Categories
мэдээ цаг-үе

NHK телевиз “MCS”-ийн Ж.Оджаргалыг онцолжээ

Азид шинээр төрөн гарч буй бизнесменүүд дотроос “Эм Си Эс” группын
захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргалыг нөөцөөрөө дэлхийд толгой цохих Таван толгойн
нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд гадаадаас хөрөнгө оруулалт
амжилттай босгож, бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй эхлүүлж чадсан гэдгээр нь Японы
“NHK” телевиз онцолж, тусгай нэвтрүүлэг бэлтгэжээ. Өнгөрсөн жил дэлгэцнээ гарсан
тус нэвтрүүлгийн агуулгыг тоймлон хүргэж байна.

 Таван толгойн ордын нүүрс нь коксжих буюу өндөр илчлэгтэй учраас
гангийн үйлдвэрлэл болон автомашины шатахууны үйлдвэрлэлийн гол түүхий эд билээ.
Энэ ч утгаараа дэлхийн зах зээлд эрэлт ихтэйгээс гадна өндөр үнэтэй. Энэхүү уурхайн
нүүрсийг дэлхийн зах зээлд борлуулах бодлогыг амжилттай хэрэгжүүлж яваа эрхэм бол
Ж.Оджаргал. Тэрээр хэдийнээс барууны эдийн засаг, бизнесийг ихэд сонирхож, тэдэнтэй
хамтарч ажиллахыг сонирхож байсан ч хоёр хөрштэйгөө эдийн засгийн салбарт түншлэхийг
орхигдуулаагүй юм. Энэ тухайд тэрээр “Байгалийн асар их баялагтай манай орон газар
зүйн байршлын хувьд Орос, Хятад хэмээх хоёр их гүрний дунд оршиж байгаа нь эдийн
засгийн талаас авч үзвэл маш том зах зээлтэй хиллэж байна гэсэн үг. Үүнийг бид давуу
тал болгох хэрэгтэй. Бас ашигт малтмалаа экспортлох гуравдагч хөршийг эрэлхийлэх
нь зүйтэй” гэсэн юм.

2008 оноос уул уурхайд оруулах хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдсэн
нь Монголын эдийн засаг хурдацтай хөгжихөд нөлөөлжээ. 2012 онд Монгол Улсын эдийн
засгийн өсөлт 12.3 хувьтай байсан нь дэлхийд гуравдугаарт орох үзүүлэлт байсан юм.
Фүкүшимагийн атомын цахилгаан станцын дэлбэрэлт болон 2001 оны газар хөдлөлтийн
дараахнаас Японы эрчим хүчний импорт эрс нэмэгдсэн. Энэ цагаас эхлэн Япон эрчим
хүчний найдвартай эх үүсвэрийг нүүрс хэмээн анзаарах болсон юм. Бидний Монголоос
нүүрс импортлох сонирхол үүнээс эхтэй. Гэсэн хэдий ч нүүрсээ зардал багатайгаар
экспортлох нь томоохон асуудалтай. Далайд гарцгүйгээс гадна агаараар тээвэрлэх боломжгүй.
Тиймээс монголчууд хөрш орнуудаар дамжин өнгөрүүлэх аргыг сүвэгчлэх болсон юм.

Ойролцоогоор зургаан их наяд нүүрсний нөөцтэй хэмээн дэлхийд данслагдсан
Таван толгойгоос нүүрс экспортлох дэд бүтцийг хөгжүүлэхэд 800 сая ам.долларыг
2013 оны байдлаар зарцуулчихаад байна. “Эм Си Эс” компани 2012 онд 8.2 сая тонн,
2013 онд 13 сая тонн нүүрс экспортолсон нь 2009-2013 оны хооронд Монголоос экспортолсон
гурван кг нүүрс тутмын нэг кг Тавантолгойнх гэсэн статистик байна. “Эм Си Эс” группын
захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал “Нүүрс бол улаан буудайтай л адил. Буудайгаа
тээрэмдээд, гурил болгочихвол талхны цех, гуанзанд ч нийлүүлж болно. Буудайгаараа
байвал түүнийг ганц гурилын үйлдвэр л авна. Үүнтэй адилаар нүүрсээ угааж борлуулах
сувгаа нэмэгдүүлж, үнээ ч мөн өсгөж байна. Коксжих нүүрс нь гадаад валютын урсгалыг
бүрдүүлэгч уул уурхайн голлох түүхий эд учраас эдийн засгийн голлох хөдөлгүүр. Хятад
500 сая тонн коксжих нүүрс хэрэглэдгээс 40-50 сая тонныг нь импортолдог. Энэ хэрэгцээг
нь бид хангах зорилт тавьж ажиллана” хэмээжээ.Тавантолгойн нүүрсний ордын дэргэд
угаах үйлдвэр байгуулахаас өмнө дэлхийн зах зээл нэг тонн нүүрс 192 ам.доллар байсан
юм. Энэ үед Хятад руу түүхий нүүрсний тонн тутмыг нь 20 ам.доллараар экспортолдог
байж. Хятадын үйлдвэрүүд Монголоос хямд авсан түүхий нүүрсээ коксжуулаад өндөр үнэ
хүргэн цааш нь зардаг байсан цаг саяхан. Харин нүүрс угаах үйлдвэрийг Таван толгойн
уурхайн хажууд байгуулж нүүрсээ коксжуулж эхэлснээр нэмүү өртөг шингэсэн нүүрс гаргадаг
болсон юм.

Хятад хэзээнээс нүүрс экспортлогч гүрэн байсан хэдий ч 2007 онд буюу
Бээжингийн олимпийн өмнөхөн эрчимтэй хөгжиж буй эдийн засгаасаа шалтгаалаад нүүрс
импортлогч болон хувирчээ. Энэ үед Ж.Оджаргал нүүрс борлуулах хэлэлцээр хийж, нүүрсний
тонн тутмын 20 ам.долларын үнийг өсгөхөөр Хятадыг зорьсон юм. Тухайн үед Хятадад
нүүрс нийлүүлэгч Австралид үерийн гамшиг нүүрлэж, нүүрсний экспортоо эрс багасгаад
байсан учраас Хятадууд өмнөхөөсөө өндөр үнэтэй коксжих нүүрс Тавантолгойгоос импортлохоор
болсон гэдэг. Нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орох ч хэн хүний сонорт хүрч амжаагүй ордод
гаднаас 650 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгоно гэдэг амаргүй. Гэсэн ч үүнийг
Ж.Оджаргал хийж чадсан. Тонн тутамд нь 20 ам.долларын тээвэрлэлтийн өртөг шингэсэн
үнээр Хятад руу тээвэрлэж байсан учраас хоёр орны Засгийн газар төмөр зам тавихаар
хэлэлцэж эхэлсэн. Одоогийн монголчуудын хэрэглэж байгаа төмөр зам өргөн царигтай
учраас Оросод эсвэл Оросоор дамжуулан гуравдагч улсад экспортлох боломжтой. Гэсэн
ч энэ нь хэтэрхий өндөр өртөгтэй учраас Хятадаар дайруулан далайн боомт руу нарийн
царигтай төмөр зам тавих нь эдийн засгийн өндөр үр өгөөжтэй юм.

