардын жүжигчин ,хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав бид бүгдийн сайн мэдэх “Маамуу нааш ир”, “Би чамд хайртай”, “Дурлал хайрыг минь дамжуулаасай” ,”Усны Тунгалаг тамирын гол”, “Охидын уянга”, “Хэрлэн” зэрэг сэтгэлд хоногшсон дуунаас эхлээд дуурь, бүжгэн жүжгийн олон арван уран бүтээлийг туурвисан Монголын хөгжмийн урлагийн тулгын гурван чулууны нэг гэгддэг агуу суу билэгт хөгжмийн зохиолч байсан билээ.
Нэрт зохиолч, найрал дууны удирдаач Д.Лувсаншаравын Монголын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж түүнд 1951 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, 1963 онд Төрийн шагнал /”Хэрлэн” дуу, “Эх орон бат оршиг” магтуу зохиосон тул/, 1981 онд Ардын жүжигчин цол, 2000 онд Хөдөлмөрийн баатар цолыг тус тус хүртээж байжээ.
Ум мани бадми хум.