2013 онд нэг тонн нь 160 ам.доллар байсан нүүрс 100 болтлоо унасан
нь дан ганц Хятадын зах зээлээс хараат байх эрсдэлтэйг анхааруулсан дохио байлаа.
Тиймээс хоёр дахь экспортлогч орны эрэлд Ж.Оджаргал гарсан юм. Тэрээр “Монголын
хувьд нүүрс экспортлогч хамгийн том зах зээл нь Хятад. Түүний дараагаар жилдээ
70-80 сая тонн коксжих нүүрс импортлогч Япон орно. Хятад, Оросоор дамжуулан Хойд
болон Өмнөд Солонгос, Тайвань, Энэтхэг рүү ч экспортлох боломжтой. Хамгийн гол нь
тээвэрлэлтийн өртөг хямд байх ёстой. Орос Хятадаар дамжин өнгөрөх төмөр замыг ашиглан
гуравдагч оронд нүүрсээ борлуулна гэдэг амаргүй. Засгийн газраас Таван толгойн ордоос
Хятад руу чиглэсэн төмөр зам тавих эсвэл Орос руу өргөн царигт төмөр зам тавих зэрэг
дээр Засгийн газар удтал хэлэлцсэний эцэст өнгөрсөн оноос Хятад руу чиглэсэн нарийн
царигт төмөр замыг барьж эхэлсэн. Эцсийн хэрэглэгчдэдээ хүрэх зардал бага, чанарын
алдагдал багатай учраас “Эм Си Эс”-ийн зүгээс эхний ээлжинд Хятад руу чиглэсэн төмөр
зам барих нь давуу болохыг анхааруулсаар байжээ. Монголын төр Орос руу чиглэсэн
төмөр замын судалгааг давхар эхлүүлсэн. 2020 он гэхэд Тавантолгойн ордоос экспортлох
нүүрсний арван кг тутмын есийг Хятадаар дамжуулан, үлдсэн нэг кг-ийг нь хойд хөршөөр
дамжуулан гуравдагч оронд экспортлохоор төлөвлөжээ.

“Эм Си Эс” корпораци Солонгосын Поско групптэй хамтарч нүүрс шингэрүүлж,
нефть гаргах төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа хэдийн оржээ. Экспортлох боломжгүй
чанар муутай хүрэн нүүрсийг шингэрүүлэх нь энэхүү төслийн гол зорилго. 2020 он гэхэд
450 мянган тонн шингэн шатахуун боловсруулахаар төлөвлөсөн бөгөөд энэ нь дотоодын
түлшний хэрэглээнийхээ арван литр тутмын долоог хангах боломжтой юм байна. Өнгөрсөн
оны байдлаар “Эм Си Эс” групп гадны хөрөнгө оруулагчтай хамтран энэхүү төсөлд
200 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ.

 М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нефтийн ханш буурсан ч жижиглэнгийн үнэ өснө гэв


Уул уурхайн яамнаас өчигдөр “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлыг хийлээ. Хуралд Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, Газрын тосны газрын дарга  Г.Өлзийбүрэн, “Эрдэнэс Таван толгойн” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь нарын албаны хүмүүс оролцлоо.
Тэд дөрөвдүгээр сард зэсийн баяжмалын үйлд­вэрлэл 305.8 мянган тонн, молибдений баяжмалын үйлдвэрлэл 1.2 мянган тонн байгааг дуулгалаа. Мөн Алт 1.4 тонн, нүүрс 6.9 сая тонныг өнгөрсөн дөрөвдүгээр сард олборлон арилжаалжээ. Жонш 92.2 мянган тонн, төмрийн хүдэр 0.9 сая тонныг олборлосон бол газрын тосны үйлдвэрлэл хоёр сая 145 мянган баррель байгаа аж. Худалдааны хувьд 5.4 сая тонн нүүрс, зэсийн баяжмал 316.5 мянган тонн, молибдений баяжмал 1.4 мянган тонн, алт 2.5 тонн, жонш 83.0 мянган тонн, төмрийн хүдэр 1.6 сая тонн, газрын тос 2,094.6 мянган баррелийг тус тус экспортолсон гэнэ. Тэрчлэн Цагаан суваргын ордын 34 хувийг төр эзэмших тогтоолын төсөл өргөн барь­сан болоод ирэх сараас газ­рын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт шинэ үнийн томъ­ёоллоор хийгдэх болсныг дуулгав. Гэхдээ хямд үнээр шатахуун импортлох болсон ч жижиглэнгийн үнэ буурахгүй гэдгийг Уул уурхайн яамны удирдлагууд мэдэгдлээ. Ийн­­хүү мэдээлэл өгсний дараа сэтгүүлчид Газрын тосны газ­рын дарга Г.Өлзийбүрэнгээс дараахь асуултад тайлбар авсан юм.
-Шатахууны нийлүүлэлт шинэ үнийн томъёоллоор хийгдэнэ гэж  байна. Тонн шатахууныг хэдэн төгрөгөөр авах болсныг хэлээд байгаа юм бэ. Жижиглэнгийн үнэд ямар өөрчлөлт орох вэ?
-Бид яриа хэлэлцээр хийс­ний дүнд нэг тонн нефтийн бүтээгдэхүүнийг 960 ам.доллараар худалдан авахаар болоод байна. Өмнө нь 1300 орчим ам.доллараар худалдан авдаг байсан. Тиймээс л шинэ үнийн томъёолол гээд байгаа юм. Олон улсын зах зээл дээр нэг тонн нефтийн бүтээгдэхүүний үнэ ямар байна түүн дээр тээвэрлэлтийн үнийг нэмээд л Монгол Улсад импортлогдоно гэсэн үг. Гадаад орчны үнийг зохицуулж бараг 400 ам.доллараар буулгаад байгаа боловч хэрэглэгчдийн гарт хүрэх үнэ нь хэвээрээ байна. Шатахуун түгээх станцын буюу жижиглэнгийн үнэд дорвитой өөрчлөлт орж чадахгүй.
-Яагаад?
-Валютийн ханш нөлөөлж байгаа юм. Валютаар нефтийн бүтээгдэхүүнийг худалдаж авдаг учраас ийм нөхцөл байдал үүслээ. Гадаад орчинг тогтворжуулсан ч, дотоод асуудлууд ийм байгаа.  
-Гэхдээ цаашид шатахуу­ны үнэ нэмэгдэхгүй биз дээ?
-Үнэ нэмэгдэнэ. Гэхдээ улс орныг донсолгосон хэмжээний савлагаа гарахгүй. Яагаад гэвэл валютын ханш маань яах аргагүй нөлөөлөөд байна. Хөрш орнуудад нефтийн бү­тээгдэхүүний үнэ нэг ам.доллар 10 орчим центийн үнэтэй бай­на. Гэтэл бид өөрсдөө үйлдвэрлэдэггүй байж ийм хямдханаар борлуулж болох уу, үгүй юу гэдэг асуудал үүснэ. Эдийн засаг үүнийг даах уу, үгүй юу.
-Савлагаа үүсгэхгүй гэдгийг хэдэн төгрөгөөр тодотгож хэлээд байна вэ?
-Бид чинь 100-200 төгрөгөөр нэмэгдчихээр бөөн асуудал болдог биз дээ. Түүнийг л хэлээд байгаа юм шүү дээ. Ийм хэмжээний донсолгоог бид оруулахгүй байя гэж байгаа.
-50 төгрөгөөр нэмэгдсэн ч асуудал шүү дээ?
-40-50 төгрөг нэг их асуудал үүсгэхгүй дээ. Бүгд харж байгаа шүү дээ. Угаасаа 100 ам.доллараар аваад 90 ам.доллараар зарахгүй нь ойлгомжтой. Хамгийн тогт­вортой байгаа ганц бү­тээгдэхүүн нь газрын тосны бүтээгдэхүүн.
-Жижиглэнгийн үнэ буухгүй, хэрэглэгчид хямд шатахуун авахгүй юм бол хилийн үнийг буулгаад ямар хэрэг байгаа юм. Та нар хилийн үнийг буулгалаа гэж яриад хэнд ашигтай юм бэ?
-Нэмэгдчихнэ гэж яриад байгаа юм биш л дээ. Гэвч валютын ханш нэмэгдээд байна шүү дээ. Ингэсэн тохиолдолд шатахууны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой.
-Хөтөлийн үйлдвэрт өргөтгөл хийж энэ жилээс нэмж нэг сая тонн цемент үйлдвэрлэхээр болсон. Гэтэл яагаад цементийн үнэ нь буурахгүй байна вэ. Ер нь та бүхний ярьснаас эсрэгээрээ бүх зүйлийн үнэ нь өсөөд байх юм?
-Цэвэр бизнесийн зарчмаар явах ёстой. Хэрэв Хөтөлийн цемент илүү үнэтэй байвал хэн ч авахгүй. Хажууд нь байгаа импортын цементийг л авна. Тэгэхээр үнэ нь буурах байх.

Л.МӨНХ

Categories
мэдээ цаг-үе

М.Энхболд: Ард түмний амьдрал доройтож байгаад хариуцлага тооцно

МАН-ын дарга М.Энх¬болдтой ярилцлаа. 

-Танай намын бүлгийн зүгээс Ерөнхий сайдад шаард­¬лага хүргүүлсэн. Гэвч ямар нэгэн хариуцлага тооцож, хариу ирүүлсэнгүй. Шаардлагын хугацаа ч дуусчихлаа шүү дээ?

-Энэ сарын 16-ны өдөр МАН-ын бүлэг хуралдаж Ерөнхий сайдад хариуцлага тооцож ажлаа сайжруулах, алдаа гаргаж буй сайд нартаа хариуцлага тооцох тухай шаар¬дах хуудас өгсөн. Бидний зүгээс өгсөн шаардлагын хугацаа дуусчихсан. Засгийн газрын тэргүүнд хариуцлага тооцох асуудлыг цөөнхийн зүгээс өргөн барьсан ч ан¬хаарч үзсэнгүй. Засгийн газар, Энэ нь улс орны эрх ашиг, эдийн засгийн нөхцөл, ард түмний амьдрал доройтож байгаад үнэлэлт дүгнэлт өгч хариуцлага тооцох тодорхой асуудлыг гаргаж тавина. 

-Хэнд ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй байна шүү дээ. Үүнийгээ хэзээ тодорхой болгох вэ?

-Яг ямар хариуцлага тооцохоо өнөөдөр (өчигдөр) үдээс хойш хуралдах бүлгийн хуралдаанаараа тодорхой болгох юм.

-Ерөнхий сайдын зүгээс яагаад шаардлагад хариу өгөхгүй байна гэж үзэж байгаа вэ?

-Бидний зүгээс хамгийн эхэнд хариу өгөх талаар шаардсан. Харамсалтай нь бидний өгсөн шаардлагыг үнэхээр авч хэлэлцэхгүй байна. Тийм болохоор бид бүлгийн хурлаараа яахаа шийднэ. 

-Оюутолгойн өнөөдрийн нөхцөл байдал ямар байгаа вэ. Ажилчдаа олноор нь халсан гэж Ройтерс агентлаг мэдээлсэн нь шуугиан тарьж байна?

-Энэ төслийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг нь явуулах талаар УИХ, Засгийн газар олон шийдвэр гаргасан ч харамсалтай нь энэ ажил зогсонги хэвээрээ байгаа. Уг төсөл хөтөлбөр хэрэгжих боломж нь улам л хомс болсоор байна. Оюутолгойн өнөөдрийн энэ байдал Засгийн газрын үйл ажиллагаатай салшгүй холбоотой гэж үзэхээс өөр аргагүй. Уг нь манай орны хөгжил дэвшилд ихээхэн нөлөө үзүүлэхүйц олон улсын томоохон төсөл хөтөлбөр байсан юм. Харамсалтай нь өнгөрөгч онд үйл ажиллагаа нь зогслоо гэдгээ зарлачихсан. Үүнтэй холбогдуулан ажиллаж байсан ажилчдын тоо буурч, эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн дотор ажилчдаа 300-гаар нь халчихлаа. Энэ нь улсын эдийн засаг ямар байгааг илтгэж байгаа хэрэг. Үүнд зайлшгүй анхаарах шаардлагатай. 

-Эдийн засгийг эрчим¬жүүлэх 100 хоногийн хүрээнд ямар өөрчлөлтүүд гарах бол?

-Ямартай ч эдийн засгийн эрчимжүүлэх 100 хоногийн цаг хэдийнэ цохилоод эхэлчихсэн. Эдийн засаг хүнд байна. Бид 10 хоног тутам энэ талаар мэдээлж байх болно. Сүүлийн 10 хоногийн дотор гэхэд Изинис гээд том компани үүдээ барьж, үйл ажиллагаагаа зогсоочихлоо. Оюутолгойн олон ажилчид халагдсан гээд үнэхээр Засгийн газрын эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийнхоо ажилд тодорхой арга хэмжээ авч чадахгүй байна гэж үзэж байгаа юм. Энэ Засгийн газар ажигч гярхай, зөв шийдвэртэй бодлогуудыг явуулах ёстой. 

-Монгол Улсын төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн нар хөрш хоёр орондоо айлчилсан айлчлал үр дүнтэй боллоо гэж байна. МАН-ын даргын хувьд энэхүү айлчлалуудыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Төрийн тэргүүнүүд хөрш хоёр орныхоо төрийн тэргүүнүүдтэй уулзсан. Ерөнхий сайд ОХУ-ын эдийн засгийн форумын үеэр В.Путинтэй уулзаж хоёр орны харилцааг идэвхжүүлэхэд анхаарч хэлэлцээр хийж байгаа нь үр дүнтэй болоосой гэж бодож байна. Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд нааштай алхам гараасай билээ.  

-ОХУ, Хятадыг холбосон хийн хоолойг Монголоор дамжуулах тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Уг асуудлыг судалж үзэх болсон гэсэн мэдээлэл л байна. Сайтар судалж шийдвэр гаргах байлгүй дээ. 

-Танай намын стратеги судалгааны төвийнхөн эдийн засгийн нөхцөл байдлын тал дээр нэлээд судалгаа хийсэн байна. Зарим үзүүлэлтийг харахад үнэхээр ийм хэмжээнд очсон уу гэж асуумаар л санагдах юм?

-Өнгөрөгч оны сүүлчийн байдлаар Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд бүгд сөрөг дүнтэй гарсан байна. Эдийн засаг  хямралд орсноор хөгжлийн хурдац зогсонги байдалд орчихлоо. ДНБ-ий өсөлт 2012, 2013 онд жил дараалан  буурчихлаа.  Улсын нэгдсэн төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасарч, төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн алдагдал 1.3 их наяд төгрөгт хүрч сэтгэл эмзэглэм байдал бий болчихлоо л доо. Инфляци 12.5 хувьд хүрч,  цаашид ч тасралтгүй өснө гэдгийг Дэлхийн банк тайландаа тусгасан байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалт 55 хувиар буурч, гадаад худалдааны алдагдал 2.1 тэрбум ам.долларт хүрчихсэн. ОУВС-аас эдийн засгийн зөв оновчтой бодлого явуулахгүй бол ирэх онд эдийн засгийн өсөлт хасах хоёр хувь болох магадлалтайг сануулж байгаа. Банкны систем дэх нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны хоёрдугаар сарын байдлаар 11.2 их наяд төгрөгт хүрч аюулын харанга дэлдлээ.  Чанаргүй зээлийн хэмжээ 598 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оноос  хоёр дахин өссөний дээр хугацаа хэтэрсэн зээл 198.7 тэрбум төгрөг болж үндсэндээ 78 хувиар нэмэгдлээ. Төгрөгийн ханш 34 хувь хүртэл суларсан бол Монгол банкинд байгаа валютын нөөц нэг тэрбум ам.доллар ч хүрэхээргүй байна гэсэн. 

-Эдийн засгийн хөгжлийн сайд тайван байх хэрэгтэй. Эдийн засаг элгээрээ хэвтчихээгүй гэдгийг чуулган, Байнгын хорооны хурал дээр мэдэгдээд байгаа?

-Манай орны эдийн засаг хямралын түвшинд хүрчихээд байхад эрх баригчид бодит байдлыг ард түмнээсээ нуун дарагдуулж эдийн засаг хямраагүй гэдэг. Ардчилсан намынхан эдийн засаг хямраагүй гэж мэдээллийн хэрэгслээр эрээ цээргүй ярьж хямралыг улам их даамжруулж байгаа Засгийн газрын 1.8 жилийн  хугацаанд бий болгосон үр дүн. 100 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн “100”-гийн тор ч дүүргэхээ байлаа. Орон сууцны үнэ өнгөрсөн оноос хоёр дахин нэмэгдлээ. Цахилгаан дулааны үнэ 11.4 хувиар өссөн. Ийм байхад Засгийн газар иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх бодлого барьж ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа нь гайхалтай. Цалин, тэтгэврийг инфляцитай уялдуулан нэмэгдүүлэх ёстой байтал тэтгэврийг нэмсэн үйлдэл нь ард түмнээ хуурсан явдал болсон. Монголын төрөөс гадна ард түмэн өрөнд баригдсан. Монголбанкны статистикаар хөдөлмөр эрхлэгчдийн 30.5 хувь  буюу 247.319 хүн нийт 1.2 их наяд  төгрөгийн цалингийн зээлтэй гэсэн байна. Тэтгэвэр авагчдын 83.2 хувь нь буюу 186.644 өндөр настан нийт 294.2 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй байгаа гэсэн дүн гарсан. Гэтэл Эдийн засгийн хөгжлийн сайд нь “Монголчууд бид хамгийн баян улс, үүнийгээ мэддэггүй.  Мөнгө бол асуудал биш, дэлхийд нэг хүнд оногдох газар нутгийн хэмжээгээр тэргүүлдэг улс нь хамгийн баянд тооцогддог жишиг байдаг юм шүү” гээд хээвнэг яриад сууж байгаа нь үнэн. Монголын нийгэм, эдийн засгийн  байдал өдрөөс өдөрт улам бүр  доройтож  улс орны эдийн засгийн аюулгүй байдал сэтгэл түгшээх хэмжээнд хүрчихлээ.  

-Танай бүлгийнхэн өөрсдөө хийж буй ажлыг нь дэмжихгүй байгаа болохоор Засгийн газрын ажил урагшлахгүй байгаа юм биш үү?

-Шинэчлэлийн Засгийн газар засаг барьсан хугацаанд Монгол Улсад шударга ёс, тэгш эрх, эрх чөлөө, ардчилал улам бүр хумигдлаа. Энэ бүгд цаасан дээрх тунхаг, өнгөрсөн түүхэн дэх дурсамж болж үлдэж байгаад харамсч байна. Эрх баригчид ардчилал, төрийн нэрийг барьж ард түмнээ, бизнес эрхлэгчдээ ялгаварлан гадуурхаж, дарамталж, шахан хавчиж байна. Эрх мэдлийн зөөлөн суудлаасаа салчих вий гэхдээ тэд хэнтэй ч нөхөрлөж юу ч хийхээс буцахгүй. Хэлсэн ярьснаасаа бултаж мэлзэх нь дүр эсгэсэн ардчилагчдын бодит үнэн дүр төрх болсон. УИХ, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг эцсийн хэлэлцүүлэгт унагаж аваад “давхар дээл”-н­дээ түүртэж үлдсэн нь эрх баригчид улс орны эрх ашгаас илүү хувийн эрх ашгийг илүүд үзэж байна. Энэ үнэн шүү дээ. 

-Болгоё, бүтээе гэхээр нь энэ ч хуулийн төслийг дэмжихгүй гээд өөрсдийн байр суурийг илэрхийлээд байгаа нь ямар учиртай юм бэ. Энэ долоо хоногт хэлэлцэх хэд хэдэн хуулийг мөн хэлэлцэхгүй гэдгээ мэдэгдсэн?

-Монгол Улсыг өрөнд идүүлэх Өрийн удирдлагын тухай хууль мэтийг дэмжихгүй. Монгол төрийн өрийн хэмжээ 11.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 68 хувийг эзэлчихлээ. Хуулиар тогтоосон босго болох 40 хувийг аль хэдийн давсан юм. Тийм болохоор дэмжих аргагүй. Монголын нийт гадаад өр 19.2 сая ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 34.3 тэрбум төгрөгт хүрчихлээ.  Өнгөрөгч оны эдийн засгийн өсөлт гадаад өрийн хүүг төлөхөд ч хүрэхгүй байгаа. Дотоодын зээлийн өрийн үлдэгдлийг нэмж тооцвол Монгол Улсын нийт өр 45 их наяд 446 тэрбум төгрөг болно. Энэ бол аймшигтай аюул. Тиймээс Монгол өрийн улс болж, Монголын ард түмэн өлгийтэй нялхсаасаа эхлээд өвгөд хөгшдөө хүртэл өөрсдөө ч мэдээгүй өрийн дарамтад орчихож байгаа юм. Энэ бол ОУВС болоод Дэлхийн банкны хамтарсан судалгаагаар гаргасан тоо юм шүү. Тэдний мэдээлснээр “Монгол өрийн дарамтанд орох бага зэрэг эрсдэлтэй” гэсэн ангилалд багтаж,  “Өрийн дарамтад орох өндөр эрсдэлтэй” гэсэн ангилал руу  шилжиж болзошгүй гэсэн. 

-Хүний эрхийн асуудалд онцгой анхаарна хэмээн танай бүлгийнхэн ярьж байсан. Өнөөгийн хууль зүйн салбарын тухайд ямар бодолтой байгаа вэ?

-Олон улсын хүний эрх, хууль тогтоомжуудыг эрх баригчид зөрчсөн. Тэр ч бүү хэл Үндсэн хуулийг удаа дараа ноцтой зөрчсөн нь даанч харамсалтай байна. Ард түмний төрдөө итгэх итгэл ч алдарч, Монгол Улсын нэр хүнд хоёр хөрш болон дэлхий нийтэд улам бүр унаж байгаа. Хүний эрх ялангуяа жамны ёсны эрх болох амьд явах эрх ноцтой зөрчигдөх болсон. Гэм буруутай нь тогтоогдоогүй атлаа шоронд хоригдож, суллагдаж, дахин хоригдож байсаар манай намын нэг гишүүн, бидний журмын нөхөр амь насаа төрийн хамгаалалтын дор эмгэнэлтэйгээр алдлаа. Үүнийг юу гэх вэ. Хууль хяналтын байгууллагынхан  хариуцлагаас зайлах арга замаа хайж байгаа нь даанч харамсалтай юм аа. 

Нийгэмд айдас, жихүүдэс өдрөөс өдөрт улам бүр газар авах боллоо. Нэгнийхээ толгойг тасдсан, төрсөн хоёр үрээ амьдаар нь шатаасан, хэн нэгнийг буудсан, хутгалсан, өндөр хүчдэлд гарч амиа хорлох гэсэн гэх мэт хэлэхээс хэл халтирч нүд далдрам хэргүүд ар араасаа ойрхон гарлаа. Энэ бол нөгөөх л улс төр, нийгэм, эдийн засгийн хямралаас эхлэлтэй ажилгүйдэл, ядуурал, нийгмийн бухимдлын тусгал, засаглалын хомсдол замбараагүй байдлын илрэл гэхээс өөр юу гэхэв. 

Э.ЭНХБОЛД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тэрийгээ аваад ир гэх дайсны талаас тэрийг нь аваад очдог манай тал муухай

Өглөөгүүр, мэдээ цуурхал хоёрын дундуур “Эрдэнэзуу хийд-музей­гээс алдагдсан бурхдын цаана хятадууд байгаа гэнэ” гэсэн мөрүүд дуул¬дав. Ухаандаа,  манайхан шуна¬хайдаа бурхнаа хулгайлаагүй, зүгээр ямар нэг дайсан этгээд “аваад иртүгэй” гэхээр нь хүргэж өгсөн болж таарч байна. Заримын маань дотор онгойж “Тэгнэ ээ тэр, хужаа нар л тэгнэ” гэлцэв. Алдагдсан бурхан олдсонд гэхээсээ илүү, цаана нь хужаа нар байсан гэх сэжимд сэтгэл онгойж байх аж.

Тиймээ,  монгол хүн бол ариун явдалтан, хужаа нар л хулгайлаад ир гэхгүй бол юм хумс¬лахгүй шударга гарууд. Говь нутгийн эрдэнийн шигтгээ  болсон чамин чулуудыг бас л хужаа нар “аваад ир” гэж шуу­дай­гаар нь зөөлгөөд бай­гаа юм байна. Тэр жил хятадууд тэмээний тавхай худалдаж аваад, манайхан тэмээгээ алж зөөгөөд баллаж хаясан. Мэдээж хужаа нар тэмээ-ний тавхай худал­даж аваа¬гүй бол бид юу бол­лоо гэж айлынхаа тэмээг бэлчээрт нь нядлах билээ?

Сүсэгтнүүд тохиолд­сон гай зовлонгийн шалт¬гааныг “үйлийн үр л ийм байж” хэмээн тайтгардаг. Харин бид үйлдсэн гэмт хэргээ “хужаа нар л ингүүллээ” гэж биеэ өмөөрдөг. Сүсэгтнүүд үйлийн үрийн шалтгааныг өөрийн үйлдсэнтэй хол­бон ухаарч, өөрөө л үүрэх нигууртай, хэн­тэй ч хуваалцашгүй хариуц¬лага хэмээн боддог. Ха­рин бид болохоор “хужаа нар” гэж мэтгэхийн хэрээр буруугаа бусдад нялзааж, дараа дараагийн “муу­сайн хужаа нараас үүдэл­тэй” гэмт явдалд бие, сэтгэлээ бэлддэг.

Социалист дэглэмийн үеийн суртлаар бол  уг тогтоц ямар ч өө сэвгүй, хүний нийгмийн хайлан болсон систем аж. Харин учирч байгаа бэрхшээл, гай зовлон бол дайсны явуулга, хөрөнгөтний тагнуулын хорлон сүйтгэх ажиллагаа гэж үздэг байсан. Түймрийн галаас эхлээд төлийн хорогдол хүртэл Америкийн импе¬риа­лизмын балаг, гайгаас үүдэлтэйд тооцогддог нийгэмд бид дасан амьдарч ирсэн. 

Эргэн тойрноосоо өнгөлзөгч хүчирхэг гүр­нүү¬дээр хүрээлэгд¬сэнээс болдог уу, чоно нохой, байгалийн гамшиг мэтийн бол­зошгүй халдлага аюул дор мөнхөд явдгаас ч үүдсэн үү, нүүдэлч мон­голчууд төрөлхийн айхавтар хартай, сэжигч зантай. Үүнд нь дээрх үзэл суртал углуургаараа таарах мэт зохиж. Таарч тохирч явсаар бидний төрөлх зан араншингийн маань салшгүй хэсэг болон ээнэгшсэн болол­той.

Нэгэнт л үе дамжсан араншин, хар, сэжиг нь байгаа цагт түүнийг орлуулах юм үргэлж олд­дог болтой юм.  Тийм болоод л ураны хайгуулаас (Зөвлөлтийн үед Мардайгаас олбор­лож байсан уран малд ээлтэй байсныг бодоход бидний хардалт айдас хоёрын дунд ямар нэг уялдаа байна) болж үнээ хээл хаяж, хужаа нараас болоод “тэр тэгж”, “энэ ингэж” байгаад эргэлзэх юм алга. Ер нь бол өнөөдөр “надаас болоод”, “миний буруугаас ингэчихлээ” гэвэл үнэмших амьтан олдохгүй  янзтай. Харин ч буруугаа хүлээж байгааг нь сайшаахын оронд “энэ золиг цаанаа байгаа хужаа нарыг хайцаалж байна”, “монгол хүн яалаа гэж өөрөө ингэх вэ, энэ өөрөө хужаа байх” гэж хардах шинжтэй.

Логикоор нь хөөж үзэхэд нэг дүгнэлт гарч байна. Бидний дунд байгаа муу муухай бүхний ард хужаа нар байдаг юм байна. Харин тэд “Хэрвээ бид худалдаж авбал монголчууд юугаа бариад ирнэ” гэдэгт итгэ¬дэг. Нутгийнхаа чулууг “түүгээд ир” гэхэд түүгээд л ирж байна. Одоо чулуу­гаа түүгээд ирж байгаа юм чинь дараа нь “газраа тасдаад ир” гэвэл тасдаад ирнэ. “Бурханаа хулгайлаад ир гэхээр хулгайлаад ирж л байгаа юм чинь, “эхийгээ аваад ир” гэвэл гэзэгнээс нь чирээд л ирнэ.

Хүний юуг л бол юуг авчих санаатан муу­хай. Харин юугаа ч “аваад ир” гэсэн түүнийг нь бариад дэгдээд очдог нэгэн түүнээс жиг­шүүр­тэй. (“Муухай” байх “жиг­шүүртэй” байх хоёрын аль муугийн доогуур зурах) Хэрвээ “аваад ир, аваад ир” гэх нь дайсны шинж юм бол “аваад очъё, аваад очъё” гэх нь нөхөр-эх орончийн шинж мөн үү?

Муусайн хужаа нар “аваад ир, мөнгийг нь өгье”(үнэхээр л тэгдэг юм бол) гэж л байна биз. Харин бид аваачиж өгөхгүй бол болоо юм биш үү?  Бидний судсаар жирийн цус биш Чингис хааны цус гүйдэг гэдэг биз дээ. Жирийн цустай хүн мөнгө хараад тэсвэрээ алддаг байж болно. Жирийн бус цустай хүн тэсдэг юм байгаа биз дээ? Манайхан зүгээр нэг хонгогүй, хөх толботой хонготой төрдөг биз дээ. Жирийн хонготой хүн мөнгөнд унаж үхдэг л юм байгаа биз, жир бусын хонготой хүн унахгүй байж болно биз дээ. 

Тэгэхээр хамаг буруу нь авах гээд байгаа этгээдэд байна уу, авах гэсэн болгоныг аваачиж өгөөд байгаа нөхөрт байна уу?  Эндээс яаж гарах вэ? Хужаа нарыг юу ч авдаггүй болгох уу? Өөрснөө хүний аваад ир гэсэн болгоныг бариад очдогоо болих уу? Хүнийг сайн болгох гэж зүдэрснээс (цаад хүн нь өөрийгөө сайн болгохыг зөвшөөрөө ч билүү, үгүй ч билүү) өөрийгөө янзлах гээд үзвэл яах бол?

Чиний юманд шуна¬сан хүн хорвоогоор  дүүрэн. Тэднийг устгаж барахгүй. Нэгийг нь энд дарж байхад  тэнд нөгөөх нь төрж байдаг. Энэ нь тэднээс салах аргагүй гэсэн үг биш. Ердөө л  тэдний хүссэнийг аваа¬чиж өгөхгүй болчихвол асуудал шийдэгдэнэ. На­рийн яривал чи аваачиж өгдөг учраас л чиний юмыг авдаг этгээдүүд оршин тогтноод бай­гаа гэдэг. Богд Зонхов бээр хорвоогийн өргөсийг  байх¬гүй болгох аргыг сур­гасан байдгийг бид мэднэ. Мэдээж ертөн­цийн өргөсийг түүж барах­гүй, түүсэн ч эргээд ургана.  Харин өргөс нэвтрэхгүй гутал өмссөн хүн  өргөсгүй хорвоод амьдрах болно гэж.

Бид  бусдаас давуутай байх ганц шалтгаанаа түүхээсээ хайдаг. Үнэхээр ч олон зууны тэртээд үлдсэн түүх минь хавь ойрынхноосоо хавигүй илүү явсныг хэлээд өгдөг. Гэхдээ л түүх бол түүх. Түүх гэдэг бол үнэндээ болоод өнгөрсөн юмны тухай дурсамж. Ирээдүй гэдэг бол бий болох учир¬тай юмны тухай яриа. Тийм болоод л “та хэдэн настай вэ” гэсэн асуултын хариуд залуу хүн бага тоо хэлж, хөгшин хүн их тоо ярьдаг. 

Гайхалтай түүхтэй бас гайхалтай ирээдүйтэй байх нь үнэхээр гайхал¬тай учрал авай. Гэвч юм бүхэн ээлжтэй хор­воод ирээдүй багатай ард түмнээс илүү түүх багатай ард түмэн нь хувьтай гэгддэг ажгуу.  Тийм болоод сайн аавын тааруу хүүгээс илүү, тааруу аавын сайн хүү жаргалтай гэлцдэг бөлгөө. Үнэн хэрэгтээ өдгөө дэлхийд ноёлон буй сүүн тэжээлтэнтэй харьцуулшгүй яруу түүх аль цагийн мөхсөн динозавруудад байдаг. 

Бид арагшаа бага хବрахын хэрээр урагшаа илүү харна. Ер нь  бодвоос, байнга эргэж хараастай яваа хүн урагшаа тун бага ахихаас гадна, замын гуу нүхийг харахгүй унах магадлал өндөр.  Бидэнд өнгөрсөн түүхээс хол давсан ирээдүй байгааг харах ёстой. Ерөөсөө ч хүсэл мөрөөдөл, итгэл найдвар гэдэг бол ирээ¬дүйг бий болгож байдаг уриа дуудлага, хөтөч юм. Дэлхий хувьсч байна. Олон хүнтэй улс хүчирхэг байсан. Том нутагтай улс лут байсан. Ихээхэн  цэрэгтэй гүрэн ялдаг бай­сан. Улсын эрэмбэ томоос жижиг рүүгээ урууд­даг байсан. Энэ бүгд цөм “байсан”-гууд болохоос “байх”-ууд биш.  Харин цөөн хүнтэй гүрэн том байх, жижиг улс илүү хүчирхэг байх, цэрэг цөөн­тэй нь ялдаг байх, буу­гүй танкгүй харин тех­но¬логитой нь дийлдэг байх, бяртайгаасаа ухаан­тай нь эзэрхэх ээлж ирж байгаа. “Байсан”-гуудаас илүү “байх”-ууд бидэнд бий.

Тэмдэглэхэд, бидний нэг хэсэг нь ийм муухай болчихоод үлдсэн сайх¬нууд нь аргаа бараад байгаа ч юм биш. Ийм  шинж, тийм суртал их бага хэмжээгээр бүгдэд шингээстэй. Чамд ч бай­гаа, надад ч байгаа.Байх­гүй гэж бодогдохын чинь хэрээр байгаа.  Бид таварцаглаж унахдаа хүр­тэл “яагаад унав” гэж бодохоосоо өмнө “хэнээс болж унав” гэж боддог. Тэгээд замаа “сайн харж явах минь яалаа” гэсэн дүгнэлт хийхээсээ урьтаж “муу­сайн авлигачид  газ­рын луйвар хийх гэж зөв­шөөрөлгүй барилгын суурь ухсан” гэж уурладаг.  (Үнэ¬хээр цаана нь ху-жаа байгаа нь үнэн шиг авлигачид байгаа нь үнэн байдаг)Бид муу учраас ийм байгаа ч юм биш. Харин энэ нь туулсан түүх, явсан зам маань ийм суртлын ул мөр үлдээсэн болохоос  биш монголчууд учраас л тэгдэг юм бас биш.Миний бодлоор бол монголчуудын давуу тал нь “хүнтэй л адилхан хүн” байгаа явдал билээ.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Азгүй авьяастнууд

2014 он спорт сонирхогчдын хувьд “Өндөр жил” гэхэд хилсдэхгүй. Дөрвөн жилд нэг удаа зохиогддог хөлбөмбөгийн ДАШТ энэ зун Бразил улсад эхэлнэ. Манай сонин энэ спортын том цэнгүүнийг угтан ямар улсын шигшээ баг дөмөгхөн тоглож дээгүүр давхих вэ гэдгийг  цувралаар танилцуулж байна. 

Нидерланд улсын эрхэмсэг Хааны хөлбөмбөгийн холбооны шигшээ буюу тун энгийнээр Голландын баг гэж нэгэн сонирхолтой “айл” дэлхийн хөлбөмбөгийн багт багтан доогуур биш дээгүүр бужигнуулсаар даруй 100 гаруй жилийг өнгөрөөжээ. 70-аад оноос эхлээд Кройфф, Кроол, Нескенс, 90-ээд оны Гуллит, Ван Бастен, Клюверт одоо цагийн Ван Перси, Роббен гээд гялалзах том “мөнгөн” одуудыг энэ улсын шигшээ баг төрүүллээ. Тиймээ тэднийг алтан биш мөнгөлөг одууд гэж нэрлэдэг нь учиртай. Үе дамжих удамшил гэлтэй, эдгээр одууд хичнээн сайн тоглож наадсан ч бай эцэстээ түрүүлж чаддаггүй дэд байрт үлддэг тун муухай зуршилтай олон арван жилийг  өнгөрөөж байна. 

1988 онд Европ тивийн аварга болсон ганц тохиолдлыг эс тооцвол тэдний хүртсэн дэлхийн, олимпийн тивийн мөнгө, хүрэл медалиудыг тоолж барахгүй олон гээч. ДАШТ-д л гэхэд 1974, 1978, 2010 онуудад мөнгөн медаль дээр бууж байлаа. Мөнгөн медалийг ялагдаж байж зүүдэг, хүрэл медалийг ялж байж хүзүүддэг хэмээх хэлц үгийг хэлүүлэхээргүй мэддэг биз дээ. Тэгвэл ийм нэгэн авьяаслаг мөртлөө азгүй баг Бразилийг итгэл өвөрлөн зорьж байна. 

Голландын шигшээ багийн бүрэлдэхүүн:

хаалгачид-Яспер Силессен (“Аякс”), Тим Крул (“Ньюкасл”), Мишель Ворм (“Суонси”), Йерун Зут (ПСВ);

хамгаалагчид-Патрик ван Анхольт (“Витесс”), Дэйли Блинд (“Аякс”), Дари Янмат (“Фейеноорд”), Теренс Конголо (“Фейеноорд”), Бруно Мартинс Инди (“Фейеноорд”), Куинси Промес (“Твенте”), Карим Рекик (ПСВ), Жоэль Велтман (“Аякс”), Паул Верхаг (“Аугсбург”), Рон Флаар (“Астон Вилла”), Стефан де Врей (“Фейеноорд”);

 хагас хамгаалагчид – Жан-Поль Боэтиюс (“Фейеноорд”), Йорди Класи (“Фейеноорд”), Мемфис Депай (ПСВ), Лерой Фер (“Норвич”), Жонатан де Гузман (“Суонси”), Найжэл де Йонг (“Милан”), Жэремейн Ленс (“Динамо” Киев), Арьен Роббэн (“Бавария”), Уэсли Снейдэр (“Галатасарай”), Тонни Вильена (“Фейеноорд”), Рафаэль ван дер Варт (“Гамбург”), Жоржиньо Вейналдум (ПСВ);

довтлогчид – Клаас-Ян Хунтелаар (“Шальке 04”), Дирк Кёйт (“Фенербахче”), Робин ван Перси (“Манчестер Юнайтед”).

Алхах дасгалжуулагч Лун ван Гаал

Сайн тал

Эхний ээлжинд ахлах дасгалжуулагчийг нь онцолно. Алоизиус Паулус Марий ван Гаал гэх 62 настай энэ эрийг “дарангуйлагч”, “генерал”, “төмөр тюльпан (алтанзул цэцэг)” гэх мэтчилэн хочилдог. Голландаас олон сайн дасгалжуулагчид төрөн гарсан. Тэдний нэг нь болох Луй ван Гаал довтолж тоглох дуртай, хоёр жигүүрийг сайн ашигладаг, тоглолтын тактикаа эсрэг багтаа тааруулж зөв зохион байгуулдаг, удирдаж буй тамирчдаа хатуу гараар барих дуртай нэгэн гэж ярьдаг. Түүний удирдлага дор “Аякс”, “Аз Алкмаар”, “Барселона” багууд амжилттай тоглож байсан бол өнөө цагийн шилдэг баг “Байер” Мюнхэнийг чухамдаа дээрх голланд дасгалжуулагч өдий зэрэгтэй болгох эхний ноён нурууг нь босгож байлаа. Тэр удирдсан багаа заавал амжилтад хүргэдэг, гэхдээ эцэстээ дарангуйллыг үл тэвчих хөлбөмбөгчдийн эсэргүүцлээр ажлаасаа халагддаг заншилтай нэгэн бөлгөө. Ийм учраас яг одоо шигшээ баг удирдахад тохирсон хүн гэж дүгнэж болохоор. 

Голландын шигшээ хоёр жигүүр болон довтолгоо нь тун дажгүй. Ер нь Голландын шигшээ багийн хагас хамгаалалт тун сонирхол татахуйц хэсэг нь гэхэд болно. Уг нь тэд 4-3-3 схемээр тоглодог ч гэлээ Стротманы гэмтлээс шалтгаалан ийм байрлалаар бус өөр гарц хайх шинжтэй. Тэгвэл бид энэ ДАШТ-ий үеэр цоо шинэ одуудыг харах боломж нээгдэнэ гэсэн үг.

Сул тал нь

Хамгаалалт сул. Ар талд бултаараа олны танил бус залуучууд цугларсан байгаа. Хэдийгээр сонгон шалгаруулалтын  тэмцээнүүдэд Голландын шигшээ баг тун цөөхөн бөмбөг өөрийнхөө хаалганд алдсан гэдэг ч дэлхийн шилдгүүдтэй таарах үед залуучууд яах бол гэдэг асуудал бий. Энэ асуудлыг аятайхан давсан тохиолдолд Флаар, Янмат, Блинд зэрэг нь шинэ од болон гялалзахыг үгүйсгэх аргагүй юм. Ер нь Голландын шигшээ багийг дэлхийн шилдэг клубуудын менежерүүд ДАШТ-ий дараа хуваагаад  авчихдаг шүү дээ. Учир нь ДАШТ бүрт энэ улсын шигшээгээс шинэ од төрдөг. Тэр од нь очсон баг, клубдээ шинэ уур амьсгал  авчирч чаддаг хөдөлмөрч авьяаслаг хүмүүс байдаг юм. Гэхдээ тэд даанч азгүй авьяастнууд даа. 

Д.БАТ-ЭРДЭНЭ

Д.ДАВААСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүүхдүүддээ худлаа хэлж байхаа больё

Хүүхэд гэдэг гэнэн итгэмтгий улс. Таныг хичнээн худлаа ярьсан ч шууд үнэмшдэг, тийм л цагаахан амьтад. Үлгэрийн баатруудтай хүүхэлдэйн кино үзээд  үнэн голоосоо киноныхоо дүрд нь хувирчихсан суудгийг нь та, бид  мэднэ. 

Эцэг эхчүүд өдөр тутмынхаа ажилд түүртээд хүүхдүүддээ алхам тутамд худлаа ярьдаг. Наад захын жишээ гэхэд “Цэцэрлэгээс нь хамгийн түрүүнд авна” гэчихээд сүүл мушгидаг аав, ээжүүд олон. 

Худалч аав, ээжийн балгаар бяцхан хүү хорвоог орхисон гашуун түүх бий. Хөвгүүд болгон хүн аалз, бэтмэний  дүрд  хувирч, энд тэнд нисч дүүлэхийг мөрөөддөг. Нэгэн залуу хос бяцхан хүүгийнхээ энэ хүслийг биелүүлж үлгэрийн баатрын хувцас авч өгчээ. Жаал хүү “нисдэг” хувцсаа өмсч, ээж, ааваасаа “Энэ хувцсыг өмсөхөөр нисдэг тийм ээ” гэж асууж. Тэгтэл тэд нь элдэв янзын юм бодолгүй “Тиймээ” гээд хариулчихсан аж. Гэтэл аав, ээжийнхээ үгэнд  итгэсэн гэнэн хүү тагтан дээрээсээ үсэрч, хорвоог орхисон харамсалтай явдал тохиолдож байв. 

Хүүхдүүдийн хувьд эцэг эх нь энэ хорвоогийн танин мэдэхүй байдаг. Юм л болбол “Яагаад” гэдэг асуулт тавьдаг бяцхан сониучдаас битгий цааргалж байгаарай. Худалч аав ээждээ хууртдаг хүүхдүүд том болоод бас л тэдэн шигээ болно. Тиймээс үр хүүхдүүддээ худлаа хэлж байхаа больё. 

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Богд уулын арын замаар тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй

Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто замыг шинээр барих ажил он дамжин хэрэгжиж байгаа юм. Тус зам барилгын ажлын хүрээнд “ЭСТО” ХХК Зайсан толгойн зүүн талаас Их тэнгэрийн амны зүүн тал хүртэлх 2.2 км авто замыг 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 06 дугаар сарын 10 хүртэл 10 хоногийн турш хааж, хуучин асфальтбетон хучилтыг дахин боловсруулах, мөн замын суурь асфальтбетон хучилтыг дэвсэх ажлуудыг гүйцэтгэнэ. Дээрх 10 хоногийн хугацаанд тус 2.2 км авто зам руу хоёр талаас нэвтрэх боломжгүй хаалттай байх юм. Учир нь Туул голын хөвөөгөөр түр зам гаргах боломжгүй байна. Иймд 10 хоногийн туршид Богд уулын арын замаар тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болохыг Нийслэлийн Авто замын газраас иргэдэд мэдэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн осол гэмтэл эцэг эхийн хайхрамжгүй байдлаас үүдэлтэй

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүүхдийг осол гэмтэл, хүчирхийллийн эрсдлээс урьдчилан сэргийлж чадвал өдөрт 2000 гаруй хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аврах боломжтойг мэдээлж байна. Судалгаагаар хүүхдийн осол гэмтлийн 90 гаруй хув нь асран хамгаалагч, эцэг эхийн хайхрамжгүй байдлаас үүдэлтэй ба хүүхдийн осол гэмтлийн улмаас нас барах тохиолдол хөгжил буурай болон хөгжиж байгаа оронд 3,4 дахин их байна.

2012 оны эрүүл мэндийн үзүүлэлтээр осол гэмтлийн өвчлөлийн тохиолдлын 27.9 хувь нь 19 хүртэлх насны хүүхдүүд ба бүртгэгдсэн осол гэмтлийн тохиолдлын тэргүүлэх шалтгаанд бүх төрлийн уналтаас үүдэлтэй осол гэмтэл 10000 хүүхдэд 321.2, зам тээврийн осол гэмтэл 42.9, 0-5 хүртэлх насны хүүхдийн түлэгдэлт 154.4 байна.

2014 оны эхний дөрвөн сарын байдлаар эцэг, эх, асран хамгаалагчийн хүүхдэд тавих анхаарал, халамж сул, хариуцлагагүй байдал, хүүхдийг хормын төдий эзэнгүй орхисноос хүүхэд халуун цайнд түлэгдэх, савтай усанд унах, гадаа жорлонд ойчих, мөн хөхөөр дарж бүтээх, зодож гэмтээх зэрэг шалтгааны улмаас 5 хүртэлх насны 29 хүүхэд нас барсан байна.

ИймдДЭМБ болон ЭМЯ эцэг, эх, асран хамгаалагчид ард иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. 

Ахуйн гэмтлээс сэргийлэх:

  • Нярай хүүхдийг шөнө, өдрийн аль ч цагт заавал сууж хөхүүлэх, хүүхдээ хөхүүлэх, асрахад нөхөр, гэр бүлийн гишүүд, эхэд туслан дэмжиж, хөхүүл эхийг сайтар унтуулж, амраах,

  • Эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхэд тэвэрч байхдаа халуун хоол, цай идэж, уухгүй байх,

  • Бага насны хүүхэдтэй айл ширээний бүтээлэг, “Хятадын халуун тогоо” хэрэглэхээс зайлсхийх,

  • Ус буцалгагч, халуун индүү, будаа агшаагч, халуун савтай болон данхтай цай, савтай халуун ус, тос, цахилгааны утсыг хүүхдийн гар, хөлнөөс хол байлгах,

  • Бетон, том савтай усыг хүүхэд авч чадахааргүй таглаатай байлга,

  • Эм, хордож болзошгүй хоол, хүнсийг хүүхдийн гар хүрэх газраас хол байлгах,

  • Шүдэнз, гал гаргаж болох зүйлсийг хүүхдийн гар хүрэх газраас хол байлгах,

  • Цахилгааны залгуур, унтраалга зэргийг хамгаалалттай байлгах,

  • Пийшин, зуухны эргэн тойронд хүүхэд хүрэхээс сэргийлэх хамгаалалт хийх,

  • Цонх, тагтыг түгжээтэй, хамгаалалттай болгох,

  Хүүхдийн хамгаалал:

  • Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байх,

  • Бага насны хүүхдийг насанд хүрээгүй болон хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай хүнээр харуулахаас зайлсхийх,

  • Бага насны хүүхдийг сургууль, цэцэрлэгт харгалзах хүнгүй явуулахгүй байх,

  • Өөрийгөө болон бусдыг гэмтээх тоглоомоор (үрлэн сумтай буу, чавх.. г.м) хүүхдийг тоглуулахгүй байх,

  • 10 доош насны хүүхдийг “Уралдааны морь” унахыг хориглох ба өвлийн улиралд хүүхдийг морь унуулахгүй байх,

  • Өвлийн улиралд бага насны хүүхдийг морь, мотоцикль дээр авч явахгүй байх.

  Зам тээврийн ослоос сэргийлэх:

  • Нярай, бага насны хүүхдийг тээврийн хэрэгслээр авч явахдаа зориулалтын суудалд бэхэлж, арын эгнээнд суулгах,

  • Хүүхдийг тээврийн хэрэгсэлд суулгаж явахдаа гар, толгой, цээжийг цонхоор гаргахгүй байлгах, тээврийн хэрэгслийн хаалгыг заавал түгжиж байх,

  • Зам хөндлөн гарахдаа хүүхдийг тэврэх юм уу эсвэл хүүхдээ заавал хөтөлж, гэрлэн дохиогоор гарах,

  • Хүүхэд зөөвөрлөж байгаа тээврийн хэрэгслийн техникийн аюулгүй байдлыг хангах, “Машинд хүүхэд байна” тэмдгийг наасан байх,

  • Жолооч нар гудамж, хороолол дотор тээврийн хөдөлгөөнд орохдоо тээврийн хэрэгслийн эргэн тойронд хүүхэд байгаа эсэхийг заавал нягтлах,

  Орчны аюулгүй байдал:

  • Орон сууцны хүүхдийн тоглоомын талбайг цементлэхгүй, хүүхэд гэмтэхээргүй тоглоом суурилуулах, 

  • Гадаа жорлонг тогтмол хааж түгжих, муу усны нүхийг таглаж, хаяаг нь сайтар манасан байх, 

  Зөвлөмж: 

  • Хүүхэд түлэгдсэн тохиолдолд хүйтэн усаар шавших, цэвэр боолт хийгээд өвчин намдаах эм эсвэл лаа хэрэглэж, эмнэлэгт яаралтай хандаарай, 

  • Элдэв зүйл түрхэж болохгүй, 

  • Хүүхэд гэмтсэн тохиолдолд эмнэлэгт яаралтай хандаарай. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт 30 хэм дулаан

Нутгийн хойд хэсгээр үүлшиж баруун  зүгийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Бусад нутгаар  багавтар үүлтэй. бороо орохгүй. Салхи  баруун өмнөөс баруун болон төвийн нутгийн зарим газраар  секундэд  түр зуур 16-18 метр, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар 15-20 градус, Увс нуур болон, Их нууруудын хотгор,Идэр ,Тэсийн голын сав газар, Хөвсгөлийн уулсаар 23-28 градус, говийн бүс нутаг, Орхон Сэлэнгийн сав, Дорнод, Дарьгангын тал нутгаар 32-37 градус,  бусад нутгаар 27-32 градус дулаанбайна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ.  Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед  секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна., өдөртөө  халж 29-31 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Т.Батаарыг Лениний музейд байрлууллаа


Хууль бусаар хилээр гаргасан дал гаруй сая жилийн настай Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн олдворыг өнгөрсөн 2013 оны тавдугаар сарын 17-нд АНУ-аас Монголд авчирсан билээ.  Зориулалтын байр, агуулах сав байхгүйгээс хэсэг хугацаанд Дархан-Уул аймагт хагас жил шахам байсан Т.Батаарыг өнөөдөр нийслэлд авчирч, Ленины музейд байрлууллаа. Үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.Жавзмаа “Т-Батаар болон түүний нөхдийг өнгөрсөн аравдугаар сараас эхлэн Дархан-Уул аймагт байрлуулж, нутгийн иргэдэд үзүүлж, сонирхуулсан. Нэгэнт шүүхээс Ленины музейг төрийн өмч болохыг тогтоосон тул Т.Батаар болон түүний нөхөд гэртээ ирж байна. Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмаас урьтаж иргэдийн хүртээл болгохоор зорьж ажиллана” гэлээ.